Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Нэвтрүүлэг

 

Монгол улсын эдийн засгийн гол хүч, уул уурхайн салбарын тэргүүлэгч компани Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн баяр наадам дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Хүчит бөхийн барилдаанд Эрдэнэт үйлдвэрийн үндсэн болон туслах, нийгмийн цехүүдийн нийт 128 бөх хүч үзэн барилдсанаас Авто тээврийн байгууллагын бөх, аймгийн заан Д.Золбаяр түрүүлж, Ил уурхайн бөх, аймгийн арслан Т.Чулуунгэрэл үзүүрлэв. Шагайн харваанд 6 баг өрсөлдсөнөөс тэргүүн байрыг Монгол Улсын гарамгай мэргэн Ө.Тогоо ахлагчтай  Авто тээврийн байгууллагын ахмадын баг эзэлж, Аймгийн гоц мэргэн Д.Алтанбаяр ахлагчтай  тус цехийн баг, н.Болдчулуун ахлагчтай Тээвэр ложистикийн алба, Гэрээт цагдаагийн хэлтсийн хамтарсан баг удаалсан байна. Үндэсний сурын харваанд эрэгтэйчүүдээс Ил уурхайн харваач , аймгийн мэргэн н.Ганчулуун, Эрчим хүчний цехийн харваач, спортын мастер н.Ганхуяг, Баяжуулах үйлдвэрийн харваач, аймгийн мэргэн спортын мастер н.Өлзийхутаг, эмэгтэйчүүдээс ДЦС-ын харваач н.Баасанжаргал, Авто тээврийн байгууллагын харваач, аймгийн мэргэн, спортын мастер н.Золзаяа, Спорт ордны харваач, спортын мастер н.Дэлгэрмаа нар эхний байруудад шалгарсан байна.  эрхий мэргэн харваач цэц мэргэнээ сорьж, нар эхний байруудад шалгарлаа. Хурдан дааганы уралдаанд Эрдэнэт үйлдвэрийн  уурхайчдын уяа сойлгыг нь тааруулсан 84 хурдан даага шандас хүчээ сорьсноос  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Алдарт уяач, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэнгийн хээр даага түрүү магнайлж, Засвар механикийн заводын ажилтан н.Өлзийбаярын хонгор халзан даага, Тээвэр ложистикийн албаны ажилтан н.Оюунбаатарын хул, Монгол улсын Алдарт уяач, Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярын хээр, Засвар механикийн заводын ажилтан н.Ганзоригийн  хүрэн халзан даага айргийн тавд давхилаа.

Ийнхүү уурхайчдын уясан хүлэг нь хурдан байж, хүчит бөхчүүд бяртай, эрхий мэргэн харваачид цэцтэй байж, наадамчин олноо баясгав. Эрийн гурван наадмын түрүү бай шагналыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд гардуулж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нийт хамт олондоо амжилт хүсч үг хэлэв. Үүний дараа төв цэнгэлдэхэд цугласан наадамчид,  “Уурхайчин би” сүлд дуугаа хамт дуулж, баяр наадмаа жаргаалаа.

Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол улсын төрийн гурван өндөрлөг тус үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олонд баярын мэндчилгээ илгээжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээндээ “ Манай улсын хамгийн дорвитой, хүртээмжтэй бүтээн байгуулалт болсон Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн 40 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэхийн ялдамд Монгол Оросын найрсаг хамтын ажиллагаа Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хотыг өнөөдрийн хөгжилд хөтөлснийг мартах учиргүй. Олон жил улсын төсвийг бүрдүүлэхэд орлуулшгүй хувь нэмэр оруулж, эх орныхоо эдийн засгийн тэтгэж ирсэн тус үйлдвэрийн ажилсаг хамт олны хөдөлмөрийг Монголчууд ямагт үнэлж, үргэлж бахархаж явдаг” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

УИХ-ын дарга М.Энхболд  Эрдэнэтчүүдэд илгээсэн  мэндчилгээндээ “ Эрдэнэс баялгийн өлгий Монгол нутагт шинэ эриний бэлэг тэмдэг болсон их бүтээн байгуулалт, эрдэм мэдлэг цуцашгүй хөдөлмөрийн үр шимийг зуун дамнан түүчээлж ирсэн үе үеийн уурхайчин, бүтээлч хамт олонд түүхт ойн баярын мэнд хүргэе” гэсэн бол  Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ Түүхэн он цаг, түүхийн бичиг баримтыг эргэн харахуйд тухайн үеийн төр засгийн удирдах дээд байгууллагууд олон чухал шийдвэр гаргаж, түүний үр дүнд Эрдэнэт үйлдвэр байгуулагдаж, эдүгээ дэлхийд данслагдсан, Ази тивдээ тэргүүлэх том үйлдвэр болон хөгжсөн байна. Цаашид улс орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд Эрдэнэт үйлдвэр манлайлсаар байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн дурьдаж,  зууны төдийгүй мянганд нэрлэгдэх шилдэг үйлдвэрийхэндээ байгалийн баялгийг нийгмийн баялаг болгох их үйлсдээ улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөжээ. 

“Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” баяр наадмын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга  Г.Занданшатар, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн гишүүн М.Мөнхбаатар болон Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, ахмад ажилтан, уурхайчид хүндэт зочдоор оролцож байна.  

М.Балжинням

Б.Баттөгс 

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг төрийн дээд шагнал  Д.Сүхбаатарын одонгоор шагнасныг “Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” баяр наадмын нээлтийн ажиллагаан дээр гардууллаа. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол улсын бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн хөгжил дэвшил болон уул уурхайн боловсруулах салбарын хөгжлийг дэлхийн жишигт нийцүүлж, шинэ чадамж гаргахад оруулсан Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн ажилтан, албан хаагчид, уурхайчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Эрдэнэт үйлдвэрийг төрийн дээд шагнал Д.Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэсэн байна.

Зарлигийг уншиж танилцуулсны дараа Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон бүхий Эрдэнэт үйлдвэрийн номин ногоон өнгийн тугийг тус үйлдвэрээс төрсөн Хөдөлмөрийн баатар Д.Жигмэдцэрэн хүндэтгэлийн хойморт залж,  Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа жанжин Д.Сүхбаатарын одонг гүн хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм.

 

Ингэснээр Эрдэнэт үйлдвэр төрийн дээд шагнал Д.Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонг ижилсүүлж, хос одонт үйлдвэр боллоо. 

М.Балжинням

Б.Баттөгс

Хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт, Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит уулын баяжуулах  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40 жилд зориулсан баяр наадмын үйл ажиллагаа Эрдэнэт хотын төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр ёслол төгөлдөр эхэллээ. “Бид эрдэнэсийн эзэд” баярын жагсаал Илгээлтийн эзэд, анхдагчдын талбайгаас уурхайчдын сүр хүч,  өнгө үзэмжийн төгс шийдэлтэй хослон цэнгэлдэх хүрээлэнд орж ирэн, наадмын хүндэт зочид суудлаа эзлэхэд Эрдэнэтийн овоо дуу  эгшиглэж байв. Нээлтийн ажиллагааны утга санаа нь эзгүй хээр талд таван хошуу мал тал дүүрэн бэлчиж,  хүн зон нь мал сүргээ хариулан, ноос савж, эсгий урлан, хүүхэд багачууд  хонь хургатай наадаж, эрчүүд хүлгийн зоон дээр омогшиж,  бүсгүйчүүд  цайны дээжээ хангай дэлхийдээ өргөж буй монгол ахуйг дүрслэн зохиомжилжээ. Ийм онгон дагшин газар  нутагт хайгуулчдын баг эрдэнэсийн том ордыг нээн илрүүлснээр Эрдэнэт үйлдвэрийн шан татагдаж, илгээлтийн эздийн уухай, их бүтээн байгуулалтын нүргээн эхэлснийг, Эрдэнэт боссон түүхийг  утга уянгын уран найруулгаар илэрхийлсэн нь наадамчин олныг баясган, уурхайчдын бахархлыг төрүүлж байлаа. Наадмын нээлтийн ажиллагаа, урлаг уран сайхны үзүүлбэрийг Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Уурхайчин соёлын ордны  уран бүтээлчид найруулан зохион байгуулж, авьяаслаг уурхайчид, ажилтнууд оролцсон.

“Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” баяр наадмын үйл ажиллагааг нээж, тус үйлдвэрийн Ерөнхий захирал, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн баярын мэндчилгээ дэвшүүлэв. Эрхэм хүндэт зочид, уурхайчид, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн байгуулсан анхдагч, илгээлтийн эзэд, Эрдэнэчүүддээ  хандан хэлсэн мэндчилгээндээ “Эрдэнэтийг байгуулсан түүх бол эрин зууны түүх юм. Манай уурхайчид өнгөрсөн 40 жилийн хугацаанд хийж бүтээснээ дүгнэн цэгнэж, өнөөдрийн хүрсэн түвшин амжилтаа үнэлж, цаашдын зорилтоо тодорхойлж байна. Эрдэнэтийн уурхайчид энэ он жилүүдэд өөрийн гэсэн соёл, үнэт зүйлийг бүтээж чадсан нь бидний хамгийн том бахархал, бас амжилт  юм” хэмээн онцоллоо. Дараа нь Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц наадамчин олонд ерөөл айлдаж, ном айлтгав.  Эрдэнэтийн аугаа их бүтээн байгуулалт эхлэн, арвин их баялгийг бүтээсний  түүхт 40 жилийн баяр наадмын тэнгэрт  Монгол улсын алтан соёмбот төрийн далбаа, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн тугийг Эрдэнэтээс төрөн гарсан хөдөлмөрийн баатрууд, төрийн шагналтан,  гавьяат  эрхмүүд өргөн мандуулсан нь уурхайчдын наадмыг улам хүндэтгэлтэй болгосон юм. Мөн Эрдэнэтээр овоглосон олон зуун алдартнууд, хөдөлмөрийн баатрууд, төрийн  дээд одон медаль энгэртээ гялалзуулсан анхдагч, ахмадууд, тэргүүний ажилтнуудын баярын жагсаалаар наадмын үйл ажиллагаа үргэлжилсэн.

 

 

 

 

Ийнхүү Монгол улсын нэрийн хуудас болсон дэлхийд данстай манлай үйлдвэрийн уурхайчин хамт олон түүхт ойгоо бахархал дүүрэн тэмдэглэж байна.  

Сэтгүүлч М.Балжинням

Гэрэл зурагчин Б.Баттөгс

"Эрдэнэт" үйлдвэр 40 жил ойн баяраа уул усаа аргадан эхлүүллээ. Бурхан багшийн сэрэг дүрийн баруунтаа "Сарайдорж номун хан" сан, "Эрдэнэ зая бандида гончигсумлин" хийдийн лам хуврага ном уншиж, үйлдвэрийн хамт олон даган баяслаа.
Өнөөдрийн ойн баяр наадмын эхэнд Монгол түмэндээ 40 жил буян хишгээ хайрлаж буй "Эрдэнэтийн овоо" -г тахих ёслол болсон. Эртнээс шүтлэгтэй "Эрдэнэт" хайрхан уулыг үйлдвэрийн хамт олон жил бүр тахин шүтэж ирсэн уламжлалтай. Баяр наадмын өглөө, наран мандахад энэхүү ёслолыг үйлдлээ. 


Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн баярын хүрээнд 21 аймгийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт Уурхайчин соёлын ордны тайзнаа тавигдлаа. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн урилгаар нутаг нутгийн шилдэг уран бүтээлчдийн цоморлиг нэгэн дор чуулж, Эрдэнэтчүүдэд хүрсэн нь олны талархлыг хүлээсэн юм. Тэртээ 1978 онд ашиглалтад орсон Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтад Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос илгээлтийн эзэн  олон мянган залуус ирж, гар бие оролцон, сэтгэл зүтгэлээ шингээсэн билээ. Тиймээс ч Эрдэнэт бол олон үндэстэн ястны өлгий хот хэмээн нэрлэгддэг. Тэгвэл “Эрдэнэсийн эх орон”  тоглолтонд алс баруун хязгаар , өмнийн цэнхэр говь, ар өврийн сайхан хангайн уран бүтээлчид өөр өөрсдийн газар нутгийн онцлог, урлаг соёлын дундаршгүй их өв сангаас толилуулж, уурхайчдын сэтгэлийг сэргээлээ. Тоглолтын үеэр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд алс холоос зорин ирсэн бүх уран бүтээлчдэд талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулав.

“Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” 40 жилийн ойн баяр наадам  хурдан дааганы уралдаанаар эхлэв. Эрдэнэтийн уурхайчдын уяа сойлгыг нь тааруулсан 84 хурдан даага гарааны зурхайгаас эргэж, шандас хүчээ сорилоо. Дааганы уралдааны түрүү магнайд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Алдарт уяач, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэнгийн хээр даага хурдалж, Засвар механикийн заводын ажилтан н.Өлзийбаярын хонгор халзан даага аман хүзүүдэв. Айргийн тавд Тээвэр ложистикийн албаны ажилтан н.Оюунбаатарын хул, Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярын хээр, Засвар механикийн заводын ажилтан н.Ганцогтын хүрэн халзан даага тус тус хурдаллаа.   

     “Эрдэнэт” үйлдвэрийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд өнөөдөр 2018-2019 онд хэрэгжих “Хамтын гэрээ”-г үзэглэлээ. Хоёр талаас ажлын хэсэг гарч, ажилчдын нийгмийн хамгаалал, цалин урамшууллын талаарх эрхийг заадаг тус бичиг баримтын талаар санал солилцож, хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсан. Шинэ гэрээ 2019 оны 12-р сарын 31-ийг хүртэл хэрэгжих юм. “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудлыг энэ гэрээгээр шийддэг. Хамтын гэрээнд ажилчдын зарим урамшуулал, тэтгэмжийг нэмэгдүүлснээр баталсан нь компанийн зүгээс уурхайчиддаа барьж буй 40 жилийн ойн бэлэг боллоо.

У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс

     “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид эдгээр өдрүүдэд баярлаж байна. Компанийн 40 жилийн ойг угтсан ёслолууд өнөөдөр эхэллээ. Монгол улсын Засгийн газрын шагнал, салбарын тэргүүний цол тэмдэг, яамны жуухаар Геологи хайгуулын анги, Холбоо мэдээллийн технологи ба автоматжуулалтын цех, Чанар хяналтын хэлтэс, Засвар монтажийн цех, Тээвэр ложистикийн алба, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Цахилгаан цех, Эрчим хүчний цех, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэс, Хууль, эрх зүйн газар, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Уурхайчин соёлын ордон, Нийтийн хоолны хэсэг, Технологийн сургуулийн ажилтнууд шагнагдлаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн шагнал “Эрдэнэт” дээд өргөмжлөлөөр уурхайчин хамт олноос төрөн гарсан Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, Эрдэнэт хотын Намын хорооны удирдлагууд зэрэг тэргүүний хүндэт 11 хүнийг шагнасан бол энэ өдөр компанийн Хүндэт дэвтэр, А.Ф.Тюряковын шагналаар зургаан хүнийг өргөжилж, урамшуулав. “Эрдэнэт” үйлдвэрийн тулгын чулууг тавилцсан ахмадууд, Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас чөлөөлөгдсөн ажилтнууддаа компанийн түүхт 40 жилийн ойн медалийг хүндэтгэлтэйгээр үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нарын удирдлагууд гардуулан өглөө.

У.Цэрэнбат

     Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд олон баярт үйл явдал өрнөж байна. Өнөөдөр тус үйлдвэрийн ХАБЭАБОХХ-ээс санаачлан бүтээсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сүлд дууны нээлт Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны үүдэнд боллоо. “Хүндэт гэгээн аялгуу” нэртэй уг дууны шүлгийг Эрдэнэт үйлдвэрийн харьяа Сэлэнгэ амралтын баазын ажилтан, яруу найрагч Н.Батжаргал бичиж, аялгууг нь Уурхайчин соёлын ордны хөгжмийн зохиолч Б.Цэрэндондов зохион, тус ордны уран бүтээлчид дуулж амилуулжээ.
     Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэдгийг ажилтан хүн бүр ямагт санаж явах учиртайг уг дуунд өгүүлжээ. Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн уурхайчдын амар тайван байдлыг бэлгэдэж, Хүндэт гэгээн аялгуу дууг хөшөөнд мөнхжүүлэн,  Ерөнхий захиргааны байрны урд талбайд байрлуулав.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог