• Шилдэг төгсөгчдөд Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардууллаа

             Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийн 21 дэхтөгсөлтийн “Эрдмийн баяр” өнөөдөр боллоо. Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2019-2020 оны хичээлийн жилийн намрын улиралд  уул уурхайн инженер, бизнесийн удирдлагын мэргэжлээр70 орчим оюутан төгсөж, бакалавр, магистрын диплом гардан авав.      Тодруулбал, энэ өдөр уул уурхай, бизнесийн удирдлага хөтөлбөрөөр бакалавр зэрэгтэй 36, магистр зэрэгтэй 33оюутан төгслөө. “Эрдмийн баяр”-ыг Технологийн сургуулийн захирал Д.Зоригтхүү нээж үг хэлсэн. Тэрээр энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Технологийн сургууль нь “Эрдэнэт” цогцолбор дээд сургууль болон өөрчлөгдсөнийгонцлов. “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрээс төрөн гарсан эрдэмтэн, доктор, хүндэт профессор, зөвлөх инженерүүд оролцож, шинээр төгсөгчдөд баяр хүргэхийн зэрэгцээ эзэмшсэн мэргэжлээ ажил хөдөлмөрийн талбарт амжилт бүтээл дүүрэн зориулж ажиллахыг ерөөлөө.     Тус сургуулийн бакалаврын хөтөлбөрийг 3.2-оос дээш голч дүнтэй дүүргэсэн хоёр оюутныг ШУТИС-ийн шилдэг оюутнаар шалгаруулж, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрийн газарт ажлын байраар хангах батламж гардуулсан юм. Шилдэг оюутнаар тодорсон Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр төгсөгч  Б.Ишдорж, П.Бат-Эрдэнэ нар зууны манлай үйлдвэрийн ажилтны эгнээнд шилжих эрхтэй боллоо.         Технологийн сургууль буюу “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь 2019-2020 оны  хичээлийн жилд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа, хөтөлбөрт олон шинэчлэл хийсэн байна. Тухайлбал, Боловсролын магадлан итгэмжлэлээр 3 дахь удаагаа батламжлуулж, энэ хичээлийн жилд олон улсын чанарын стандарт хэрэгжүүлжээ. Цаашид тус сургууль нь шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэн, Монголын уул уурхайн шилдэг боловсон хүчин, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх зорилтоо улам чанаржуулан ажиллахаар зорьж байна.   М.Балжинням Фото: Б.Булганбаатар Дэлгэрэнгүй...
  • Хамтдаа хөгжиж, урагшлах нь дэлхийн зах зээлд хөл тавих гарц гэдэгт бизнес эрхлэгчид санал нэгдлээ

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, МҮХАҮТ, Орхон, Булган аймгийн ЗДТГ, тус аймгууд дахь танхимын салбар зөвлөл, жижиг дунд бизнес эрхлэгчид оролцсон “Орон нутгийн хөгжилд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чуулган амжилттай өндөрлөлөө. Холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд үйлдвэрлэгчдийн санал хүсэлтийг ажил хэрэг болгож, асуудлыг дор бүр нь шийдвэрлэнэ гэдгээ энэ үеэр уламжилсан. МҮХАҮТ-аас чуулганд оролцогчдод зориулан хувь хүний хөгжил болоод эхлүүлсэн бизнесээ өргөжүүлэхэд яах ёстой вэ, харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр юу хийх вэ гэсэн асуултын хүрээнд хагас өдрийн сургалт зохион байгууллаа. Тус танхимын гишүүнчлэлтэй байгууллага, хувь хүмүүс Орхон, Булган аймаг дахь салбараас гадаад, дотоодын үзэсгэлэн худалдааны талаарх мэдээ мэдээлэл хүлээн авч, сургалт зөвлөгөөнд хамрагддаг байсан бол энэ удаагийн танхимын сургалтаар тал бүрийн цогц мэдээлэл авснаа тэд илэрхийлж байлаа. Хамтдаа хөгжиж, урагшлах нь дэлхийн зах зээлд хөл тавих хамгийн таатай хувилбар, гарц гэдэгт бизнес эрхлэгчид санал нэгдлээ. Хаалтын үйл ажиллагааны үеэр оролцогчдын санал бодлыг сонслоо.   МҮХАҮТ-ын газрын дарга Б.ЭРДЭНЭБАТ: Албаны хүмүүс орон нутгийн бизнес эрхлэгчдийн саналыг сонссон нь том алхам боллоо     -Та чуулганыг дүгнэн юу хэлэх вэ?     -Чуулганыг амжилттай зохион байгуулахад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон, Булган аймгийн салбар танхим болон Орхон, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар дэмжин оролцлоо. Үүний үр дүнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийн зарчмаар сум, орон нутагт бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах вэ гэдэгт санал санаачилга гаргалаа. Ялангуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа тэргүүтэй бусад албаны хүмүүс оролцож, орон нутгийн бизнес эрхлэгчдийн саналыг сонссон нь том алхам боллоо. Үзэсгэлэнгээс бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг бодитоор үзэж харсан. Мөн үйлдвэрлэгчид Эрдэнэт үйлдвэрт ханган нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл авсан нь чуулганы бодит үр дүн юм. Саналуудыг нэгтгэн цаашид ажил хэрэг болгон ажиллана. Орхон аймгийн “Эрдэнэт газар өгөөж хоршоо”-ны дарга О.ЦЭЦЭГСҮРЭН: Хүн хүчээ зөв хуваарилж, дотоод нөөцөө ашиглах хэрэгтэйг ойлголоо     -Өнөөдрийн чуулганаас авч үлдсэн зүйл юу байна вэ?    -Сургалтаас маш олон мэдээлэл авлаа. Бизнесийг яаж эхлүүлэх вэ, ямар зарчмаар явуулах вэ гэдэг маш чухал юм байна. Төр, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар хэрэгтэй мэдээлэл авсан. Миний хувьд газар тариалан эрхэлж, хүнсний болон даршилсан ногоо, жимсний чанамал үйлдвэрлэж байна. Өнөөдрийн сургалтаас өөрийн бизнест дүн шинжилгээ хийж, алсын хараа муу байна уу даа гэсэн бодол төрсөн. Гэхдээ хүн хүчээ зөв хуваарилж, дотоод нөөцөө ашиглах хэрэгтэйг ойлголоо. Чуулганд оролцсондоо ихэд олзуурхаж байна, зохион байгуулагч нартаа баярлалаа. Булган аймгийн Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн захирал П.СҮХБААТАР:  Бид дотроо өрсөлдөх бус гадагшаа тэлж, хамтдаа зүтгэнэ гэдэг маш чухал санаа, шийдэл       -Та хаанаас оролцож байна вэ, үйлдвэрлэгчийн хувьд санал бодлоо хуваалцахгүй юу?     -Би Булган аймгаас чуулга уулзалтанд оролцохоор зорьж ирсэн. Манайх дахин боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэр төрлөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор зулын шар тос, саван, малын ясыг дахин боловсруулах аргаар гаргаж авсан эрдэст уурагт тэжээл зэрэг таван нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Өнөөдөр эко савангаа танилцууллаа. Үйлдвэрийн удирдлагууд судалж үзнэ гэсэн хариу өгсөн. Үнэхээр хэрэгтэй зүйл санаачилсан МҮХАҮТ, Эрдэнэт үйлдвэрт талархал илэрхийлье. ӨМӨЗО-ны Баяннуурын хил дамнасан цахим худалдаа буюу “Е экспорт төсөл” ихээхэн анхаарал татлаа. Урд хөршид үзэсгэлэн худалдаанд оролцохдоо том зах зээл ямар байдгийг харсан. Тиймээс бид дотроо өрсөлдөх бус гадагшаа тэлж, хамтдаа зүтгэнэ гэдэг маш чухал санаа, шийдэл юм.     “Монгол хүнс” үйлдвэрийн захирал Л.БААСАННЯМ: Бид орон нутагт чанартай бүтээгдэхүүнээр орон зайгаа эзлэхийг эрмэлзэж байна      -Үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд ямар алхам хийж байна вэ?     -Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг миний хувьд төр, орон нутгийн удирдлагуудтайгаа ойроос уулзах боломж гарсанд баярлаж байна. Манайх талх, нарийн боов дагнан үйлдвэрлэдэг. Өнгөрсөн онд ЖДҮ-ийн төсөлд хамрагдаж, тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Сурилуулалтын ажил хийгдээд удаагүй байна. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж сайжрахын хэрээр бүтээгдэхүүний нэр төрөл олширч, чанар сайжирна. Тиймээс бид орон нутагт чанартай бүтээгдэхүүнээр орон зайгаа эзлэхийг эрмэлзэж байна. Хөгжих боломж их бий. Хамгийн гол нь гарцыг хайж, зөв гэж үзсэн замаар явах хэрэгтэй. Өнөөдрийн чуулган бизнес эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Оёдлын цехийн ажилчид цалин хөлс нэмэгдсэнд талархаж байна

            Өнгөрсөн лхагва, пүрэв гарагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа болон холбогдох хэлтсийн дарга нар Нийгмийн цехүүдийн ажилтан, ажилчидтай уулзалт хийлээ.    Уулзалтын эхэнд тэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэл, эдийн засгийн 2019 оны төлөвлөгөөний биелэлт, Санхүү эдийн засаг болон нийгмийн хариуцлагын  хүрээнд хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар хийсэн мэдээлэлдээ: “Санхүү эдийн засаг мөнгөний оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд олон эерэг үзүүлэлт гарсан. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банк, Богд банктай яриа хэлэлцээр хийж, ажилчдын цалингийн зээлийг нэг  хувийн хүүтэй болгосон. Байгууллага хоорондын өр авлагыг 26-27 хувиар бууруулсан. Сул чөлөөтэй мөнгийг банкинд байршуулснаар 19.5 тэрбум төгрөгийн  нэмэлт орлого олсон, хүдэр олборлолт боловсруулалтын хэмжээ нэмэгдсэн. Эрдэнэт үйлдвэр гадаад, дотооддоо зээлийн ямар нэгэн өр төлбөргүй болсон. Сүүлийн 10 жилийн санхүүгийн тайланд хийсэн судалгаагаар Эрдэнэт үйлдвэр арилжааны банкуудад байнгын ямар нэгэн өр төлбөртэй байсан. Харин 2019 онд Эрдэнэт үйлдвэр дотоод, гадаадын  банкинд зээл төлбөргүй, баяжмалаа борлуулдаг компаниудаас урьдчилгаа төлбөргүй болж,  бүх өр авлагаа барагдуулсан. Ингэснээр сүүлийн 10 жилд байгаагүй санхүүгийн сахилга баттай ажиллалаа” хэмээн  онцлов.        Мөн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалин хөлс, нийгмийн халамж үйлчилгээ, нийгмийн хангамж ямар түвшинд байгаад дүн шинжилгээ хийснээ дуулгасан юм. Ажилчдынхаа нийгмийн асуудалд 2019 онд 95 тэрбум төгрөг зарцуулсан  нь 2016 онтой харьцуулахад 40,4 хувиар өссөн байна. Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа цалинг сүүлийн 3 жилд 45 хувиар нэмэгдүүлсэн байна. Ингэснээр дундаж цалин 2016 онтой харьцуулахад 900 мянган төгрөгөөр нэмэгджээ. Мөн үйлдвэрийн ажилтан үндсэн цалингаас гадна 55 төрлийн тусламж, дэмжлэг, тэтгэмж авдаг талаар мэдээлэл өгөв.      Уулзалтын үеэр Эдийн засгийн бодлогын хэлтсийн Хөдөлмөр цалин хөлсний товчооны дарга Н.Ариунаа цалин хөлсний шинэчлэгдсэн журам, хамтын гэрээний өөрчлөлтийн талаар мэдээлэл хийв. Удирдлагууд  ажилчдын санал хүсэлтийг сонсож, тухай бүрд нь хариулт өгч, тулгамдаж буй асуудлын заримаас шийдвэрлэхээ илэрхийллээ.      Оёдлын цехэд болсон уулзалтын үеэр ажилчид  2019 онд  үйлдвэрийн цех болж, цалин хөлс нэмэгдэж, нийгмийн асуудал эерэгээр шийдэгдэж буйд баяртай байгаагаа илэрхийлж,  тулгамдсан асуудлаа  ярилаа. Тус  цехэд  баяжмалын уут оёх  хэсэг 2017 онд нээгдсэнээр 65 байсан ажилчдын тоо 140 гарчээ.  Баяжмалын хэсэг зориулалтын бус  байранд үйл ажиллагаа  явуулж байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны тав тух алдагдах, бараа материал агуулах сав хангалтгүй гэхчилэн олон асуудал дагуулж байгаа тул  үйлдвэрлэлийн байр шийдэж өгөх асуудлыг хөндөж тавилаа. Түүнчлэн  хувь хүний болон цехийн захиалгат бүтээгдэхүүний материал, оёдлын машины сэлбэг хэрэгслийн урьдчилгааг төсөвт тусгах боломж байна уу, овор хэмжээ ихтэй бараа материал зөөх зориулалттай өөрөө буулгагч машиныг захиалсан хугацаанаас нь өмнө  өгөх боломж бий юу, аж ахуйн хэсгийнхний цалин бага байгааг нэмэгдүүлж өгнө үү зэрэг асуудлууд тавьж хариулт авлаа.     Үйлдвэрийн газрын хэмжээнд сул чөлөөтэй объектуудын судалгаа гаргаж, ажлын байрыг шинэчлэх талаар захирлуудын хэмжээнд асуудал тавих, захиалгат бүтээгдэхүүн, сэлбэгийн тооцоо  судалж, шийдэх,  нэн шаардлагатай өөрөө буулгагч техникийг богино хугацаанд олгуулах  асуудалд анхаарал хандуулахаа Ерөнхий захирлын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа хэллээ.     Оёдлын цех Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын баталсан бүх  дүрэм журмыг мөрдөн ажиллана.  Үйлчлэгчийн цалин нийгмийн цехийнхтэй  ижил байх ёстой гээд  үүнийг  эргэн  харж  шийдэхийг Хөдөлмөр цалин хөлсний товчооны дарга  Н.Ариунаад даалгав. Түүнчлэн цехийн эмчийн ажлын цаг, ажилчдын тарах цагтай уялдахгүй байгаа тухай асуудлыг судалж, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Нийгмийн харилцааны хэлтсийн даргад Д.Өнөбатад үүрэг болгов. Эрдэнэт үйлдвэрт  Баяжмалын уутны хэрэгцээ их, заримыг нь гаднаас худалдан авч байгаа. Үүнийг  цех бүрэн үйлдвэрлэх боломж, эдийн засгийн үр өгөөжийг судалж тооцохыг цехийн удирдлагуудад  зөвлөв. Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Үзэсгэлэн худалдаанд 100-аад үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ дэлгэлээ

        “Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чуулганы хүрээнд зохиогдсон үзэсгэлэн худалдаанд 100-аад үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ дэлгэлээ. Ажлын гутал хувцас, хор саармагжуулах болон эрүүл мэндийн эко бүтээгдэхүүнүүд, цагаан идээ, модон эдлэл, уран зураг, төмөр хийц, үүрэн телефоны компани, банк санхүү, арьс ширэн эдлэл, хэвлэлийн компаниуд дор бүрнээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан. Чуулганы оролцогчид үзэсгэлэн худалдааг үзэж сонирхон, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонслоо. Энэ үеэр бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзан, санал сэтгэгдлийг нь хуваалцлаа.    Булган аймгийн “Эко Хялганат хоршоо”-ны дарга Т.ДААРИЙМАА: Бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгосонд баярлалаа         Бид 2014 оноос хоршооны зохион байгуулалтад орж, өнөөдрийн байдлаар 18 хүнтэй, 12 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үзэсгэлэнд эмийн ургамал, зөгийн бал, жили, цэцгийн тоос, зөгийн балтай гишүүний чанамал гэсэн бүтээгдэхүүнээр оролцлоо. “Монголын үйлдвэрлэл үйлчилгээ, хоршоодын холбоо”-ноос энэ онд манай хоршоог жишиг болгохоор сонгосон. Чуулга уулзалтад Булган аймгаас төлөөлөл болж ирсэндээ баяртай байна. Бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгосонд баярлалаа. Цаашдаа хамтран ажиллах олон гарц, боломж бидэнд байгаа гэдэгт итгэлтэй байна.    “Тугалхан” нунтаг ааруул үйлдвэрлэгч Б.ЧУЛУУНБАТ: Бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжиж, сурталчилж өгөх нь том хөрөнгө оруулалт болдог        Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн Цахир сумаас ирсэн сарлагийн цагаан идээгээр нунтаг аарц, ааруул боловсруулан худалдан авагчдад хүргэж байна. Энэ бүтээгддэхүүнээ хүмүүст таниулах гэж хагас жилийг зарцуулсан. Улаанбаатарын томоохон супермаркетууд маш их сонирхож байна. Хүнсний нэмэлт тэжээл гэдэг утгаараа борлуулалт сайтай, эрэлт ихтэй болсон. Хатуу ааруул идэхээс татгалзаж байгаа хүмүүс өдөрт хүссэн хэмжээгээр хэрэглэх боломжтой. Цаг үеэ олсон чуулган боллоо. Бизнес эрхлэгчдэд хүлээлт их байсан. Аливаа зүйлийг хөгжүүлье гэвэл мэдээлэл сайн өгөх ёстой. Чуулга уулзалтыг уламжлал болгон зохион байгуулах нь оновчтой гэж харлаа. Бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжиж, сурталчилж өгөх нь том хөрөнгө оруулалт болдог. Удирдлагууд үзэж харж, танилцлаа. Бид чадах хэмжээндээ хүртэл бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд бэлэн байна.   “БЭККО” ХХК-ийн захирал Б.БЭХБАЯР:  Үйлдвэрлэгч нараа борлуулалтаар дэмжиж ажиллавал өргөжих боломж их бий          Манай компани 2019 оны 4 дүгээр сараас үйлдвэрлэлээ эхэлсэн. Орон нутагт үйлдвэрлэл эрхлэх нь боловсон хүчний олдоц, мэргэшсэн байдал, нийгмийн хангамжийн асуудал талаасаа давуу талтай. Харин гол хэрэглэгчиддээ хүргэх газарзүйн байршлын хувьд алс байна. Үйлдвэрлэлийн бүхий л дамжлагаа өөрсдөө хийдэг. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх санаа их бий. Үйлдвэрлэгч нараа борлуулалтаар дэмжиж ажиллавал өргөжих боломжтой. Орон нутагт аймаг, Эрдэнэт үйлдвэр л түших гол газрууд маань болж байна. Дотоодын давуу эрх олгох талаар өнөөдрийн форум дээр их яригдлаа. Манай бүтээгдэхүүн тохирлын гэрчилгээ, чанарын сертификатаа авч, Олон Улсын чанарын шаардлага хангана гэж гарч ирсэн. Манай компанийг судална гэсэн, бид итгэлтэй байна. Монгол Улсад энэ төрлийн үйл ажиллагаатай цөөн компани байдгаас хангайн бүсэд ганц манайх бий.  “Оюутолгой” ХХК-ийн тендерт оролцоход бүс нутгийн хөгжлийг дэмжинэ гээд говийн компаниудаа сонгосон. Бид Улаанбаатар, мал эмнэлэг, Эрдэнэт үйлдвэрээ хангана гэж зорьж байгаа. Манай компаниас жилдээ 100 мянган ширхэг бүтээгдэхүүн худалдан авъя гэвэл 20 оёдолчныг ажлын байраар хангаад явах боломжтой. Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжсэнээр олон ажлын байр бий болж, түүнийг дагасан орон нутгийн татварын хэмжээ өсөх, нийгэм дэх ядуурал буурах зэрэг олон хам шинжтэй. Хуулинд орсон нэмэлт өөрлөлтүүдийг сонсоход сайшаалтай байна. Энэ бүхэн биеллээ олох байх.    И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллахаа ярилцлаа

        “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдэвт чуулга уулзалтыг анх удаа Орхон аймагт зохион байгуулж байна. Чуулганд 400 орчим жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч урилгаар оролцож, бизнесийн чиглэлээр төрөөс барьж буй бодлого шийдвэртэй танилцаж, тулгамдсан асуудлаа хэлэлцэхээр хүрэлцэн иржээ. Мөн, энэ чуулганы үеэр зарим аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нээлттэй сурталчлалаа.    Чуулганд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ц.Батзул, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Булган аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн тэргүүтэй Орхон, Булган аймаг дахь ХАҮТ-ын төлөөллүүд, Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд оролцлоо.      МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин чуулганыг нээж хэлсэн үгэндээ, төр хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох чиглэлд илүүтэй анхаарч, 16 аймагт түншлэл бий болгосон талаар дурьдаад, дотоодын үйлдвэрлэгчдэд дангаар бус хамтарсан хэлбэрээр ажиллах нь үр дүнтэй болохыг онцолсон. МҮХАТ нь ХБНГУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаад зах зээлд арьс шир, ноос ноолуур, сарлагын хөөврөн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн бөгөөд цаашид үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг экспортлох өргөн боломжтойг тэмдэглэлээ. Монгол Улсын эдийн засгийн шинэ модульд томоохон уул уурхайн компанийг түшиглэн бичил бизнесийг хөгжүүлэх тухай тусгажээ. Энэ ч утгаараа Орхон, Булган аймгийн бизнес эрхлэгчдийг хамруулсан өнөөдрийн чуулган өндөр ач холбогдолтойг тэрээр онцоллоо. Монгол Улсын хэмжээнд тогтоодог өрсөлдөх чадварын 2019 оны үзүүлэлтээр Орхон аймаг тэргүүлсэн бол Булган аймаг жагсаалтын 21-рт бичигдсэн. Хоёр аймаг нэгнээсээ суралцах, хамтдаа хөгжихөд энэ удаагийн чуулган эерэг үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэллээ.          Бизнес эрхлэгчидтэй 2019 оны ололт амжилтаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагаагаа зөвлөлдөн, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонсохоор зохион байгуулж буй чуулганы нээлтэд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ, Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах боломжийн талаар цэгцтэй ойлголт өгөхийг зорьлоо. Бид 2019 онд амжилттай ажиллаж, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд түүхэн дээд амжилт тогтоолоо. Бид 2020 онд шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлнэ. Уул уурхайд түшиглэсэн хөдөө аж ахуйн төслүүд хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна. Та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа чуулганд оролцогчдод тавьсан илтгэлдээ, үйлдвэрийн 2019 оны үйл ажиллагааны үр дүн, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын худалдан авалтын бодлого, орон нутгийн худалдан авалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Эрдэнэт үйлдвэр худалдан авалтыг зах зээлийн үнийн түвшинд, хууль тогтоомжийг чанд мөрдөн ажилласнаар 2019 онд худалдан авалтаас 60 тэрбум төгрөг хэмнэсэн тухай тэрээр танилцуулсан юм. Мөн үйлдвэрийн худалдан авалтын бүхий л мэдээлэл шилэн болж, www.tender.gov.mn сайт дээр нээлттэй, ил тод байршиж байгааг Орхон, Булган аймгийн бизнес эрхлэгчдэд хэллээ.       Эрдэнэт үйлдвэр орон нутгийн бизнес эрхлэгчдээ 2016 онд 5.2 тэрбум, 2017 онд 14.6 тэрбум, 2018 онд 46 тэрбум, 2019 онд 48.2 тэрбум төгрөгийн өссөн дүнгээр дэмжиж худалдан авалт хийсэн байна. И.Чинтогтох Фото:Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш: Батсайханы ЭНХБАТ

    Төгссөн сургууль: ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийг 2003-2007 онд Санхүүч мэргэжлээр төгссөн. Мэргэжил: Санхүүч Ажилласан туршлага: 2007-2017 онд Санхүүгийн зохицуулах хороо, 2017-2018 онд Төрийн банк, 2018-2019 онд Капитрон банканд тус тус ажилласан. 2019 оны 4 дүгээр сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Маркетингийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байна. Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2013-2014 онд БНСУ-ын Ajou university /MBA/-ийг дүүргэсэн. Чин хүсэл: Эрдэнэт үйлдвэрийн мянга мянган уурхайчдын дунд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, хүсэл мөрөөдлөө бүтээхээр урагшилж яваа түүний хүрэх өндөрлөг хол. Тиймдээ ч бэрхшээлийн өмнө нугарахгүйгээр бат зогсож, зорьсондоо хүрэхээр зүтгэсэн. Санхүүгийн салбарт чадварлаг боловсон хүчнээр нэрлэгдэж, үеийнхэндээ үлгэрлэсэн тэрээр өчигдрөөс илүү өнөөдрийг, өнөөдрөөс илүү маргаашийг бүтээхийг хүсдэг нэгэн. -Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу? -Юуны өмнө, уурхайчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би шинэ өглөө бүрийг эрч хүчтэй, эрүүл хэв маягаар эхлүүлэхийг хичээдэг. Тиймээс сүүлийн 10 гаруй жил ус уух дадлыг өөртөө хэвшүүлсэн. Шүршүүрт орж, эрч хүчээ сэлбээд ажил руугаа алхах дуртай. -Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүчээ авдаг вэ? -Гэр бүлээсээ урам зориг авна. Тэр тусмаа өдрөөс өдөрт өсөж торниж байгаа хоёр үрээ харах тоолон би чинь ямар чухал хүмүүсийн өмнө хариуцлага хүлээж яваа билээ гэж боддог шүү. Мөн найз нөхдөөсөө болон ажлын шинэ орчин, уулзаж байгаа хүн бүрээс л урам зориг авдаг. Өглөө ажил руугаа алхах замдаа ч тухайн өдрийн эрч хүчээ авах үе бий. Хийх ажлын төлөвлөгөөгөө бодож, ажил дээрээ ирмэгцээ шаардлагатай зүйлсээ тэмдэглэдэг. Араас нь аяга кофе уусан байхад эрч хүч улам л сэргэдэг. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ биелүүлж, түүхэн амжилт тогтоосон. Энэ бүх ололт амжилт, мэдээ мэдээллийг уурхайчдадаа болон ялангуяа олон нийтэд үнэн зөв хүргэж, ойлгуулах нь бидний ажлын чухал хэсэг. Мөн үйлдвэрийн хөрөнгөөр худалдан авч байгаа бараа, материалын зах зээлийн үнэд хяналт тавих,  нийцүүлэх нь ажлын маань онцлог гэж хэлж болно. Тийм ч учраас Азидаа томоохонд тооцогдох тэргүүний үйлдвэрт ажиллаж, уурхайчдын хөлс хүч, сэтгэл зүрхээр бүтэж байгаа  баялаг, түүний үнэ цэнийг бусдад хүргэж байгаа нь яах аргагүй миний ажлын эерэг тал. Мэдээж сул талууд бий. Гол нь сул талаа өөрсдийн давуу тал болгон, бэрхшээлийг даван туулж, алхам алхмаар тогтвортой урагшлах нь хамгийн чухал гэж боддог. -Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаарч байна вэ? -Техник технологи эрчимтэй хөгжиж байгаа энэ үед мэргэжлийн зүгээс болон хувь хүн талаасаа зогсонги байдалд орохгүйгээр байнга шинийг эрэлхийлж, хөгжихийг эрмэлздэг. Ажилдаа сэтгэлээсээ хандаж байгаа хүн хэзээд бусдад үнэлэгддэг гэж боддог. Өөрийн мэддэг чаддаг бүхнээ бусадтай хуваалцах, харилцан суралцах нь хөгжлийн чухал суурь юм болов уу. Мэргэжлийн онцлогтой холбоотой бүхий л шинэ мэдлэг, мэдээ мэдээллээс хоцрохгүй, цаг үеэ мэдрэхийг чухалчилж байна. -Та бусдаас суралцахыг илүүд үзсэн үү, өөрийгөө дайчлан суралцахыг чухалчилж ирсэн үү? -Дээрх ойлголтыг хөгжлийн 2 багана гэж үзэж болох юм. Өөрийгөө дайчлах нь хувь хүний хөгжлийн суурь болдог бөгөөд хэдий чинээ бат бөх байна төдий чинээ өндөр барилга босох боломжтой. Харин бусдаас суралцахыг чанартай барилга барихад шаардлагатай материал гэж үзэж болох юм. Тиймээс суурь сайтай, чанартай барилга барихын тулд аль алийг нь  чухалчлах  хэрэгтэй. -Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач? -Өдөрт 30 минутаас багагүй хугацааг дэлхий дахинд болж байгаа мэдээ мэдээллийг уншиж судлахад зориулснаар шинэ содон зүйлийг мэдэх, суралцах хүсэл төрдөг. Өглөө босоод 3-5 км гүйх, 7 хоногт 2 удаа спорт заал орох зэрэг эрүүл мэндээ дэмжсэн, эрч хүч сэргээсэн зүйлийг амьдралдаа хэвшүүлэхээр зорьж байна. -Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ? -“Энэ амьдралдаа харамсахааргүй ХҮН шиг амьдар” гэж аав минь хэлдэг. -Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ? -Эрдэнэт үйлдвэрт ажилд орохоос өмнө санхүүгийн чиглэлээр төрийн байгууллагад, дараа нь төрийн болон хувийн банканд ажиллаж байсан.  Эрдэнэт үйлдвэр миний хувьд шинэ салбар, шинэ туршлага хуримтлуулах талбар болж байна. Энд ажилласнаараа улсын томоохон баялаг бүтээгч үйлдвэр санхүүгийн зах зээлийн хөгжилд ямар нөлөө үзүүлэх, ямар оролцоотой байх боломж байна, яаж энэ салбаруудыг цогцоор нь хөгжүүлэх вэ гэдэг талаас нь илүүтэй бодох болсон. Миний үзэл бодол, харах өнцөг тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн гэдгийг энд хэлмээр байна. Дэлгэрэнгүй...
  • Орхон, Булган аймгийн үйлдвэрлэгчид чуулна

        “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран энэ сарын 24-нд “Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдэвт чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулахаар боллоо. Чуулганд 400 орчим жижиг, дундүйлдвэрлэл, бизнес эрхлэгч урилгаар оролцож, бизнесийн чиглэлээр төрөөс барьж буй бодлого шийдвэртэй танилцаж, тулгамдсан асуудлаа хэлэлцэнэ. Мөн, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нээлттэй сурталчилна. Стратегийн орд бүхий “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүс нутгийн хэмжээнд нөлөө үзүүлдэг гол аж ахуйн нэгж болохын хувьд Орхон, Булган аймгийн бизнес эрхлэгчдийг ийнхүү мэдээ мэдээллээр ханган, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна.     Монгол Улсаас батлагдсан хууль, эрхзүйн хүрээнд орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн тодорхой боломжууд байдаг бөгөөд үүнтэй уялдсан Засгийн газрын тогтоолд бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчээс ямар давуу эрхтэйгээр авах тухай заасан нь бий. Орон нутгийн үйлдвэрлэгч байх нь давуу тал болохоос гадна тухайн бараа бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт нь бусад төрлийн бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц байх шаардлагатай. Энэ утгаараа, зохион байгуулагчдын зүгээс үйлдвэрлэгчдэд мэдээллийг нээлттэй хүргэх, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ төрийн худалдан авах ажиллагааны чиглэлээр барьж буй бодлогыг танилцуулах нь олон талын ач холбогдолтой хэмээн үзэж байна. Эрдэнэт үйлдвэр орон нутгийн бизнес эрхлэгчдээ 2017 онд 27 хувь, 2018 онд 30 хувь, 2019 онд 35 хувийн өссөн дүнгээр дэмжсэн худалдан авалт хийжээ. Дотоодын үйлдвэрлэгчдийн анхдугаар чуулганд Сангийн яам, МҮХАҮТ болон Орхон аймаг дахь ХАҮТ-аас холбогдох хүмүүс урилгаар оролцон, чиглэлийнхээ дагуу сургалт зохион байгуулна.   И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Д.ТӨГСБАЯР: Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулна

        “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хуулийн хэлтсийн хамт олон өнгөрсөн оны ажлаа хэрхэн дүгнэж, энэ онд ямар ажлууд төлөвлөснийг нь сонирхохоор хэлтсийн орлогч дарга Д.Төгсбаяртай ярилцлаа.     -Хуулийн хэлтэс 2019 оны ажлаа хэрхэн үнэлж дүгнэв? -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтэс нь үйлдвэрийн газартай холбоотой хууль эрх зүйн бүхий л асуудлыг хариуцан ажиллаж байна. Үүнд, гаднын байгууллагууд үйлдвэрийн газартай гэрээ байгуулах, Ерөнхий захирлын бүтцийн нэгжүүдийн тушаал, шийдвэрүүдийн эрх зүйн үндэслэлийг хянах, үйлдвэрийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан дотоод үйл ажиллагааны дүрэм, журмууд болон 53 бүтцийн нэгжийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулах, журам хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн үйлдвэрийн газарт холбогдох 70 орчим хэрэг маргаан, зөрчлийн асуудлаар хууль ёсны эрх ашгийг нь хуулийн хүрээнд хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ажиллалаа. Тухайн хэрэг маргааны 50 орчим хувийг хууль хяналтын байгууллагуудын түвшинд шийдвэрлүүлсэн нь нэлээд өндөр үзүүлэлт гэж үзэж болно. Мөн Эрдэнэт үйлдвэр улсын онц чухал объект болохын хувьд Монгол Улсын Засгийн газар болон УИХ-аас тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд шат дараалалтай ажлуудыг хэрэгжүүлж байна.     -Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж хэрэгжүүлж байна вэ?    -Хуулийн хэлтэс нь үйлдвэрийн газрын аюулгүй байдал, харуул хамгаалалтын асуудлыг Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнтэй хамтран бүрэн хариуцан ажилладаг. Энэ хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийг нэн даруй таслан зогсоох чиглэлээр төлөвлөгөөний дагуу ажлууд зохион байгуулж, гүйцэтгэж байна. Тухайлбал, “Үйлдвэрийн бүсэд болон объектод хүн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэн ажиллаж байна. Журмын хүрээнд үйлдвэрийн газрын ажилтнуудыг цахим үнэмлэхээр хангах болон гэрээний дагуу ажил үйлчилгээ үзүүлж байгаа гаднын байгууллага, хувь хүмүүсийг түр болон зочин үнэмлэхээр нэвтрүүлэх ажлыг шат дараалалтай зохион байгуулан ажилласнаар үйлдвэрийн хэмжээнд хэвшүүллээ. Мөн үйлдвэрийн газартай гэрээ хэлэлцээр байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй болон бусад байдлаар үүссэн өр, авлагын асуудлаар 40 гаруй аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүстэй холбогдон, хуулийн дагуу ажиллагаа явуулж тодорхой үр дүн гарсан бөгөөд тухайн үйл ажиллагааг цаашид сайжруулан ажиллахаар төлөвлөөд байна.     -Энэ онд төлөвлөсөн зорилтот ажлуудынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?    -Бид 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нэлээд өндөр түвшинд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тогтмол хийж гүйцэтгэгддэг ажлуудаа цаашид боловсронгуй болгох байдлаар төлөвлөхөөс гадна гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өмнө явуулж байсан арга ажиллагаагаа өөрчлөх, шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ хууль хяналтын болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай энэ чиглэлээр нягт хамтарч ажиллахаар төлөвлөн, энэ чиглэлийн уулзалт, хэлэлцээр хийх зэрэг зохион байгуулалтын ажлуудаа эхэлсэн. Үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг хангахад манай хэлтсээс хийж хэрэгжүүлж байгаа ажлууд чухал оролцоотой тул энэ оны турш батлагдсан төлөвлөгөөнийхөө дагуу ажлуудаа чанартай гүйцэтгэх болно.      -Цагдаагийн Ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа “Ятгах тусам нягтал” аянд Эрдэнэт үйлдвэр хэрхэн нэгдэж байна вэ?     -Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Монголын банкнуудын холбоо хамтран залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах зорилгоор “Ятгах тусам нягтал” сарын аяныг улсын хэмжээнд эхлүүлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гарсан гэмт хэргийн гаралтад цахим гэмт хэрэг, залилан мэхлэх үйлдэл улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй гарч байгаа тул иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дээрх аяныг өрнүүлсэн гэж ойлгож болно. Орхон аймгийн хэмжээнд 2017 онд 71, 2018 онд 83, 2019 оны байдлаар 114 залилангийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэсэн статистик судалгаа гарсан. Эрдэнэт үйлдвэр ч тус аянд нэгдэж, иргэдийг болгоомжгүй байдлаасаа эрсдэлд орох вий гэдэг үүднээс холбогдох сувгуудаар сэрэмжлүүлэг хүргэж байна. Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулна, фондын байр өгнө гэх зэргээр иргэдийг хохироосон гэмт үйлдлүүд өнгөрсөн онд гарсан. Энэ бүхэнд зохих хариуцлага тооцож, цаашид энэ төрлийн залилангийн гэмт хэрэг гаргахгүй байхад анхааран ажиллах болно. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • С.САРАНЦЭЦЭГ: Уурхайчин бүсгүйчүүд аюул ослоос ангид, сэтгэл түвшин байгаасай...

          Одоогоос хэдэн жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын бүтээлийн үзэсгэлэн “Горняк”-т гарахад Сараагийн уран нарийн шаглаа бүхий өнгө донжны зохицол төгс бүтээлүүдийг анх нүдээр үзэн шагшиж билээ. Тэр үед эхнэр хүний хувьд нөхөртөө ганц даалин урлаад өгчих хүсэлтэй явдгаа хэлэхэд тэрээр “Хэзээ ч хамаагүй хүрээд ирээрэй. Би үнэ хөлс нэхэхгүй ээ, заагаад өгье” гэсэнсэн. Надаас арчаатай, ажилтай эмэгтэй бол хэзээний очоод хэргээ бүтээчихсэн, гарын ур нь гэнэт илрээд бүр хэд хэдэн юмны ард гарчихсан явах байсан биз. Харин бидний дараагийн уулзалт гурван жилийн дараа гэрт нь тохиосон юм. Тэр ширээн дээр урлалын бүтээлээ эгнүүлжээ. Даалин, хавтага, аяга, тамхины уутаас эхлээд эрэгтэй, эмэгтэй малгай, бүс, монгол гутал, оймсны хараа, углаж өмсдөг булган чихэвч хүртэл байна. Арьс шир дээр шагласан зүү ороох оёдол нь тун нарийн, чамин. Зэрвэс харвал монгол уран зураг мэт. Ингээд Монгол Улсын Уран хатгамалч, Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Шүүх хатаах хэсгийн краны машинч Союузанын САРАНЦЭЦЭГ-тэй уулзаж ярилцлаа.        -Монгол Улсын уран хатгамалч цол хэзээ хүртсэн бэ? Эрдэнэтэд ийм цолтой урлаач олон уу?     -2018 онд. Уран хатгамалчдын Улсын III уралдаанд зүү ороох оёдлын төрлөөр тэргүүн байр эзэлж, Монгол Улсын Уран хатгамалч цол хүртсэн. 21 аймаг, Нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 130-аад уран гартан 300 гаруй бүтээлээр өрсөлдсөн юм. Монгол Улсын Уран хатгамалч улсын хэмжээнд 16, Эрдэнэтэд ганц байдаг.     -Гарын ур удам дамждаг гэдэг. Таны хувьд удам бий юу?     -Аав маань уран дархан байсан. Намайг хоёр сартай байхад өөд болсон болохоор би мэдэхгүй л дээ. Ах, эгч нар, хамаатан садангууд маань ярьдаг юм. Анзаараад байхад манай эгч, хоёр ах, тэдний охидууд бүгд гарын дүйтэй. Аавын маань гарын ур, нүдний ур, сэтгэлийн ур бидэнд удамшсан юм болов уу гэж боддог. Мөн ээжийнхээ үйл урлахыг бид харж өссөн.      -Зүү ороох оёдлын анхны багш тань хэн бэ?        -Зүү ороох оёдлын “А” заасан хүн гэвэл Эрдэнэтийн гуравдугаар сургуулийн үйлчлэх хөдөлмөрийн багш Маналжав. Маш сайн багш байсан. Биднээр гөлөм оёулна, эсгий ширдэг ширүүлнэ. Манай ангийнхан төгсөхдөө нанжин гахай гөлөм хоёрыг, булигааран гөлөм нэгийг оёж, ширмэл ширдэг олныг ширж борлуулан  сургуульдаа хамгийн их хөрөнгө оруулсан ангиар шалгарч байлаа.      -Тэр эрчээрээ оёсоор байв уу?       -Үгүй. Сургууль төгсөөд оёхгүй олон жил болсон. 2010 онд манай нөхрийн талын ургийн баярыг Өсөхөө аварга Архангайд зохион байгуулсан юм. Тэнд Г.Өсөхбаяр аваргын, аав, ах, дүү нарынх нь эдэлж хэрэглэж байгаа гоё даалинг хараад нөхөртөө хийж өгмөөр санагдсан. Ирээд л эрэл хайгуул хийж, анхны даалингаа эсгэсэн дээ. Тэр цагаас хойш оёдол хийгээгүй өдөр байхгүй. Тасралтгүй 10 дахь жилдээ хатгаж байна.     -Анх бие дааж даалин урлахад бэрхшээл тулгарсан уу?      -Загвар хийц гаргах, арга эвээ олох амаргүй байсан. Манай Шүүн хатаах хэсгийн дарга Д.Гансүх гэж мундаг удирдагч байлаа. Ажилтнаа хүн ёсоор хүндэлж, ямар ч сэдвээр нээлттэй ярилцдаг сайхан хүн байсан. Тэгээд би даргадаа “Нөхөртөө даалин оёх гэсэн чинь арга эвээ олдоггүй ээ...” гэж хэлэхгүй юу. Тэгсэн надад  даалингаа өгсөн. Ер нь Д.Гансүх дарга монгол ахуйгаа дээдэлдэг, гоё хөөрөг, сайхан эдлэл хэрэглэдэг, морь мал сонирхдог хүн л дээ. Даргын даалинг урд, хойдгүй үзэж тэмтэрч байгаад л яг тэр загвараар анх оёсон. Эхэндээ дандаа даалин оёдог байсан. Яваандаа хөгжих хэрэгтэй гэж бодоод 2013 онд би Улаанбаатар хотод Монгол Улсын Уран хатгамалч З.Цэнгэлсайхан багшийн сургалтад суусан.      -Зүү ороох оёдлоос өөр гар урлалын төрлүүдийг сонирхож эхэлсэн үү?  -Зүү ороохоос өөр нарийн оёдол зөндөө. Тэр болгоныг сурахыг зорьсон. Зоосон ширээний сүлжмэлийг Монгол Улсын Уран хатгамалч Ц.Батбуян багшаар заалгасан. Гүнзгий судлахаар сурмаар юм ундраад л байдаг. Сүүлд Монгол Улсын Уран хатгамалч Мөнхцэцэгээр зээгт наамал заалгасан.       -Хүнээс их тэвчээр шаардсан ажил шиг санагддаг...?     -Нарийн чимхлүүр, цаг хугацаа их зарсан ажил болохоор тэвчээр шаардана. Ер нь хатгамал хийж байгаа хүн хүлээцтэй, юмны арга эвийг олохдоо дүйтэй болж төлөвшдөг. Нэг юм эхлүүлэхдээ ийм болж дуусна гэж нүдэндээ төсөөлөн хараад бүхий л цаг зав, ур ухаанаа шингээж, дурлаж хийдэг.      -Ар гэрийн ажил орхигддог байх. Танай хүн хэр дэмждэг вэ?  -Эхэндээ дургүйцдэг байсан. Би ажилдаа явж ирээд гэртээ хичнээн цаг өнгөрснийг анзаарахгүй юмаа л оёно. Тэгэхээр гэрээ цэвэрлэсэнгүй, хоолоо хийсэнгүй гэдэг ч юм уу. Тэр үед би “Энэ гэрт дуртай юмаа хийж болохгүй юм бол би гэртээ харъя даа” гэж тоглоомоор хэлдэг байсан. Сүүлдээ оёж байгаа юмнууд маань илүү гоё, эдийн засгийн хувьд амьдралд дэмтэй болоод ирэхээр дэмждэг болсон. Бид хоёр Эрдэнэт үйлдвэрт нэг цехэд ажилладаг юм. Шөнийн ээлжээс буучихаад хот руу сургалтанд хамрагдахаар хоёулаа гараад давхичихна. Хүсэл тэмүүллийг минь өдөөдөг хүн болж хувирсан гэх үү дээ. Оёод дуусахаар манай хүн барьж гараад борлуулна. Нэг талдаа миний менежер. Нөгөө талаар өөрт нь зориулж урласан эдийг зүүгээд, эдэлж хэрэглээд явахаар миний реклам. /инээв/ Одоо энд тийм материал байна, тэнд ийм зураг байна гээд бариад ирдэг болсон.        -Зээгт наамлаар бүтээж буй энэ бурхан хаана залрах вэ?      -Эрдэнэт үйлдвэрийн маань хаа нэгтээ заларна даа. Үйлдвэртээ нэг сайхан бүтээл урлаж бэлэглэхсэн гэж бодоод л явдаг байсан юм. Тэгээд уул уурхайн хүнд үйлдвэрт хөдөлмөрөө зориулж байгаа эмэгтэйчүүдээ осол аваараас ангид, сэтгэл санаа нь түвшин амгалан байгаасай гэсэн үүднээс зээгт наамлаар Цагаандарь эх бурхан бүтээхээр шийдсэн. Оёдол заалгахаар намайг сонгож ирсэн чадварлаг олон үйлчин бий. Тэдний дундаас Цахилгаан цехийн инженер Ч.Сарантуяа, Аж ахуй, үйлчилгээний цехийн химийн машинч Ё.Энхмаа, Чанар хяналтын хэлтсийн чанар шалгагч О.Жаргал нартай хамтрах болсон нь учиртай. Нэгдүгээрт, ур сайтай, нямбай, хоёрдугаарт, бурхан бүтээж буй утгаараа хар хор нь арилсан, амьдрал нь тэгширсэн гурван сайхан эмэгтэйг сонгон хамт урлаж байгаа. 1.50х75-ын хэмжээтэй бурхан маань 30-аад деталл хэсгээс бүтэх юм. Одоо 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй яваа. Цагаан сарын өмнө үйлдвэртээ хүлээлгээд өгчих санаатай үзэж байна.      -Үйлдвэрийн гүнд ажилладаг эмэгтэйчүүдэд хүндрэлтэй асуудал бишгүй тохиодог байх. Таны хувьд гэхэд ихэр хүүхэд тээгээд кран дээр ажиллах амаргүй байсан нь мэдээж. Энэ бүхэн бурхан бүтээхэд нөлөөлсөн үү?    -Тийм ээ. Үйлдвэрлэл дээр ажилладаг эмэгтэйтэйчүүдэд халшрах үе байдаг. Миний амьдралд 2016 он хэзээ ч мартагдашгүй баяртай, гунигтай дурсамж үлдээсэн. Хичнээн хүсээд ч ирэхгүй нь дээ гэж горьдлого бараг тасраад байсан хүсэл биелж, үр хэвлийд бүрэлдэхдээ ихрээрээ заяаж баярлуулсан. Тэр үед би банкнаас нилээд хэмжээний зээл аваад “Уран шувуу” оёдлын газраа байгуулаад дориун ажиллаж байсан юм. Гэдэс томрохын хэрээр кран дээр гарахад хэцүү болоход хөнгөн ажилд шилжүүлэн үйлчлэгч болгосноор цалин навс унасан. Өнөөх зээлээ төлж дийлэхгүйд хүрч, бие, сэтгэлийн хямралд орсон. Үйлдвэрт 17 жил ажиллахдаа ганц удаа “дикрит” авсан түүх ийм. Тэр үеийг дурсахад хэцүү байдаг. Тиймээс би хүүхнүүдээ аюул эрсдэлээс хамгаалах, сэтгэл санааг нь амгалан тайван байлгах үүднээс Цагаандарь эх бүтээж үйлдвэртээ бэлэглэхийг хүссэн.       -Гар урлалын төрлүүдээс зээгт наамлын онцлог нь юу вэ?    -Номт гурван оронд хөгжсөн гар урлалын том төрөл. Дээд цэгтээ тултал хөгжсөн нь Монголд. Зээгт наамлан бүтээлд дархчуудын оролцоотой алт, шүр, сувд сэлтийг шигтгэж болно. Дээхэн үед адууны дэл сүүлээр хүртэл хийж байсан түүх бий. Хамгийн гол онцлог нь Монголчуудын нүүдэлчин ахуйд их тохирсон. Хуйлаад аваад явахад зай эзлэхгүй, эвдэрч хэмхрэхгүй. Хэдэн зуун жил чанараа хадгална.       -Зах зээлийн нийгэмд зарим хүмүүс чаддагаа хүнд заах дургүй байдаг. Харин Сараа сонирхсон хүн бүрт өглөгч сэтгэлээр тусалдаг гэх. Энэ юунаас үүдэлтэй вэ?      -2010 онд даалин анх оёх санаатай мунгинаж явахдаа Эрдэнэтэд даалин урладаг хэд хэдэн хүн дээр очсон юм. “Нөхөртөө даалин оёх гэсэн юм туслаач, та зааж өгч чадахгүй бол ядаж оёж байгаа юмаа ганц харуулчих...” гээд явдаг байлаа. Би хүний оёж байгааг харна уу гэхээс ур чадварыг нь булаагаад авчихгүй шүү дээ. Тэгэхэд загинаад гаргаж байсан. Монголын том өв соёлыг өмчилж болохгүй л дээ. Дараа нь ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөрийн багш нартай уулзсан. Тэд хайчилбар, туузан хатгамал, баривч оёхыг голдуу заадаг байсан. Анх ийм бэрхшээлтэй тулсан учраас хүссэн хүн бүрт туслахсан гэж хичээдэг дээ. Би Баяжуулах үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн хорооны дарга байсан, бүтээмжийн мэргэжилтэн Л.Уранцэцэг эгчид их баярлаж явдаг. Хамгийн анх намайг тоож, итгэж “Сая төгрөг эмэгтэйчүүдийн амьдралд...” төслөөр хүүхнүүдэд зүү ороох оёдол заах боломж олгосон нь урам нэмж хөтөлсөн.         -Таны урласан бүтээл даалингаар жишээлэхэд үнэ ханш ямархуу байхав?     -Ур хийц, загвар, материалын чанар, өнгө донж, бэлгэдэл, хэмжээ, хэр хугацаа, хөдөлмөр шаардсанаасаа шалтгаалаад янз бүр. Мөн захиалагчийн эд таних үнэлэмжээс шалгаалах ч бий. Ер нь голдуу Монгол эр хүний гоёл чимэглэл, эдлэл хэрэглэл гэдэг утгаараа үнэтэй, дахин давтагдашгүй.      -Баярлалаа.                  М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Дэвшилд тэмүүлэгч хамт олон

          Эрдэнэт үйлдвэрийн зүрхэн цех Баяжуулах үйлдвэрийн аварга тээрэм, бутлуураас эхлэн бүхий л тоног төхөөрөмжийг угсарч  суурилуулах, засч сэлбэх, “эмчлэн” илааршуулах их ажлыг Засварын хэсэг хийдэг. Эгнээнээсээ “гавьяат” төрүүлсэн энэ хамт олон өнгөрсөн жил ч амжилтын буухиагаа ахиулжээ. Баяжуулах үйлдвэрээс зарлаж, бүтэн жил үргэлжилсэн “Дэвшилд тэмүүлэгч хамт олон” болзолт уралдааны шилдгээр шалгарав. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жилд үйлдвэрийн газарт өрнөсөн далайцтай том ажлуудын ихэнхийг гардан хийсэн гавьяатнууд бол Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийнхэн. Эднийхэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Э.Доржболд, А.Ф Тюряковын нэрэмжит шинэхэн шагналтан Козорез А.В, үйлдвэртээ үр өгөөжтэй ажилласныхаа шангаар хувийн орон сууцны түлхүүр гардсан Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Г.Бат-Эрдэнэ нарын зэрэг шилдгүүд цугларсан “онцгой” хамт олон. Он гарсан ч тэдний ажил ундарсаар. Бид Засварын хэсгийнхний ажлын нэгээхэн хэсгийг сурвалжлахаар  Өөрөө нунтаглах хэсэг дээр ирлээ.  Аварга тээрмүүд эрчилдэн  эргэлдэх энэ хэсэгт жилд 13 сая тонн хүдэр боловсруулдаг аж. Нунтаглалтын хоёрдугаар шатны гуравдугаар тээрмийг солих ажил өнгөрсөн оны 12-р дундуур эхэлжээ. Доржболд гавьяатаар ахлуулсан Угсралтын тусгай бригадынхан тээрмийн титэм арааны боолтын чангалгаа хийж байв. Дүнгэнэх их чимээнд биднийг ойртон очихыг ч анзааралгүй ажиллах тэдний заримтай уулзаж ярилцлаа.     Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн механикч Т.АМАРХҮҮ:        Энэ хэсэгт 23 дахь жилдээ засварчнаас механикч хүртэл ажиллаж байна. Бидний ажил  үндсэн үйлдвэрлэлийг тасралтгүй найдвартай явуулах нөхцөлийг бүрдүүлдгээрээ хариуцлагатай бас онцгой. Одоо манай ӨНХ-ийн 3-р тээрмийг сольж байна. Цагт 300 гаруй тонн хүдэр боловсруулдаг энэ тээрэм хоёр дахь шатных. Хүдрийг ММС-1 тээрэмд нунтаглаад ангижруулагчаар оруулж, шаардлагатайг нь дахин буталдаг юм. Хуучин тээрмийг авсан. Шинэ тээрмийн угсралтын ажил үргэлжилж байна. Бид энэ сарын 28 гэхэд тээрмийн угсралтыг дуусгахаар шамдаж байна. Тусгай бэлтгэгдсэн Угсралтын бригадын найман хүн ажиллаж, демонтаж, угсралтын ажил гүйцэтгэж байна. Мөн ӨНХ-т ажилладаг Засварын хэсгийн хамт олон тээрэм солих ажлыг гүйцэтгэж байгаа. Засварын ажлыг  чанартай, хугацаанаас нь өмнө хийж гүйцэтгэснээр хүдэр боловсруулах төлөвлөгөөг давуулан биелүүлэх нөхцөл бүрдэнэ. Энэ чухал ажилдаа өөрсдийгөө дайчилдаг. Бас бахархдаг.    Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, засварчин Э.ДОРЖБОЛД:       Манайх оны өмнөхөн 7-р тээрмийн угсралтын ажлыг хугацаанаас нь өмнө чанарын өндөр үзүүлэлттэй хийж дуусгалаа. Одоо ӨНХ-ийн гуравдугаар тээрмийг сольж байна. Үүнийг ч мөн  төлөвлөснөөс 14  хоногийн өмнө дуусгахаар шамдан ажиллаж  байна.  Манай Засварын хэсгийн хамт олон гар сэтгэл нийлсэн, ажилсаг хүмүүс. Асар их хөдөлмөрийнхөө шимээр өнөөдөр Дэвшилд тэмүүлэгч хамт олон боллоо. Сайхан байна. Цех хэсгийн удирдлагууд биднийг бүтээмжтэй, аюулгүй ажиллах боломжоор их  сайн хангаж байна. Засварын багаж тоног төхөөрөмж нилээн шинэчлэгдсэн. Жишээ нь өнөөдөр бид боолт чангалах ажлаа АНУ, Герман улсад бүтээгдсэн гидро түлхүүрүүд ашиглаж байна. Ингэснээр бидний ажил их хөнгөвчлөгдөж байна. Өмнө нь ийм байгаагүй. Боолтод түлхүүр хийж, кранаар татаж чангалдаг, 360 боолтыг хоёр өдөр чангалах жишээтэй байлаа. Дэвшилтэт багаж ашигласнаар цаг хугацаа ч хэмнэж, боолтны чанарт сайнаар нөлөөлж байна. Манайхны хөдөлмөрийг төр засаг, Эрдэнэт үйлдвэр, цехийн захиргаанаас үнэлж байгаад бид баяртай явдаг. Засварчид хөлс хүчээ шавхан угсарсан, засварласан тээрэм, бутлуураа хүнгэнэтэл сайхан ажиллахыг харж, өөрсдөөрөө бахархдаг даа.    Засварын хэсгийн дарга Д.НАРАНБААТАР:         Баяжуулах үйлдвэрээс 2019 онд Манлайллыг дээшлүүлэх замаар байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн “Дэвшилд тэмүүлэгч хамт олон” болзолт уралдааныг бүтэн жилийн турш зохион байгуулан шинэ оны босгон дээр дүнгээ гаргасан юм. 13 хэсгийг таван чиглэлээр дүгнэсэн уралдаанд манайх тэргүүн байр эзэлсэн. Тухайлбал, ХАБ-ын чиглэлээр бид амжилттай ажилласан. Тухайн жилдээ осол аваар, осолд дөхсөн тохиолдол гаргаагүй. Мөн Өглөөний ХАБ, Өглөөний дасгал зэрэг аянг дөрвөн улирлын турш зохион байгуулсан. Аюулыг мэдээлэх хуудас ашиглан ослыг  арилгахад идэвхтэй  оролцсон. Үүний үр дүнд Аюулгүй ажиллагчаар анх удаа  гурван  хүн, хоёр дахь удаагаа гурван хүн, гурав дахь удаагаа нэг хүн шалгарсан. Мөн Үлгэр жишээ 5С хэрэгжүүлэгч хамт олон болсон. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтэд манайхан томоохон хувь нэмэр оруулсан. Баяжуулах үйлдвэр  2019 онд 31,5 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэйгээс  32,2 сая тонныг  боловсруулсан. НБХ-т ажилладаг есөн тээрмийг 5900 цагт засах жилийн төлөвлөгөөтэй ч 5275 цагт багтаан засч, 625 цаг хэмнэсэн. ӨНХ-т  батлагдсан 3791 цагийн  засварыг 2900 цагт багтааж хийсэн. Нийт дүнгээрээ бүтэн жилдээ 1454 цагийг засварын ажлаас хэмнэсэн. Тээрмүүдийг хугацаанаас нь өмнө чанарын өндөр түвшинд засварласнаар 700 мянган тонн хүдэр нэмж боловсруулах боломжийг зөвхөн Засварын хэсгийн ажилчдын хүчээр бүрдүүлсэн. Олон нийтийн үйл ажиллагаанд манайхан байнга идэвхтэй оролцдог. Тухайлбал сагсны тэмцээнд хоёр дахь жилдээ, шагайн харваа, хөл бөмбөгт мөн түрүүлсэн. 2020 оны анхных болох цасны баярын тэмцээнд манай хамт олон тэргүүн байр эзэллээ. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр бид олон ажил хийсэн. Нунтаглан баяжуулах хэсгийн 7-р тээрэм  солих, 205-р флот машин шинэчлэх, конвейерын редукторуудыг Герман улсын SEW-EURODRIVE фирмийнхээр, шигшүүрүүдийг Австри улсынхаар солих, БТХ дээр Метсо бутлуур, ӨНХ дээр TELSMITH бутлуур суурилуулах зэрэг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хийгдсэн томоохон ажлуудыг манай  хэсгийн хамт олны хүчээр хийж гүйцэтгэсэн. Суурилуулж угсарсан тоног төхөөрөмж бүхэн  сайн ажиллаж байгаа нь  манайхан  хэр мэргэшсэн, чадварлаг, хөдөлмөрч хамт олон болохыг харуулж байна.    Засварчин Г.БАТ-ЭРДЭНЭ:        Би Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэгт 19 жил ажиллаж байна. Удам дамжсан уурхайчдын нэг. Аавыгаа “40 хувьд” гарахад залгамжлан орсон. Энэ бахархалт үйлдвэртэй хувь заяагаа холбосондоо баяртай явдаг. Би гэр хороололд амьдардаг байсан. Өнгөрсөн оны сүүлчээр үйлдвэрийн захиргаа найман хүнд ажлын үр дүн, үйлдвэрт оруулсан хувь нэмрийг нь үнэлж байр өгсөн. Үүнд манай хамт олон миний нэрийг дэвшүүлсэн. Ингээд Эрдэнэт үйлдвэрээс гурван өрөө сайхан байр өгсөн. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийнхээ төлөө улам сайн ажиллах эрч хүч, урам бэлэглэсэн. Би болоод манай гэр бүл ах дүүс, найз нөхөд маш их баяртай байгаа. Манайхан байрны түлхүүрээ гардаж авсан орой хөндий байшиндаа гудсаа авч очоод хоноцгоосон. Үйлдвэрийнхээ хайр хишиг, хамт олны итгэлээр тохитой  байрандаа жаргалтай амьдарч байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олондоо баярлалаа.      Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Нэвтрүүлэг

   Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн технологич инженер Д.Золбооцэцэг Эрдэнэт үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангахад гар бие оролцож яваа боловсон хүчний нэг яах аргагүй мөн. Тэрээр үйлдвэрийн бүтээмж, инновацийн ажилд идэвхтэй оролцож, Сайн саналын системд хоёрд дахь удаагаа шилдгүүдийн эгнээнд жагсжээ. Монголын бахархал болсон Эрдэнэт үйлдвэртэйгээ хувь заяагаар холбогдсон Д.Золбооцэцэгтэй ярилцаж, хийхээр төлөвлөсөн ажлынх нь нэгээхэн хэсгээс хуваалцлаа.

   - Цэвэрлэх байгууламжийн хэсэг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ? Таны хувьд үйлдвэрт ажиллаад удаж байна уу?
   - Манай хэсгийн 71 ажилчин 12 бүтээмжийн дугуйланд хуваагдаж, цех болон хэсгийн хэмжээнд зохиогдож байгаа уралдаан тэмцээнд амжилттай оролцдог. Инженер, техникийн ажилчид маань нийт ажиллагчдынхаа сайн саналын системд оролцох идэвхийг өдөөж, идэвхжүүлэх, зөвлөх, чиглүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Би 2004 онд ШУТИС-ийг төгсөж ирснээс хойш 15 дахь жилдээ Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Ус хангамж, ус цэвэрлэгээний инженер мэргэжилтэй. Өнгөрсөн хугацаанд Цэвэрлэх байгууламжийн хэсэгтээ оператор, насосны машинч, мастераас технологич хүртэл дэвшин ажиллалаа.
  
   - Ажлаасаа авдаг урам зориг гэвэл юуг нэрлэх вэ?
  
- Монголын бахархал болсон уул уурхайн томоохон аж ахуйн нэгж Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа минь хамгийн том бахархал юм уу даа. Цэвэрлэх байгууламжид ажиллаж байгаа бидний хувьд экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ч хүний бохирдуулсан усыг стандартын түвшинд цэвэршүүлж, байгаль орчинд нийлүүлж байгаагаа бахархалтай сайхан ажил хийж байна гэж боддог. Нэг ч удаа ажил мэргэжлээсээ цааргалж, хойш сууж байгаагүй. Олон шат дамжлага, нарийн процесс явагддаг тул тэр бүрийд өөрийн ур чадвар, мэргэжлийн давуу талаа гарган ажиллаж байна. Энэ бүхэн мэргэжлийн бидэнд ажлаараа бахархах маш том боломж.
 
   - Бүтээмжийн чиглэлээр хэдэн санал гаргаж, үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна?
   - Он гарсаар зургаан шинэ санал гаргасан. Бүгд үйлдвэрлэлд нэвтэрч, хэрэгжилт 100 хувьтай дүгнэгдсэн. Цаашдаа гаргах шинэ саналууд бий. Хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Сайн саналын системд нэвтрүүлж байгаа бидний ажлууд эдийн засгийн үр ашгаа мэдэгдэхүйц байдлаар өнөөдөр өгөхгүй ч гэлээ ажилчдад өгч байгаа урамшууллын хэлбэр, урам зориг, идэвхжүүлэлт нь маш өндөр гэж хардаг. Бүтээмжийн чиглэлээр хувь хүн санал гаргаж хэрэгжүүлэх ажил нэг үеэ бодоход жигдэрч, ойлголт сайтай болсон. Одоо бүтээмж чанарын дугуйлангаараа хамтарч ажиллах тал дээр чиглэл өгч, ахлагч нарыг сургалтад хамруулан, туршлага судлуулах ажлыг маш сайн зохион байгуулах хэрэгтэй юм шиг санагдаж байна.

   - Ойрын үед хэрэгжүүлэх шинэ саналынхаа тухай мэдээлэл өгөхгүй юу?
   - Бид энэ онд Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухааны хүрээлэнтэй хамтран, цэвэрлэх байгууламжаас гарч байгаа түүхий тунадас буюу лагийг үнэргүйжүүлэх ажлыг хийж байна. Энэ маань инновацийн түвшний том ажил болох юм. Лагийг усгүйжүүлэх ажлынхаа бэлтгэлийг хангаж эхэлсэн. Үр дүн нь оны сүүлээр гарна. Эргэн тойронд үнэртээд байгаа хаягдал лагаас усыг нь шүүх замаар үнэргүйжүүлэх энэ ажлынхаа туршилт судалгааг хэд хэдэн газартай хамтран хэрэгжүүлнэ.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймаг дахь салбарын хамтын ажиллагааны хүрээнд тус үйлдвэрийн удирдлага,  орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчидтэй “Зангиагүй” уулзалт зохион байгуулдаг.  Улс болон орон нутгийн төсөвт жинтэй хувь нэмэр оруулж, Орхон аймгийн хөгжил дэвшилд том орон зай эзэлж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагаа, амжилт бүтээл, цаашдын зорилтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд хүргэж, тэдний санал бодлыг сонсох, сонирхсон асуултад илэн далангүй хариулт өгөх зорилготой Ерөнхий захирлын “Зангиагүй” уулзалт өнөөдөр боллоо.
   Уулзалтын эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэрийн тухай үнэн бодитой мэдээ мэдээллийг түгээж, хамтын ажиллагааны талбарт гар ганзага нийлж яваа сэтгүүлчдэдээ талархаж буйгаа илэрхийлээд, үйлдвэрийнхээ өнөөгийн байдал, цаашдын зорилт, чиглэлийн талаар мэдээлэл хийв. Монгол Улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл”, түүнд туссан бодлого хөтөлбөрүүдийг танилцуулж, урт хугацааны энэ зорилтоо хэрэгжүүлэхдээ тав таван жилээр төлөвлөж ажиллахаа Ерөнхий захирал тодотголоо.
   Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын цаашдын үйл ажиллагааны бодлого  “Таван хуруун”-ы зарчмаар хэрэгжинэ. Уурхайн насжилт уртсаж, нөөц баялаг өсөх нь Эрдэнэт үйлдвэр урт удаан хугацаанд оршин тогтнох үндсийн үндэс болж, өөрөөр хэлбэл гарын таван хурууны тулгуур асуудал болно. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгагдсан эхний зорилт Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл юм.  Уг төслийг шат дараатай хэрэгжүүлэх зорилгоор геологи хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг 2016 онтой харьцуулахад 2017 онд хоёр дахин, 2018 онд 3.2 дахин нэмэгдүүлж, 67 мянган тууш метр өрөмдлөгийн ажил хийсний үр дүнд “Эрдэнэтийн-Овоо” ордын ашиглалтын хугацааг 20 орчим жилээр уртасгаж, Эрдэнэт үйлдвэр 60 жил ажиллах боломж бүрдэж байна. Урт хугацааны хөгжлийн бодлогын дараагийн хөтөлбөрүүд нь олборлох үйл явцыг боловсронгуй болгох, өөрөөр хэлбэл техник технологийн шинэчлэлийн төслүүд тусгагджээ. Тухайлбал,  Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл, Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл, Засвар механикийн заводыг өргөтгөн шинэчлэх төсөл, Уусган баяжуулах технологиор катодын зэс үйлдвэрлэх төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслүүд хэрэгжиж,  бодит ажил болсноор 1000 гаруй ажлын байр шинээр бий болох боломжтой юм. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны хамгийн сүүлийн үеийн мэдээлэл хүргэсний  дараа Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа 2019 оны эхний хагас жилийн эдийн засаг, үйлдвэрлэлийн үзүүлэлт, үр ашгийн талаар мэдээлэл хийв.
   Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон 2019 оны эхний хагас жилийн байдлаар  хүдэр олборлолт болон боловсруулалтын төлөвлөгөөг 102.8 хувиар биелүүлж, нийт 16.2 сая тонн хүдэр боловсруулжээ. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 452.1 мян. тонноор илүү хүдэр боловсруулсан үзүүлэлт юм. 2019 оны эхний 6 сарын байдлаар зэс, молибдены баяжмал үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 102-105 хувиар биелүүлж, 291.94 мян. тонн зэсийн баяжмал, 2.5 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлээд байна.
   Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг дагаад эдийн засгийн үзүүлэлтүүд ч сайн байна. Эхний хагас жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, төлөвлөгөөг 106.2 хувиар биелүүллээ. Үйлдвэрлэл, эдийн засгийн гол үзүүлэлт болох үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 1 төгрөгт ногдох зардлыг 3 хувиар бууруулж ажиллалаа. Үүний үр дүнд 2019 оны эхний хагас жилд Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 530 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
   “Зангиагүй” уулзалтын үеэр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Мөнгөнтуяа орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаа дэмжих, сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын зүгээс үзүүлж буй тусламж, дэмжлэг, хамтын ажиллагааны үр өгөөжийн талаар мэдээлж, мэргэжлийн сэтгүүл зүйг орон нутагт хөгжүүлэх, сэтгүүлчдэд  урам зориг өгөхөд гарч буй ахиц дэвшилд талархаж байгаагаа дурдлаа. Мөн МСНЭ-ийн салбар,  Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд орон сууцны асуудлаа шийдүүлсэн болон гадаад болон дотоодын аялалд хамрагдсан сэтгүүлчдийн төлөөлөл баярласнаа илэрхийллээ.
   Сэтгүүлчид мэдээллийн дараа сонирхсон асуултдаа хариулт авлаа. Эрдэнэт үйлдвэр “Ногоон хөгжлийн төв”-өө түшиглэн аялал жуулчлалын нэг өдрийн хөтөлбөртэй болох боломж, хотын төв хэсэгт байрладаг хөл бөмбөгийн талбайн тохижилтод хөрөнгө оруулах, сэтгүүлчдийн төлөөллийг гадаадын зарим томилолтын багийн бүрэлдэхүүнд оруулах зэрэг саналыг энэ үеэр Ерөнхий захиралд уламжлав. Судалж, бүхий л боломжит хэлбэрээр цаашид хамтран ажиллахаа Ерөнхий захирал илэрхийлж, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрээ хөгжүүлэхэд мэдээллийн үнэн зөв, бодитой байдал, сэтгүүлзүйн соён гэгээрүүлэх үүрэг, оролцоо юу юунаас илүү чухал болохыг онцлон, энэ үйлстээ өндөр амжилт гарган сайн ажиллахыг сэтгүүлчдэд хүсэн ерөөлөө.

М.Балжинням
Фото Б.Баттөгс 

Баасан, 28 6-р сар 2019 00:00

Цувих шугамын шинэчлэл эхэллээ

   Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цехийн үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх ажлын хүрээнд үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулж эхэллээ. Шинэчлэлийн хүрээнд дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд 1.4 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтыг нөхөх тооцоо гарчээ. Ажлын хэсгийнхэн БНХАУ-д ажиллаж, судалгаа хийсний дүнд энэ төрлийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудыг сонгон, хамтран ажиллахаар болсон байна. Ийнхүү, ган бөөрөнцгийн үйлдвэрлэлд шинэчлэл хийснээр хүчин чадал нэмэгдэхээс гадна ажлын байрны орчин нөхцөл эрс сайжирч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурах юм. Тус цехийн хамт олон нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзаж, индукцийн технологи сонгосноор бүтээгдэхүүний өөрийн өртгийн зөрүүнээс жилдээ тонн тутамд 950-иад сая төгрөг хэмнэх боломж бүрдэнэ. Удахгүй шинэ шугамын суурийн ажил эхлэх бөгөөд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, суурилуулалт, жигдрүүлэлтийн ажлыг энэ оны 12 дугаар сар хүртэл хийхээр төлөвлөжээ. Эрдэнэт үйлдвэр 2020 оноос өмнө шинэ шугамаар ган бөөрөнцөг үйлдвэрлэхээр зорьж байна.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтэс ямар чиг үүрэгтэй ажиллаж байгааг тодруулахаар хэлтсийн дарга Д.Өнөбаттай ярилцлаа.

   - Нийгмийн харилцааны хэлтсийг шинээр бий болгосон нь ямар давуу талтай вэ?
  
- Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэн, үйл ажиллагааны цар хүрээгээр хот дагуулсан аж ахуйн нэгжийн хэмжээнд өргөжин тэлсэн. Хариуцлагын асуудал нь цоо шинэ зүйл биш юм. Энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр Нийгмийн харилцааны хэлтсийн үйл ажиллагааны журам батлагдсан.  Цаг үеийн хэрэгцээ шаардлагаас хамааран нийгмийн харилцаа, хариуцлагыг хэлтсийн зохион байгуулалтад оруулах нь оновчтой гэж удирдлагуудын зүгээс харсан болов уу.
   Манай хэлтсийн тухайд үйлдвэрийн газрын дотоод, гадаад нийгмийн харилцааг оновчтой зохион байгуулахад чиглэсэн судалгаа, шинжилгээг тогтмол хийж, урт, дунд, богино хугацааны эрэлтийг тодорхойлон, урьдчилан тооцоолол гаргах, нийгмийн дэмжлэг, тусламжийн бүхий л сангийн зардлыг үр өгөөжтэй зарцуулагдаж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй. Чиг үүргийнхээ дагуу нийгмийн 10 цехтэй хамтран ажиллана.

   - Таны хувьд ажлаа юунаас эхлэв? 
   - Энэ цаг үед миний хийх ёстой ажил гэж хүлээн авсан. Баялаг бүтээгчдийнхээ ажил, амьдралыг зэрэгцэж явах ёстой гэж би боддог. Өөрөөр хэлбэл, гэр бүлд нь очих дэмжлэг, тусламж цаг хугацаандаа хүрдэг, амар амгалан амьдрах нөхцөл боломжоор хангагддаг байх ёстой. Ингэж чадвал тухайн хүний хөдөлмөрийн бүтээмж дээшлэх нь гарцаагүй. Ажлаа хүлээн аваад гар нийлэн ажиллах хамт олноо найман хүнээр бүрдүүллээ.

   - Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх томоохон төслүүдээс танилцуулна уу?
   - Хэрэгжүүлж байгаа томоохон ажлаар орон сууцны төсөл хөтөлбөрүүдээ нэрлэх нь зөв байх. Үйлдвэрийн ахмадууд хоёр, гурав дахь үеийнхэнд халаагаа өгчихлөө. Анхдагчдаа орон сууцаар хангаж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэж байсан үе ард хоцорч, залуу үеэ анхаарах цаг болжээ. Энэ асуудлыг шийдвэрлэхээр орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилгыг үйлдвэрийн удирдлагууд дэвшүүлсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэмжлэгтэйгээр 1300 айлын орон сууцны хөтөлбөрийг энэ хавар эхлүүллээ. Энэ бол бидний хүлээлтээс илүү том ажил.
   Уурхайчдын хороолол барих төсөл, хөтөлбөрийн хүрээнд 300 айл бүхий “Уурхайчин 1”, 600 айл бүхий “Уурхайчин 2”, 400 айл бүхий “Уурхайчин 3” гэсэн орон сууцны цогцолбор барих бүтээн байгуулалт хийгдэнэ. Эрдэнэт үйлдвэрийн нийт ажиллагсдын 65.5 хувь буюу 3947 ажилтан орон сууцны нөхцөлөө сайжруулах, шинээр орон сууц авах хүсэлт, өргөдөл гаргасан байдаг. Гэтэл үйлдвэрээс орон сууц хувьчилж авсан ажиллагсдын 90 хувь нь тэтгэвэртээ гарсан. Энэ асуудлыг шийдвэрлэхэд орон сууцаар хангах бодлого хамгийн чухал байгаа юм. Бидний төлөвлөснөөр 2021 онд “Уурхайчин 1” хорооллыг ашиглалтад хүлээн авч, 2022 онд бүрэн дуусгана.   

   - Нийгмийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа бусад ажлын тухайд?
   - Нийгмийн цехийн ажилчид бусдын аятай таатай нөхцөлийг бүрдүүлж, тэдэнд эерэг сэтгэгдэл төрүүлэхийг чухалчилж ирсэн. Энэ утгаараа үйлчилгээний менежментийг стандартчилж, зөв нэвтрүүлэх хэрэгтэй гэж харж байна. Ажилчдын эрүүл мэндийн асуудлыг онцгой анхаардгийн хувьд “Эрдэнэт” сувиллын цогцолбор маань маш сайн бэхэжсэн байх ёстой. Мөн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын үйл ажиллагааг идэвхжүүлж, үйлдвэрийн ажилчин амрах нөхцөл боломжийг бүрдүүлнэ. Энэ жилээс эхэлж байгаа нэг томоохон ажил нь “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын бүс нутагт баригдах 210 хүний ор бүхий өвөл, зуны байр юм. Амралт, сувилал хэлбэрээр үйл ажиллагаа явуулах энэ байгууламж Сэлэнгэ мөрний хөвөөнд баригдана. Төсөл гүйцэтгэгчийн тендерийг Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсээс зарласан байгаа. 

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 

 

 

   2018 оны сайн саналын системд 23 санал гаргаж, 19-ийг нь амжилттай  хэрэгжүүлсэн Т.Гантуяа “100 манлайлагч”-ийн дөрөвт эрэмбэлэгджээ. Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн “Шинжээч” бүтээмж чанарын дугуйлангийн ахлагч тэрээр ажил мэргэжилдээ өсөж яваа чадварлаг бүсгүй. Түүнтэй цөөн хором ярилцаж, сэтгэгдлийг нь хуваалцлаа.

  - Сайн саналын системийн эхний тавд эмэгтэй хүн багтсан нь үлгэр жишээ санагдлаа. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
  - 2017 оны долоодугаар сард www.erdenetmc.mn цахим сайт дээр тавигдсан зарын дагуу би мэргэжлийнхээ шалгалтыг өгч, сонгон шалгаруулалтаар энэ том үйлдвэрийн босгоор алхах аз завшаан тохиосон юм. Шинэ ажилтан байсан тул сайн саналын системийн талаар ямар ч ойлголтгүй байлаа. Удалгүй манай цех бүтээмж инновацийн мэргэжилтэнтэй болсноор заавар зөвлөгөө авч, 2018 оноос саналаа бүртгүүлж, идэвхтэй ажилласан. Лаборатори маань 2018 онд магадлан итгэмжлэлд орох байсан тул олон ажил хийж хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Энэ нь ч саналын системд дээгүүр бичигдэхэд нөлөөлсөн байх. Бид оны ажлаа дүгнэхэд лаборатори маань цехийн “Жишиг ажлын байр”, лабораторийн эрхлэгч “Шилдэг тэргүүний инженер”, миний хувьд “Хамгийн олон асуудал илрүүлэгч ажилтан”-аар шалгарсан. Лабораторийнхоо дөрвөн ажилтныг үйлдвэрийнхээ “100 манлайлагч”-д тодорсонд баяртай байна. 
 
   - Бүтээмжтэй ажиллах нь урам зориг, эрч хүч өгдөг талаар залуус ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?
  - Бид үйлдвэрлэлийн гол процесс дээр өндөр инновацитай ажил хийж чадахгүй ч гэлээ өөрсдийн хийж байгаа шинжилгээний чанараа дээшлүүлж, ажиллах орчноо тохижуулсаар байна. Манай лабораториор зочилсон хэнд ч эмх цэгц, аятай таатай ажлын байр шууд нүдэнд тусна. Бид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дөрөвдүгээр шатны үзлэгээр сайн үнэлэгдсэн. Ажлын байранд тулгамдсан аливаа асуудлаа шийдвэрлэж, түүнийгээ үнэлүүлж, урам зориг авах сайхан байна.

  - Багаар ажиллах нь хэр үр дүнтэй вэ?
  - Дөрвүүлээ хамтарч ажиллаад, нэгнийхээ гаргасан санааг хэрэгжүүлэх гэж хичээгээд явах үед л хамт олон бүрэлддэг бололтой. Нэгнийхээ зовлон, жаргалыг илүүтэй ойлгодог юм байна. Түүнчлэн, хийсэн ажлаа цех, хэсгийн удирдлагууддаа үнэлүүлж, түүнээсээ урамшаад ирэхээр удирдлагатайгаа харьцах харилцаа ч эелдэг, дотно болдог юм байна. Ус хангамжийн цех дөрвөн хэсгийн 21 бүтээмж чанарын дугуйлантай. Тэдгээрийн найм нь манай цэвэрлэх байгууламжийн хэсэгт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс засвар, цахилгааны дугуйлангууд хэдийнээ багаар ажиллаад сурчихсан.
   Харин манай лаборатори Судалгааны төвийн харьяаллаас 2017 онд шилжин ирсэн тул тавуулаа нийлж, “Шинжээч” нэртэй чанарын дугуйланг байгуулсан юм. Бид томоохон ажлаа багаар гүйцэтгэж, бие даан хэрэгжүүлэх боломжтой саналуудаа өөрийн нэр дээр бүртгэдэг. Аюулгүй ажиллагаа болон цахилгаан тоног төхөөрөмжтэй холбоотой саналуудаа засварын бригадын “Бод, сэтгэ, бүтээ”, цахилгааны “Эрчим” зэрэг бүтээмж чанарын дугуйлантай хамтран хэрэгжүүлэх маягаар ажилладаг. Нэг хэсэг дээр байгаа чанарын дугуйлангууд нөгөөгийнхөө үйл ажиллагааг дэмжихгүй л бол бүтээмжийн ажил урагшлахад хэцүү. Бүтээмжийн мэргэжилтэн маань энэ талын ойлголтыг бидэнд маш сайн өгсөн учраас хэн ч ажлаас хойш суудаггүй. Энэ дашрамд хамт олондоо үнэн сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.
  
  - Энэ онд ямар зорилго, зорилт тавив?
  - Дугуйлангаараа хамтран, нэгнийхээ гаргасан санааг илүү сайн дэмжих, түүнийгээ хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна. Мөн лабораторио үйлдвэрийн хэмжээнд жишиг ажлын байр болгох зорилт тавьсан. Энэ ажлынхаа хүрээнд үйлдвэрийн цех, нэгжүүдийн дунд зарласан хөтөлбөрт эхний шалгаруулалтаар тэнцлээ. Сайжруулалтын 14 ажлынхаа 50 хувийг гүйцэтгэсэн тул оны сүүлчээр болзлоо хангаж, жишиг болно гэдэгтээ итгэлтэй байна.
 
  - Усны лабораторийн үйл ажиллагааны онцлог юу вэ?
  - Манай лаборатори цэвэрлэх байгууламжид орж ирсэн бохир усанд шинжилгээ хийж, байгаль орчинд нийлүүлэгдэж байгаа цэвэршүүлсэн бохир усыг стандартын шаардлага хангасан эсэхэд хяналт тавьж ажилладаг. Ингэхдээ Монгол Улсын MNS 4943:2015 үзүүлэлтийг хангах нь чухал байдаг юм. Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус нь хими, бактерилогийн үзүүлэлтээрээ халдварт өвчин үүсгэхгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой. Энэ хүрээнд лабораторийнхоо ажлыг илүү чамбайруулахаар хичээж байна. Лаборатори маань саяхан хоёр дахь удаагийн итгэмжлэлээ авсан. Энэ нь манай шинжилгээний чанар, үр дүнг Монгол Улсын нутаг дэвсгэрт хаана ч хүчин төгөлдөр гэж хүлээн авах боломжтой болж байгаа юм. Манай цэвэрлэх байгууламжийн технологийн процессыг гайхах хүн олон. Энэ бүх ажлынхаа үр дүнг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг. /инээв/

  - Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2018-2019 оны хичээлийн жилд магистр, бакалаврын зэрэгтэй төгсөгч оюутнуудад диплом гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн урилгаар оролцож, Эрдмийн зөвлөлийн багш, инженерүүд төгсөгчдөд баяр хүргэж, батламж гардуулсан юм.
   Уул уурхайн мэргэжилтэй боловсон хүчнийг 44 дэх жилдээ бэлтгэж байгаа тус сургуулийг энэ хичээлийн жилд магистр 20, бакалавр зэрэгтэй 44 оюутан төгсөж байна. Технологийн сургууль 2014 оноос “Онц” дүнтэй суралцсан оюутнуудаа “Онцлох диплом”-той төгсгөж, тэдэнд Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардуулдаг болсон. Батламжийн эздээр 3.2-оос дээш голч дүнтэй суралцсан Э.Цолмон, Э.Батхаан, Н.Алтангэрэл, Н.Баярмаа, М.Чулуундаваа, Б.Амарбуянт нарын зургаан оюутан шалгарлаа. Суралцагч Б.Амарбуянтын хувьд 3.6-аас дээш голч дүнтэй суралцаж, ШУТИС-ийн “Онцлох дипломтой төгсөгч”-өөр шалгарчээ.
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн оюутнуудад хандан хэлсэн үгэндээ, “Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн Эрдмийн баяр энэ жил ихээхэн онцлогтой болж байна. Монгол Улсын төр засаг үйлдвэрийн үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулж, сүүлийн 20 гаруй жилд байгаагүй шийдвэр гаргалаа. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас зургаадугаар сарын 5-ны өдөр баталсан, “Эрдэнэт үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 224 дүгээр тогтоол юм. Энэхүү тогтоол нь үйлдвэрийн алс ирээдүйг тодорхойлж, үйл ажиллагаагаа явуулах цар хүрээг тэлэх учиртай. Том төслүүдээ цаг алдалгүй эхлүүлэх эрхзүйн боломж нөхцөл бүрдсэнээр 1000 орчим ажлын байр бий болно” хэмээн онцоллоо. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд, хэтийн төлөв тодорхой байгаа энэ цаг үед үйлдвэрт ажиллах батламжаа гардан авсан залуучууддаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүслээ.
   Бакалаврын түвшинд уул уурхайн долоон төрлөөр мэргэжилтэн бэлтгэдэг Технологийн сургууль “1+3”, “2+2” хөтөлбөрүүдийн хүрээнд ОХУ-ын Уралын их сургууль, АНУ-ын Аляскын Фейрбанксийн их сургууль, Тайвань улсын Кун Шаны их сургуультай хамтран ажиллаж байна.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар Монголын уул уурхайн салбарын чадавхи дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, шилдэг арга туршлагаасаа хуваалцах зэрэг чиглэлээр хоёр талын мэргэжилтнүүд хамтран ажиллана.
   Cанамж бичгийн хүрээнд талууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны бодлого, дүрэм журмыг чанд мөрдөн уул уурхайн үр ашгийг дээшлүүлэх, өндөр хүчин чадалтай техник, технологи нэвтрүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн технологи, инноваци, менежмент, арга туршлагаасаа харилцан солилцох юм. Уг санамж бичгийг гурван жилийн хугацаанд мөрдөн ажиллах бөгөөд уурхайн үйл ажиллагаа, баяжуулах үйлдвэрийн төслийн хүрээнд бүтээн байгуулалт, дэд бүтэц, усан хангамжийн шийдэл, нөхөн сэргээлт, байгаль орчны удирдлагын тогтолцоо, орчны хяналт шинжилгээ, олон нийтийн оролцоот мониторинг, аюултай хог хаягдлын менежмент, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ажлын байр гэх мэт 18 чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ: “Манай хоёр үйлдвэр, үйлдвэрлэлийн техник технологи, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хамтарч ажиллана. Стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглаж буй энэ хоёр үйлдвэрийн үйл ажиллагаа улс орон, бүс нутагт ил тод, үр өгөөжтэй байх талыг хамтын ажиллагааныхаа чиг шугам болгож байна. “Эрдэнэт” хүдэр олборлон баяжуулж, боловсруулдаг үйлдвэр. 40 гаруй жил амжилттай, дурсамж дүүрэн ажиллаж байна. Эрдэнэс таван толгойн хувьд нүүрсний нөөц баялаг, чанараараа дэлхийд гайхагддаг орд. Эрдэнэт үйлдвэр хангайн бүсэд, Эрдэнэс таван толгойн орд говийн бүст оршдог. Тэгэхээр Монгол Улсын стратегийн ач холбогдолтой ордуудыг улс орон, бүс нутгийн хөгжил дэвшил, ард түмний тусын тулд хангай, говийн бүсэд хөгжүүлж буй нь онцлог. Бид стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглахдаа хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх учиртай. Нийгмийн хариуцлагыг өндөрт авч явах ёстой гээд олон зүйлийг тэмдэглэж болно. Нийт ард иргэд, уурхайчдынхаа төлөө ашиг тустай, үйлс зорилготой ажиллана гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцлов.
   “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлэхдээ,”Манай компанийн хөгжлийн түүчээ нь Эрдэнэт үйлдвэр. Бид үйл ажиллагаагаа эхлээд есөн жил болж байна. Гэвч манай үйлдвэрийн төсөл эхлэх шатандаа явна. 2018 онд Монгол Улсын Их Хурлын 73-р тогтоолоор дагалдах төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж эргэлтэд оруулах үүргийг бидэнд өгсөн. Үүний дагуу бид нүүрс баяжуулах хөтөлбөр, усан хангамж, хими технологи, төмөр болон авто замынхаа төслийг амжилттай эхлүүлсэн. ТЭЗҮ боловсруулах, барилгын ажил ид явагдаж байна. Манай компани 2018 онд 807.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Манай компани хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлагаас суралцана” гэв. Уг ёслолын арга хэмжээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн удирдлагууд оролцлоо.


                                                                                                                              Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

                                                                                                                                                         

   Засвар механикийн заводын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт оны эхний хагас жилийн байдлаар 100-аас дээш хувьтай байна. Тус заводынхан оны эхний 10 сарын хугацаанд 5050 орчим тонн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч дахин 200 тонныг нэмж үйлдвэрлэхээр болжээ. Эдгээр төлөвлөгөөт ажлыг ирэх 11 сард багтаан гүйцэтгэх зорилготой ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрт шаардлагатай сэлбэг хэрэгслийг аль болох гаднаас худалдан авахгүй байх бодлого барьж байгаа тул ийнхүү нэмэлт ажил төлөвлөгдсөн аж.  
   Цутгуурын цехэд өргөтгөлийн шинэ тоног төхөөрөмж суурилуулж, угсрах ажил эхлэхээс өмнө бүтцийн нэгжүүдийн сэлбэг хэрэгслийн нөөц бэлтгэж байна. Мөн Механикийн цехэд металл хийцийн ажлууд 60-70 хувиар нэмэгджээ. Тиймээс ачаалал их байгаатай уялдуулан  ээлжээр ажиллах  хуваарь гаргасан байна.
   Засвар механикийн завод импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг шинэ бүтээгдэхүүнээр арвижуулах, тоо хэмжээг нь нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Ингэснээр үргүй зардал бууруулах, худалдан авалтын хэмнэлт гаргах зэрэг ач холбогдолтой юм. Түүнчлэн энэ онд Цутгуурын цехэд өргөтгөл хийж байгаагаас шалтгаалан  гаднын байгууллагуудын захиалгыг түр хугацаагаар зогсоосон бөгөөд шинэ өргөтгөл хүлээн авсны дараа захиалгын сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэж эхлэх аж.

М.Балжинням

   Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд 56 бүтээмж чанарын дугуйлан ажиллаж байна.  Дугуйлангийн үйл ажиллагаанд оролцох  гишүүдийн идэвх оролцоо 80 хувьд хүрсэн нь  үйлдвэрлэлийн ажиллагаанд эергээр нөлөөлж, тухайн ажлын ажилбар дээр  бий болж буй үйл явцын алдагдлыг бодитой тооцох, эмх цэгц,  дэс дарааллын сайжруулалтыг  дээшлүүлэх зэрэг олон давуу тал авчирчээ. Мөн ажилтнуудын багаар ажиллах ур чадвар нэмэгдэж, шийдвэр гаргах бүтээлч сэтгэлгээ, зөв хандлага бий болсон гэж тус цехийн Бүтээмжийн менежер Л.Уранцэцэг ярилаа.
   Оны эхний байдлаар Баяжуулах үйлдвэрт 121 сайжруулалтын ажил хийгджээ. Эдгээрийн 30 орчим хувь нь ажил хөнгөвчлөх, арга барил сайжруулах, 27 хувь нь ажлын байрны орчин нөхцөл, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн бол тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр 23, ажил үйлчилгээний бүтээмж чанарыг дээшлүүлэх чиглэлээр 20 төсөл тус тус хэрэгжжээ. Төсөлт ажлууд дотор хүний хөгжил, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр гурван төсөл багтсан байна.
   Түүнчлэн ажлын байрны эрсдэлийг бууруулах буюу тухайн ажилбар гүйцэтгэх үеийн эрсдэлийг бууруулах чиглэлээр арав гаруй төсөл хэрэгжсэн нь үр дүнтэй болжээ. Нунтаглан баяжуулах хэсгийн “Төслийн баг” дугуйлангийн гишүүд технологийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн нэмэгдүүлэх, үргүй зардал бууруулах зэрэг үр өгөөж сайтай төслүүд хэрэгжүүлсэн байна.   
   Нийгмийн чиглэлийн төслийн хүрээнд “Ажиллагсдын бүтээлч хандлага, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт жижиг сайжруулалтын ажил хийгджээ. Монгол ардын уламжлалт оньсон тоглоом хийх, эвлүүлж сурах зорилготой дээрх төсөл нь цахилгаанчин зэрэг нарийн мэргэжлийн ажилтнуудын бүтээлч сэтгэлгээ, эв дүйг  хөгжүүлэхэд тус дэм боллоо. Энэ төсөлд шинэ, залуу ажилтнуудаа түлхүү хамруулсан нь тэдэнд мэргэжлийн чиг баримжааг нь дээшлүүлэх үр дүнтэй алхам болсон гэж Бүтээмж, чанарын дугуйлангийнхан онцолж байна.  
   Он гарсаар ажиллагсдын сайн саналын оролцоо 10 гаруй хувиар өсөж, идэвх оролцоогоо дугуйлангаар дамжуулан дээшлүүлж байгаа аж. Энэ хугацаанд цехийн хэмжээнд  500 гаруй сайн санал бүртгэгджээ. “Super 5S” хөтөлбөрийн хүрээнд хэсэг бүрд байгуулагдсан багууд ажлын байрны түвшин тогтоох үзлэг хийж эхэлсэн байна. Энэхүү ажлын байрны нарийвчилсан үзлэг нь хөдөлмөрлөх таатай нөхцөл бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой ажил болох юм байна.

М.Балжинням

 

   Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор зогсолтгүй ажилладаг техник, тоног төхөөрөмжүүдээ жилд нэг удаа зогсоож, иж бүрэн засвар үйлчилгээ хийдэг. “Их зогсолт” хэмээн нэрлэдэг уг засвар үйлчилгээний ажлыг энэ жил зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын нэгний хооронд  48 цагийн хугацаанд хийхээр төлөвлөн, бэлтгэл хангаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын “Технологийн тоног төхөөрөмжийн их зогсолт хийж, засварын ажил зохион байгуулах тухай” А/65 тоот тушаал 2019 оны нэгдүгээр сард батлагдан, холбогдох цех нэгжүүд оны эхнээс хэрэгжүүлжээ. 
   Үйлдвэрлэлийн “зүрх” гэгддэг Баяжуулах үйлдвэр “Их зогсолт”-д бэлэн болсон байна. Цехийн хэмжээнд “Их зогсолт”-д бэлтгэх 88 ажил төлөвлөжээ. Үүнээс, Бутлан тээвэрлэх хэсгийн 11 дүгээр конвейрын  хөтлөх зангилааг солих ажил намар хийгдэхээр хойшлогдсон бол бусад бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу бүрэн биелсэн байна. Баяжуулах үйлдвэрийнхэн “Их зогсолт”-ын үеэр Бутлан тээвэрлэх хэсгийн 3 дугаар конвейрын туузыг солино. Үүнтэй уялдуулан, бутлагдсан хүдрийн 65 мянган тонны багтаамжтай агуулахын тал хэсгийг цэвэрлэх ажлыг хийж эхэлжээ. Мөн 130 мянган тонны хүдэр агуулах багтаамжтай, бутлагдсан жижиг хүдрийн агуулахад засвар хийхээр төлөвлөж байна. Эдгээр агуулахын засвар, цэвэрлэгээний ажил багагүй цаг хугацаа, хүн хүч шаарддаг тул зохион байгуулалтын өндөр түвшинд бэлтгэж байгааг Механикийн албаны дарга Б.Болор-Эрдэнэ онцлов. Мөн 19, 20, 21, 22 дугаар конвейрын тэжээх амсрын засвар хийгдэхтэй холбогдуулан тухайн агуулахын ханыг шинэчлэх аж.
   Өнөөдрийн байдлаар, “Их зогсолт”-ын бэлтгэл ажлын явцад ямар нэг хүндрэл гараагүй. Шаардлагатай бараа, материалыг  татан авч, хуваарилсан. Төлөвлөсөн бүх ажлыг жижиг, том гэхгүйгээр хариуцлагатай, чанартай хийхээр ач холбогдол өгч ажиллаж байгаа гэдгийг албаны хүн тодотголоо.

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог