• Нийгмийн чиглэлээр шийдлээ хүлээж буй зарим асуудалд анхаарч, дэмжихийг хүслээ

         Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл өнөөдөр үдээс хойш тус үйлдвэрийн нийгмийн цехүүдээр орж, үйл ажиллагаатай нь танилцав. Байгуулагдсан цаг үеэсээ нийгмийн цогц хөтөлбөрийг үйлдвэрлэлийн бодлоготойгоо зэрэгцүүлэн хэрэгжүүлж ирсэн Эрдэнэт үйлдвэр дэргэдээ 10 гаруй нийгмийн цехтэй. Тэдгээрээр дамжуулан уурхайчид болон Эрдэнэтчүүдэд эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, байгаль орчны чиглэлээр үйлчилгээ, үйл ажиллагааг хүргэж байна.      Нийгмийн цехүүдийн үйл ажиллагааг зангидаж, ажиллагсдад чиглэсэн нийгмийн хөгжлийн болоод хамгааллын асуудлыг нэгтгэн хэрэгжүүлж буй Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат "Нийгмийн бодлогын хэрэгжилт" сэдвээр танилцуулга хийж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Мөн "Эрдэнэт цогцолбор" дээд сургууль, Соёл, урлагийн цогцолбор, Орос сургууль, Спорт цогцолборын удирдлагууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, шийдлээ хүлээж буй зарим асуудалд анхаарч, дэмжин ажиллахыг ТӨБЗГ-ын даргад уламжлав. Түүнчлэн, хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд бүтээн босгож буй Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа.         М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өргөтгөлийн ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэхээр шамдаж байна

         Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн Өргөтгөлийн ажлын хэсгийн тав дахь удаагийн хуралдаан боллоо. Барилгын ажлын гүйцэтгэгчээр  “Эрдэнэт лайт” компани  ажиллаж байгаа бөгөөд  “Орхон-Од” компаниар  хүч нэмэгдүүлснээр өнгөрсөн даваа гарагаас 80 хүн барилгын ажилд оролцож байна. Үйлдвэрийн зүгээс барилгын ажлыг шуурхай явуулах бүхий л нөхцөл бололцоогоор ханган ажиллахын зэрэгцээ дүрэм журмын дагуу хяналтаа ч сулруулахгүй гэсэн байр суурьтай  байна.        Уг бүтээн байгуулалтын барилгын ажлын хүрээнд 19800 метр куб бетон цутгах төлөвлөгөөтэйгөөс өнөөдрийн байдлаар 350 метр куб орчмыг цутгасан байна. Гурван тээрмийн суурийн эхний шатыг өнөөдрөөс цутгаж эхэллээ. Өргөтгөлийн барилгын ажилд 100 вагон цемент шаардлагатай гэсэн  тооцоо гарчээ. Барилгын гүйцэтгэгч компани дотоодын үйлдвэрлэлээ дэмжих үүднээс “Мак”, “Хөтөл” компаниудаас цементээ авч байна. Эдгээр үйлдвэрийн үйл ажиллагаа тасралтгүй сайн явагдах нь өргөтгөлийн ажилд  шууд хамааралтай юм. Барилгын бусад материалын хувьд ч тасалдахгүй гэж гүйцэтгэгч компаниас мэдээлж байна.         Энэ удаагийн хуралдаанаас Мэдээллийн технологийн хэлтэстэй хамтран барилгын ажлын талбайд орчин үеийн камер суурилуулах шийдэл гаргалаа. Энэ нь ажлын үе шат бүрийг бичиж, электрон хэлбэрээр хадгалан үлдээх  зорилготой юм. Уг камерын тусламжтайгаар барилгын ажлын явцыг үйлдвэрийн удирдлагууд өрөөнөөсөө хянах, үндсэн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Найпу” компанийнхан ч барилгын ажлын явцтай танилцаж, санаа оноогоо хэлэлцэх боломж бүрдэх юм байна.        Хил хаагдсанаас “Найпу” компанийн төлөөлөгчидтэй цахимаар харилцаж зураг төслөө тодруулахын зэрэгцээ ажлын явцаа мэдээлж байна. Өргөтгөлийн барилгын ажилтай үндсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, зураг төслийн зарим ажлууд зэрэгцэн хийгдэж байгаа юм байна.      “2021 оны наймдугаар сард өргөтгөлийг бүрэн дуусгахаар шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх онд  өргөтгөл ашиглалтад орох байдлаар  үр ашгаа тооцож, төсвийн өмнө хүлээх үүргээ төлөвлөсөн. Тиймээс манай зүгээс болон гүйцэтгэгч, захиалагч байгууллагууд аль аль нь богино хугацаанд өндөр хариуцлагатай ажиллаж байгаа” гэж Барилга байгууламж, хяналт төлөвлөлтийн албаны инженер, Өргөтгөлийн ажлын хэсгийн нарийн бичиг Д.Баярмаа мэдээллээ.        Нийтдээ 125 орчим сая ам долларын өртөгтэй энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор Баяжуулах үйлдвэр хүчин чадлаа 6 сая тонноор нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.     Я.Энхтуяа Фото: Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Б.Цэнгэл: Эрдэнэт үйлдвэрийнхэн үйлдвэрлэлээ цар тахлын үед ч амжилттай ажиллуулж байгаа нь харагдаж байна

         Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл томилолтын баг бүрэлдэхүүний хамт Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод зэрэг үндсэн үйлдвэрлэлийн цех болон Дулааны цахилгаан станц, Ган бөөрөнцгийн цехүүдийн удирдлагууд өнөөгийн үйл ажиллагаа, технологийн шинэчлэл, шинэ бүтээн байгуулалтын явц, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар танилцуулахын зэрэгцээ тулгамдаж буй асуудлуудаа ч ярьж, санал бодлоо солилцов. “Жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, үйлдвэрлэлийн гол зүрх болсон, Баяжуулах үйлдвэр шинэ өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлж байна. Энэ нь, хүдэр боловсруулалтын хүчин чадлын хэмжээг 6 саяар өсгөх технологи бүхий, Өөрөө нунтаглах хэсэгт баригдаж буй өргөтгөл юм. Уг бүтээн байгуулалтыг ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд барилга байгууламжийн ажил өнөөдрийн байдлаар 45 хувийн гүйцэтгэлтэй байна” гэж Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон онцлов. Түүнчлэн, жилээс жилд уул геологийн нөхцөл хүндэрч, хүдрийн агуулга буурч байгаатай холбогдуулан авах арга хэмжээ, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн шинэ өргөтгөлийн үр өгөөж, хэрэглэгчээс үйлдвэрлэгчийн эгнээнд шилжсэн ДЦС-ын найдвартай ажиллагаа, Ган бөөрөнцгийн цехийн шинэ технологи, үйл ажиллагаа зэрэг цех бүрийн онцлог ажилтай ТӨБЗГ-ын дарга газар дээр нь танилцлаа.         Тэрээр, Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон катодын зэс үйлдвэрлэгч “Эрдмин” компанитай танилцсаны дараа Эрдэнэтийн уурхайчдын ажил үйлсийн талаар товч дүгнэхдээ: “Улс орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, төсвийн орлогын гол ачааг нуруундаа үүрч яваа Эрдэнэт үйлдвэрээс орон нутгийн томилолтоо эхлүүлж байна. “Ковид-19” цар тахлын тархалтын улмаас онцгой горимоор ажиллаж буй энэ цаг үед Төрийн өмчит үйлдвэрүүдийн хувьд аль болох алдагдал багатай ажиллах чиглэл баримталж байна. Харин Эрдэнэт үйлдвэрийнхэн энэ үеийг эсрэгээр нь үр ашгаа дээшлүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж болгон ажиллаж байгаа нь харагдаж байна. Энэ нь бусад үйлдвэрлэгчид хүлээн зөвшөөрөхүйц сайн туршлага, үлгэр дуурайл болно гэдгийг тэмдэглэе” гэсэн юм.               М.Балжинням Фото Б.Баттөгс     Дэлгэрэнгүй...
  • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна

         Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл албаны хүмүүсийн хамт "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж байна. Тэрээр томилолтын албан ажлаа тус үйлдвэрийн удирдлагын баг болон ерөнхий захиргааны ажилтнуудтай уулзаж эхэлсэн. Уулзалтын эхэнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн үйл ажиллагааг "Эрдэнэт үйлдвэрийн өнөө ба ирээдүй" сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй танилцуулав. Мөн дэлхий нийтэд цар тахал болон нүүрлээд буй корона вирусын сөрөг үр дагавар, хүндрэл бэрхшээлийг эрсдэлгүй даван туулах зорилтыг дэвшүүлж, уурхайчид, тэдний ар гэрийг хамгаалж ажиллахын төлөө бүхий л боломж, бололцоог дайчлан ажиллаж, үр дүнд хүрч байгааг онцоллоо. Дэлхийн жишиг, Монголын бахархал байх эрхэм зорилготой Эрдэнэт үйлдвэрийн бодлого тодорхой, ирээдүйд хөтлөх зорилт ил тод, ойлгомжтой байгааг өнөөгийн бодит эдийн засгийн үзүүлэлт, хэрэгжилтийн үр дүнд тулгуурлан танилцуулав.     Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийнхээ үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар танилцуулсны дараа ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад хандаж үг хэлэв. “Шинэ коронавирусын тархалтын улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлийн үед тогтвортой сайн ажиллаж, үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтоо амжилттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэсэн. Мөн, Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжин, тулгамдаж буй асуудлыг хурдан шуурхай, оновчтой шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа нь тус үйлдвэрийн өнөө болон ирээдүйд сайн нөлөө үзүүлж байна” гэлээ. Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй гэрэлтэй байгаад сэтгэл өндөр буйгаа илэрхийлэн, “бодлого, үйл ажиллагаагаа нэгтгэн хамтран ажиллах болно” гэсэн юм. ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Эрдэнэт үйлдвэрт хоёр өдөр ажиллана. Тэрээр өнөөдөр тус үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц, Ган бөөрөнцгийн цех болон нийгмийн цехүүдийн үйл ажиллагаатай танилцаж, уурхайчдын төлөөлөлтэй уулзана. М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Хайгуулчид геохими, геофизикийн зураглалаа өөрсдөө хийснээр өртөг зардал хэмнэнэ

         “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Геологи хайгуулын  экспедицийнхэн  энэ онд 170-аад сая төгрөгийн хэмнэлт гаргах  төлөвлөгөөтэй ажиллаж байна. Стратегийн ач холбогдолтой болон ашиглалтын лицензтэй талбай дээр гадны компаниудыг тендерээр геологийн ажил гүйцэтгүүлэхээс гадна тус экспедицийнхэн өөрсдөө   геохими, геофизикийн зураглал хийж байна. Өрөмдлөгөөс өмнө хийгддэг энэ ажлаар  өрмийг хаана, ямар шалгуураар тавих вэ гэдгийг шийддэг юм. Геохимийн ажлууд саяхан дуусч, геофизикийн ажил үргэлжилж байна. Энэхүү зураглалыг өөрсдийн хүчээр   хийснээр өртөг зардлыг багагүй хэмнэх юм байна.      Тус хамт олон энэ онд 18 мянган тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээс одоогийн байдлаар төлөвлөгөөт ажлынхаа 50 хувийг хийгээд байна. Экспедицийн хамт олон намар, өвлийн бэлтгэлээ ч  хангажээ. Энэ онд өрөмдлөгийн ажлын байрыг өвөл ажиллах боломжтой болгож, дулаалгатай болгохоор төлөвлөсөн бөгөөд Барилга хяналт, төлөвлөлтийн хэлтэс хариуцан ажиллаж  байна. Я.Энхтуяа   Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 08 дугаар сарын 12

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 224 дахь өдөр. Он дуусахад 141хоног үлдлээ.                 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +21 градус, шөнөдөө +11градус дулаан,хүчтэй аадар бороотой, салхины хурд 6 м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn) 3. -Аргын тооллын 8 сарын 12. Лхагва (Буд) гараг. Билгийн тооллын 23, улаагчин гахай, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал огторгуй, мэнгэ 5 шар, үхэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:43-20:10. Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Гэвч могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.Туулай, хонь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.Замд гарах, равнай үйлдэх, хот балгадын үйл, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээх, мал адгуус муулах үйлд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал худалдах, арилжаа хийхэд муу. 4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2846,евро 3349, БНХАУ-ын юань 408, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.4төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6356.00 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1965оны 8 сарын 16. Монгол, Чехословакийн геологийн анги Эрдэнэтийн-Овооны орд газарт явуулсан эрэл, үнэлгээний ажлаатайлагнав. 1974 оны 8 сарын 24. МХЗЭ-ийн анхны илгээлтийн эзэд Эрдэнэтийг зорив. 1975 оны 8 сарын 25. БЕЛАЗ-ын жолоочийн курст суралцах анхны хүмүүсийг ЗХУ руу илгээв. 1978 оны 8 сарын 1. Цахилгаан цех байгуулагдав. 1978 оны 8 сарын 12. Анхны зэсийн баяжмалыг гарган авав. 2001 оны 8 сар. Баяжуулах фабрикийн хүчин чадлыг 2 сая тонноор нэмэгдүүлэв. 2013 оны 8 сарын 17. Үйлдвэрийн 35 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавъаны улаан тугийн одон”-гоор шагнагдав.       Дэлгэрэнгүй...
  • Сарын эхний 10 хоногт төлөвлөснөөс 176 мянган тонн хүдэр илүү боловсрууллаа

         Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний 8 дугаар сарын эхний 10 хоногийн үзүүлэлтийг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ. Энэ сарын эхний 10 хоногийн байдлаар Эрдэнэтийн уурхайчид уулын цул гаргалтыг  төлөвлөснөөс 26 мянган метр кубээр илүү гүйцэтгэж, 103.8 хувиар давуулан биелүүлсэн байна. Хүдэр олборлолтын төлөвлөгөөг 122.4 хувиар биелүүлэв. Өөрөөр хэлбэл, төлөвлөснөөс 176.6 мянган тонн хүдэр илүү олборлож, нийт 966.2 мянган тоннын гүйцэтгэлтэй ажиллажээ.       Харин баяжуулагчид 757.4 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 102.4 хувиар биелүүлсэн байна. Энэ хугацаанд хүдэр дэх зэсийн агуулга 0.474 хувь буюу төлөвлөгөө 102.6 хувиар, молибдений агуулга 0.01830 хувь буюу 134.3 хувиар тус тус биелсэн дүн гарчээ. Зэсийн металл авалтын төлөвлөгөө 100.1 хувиар, молибдений металл авалтын төлөвлөгөө 103.8 хувиар биелсэн бол баяжмал дахь зэс, молибдений металл авалт 105.2-142.7 хувь хүрч биелсэн үзүүлэлттэй байна. Сарын эхний 10 хоногт хуурай жингээр 15298 тонн зэсийн баяжмал, 274 тонн молибдений баяжмал ачуулав. Ачигдсан зэсийн баяжмалын чанарын төлөвлөгөө  102.5 хувиар, молибдений баяжмалын чанар 104 хувиар давж биеллээ. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • О.ОТГОНБАЯР: Эрдэнэт үйлдвэр, цар тахлын тархалтын улмаас үүсэж болзошгүй хүндрэлийг урьдчилан тооцож, ажилласан нь үр дүнгээ өгч байна

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/139 тоот тушаалаар тус үйлдвэрийн хэмжээнд шинэ коронавирусын тархалттай холбоотойгоор үүсээд буй хүндрэлийг даван туулж, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх Төв штаб байгуулагдан ажиллаж байна. Төв штабын даргаар Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, нарийн бичгийн даргаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр ажилладаг. Өнгөрсөн хугацаанд Төв штабын хийж хэрэгжүүлсэн ажлын талаар нарийн бичгийн дарга О.Отгонбаяртай ярилцлаа. -Эрдэнэт үйлдвэр хүндрэлийн үед хэрхэн ажиллах, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэг бодлого хөтөлбөрийг зангидаж, чиглүүлэх үүрэг бүхий Төв штабын хагас жилийн ажлын тайлан гарсан байна. Энэ хугацаанд шийдэгдсэн асуудал, хэрэгжүүлсэн томоохон ажлуудын талаар мэдээлэл өгнө үү? Өөрөөр хэлбэл, Төв штаб хэрхэн ажиллав?      -Бид Төв штабаас авч хэрэгжүүлэх нэгдсэн хөтөлбөрийг боловсруулан, 3 дугаар сарын 27-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Нэгдсэн хөтөлбөр дотроо “Хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”, “Үнийн хэлбэлзлийг  тооцсон үйлдвэрлэл, эдийн засгийн арга хэмжээний төлөвлөгөө”, “Хөдөлмөр зохион байгуулалт, цалин хөлсний чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэсэн дэд хөтөлбөрүүдтэй. Нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ чиглэл хариуцсан дөрвөн дэд штабын зохион байгуулалттайгаар долоо хоног тутам биелэлтийг дүгнэж, хяналт тавин ажиллалаа. Эрдэнэт үйлдвэр энэ хүндрэлтэй үеийг  хэрхэн эрсдэлгүй, эдийн засаг үйлдвэрлэлийн үр ашигтай даван туулах боломжтой вэ, үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг чиглэлээр нийт 136 ажил төлөвлөн хэрэгжүүллээ. Эдгээрээс53 ажил бүрэн биелж, 83 нь  хэрэгжилтийн шатандаа үргэлжилж, төлөвлөгөөний биелэлт хагас жилийн байдлаар 57.9 хувьтай байна. Төв штабаас чиглэл хариуцсан дэд штабуудад үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, хүндрэлийг даван туулах эдийн засаг, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт 74 үүрэг даалгавар өгснөөс 95.9 хувийн биелэлттэй байна. Үүрэг даалгаврын биелэлтийг штаб бүрээр гаргаж, хянаж ажилласан. Төв штаб ажилласнаар гарч буй томоохон үр дүнгүүдийг тоон дүнгээр илэрхийлбэл, манай хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулан биелүүлж, нийт 7.033 тонн зэсийн баяжмал, 399.89 тонн молибдений баяжмал төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэж, 9.3 тэрбум төгрөгөөр орлогоо нэмэгдүүллээ. Ингэж үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг биелүүлэх, төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэж, орлого нэмэгдүүлэхэд үйлдвэрлэлийн чиглэл хариуцсан штаб болон цехүүд, уурхайчид маш сайн санаачилгатай, зөв зохион байгуулалттай ажилласныг хэлэх нь зүйтэй. Өртөг зардлыг бууруулах чиглэлээр үйлдвэрлэл, эдийн засгийн чиглэлийн штабууд сайн ажиллалаа. Төв штаб долоо хоног тутам нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөний гүйцэтгэлийг эдийн засгийн үр дүнгээр нь тооцож, хянаж ажилласан. Өртөг зардлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд эхний 6 дугаар сарын байдлаар 42.6 тэрбум төгрөгөөр өртөг зардлаа бууруулж чадлаа. Энэ хүрээнд хямралын эсрэг ажиллах төлөвлөгөө гаргаж, цех бүрт тодорхой даалгавар өгөхийн зэрэгцээ уурхайчин бүрээс хүндрэлийг хэрхэн даван туулах талаар санал бодлыг нь авч, тусгалаа. Бэрхшээлтэй, тулгамдаж буй асуудлаа  хамтдаа хэлэлцэж, төлөвлөж ажилласны үр дүнд өртөг зардал буурсан гэж хэлж болно. Хөрөнгө оруулалт, худалдан авалтын чиглэлээр 44.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгийг хэмнэлээ. Гэрээний нөхцөлийг сайжруулах, үнийн дүнд тодорхой зөв бодлого хэрэгжүүлснээр дээрх үр дүнг бий болголоо. Санхүүгийн чиглэлээр энэ хугацаанд 7.7 тэрбум төгрөгийн санхүүгийн нэмэлт орлого олж, төлөвлөгөөг 37 хувиар давуулан биелүүллээ. Орлого нэмэгдүүлж, зардал хэмнэх чиглэлээр ажиллахаас гадна Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд үр дүн өгөхүйц том төсөл хөтөлбөрүүдийг Төв штабын хурлаар хэлэлцэж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, үйл явцад нь хяналт тавьж ажиллалаа. Тухайлбал, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн Хүйтнээр хатуурах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугамыг 100 хувь ашиглалтад оруулсан. Хэдийгээр коронавирусын тархалтын улмаас хил гааль хаагдаж, хамтран ажиллах гадаадын компанийн мэргэжилтнүүд ирэх боломжгүй болсон ч манай инженер техникийн ажилтнууд цахимаар заавар зөвлөгөө авч, өөрсдийн хүчээр угсралт, туршилтаа хийснээр энэ бүтээн байгуулалт цаг хугацаандаа ашиглалтад орсон. Мөн Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологийн нэвтрүүлэх төсөл, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих ажил, Ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах III шугам, 820 мм-ийн диаметртэй ган хоолой татах ажил зэрэг томоохон төслүүдийн гэрээ батлагдаж, гүйцэтгэгч компанийн ажлын явцад хяналт тавих ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Энэ мэтчилэн Төв штабаас үйлдвэрлэлийн болон нийгэм соёлын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулж, ажлын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгч, хэлэлцэж байна. Нийгмийн хариуцлагын чиглэлээр  “Уурхайчин-1” орон сууцны хорооллын барилгын ажил, Соёл, спортын цогцолборын “Эрдэнэт цогцолбор”-ын барилгын ажил, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Ногоон хөгжлийн төвийн барилгын ажил хуваарийн дагуу хэвийн явагдаж байна. “Уурхайчин-2”, “Уурхайчин-3” хорооллуудын ажлын зураг хийгдэж, барилгын ажлыг гүйцэтгэх компаниудтай тус тус гэрээ байгуулж, хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг холбогдох төрийн байгууллагуудаар батлуулахаар бэлтгэж байна. Энэ бүх ажилд Төв штаб хяналт тавьж, чиглүүлэн ажиллалаа.  -Коронавирусын тархалттай холбоотойгоор үүсээд буй хүндрэлийг урьдчилан тооцоолж, эрсдэлгүй даван туулах бодлого хэрэгжүүлснээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байгаа юм байна. Хамгийн түрүүнд онцлох үр дүн юу байна вэ?      -Дэлхий нийтийг эдийн засгийн болон бусад хүндрэлтэй нөхцөл байдалд оруулж буй коронавирусын тархалт манай улсад ч сөрөг үр дагавар авчирч байна. Хувийн хэвшлүүд үүд хаалгаа барьж, ажиллагсад нь ажлын байргүй болох гэх мэт олон асуудал гарч ирсэн. Энэ нөхцөл байдлыг  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал болон түүний удирдлагын баг маш хурдан олж харж, зөв бодлого, зохион байгуулалтын оновчтой арга хэмжээ авч чадсаны үр дүнд өнөөдөр үйл ажиллагаа хэвийн тогтвортой байна. Төв штабыг анх байгуулахдаа хэдийгээр хүнд цаг үетэй тулгарч буй ч энд нэг ч уурхайчны ажлын байр хөндөгдөх ёсгүй, тэдний ар гэрийг хамгаалах, түүнчлэн улс орны нийгэм эдийн засагт оруулах хувь нэмрээ тасралтгүй үргэлжлүүлэх том зорилт руу чиглүүлсэн. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд эрчимтэй ажиллаж, зорилтоо амжилттай биелүүлсэн төдийгүй ажилчдынхаа цалинг нэмлээ. Улсын онцгой комиссын шийдвэрээр нийгмийн цехүүдийн үйл ажиллагаа хэсэгчлэн зогссон ч бид дотоод зохион байгуулалт хийж, ажилтнуудаа сул зогсоохгүйгээр цалинг нь бууруулахгүй байх арга хэмжээ авч ажиллалаа. Өөрөөр хэлбэл, энэ цаг үед нэг уурхайчин, нэг ажилтан ч хамт олны хэсэг учир эв нэгдэлтэй, зохион байгуулалт сайтай байж үр дүнд хүрнэ гэсэн чиглэл баримталсан нь сайн үр дүнд хүргэлээ. -Дэлхий нийтэд хэдийнэ цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусын аюул одоо ч түгшүүртэйхэвээр байгаа. Тиймээс Төв штаб цаашид ажиллах байх аа? Үйл ажиллагаа, зорилт төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулах уу?      -Мэдээж, Төв штабын үйл ажиллагаа хэзээ коронавирусын тархалт зогсоно, тэр цаг үе хүртэл үргэлжилнэ. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэх, улс орон нутгийн төсөвт оруулах татвараа цаг тухайд нь төлөх, орлого нэмэгдүүлэх,зардал бууруулах зэрэг зорилтоо хэрэгжүүлээд явна. Чиглэл хариуцсан дэд штабууд төлөвлөгөөндөөнэмэлт өөрчлөлт оруулах саналаа Төв штабын хуралд танилцуулах, тэдгээрийг хэлэлцэж шийдвэрлэх гээд зохион байгуулалтын бүх ажил үргэлжлэн тасралтгүй хийгдэх болно. Мөн үйлдвэрлэлийн явцад гарах асуудлыг Төв штаб хэлэлцэж, хамтын шийдвэр гарган хэрэгжүүлж байна. М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 08 дугаар сарын 10

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 222 дахь өдөр. Он дуусахад 143хоног үлдлээ.                 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +21 градус, шөнөдөө +9градус дулаан,хүчтэй аадар бороотой, салхины хурд 7.4 м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn)   3. -Аргын тооллын 8 сарын 10. Даваа (Сумьяа) гараг. Билгийн тооллын 22, хөхөгчин тахиа, шийдэм од, суудал шороо, мэнгэ 7 улаан, үл зохилдохын барилдлагатай өдөр.Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:40-20:13. Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Гэвч туулай, луу жилтнээ цээрлэвэл зохилтой. Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.Үхэр, могой, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, хатуу үйл, хишиг даллага авах, эм найруулах, сан тавих, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, тариа тарих, гэр байшин барих, хот байгуулах, мэргэ төлгө тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, бэрийн үйлд муу. 4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2846,евро 3370, БНХАУ-ын юань 408, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.4төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6437.50 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1965оны 8 сарын 16. Монгол, Чехословакийн геологийн анги Эрдэнэтийн-Овооны орд газарт явуулсан эрэл, үнэлгээний ажлаатайлагнав. 1974 оны 8 сарын 24. МХЗЭ-ийн анхны илгээлтийн эзэд Эрдэнэтийг зорив. 1975 оны 8 сарын 25. БЕЛАЗ-ын жолоочийн курст суралцах анхны хүмүүсийг ЗХУ руу илгээв. 1978 оны 8 сарын 1. Цахилгаан цех байгуулагдав. 1978 оны 8 сарын 12. Анхны зэсийн баяжмалыг гарган авав. 2001 оны 8 сар. Баяжуулах фабрикийн хүчин чадлыг 2 сая тонноор нэмэгдүүлэв. 2013 оны 8 сарын 17. Үйлдвэрийн 35 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавъаны улаан тугийн одон”-гоор шагнагдав.   Дэлгэрэнгүй...
  • Баяжуулагчид 31 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна

         Баяжуулах үйлдвэрийн хамт олон  2020 онд 17,5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олохоор төлөвлөж, эхний хагас жилд 31 тэрбум төгрөг буюу 13,5 төгрөгөөр илүү нэмэлт орлого олсон байна.  Тэд энэ онд  тээрэм солих ажлын хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах замаар хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж 300 мянган тонн хүдэр илүү боловсруулах төлөвлөгөөтэй байснаас эхний хагас жилд 270 мянган тонн хүдэр илүү боловсруулжээ. Түүнчлэн энэ онд 9 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр төлөвлөсөн бөгөөд эхний хагас жилд 4,1 тэрбум төгрөгийн зардал хэмнэжээ. Өндөр үнэтэй технологийн нормчлогдсон материалыг хямд үнэтэйгээр орлуулах, эрчим хүчний хэрэглээг бууруулах, техник зохион байгуулалтын арга хэмжээ авч чадлын тарифын төлбөрийг бууруулах зэргээс хэмнэсэн байна. Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Нэвтрүүлэг

   Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох сургалтад Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Энэрэл” төвийн хүүхдүүд хамрагдлаа. Тэд ногоон гэрэл, цагаан шугам, аюулгүй гарцын талаар мэдлэгтэй болов.
   Замын Цагдаагийн Ерөнхий газар улсын хэмжээнд “Бяцхан зорчигч” аян өрнүүлж, Ерөнхий боловсролын сургуулиуд дээр мэдлэг мэдээлэл олгох сургалт зохион байгуулсан. Харин Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг он гарсаар “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнийг амжилттай зохиож, “Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд хүүхдэд зориулсан хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ. Зуны улиралд унадаг дугуй болон бусад хөдөлгөөнт тоглоомоор замын хөдөлгөөнд оролцох хүүхдийн тоо эрс нэмэгддэг тул 10 хүртэлх насны хүүхдийг зориулалтын зам талбайд, харгалзах том хүний хамтаар тоглуулж байхыг  Цагдаагийн газраас анхааруулж байна.  

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс



 

    Орхон аймгийн Замын Цагдаагийн тасаг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд аймгийн ЗДТГ, МХГ, Авто тээврийн төв, Нийгмийн эрүүл мэндийн төв, ОБГ зэрэг төрийн байгууллагын мэргэжилтнүүд оролцов. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээ эхэлж байна. Энэ хүрээнд хот хооронд болон орон нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад Замын цагдаагийн тасаг бүрэн бүрэлдэхүүнээрээ хяналт тавьж ажиллах юм. Тус арга хэмжээ 10 дугаар сарын нэгний өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ хүрээнд төрийн холбогдох байгууллагууд Замын цагдаагийн тасагтай хамтран хот хооронд, орон нутгийн замын нийтийн тээвэр, замын хөдөлгөөнд тавих хяналтыг нэмэгдүүлэх юм. Мөн 24 цагийн үйл ажиллагаатай хяналтын цэгийг нэмж байгуулан, шаардлагатай газар хурд хэмжигч суурилуулахаар төлөвлөсөн байна.
   Монгол Улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар зам тээврийн 579 осол, зөрчил бүртгэгджээ. Ослын улмаас 130 хүний амь нас эрсэдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн байна. Зам тээврийн ослын дийлэнх нь орон нутгийн замд гарч байгаа юм. Шалтгаан нь хурд хэтрүүлж, хамгаалах бүс хэрэглээгүй, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүй зэрэг гэж дүгнэжээ.

У.Цэрэнбат
Б.Баттөгс

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулахад мэдлэг чадвар, ур ухаанаа дайчлан, шилдэг санаагаа ажлын талбарт хэрэгжүүлж яваа олон залуу бий. “Бүтээлч санаачлагч-2018” сайн саналын системийн манлайлагч, “Энэрэл” хүүхдийн төвийн аргазүйч Х.Баярмаатай цөөн хором ярилцлаа. Тэрээр сайн саналын системд хоёр дахь удаагаа шалгарсан чадварлаг боловсон хүчний нэг юм.

  - Эрдэнэт үйлдвэрийн манлайлагчдын нэгээр таныг нэрлэлээ. Сайн саналын системд шалгарсан ажил, мэргэжлийнхээ онцлогоос танилцуулахгүй юу?
    - Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгж бүр өөрийн гэсэн онцлогтой. Миний хувьд “Энэрэл” хүүхдийн төвд 13 дахь жилдээ ажиллаж байна. Бид хичээлийн бус цагаар хүүхдүүдээ сургах, хөгжүүлэхэд анхааран ажилладаг. Ингэхдээ олон төрлийн сургалт зохион байгуулж, илүү бүтээлч иргэн болгох зорилт тавьсан. Хүүхэд бүр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, сонирхолтой. Тэр нандин мөрөөдлийг нь хуваалцаж, чадварыг нь хөгжүүлэхэд багш бидний оролцоо чухал. Бид ажлын онцлогоосоо хамааран механик юмуу техникийн тал дээр шинэ санал санаачилга гаргах боломжгүй. Харин хүүхдэд үйлчилж, тэдэнтэй харьцаж, хүмүүжилд нь анхаарч, тэдэнд юу тааламжтай байх, яавал ажлаа хөнгөвчилж болох талаар илүүтэй санаачилга өрнүүлдэг. Энэ бүхэн биеллээ олж, хүүхдүүд сэтгэл хангалуун байдагт баяртай байна.

   - Энэ удаагийн сайн саналын системд ямар санал санаачилга гаргасан бэ?
   - Бид хүрээлэн буй орчноо сайжруулж, өрөө тасалгааг илүү өвөрмөц буюу Монголын уламжлалт ёс заншлыг харуулсан хэлбэрээр тохижуулахыг хичээлээ. Мөн хүүхдийг бага насны гэгээн дурсамжтай байгаасай гэсэн үүднээс дурсамжийн цомог бэлтгэн, түүнийгээ бэлэглэх ажил санаачилсан. Шилдэг саналын “Хамгийн сайн санал”-аар шалгарсан нэг ажил маань шинэ жилийн үйл ажиллагаа байсан. Байгууллагын удирдлага үг хэлж, нээлт хийдэг уламжлалт хэв маягаа эвдсэн гэж болно. Манайхан өнгөрсөн шинэ жилийг үлгэрчилсэн байдлаар, хөтлөгчгүй зохион байгууллаа. Хонхны дуу жингэнэхэд үзүүлбэрүүд солигдож, илүү хөгжилтэй хэлбэрт оруулсан нь хүүхдүүдэд төдийгүй уригдсан зочдод маань ч таалагдсан. Шинэ жилийн хувцсаа оёж, бүх зүйлийг өөрсдөө гар бие оролцон хийсэн нь шалгаруулалтын нэг том үзүүлэлт болсон байх.

   - “Энэрэл” төвийн хүүхдүүд энэ зуныг хэрхэн өнгөрөөх вэ?
   - “Энэрэл”-ээр овоглож, халуун ам бүл болсон 49 хүүхэд бий. Энэ хичээлийн жил дуусч байгаа тул бид зусландаа гарах бэлтгэлээ хангаж байна. Энэ сарын 17-нд хүүхдүүдтэйгээ зусландаа гарна. Бид энэ зуныг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлнэ. Хүүхдүүд маань зөв хүн болж төлөвшиж, амьдрал дээр гараад биеэ дааж явах чадвартай байгаасай гэж бодож, тэднийгээ олон талаар хөгжүүлэхийг хичээж байна.

   - Ярилцсанд баярлалаа.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

  

   Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаа, бодлогынхоо нэгэн чухал хэсэг болгон хэрэгжүүлдэг байгаль орчны нөхөн сэргээлтийн талбайд очихдоо энэ удаа их ажлын арын “фронт”-ын тухай өгүүлэхээр  зорилоо.
   Эрдэнэтийн уурхайчид, дахин ашиглагдахгүй хоосон чулуулгийн  гуравдугаар овоолгыг нөхөн сэргээж, урьдын унаган төрхийг буцаан авчирсан түүх 2007 оноос эхэлжээ. Овоолсон чулуу, хайрганаас  өөр амьд ертөнц байх нөхцөлгүй шороон газрыг  ногоон зүлэг, шинэсэн ой болгон “хувиргах” хэрийн хүний санаанд багтах зүйл биш байх. Хурдан хийгдчих ч ажил бас биш. Тэгвэл өнөөдөр хааш хаашаагаа 36.2 га талбайг эзлэдэг хоосон чулуулгийн гуравдугаар овоолго, байгаль дэлхийдээ ногоон өнгөөр чимэг нэмэх нөхцөл хэдийнэ бүрджээ. Энд улиас шинэс, чацаргана жимсний модод салхины аясаар ханаран найгаж, үнэг хярс туулай, шонхор шувуу гээд есөн зүйлийн амьтад тааваараа нутагшиж байна. Байгаль сэргээд, хөрс ургамал ургаж эхлэхээр ан амьтад хүртэл дагаж амьдардаг зохицолдолгоо нь энэ болой.  Дэлгэр зун цагийн дүр төрх нь яг одоо ийм харагдана.
   “Уурхай байсан газар хайрга шороо, хоосон чулуу л үлддэг гэх ойлголт хэрхэвч байж таарахгүй. Баялагийг нь аваад тийм болгон үлдээх ч учиргүй” гэж гуравдугаар овоолгын нөхөн сэргээлтийн ажлыг санаачилагч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа хэлсэн. Анх түүнийг энд нөхөн сэргээлт хийх санаагаа танилцуулахад хэн ч итгэхгүй байж. Тэр тусмаа Ил уурхайн ажилчдаас “чулуун дээр яаж ургамал ногоо ургах юм бэ, ажилд садаа болсон төвөгтэй хүн бэ” гэж илт дургүйцэх нэгэн ч таарсан гэдэг. Харин эхэлсэн ажил нь жил гаруй хугацааны дараа үр дүнгээ өгч, хоосон чулуулгийн овоолгын “царай зүс” сайжирч эхлэхэд тэд  хүлээн зөвшөөрчээ. Хамтран ажиллаад ч эхэлж. Нөхөн сэргээлтийн ажил бол нөр их хөдөлмөр зүтгэлийн үр шим. Чулуу асгасан газрыг эхлээд тэгшилнэ. Дараа нь техникийн нөхөн сэргээлт хийж, 70-80 сантиметрийн зузаантай хөрс шинээр дэвсэнэ. Энэ бүхэнд  техник хэрэгсэл, ажиллах хүчин, цаг хугацаа гээд маш их зүйл шаардагдах нь ойлгомжтой. Эхэн үед бэрхшээл мундахгүй байв. “Ажил их, норм төлөвлөгөө биелэхгүй байхад юун чулуулгийн овоолго дээр ажиллах, замын тоос босоод байхад юун тэнд усалгаа хийх вэ”  гээд газар шороо тэгшлэх том оврын техникүүд олдохгүй байх үе ч их гарна. Гэсэн хэдий ч тэр бүхэнтэй  зөвшилцөж, ойлголцож  ажилласаар зорьсондоо хүрснээ О.Эрдэнэтуяа дарга болон түүний багийнхан сэтгэл өндөр ярьдаг. Бас  нөхөн сэргээх ажлыг хамгийн их дэмжиж,  хамтран ажилласан хүн нь тухайн үед Ил уурхайг удирдаж байсан Н.Бямбадорж дарга. Аливаад  их сэтгэлтэй, уурхайгаа арван хуруу шигээ мэддэг, ирээдүйг том харж чаддаг хүний хувьд байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг урагшлуулахад том хувь нэмрээ оруулсныг нь хэлэх учиртай гэж тэд хэлсэн.

  

   Санаачлага хамгийн чухал. Хаана ямар нөхцөлд байх нь хамаагүй, хэдэн хүнтэй байх ч хамаагүй зориглоод эхлүүлсэн байхад заавал үр дүн гарна. Харин гарсан үр дүнг цаашид сайжруулж авч явахад мэрийлт хэрэгтэй. Энд арав гаруйхан сантиметрийн урттай үрийн суулгац суулгаж, анхны модоо тарьж байсан бол жил бүр талбайнхаа хэмжээг нэмсээр өнөөдөр 38 га газарт нөхөн сэргээлтийн ажил хийжээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр өндөрлөг, салхины эрч ихтэй, хоосон чулуулагтай газарт мод тарьж, шинээр нөхөн сэргээлт хийсэн Монголын анхны уурхай болж буйг тэмдэглэх нь зүйтэй.
   Тарьсан мод зүлгээ байнгын арчилж тордох гэдэг бол нөхөн сэргээлтийн ажлын “амин сүнс”. Энэ ажлаа Байгаль орчныхон, Ил уурхай, Эко Монгол Эрдэнэ мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран хийдэг.  Нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэх бас нэг гол хүч нь Эко Монгол Эрдэнэ сургуулийн үе үеийн оюутан, төгсөгчид. Тус сургууль байгаль орчны салбарын мэргэжилтэн бэлтгэдэг Эко Ази дээд сургуулиас салбарласан төв юм. Оюутнууд өөрсдөө хөрсөө судлаад, мод суулгац тарьж, арчилж буй нь том дадлага болдог. Энд хийгдэж буй нөхөн сэргээлтийн ажлаар дамжиж, маш олон байгаль орчны мэргэжилтнүүд бэлтгэгдэж гарчээ. Тэдний нэг “бүтээгдэхүүн” нь Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн хяналт мониторингийн албаны дарга Ж.Жавхланбат. Байгалийг хэрхэн сэргээж болдогийг “нүдээр харж, гараар барьсан” хүний хувьд тэр ажилд орсон даруйдаа буюу 2013 оноос “Ногоон төгөл” төслийг санаачилжээ. Үр дүнд нь үйлдвэрийн бүс рүү ороход угтдаг “Ногоон төгөл” өнөөдөр жинхэнэ утгаараа ойн төгөл болохуйц олон мянган мод үрсэлгээг тордож, ургуулж байна. Олон олон хүмүүсийг мод тарих хоббид  “уруу татах” болжээ. Тэнд 25 төрлийн 12 мянган мод ургаж, ховор сонин жимс боловсорно. Энэ олон өгөөжийг бодохоор Эрдэнэт амьд байгаль дунд оршдог уурхай гэж нэрлэмээр.

  

   “Манайхан гол төлөв “мод тарих амархан” гэдэг. Амархан байж болно, гэхдээ арчилж ургуулна гэдэг хэцүү. Уйгагүй хөдөлмөр шаардана. Сэтгэл зүтгэлээ шингээнэ. Нөхөн сэргээлт хийгдсэн энэхүү өргөн уужим газарт спортын талбай бий болоосой гэж хүсдэг. Гадна дотны зочид энд гольф тоглож, цэвэр агаар амьсгалж, Эрдэнэтийн уурхайг дээрээс нь тольдоосой гэж төсөөлдөг. Хүсэл мөрөөдлөө дотроо төсөөлөөд, зураглалаа гаргах хэрэгтэй. Тэгээд түүнийгээ ажил болгохын төлөө зүтгэх ёстой” гэж О.Эрдэнэтуяа дарга дараагийн зорилтоо тодорхойлсон. Түүний багийнхан үйлдвэрийн бүс дэх нөхөн сэргээлтээс гадна Орхон аймгийн Баян-Өндөр уулын 145 га талбайд дүйцүүлэн хамгаалах ажил энэ хавар эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд уурхайчид Баян-өндөр уулын энгэрт 400 орчим мод тарьжээ. Дүйцүүлэн хамгаалах ажил Сэлэнгэ амралтын баазад үр дүнтэй үргэлжилсээр. Монгол Улсын хэмжээнд нэн ховордсон амьтад, тарвага, халиун бугын илий,  зэрлэг гахай, цацагт хяруул, тахиа галуу нугас гээд ой тайга, хээр талд л харж болох ан амьтад хэдийнэ энд нутагшин, “байраа” олжээ.   
   Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн хариуцан хийх бүх ажил нь чухал бас “том”. Цагаан тоос дарах, “ногоон ус”-ыг дахин ашиглах, агаарын бохирдол бууруулах, үйлдвэрийн ажиллагсад болон бүс нутгийн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хог хаягдал, химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалт, хяналт гээд Эрдэнэт үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага хэмжээнд барих, хүрээлэн буй орчныг хамгаалах тун чухал, нарийн асуудлууд энэ хэлтсийн чиг үүрэг нь болдог. Нөгөө талаас, байгаль орчноо хамгаалах талаар сургалт сурталчилгаа, нийгэмд хандах хандлага, ирээдүй үеийнхээ байгаль хайрлах үзлийг төлөвшүүлэх зэрэг ажлууд үндсэн зорилтын нэг нь. Үүний хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Аялал жуулчлалын цогцолбор, Сэлэнгэ амралтын баазын дэргэд  Ногоон хөгжлийн төвийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн санаачилгаар байгуулж байна. Энэ төвийн үйл ажиллагаа нь байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн олон улсын жишиг болох зорилттой ажиллах юм.  
   Хоосон чулуулгийн гуравдугаар овоолго бол уг нь манай үйлдвэрийн бүс дэх “ажлын байр”. Эндээс уурхай тэрүүхэн дор, хүдэр зөөсөн Белазууд тасралгүй давхилдаж харагдана. Харин овоолгын талбай  тэр чигтээ ногоон зүлэг,  модот шугуй, амьтад, цэцэг навч, жимсний бут. Эгээ л хүний гар хүрч байгаагүй, эзгүй онгон байгалийн тал хээр нутаг гэлтэй. Энэ дүр төрх нь Эрдэнэт уурхайчдын нөхөн сэргээлтийн ажлын үр дүн, түүнд шингэсэн нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн тод мөр буй.

  

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог