• Улсын Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа

    Улсын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар хуралдаан, аймгийн Онцгой комиссын тус өдрийн 06 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн Орхон аймгийн Засаг дарга захирамж гаргалаа. Орхон аймгийн хэмжээнд Covid-19 шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс болон хот хоорондын тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг ирэх сарын 03-ны өдрийн 08.00 цаг хүртэл түр зогсоохоор шийдвэрлэлээ. Мөн БНСУ-аас Орхон аймагт 02 дугаар сарын 19-нөөс хойш ирсэн 62 иргэний ар гэрийнхнийг тусгаарлаж, ажлын газарт нь мэдэгдэх ажлыг Эрүүл мэндийн газар хариуцан ажиллаж байна. Хот доторх нийтийн тээврийн үйлчилгээг өглөөний 07.00-09.00 цаг, орой 17.00-19.00 цаг байхаар тогтоож, ариутгал халдваргүйтгэлийг тогтмолжуулан, зөвхөн амны хаалттай иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр боллоо. Захирамжид заасны дагуу аймгийн хэмжээнд баар, караоке, түргэн хоолны цэг, кофе шоп, хүргэлтийн хоол эрхлэгч аж ахуйн нэгжүүд, спорт заал, фитнесс, сауны үйл ажиллагааг 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл зогсоохоор шийдвэрлэж, олон нийтэд мэдээллээ.   И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр хэмнэлтийн горимд ажиллаж эхэллээ

        Эрдэнэт үйлдвэр 2020 оны эхний 2 сарын байдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэн, хэвийн жигд ажиллаж байна. Энэ оны 2 дугаар сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлээр 1861 тонн хүдэр олборлож, 1791 тонн хүдэр боловсрууллаа. Зэсийн металл авалтыг 87.78 мянган тонн, молибдены металл авалтыг 51.96 мянган тоннд хүргэснээр 100.7-107.1 хувиар металл авалтын төлөвлөгөөгөө биелүүлээд байна. Мөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг дагасан эдийн засгийн үзүүлэлтийг авч үзэхэд, 2020 оны 1-р сард үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зардал буурч, нийт зардал 0.3 хувиар хэмнэгдэн, нийт орлогын хэмжээ 14 хувиар өслөө.     Гэвч БНХАУ-д гарсан коронавирусын халдварын улмаас дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 5700 ам.доллар орчим болж, төлөвлөснөөс 260 орчим ам.доллар буюу 4.4 орчим хувиар буурсан дүнтэй байна. Цаашид ч үнэ тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх магадлал өндөр тул үйлдвэрийн удирдлагуудын зүгээс өртөг зардал бууруулах төлөвлөгөө боловсруулан, хэмнэлтийн горимд ажиллаж эхэллээ.  И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдэд хийсэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний дүн гарлаа

          Орхон аймгийн Засаг даргын 2019 оны А/430 тоот захирамжийн дагуу цагаан тоосны бүс дэх 488 иргэнийг үзлэг, шинжилгээнд хамруулж, нэгдсэн дүнг өнөөдөр танилцууллаа. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд 90 орчим сая төгрөгөөр санхүүжүүлсэн энэхүү үзлэг, шинжилгээг өнгөрсөн оны 9 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулсан юм. Орхон аймаг, БОАЖГ, Баян-Өндөр сумын багууд, Эрүүл мэндийн газар, “Медипас” эмнэлэг, үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Эрдэнэт сувиллын цогцолборын хамтарсан ажлын хэсэг цагаан тоосны дэгдэлтийн бүсээс 326, бусад бүсээс түүврээр 163 иргэнийг сонгон үзлэгт хамруулсан.       Эрүүл мэндийн үзлэг нь тухай иргэний өвчлөлд цагаан тоос нөлөөлсөн, эсвэл нөлөөлөөгүй гэдэг дүгнэлт гаргах бус нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийн өвчлөл нь голомтын болон голомтын бус бүсээр ялгаатай байгаа эсэхэд тандалт хийсэн тухай НЭМТ-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.Болормаа тайлбарлалаа. Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 70 хувь нь таргалалттай, түүнээс үүдсэн зүрх судасны өвчлөлийн хамаарал байгаа нь тогтоогджээ. Мөн насжилт нэмэгдэхийн хэрээр зүрх судасны өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдэж, тамхи татдаг иргэдэд уушигны өвчлөл давамгайлж байгааг илрүүлсэн байна. Улмаар нэгдсэн дүгнэлтэд голомтын бүсэд амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн ерөнхий байдал нь голомтын бус бүсэд амьдарч байгаа иргэдээс ялгарах онцгой зүйлгүй байгааг тусгажээ. Иргэдийн эрүүл мэндэд цагаан тоос нөлөөлж байгаа эсэхийг тогтоохоор 2020 онд ЭМЯ-наас эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийхээр болсон байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна

          Covid-19 коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн алба хаагчид Улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед үйлдвэрийн дүүрэг, захиргааны I, II байранд гадны байгууллагын төлөөлөл, иргэдийг хувийн ажлаар нэвтрэх асуудлыг бүрэн хориглосон. Мөн үйлдвэрийн ажилчдыг амны хаалт хэрэглэх, амны хаалтгүй ирсэн тохиолдолд объект руу нэвтрүүлэхгүй болохыг Гэрээт цагдаагийн хэлтсээс анхааруулан ажиллаж байна. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш цуврал контент #12: Чойдогийн УРАНЧИМЭГ

    Төгссөн сургууль: 1990 онд Улсын Багшийн Дээд Сургууль, 1995 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн институт, 2009 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Мэргэжил: Математик-физикийн багш, Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжилтэй. Боловсрол судлалын магистр. Ажилласан туршлага: 1994-2003 онд Эрдэнэт хотын 5 дугаар 10 жилд багш, 2003-2009 онд “Гэгээ” сургуулийн захирал, 2009 оноос Технологийн сургуульд математикийн багш, 2019 оноос тус сургуулийн Хүний хөгжлийн төвийн Тэргүүлэх мэргэжилтнээр ажиллаж байна. Орхон аймгийн Шатрын холбооны дэд тэргүүн. Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2016 онд Энэтхэг улсад багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан. Чин хүсэл: Технологийн сургуулийн дэргэд байгуулагдсан Хүний хөгжлийн төвийн Тэргүүлэх мэргэжилтнээр Урнаа багшийг сонгосон нь олон олон өөрчлөлтийг дагуулжээ. Өнгөрсөн нэг жилийн хөдөлмөр зүтгэлээ хамт олноороо үнэлүүлж, сар шинийн босгон дээр байгууллагынхаа 2019 оны “Шилдэг ажилтан” болсон тэрээр Технологийн сургуулийн тэнхээтэй, нуруутай, мэдлэг чадвартай боловсон хүчний нэг. Зөв сэтгэлтэй, чадварлаг ажилтныг хүний нөөцийн зах зээлд бэлтгэн гаргах хүсэлтэй түүний яриа барилгын ажлыг сууринаас нь эхэлдэгтэй агаар нэг санагдлаа. Шавь нараа төсөл бичих, хөлөгт тоглоом тоглох, амьдрах арга ухаанд сургаж яваа Урнаа багшийн ажил ундарсаар байх биз ээ.   -Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу? -Өглөөний цайг өөртөө гэдэг дээ. Энэ зарчмыг амьдралдаа хэвшүүлсэн. Маргааш хийнэ гэж бичсэн зүйлээ яаж хийх тухайгаа өглөө ажилдаа гарахаас өмнө төсөөлөн боддог. Заримдаа хэн нэгэнд зориулж цээжиндээ 4 мөрт бичих үе бий. -Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? -Зээ хүүгээсээ, бас хөлөгт тоглоомноос их эрч авдаг. Сүүлийн үед оюуны спортын шинэ төрөл отелло хөлөгт тоглоомыг сонирхон тоглох болсон. Бас бусдын хэлсэн урмын үгийг сонсоход эрч хүч нэмэгдэж, сэтгэх чадвар дээшилдэг. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд? -Өнгөрсөн 29 жилийн турш шавь нартаа математикийн хичээл зааж сургадаг байсан бол одоо хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэх, мэргэжил олгохоос гадна ёс зүйтэй ажилтан бэлтгэхэд чадлынхаа хэрээр хувь нэмэр оруулж байна. Хүний хандлагыг өөрчлөхөд гэр бүлийн хүмүүжил нөлөөлөхөөс гадна хугацаа их шаарддаг. Тиймээс залуу гэр бүлүүд хүүхдийнхээ суурь хүмүүжлийг зөв олгохын тулд ярьж, хийж байгаа үйлдлийг нь харж, өөртөө дүгнэлт хийдэг байх хэрэгтэй. Манай сургалтын үр дүн, онцлог энэ юм болов уу. -Та бусдаас суралцахыг илүүд үзсэн үү, өөрийгөө дайчлан суралцахыг чухалчилж ирсэн үү? -Залуу үеэсээ суралцаж, тэдний хүсэл сонирхол дээр тулгуурлан дэмжлэг үзүүлэх зорилгоор шавийнхаа зөвлөх үйлчилгээний сургалтад хамрагдаж, орчин цагийн хөгжил дэвшил, харилцах арга ухаанд суралцаж байна. Хүний амьдрал бол миний амьдрал гэдэг өнцгөөр аливааг харах хэрэгтэй юм шиг санагддаг. Өөрийгөө дайчлах, бусдаас суралцах аргыг хослуулсаар өнөөдрийг хүрсэн. Бид сайхан сэтгэлээр л дутдаг. Аав ээж, гэр бүл, ажлын хамт олны сайхан сэтгэл, хамтач байдал миний ажлын амжилтын гол тулгуур учир тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна. -Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач? -Хүн бол шатрын нэг дүрс. Тэд шатрын хөлөг дээр байхдаа өөр өөрийн үүрэгтэй ч хайрцганд орохдоо хэн ч биш болдог. Шатрын хүү ухарч нүүдэггүй тул би байгаа орчиндоо сайхан бүхнийг түгээж, бусдад чин сэтгэлээсээ туслах юмсан гэж боддог. -Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ? -“Бусдад туслаад өөртөө хоосон үлдсэн ч бүгдийг болгоод явдаг юм шүү” гэж аав минь надад хэлдэг байсан. Гэрийн хүмүүжил бол миний хамгийн сайн зөвлөгч. Аав АИХ-ын депутат байсан. Энэ өндөрлөгт хүргэхэд ээжийн минь дэмжлэг, хүүхдүүдээ хүмүүжүүлсэн арга ухаан багагүй үүрэгтэй байсан гэж боддог. Би өв уламжлал, гэр бүлийн үнэ цэнэтэй зүйлээ дараа үедээ тээж хүргэхийг эрмэлздэг. -Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ? -Эрдэнэт үйлдвэр залуу боловсон хүчнээр хүрээгээ тэлж байна. Тэдний сайхан бүхнийг түгээх, мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандах, боловсролоо дээшлүүлэх, сонирхлынхоо дагуу өөрийгөө хөгжүүлдэг болоход нь дэм болно гэж өглөө бүр өөртөө хэлдэг. Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон БНХАУ-ын иргэдэд хандив илгээжээ

        Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль буюу одоогийн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон БНХАУ-ын ард иргэдэд сэтгэлийн хандив илгээсэн байна. Тус  сургууль нь БНХАУ-ын их дээд сургууль болон судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгааны төслүүд хэрэгжүүлдэг. Хамтын нягт ажиллагаатай байгууллагын хувьдтусламж дэмжлэг шаардлагатай үед нь хандивын гараа сунгах нь зүйд нийцнэ гэж тус сургуулийнхан ярилаа.     БНХАУ-д шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчин дэлгэрч, халдвар авсан болон нас барсан хүний тоо нэмэгдэж байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй. Тус улсын нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ард түмэнд нь томоохон сорилт тулгараад буй энэ хүнд цаг үед “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш, ажилтнууд сэтгэлийн хандив цуглуулж, БНХАУ-ын элчин сайдын яаманд хүлээлгэн өгчээ.      Уг хандивын арга хэмжээг дэмжин, оролцсон сургуулийн нийт багш, ажилтнуудад тус улсын элчин сайдын яамныхан талархал илэрхийлсэн байна. М.Балжинням Фото: Б.Булганбаатар Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн нутаг дэвсгэрт халдваргүйтгэлийн ажил хийж эхэллээ

        Эрдэнэт үйлдвэрийн Аврах, гал унтраах 58 дугаар ангийн алба хаагчид Орхон аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын төлөөлөлтэй хамтран үйлдвэрийн нутаг дэвсгэрт халдваргүйтгэлийн ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Улсын онцгой комисс болон Шадар сайдын удирдамж, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын тушаал, аймгийн Онцгой комисс болон үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын шийдэрийн дагуу дээрх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулж байна.     Аймгийн Онцгой байдлын газрын тусгай зориулалтын автомашинаар хийж байгаа халдваргүйтгэлийн ажлыг Захиргааны I байр болон хоол үйлдвэрлэл эрхлэгч үйлдвэрийн цех нэгжид зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт эрүүл ахуйч эмч, онцгой байдлын ажилтны бүрэлдэхүүнтэй 24 цагийн шуурхай штаб ажиллаж, бүтцийн нэгжүүдийн холбогдох мэдээллийг богино хугацаанд шуурхай дамжуулан ажиллаж байна. Аврах, гал унтраах 58 дугаар ангийн бие бүрэлдэхүүн өглөөний ээлжийн ажилчдыг зөөвөрлөсөн 32 автобусанд ариутгал, халдваргүйтгэл хийжээ.     Аврах, гал унтраах 58 дугаар ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр Эрдэнэт хотын иргэд, үйлдвэрийн ажиллагсдыг хөдөө гадаа явахгүй, шинийн нэгний өглөө овоо тахилга дээр гарахгүй байхыг анхаарууллаа. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж эхэллээ

           Covid-19коронавирус, бусад аюулт томуугийн вирусийн халдвар тархаж болзошгүй байдлыг харгалзан үзэж, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А/78 дугаар тушаал үйлдвэрийн газарт хэрэгжиж эхэлсэн. Тушаалд “Нэг удаагийн амны хаалтыг дотоод нөөц бололцоонд тулгуурлан, зохих халдвар хамгааллын шаардлагыг ханган үйлдвэрлэж, үйлдвэрийн газрын ажилтнуудыг нэгдсэн журмаар тогтмол ханган ажиллах” тухай тусгасны дагуу Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж эхэллээ. Үйлдвэрлэлийн явцын талаарх мэдээллийг Оёдлын цехийн орлогч дарга Ж.Мөнх-Оргилоос тодрууллаа.     -Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэхээр болсон тухай таатай мэдээ сонслоо. Энэ талаар бидэнтэй хуваалцахгүй юу?     -Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хэрэгжүүлж улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үйлдвэрийн удирдлагуудын зүгээс баялаг бүтээгч уурхайчдынхаа аюулгүй байдлыг харгалзан үзэж, Оёдлын цехийн удирдлагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр 30 мянган амны хаалт үйлдвэрлэх чиглэл өгсөн. Өнөөдрийн байдлаар амны хаалтны эсгүүрээ гаргаж, оёх бэлтгэлээ хангаад байна.     -30 мянган амны хаалтыг хэдэн өдөрт үйлдвэрлэхээр төлөвлөж байна вэ?     -Манай эсгүүрчид 10 мянган амны хаалтны эсгүүрийг хоёр хоногт гаргасан. Бид сар шинийн баяраас өмнө тодорхой хувийг бэлтгэх, үлдсэнийг баярын дараа үйлдвэрлэхээр төлөвлөж байна. 30 мянган амны хаалт гэдэг бага тоо биш. Тиймээс ажлын хувцас, баяжмалын уут оёхын хажуугаар амны хаалтаа үйлдвэрлэж дуусгана гэсэн зорилт тавьсан. Эсгэх цехийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахаас гадна зөөлөн оёдлын 40 гаруй ажилтан энэ ажилд оролцоно.       -Стандартад нийцсэн амны хаалт гэж ойлгож болох уу?     -Амны хаалтыг цэвэр даавуун материалаар үйлдвэрлэхийн зэрэгцээ 2-3 давхар байхаар тооцоолсон. Бидний зүгээс аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газарт даавуун материалаа шинжлүүлж, зохих зөвшөөрөл авсны дагуу үйлдвэрлэлээ эхлүүлсэн.       -Нэг ажилтанд хэдэн ширхэг амны хаалт олгох вэ?     -Ажилтан бүрт 5 ширхэг амны хаалт олгохоор тооцоолсон. Ирэх 7 хоногт эхний ээлжийн амны хаалтыг ажилчдын хувцасны агуулахаар дамжуулан олгоно. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

          “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 02 сарын 14-ний өдрийн А/78 дугаар тушаалаар үйлдвэрийн газрыг энэ сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүллээ. Энэхүү тушаал нь 14 заалттай бөгөөд үйлдвэрийн бүсэд энэ сарын 14-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Тушаалтай холбогдуулан Эрдэнэт сувиллын цогцолбор, Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын сувилах, амраах үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, нийгмийн цехүүдийн захиргааны болон харуул хамгаалалт, ариутгал цэвэрлэгээ хариуцсан ажилтнуудаас бусад хүнд цалинтай чөлөө олгох, нөхөн амраах, бусад цех, нэгжид түр шилжүүлэн ажиллуулах, шаардлагатай тохиолдолд ээлжийн амралтыг нь олгох зэргээр зохицуулалт хийж, нийт ажиллагсдын ажлын цаг ашиглалтад хяналт тавих, сахилга, хариуцлагыг чангатгах талаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох удирдлагуудад даалгаад байна. Мөн энэ сарын 18-наас эхлэн Захиргааны I,IIбайранд гадны байгууллагуудын төлөөлөл, иргэдийг хувийн асуудлаар нэвтрүүлэхгүй байх, онцгой тохиолдолд гаргасан хүсэлтийг бичгээр хүлээн авч, холбогдох нэгж, ажилтанд хүргэн ажиллахаар боллоо. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхлэх хугацааг 03 дугаар сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гарлаа

         Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын 30 ны өдрийг хүртэл сунгах Засгийн газраас тогтоол гаргалаа. Ингэснээр цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийн үйл ажиллагаа эхлэх хугацаа хойшилж байгаа төдийгүй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 3 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулж болохгүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон цэцэрлэг, сургуулиудад тогтоосон хөл хориог сунгах эсэхийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ийнхүү шийдвэрлэлээ. Өнгөрсөн Лхагва гарагт Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин шаардлагатай бол хөл хориог дахин сунгана гэдгийг мэдэгдэж байсан. Улсын онцгой байдлын комиссын 1 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр сургууль, цэцэрлэг өмчийн байдал үл харгалзан 3 дугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргасан. Түүнчлэн олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон. Ингээд зогсохгүй “Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоол” гарсан юм. Харин 2 дугаар сарын 14-нөөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байгаа билээ. Э.Мөнх-Уянга Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Нэвтрүүлэг

    - Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн элсний хуримтлалаас босдог цагаан тоос хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?  Эрүүл мэндийн үзлэгийг ямар давтамжтай зохион байгуулж байна вэ?
    - “Цагаан тос” дэд хөтөлбөр Орхон аймагт 2006 оноос хойш хэрэгжиж, энэ хугацаанд 12 удаагийн эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж ирлээ. Энэ нь 2006-2015 онд хэрэгжүүлэх Байгаль орчны сайдын тушаал, Орхон аймгийн Засаг даргын захирамж шийдвэрийн дагуу тухайн тоосжилтын болон нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийг эрүүл мэндийн  хяналт буюу урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах хүрээнд хийгдсэн ажил. Уг ажилд Эрдэнэт үйлдвэр үзлэг шинжилгээнд зарцуулагдах төсөв хөрөнгө, шаардлагатай тоног төхөөрөмжөөр  хангаж, аймаг орон нутгийн зүгээс мэргэжлийн эмч нарын баг бүрдүүлэн хамтран ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, цагаан тоос нь  хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг тодорхойлох зорилготой уг үзлэгийн ажилд Орхон аймаг болон Баян-Өндөр сумын ЗДТГ, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар, Эмнэлэг сувиллын цогцолбор, Эрдэнэт үйлдвэр зэрэг бүхий л холбогдох мэргэжлийн байгууллагууд оролцдог гэсэн үг юм. 2006 оноос хойш энэ үзлэгт  288 иргэн хамрагдсан нь нийт хамрагдах ёстой хүний 78.9 хувь нь болж байгаа. Үзлэгт хамрагдсан хүмүүсийн энэ бүсэд амьдарсан жилийг дунджаар авч үзвэл 28.6 жил оршин суусан иргэд. Тиймээс цагаан тоосноос үзүүлж буй өөрчлөлт, өвчлөлийн шинж тэмдэг бүрэн илрэх боломжтой бүлэг гэж үздэг. Мөн үүнтэй дүйцүүлээд бид хяналтын буюу өртөлтийн бүлэг, тоосжилтын бус бүсээс иргэдийн төлөөллийг хамруулж үзлэгт оруулж байна. Нийт 196 хүнийг ийм бүлгээс оруулахаар төлөвлөж, 149 буюу 69 хувийг нь хамруулсан. Бидний хийж буй үзлэг бол тухайн иргэдийн эрүүл мэндийн байдалд нь хийдэг нарийвчилсан шинжилгээ юм. Тухайлбал, ерөнхий шинжилгээг 18, шээсний шинжилгээг 11, биохимийн шинжилгээг 9 гэх зэргээр нийт 40 гаруй үзүүлэлтээр эрүүл мэндийн үзлэгийг явуулдаг юм. Өнөөдрийг хүртэл бидний хийж ирсэн эрүүл мэндийн үзлэгийн явцад цагаан тоосны сөрөг нөлөөллөөр өвчилсөн хүн гараагүй. Өөрөөр хэлбэл, цагаан тоосноос  шалтгаалсан өвчлөл илрээгүй гэж хэлж болно.

   - Цагаан тоосны нөлөөлөл тогтоох үзлэгийг Эрдэнэт үйлдвэр хийж байгаа нь хариуг өөрийн талд гаргах магадлалтай гэх хардлага, сэрдлэг байдаг?
    - Ярианы эхэнд би хэлсэн. Цагаан тоосны хор уршигаар хүний эрүүл мэндэд үзүүлж буй муу нөлөөг тогтоох үзлэгийг Орхон аймгийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгуулдаг. Цагаан тоосны сөрөг нөлөөллийг эмнэлгийн тусгай үнэлгээний аппарат тоног төхөөрөмжийн тусламжтайгаар нарийн мэргэжлийн баг тодорхойлно. Мөн дүрс оношилгоо, зүрхний бичлэг зэрэг нарийн үзлэгүүдийг БОЭТ болон Медипас эмнэлгийн мэргэжлийн эмч нар, хувийн хэвшлийн эмнэлэг, Эрдэнэт сувилал цогцолборын нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн хамтран хийж байна. Тэгэхээр цагаан тоосны сөрөг нөлөөг шинжлэх эрүүл мэндийн үзлэгийг Эрдэнэт үйлдвэрийн сувилалын эмч нар дангаараа бус мэргэжлийн олон төлөөллөөс бүрдсэн баг хийдэг гэдгийг дахин онцолж хэлье.

    - Үзлэгт хамрагдаж буй иргэдээс ямар өвчний шинж тэмдэг ихэвчлэн илэрдэг вэ?
    - Үзлэгт хамрагдсан иргэдийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийг аваад үзэхэд, ихэнх хувь нь архаг хууч өвчтэй, уушигны бронхиттэй гэсэн онош гарсан. Харин өнөөдрийн  яриад байгаа цагаан тоосны урхагаар уушиг тоосжих өвчин илрээгүй. Ер нь энэ хугацаанд үзлэгт хамрагдсан иргэдийн 69.7 хувь нь уушигны үйл ажиллагаа алдаагүй, хэвийн үзүүлэлттэй байдаг. Тоос тоосонцор, тэр тусмаа нарийн ширхэгтэй тоосны сөрөг нөлөө голдуу уушиг тоосжих өвчинд хүргэдэг. Өөрөөр хэлбэл, тоос нь хүний ам хамраар дамжиж уушигны цулцанд очиж наалдсанаас үүсдэг өвчин. Тэгэхээр ийм өвчний шинж тэмдэг аль ч үзлэгийн үр дүнгээр илрээгүй. Харин гуурсан болон залгиур хоолойн үрэвсэлт өвчнүүд, ахуйн хүрээний тоос, тамхидалт зэрэг зуршлаас үүддэг бронхит, астам өвчнүүд үзлэг шинжилгээгээр гардаг. Онцолж хэлбэл, тамхи татсанаас шалтгаалан уушигны бронхит болон бусад үрэвслээр өвчилсөн тохиолдол нэлээд байдаг. Бид эдгээр иргэдийг зөвхөн үзлэгт хамруулаад орхидоггүй, нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн үзүүлэлт бүрт нь зөвлөгөө өгч, эмчилгээ заадаг.

   - Цагаан тоос урагт нөлөөлөх хэмжээний хор хөнөөлтэй гэсэн цуу яриа ч бий?
   - Цагаан тоос нярай, урагт нөлөөлдөг эсэх нь энэ эрүүл мэндийн үзлэгт ороогүй. Энэ бол өөр асуудал. Эрдэнэтийн 40 жилийн хугацаанд ийм зүйл огт сонсогдоогүй, гарч байгаагүй. Эрүүл мэндийн үзлэгт Эрдэнэтэд хамгийн багадаа 15 жил амьдарсан хүмүүс хамрагддаг. Энд хамрагдах хүмүүсийн сонголтыг Эрдэнэт үйлдвэр хийдэггүй, тухайн баг нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгж нь хийдэг. Харин сүүлийн жилүүдийн судалгааг санамсаргүй түүврийн аргаар сонгож байна. Одоогийн байдлаар, хүний эрүүл мэндэд цагаан тоос ийм сөрөг нөлөө үзүүлсэн байна гэсэн нотолгоо байхгүй тул илүү нарийн шинжилгээг хийх үүднээс бид шинжлэх ухааны академид хандан хамтарч ажиллах санал тавьсан. Тодруулбал, Шинжлэх ухааны академи, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ чиглэлийн нөлөөллийн үнэлгээг хийж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан байгаа. Энэ нь хөндлөнгийн хяналттай төдийгүй өөрийн нарийвчилсан аргачлалаар хийгддэг онцлогтой. Тиймээс эдгээр байгууллагууд нөлөөллийн үнэлгээ хийснээр бидний олон удаагийн эрүүл мэндийн үзлэгийн дүн баталгаажина гэж харж байна.
 
   - Хүний биед сөргөөр нөлөөлдөг тоосны өөр эх үүсвэр байдаг уу?
   - Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Байгаль орчны яамны шалгалт ирж, эрүүл мэндийн үзлэгийг хамтран хийсэн. Энэ шалгалтын үеэр яамнаас өгсөн чиглэл нь ер нь хотжилт дагасан тоос тоосонцорын асуудал байнга яригддаг. Тухайлбал, асфалт буюу хар зам, гэр хорооллын утаа, агаарын бохирдол зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөллийг тогтоох шаардлагатай гэдгийг онцолсон. Эдгээрийн нөлөөллийг тогтооход зориулалтын аппаратаар тодорхой хугацаа зарцуулж хийх шаардлагатай юм. Тиймээс өнөөдөр манай иргэдийн яриад байгаа асуудал бол мэргэжлийн түвшний үзлэг шинжилгээгээр батлагдаагүй. Ямар нэг нотолсон зүйл байхгүй. Тэгэхээр цагаан тоос босдог болон нөлөөллийн бүсэд амьдарч байгаа гурван багийн 10 мянга гаруй хүн, тэдгээрээс илүү өртөлтийн бүсэд буй 3000 хүнд цагаан тоосноос шалтгаалсан өвчлөл илрээгүй гэсэн үг. Мэргэжлийн байгууллагуудаас бидэнд зөвлөмж ирүүлсэн. Зөвлөмжид орон нутгийн төр захиргааны байгууллага, Эрдэнэт үйлдвэрийн зүгээс хийх ажил үүрэг, нөгөө талаас цагаан тоос боссон үед иргэд өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ гэдгийг тодорхой тусгаж өгсөн байгаа. Үүний хэрэгжилтэд Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрууд хяналт тавьж ажиллаж байна.

М.Балжинням

   Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Авлигатай тэмцэх газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран энэ сарын 30, 31-ний өдөр “Авлигагүй нийгмийн төлөө” сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагуудын сургалт эхэллээ. Уг сургалт нь Орхон аймаг дахь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрын албан хаагчдад зориулагдсан юм. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Авлигатай тэмцэх газар хамтран баталсан Авлигын эсрэг сургалт, соён гэгээрүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсанаар энэхүү сургалт зохион байгуулагдаж байна. Мөн эдгээр өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын авлигын эсрэг үйл ажиллагаа, мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажилтай танилцаж, зөвлөмж өгнө.
   Орхон аймагт ажиллах багийн бүрэлдэхүүнд ТӨБЗГ-ын Мэдээлэл, технологийн албаны дарга Н.Цэрэнсамбуу, Захиргаа, хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Энхчимэг, Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ө.Одбаатар, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Тэрбиш, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Д.Одонтуяа нар багтаж байгаа юм.

У.Цэрэнбат
Б.Баттөгс



 

Пүрэв, 30 5-р сар 2019 00:00

Цагаан тоосны цаадах учир

   Орхончуудын нийгмийн амьдралд тулгамдсан асуудлуудын тоонд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрээс гарч буй хаягдал буюу  элсний хуримтлалаас үүссэн цагаан тоосны асуудал багтдаг болсоор багагүй хугацааг үдэж буй. Тус үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн үүсмэл ордод бий болсон цагаан тоос гэнэт л нэг өдөр харагдаж, утаа манан мэт татчихаагүй. Эрдэнэтийн овооны орд газрыг ашиглаж эхэлсэн цагаас зэс молибенийг ялган авч, бусад эрдэс агуулсан хаягдал зузаарсаар эдүгээ цагаан тоосны дэгдэлт үүсгэх элсний хуримтлал бий болсон хэрэг. Байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан  салхи шуурганы хурдаар дэгдэлт нь “ширүүсдэг” цагаан тоос үнэхээр тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Тиймээс ч Эрдэнэт үйлдвэр цаг үргэлжид цагаан тоос гэгч “гайхал”-ын  эсрэг тэмцэж, нэг хором ч зүгээр суулгүй тоос дарах ажлыг олон удаагийн туршилтаар хийж ирсэн ч өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдээгүй “толгойны өвчин” болсоор буй нь бас үнэн. Гэвч үүний цаана учир холбогдол, хүндрэл бэрхшээл нэлээд бий гэдгийг шалтаг тоочихгүйгээр мэргэжлийн хүмүүсийн судалгаа шинжилгээн дээр түшиглэн гаргасан баримт мэдээллээр тайлбарлахыг зорив. Цагаан тоосны цаана олон хүчин зүйл бий.     


Цагаан тоос бүрэн дарагдах уу?
   Цагаан тоос бүрэн дарагдах уу? Дарагдана. Энэ үгийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх  бидэнд итгэлтэй хэлсэн. Тэрээр 41 жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэрийнхээ 30 жилд нь жирийн уурхайчнаас захирал хүртэл албанд дэвшин ажиллахдаа  20 жилийн хугацаанд нь цагаан тоосны чиглэлээрх бүхий л ажилд гар бие оролцож яваа нэгэн. Тиймээс ч түүний толгойд цагаан тоостой холбоотой ажлын бүхий л тайлан, цаашдаа хийх арга зам бүгд бий гэхэд хилсдэхгүй. Т.Батмөнх захирал цагаан тоосыг бүрэн гүйцэд дарж чадна гэж хэлэхдээ хэд хэдэн үндэслэлийг нотоллоо. Хамгийн түрүүний үндэслэл нь өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэрээс цагаан тоос бууруулах чиглэлээр хийж ирсэн ажлын туршлага, олон удаагийн оролдлого гэдгийг онцлов. Үүн дээр тулгуурлаад, аргачлалаа сайжруулах замаар өнөөдрийн ажлаа үргэлжлүүлж буйг бас нэмж хэлсэн. Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн мэргэжлийн байгууллагуудын өргөн бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг байгуулан, цагаан тоосыг  дарах, дэгдэлтийг бууруулах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Төлөвлөгөө нь аймгийн ИТХ-аар батлагдан, хэрэгжилтэд нь иргэд болон иргэдийн хурлын төлөөлөгчид хяналт тавих нөхцөл бүрджээ. Цагаан тоос дарах ажлаа илүү хүчтэй, урагштай явуулахын тулд Эрдэнэт үйлдвэр Цагаан тоос дарах ажил хариуцсан алба бий болголоо. Энэ алба цагаан тоостой тэмцэх ажлыг дагнан хийнэ. Мөн техник технологийн шинэчлэл, шаардлагатай бодис урвалж авахад 1 тэрбум 300 сая төгрөгийг зардалд нь зориулжээ.
   Өнөөдрийн байдлаар,  Эрдэнэт үйлдвэр цагаан тоосыг гурван аргаар дарж байна. Нэгдүгээрт, хаягдал булингыг дарагч бодистой барьцалдуулан талбайг норгож байна. Өөрөөр хэлбэл дарагч бодис нь нарийн ширхэгтэй элсийг барьцалдуулж өгдөг, физик шинж чанартай. Энэ аргаар  560 га газрын тоосыг дарлаа. Хоёрдугаарт, тоос дарагч бодисыг устай хольж тоостой талбайд цацах арга хэрэглэж байна. Уг аргыг хэрэглэхийн тулд зориулалтын техник ашиглана. Нуурын шаварт суучхааргүй зориулалтын техник захиалсан. Удахгүй ирнэ. Дараагийнх нь үйлдвэрлэлийн технологийн аргаар нь талбайг норгож байна. Ингэснээр тоос дэгдэлт үүсгэдэг 800 га талбайн 560 га буюу 60 гаруй хувийг нь  дарж чаджээ. Одоогийн энэхүү үр дүнгээс харахад ирэх жилийн хавар гэхэд  цагаан тоосны дэгдэлтийг 100 хувь дарах боломжтой гэж мэргэжлийн багийнхан тайлбарлалаа. Тэгэхээр цагаан тоос бүрэн дарагдаж, түүнд “ баяртай” гэж хэлэх нөхцөл хэдийнэ бүрдсэнийг олон арван уурхайчдын урт хугацааны уйгагүй зүтгэл, оролдлого туршилтын үр дүн батална.

  


Цагаан тоос хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байна уу?
   Ер нь цагаан тоос гэж юу вэ? Үүнийг маш нарийн ширхэгтэй кварцийн элс гэж мэргэжилтнүүд тодорхойлдог. Тэгэхээр нэг төрлийн элс юм. Элсний ач холбогдлыг Монголчууд сайн мэднэ. Хамгийн энгийн жишээ гэвэл бага насны хүүхдүүдээ элсэн дээр тоглуулж, байгалиас авах нэмэлт тэжээлийг нөхөх эмчилгээ гэж үздэг. Ингээд бодохоор  элсний хуримтлалаас үүсдэг тоосны дэгдэлт аюулын хэмжээнд очих үндэслэл бий юу. Мэдээж, тоос шороон дунд амьдарна гэдэг таатай хэрэг биш гэдэг нь ойлгомжтой. Тиймээс цагаан тоосыг дарах нь нэн түрүүний ажил болох ёстой. Үр дүнд хурдан хүрч, эцсийн цэгийг ч даруй хатгах учиртай.
   Орхон аймагт хүний эрүүл мэндэд цагаан тоос хэрхэн сөргөөр нөлөөлж буйг  тогтоох цогц үзлэгийг 2006 оноос хойш 12 удаа зохион байгуулсан байна. Үзлэгт тоосжилтын болон нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн төлөөллийг хамруулж, Орхон аймаг болон Баян-Өндөр сумын ЗДТГ, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар, Эмнэлэг сувиллын цогцолбор, Эрдэнэт үйлдвэр зэрэг 9 байгууллага хамтран ажиллажээ. Ингэхдээ Эрдэнэт үйлдвэр зөвхөн үзлэг  шинжилгээнд зарцуулагдах төсөв хөрөнгө, шаардлагатай тоног төхөөрөмжийг хангаж байсан бол нарийн мэргэжлийн эмч нарын багийг аймаг орон нутгийн холбогдох байгууллагуудаас бүрдүүлж байв. Энэ хугацаанд нийт давхардсан тоогоор 396 хүн хамрагдахаас 288 буюу 78,9 хувь нь эрүүл мэндийн үзлэгт тасралтгүй хамрагджээ. Үзлэгт хамрагдсан хүмүүсийн тухайн бүсэд амьдарсан жилийг дунджаар нь авч үзвэл 28,6 жил оршин суусан иргэд. Тэр байтугай нэг хүнд үзүүлэх нөлөөллийг тогтоохын тулд 5 настай хүүхдийг 18 хүртэл нь жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулан ажиглалт хийсэн байдаг. Энэхүү удаа дараагийн үзлэг, судалгааны дүнгээр цагаан тоос хүний эрүүл мэндэд  хор хөнөөл учруулж буй нь батлагдаагүй байна.
   Үзлэгт хамрагдсан иргэдийн эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийг аваад үзэхэд, ихэнх хувь нь архаг хууч өвчтэй, уушигны бронхиттэй гэсэн онош гарчээ. Харин цагаан тоосны урхагаар уушиг тоосжих өвчин илрээгүй. Дээрх хугацаанд үзлэгт хамрагдсан иргэдийн 69,7 хувь нь уушигны үйл ажиллагаа алдаагүй, хэвийн үзүүлэлттэй байдаг. Тоос тоосонцор, тэр тусмаа нарийн ширхэгтэй тоосны сөрөг нөлөө бол  уушиг тоосжих өвчинд хүргэдэг. Өөрөөр хэлбэл, тоос нь хүний ам хамраар дамжиж уушигны цулцанд очиж наалдсанаас үүсдэг өвчин. Тэгэхээр ийм өвчний шинж тэмдэг аль ч үзлэгийн үр дүнгээр илрээгүй гэдгийг Эрдэнэт сувилалын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг ярьсан.
   Эрүүл мэндийн үзлэгийн үр дүн, дүгнэлттэй холбоотой хардлага, сэрдлэг  чамгүй гардаг учраас Эрдэнэт үйлдвэр бусад  эрүүл мэндийн байгууллагуудад санал тавьж, хөрөнгө зардлыг хариуцсаар ирсэн. Энэ жилийн хувьд ч мөн л гадны эрүүл мэндийн байгууллагад хандаж, нөлөөллийн үзлэг шинжилгээг хийлгэнэ. Бас үзлэгт хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлж, цагаан тоосны өртөлт болон нөлөөллийн бүсийн гурван багийн 400 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна.  Мөн Шинжлэх ухааны академитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Ингэснээр өмнө нь хийж байсан ажлыг гадны мэргэжлийн хүмүүс үргэлжлүүлж, баталгаажуулах, нөгөө талаас үзлэг судалгааны дүнг шинжлэх ухааны илүү нарийн үндэслэлтэй тогтоох давуу талтай юм. Дараагийн нэг шинжилгээ нь ургамлын бүтцэд цагаан тоос нөлөөлж буй эсэхийг судалж байна. Уг судалгаагаар байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл ямар түвшинд буйг тодорхойлж, зөвхөн ургамал бус мал амьтан, ойр орчмын гол мөрний усны бохирдлыг шинжлэх юм. Хэдийгээр энэ судалгааны ажлыг олон  жил дараалан хийсээр ирсэн ч  эцсийн тодорхой хариуг олж, дам сургаар газар авч тархдаг цуу ярианд цэг тавих зорилготой байгаагаа мэргэжлийн албаныхан дахин хэллээ. Цагаан тоосны сөрөг нөлөө хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж, аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрсэн эсэх асуулт ч эндээс бодит хариултаа хайж байна.

  


Цагаан тоос дарах ажил нарийн технологитой хийгдэх ажил
   Олон удаагийн туршилтаар цагаан тоосыг бүрэн гүйцэд дарж чадаагүй шалтгаан нь үйлдвэрлэлийн үйл явцтай холбоотой байсаар ирсэн. Жил тутам Хаягдлын аж ахуйн тоосыг дарах ажилд их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан ч дараагийн жил нь дахиад л тоос босно. Учир нь Баяжуулах үйлдвэр тасралтгүй ажиллаж байгаа тул хаягдал элс байнга гарч байна гэсэн үг. Цагаан тоос элсний хуурай, хатсан хэсгээс босдог. Баяжуулах үйлдвэрийн технологиор бол цагаан тоосны хэмжээ нь 0,074 мм-ийн ширхэгтэй. Энэ хэмжээ нь 0,08 микрон буюу өөрөөр хэлбэл гурилнаас нарийн ширхэгтэй элс. Ийм нарийн ширхэгтэй байж зэс, молибденийг хоосон чулууллагаас нь суллаж авдаг. Нунтаглалт ийм нарийн хийгддэг учраас хаягдал элс ч ийм ширхэгтэй байдаг аж. Хаягдлын аж ахуйн одоогийн далангийн сан нь 1300 метрийн өндөртэй. Элсний хуримтлалыг 1320 метр хүртэл санг ашиглах төлөвлөгөөтэй.  Далангийн өндөр  20 метрт хүрнэ гэсэн үг. Хаягдлын сан 15-17 жилийн дараа дүүрнэ гэсэн тооцоолол бий. Тиймээс Эрдэнэт үйлдвэр дараагийн технологийн ажил буюу шинэ хаягдлын аж ахуйг байгуулах төлөвлөгөөг одооноос боловсруулж,  цагаан тоос үүсэх нөхцөлийг дахин үүсгэхгүйн  тулд шинэ технологиудыг судалж эхэлжээ. Үүнд  өтгөрүүлсэн хаягдал хаях, секционний хаягдлын аж ахуйг бий болгох зэрэг хувилбарууд багтаж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, шинэ Хаягдлын аж ахуйг тоос босдоггүй, өнөөгийн ийм хүндрэл үүсгэхгүй байхаар дэлхийн жишгийг судалж, олон улсын хэмжээний мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.

  


Цагаан тоосны асуудлыг дэвэргэх нь хэнд ашигтай вэ?
   Хэт буруу ойлголт нь болсон муу үйл явдлаас ч илүү сүйрэл дагуулдаг гэсэн үг бий. Бодит байдлыг зөрүүлэн мушгиж, асуудлыг хөөргөдөж, ард олныг турхирах нь хэнд ашигтай вэ? Хэнд ч ашиггүй. Тэр тусмаа Эрдэнэтийн овооны ээл буянд багтаж, үр өгөөжид нь түшиглэж амьдардаг Орхончуудад, цагаан тоосны дэгдэлтэнд өртдөг бүс нутгийн иргэдэд өчүүхэн ч ашиггүй. Тиймээс цагаан тоосыг дарахын тулд Эрдэнэт үйлдвэр, энд ажиллаж буй уурхайчид хэрхэн тэмцэж, шинэ гарц, шийдэл хайж буйг нүдээр харж, гараар мэдрээрэй. Нүд үнэнч чих худалчийн үнэнийг бас батлаарай гэж хэлье. Цагаан тоосыг дахин босгохгүйн төлөө бүх дэвшилтэд арга технологийг нэвтрүүлж буй Хаягдлын аж ахуйд “танилцах аялал” хийгээрэй гэж бас сануулья. Үүний дараа аюулын хэмжээнд хүрсэн гэх цагаан тоосны бодит байдал хэн бүхэнд нэгийг бодуулах бизээ. Үйлдвэрлэлийн технологийн үйл явцад сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр цагаан тоос дарахын тулд асар  их цаг хугацаа, хөрөнгө зардал, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар гээд олон зүйлийн цогц нэгдэл энд шингэснийг бас харах буйзаа.
   Эрдэнэт бол хариуцлагатай уул уурхайг сонгодог утгаар нь Монголд хөгжүүлж буй  туршлагатай үйлдвэр. Байгаль орчинд учруулах сөрөг нөлөө, ойр орчмын гол ус мөрнийг бохирдуулах эрсдэл гээд олон асуудлыг шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хосолсон оновчтой бодлогоор шийдэж, хариуцлага гэдэг олон салаа мөчиртэй том сагсгар модыг тарьж, тордсоор иржээ. Нийгмийн хариуцлага, улс болон орон нутгийн төсвийн бүрдүүлэлт, ард иргэдийн халамж тэтгэмж, хөгжил дэвшилд оруулж буй хөрөнгө оруулалт гээд Эрдэнэтгүйгээр төсөөлөхийн аргагүй олон хүчин зүйлс тэрхүү том модыг чимж, бас улс орондоо өнгө нэмж буй.
   Бүх зүйл өөрийн гэсэн мөн чанар, сайн муу талыг агуулан оршдог. Тиймээс учрыг нь олж, хужрыг нь сайтар тунгааж хийсэн ажил, шийдсэн асуудал үргэлж зөв болдог. Цагаан тоосны асуудалд ч ийм л байр суурь, харах өнцөг хэрэгтэй байгаа болохоос аймшигт аюул мэтээр хөөргөдөн туйлшрах сэдэв яагаад ч биш.

  

   М.Балжинням
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог