• Нээлттэй ажлын байр

    Ажлын байрны нэрс Ажлын байрны орон тоо Бүртгэл эхлэх дуусах огноо Тавигдах шаардлага Материал хүлээн авах хаяг Вебсайтын мэргэжилтэн 1/нэг/ үндсэн, ажлын байр 2020.03.30-ны өдрөөс 2020.04.10-ны өдрийг дуустал Боловсрол: Дээд Мэргэжил: Програмист, веб дизайнер Мэргэжлийн түвшин: Бакалавр ба түүнээс дээш Туршлага: Веб хөгжүүлэлт чиглэлээр 1-ээс доошгүй жил ажилласан. Мэргэжлийн чадамж: Веб хуудас бүтээх болон график дизайны программуудыг эзэмшсэн байхаас гадна ASP.NET, SQL Server, Javascript, PHP MySQL, Server side includes JSP зэрэг программ хангамжуудын мэдлэгтэй байх, цахим орчинд дүн шинжилгээ, хяналт, судалгааг мэргэжлийн өндөр түвшинд хийдэг байх, мэдээллийн системийн аюулгүй ажиллагаа, хамгаалалтын талаар зохих мэдлэг эзэмшсэн байх, гар утасны веб хөгжүүлэх, Android болон IOS программ хөгжүүлэх Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэдийн материалыг бүртгэлийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын Хүний нөөцийн албаны 212 тоот өрөөнд хүлээн авна. Бүрдүүлэх материалын жагсаалт: 1. Иргэний үнэмлэхийн хуулбар 2. Ажилтны анкет бөглөх 3. Дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх) 4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар Сонгон шалгаруулалтад оролцохдоо бичиг баримтаа эх хувиар нь авч ирнэ. Тухайлбал: иргэний үнэмлэх, диплом, мэргэжлийн үнэмлэх. Анкет болон бүрдүүлж өгсөн материалуудыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.  Харилцах утас: 757-73754. Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.erdenetmc.mn/human_resource/vacancy_2019/ Дэлгэрэнгүй...
  • Ц.НАМЖИЛДОРЖ: Эрчим хүчний чиглэлээр дэвшилтэт ажлууд хийнэ

    Баяжуулах үйлдвэрт оны эхний хагас жилд эрчим хүчний чиглэлээр хийгдэх хөрөнгө оруулалтын  ажлын  талаар Эрчим зүйн албаны дарга Ц.Намжилдоржоос тодрууллаа. -Хөрөнгө оруулалтаар ямар ажлууд хийгдэх вэ? -Эрчим хүчний чиглэлийн хөрөнгө оруулалтаар томоохон гурван ажил хийнэ. Эдгээр нь 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж, тендерт шалгарсан, ихэнх тоног төхөөрөмж нь нийлүүлэгдсэн ажил юм. Одоо бид угсралтын ажилд  бэлтгэж байна. Хамгийн эхэнд Нунтаглан баяжуулах хэсгийн есөн том тээрмийн зөөлөн асаалтын төхөөрөмж солино. Украйн улсад үйлдвэрлэсэн, 2000 онд суурилагдаж, 20 жил ажилласан төхөөрөмж хуучирсан. Үйлдвэрлэгч нь ажиллахаа больж,  сэлбэггүй болсон. Цаашид тээрмийн хэвийн ажиллагааг хангах шаардлагад нийцэхээргүй болсон тул солих шийдвэр гаргасан. Дөрөвдүгээр  сард төхөөрөмж нийлүүлэгдэнэ. -Шинээр тавигдах зөөлөн асаалтын төхөөрөмж ямар онцлогтой вэ? -ABB фирмийн орчин үеийн бүрэн автоматажсан 6 кВольт, 4 мВт давтамжийн хувиргагч юм. Үүнийг ашиглан тээрмийг зөөлөн залгахаас гадна, зөөлөн зогсоох нэмэлт функцтэй. Аливаа тээрмийг зогсоохдоо хүдрээ хоосолдог. Одоо манай практикт тээрмийг 40 минутаас дээш хугацаагаар, үндсэн хурдаар нь эргүүлж зогсоодог. Хүдэр багассан үед тээрэм дэх шаар болон хуягийн хооронд маш их хэмжээний үрэлт, цохилт болж, шаар хагарах, хуяг элэгдэх, гэмтэх нь элбэг. Хүдэр багасахын хэрээр тээрмийн эргэлтийг удаашруулах замаар зөөлөн зогсоосноор  шаар, хуягийн гэмтэл буурч,  эдийн засгийн ихээхэн үр ашиг  гарна гэж бид тооцож байна. -Хийн үлээгүүрийн машин суурилуулна гэсэн. Энэ талаараа...? - Нунтаглан баяжуулах хэсгийн баяжуулалтын машинуудыг баяжуулах процесст шаардлагатай агаараар хангадаг хийн үлээгүүрийн машиныг солихоор бэлтгэж байна. Өмнөх машины агаар шахах хүчин чадал нь минутад 400м3 бол одоо 800м3 болж нэмэгдлээ.  Франц улсад үйлдвэрлэсэн, орчин үеийн  хийн үлээгүүрийн машиныг суурилуулснаар цахилгаан эрчим хүч хэмнэхээс гадна баяжуулах процессыг агаараар хангах нөөц ихсэх давуу талтай. Өнгөрсөн жил яг ийм хийн үлээгүүрийн машин суурилуулсан нь амжилттай ажиллаж байна. -Гурав дахь ажил нь юу вэ? -Нунтаглан баяжуулах хэсгийн есөн тээрмийг зөөлөн асаах үед сэлгэн залгадаг давтамжийн секцийг бүрэн солихоор төлөвлөж байна. Үүнийг суурилуулж эхэлсэн. Өмнөх секц 20 жил ажиллачихлаа. Техник гацах, тээрэм залгах үед цаг хугацаа алдах, контакт алдсанаас асаалт амжилтгүй болох зэрэг доголдол гарч байгаа болохоор бид сольж байна. Ингэхдээ схемийг өөрчилж байгаа. Найман тээрэм өөр, өөрийн цахилгааны секцээс тэжээгддэг схемээр ажиллаж байгаа. Өмнө нь зөвхөн нэгдүгээр секцээс зөөлөн асаалтын төхөөрөмжөөр тээрмийн сүлжээг залгадаг байсан. Өөр секц дээрх өндөр хүчдэлийн системтэй харьцаж залгагддаг учраас энэ системд хөдөлгүүрийг шилжүүлэх үед алдаа гарах магадлал байсан. Иймээс аваар ослоос урьдчилан сэргийлэх үүднээс нэмэлт тоноглол тавьж байгаа юм. Энэ нь тухайн тээрмийн хөдөлгүүр өөрийн тэжээгддэг секцээсээ залгагдаж байгаагаараа найдвартай, дэвшилтэт ажил юм. Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Б.БАТ-ЭРДЭНЭ: Манайхан 14 хоног гэртээ харихгүй тусгаарлагдан ажиллана

    Дэлхий нийтийг хамраад байгаа Covid-19 вирусын халдвараас сэргийлэх үүднээс хилийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн иргэдийг “Эрдэнэт” сувиллын цогцолборт тусгаарлаад байна. Тэдний биеийн байдал, орчин нөхцөл ямар байгаа талаар тус цогцолборын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулсан юм.  -Одоогоор сувилалд хэчнээн хүн тусгаарлагдаад байна? -Манайд 79 хүн тусгаарлагдсан байснаас тав нь өрхийн эмнэлгийн хяналтад гарсан. Хилийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн хүмүүсийн нэг нь хуурай ханиалгасан учир хойд эмнэлэг рүү шилжүүллээ. Тусгаарлагдсан хүмүүс халуураагүй, биеийн байдал хэвийн байгаа болохоор шинжилгээ авах шаардлагагүй гэж үзсэн.   -Тусгаарлагдсан хүмүүсийн орчин нөхцөл, хэрэглээ хангалт хэр байгаа вэ? -Бид нэг удаагийн хэрэглэлээр хангасан. Өөрсдөө ч тусгаарлагдах бэлтгэлтэй ирсэн байна. Эхний үед аль аль талаасаа элдэв юм шаардаад маргаан гарч байсан ч одоо нөхцөл байдалдаа дасаад хэвийн болсон.  -Нэг өрөөнд хэдүүлээ байгаа вэ? -Хоёроороо байгаа. Бусад өрөөний хүмүүстэй харьцахгүй. Хүн бүрийн үүрэг, хариуцлага, энд мөрдөх дотоод журам, зааврыг нэг бүрчлэн бичиж хэвлээд хавтсанд хийж өгсөн. Уншиж ойлгоод асуудал үүсгэхгүй байгаа.  -Хоолны асуудлыг яаж зохицуулж байгаа вэ? -Манайхан өрөөнүүдийн үүдэнд хоолыг нь тавихад тэд гарч ирж авдаг. Өрөөндөө өөрсдөө аяга тавгаа угааж, ариутгалаа хийдэг. Утсаар байнга мэдээлэл авч байгаа. -Энд байгаа хүмүүс Эрдэнэтийнх үү?     -Үгүй. Хилийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн Монгол улсын иргэд. Олонх нь оюутнууд байна. Янз бүрийн улс орноос дамжиж ирсэн хүмүүс байгаа.  -Хоол, байрны зардал хаанаас гарч байгаа вэ? -Одоогийн байдлаар Онцгой комиссын шийдвэрээр хоногийн төлбөрийг 50 мянган төгрөгөөр тогтоосон. Иргэд өөрсдөө төлөх болов уу. Онцгой комиссын данс руу ороод Эрдэнэт үйлдвэр рүү шилжүүлэх байх. Одоохондоо төлсөн хүн байхгүй.  -Эмнэлгийн ажилчид, эмч, сувилагчид, хоол үйлдвэрлэлийнхэн маань өөрсдийгөө хэрхэн хамгаалж байна? -Гэртээ огт харихгүй, хамт тусгаарлагдсан байгаа. Одоогийн байдлаар манай хоёр эмч, хоёр сувилагч, хоол зөөгч гурван ажилтан, цэвэрлэгээний гурван үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй тусгаарлагдаад ээлжээр ажиллаж байна. -Тэд 14 хоног гэртээ харихгүй ажиллахаар цалинд өөрчлөлт орох уу? -Онцгой байдлын журмын дагуу тушаал гарч, цалин бодогдоод нэмэгдэл хөлс аваад явна. -Ер нь “Эрдэнэт” сувиллын цогцолбор онцгой дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлын үед ямар зохион байгуулалтаар ажиллаж байна вэ? -Манайх өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Автобусанд ажилчдын халуун үзэж, үйлдвэрийн бүтцийн нэгжийн бүх цех, хэсэг дээр өдрийн цагаар ээлжээр ажиллаж байна. Мөн Спорт цогцолбороос 10, Соёл, урлагийн цогцолбороос хоёр хүн дайчилгаанд ажиллаж байгаа. -Корона вирус илэрлээ гэхэд манай бэлтгэл бэлэн байдал бүрэн хангагдсан уу? -Бэлэн байдлыг бүрэн хангасан. Хүчил төрөгчийн аппарат, тоног төхөөрөмж, нэг удаагийн хамгаалах хэрэгслүүд, эм, тариа гээд бүгд нийлүүлэгдсэн. -Баярлалаа. М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Н.БЯМБАДОРЖ: Үйлдвэрлэгч компаниудыг судалж байна

    Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталсан. Энэ хүрээнд томоохон зургаан төсөл шат дараатай хэрэгжихээр тусгасны нэг нь Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх юм. Уг төслийн бэлтгэл, явц байдлын талаар Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын төслийн удирдагч Н.Бямбадоржоос тодрууллаа.   -Ил уурхайд авто тээвэр–конвейерын хосолсон систем нэвтрүүлэх төслийн шаардлага, нөхцөл хэрхэн бүрдсэн бэ? -Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг анх удаа тусгайлан авч үзэж, 2019 оны 6 дугаар сард 224 дүгээр тогтоол гаргасан. Энэхүү тогтоолын дагуу Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 262 дугаар тогтоолоор баталсан нь үйлдвэрийн газрын тогтвортой хөгжил, урт хугацааны бодлогыг тодорхойлсон чухал баримт бичиг болсон юм. Хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  алсын хараа, эрхэм зорилго, хөгжлийн 5 бодлогоо нарийвчлан тодотгож, томоохон зургаан төсөл хэрэгжүүлэх ажил эхлээд байна. Эдгээр төслийг хэрэгжүүлсний үр дүнд 1000 гаруй ажлын байр шинээр бий болох боломжтой. Түүнээс гадна хүдэр боловсруулах хүчин чадлыг 35 сая тоннд хүргэх, хүдэр олборлолт, тээвэрлэлтийн өөрийн өртгийг 20 хүртэл хувиар, хүдэр боловсруулалтын өөрийн өртгийг 10 хүртэл хувиар тус тус бууруулж, жилд 20 орчим сая ам.долларын хэмнэлт гарна. Үйлдвэрийн ашигт ажиллагааны түвшин, өрсөлдөх чадвар ч дээшилнэ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цаашид урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх юм. Ил уурхайн уулын цул тээвэрлэлтэд мөчлөгт урсгалт тээврийн технологи буюу авто тээвэр – конвейерын хосолсон систем нэвтрүүлэх төсөл өнөөгийн нөхцөл байдалтай уялдаатай хойшлуулшгүй чухал ажил. Манай Ил уурхайн гүн 195 м байна. Цаашид +905 м хүртэл ашиглах тохиолдолд хүдэр олборлолт, уулын цул тээвэрлэлтийн зардал жилээс жилд өснө. Иймд Ерөнхий захирлын тушаалаар Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхийн тулд “түлхүүр гардуулах нөхцөл”-тэй тендерийг 2019 оны 11, 12-р сард хоёр удаа цахимаар зарласан. -Компаниудын ирүүлсэн материалын иж бүрдэл хангагдаагүй учир хүчингүй болсон гэж дуулдсан. Одоо ажлын явц ямар байна?   -Тендер шалгаруулалтад FLSmidth компани ABB компанитай хамтарч, мөн Euro Khan LLC /Takraf GmbH/ компани, DMT GmbH компаниуд материалаа ирүүлсэн. Эдгээр компанийн ирүүлсэн материалын иж бүрдэл хангагдаагүй учир хүчингүй болсон нь үнэн. Компаниудын гомдол мэдүүлж байгаагаар цахим тендерийн серверийн саатлаас зарим материалууд бүрэн орж ирээгүй гэсэн нь бидэнд холбогдолгүй юм. Нэгэнт тендер хоёр удаа зарлагдаад хүчингүй болсон болохоор “Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх” төслийн ажлыг гүйцэтгэж чадах туршлагатай, техник, хүн хүчний хувьд бололцоотой, санхүүгийн чадавхтай, өөрийн инженерингийн багтай үйлдвэрлэгч компаниудыг судалсан. Үүний үндсэн дээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шаардлагыг хангасан, хамгийн сайн үнэлэгдэх санал гаргасан хуулийн этгээдийг сонгон хэлэлцээ хийж, гэрээ байгуулахын тулд Ерөнхий захирлын 2020 оны А/36 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийн даргаар Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, нарийн бичгээр Ерөнхий уурхайчин П.Түвшинжаргал нар томилогдон ажиллаж байна. Одоогийн байдлаар хэд хэдэн компани танилцуулга хийх, төслийг хэрэгжүүлэх ажилд оролцохоор саналаа ирүүлсэн ч Covid-19 вирусын халдварын үед үүссэн нөхцөл байдлаас болоод энэ төслийн ажлыг хэрэгжүүлэх үйл явц тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна.  -Баярлалаа. М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Монгол Улс эдийн засгийн хувьд 5 их наяд төгрөгтэй тэнцэх шийдвэр гаргаснаа ард иргэддээ танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан, улсаас авч буй арга хэмжээгээ олон нийтэд танилцууллаа. Үүнд,   1.Иргэд, аж ахуй нэгжийн НДШ-ийг 2020 оны 04/01-10/01 буюу 6 сарын хугацаатай бүрэн чөлөөлж тэглэлээ. 2.Иргэдийн цалин хөлсний 10 хувийн татварыг 2020 оны 04/01-10/01 буюу 6 сарын хугацаатай тэглэлээ. 3. 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг 2020 оны 04/01-10/01 буюу 6 сарын хугацаанд орлогын албан татвараас бүрэн чөлөөллөө. 4. Шинэ коронавирусын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрд сар бүр 200,000 төгрөгийг 3 сарын хугацаанд олгоно. 5. Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчдаас ноолуур худалдан авахад зориулан 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 3 хувийн хүүтэйгээр үйлдвэрлэгчдэд олгоно. 6. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор 18 хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр 10 мянган төгрөгийг 3 сарын хугацаанд боловсролын салбарын хэмнэгдсэн зардлаас олгоно. 7. Нефтийн ханш дэлхийн зах зээл дээр буурсантай холбогдуулан бензиний үнийг хямгадахдаа 04-р сарын 15-наас 300 төгрөгөөр бууруулна хэмээн мэдэгдлээ. Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш цуврал контент #14: Доржсүрэнгийн АМАРЖАРГАЛ

    Төгссөн сургууль: Монгол Улсын Их сургууль, Удирдлагын хөгжлийн институт Мэргэжил: Математикч, удирдлагын арга зүйч, зохион байгуулагч Ажилласан туршлага: Ардын банкны /хуучнаар/ 524-р салбарт нябо, эдийн засагч, Улсын Төв номын санд програмист, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны “Гоо марал” сэтгүүлийн газар сэтгүүлч, Орхон аймгийн Холбооны газар гэрээний мэргэжилтэн инженер, 2015 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Аж ахуй, үйлчилгээний цехийн үйлчилгээний II хэсгийн мастераар ажиллаж байна. Мэргэжил дээшлүүлсэн байдал: МУИС-ийн ОАСС-ийн англи хэлний сургалт, нябо бүртгэлийн мэргэшүүлэх сургалт, аймаг нийслэлийн нийтлэг үйлчилгээний ажилтнуудын сургалтыг дүүргэсэн. Чин хүсэл: Төгс зүйл гэж байдаггүй ч ажлын байрны орчныг төгс байлгахад гойд анхаарч, Монгол Улсын хэмжээнд анх удаа, зөвхөн Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлэх “Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээний ерөнхий стандарт шаардлага”-ыг тэрээр боловсруулсан. Ажлын өрөөг аль хэсгээс нь эхэлж цэвэрлэх, юуг ямар алчуураар арчих, яавал эмх цэгцтэй бөгөөд түргэн шуурхай ажил хөнгөвчлөх вэ, гэсэн нарийн дэг жаягтай энэхүү стандартыг хэрэгжүүлэгч нь Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон юм. Аливаад өөрөөрөө үлгэрлэхийг хичээж ирсэн түүний уйгагүй зан, шинэлэг сэтгэлгээ энэ том үйлдвэрийн цэвэр тохилог орчныг бүрдүүлэхэд үнэтэй хөрөнгө оруулалт байсаар байх болно. -Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? -Өглөө сэрээд эрүүл мэндээ анхаарах үүднээс хамгийн түрүүнд нэг аяга хужиртай ус уудаг. Гэгээн сайхан өглөө болгоныг өөдрөг бодлоор эхэлж, өөртөө болон эргэн тойрны хүмүүстээ аз жаргал бэлэглэх сэн гэж хүсдэг.Би саяхан “Өглөө ажилдаа ирэхэд өрөөг маань гоё цэвэрхэн байлгадаг захиргааны эгчдээ баярлалаа. Гарын бэлгээ өгнө өө. Их ч бай, бага ч бай хүний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй” гэсэн маш гоё пост уншиж, бичсэн хүнийг нь ямар ухаантай, мундаг залуу вэ гэж бахархаж байлаа. Хүн болгон энэ залуу шиг ухаалаг, гэгээлэг байж, бидний хоёр дахь гэр болсон ажлын байрыг тав тухтай, цэвэр тохилог байлгаж, сайхан орчин бүрдүүлэх гэж хичээдэг хамт олны маань хөдөлмөрийг хүндэтгэж, өөрсдийнхөө ээж шиг, эгч шиг хайрлаж хүндэлж харьцаасай гэж хүсэж байна. -Таны амьдралын сэргээш юу вэ? Хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? -Сайхан гэр бүл, сайн найз нөхөд, эрч хүчтэй, ажилсаг хамт олонтойгоо бужигнах л аз жаргал  шүү дээ. Төрсөн нутагтаа, байгалийн сайханд аялах дуртай. Мөн түүхэн болон алдартнуудын амжилтад хүрсэн тухай ном уншиж, түүнээсээ маш их кайф авдаг. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? -Бага, залуудаа багш нараасаа болон ном, сониноос “Мэргэжил бүхэн сайхан” гэж маш их сонсдог байсан ч тухайлан гүнзгий боддоггүй байж. Өнөөдөр хамт олноо хараад, ямар ч ажилд ур чадвар, арга зүй, мэдлэг мэргэшил, хариуцлага, хамгийн чухал нь ажилд хандах хандлага, сэтгэл ямар чухал байдгийг ойлгосон. Бидний ажил бол ерөнхий Захиргааны байрны албан хаагч нарын албан ажлаа явуулах цэвэр тохилог орчныг бүрдүүлэх, үйлдвэрийн нүүр царай болсон төв байрны өнгө үзэмж, гадна, дотор тохижилт, засварыг санаачилж хийх, сантехник, цахилгааны хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, жижүүр, угтах үйлчилгээг өндөр түвшинд ажиллуулахын тулд бүхий л хүч чадлаа дайчлан ажилладаг. Хошигнож хэлбэл, энэ том байрны эзэгтэйн үүргийг гүйцэтгэдэг гэж болно шүү. -Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ? -Аливаа ажлыг хийх арга барил, дарааллыг тогтоож өгсөн стандарт заавал байх ёстой учраас 2017 оноос эхлэн “Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ, ерөнхий шаардлага”-ыг боловсруулсан. Цехийн удирдлагууд болон Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын сургалтын төвтэй хамтран 2018 онд өөрийн цехэд, 2019 онд нийгмийн цехүүдэд стандартаа амжилттай туршин, хэрэгжүүлж байна. Цаашид үйлдвэрийн хэмжээнд ажиллаж буй цэвэрлэгээ үйлчилгээний 300 гаруй ажилтныг сургалтад хамруулж, мэргэжлийн үнэмлэх олгох, цэвэрлэгээ үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, ажлын чанар, үр бүтээмжийг дээшлүүлэхээр хамт олноороо зорилт тавин ажиллаж байна. -Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ? -Завгүй ажилладаг ч илүү их уншиж, цаг үеийн мэдээллээс хоцрохгүйг хичээдэг. -Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач? Таны хобби, сонирхол юу вэ? -Сүүлийн 2 жил иогоор хичээллэж, эрүүл мэнд, дархлаагаа дэмжиж байна. Оюутан байхаасаа урт удаан нас, амар амгалан амьдралыг бэлгэдсэн заан цуглуулж эхэлсэн. Мөн хүүхэд байхаас өөрт суусан, ном унших хоббигоо гээлгүй өнөөг хүрчээ. Телевиз үзэх, сошиал мэдээнээс илүүтэй, зав л олдвол ном уншдаг. -Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө? -Ээжийнхээ “Хүн ЗӨВ л байх ёстой. Зөв амьдарч, хүнд чадлаараа тусалж, зөв явсан хүнийг бурхан дандаа шагнадаг” гэж хэлсэн үгийг одоо ч амьдралдаа байнга санаж, зөв явах сан гэж хичээдэг дээ. -Залуу үеийнхэнд хандан юу хэлэх вэ? -Хамтын гэрээгээр ч бай, сонгон шалгаруулалтаар ч бай Эрдэнэт үйлдвэр гэдэг том айлын хаалгаар ороод ирсэн л бол ажлаа чин сэтгэлээсээ хийх, хандлагаа өөрчлөх, байнга алсыг харж, өөрийгөө хөгжүүлэхийн тулд уйгагүй, хичээнгүй байгаарай гэж хэлмээр байна. Дэлгэрэнгүй...
  • Баяжуулах үйлдвэрт шинэ тээрмийн туршилтын залгалт хийлээ

    Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд 2020 онд хийх техникийн шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ 5.5х6.5 маркийн дөрөвдүгээр тээрэм шинэчлэгдлээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн тээрэм шинэчлэлийн ажил дуусаж, өнөөдөр туршилтын залгалт хийгдэв. Ашиглаж эхэлснээс хойш 32 дахь жилдээ ажиллаж байгаа уг тээрмийг үйлдвэрлэлийн найдвартай, жигд ажиллагааг хангах үүднээс сольж, шинэчлэх шаардлагатай болсон байна. Украйн улсад үйлдвэрлэсэн МШЦ тээрмийг сольж, угсрах ажлыг тус цехийн засварын хэсгийн хамт олон гүйцэтгэж, 72 цагийн туршилтын залгалт хийхэд бэлэн болгожээ.Нунтаглан баяжуулах хэсгийн МШЦ 5.5х6.5 маркийн дөрөвдүгээр тээрэм нь нэг цагт 289 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Шинэ тээрмийг нийт 1056 цагийн хугацаанд сольж, угсрахаар төлөвлөж байсан ч засварын хэсгийнхэн 700 орчим цагт багтаан дуусгажээ. Ингэснээр, үлдэж байгаа 300 гаруй цагт нь 100 мянган тонн хүдэр боловсруулах боломж бүрдсэнийг засварын хэсгийн дарга Д.Наранбаатар онцоллоо. Өөрөөр хэлбэл, хуваарийн дагуу 43 хоногт гүйцэтгэх ажлыг шуурхай зохион байгуулалттай ажилласнаар 29 хоногт багтаан гүйцэтгэсэн байна. Баяжуулах үйлдвэрийн хамт олон 2020 онд 32 сая 300 мянган тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дөрөвдүгээр тээрмийг шинэчлэн, хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулснаар зөвхөн энэ тээрмээр 100 мянган тонн хүдэр боловсруулах боломжтой болжээ. Тодруулбал, цаг хэмнэснээр үйлдвэрлэлийн өндөр бүтээмж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн байна. М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Архивын сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлт хийж байна

    Эрдэнэт үйлдвэрийн Төрөлжсөн архив удирдлагын баримт бичгийн сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлтийн хуваарийн дагуу нийт 36 цех, нэгжээс баримт материал хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллажээ. Одоогоор 26 цех, нэгж баримт материалаа 100 хувь бүрдүүлж өгсөн байна.Энэ ажил 81,5 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд цаасан суурьтай 156, цахимаар 57 хадгаламжийн нэгж, баримт хүлээн авч эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийжээ. Тус архивд үйлдвэрийн бүтцийн нэгжүүд  байнга хадгалах үндсэн үйл ажиллагааны тушаал, 70 жил хадгалах боловсон хүчний хөдөлгөөний тушаал, халагдсан ажилтнуудын хувийн карт, хөлсөөр ажиллах гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, баримт бичиг нягтлан шалгах комиссын хурлын тэмдэглэлийг хүлээлгэн өгөх үүрэгтэй. Эдгээр баримт бичгийг үндсэн цехүүд  бүрэн хүлээлгэн өгсөн бол Экспорт, борлуулалтын хэлтэс, Хөгжлийн хэлтэс,Эдийн засгийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны хэлтэс, Геологи маркшейдрийн хэлтэс архив зүйн заавар зөвлөгөө авч баримт бичгүүдээ цэгцэлж байгаа аж.                                                                                                                         Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Шинэ насос суурилуулах ажил үе шаттай хийгдэнэ

    Эрдэнэт үйлдвэрийн  техник технологийн шинэчлэлийн хүрээнд Ус хангамжийн цехэд шинэ насоснууд суурилуулах ажил явагдаж байна. Энэ нь 1978 оноос ашиглаж буй Эргэлтийн ус хангамжийн хэсгийн ЦН3000-197 насосыг Япон улсын EBARA фирмийн  600*400CJNM маркийн насосоор үе шаттайгаар солих ажил юм.  Эхний  насос суурилуулах ажил  Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн баталсан графикийн дагуу явж байна. Уг ажлын зураг төсвийг Зураг төслийн  хүрээлэн гаргасан бол БЗЦ-ийн Б. Бямбадорж мастертай бригад эхний насосны суурийн ажлыг гүйцэтгэв. Эргэлтийн ус хангамжийн хэсгийн засварын бригад Цахилгаан удирдлагын болон шугам хоолойн угсралтын ажлыг хийх бөгөөд 4-р сарын 20-нд ашиглалтад оруулна. Одоогоор цахилгааны удирдлагын шкаф хүчний болон хяналтын  кабелийн угсралт холболт, шугам хоолойн  ажлыг тус цехийнхэн дотоод нөөц бололцоогоо ашиглан хийж байна. Уг насосыг сольсноор эргэлтийн ус хангамжийн найдвартай жигд ажиллагаа сайжирч, цахилгаан эрчим хүч болон засвар үйлчилгээний зардлыг хэмнэх юм.                                                                                                           Т.Батчулуун Фото: Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Үйлдвэрчний эвлэл “Эрдэнэт” сувиллын цогцолборт амны хаалт хандивлав

    Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчид дэлхий нийтийг хамарсан цар тахал Covid-19 вирусын халдварын үед хүнд нөхцөлд ард иргэдийн эрүүл энхийн манаанд тэргүүн эгнээнд ажиллаж буй “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч, эмнэлгийн ажилтнуудад нэг хэрэглээний 1000 ширхэг амны хаалт хандивлахаар шийдвэрлэснээ өнөөдөр гардуулав. Тус холбооны гишүүд вирусын халдвараас ажилчдаа сэргийлэх үүднээс дархлаажуулалтын болон витаминжуулалтын аяныг “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, Дулааны цахилгаан станц, Засвар угсралтын цех, Зураг төслийн хүрээлэн, Захиргаа, аж ахуйн цехэд өрнүүлсэн бол энэ удаа “Эрдэнэт” сувиллын цогцолборын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн хүсэлтээр амны хаалт хандивлалаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хандив тусламж, сайн үйлсийн аян үргэлжилнэ гэж Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяр ярьсан юм. Одоогийн байдлаар “Эрдэнэт” сувиллын цогцолборт 75 хүн тусгаарлагдаад байна. Хилийн “Алтанбулаг” боомтоор орж ирэн тусгаарлагдсан Монгол иргэдийн олонх нь оюутнууд байна. Тэдний дөрөв нь өрхийн эмнэлгийн хяналтад өчигдөр гарсан бол маргааш ОХУ-ын нэг иргэн тусгаарлалтаас гэрийн хяналтад шилжинэ. Халуун цэг дээр хоёр эмч, хоёр сувилагч, хоол зөөгч гурван ажилтан, цэвэрлэгээний гурван үйлчлэгч хамт тусгаарлагдан ажил үүргээ гүйцэтгэж байна.    М.Одгэрэл Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Нэвтрүүлэг

     Монгол Улсын эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Эрдэнэт үйлдвэр  та бидний анхаарлын төвд байнга байдаг онц чухал объект. Энэ ч утгаараа тус үйлдвэрийн талаар яригддаг аливаа асуудлаар үнэн бодит мэдээлэл авахыг, гол эх сурвалжуудын тайлбарыг олон нийт цаг ямагт хүсдэг. Иймд сүүлийн үед үйл явдлын халуун цэг болж байгаа тус үйлдвэрийн талаархи мэдээллийг уншигчдадаа хүргэхээр“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)  Х.Бадамсүрэнтэй уулзаж ярилцлаа.


“БИ УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХҮН, ТӨРИЙН ХҮН”  

    - Бадамсүрэн гэдэг хувь хүн талаасаа ч, таны удирдаж буй Эрдэнэт үйлдвэр ч ялгаагүй сүүлийн хоёр сар үйл явдлын халуун цэг, дуулиан шуугиан дунд байлаа. Одоо үйлдвэрийн статус өөрчлөгдөж, Төрийн өмчит үйлдвэрийн газар болчихлоо. Хэдийгээр ийм өөрчлөлтүүд хийгдсэн ч Та энэ том айлыг үргэлжлүүлэн удирдахаар томилогдсонд баяр хүргэе ээ.
     - Баярлалаа.

     - Үнэнийг хэлэхэд, үйлдвэрийн статус өөрчлөгдөх шийдвэр гарахтай зэрэгцээд Таныг бас солигдох нь гэсэн яриа хөөрөө олон нийт төдийгүй салбарынхан дунд өрнөсөн.  Гэхдээ ийм зүйл болсонгүй.  Хамгийн гол нь, Эрдэнэт үйлдвэрийг сүүлийн хоёр жил дараалан түүхэндээ бичигдээгүй өндөр үр ашиг, үйлдвэрлэл, эдийн засгийн дээд үзүүлэлттэй удирдсан, мөн уул уурхайн салбар дахь мэдлэг, туршлагыг тань Засгийн газар, Ерөнхий сайд үнэлсэн болов уу гэж харж байна?  
    - Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн гуравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК статусын хувьд өөрчлөгдөж, ТӨҮГ боллоо. Засгийн газар намайг  үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэлээ. Энэ нь миний мэргэжил, мэдлэг, уул уурхайн салбарт ажилласан дадлага, туршлага болон Эрдэнэт үйлдвэрийг сүүлийн хоёр жил амаргүй хугацаанд удирдсан ажлын үр дүнг  харгалзаж, шийдвэр гаргасан байх.
   Ер нь үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн жигд, тасралтгүй явуулах, тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна даа. Миний хувьд тасралтгүй, байнгын ажиллагаатай энэ том үйлдвэрийг мэргэжлийн болон зохион байгуулалтын өндөр түвшинд удирдаж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам, тэрчлэн ам, ажлын нэгдлийг ханган ажиллах нь өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж, зорилгодоо хүрэх үндэс болно гэж үздэг.  Энэ нь ч өнгөрсөн жил үйлдвэр маань  40 жилийн түүхэндээ үйлдвэрлэл, эдийн засгийн хамгийн өндөр үр ашигтай ажиллах гол хөшүүрэг боллоо. Мэдээж уурхайчид хамт олны  минь  хичээл зүтгэл, бүтээлч үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Манай хамт олон 2017, 2018 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 102-152 хувиар биелүүлсэн. Хүдэр дэх зэсийн агуулга 2018 онд үйлдвэрийн 40 жилийн хугацаанд хамгийн бага буюу 0.480 хувь байхад зэсийн металл авалтыг 89.49 хувьд хүргэж, түүхэн дээд үзүүлэлт тогтоосон. Түүнчлэн 2019 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 100-113 хувиар биелүүлээд, ажиллаж байна.
     Эрдэнэт үйлдвэр нь 2016 онд 184 тэрбум, 2017 онд 580 тэрбум, 2018 онд 655 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тус тус төвлөрүүлсэн. Мөн энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 251 тэрбум төгрөг төсөвт оруулаад байна.
     Өнгөрсөн 2018 онд борлуулалтын орлого 2.0 их наяд төгрөгт хүрсэн нь 40 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Үйл ажиллагааны үр дүнтэйгээ уялдуулан ажилтнуудынхаа цалин, урамшууллын санг 2017 онд 10-20 хувиар хоёр удаа, 2018 онд 15 хүртэл хувиар нэмлээ. Цаашид бидэнд хийх ажил их бий. Ирэх тавдугаар сарын 1-нээс үйлдвэрийн хэмжээнд бүтээн байгуулалтын олон ажлууд эхэлнэ. Энэ том ажлын угтал болгож, баялаг бүтээгч уурхайчдынхаа цалинг нэмэхээр үндэслэл тооцоо, судалгаа гаргаж байна.

     - Та ингэхэд хэний хүн бэ?
     - Намайг Хоохорын Бадамсүрэн гэдэг шүү дээ. /инээв/

    - Уучлаарай, арай өөр утгаар гэх үү дээ. Албан тушаалд очиход ч юм уу, ер нь л бүх зүйлд дэмжлэггүй хүн явдаггүй болсон цаг юм биш үү?
     - Ойлгож байнаа. Таны асуултанд хариулахын тулд өөрийнхөө талаар хэдэн үг хэлэх ёстой юм болов уу. Би уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй хүн. ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг төгсөж, уул уурхайн салбартай  хувь заяагаа холбосон доо. Дараа нь ОХУ-ын Өнгөт металлургийн яамны дэргэдэх Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтын Удирдлагын дээд курсыг дүүргэсэн. Мөн АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотын эдийн засгийн дээд сургуульд англи хэл, эдийн засаг, удирдлагын чиглэлээр, АНУ-ын Денвер хотын “The bridge International” сургуульд бизнесийн англи хэлний чиглэлээр тус тус  мэргэжил дээшлүүлсэн. 1999  онд   ОХУ-ын   Москва  хотын  Уул  уурхайн  их  сургуульд  Техникийн  ухааны  докторын  /Ph.D/, 2004 онд мөн сургуульд Техникийн  шинжлэх  ухааны  докторын /Sc.D/ зэрэг хамгаалсан.
     Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, уул уурхайн салбарт тасралтгүй 32 жил, түүний дотор төрийн яаманд 12 жил, УИХ-ын гишүүнээр сонгогдон дөрвөн жил ажиллалаа. Уул уурхайн үйлдвэрлэлд 15 дахь жилдээ ажиллаж байна даа. Ингээд бодохоор би төрийн бодлогоор бэлтгэгдсэн уул уурхайн салбарын хүн, төрийн хүн.

     - Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлаар Эрдэнэт үйлдвэрийн асуудал ороод удаагүй байна. Ямар асуудал хөндөгдсөн бэ? Та олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх үү?
     - Монгол Улсын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн дүрмийг баталж, Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлаар зохион байгуулалтын бүтэц, 2019 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг баталж өглөө.  Эрдэнэт үйлдвэр маань алсын хараа, эрхэм зорилго, ирээдүйн хөгжлийн үндсэн чиглэлээ хэрэгжүүлэхэд ажлын уялдаа холбоо нь хангагдсан, оновчтой, боломжийн зохион байгуулалт бүхий шинэ бүтэцтэй боллоо. Батлагдсан бүтцийн дагуу зохион байгуулалтын ажлууд хийгдэж дууслаа. Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг өнгөрсөн оныхоос бууруулалгүй, хүрсэн түвшингээ хадгалахаар батлуулаад  ажиллаж байна.  

     - Яг энэ асуудалтай холбогдоод олны анхаарлыг татсан олон асуулт хөврөх шинжтэй. Бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдлөө. Ер нь халаа сэлгээ хэр хийгдэх вэ. Ингэхэд улс төрийнхний зүгээс шахалт, дарамт ирж байна уу?
     - Зөвхөн томилгоо гэлтгүй, үйлдвэрийн үйл ажиллагаатай холбогдуулан энд тэндээс дарамт шахалт үзүүлдэг асуудал байхгүй дээ. Энэ удаагийн томилгоонд харин ч  улс төрийн болон төр засгийн шахалт байгаагүй ээ. Удирдах ажилтныг томилохдоо мэргэжил, мэргэшсэн байдал, тухайн хамт олон дундаа хүлээн зөвшөөрөгдөх, ёс зүйтэй байх, ажилдаа хандах хандлага, хариуцлага зэргийг гол шалгуур болгосон.  Ер нь бол мерит зарчим баримталсан. Тэгээд ч уул уурхайн үйлдвэрийн онцлог гэж бий. Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтан, ажилчдын нас харьцангуй залуужиж байна. Нийт ажилтны 65 орчим хувь нь 40 хүртэл насныхан байх жишээтэй. Баг, хамт олны хувьд хүнээ сургах, дадлагажуулах, залгамж халаагаа бэлдэхэд бодлоготой ажиллах ёстой. Баг болж ажиллах, баг бүрдүүлэх гэдгийг би өргөн утгаар нь хардаг. Энэ үйлдвэрт ажиллаж байгаа 6500 гаруй ажилтан, ажилчид бүгд л миний багийнхан. Тиймээс батлагдсан бүтцийн хүрээнд боловсон хүчний дотоод нөөц бололцоогоо ашиглан мэргэжлийн, дадлага туршлагатай, ажлаа мэддэг, зөв хүмүүсийг бүх шатанд томилсон гэж ойлгож байгаа. Залуучуудад нэг талаас карьер өсөх боломж олгож, нөгөө талаас ачаа, хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь, цаашид бид улам эрч хүчтэй, үр бүтээлтэй, хүнд сурталгүй, цэгц шударга ажиллах нь чухал. Эрдэнэт үйлдвэрт Монголчууд хайртай. Энэ үйлдвэртэй ажил амьдралаа холбоно гэдэг хүн бүхэнд тохиогоод байх хувь заяа биш учраас уурхайчид, хамт олон маань энэ сайхан үйлдвэрээ нүдний цөцгий мэт хайрлаж эрхэмлэдэг байгаасай. Бүхий л талаараа үүрэг хариуцлагаа өндөрт ухамсарлаж, хичээж ажиллаасай гэж боддог.

    - Эрдэнэт үйлдвэрийг хамтарсан үйлдвэр байхад Орос мэргэжилтнүүд олноороо байсан. Эдүгээ 100 хувь үндэсний үйлдвэр боллоо. Орос мэргэжилтнүүд  таны баг хамт олон дунд одоо бий юу?
    - Уул уурхайн энэ том үйлдвэрийг барьж байгуулах, өдий зэрэгт хүргэхэд яах аргагүй ЗХУ-ын Засгийн газар, оросын ард түмний дэмжлэг туслалцаа их байсан. Тэр ч утгаараа өнөөг хүртэл Орос мэргэжилтнүүд маань ажиллаж байгаа. 300 орчим хүн бий.  Үйлдвэрийн дэргэд орос цэцэрлэг, сургууль, эмнэлэг ажиллаж байна. Бид аль ч цаг үед орос ах нар, анд нөхдөө мартах учиргүй.

     - Эрдэнэт үйлдвэрийг ТӨҮГ болгосноор шахааны бизнес цэцэглэнэ гэх яриа байна. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?
    
- ТӨҮГ болсноор шахааны бизнес цэцэглэнэ гэсэн хардлага, яриа хөөрөө байх шиг байна. Худалдан авалт, хангамжтай холбоотой мэдээлэл уг нь ил тод байгаа шүү дээ. 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 130 гаруй гэрээ байгуулагдаж, 93 орчим сая ам.долларын үнийн дүн бүхий худалдан авалт хийгээд байна. Эдгээр ажлууд бүгд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу зохион байгуулагдаж байгаа. Худалдан авалтын үйл ажиллагаа буюу тендер шалгаруулалт хуулийн хүрээнд олон нийтэд нээлттэй.  Бүх тендерийн урилгыг өдөр тутмын сонин хэвлэлд нийтлэхийн зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийн www.erdenetmc.mn  цахим хуудсанд байршуулдаг тул сонирхсон хүнд  оролцох боломж бий.  Ер нь төрд шилжихээр муу болчихно гэж юу байхав, төр муу менежер гэдэгтээ би санал нийлдэггүй хүн. Үүнийг үйл ажиллагаагаараа харуулна.
 

АРБИТРЫН ШИЙДВЭР ҮЙЛДВЭРТ ХАТУУ ТУСЧ БАЙСАН

     - Тантай уулзчихаад Стандарт банкны асуудлыг хөндөхгүй байж болохгүй байх аа. Үйлдвэр удирдаж байгаа цаг хугацаанд тань хамгийн хүнд асуудал Стандарт банктай холбоотой өр төлбөр мэдээж байсан биз ээ. Элдэв хардлага, сэрдлэг дунд яваа ч гэлээ тус банкны өр төлбөрийн ард гарчихлаа?
    - Эрдэнэт үйлдвэртэй холбоотой нэлээд дуулиан шуугиан тарьсан асуудал бол яах аргагүй Стандарт банкны хэрэг байлаа. Намайг энд томилогдож ирэх үед л толгойны өвчин болсон амаргүй, маш ярвигтай асуудал байсан даа. Олон улсын Арбитрийн шүүхээс гаргасан шийдвэр нь үйлдвэрт үнэхээр хатуу тусч байв. Английн хууль тогтоомж чанга юм. Энэ төлбөр тооцоог хийхгүй бол үйлдвэрийн мөнгөн урсгалыг царцаах, үндсэн хөрөнгийг битүүмжлэх, үйлдвэрийн удирдлагын үйл ажиллагааг хязгаарлах, хорих цагдах гээд эрсдэл дагуулсан олон асуудал үүсэх байлаа. Стандарт  банкны зүгээс өр төлбөрийг гуравдагч этгээдэд зарах асуудлыг хүртэл хөндөж байсан юм билээ.  Ийм нөхцөл байдал үүсвэл Эрдэнэт үйлдвэрт маш их аюул, эрсдэл нүүрлэх байсан. Үйлдвэртэй харилцдаг компаниудад “Бидний болон тэдгээр компанийн үйл ажиллагааг хязгаарлах, царцаах тухай Английн Арбитрийн шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн бичиг хүргэгдсэн” байдаг. Энэ бол аюулын дохио байлаа. Тиймээс хурдан, яаралтай арга хэмжээ авахаас өөр арга зам байгаагүй.
     Хамгийн гол нь үйлдвэртээ хор хохирол багатайгаар, улс орныхоо нэр хүндэд сөрөг үр дагавар гаргахгүйгээр шийдвэрлэхийн төлөө л дээр дооргүй ажилласан. Юуны түрүүнд хоног тутам өсөн нэмэгдэж байгаа хүүг зогсоох, Олон улсын Арбитрийн шүүхээр шийдэгдсэн мөнгөн дүнг багасгах асуудлаар олон сар хөөцөлдөж  явсны эцэст бид хүү торгууль, алданги нийлээд 115 сая орчим ам.долларын төлбөр яригдаж байсныг бараг гурав дахин бууруулж, 40 сая ам.доллар төлөөд өр төлбөр, хүү торгуулийг бүрэн хаалаа.  Эрдэнэт үйлдвэр гадаад талдаа өр төлбөргүй болж,  бид нэр төрөө цэвэрлэж чадсан.  Хамгийн гол нь бид энэ өр төлбөрийг төлөөгүй бол ямар эрсдэл үүсэх байсан бэ гэдгийг манай ард түмэн ойлгоно байх аа. Эрсдэл Монголын төрд ч,  Эрдэнэт үйлдвэрт  ч байсан. Түүнээс л бид улс орноо, үйлдвэрээ хамгаалсан хэрэг.  

     - Ингэхэд “Ocean Partners” гэж ямар учиртай компани юм бэ? Яг 40 сая ам.доллар төлсөн үү, эсвэл зэсийн баяжмалаар төлбөр хийчив үү гээд элдэв хардлагаар чамгүй нүдүүллээ. Та бүхний зүгээс дор нь хариу тайлбар өгөөгүй. Учиртай л байсан биз?
     - Энэ асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй байв. Стандарт банкинд 40 сая ам.доллар төлөгдмөгц  тухайн банкны зүгээс шууд хариу өгөх боломж байдаггүй юм билээ. Ямар ч гадаад төлбөр тооцоонд тодорхой хугацаа шаарддаг. Их нарийн, олон шат дамжлагатай юм. Энэ зарчмаар л процесс өрнөсөн.
     Эрдэнэт үйлдвэрийн тухайд 10 гаруй трейдер компанитай харилцдаг. Тэдний нэг “Оcean Partners” нь дэлхийн зах зээл дээр  ашигт малтмалын гаралтай бүтээгдэхүүний  худалдаанд дээгүүрт эрэмбэлэгддэг томоохон трэйдэр компани юм. Эрдэнэт үйлдвэртэй  олон жил хамтран ажилласан түүхтэй. Ер нь үйлдвэрийн үйл ажиллагаа тогтвортой байх нь  трейдэр компаниудад ч хэрэгтэй тэр л зарчмаар ажилласан. “Оcean Partners” зуучлал үзүүлсэндээ ямарваа нэг хөлс, шан харамж огт аваагүй ээ.

     - Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангийн талаар та тодорхой мэдээлэл өгөх үү.  Энэ сангаас  Ш.Батхүү гэдэг хүний өрийг төлснөөр үйлдвэрийн цаашдын үйл ажиллагаанд хүндрэл учрахгүй байгаа?
     - Эрдэнэт үйлдвэр Стандарт банктай холбоотой хэрэг маргааны улмаас төлж болзошгүй өр төлбөрийн нөөц санг 2016 онд анх байгуулсан. Ингэхдээ KPMG олон улсын аудитын байгууллагын зөвлөмжийг баримталсан. Мөн 2017 онд  нөөц санг нэмэгдүүлсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу хоног тутамд хүүгийн зардал нэмэгдэж байсан тул нөөц сангийн тооцооллыг 2018 оны эцэст дахин шинэчилсэн. Ийнхүү “Болзошгүй өр төлбөрийн нөөц” буюу эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар төллөө. Ийм сан байгуулж компанийн зардал, хүлээх хариуцлагыг зохих хугацаанд нь  хамааруулан бүртгэж байсан нь том дүн бүхий алдагдал нэг дор хүлээх эрсдэлийг бууруулсан юм. Өөрөөр хэлбэл, татварын дараахь хуримтлагдсан ашгаас нөөц сан байгуулсан тул энэ сангаас төлсөн төлбөр Эрдэнэт үйлдвэрээс төсөвт төлөх татварын хэмжээг бууруулаагүй болно. Энэ төлбөр Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл учруулахгүй. Үйлдвэр маань одоо ч, цаашдаа ч  хэвийн ажиллана.

     - Эрсдэлийн сангаас өр төлбөрийг барагдуулчихдаг юм байж. Эргээд Ш.Батхүү нарын хүмүүсээс мөнгөө яаж олж авах вэ? Улсын мөнгөөр хувийн бизнесмэний өрийг дарчихлаа гэсэн шүүмжлэл маш их байна.
     - Стандарт банкинд төлсөн мөнгөө буруутай этгээдүүдээс олж авахын төлөө үйлдвэр ажиллаж байна, ажиллах ч болно. Төр өмч хөрөнгөө хамгаалах ёстой. Өмнө нь  Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь төрийн өмч байсан бол одоо  100 хувь төрийнх боллоо. Тэр тусмаа өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг илүү сайжруулж, хариуцлагажуулах учиртай. Ш.Батхүү нарын Эрдэнэт үйлдвэрт учруулсан хохирол, тус үйлдвэрээс гаргасан зардлыг бодитоор тооцож, нэхэмжлэх ажлуудыг хийж байна. Гэм буруутай этгээдүүдийн  эд хөрөнгийг судлан тогтоох, битүүмжлэх,  Эрдэнэт үйлдвэрийг хохирол, зардлаа олж авахад хууль хяналтын байгууллагууд тусална  гэдэгт найдаж байна. Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ч өмчөө хамгаалж, дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа.

     - Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэж Монголчууд ярьдаг даа. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шүүхийн маргаантай өөр асуудлууд ч бий гэлцдэг.  Одоо байдал яг ямар байна вэ.  Энэ талаар илүү тодорхой мэдээлэл  өгөх үү?  
     - Намайг ажил хүлээж авах үед Эрдэнэт үйлдвэртэй холбоотой Арбитрын хэд хэдэн хэрэг маргаан үүссэн байсан. Эдгээр асуудлыг үндсэндээ шийдвэрлэж дууслаа.
     Тухайлбал, MRI trading AG компанитай 2005, 2009 онд тус тус байгуулсан зэсийн баяжмал нийлүүлэх гэрээний үүргээ Эрдэнэт үйлдвэр биелүүлээгүй гэсэн үндэслэлээр манайхыг 2008 онд Лондоны олон улсын Арбитрын шүүхэд өгсөн нь айлын талд шийдвэрлэгдсэн.  Энэ бол 8.34 сая ам.долларын нэхэмжлэлтэй хэрэг л дээ. Английн шүүх энэ мөнгийг гаргуулахын тулд Эрдэнэт үйлдвэрийн гадаад дахь хөрөнгө дансыг битүүмжлэх захирамж гаргасан. Түүгээр ч зогсохгүй трейдер компаниудаас Эрдэнэт үйлдвэрт төлөх байсан 22.7 сая ам долларыг гадаадын банкууд дээр 2017 оны нэгдүгээр сард шууд царцаасан. Ингэж үйлдвэрийн үйл ажиллагаанд хохирол учруулах аюул нүүрлэсэн тул манай зүгээс яаралтай арга хэмжээ авч, хэлцэл хийж, өр төлбөрийг 590 мянган ам доллараар бууруулан, 7.75 сая ам.доллар төлж уг хэргийг хаасан.
     Яг үүнтэй адил нөхцөл байдал Стандарт банкин дээр үүссэн л дээ. Бидэнд өмнө нь том сургамж байсан, хэрвээ төлөхгүй бол дээрх байдал давтагдах байсан учраас л бид яаравчилсан хэрэг.
     Мөн л 20 гаран жил яригдсан “Балхашмыс” компаниас авах 20 сая ам.долларын өрийн асуудал байв. Хэлцэл хийж, хуваарь гаргаж шаргуу хөөцөлдсөний үр дүнд холбогдох компаниас мөнгөө бүрэн авч дууслаа.  Бид энэ 20 сая ам.долларыг  эргээд улс эх оронд, үйлдвэрт үр ашгаа өгөх ажил, төсөл, тодорхой бүтээн байгуулалтад зарцуулна. “Балхашмыс” компанитай холбоотой олон жил хуримтлагдсан өрийн асуудлыг шийдэхэд Гадаад харилцааны яам зохих дэмжлэг, туслалцаа үзүүлсэн гэдгийг зориуд тэмдэглэж хэлье.
     Ер нь бол олон арван жил яригдсан, олны хараа сонорт хүрсэн, ялангуяа мөнгөтэй холбоотой асуудлыг нэг тийш нь болгоход ярих ч зүйл байна. Хэлэхгүй азнах ч цаг үе гэж байна. Гэрээ хэлцлээр хүлээсэн үүрэг ч гэж байдаг.  Яриа хөөрөөг үр дүнтэй болгохын тулд зарим үед ам хэлээ хамхих ч шаардлага гарч байсан. Ийм л нөхцөл байдлын улмаас  Эрдэнэт үйлдвэртэй холбоо бүхий шүүхийн маргаантай, олон жил ужгирч сунжирсан, арбитрийн нэхэмжлэлтэй хэргүүдийн талаар товч хариултыг хэвлэл мэдээллийнхэнд өгч байв.  Зарим үед хариулахгүй ч байсан тохиолдол бий. Улс орны эрх ашиг, Эрдэнэт үйлдвэр шиг том компанид бизнесийн нууц гэж байдгийг манай хэвлэл мэдээллиийнхэн ойлгож байсан байх аа.  Харин одоо гадаад талдаа өр авлагын асуудлуудыг Эрдэнэт үйлдвэр бүрэн  цэгцэлж дууслаа. Авлага ч үгүй, өр ч үгүй боллоо. Тиймээс цаг нь болсон гэж үзэн, таны асуултанд  тодорхой тоо баримттай, илэн далангүй ярьлаа.
 

ҮЙЛДВЭРИЙН НАСЖИЛТЫГ 20 ЖИЛЭЭР УРТАСГАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛЛЭЭ

     - Хэл ам, хар сэр дагуулсан асуудлуудад тодорхой тайлбар өгсөнд баярлалаа. Одоо харин ярилцлагаа Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй рүү чиглүүлье. Ойрын болон хэтийн зорилго, зорилтууд, ямар бодлого чиглэл баримталж ажиллаж байна вэ?
     - Стратегийн ач холбогдолтой энэ том үйлдвэрийг удирдаж байгаа хүний хувьд бодлогын асуудлаа ард түмэнтэйгээ хуваалцах ёстой байх аа. Аливаа асуудлаар хаа хаанаа үнэн зөв мэдээлэлтэй, цэгцтэй ойлголттой байх явдал чухал. Тэгж байж л улс орны эдийн засагт чухал нөлөөтэй  үйлдвэрийн талаар Mонголчууд маань үнэн зөв ойлголттой, нэгдсэн байр суурьтай  болно. Эрдэнэт үйлдвэртэй амьдрал, хувь заягаа холбосон ажилтан,  ажилчид маань ирээдүйдээ итгэлтэй байх болно гэж бодож байна.  
     Уурхайчид бид үйлдвэрийнхээ өнөөгийн үйл ажиллагааг сайн явуулахын зэрэгцээ алс ирээдүйдээ онцгой анхаарах шаардлага байгаа. Тиймээс ч үйлдвэрээ хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийг гаргасан. Энэ үндсэн чиглэлээ тав, таван жилээр төлөвлөлөө. Томоохон 5-6 төсөл хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл нь бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, эцсийн дүндээ үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэх юм. Энэ ажлуудаа бизнес төлөвлөгөөнд нарийвчлан тусгаад хэрэгжүүлээд эхэлсэн.
     2019 он бол төслүүдээ эхлүүлэх,  хийж хэрэгжүүлэх онцгой жил. Нийтдээ 410 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд энэ жил хийгдэнэ.  Тавдугаар сарын 1-нээс Эрдэнэт үйлдвэр бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэх гэж байна. Ингэхдээ Орхон аймгийн удирдлагуудтай ярилцаж, орон нутагт нэг зэрэг эдгээр ажлын нээлтээ хийхээр тохирсон. Монгол орон маань эргэх дөрвөн цагийн улиралтай, эрс тэс уур амьсгалтай. Жилийн бараг талаас илүү нь хүйтэн сэрүүний улирал байдаг. Тиймээс үйлдвэрийн хэмжээнд хийгдэх их засвар, өргөтгөл шинэчлэл, томоохон төслүүдээ урин дулааны улиралдаа багтаан хийж амжуулах, ахиулах зорилгоор бэлтгэлээ хангаж байна. Ингэснээр бид арваннэгдүгээр сар хүртэлхи урин дулааны богинохон цаг хугацаанд амжиж үр ашигтай ажиллах, зарим төлөвлөгөөт ажлаа дуусгах боломж бүрдэнэ.

  

     - Хоногийн 24 цаг тасралтгүй ажилладаг үйлдвэрийн хувьд техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа чухал үүрэгтэй болов уу. Ер нь тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чадав уу?
     - Үйлдвэр маань 41 дэх жилдээ ажиллаж байна. Анх байгуулагдахад нь хамгийн шилдэг, тэргүүний техник, технологи ашигласан байдаг. Техник, тоног төхөөрөмжүүд цагийн уртад элэгдэж, насжилт өндөр болжээ. Хоёр жилийн өмнө намайг ажлаа хүлээн авахад үйлдвэрийн хэмжээнд ашиглаж байгаа нийт техник, тоног төхөөрөмжийн 60-80 хувийг шинэчлэх шаардлагатай болсон нь тулгамдсан асуудлын нэг байлаа. Бид нарийвчилсан дүн шинжилгээ хийж, шинэчлэн сайжруулах, солих ажлыг бодлоготой, үе шаттайгаар хийж байна.
     Өнгөрсөн 2017-2018 онд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд 151 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөс хийж, цех нэгжүүдийнхээ тоног төхөөрөмжийн 10-20 хувийг шинэчиллээ. Үүний үр дүнд техник, тоног төхөөрөмжийн насжилт багасаж, тэр хэрээр үйлдвэрийн найдвартай ажиллагаа дээшилсэн. Цаашид энэ ажил төлөвлөгөөний дагуу, үе шаттайгаар үргэлжилнэ.

     - Үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар дурдлаа. Тухайлбал, ямар чиглэлээр төслүүд хэрэгжүүлэх вэ?
     - Хэрэгжүүлэх төслүүд ихэвчлэн бүтээмжийг дээшлүүлэх, зардал бууруулахад чиглэнэ. Эрдэнэт үйлдвэрийг илүү үр ашигтай ажиллуулахын тулд үндсэн чиглэлийнхээ хүрээнд хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу тодорхой ажлуудыг эхлүүлээд байна.
     Нэгдүгээрт, Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл. Уул уурхайн үйлдвэрлэлийн оршин тогтнохын үндэс нь нөөц баялаг юм.  Манай геологчид 2017-2018 онд геологи хайгуулын ажлыг эрчимтэй хийлээ. Хүдрийн нөөц нэмэгдүүлэх өрөмдлөг үргэлжилж байна. Геологи хайгуулын ажил нь “Эрдэнэтийн-Овоо” ордын хүрээ хязгаарт төдийгүй түүнийг тойрсон 60 км-ийн радиуст явагдаж, сансрын зураглал, агаарын, геофизикийн олон төрлийн судалгаанаас гадна геохими болон геологийн тандан судалгааны ажлуудыг өргөн цар хүрээтэй хийж  байна.
    Ингэснээр уурхай цаашид тогтвортой ажиллах, нөөц баялгийг бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдэх учиртай. Бид геологи хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг 2016 онтой харьцуулахад 2017 онд хоёр дахин, 2018 онд 3.2 дахин нэмэгдүүлж, 67 мянган тууш метр өрөмдлөгийн ажил хийсний үр дүнд “Эрдэнэтийн Овоо” ордын ашиглалтын хугацааг 20 орчим жилээр нэмэгдүүлж, үйлдвэр маань наанадаж  60 жил ажиллах боломж бүрдэж байна.
     Хоёрдугаарт, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл. Энэ төслийг хэрэгжүүлснээр автотээврийн зай хоёр дахин багасгана. Хүдэр олборлох  өртгийг 20 хүртэл хувиар бууруулж, жилд 20 орчим сая ам.долларын хэмнэлт гарна.
    Гуравдугаарт,  Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл.  Энэ төсөл хэрэгжсэнээр хүдэр бэлтгэх, хөвүүлэн баяжуулах хэсгийн олон тооны бага хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжүүдийг өндөр хүчин чадалтай орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр сольж,  сүүлийн үеийн технологийг нэвтрүүлнэ. Ингэснээр хүдэр боловсруулах өртөг зардлыг 10 хүртэл хувиар бууруулахаар тооцож байна.  
     Дөрөвдүгээрт, Засвар механикийн заводыг өргөтгөн шинэчлэх төсөл. Энэ төслийн хүрээнд уг заводыг импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр өргөтгөж, цар хүрээг нь тэлж ажиллуулна. Ер нь бид Засвар механикийн заводыг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд төдийгүй  Монгол Улсын Засвар механикийн завод болгох хэмжээнд өргөжүүлэхээр зорьж, шинэчлэх ажлыг хийнэ. Уул уурхай, эрчим хүч, барилга зэрэг аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуй салбарын хэрэглэгчдэд зориулсан  бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө байна.   
     Тавдугаарт, Уусган баяжуулах технологиор катодын зэс үйлдвэрлэх төсөл. Эрдэнэт үйлдвэр исэлдсэн болон ядуу агуулгатай хүдрийг тусад нь овоолго үүсгэн хадгалдаг. Мөн цаашид ч ийм хүдэр гарна. Баяжуулах үйлдвэрт уламжлалт технологиор боловсруулдаггүй хүдрийг ашиглан уусган баяжуулах аргаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн катодын зэс үйлдвэрлэх үндэслэл тооцоо хийгдэж байна. Хамгийн сүүлийн үеийн, байгаль орчинд халгүй технологи ашиглахаар төлөвлөж байна. Энэ бол нөөц баялгаа иж бүрэн ашиглах чиглэлээр хийгдэх ажил. Үнэлэмж өндөртэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг эрж хайж, судалж байна.
     Зургаадугаарт, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл.  Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг хайлуулан боловсруулж, катодын зэс гаргах үйлдвэрийн төслийг салбарын яамны Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан.  Иймээс зэсийн баяжмалыг хайлуулан боловсруулж, катодын зэс гаргах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлдээ тусгасан. Уг төслийг хэрэгжүүлснээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. Энэ төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгаа үндсэн асуудал нь дагалдан гарах хүхрийн хүчлийн асуудал. Зарчмын хувьд бол элемент хүхэр, фосфорын бордоо, гипс үйлдвэрлэх замаар шийдвэрлэх боломжит хувилбарууд бий. Эдгээрээс хамгийн үр ашигтай байх, хэрэгжүүлж болох хувилбарын сонголтын талаар судалгаа, тооцооны ажил хийгдэж байна.
     Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр 1000 гаруй ажлын байр шинээр бий болох боломжтой юм.

     - Эрдэнэт үйлдвэрийн хүдэр олборлолт, боловсруулалтын хэмжээ өсч байна уу? Тулгамдаж буй асуудал бий юу?
   - “Эрдэнэтийн-Овоо” ордыг үндсэндээ 40 гаруй  жил ашиглачихлаа. Уурхай маань жилээс жилд гүнзгийрч, уул-геологийн нөхцөл хүндэрч байна. Хүдрийн агуулга буурч, хатуулаг нь нэмэгдэж байна. Мөн хүдрийн хаягдал, бохирдол өсөх хандлагатай байгаа. Энэ нь өртөг зардлыг нэмэгдүүлэх хүчин зүйлс болж байна. Эдгээр тулгамдсан асуудлыг бид техник технологийнхоо шинэчлэлтээр шийднэ. Нэгэнтээ боловсруулах хүдрийн агуулга буурч байгаа нь баяжуулах фабрикийн үзүүлэлтүүдэд  сөргөөр нөлөөлнө. Иймээс баяжуулах фабрикийн техник технологийг шинэчлэх шаардлага ажил амьдралаас урган гарч байна. Магадгүй хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага ч гарах байх.

     - Эрдэнэт үйлдвэр хэр үр ашигтай ажиллах нь дэлхийн зах зээл дээрх зэсийн үнээс хамааралтай байдаг. Энэхүү гадаад зах зээлийн орчин та бүхний ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?
      - Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тогтворгүй байна. Тухайлбал, бид 2019 онд улсын төсөвт тусгагдсаны дагуу нэг тонн зэсийн үнийг 6272 ам.доллар байхаар төлөвлөсөн. Энэ оны нэгдүгээр улирлын дунджаар дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ бидний төлөвлөсөн хэмжээнээс 50 гаруй ам.доллароор доогуур байлаа.  Энэ нь өртөг зардлаа хямгадаж ажиллах, арвилан хэмнэлтийн бодлогыг тууштай явуулах зайлшгүй шаардлагатайг сануулж байна. Тэр ч утгаараа бид үйлдвэрлэл, эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлж байна. Энэхүү шинэчлэлийг хийхдээ уламжлал-шинэчлэлийн зарчим  баримталж, цех, нэгж бүрийн онцлогт тохируулна.
     Шинэчлэлт өөрчлөлт хийснээр цех, нэгжийн бие даасан байдал дээшилнэ. Мэдээж ажлын уялдаа холбоо сайжирна. Өртөг, зардал буурна гэж тооцож байна. Эрдэнэт үйлдвэр 24 цагийн турш нэг минут ч зогсох ёсгүй, тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэр. Тиймээс ч бидний хийж байгаа өргөтгөл шинэчлэл, шинэ төслүүдийн ажил үйлдвэрлэлийн ажлыг зогсоохгүйгээр, хэвийн ажиллагааг алдагдуулахгүйгээр хийгдэх ёстой. Үүний тулд бид аюулгүй ажиллагааг хангаж, хөдөлмөр хамгааллын асуудалд онцгой анхаарах учиртай. Ер нь ажилтан бүр сахилга, дэг журмыг өндөр хэмжээнд баримталж, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, бүх түвшинд хариуцлагыг өндөржүүлэх, санаа зорилго нэг байх, ёс зүйтэй байх гээд олон асуудал бий. Энэ бүхнийг бүтээлчээр эрчимтэй, зөв зүйтэй хэрэгжүүлж чадсанаар бид өмнөө тавьсан зорилго, зорилтуудаа хэрэгжүүлж, том сорилтуудыг даван туулах болно.

      - Эрдэнэт үйлдвэрийн амжилт, ололт, бэрхшээлийн талаар та бид хоёр дэлгэрэнгүй ярилцлаа. Энэ том үйлдвэрийн цаашдын хувь заяаг авч явахад та ямар зарчим баримтлах вэ?
     - Үйлдвэрийн үйл ажиллагаа нэг минут, секунд ч зогсох, тасрах учиргүй. Тиймээс энэ тасралтгүй үйл ажиллагааг  мэргэжлийн өндөр түвшинд удирдаж, аливаа асуудалд  инженерийн ухаанаар хандаж, оновчтой шийдэл гарган ажиллах нь  юу юунаас чухал. Цаашид техник, технологи, байгаль орчин, мөнгө санхүүгийн болон боловсон хүчин, хүний нөөцийн талаар баримтлах тогтвортой хөгжлийн цогц бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлнэ. Эдгээр бодлогууд нь хоорондоо харилцан уялдаатай, нэгнээ дэмжсэн байдлаар хэрэгжих юм. Бид  эдгээр бодлогоо гарын таван хурууны бодлого гэж байгаа. Манай хамт олон 2018 онд гаргасан ололт амжилтдаа тулгуурлан 2019 оны ажлаа дажгүй сайн эхэлж, оны эхнээс техник, технологи, үйлдвэрлэлийн болон эдийн засгийн бүх үзүүлэлтийг 100-гаас дээш хувиар биелүүлэн ажиллаж байна.
     Уурхайчид бид хичээж ажилласнаар өнгөрсөн 2018 онд түүхэн дээд амжилтууд тогтоосон. Энэ амжилтаа бататгах амаргүй. Гэхдээ Монголчуудын ярьдгаар эзэн хичээвэл заяа түших биз ээ.
     Үйлдвэр, хамт олны маань ирээдүй тодорхой, гэрэлтэй, өөдрөг сайхан байгааг онцолмоор байна. Манай уурхайчид дөчин жилийн түүхтэй, жаран жилийн ирээдүйтэй үйлдвэрийнхээ хөгжил дэвшлийн төлөө итгэл төгс ажиллаж, зүтгэж байна даа.

     - Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. 

Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй “Хөрөнгө оруулалт-2019” бүтээн байгуулалтын ажил ирэх тавдугаар сарын 1-нд эхэлнэ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын цөм нь уурхайчдын нийгмийн хөгжилд зориулагдаж байна. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяраас тодруулж, ярилцлаа.

     -Эрдэнэт үйлдвэрийн энэ оны бүтээн байгуулалтын ажил орон сууцны шинэ хороолол барихаас эхэлж байна. Энэ таатай мэдээгээр ярилцлагаа эхэлье?  
     -Бид 2019 онд хөрөнгө оруулалтын томоохон ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, өмнө нь баригдахаар шийдэгдсэн ч төсөв хөрөнгө байхгүй гэсэн шалтгаанаар зогсоод байсан “Москва 300” орон сууцны хорооллын төслийг эхлүүлнэ. Ирэх тавдугаар сарын 1-нд шав тавихаар бэлдэж байна. 300 айлын орон сууцны энэ хороолол нь бидний  цаашид бий болгохоор зорьж буй уурхайчдын  цогцолбор  хотхоны эхлэл болно гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, “Эко 400”, “Залуус 600” төслүүд үргэлжлэн хэрэгжиж, нийт 1000 айлын орон сууц баригдах юм. Эхний ээлжийн зургаан блок бүхий 300 айлын орон сууцны хороолол нь Монгол улсад жишиг болохуйц орчин үеийн технологийн шийдэл, таатай орчны цогц бүрдэл байхаар зорилт тавьж байна. “Эко 400” хороолол  өмнө төлөвлөж байсны дагуу амины тохилог сууц хэлбэрээр баригдах бол “Залуус 600” орон сууц нь залуучуудад зориулсан, нэгээс хоёр өрөө бүхий, дэд бүтэц, гадна талбайн иж бүрэн тохижилттой орчин үеийн барилга байх юм.   

     -Орон сууцны хороолол хэзээ ашиглалтад орох вэ?
     -Би түрүүн товчхон дурдсан. Өмнө нь тус тусдаа баригдахаар төлөвлөж байсан “Москва 300”, “Эко 400”, “Залуус 600” төслүүдээ багцлаад уурхайчдын цогцолбор хороолол гэж нэрлэхээр ярилцаж байна. Эцсийн байдлаар нэршлээ хараахан шийдээгүй байгаа. Гэхдээ дэд бүтэц болон өнгө загварын хамгийн шинэлэг шийдэлтэй, иж бүрэн хороолол барина гэдгийг дахин онцлон хэлье.  “Москва 300” төслийн орон сууцыг ирэх оны тавдугаар сарын 20 гэхэд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эхний байдлаар бид 2020 онд 150 айлын орон сууц, 2021 онд үлдсэн 150 айлын орон сууцыг барьж дуусгахаар төлөвлөж байсан ч манай ажиллагсдаас байр хүссэн олон хүсэлт ирж байгаа учраас гүйцэтгэгч компанитай хэлцэл хийж, ирэх онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан.

     -Барилгын гүйцэтгэгчээр ямар компани ажиллах вэ?    
    -“Неман констракшн” компани шалгарсан. Бид гүйцэтгэгч компанийг шалгаруулахдаа өндөр босго тавьсан л даа. Тодруулбал, тухайн компани өөрөө 100 хувь хөрөнгөө гаргаж барих, орон сууцны ипотекийн зээлд хамруулах асуудлыг хариуцах зэрэг шаардлага өгсөн. Харин манай үйлдвэр захиалагчийн хувьд зөвхөн эзэнжүүлэх ажилд туслалцаа үзүүлнэ гэж хэлэлцээр хийсэн байгаа. Тиймээс гүйцэтгэгч компани 100 хувь дааж, барих тул найдвартай гэж үзсэн.

     -Уурхайчдад хөнгөлөлт үзүүлэх талаар ямар бодлого баримтлах вэ? Эхний ээлжид орон сууц авахыг хүссэн ажилтанд ямар шалгуур тавигдах вэ?
     -Орон сууцанд орж буй ажилчид ипотекийн зээлд хамрагддаг. Энэ нөхцөл хэвээр байна. Өмнө нь байрны хөнгөлөлт аваагүй ажилчид шинэ орон сууц авах хүсэлтээ гаргавал хөнгөлөлтийг журмын дагуу олгоно. Үйлдвэрээс олгож ирсэн  8 сая төгрөгийн дэмжлэг энэ оноос 12 сая төгрөг болж нэмэгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Мөн энэ дэмжлэг  байраа худалдаж авсны дараа нь олгогддог байсныг өөрчилж, урьдчилгаа төлбөрт өгөх боломжтой болсныг хэлэх нь зүйтэй. Түүнчлэн бид тодорхой тооны орон сууцыг хөрөнгө гаргаж, давхар бариад явах чиглэлтэй байгаа. Эдгээр байраа урьд нь орон сууц авч байгаагүй, эсвэл амьдрах нөхцөлөө сайжруулахыг хүссэн сайн ажилтнууддаа тухайн цехийнх нь судалгааг үндэслэн олгоно. Мэдээж, ийм шалгуураар олгохдоо тодорхой хөнгөлөлт үзүүлнэ. Хөнгөлөлт 20-90 хүртэл хувь байх боломжтой. Ер нь бол бүх ажилчид шинэ байранд орох хүсэлтээ ирүүлэх нь нээлттэй. Үйлдвэрийн захиргаа хүлээж авна. 2017 оны судалгаагаар байраа шинэчлэх болон  шинээр авах хүсэлтэй 1300 ажилтан байна гэсэн дүн гарсан. Тэгэхээр эхний ээлжид 1000 айлын орон сууц зайлшгүй эрэлт хэрэгцээтэй гэж үзэж уурхайчдын хорооллын бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.   

     -Шинээр баригдах орон сууцны үнэ ямар байх бол?
     -Одоо хэрэгжих төслүүд өмнө нь шийдэгдсэн тул үнэ, өртөг нь тогтоогдсон байсан. Хуучин төсвөөр нэг метр квадрат нь 1 сая 900 мянга гаруй төгрөгийн үнэлгээтэй хийгдсэн. Харин бид метр квадрат талбайн хэмжээг 1 сая 650 мянган төгрөгт багтаах санал тендерт оролцогч компаниудад тавьсан. Тиймээс гүйцэтгэгч компаниа шалгаруулахдаа үүнийг нэг шалгуур үзүүлэлт болгосон байгаа. Нөгөө талаар, бид барилгын чанар хийцэд онцгой анхаарч, евро стандартын материалаар барих шаардлага тавьсан. Ийм материалаар баригдсан орон сууцны зах зээлийн үнэ хоёроос гурван сая төгрөгийн хооронд байдаг. Тиймээс уурхайчдад зориулагдсан орон сууцны хороолол чанар сайтай, үнэ боломжийн түвшинд байна гэдгийг онцолмоор байна.  

    -Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жилийн хүрээнд нийгмийн чиглэлийн өөр ямар ажил хийхээр төлөвлөгөөнд тусгагдсан бэ?
    
-Нийгмийн хөгжлийн чиглэлд түлхүү анхаарсан гэж хэлж болно. Орон сууцны хорооллоос гадна хэд хэдэн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэнэ. Тухайлбал, Найрамдал өндөрлөгийн зүүн талд эхлүүлээд орхисон соёл, спортын “Эрдэнэт” цогцолбор буюу Бөхийн өргөөний барилгыг үргэлжлүүлж дуусгахаар төлөвлөж байна. Энд багагүй хөрөнгө оруулалт шаардлагатай. Хэдийгээр үүнийг Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулж байгаа ч энэ нь  Орхон аймгийн бүхий л иргэдэд үйлчлэх, чөлөөт цагийн томоохон төв болох юм. Өөрөөр хэлбэл, манай үйлдвэрийн дэргэдэх “Уурхайчин” соёлын ордон, Спорт цогцолборын нэгэн адил хотынхоо иргэдэд урлаг соёл, спортын цогц үйлчилгээ хүргэж ажиллана. Мөн бид бүрэн хэмжээний түүхэн музей байгуулахаар зураг төсөл гаргасан. “Уурхайчин” соёлын ордон үйл ажиллагаа, бүтцийн хувьд цогцолбор болон өргөжиж байгаатай холбогдуулан зарим  өрөө танхимыг  өөрчлөн, орчин үеийн технологи,  загвар хийцтэй музейн зориулалтаар тохижуулна. Ингэснээр техник, технологийн шинэ дэвшил бүхий  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 гаруй жилийн түүх, уул уурхайн салбарын хөгжлийг харуулсан музейтэй болно. Түүнчлэн Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн нийтийн номын санг өргөжүүлж, цахимжуулах, боловсронгуй болгох төсөл хэрэгжинэ. Ер нь бид уурхайчдадаа хандсан бүх үйлчилгээг түргэн шуурхай, шинэлэг хэлбэрээр хүргэх зорилттой ажиллаж буйг энэ дашрамд дуулгая. Үүний нэг хэсэг нь орчин цагийн технологи, тоног төхөөрөмж суурилуулсан нийтийн ном сан болж байгаа.
     Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас нийгмийн хариуцлагаа үлгэр жишээ хэрэгжүүлж ирсний нэг баталгаа нь хүүхдийн асрамжийн “Энэрэл” төв гэж хэлж болно. Гэр бүл, эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэн, ажил амьдралд нь хүргэсээр ирсэн тус төвийн тохижилтод хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Тухайлбал, энэ жил “Энэрэл” төвд спорт зал шинээр барина. Энд  зөвхөн “Энэрэл” төвийн хүүхдүүд төдийгүй Эрдэнэт хотын хүүхэд багачууд маань  амралт чөлөөт цагаа үр өгөөжтэй өнгөрүүлэхэд нь дэм туслалцаа болох юм. Мөн Сэлэнгэ амралтын баазад 210 хүний багтаамжтай  өргөтгөлийн шинэ барилга ашиглалтад орно. Ийм олон ажлууд  нийгмийн чиглэлийн төлөвлөгөөнд багтаж байгаа.

    -Манай үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болж, шинэ дүрэм, бүтэц батлагдсантай холбоотойгоор таны чиг үүрэгт хамтын ажиллагааны талаарх асуудлууд багтаж, хариуцах болсон. Орон нутагтай хамтрах ажил хэрхэн үргэлжлэх вэ?
     -Миний ажлын чиг үүрэгт нийгмийн асуудлын зэрэгцээ хамтын ажиллагааны чиглэл бие даан нэмэгдсэн. Өмнө нь ажил үүрэгт ороод явдаг байсан ч энэ удаа Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч гэж албан ёсоор тодотгож өгсөн байгаа. Тэгэхээр орон нутгийн засаг захиргаа болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах бүхий л чиг үүргийг хариуцаж байна. Манай үйлдвэр орон нутгийн хөгжил дэвшилд байнга хувь нэмрээ оруулж, олон том төсөл дээр хамтран ажилласаар ирсэн. Энэ хамтын ажиллагааны холбоо цаашид ч үргэлжилнэ. Бид энэ онд Эрдэнэт хотод баригдаж буй соёл амралтын хүрээлэнд хөрөнгө оруулалт хийнэ. Өнгөрсөн жил уг хүрээлэнгийн ажил эхлэхэд эхний дэмжлэгийг үзүүлсэн. Дараагийн ээлжийн хөрөнгө оруулалт удахгүй хийгдэж, энэ бүтээн байгуулалтыг хамтран бүтээнэ.

     -Ярилцсанд баярлалаа, таны ажилд амжилт хүсье.
 

М.БАЛЖИННЯМ
Фото: Б.БАТТӨГС

     Засвар механикийн заводын Механик цехэд Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн захиалгаар КМД 3000 маркийн бутлуурын бутлагч конус дөрөв дэх удаагаа хийж байна. Энэ нь импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн том цар хүрээтэй ажлын нэг гэдгийг Механик цехийн орлогч дарга Б.Баянжаргал онцоллоо. Өнөөдрийн байдлаар тус цехийн 2019 оны төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 60 хувийн биелэлттэй байна. Саяхан энэ сарын төлөвлөгөөнд тусгагдсан Баяжуулах үйлдвэрийн тээрмүүдийн дахин хуяглалтын боолт хийж, дуусгажээ. Цаашид дахин хуяглалтын боолт захиалгын дагуу үргэлжлэн хийгдэнэ.
    Мөн Цутгуурын цех дэх  хүйтнээр хатууруулах хэвний технологийн өргөтгөлийн ажлын хэвний хашлага хийхээр төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт Материал техникийн хангамжийн баазаас 160 орчим тонн хэвний хашлаганы түүхий эд болох хуудсан ган материал хүлээн авчээ. Удахгүй эхний ээлжийн 10 ширхэг хашлага үйлдвэрлэж эхлэх юм байна.

М.БАЛЖИННЯМ
Фото: Б.БАТТӨГС

     Саяхан Монгол Улсын Оюуны Өмчийн эрхийн газраас "Эрдэнэт үйлдвэр"-ийн инженерүүдийн бүтээл болох “Грат 1400” насост Оюуны өмчийн патент олгосон байна. Тус үйлдвэрийн Засвар механикийн завод болон Баяжуулах үйлдвэрийн инженерүүд хамтран 2013 оноос “Грат1400” маркийн булингын шахуургыг үйлдвэрлэлд туршиж эхэлсэн. Шинжлэх ухааны судалгаан дээр суурилсан уг туршилт амжилттай болж, булингын шахуурганы дундаж цаг нь өнгөрсөн оны гүйцэтгэлээр 360 хүрч өсчээ. Өмнө нь уг шахуурга 120-140 цаг ажилладаг байв. Үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдүүлэх, бүтээмж дээшлүүлэх чухал ач холбогдолтой энэхүү технологийн бүтээл нь 2016 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн “Инноватор” цом хүртэж байсан. Тэгвэл одоо оюуны өмчийн эрхээр баталгаажсан, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн шилдэг бүтээл боллоо.

М.БАЛЖИННЯМ
Фото: Б.БАТТӨГС

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 2019 онд бүтээн байгуулалтын их ажил өрнүүлнэ. Тиймээс ирэх тавдугаар сарын 1-ний өдөр бүтээн байгуулалтын ажлаа албан ёсоор нээж, орон сууцны шинэ хороолол, үйлдвэрлэлийн шинэ барилга байгууламж барих ажлыг эхлүүлнэ. Энэ талаар Эрдэнэт үйлдвэрийн Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Батбаяраас тодруулга авлаа.

     - Энэ онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас бүтээн байгуулалтын олон ажил хийхээр төлөвлөсөн. Нийт хичнээн ажил, хэдий хэрийн хөрөнгөөр хийгдэх гэж байна вэ?
     - “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсээс 2019 онд барилга засварын 193 ажил хариуцаж, хийхээр төлөвлөсөн. Эдгээр ажилд нийт 78 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Үүнээс 140 нь 2019 оны төлөвлөгөөнд шинээр тусгагдсан бол 44 нь өнгөрсөн оны төлөвлөлтөөс шилжиж ирсэн ажлууд байгаа. Энэ нь жил дамжин хийгддэг тээрэм, бутлуур зэрэг үйлдвэрлэлийн том ажлууд гэсэн үг. Өөрөөр хэлбэл барилгын ажил нь улирлын чанартай, шөнөдөө хасах 5 хэмээс дээш тохиолдолд зогсдог учир 2018 онд хийгдэж амжаагүй  юм. Төлөвлөж буй нийт ажлаас зураг төсөл, гэрээ хэлцэл нь бэлэн болсон 111 бүтээн байгуулалтын ажил ирэх сарын 1-нд эхэлнэ.  
   
     - Бүтээн байгуулалтын жилд нийгмийн хөгжлийн ямар төсөл хөтөлбөр хэрэгжих вэ?
    
- Энэ онд нийгмийн хариуцлагын хүрээнд болон үйлдвэрлэлийн шаардлагатай хөрөнгө оруулалтын чиглэлд 9 том төсөл, хөтөлбөр хэрэгжихээр хөрөнгө төсөв нь батлагдсан. Ажиллагсдынхаа нийгмийн хөгжил, хамгааллыг дэмжих, тэр тусмаа  орон сууцны асуудлыг шийдэх зорилгоор “Москва 300”, “Эко 400”, “Залуус 600“ нэртэй орон сууцны хорооллын төсөл эхлүүлнэ. Уг хорооллыг барих шийдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг Монгол, Оросын хамтарсан үйлдвэр байх үед тухайн үеийн зөвлөлийн 51 дэх хуралдаанаар гарсан ч хөрөнгө оруулалт шийдэгдээгүй тул зогссон байв. Харин төсөв, хөрөнгийн асуудлыг шийдсэнээр эхний ээлжинд “Москва 300” төсөл хэрэгжих боломжтой боллоо. Дэд бүтэц болон барилгын ажлыг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэхээр бэлдэж байна. Мөн Баян-Өндөр сумын Зэст багт байрлах соёл спортын “Эрдэнэт” цогцолбор буюу бидний нэрлэж заншсанаар Бөхийн өргөөний шинэ барилгыг энэ жилээс барина. Энэ бүтээн байгуулалтад 7,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн боловч дараагийн хөрөнгө байхгүй шалтгаанаар 2016 оноос мөн зогсоод байсан. Уг барилга байгууламжийн дээвэр болох 1 тэрбум хоёр зуун мянган төгрөгийн үнэтэй материал ирсэн хадгалагдаж байна. Бөхийн өргөөний барилгын гүйцэтгэгчээр манай үйлдвэрийн Барилга засварын цех ажиллана.
     “Эко 400”, “Залуус 600” орон сууцны хороолол доод тал нь 1000 айлын багтаамжтай байхаар зураг төсөл хийгдсэн. Өмнө нь эдгээр хорооллыг Сархиа уулын зүүн энгэрт барихаар төлөвлөсөн ч дэд бүтэц, бохирын шугамын асуудлыг нь шийдвэрлэхэд хүндрэлтэй байсан. Тиймээс Эрдэнэт үйлдвэр болон орон нутгийн удирдлагууд эргэн ярилцаж, ажилчиддаа таатай орчин сонгож, Медипас эмнэлгийн ард талд барихаар шийдвэрлэлээ. Энэ төслүүд мөн энэ оны төлөвлөгөөнд тусгагдан хэрэгжинэ.
     Мөн үйлдвэрийн ажиллагсдын амралт чөлөөт цагт зориулагдсан Сэлэнгэ амралтын баазад  210 хүний ортой амрах байр болон мөн ийм багтаамжтай хурлын танхим бүхий  өвлийн өргөтгөлийн барилга баригдана. Тус баазын зуны зориулалтаар баригдсан 1,2,3 дугаар байруудад жил бүр тогтмол  засвар хийж ирсэн ч өвлийн улиралд амрагчдын тав тухыг  харгалзан ийм шийдвэр гаргасан юм.

     - Үйлдвэрлэлийн чиглэлийн бүтээн байгуулалтын тухайд...?
    
- Энэ чиглэлээр нэлээд томоохон бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөнд тусгагдсан. Чанар хяналтын хэлтсийн төв лабораторийн барилгыг шинээр барина. Энэ барилгын зураг төсөв нь бэлэн болсон. Барилгын ажил ирэх сард эхэлнэ. Мөн Эрчим хүчний цехэд цэвэр ус дамжуулах гуравдугаар шугам шинээр тавина. Түүнчлэн Ил уурхайд Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр баригдаж, ашиглалтад орно. Сүүлийн жилүүдэд төлөвлөгдөж, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл нь бэлэн болсон эл үйлдвэрийн хөрөнгийн асуудал энэ онд шийдэгдсэн. Удахгүй бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

    - 2019 оны бүтээн байгуулалтын ажлууд бүгд энэ онд багтаж ашиглалтад орох уу? Хэзээ бүрэн дуусгахаар төлөвлөж байна вэ?
    
- Барилгын ажлын шат дарааллаар хийгдэнэ. Жишээлбэл, цутгалтын ажил гэхэд 28 хоногт зөвхөн 70 хувийн бэхжилт авна. Хугацаа шаардсан дамжлагууд бий. Тэгэхээр төлөвлөгөөт ажлууд бүгд энэ онд эхэлнэ. Ажлын явц зогсолтгүй үргэлжилнэ гэдгийг хэлье. Харин өнгөрсөн онд төлөвлөгөөнд тусгагдаад хараахан дуусаж амжаагүй, шилжиж ирсэн ажлууд бүрэн дуусна.

     - Цаг үеийн асуудлаар таниас тодруулга авья. Саяхан болсон хүчтэй салхины улмаас үйлдвэрийн зарим  барилга байгууламжийн дээвэр хууларсан тухай мэдээлэл байна. Энд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
     - Эрдэнэт үйлдвэрийн нийт барилга байгууламж 220 мянган метр квадрат талбай бүхий дээвэртэй. Үүний 80 орчим мянган метр квадрат дээвэрт засвар хийгдсэн. Одоо засвар хийх шаардлагатай 140 мянган метр квадрат хэмжээтэй дээвэр бий. Эдгээрийн заримд нь 1978 оноос буюу үйлдвэр ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар хийгдээгүй байсан. Жил бүр хаврын хүчтэй салхи шуурганд дээврийн хар цааснууд хуурдаг. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 19-ний өдөр орон нутагт салхины хурд 21 метр/секунд хүрсний улмаас үйлдвэрийн барилга байгууламжийн 11 мянган метр квадрат орчим дээврийн хар цаас хууларсан. Энэ асуудлыг үйлдвэрийн удирдлагуудад танилцуулж, борооны улирлаас өмнө амжин яаралтай засварлахаар болоод байна.  

М.Балжинням
Фото: Б.БАТТӨГС

      Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдөр тохиодог “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цех, нэгжийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлэх сарын аян өрнүүлж байгаа билээ.
     Сарын аяны төлөвлөгөөнд тусгасны дагуу Засвар угсралтын цех ХАБЭА-н болон бусад танин мэдэхүйн чиглэлээр ажилчдынхаа дунд “АХЯ” тэмцээн зохион байгууллаа. “Асуулт, хариулт, ялалт” гэсэн үгийн товчлол бүхий “АХЯ” тэмцээнд тус цехийн 49 ажилтан оролцож, тоног төхөөрөмжийн засварчин Б.Мөнхбат нэгдүгээр байр, цахилгаан ба хийн гагнуурчин Зо.Ганзориг хоёрдугаар байр, тоног төхөөрөмжийн засварчин Л.Мөнхтөр гутгаар байр эзэлсэн байна.
     Цехүүд дор бүрнээ асуулт хариултын тэмцээн зохиож, ажилчдынхаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг шалгаж байх юм.

И.Чинтогтох

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн шинэчлэлтэй холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн үндсэн чиг үүргээс байгаль орчны асуудлыг тусгайлан авч үзэхээр боллоо.
      Шинээр байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн ногоон хөгжлийн бодлогыг ажил хэрэг болгохоор төлөвлөгөөт ажлуудаа эхлүүлжээ. Тус хэлтсийнхэн ойрын өдрүүдэд аймгийн удирдлагуудад ажлаа танилцуулж, Уул уурхайн яамнаас боловсруулж буй хог хаягдлын талаарх журамд “Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс дэвшүүлэх санаа оноог тусган ажиллаж байна.

      Мөн үйлдвэрээс гардаг химийн гаралтай хог хаягдлыг найдвартай хадгалах, мэргэжлийн байгууллагатай хамтран устгалд оруулах ажлыг цэгцлэхээр судалгаа, шинжилгээний ажил хийж байна. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байрлах хог хаягдал дахин боловсруулах компанитай холбогдон, хамтран ажиллах саналаа хүргүүлжээ.


И.Чинтогтох

     Автотээврийн цех өнгөрсөн оны 10 дугаар сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн иж бүрэн хяналт, шалгалт”-ын дүнгээр 71 төрлийн зөрчилтэй гарч, албан шаардлага биелүүлж ажиллажээ.
     Энэ сарын 16-18-ны өдрүүдэд явагдсан 4 дүгээр шатны иж бүрэн хяналт, шалгалтаар тус цех 61 зөрчлөө арилгаж, “хангалттай” үнэлгээ авсан байна. Үлдсэн их барилга, засвар үйлчилгээтэй холбоотой ажлууд нь биелэгдэх шатандаа явааг холбогдох албаныхан хэллээ.

     Шалгалтын дүнд ажлын байрны нөхцөл байдлаа сайжруулахад Эрчимзүйн алба идэвх санаачлагатай ажиллаж, автомашины лаг шаврыг гараар бус, техникээр арилгах шинэлэг санаа хэрэгжүүлсэн байна. Аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлж устгах зорилгоор энэ оны эхнээс ажилчдынхаа дунд хэрэгжүүлсэн “Өглөөний ХАБ” арга хэмжээг нь үр өгөөжтэй байгааг Автотээврийн цехийнхэн онцоллоо.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

     Энэ сарын эхний 20 хоногт “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчид үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-аас дээш хувиар давуулсан дүн гарчээ. Уулын цул гаргалтыг 1 сая 346.1 мянган метр куб байхаар төлөвлөснөөс 1 сая 401.4 мянган метр кубд хүргэж, төлөвлөгөө 104.2 хувиар биеллээ. Хөрс хуулалтын ажил 560.9 мянган метр куб буюу 106.8 хувиар, хүдэр олборлолт 2 сая 145.9 мянган тонн буюу 102.5 хувиар тус тус давсан үзүүлэлттэй байна. Баяжуулагчид энэ хугацаанд 1 сая 816.3 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөний биелэлт 105.4 хувьд хүрчээ.
     Хүдэр дэх зэсийн агуулга сарын эхний 20 хоногт  0.459 хувьтай, молибден 0.0154 хувьтай байв. Зэсийн металл авалт бодит гүйцэтгэлээр 88.36 хувьтай, молибдений металл авалт 56 хувьтай байж, төлөвлөгөө 100.1-115.5 хувиар давж биеллээ.
     Ингэснээр уурхайчид дөрөвдүгээр сарын эхний 20 хоногийн байдлаар нийт 32400 тонн зэсийн баяжмал, 391.4 тонн молибдений баяжмал үйлдвэрлэсэн байна.

М.БАЛЖИННЯМ

Фото: Б.БАТТӨГС

     Энэ удаа бид Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Цахилгаан, тоног төхөөрөмжийн засварын хэсгийг зорилоо. Хаврын урь орсныг зарлах мэт алтан нар хүмүүн бүхний зулай дээрээс ээнэ. Тэртээгээс 130 тоннын даацтай аварга белаз хүдэр тээвэрлэн “уухилан” гарч ирэх нь бахдалтай. Хажууханд уулын овоолгын хэсэг залуус хөрс тэгшилж харагдана. Ил уурхайн цахилгааны хэсэг 46 ажилтантай. Эл хэсэгт Б.Дэлгэрцогт, Л.Дэчиндээ, Д.Цэцэнхүү, Д.Эрдэнэбат нарын ахмадууд ажиллаж уурхайн түүхийг бичилцжээ. Эдүгээ тэдний залуу халаа энд ажиллаж буй. Тэд уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, засвар, тохируулга болон үйлчилгээний ажлыг гүйцэтгэдэг. Энэ хэсгийн ажлын чанар, гүйцэтгэлээс нийт уурхайн ажил хамаарна. Тус хэсгийнхэн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, гар ажиллагааг хөнгөвчлөх, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгахад чиглэсэн олон шинэ санал, санаачилга гарган үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Бид Ил уурхайн Цахилгаан, тоног төхөөрөмжийн Засварын хэсгийн ажлын байранд зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм.


Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсгийн дарга Д.Мөнхдалай:

       1983 онд Хүдрийн ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн төвлөрсөн Засварын хэсэг анх байгуулагдсан. Анхны даргаар нь Ежов И.А гэж орос мэргэжилтэн ажилласан байдаг. Түүнээс хойш Томилов А.И, Хадуян В.Н, Д.Эрдэнэцогт, Галич В.И, С.Гандуулга нар ажиллаж ирсэн түүхтэй. Манай хэсэг 10 экскаватор, зургаан өрмийн машины засвар үйлчилгээ, угсралт, туршилт тохируулга, уурхайн цахилгаан хангамж, ус татах, бутлах байгууламж, гэрэлтүүлэг, замын техник механизмуудын цахилгаан засварын ажил, машин механизмын гараж, гуанз, диспетчерийн пункт, захиргааны хоёрдугаар байрны инженерийн шугам сүлжээ, цахилгаан тоноглолуудын засвар үйлчилгээний ажлыг хийж байна.

     Ил уурхайн цахилгаан тоног төхөөрөмжүүд нь тогтмол 12В-оос хувьсах 6000В хүртэлх хүчдэлийн түвшинд ажилладаг. Иймд цахилгаанчдаас мэдлэг, ур чадвар шаардсан нарийн төвөгтэй, хариуцлагатай ажил байдаг. Уулын тоног төхөөрөмж тасралтгүй найдвартай ажиллах нь бидний ажлаас шууд хамааралтай. Иймээс шинэ залуу ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд  анхаарч ахмад үеийнхний дадлага туршлага мэдлэгээс суралцуулах ажлыг зохион байгуулж байна. Сүүлийн үед уурхайн хэмжээ томорсон, усан сангууд нэмсэн, шугаман тэлэлт ихэссэн, экскаватор болон насос  бусад тоног төхөөрөмжүүдийн тоо өссөнтэй холбогдуулан ажиллах хүч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ үндэслэлээ үйлдвэрийн удирдлагуудад тавьсан. Асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хэсэг шинэ бүтээл оновчтой санал, бүтээмж инновацын манлайллын ажлаар ямагт тэргүүн эгнээнд явдаг. Энэ амжилтаа жил бүр бататгасан. Тухайлбал, синхрон хөдөлгүүрийн роторыг сэргээн засварлаж үйлдвэрт 300 сая төгрөгийн хэмнэлт гаргасан. Орчин үеийн хөөн асаах төхөөрөмж экскаваторуудад суурилуулснаар цахилгаан тоноглолуудын гэмтэл эрс багасаж, хүчдэлийн уналтгүй боллоо. НКУ төхөөрөмж суурилуулснаар сул зогсолт 70-80 хувь багассан. Цехийн хэмжээнд Бүтээмж чанарын дугуйлангуудын дундаас ажлын шинэ саналын тоо, үр ашгийн үзүүлэлтээрээ сүүлийн таван жилд манай хэсэг тэргүүн, дэд байр эзэллээ. 2019 оны дөрөвдүгээр сард анх удаа Монголд тиристорын хувиргуур-хөдөлгүүрийн систем бүхий ЭКГ-12К экскаваторын цахилгаан угсралт тохируулгын ажлыг хугацаанаас нь өмнө амжилттай дуусгалаа.

Тохируулгын инженер Ш.Мягмардаш:

       2007 оноос өнөөг хүртэл би Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсэгт Тохируулгын инженерээр ажиллаж байна. Манай бригадад О.В.Остроухов, О.Батсайхан нарын инженерүүд ажилладаг. Ил уурхайн өрмийн машины тогтмол гүйдлийн болон зөөлөн асаалтын хувиргуур, давтамж хувиргагч, электроникийн удирдлагатай маслын станцуудын засвар үйлчилгээ, тохируулга, экскаваторуудын нам хүчдэлийн иж бүрэн төхөөрөмжүүдийн засвар, цахилгааны гэмтэл саатлыг засварлаж эдгээр тоног төхөөрөмжүүдийн туршилт тохируулга, найдвартай ажиллагааг бид хариуцан ажилладгаараа онцлогтой.


Эрчим зүйч Н.Бат-Ирээдүй:

       2005 оноос Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Цахилгааны хэсэгт тоног төхөөрөмжийн засварчин, жижүүрийн цахилгаанчин, эрчим зүйчээр ажиллаж байна. Бид уурхайн цахилгаан тоног төхөөрөмжүүд, экскаватор, өрмийн машинуудын төлөвлөгөөт болон урсгал цахилгаан засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийж ирсэн. Төлөвлөгөөт засварыг цаг тухайд нь чанартай хийснээр экскаватор, өрмийн машины цахилгаан талаас хамаарах сул зогсолт сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээгээр буурсан. СБШ-250МНА-32 маркийн өрмийн машины тогтмол гүйдлийн хөдөлгүүр болон компрессорын хөдөлгүүрүүдийг улиралд нэг удаа бүрэн үйлчилгээ хийснээр цахилгаан хөдөлгүүрүүдийн ашиглалтын хугацаа уртсаж, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.

     Тус өрмийн машины вращателийн хөдөлгүүрт тогтмол гүйдлийн хувиргуур, компрессорын хөдөлгүүрт зөөлөн асаалтын хувиргуур, явах хөдөлгүүрүүдэд давтамж хувиргагчтай гидро систем тавьсан байгаа. Сүүлд угсарсан ЭКГ-12К экскаватор нь Тиристорын хувиргуур-хөдөлгүүрийн системээр ажилладаг. Дөрвөн машин агрегатгүй болсноор дуу чимээ бага синхрон хөдөлгүүр, генератор солих шаардлагагүй. Ингэснээр экскаваторын найдвартай ажиллагаа сайжирч өндөр бүтээмжтэй ажиллана. 15-20 хувийн эрчим хүчний хэмнэлт гарна. Уулын тоног төхөөрөмжийн  цахилгаанчдын мэргэжил, ур чадвар олгох сургалтыг жилд хоёр удаа зохион байгуулж байна.  5А зарчмын хүрээнд манай бригад цехийн гадна, доторх тохижилт, сэлбэг хэрэгслийг эмх цэгцтэй болгосноор оны хамгийн цэвэр ажлын байраар шалгарсан. Сүүлийн үед техник технологи хурдацтай хувьсан өөрчлөгдсөнөөс гадаад дотоодын ижил төстэй уул уурхайн болон цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудтай танилцах, туршлага судлах зорилгоор ажилтнуудыг мэргэшүүлэх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна.


Цахилгааны мастер Д.Баярмагнай:
     Энэ хэсэгт би 12 дахь жилдээ цахилгаанчин, мастераар  ажиллаж байна. Реле хамгаалалтын бригад нь Ил уурхайн хөдөлгөөнт цахилгаан тоног төхөөрөмжүүд болох төрөл бүрийн чадалтай зөөврийн дэд станцууд, сэлгэн залгах пунктууд, уурхайн гэрэлтүүлгүүд, уян, хатуу кабелын засвар, ашиглалт, реле хамгаалалтын тавил тохируулгыг хариуцан ажилладаг. Одоогоор уурхайд зөөврийн дэд станц болон сэлгэн залгах пункт нийт 52 ажиллаж байгаа. Энэ нь 10 жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн. Бид уурхайн газардуулгын байгууламж болон аянгын хамгаалалтын тоноглолуудын ашиглалтын байдалд хяналт тавихаас гадна шинээр суурилуулах газардуулгын байгууламжуудын угсралтын ажлыг гүйцэтгэдэг. Сүүлийн үед манай бригад микропроцессорын элементийн базад суурилсан реле хамгаалалтыг Ил уурхайн нөхцөлтэй уялдуулан зөөврийн сэлгэн залгах пункт, чиглэл мэдрэх газардуулгын реле, хүчдэлийн реле ЕЛ-11 зэргийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь реле хамгаалалтын үндсэн шаардлагыг хангахаас гадна уурхайн экскаватор, өрмийн машин болон цахилгаан тоног төхөөрөмжүүдийн сул зогсолтыг багасгаад байна.
     Мөн уурхайн кабелийн байгууламжийн засварт Америкийн 3М компанийн хүйтэн суултын аргыг нэвтрүүлсэн, кабелийн өндөр хүчдэлийн туршилтад сүүлийн үеийн хагас дамжуулагч элементийн баазад суурилсан АИД-70м багаж ашиглаж байна.

     Ийнхүү Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсэг нь өөрсдийн хүчээр уулын тоног төхөөрөмжийн их засвар болон экскаватор, өрмийн машины угсралт тохируулгын ажлыг өдөр бүр чанарын өндөр түвшинд гүйцэтгэж явна. Ийм л эгэл ажилчдынхаа бүтээлч хөдөлмөрөөр бахархмаар. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн цахилгааны нэн хариуцлагатай ажлыг эрхэлж яваа уулын техникийн торгон цэргүүдийн ажил үйлс өөдрөг байг ээ.


Т.БАТЧУЛУУН

Фото: Б.БАТТӨГС

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог