Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Нэвтрүүлэг
     Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАБОХХ-ээс улирал тутам хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг чандлан сахиж, санаачилгатай ажиллаж буй ажилтнуудыг тодруулж, “Аюулгүй ажиллагч”-ийн шагналаар урамшуулдаг уламжлалтай. Энэ дагуу өнгөрсөн оны сүүлийн улирлын “Аюулгүй ажиллагчид”-ыг шалгаруулж, өнөөдөр шагналыг нь гардууллаа. 
     ХАБЭА-н урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, аюул эрсдлийг илрүүлэн мэдээлсэн, үр ашигтай санал санаачилга дэвшүүлсэн зэрэг үзүүлэлтээр шалгаруулдаг Аюулгүй ажиллагчийн урамшуулал дөрвөн ангилалтай. Дээрх болзолыг хангасан ажилтныг анх удаа “Аюулгүй ажиллагч”-аар бүртгэж, дурсгалын зүйлээр шагнадаг. Тэгвэл өмнөх оны сүүлийн улирлын ажлын үр дүнгээр 27 ажилтан уг шагналын эзэн болов. “Аюулгүй ажиллагч”-ийн дараагийн  шатлал буюу хоёр дахь удаа шалгарч буй 14 ажилтныг  Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын бүрэлдэхүүнтэй үдийн зоог, ярилцлаганд уригдах эрхээр урамшууллаа. Харин “Аюулгүй ажиллагч”-ийн болзлыг гуравдах удаагаа хангаж ажиллаж буй 14 ажилтныг үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалын дагуу тус бүр 100 мянган төгрөгөөр урамшуулсан бол “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтад дөрөв дэх удаагаа бүртгэгдсэн 6 ажилтанд гадаад улсад аялах эрхийн бичиг гардууллаа. 
     Гадаад улсад аялах эрхээр шагнагдсан ажилтнуудаас Ил уурхайн цахилгаан хийн гагнуурчин Б.Ганболд, Баяжуулах үйлдвэрийн хөвүүлэн баяжуулагч Б.Цацрал, Авто тээврийн байгууллагын тоног төхөөрөмжийн засварчин Д.Баянмөнх, Чанар хяналтын хэлтсийн лаборант Н.Гэрэлтуяа, Лаборатори судалгааны төвийн тээрмийн машинч С.Хуягбаатар нар “Асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцогч” болсон бол  Цахилгаан цехийн цахилгааны монтёр Б.Цогт-Очир  “Хамгийн олон асуудал илрүүлэгч”-ээр шалгарчээ. Мөн хэсэг тус бүртээ нэгдүгээр байр эзэлсэн Баяжуулах үйлдвэр, Засвар монтажийн цех, Үйлчилгээ, аж ахуйн алба, Уурхайчин соёлын ордны тэргүүний ажилтнуудыг мөнгөн шагналаар урамшуулав. Энэ үеэр Үйлдвэр, техникийн газрын дарга П.Батболор “Аюулгүй ажиллагч”-аар тодорсон ажилтнуудад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.    
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулиас  Математик – Байгалийн ухааны  Хангайн бүсийн олимпиадыг  гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. 
   Сурагчдын математик байгалийн ухааны хичээлд шимтэн суралцах сонирхлыг дэмжих, шинэ зууны өндөр мэдлэг, ур чадвартай инженер бэлтгэхэд хувь нэмэр оруулах, аймаг, улсын төрөлжсөн олимпиадын бэлтгэлийг хангах, эрчимжүүлэх, Технологийн сургуульд элсэн суралцагчдын чанарыг сайжруулахад олимпиадын зорилго  чиглэгдсэн  байна.
     Тус олимпиадад Булган, Хөвсгөл, Дархан, Сэлэнгэ зэрэг аймгуудын 95 сурагч, Орхон аймгийн ерөнхий боловсролын арван дөрвөн сургуулиас 352 сурагч, нийт Хангайн бүсийн 5 аймгийн  447 сурагч оролцож оюун ухаанаараа уралдав. Олимпиад 9, 10, 11, 12-р ангийн төрлөөр математик, хими, физикийн хичээлүүдээр явагдсан бөгөөд анги бүрд хичээл тус бүрээр эхний 3 байр, хичээлүүдийн нийлбэр дүнгээр эхний 6 байрыг тус тус шалгаруулж медаль, мөнгөн шагналаар урамшууллаа. Мөн 12-р ангийн нийлбэр дүнгээр шалгарсан эхний 6 сурагч  Технологийн сургуулийн бакалаврын хөтөлбөрт 10 кредитийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, 9, 10-р ангийн нийлбэр дүнгээр эхний 6 байрт шалгарсан 12 сурагч Технологийн сургуулийн 10, 11-р ангид сургалтын төлбөрийн 30 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр тус тус шагнагдлаа.
    Сурагчдын амжилтыг аймаг, сургуулиар тодруулбал,  Орхон аймаг 45 медаль хүртсэнээс 14-р сургууль 22, Технологийн сургууль 8, 4-р сургууль 4, 8-р сургууль 4, Орос 19-р сургууль 3, 13-р сургууль 2, Орхон Эмпати 2 медаль, Булган аймаг 2, Хөвсгөл 4, Сэлэнгэ 4, Дархан-Уул 5  медаль тус тус хүртжээ.
     Математик - Байгалийн ухааны олимпиад нь математик, физик, химийн хичээлүүдийн нийлбэр агуулгаар явагддагаараа  бусад олимпиадаас онцлогтой. Сурагчдын эдгээр хичээлд шамдан суралцах хүсэл сонирхлыг дэмжиж, ирээдүйд нарийн мэргэжлийн чадварлаг инженер болох хөрс суурийг бүрдүүлж өгдгөөрөө давуу талтай гэж олимпиадын ач холбогдлыг мэргэжлийн хүмүүс үнэлсэн байна. 
 
 
 
 
 
 
 
 
 

     Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд  “Нэн түрүүнд-ХАБ” уриан дор хэрэгжиж байгаа  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогын хүрээнд аюулыг мэдээлэх хэрэгслүүд ажилладаг. Үүний нэг нь  аюулгүй ажиллагааны талаарх мэдээлэл хүлээн авах зориулалт бүхий  71300 дугаар юм.  Аюулыг мэдээлэх зориулалттай  71300 дугаарыг ажиллуулснаар тухайн ажлын байран дахь ажилтны идэвх оролцоог нэмэгдүүлж, анхаарал сэрэмжийг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд үздэг байна.
     ХАБЭАБОХХ-ээс  Даваа гариг бүр дээрх дугаарт ирсэн мэдээллийн мөрөөр хэрхэн ажиллах, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөгөөн зохион байгуулаад 5 сарын хугацаа өнгөрөөд байна.
     Тус зөвлөгөөнөөражилтнуудын өгсөн мэдээллийн мөрөөр цаг алдалгүй арга хэмжээ авах, эргэж холбоо барих,  шийдвэрлэх явцыг эрчимжүүлэх зорилготой юм. Зөвлөгөөнд цех нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, инженерүүд оролцож, өөр өөрсдийн харьяа ажлын байрны аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл солилцдог. Ингэснээр 71300 дугаарт ирсэн мэдээлэл богино хугацаанд шийдэхэд ихээхэн дөхөмтэй ажээ.
     Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд  71300 дугаарт нийт 28 төрлийн аюулыг илрүүлэх мэдээлэл иржээ. Эдгээрийн ихэнхийг  ажлын байр орчинтой холбоотой 13 мэдээлэл, тээврийн хэрэгсэл болон замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой 5мэдээлэл, ажлын хувцас тусгай хамгаалах хэрэгсэлтэй холбоотой мэдээллүүд эзэлж байгаа юм. Энэ удаагийн зөвлөгөөний үеэр  дээрх асуудлыг тухайн цехийн удирдлагуудад танилцуулан хамтарч ажиллахыг Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудад үүрэг чиглэл болголоо.

 

 
     2018 оны эхний 26 хоногт зэсийн үнэ дунджаар 7081 ам.доллар/тонн байгаа нь өнгөрсөн сарын дундаж үнэтэй харьцуулахад 279  ам.доллараар өссөн үзүүлэлттэй байна. Зэсийн сарын дундаж үнэ 7000 ам.долларыг давж өссөн тохиолдол 2014 оны 6-р сараас хойш гараагүй юм. Хэрэглэгчдийн зэсийн худалдан авалт 1-р сард эрс нэмэгдсэн нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлсөн байна. 
     Өнгөрсөн 12-р сард зэсийн баяжмал болон цэвэр зэсийн худалдааны нөхцөл тохирох хэлэлцээрүүд болсонтой холбоотойгоор зэсийн худалдан авалт бага байсан. Тухайлбал 2017 оны 12-р сард зэсийн эрэлтээрээ дэлхийд тэргүүлэгч Хятад улсын цэвэр зэсийн импорт 0,25 %-иар, зэсийн баяжмалын импорт 6,99 %-иар, хаягдал зэсийн импорт 2,78 %-иар буурсан байна. 
     1-р сарын дунд үеэр зэсийн үнэ 7100 ам.долларыг давж өссөн бол сүүлийн өдрүүдэд металлын биржүүд дэх зэсийн нөөц өссөн, ам долларын ханш чангарсан шалтгаанаар зэсийн үнэ бага зэрэг сулрах хандлагатай байна. Гэвч зарим судлаачид зэсийн үнийн өсөлт 2-р сард үргэлжилнэ гэж мэдээлж байна. 
     2018 оны 1-р сард шинэчлэн гаргасан судлаачдын энэ улирлын прогноз 7077 - 6060 ам.долларын хооронд хэлбэлзэж дунджаар 6658 ам.доллар/тонн байна. IHS Markit-ийн судлаачид 2018 оны 1-р улиралд зэсийн үнэ дунджаар 7077 ам.доллар  байна гэж үзэж байгаа бол Credit Suisse банкны судлаачид 6060 ам.доллар/тонн байна гэж судалгаандаа дурджээ. 
 
 
 
 
 
 
Мягмар, 23 1-р сар 2018 00:00

УРИАЛГА

Байгууллага, аж ахуйн нэгжийн захирал, эрхлэгч нарт
 
     Орхон аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос малчиддаа туслах Уриалга гаргалаа. Та бүхэн бидний уриалгыг дэмжин хамт олондоо танилцуулж, өөрсдийн байгууллага аж ахуй нэгж дээр тусламжийн аян зохион байгуулж, хамтарч ажиллана уу. Орхон аймгийн Онцгой Байдлын Газар 
 
Орхон аймгийн Засаг даргын тамгын газар
Мягмар, 23 1-р сар 2018 00:00

Итгэл даах эр

 
   Түүний тухай бичих гэж өөртэй нь уулзах, хүмүүстэй ярилцах, магтаалын гоё үг эрж хайхын шаардлага надад огтоос алга. Тэр угаасаа “нээлттэй” нэгэн болохоор сэтгүүлч миний нүдэнд яаж тусдагийг л бичье. Нэг их амьсгаа дээртэй явмаар бачуурам ажилтай хэрнээ ер бусын тайван, зэрвэс харьцахад их зантай мэт харагддаг хүмүүс байдаг даа. Тэдний нэг нь яах аргагүй “Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын дарга Гүрцэдэнгийн Мөнх-Эрдэнэ. Харин нүүр тулахын цагт шулуун яриатай, шударга зантай, элгэмсүү сэтгэлтэй нөхөр болохыг мэдэрнэ. 
     Хэд хоногийн өмнө ажлын шугамаар өрөөнд нь орлоо. Цехийн өргөтгөл, шинэчлэл яриад сэхээ алга. Хэдий тийм ч мэндээ мэдэлцэж, бүр болоо ч үгүй албаны ойг маань сайхан болсон эсэхийг асуугаад амжиж байна. Мань хүнд цаг хугацаа үнэхээр хомс байгаа нь илт. Ширээн дээр нь бичиг тоот хэдэн баганаар тэвхийтэл өрөөстэй, өрөөнийхөө үүдэнд хүлээх хүмүүсийг камераар харж ажлаа зохицуулж түргэлүүлнэ. Тэгэж байснаа надад хандан “Ирсэн хэрэг явдал чинь бүтсэн дууссан бол дараагийн хүнээ оруул...” гэж зандрах бол энүүхэнд.  
     Тэрээр Хэнтий аймгийн Дадал сумын уугуул. Буриад эрсийн нийтлэг дүр  төрхийг илтгэсэн түнтгэр хацар, онигор нүд, булиа хүзүү нь түүний яс үндсийг  түвэггүй илчилнэ. Түүгээр үл барам хүнлэг сэтгэл, хөдөлмөрч зан, ил цагаан инээд нь ч бий. Хүүхэд байхдаа Монголын уран сайхны “Гарьд магнай” кино үзчихээд Далайцэрэн шиг бөх болохоор мөрөөдөж явсан нь саяхан. Харин түүнд бөхөөс илүү хүндийн өргөлтийн спорт ээлээ өгсөн. Аймагт аваргалж, Улсын аваргын тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн ховор агшин зөвхөн хүүхэд насных нь дурсамж болон үлдсэн нь харамсалтай. Харин ахлах ангид байхдаа үйлдвэрлэлийн сургалт хичээлээр Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станцын кип автоматикийн хэмжүүр дээр хоёр жил дадлага хийсэн нь эрчим хүчтэй хувь заяагаа холбох эхлэл байсныг хэн мэдэх билээ. Тухайн үед хичээл хийхгүй, зураг схем үзэж, мэргэжилтэн ах, эгч нарт багажийг нь дөхүүлж өнжих л гоё санагддаг байсан нь лавтай. Г.Мөнх-Эрдэнэ 10-н жилийн сургуулийг алтан дундаж төгссөн. Хуучнаар ЗХУ-ын Красноярск хот руу “гадаадын ТМС”-д суралцахаар морджээ. Модны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин гэх анхны мэргэжлийнхээ үнэмлэхийг тэр одоо ч хадгалсаар яваа. 1991 онд зах зээлийн шуурга ид нүдэж байхад Монголд ирэхэд хамгийн түрүүнд дампуурсан газруудын нэг нь модны үйлдвэр байлаа. Төгсөгч битгий хэл тэнд ажиллаж байсан мэргэжилтнүүд хүртэл ажилгүй болсон байв. Г.Мөнх-Эрдэнэ арван жилийн зэрэгцээ ангийн охиноо Оросод олж харан дурласныг хэлэх үү, хуримлахаар яарч буй түүнд хагас жил хэртэй ажилгүй гишгэх шийтгэл мэт санагдаж. Нэгэн өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны станц нүүрс буулгагчийн түр орон тоон дээр хүн авах сургаар “харайлган” очиж залуу эрийн ид хавыг гайхуулан ажиллаж тэнцжээ. Удалгүй өрх тусгаарлаж, үрийн зулай үнэрлэж, түр орсон ажилдаа бүр жинхэлж амьдрал “цэцэглэсэн”. Ингэж л тэр энэ насны амьдралаа зориулах ажлаа олсон юм. Нүүрс буулгагчаас засварчин болж, тэгэхдээ бүр зуухны  дөрөвдүгээр зэрэгтэй “эмч” болтлоо хөлс дуслуулсан. Тиймдээ ч тэрээр ажиллагсдаасаа “Болохгүй байна” гэсэн үгийг сонсох тун дургүй. Хариуд нь “Болохгүй биш, чадахгүй л байна” гэж хэлэх нь олонтаа. Станцын ажлыг бүр анхан шатнаас нь гардсан дарга Монголд Г.Мөнх-Эрдэнээс өөр хэр олон байдаг бол гэж эрхгүй бодогдох. 
     1995 онд хүүгээ мэндлэхэд тэрээр холыг харж, ажлаас халагдах өргөдөл өгөөд ШУТИС-ийн Эрчим хүчний Их сургуульд дулааны инженерээр суралцсан. Намрын тэр шөнө их сургуульд сурч чадахгүй хөөгдвөл яана гэх бодол толгойд нь эргэлдэн нойр нь хулжиж хоножээ. Маргааш нь костюм өмсчихсөн, том цүнх барьсан нөхөр ангиа хайгаад очтол арав дүү шинэ андууд нь “Та манайд хичээл орох багш уу?” гэж асуусан гэдэг. Оюутны он жилүүд харвасан сум шиг өнгөрч, шинэхэн диплом өвөртөлсөн инженер станцдаа эргэн ирэхэд дарга нь “Чамайг сургуулиа  төгсөөд шууд ирнэ гэж итгэсэн учраас нутаг буцсан орос мастерын орон тоог хадгалж байлаа” гээд угтахад итгэл, сэтгэл гээчийг ихэд мэдэрч баярлахын зэрэгцээ бэргэж байжээ. Хоёр жилийн дараа Түлш дамжуулах хэсгийн дарга гавьяаны амралтдаа гарахад түүнийг дахин дэвшүүлсэн. Энэ томилгоо Г.Мөнх-Эрдэнийн мэдлэг, ур чадварыг ихэд үнэлсний том нотолгоо байсан юм. Түүнийг Түлш дамжуулах хэсгийн даргаар долоон жил ажиллах хугацаанд Дулааны станцад өргөтгөл хийгдэж эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн. Түүний зүтгэснийг, хийсэн бүтээсэн хийгээд ирээдүйд цогцлоохыг “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд бодитой харж үнэлсэн. Тийм ч учраас таван жилийн өмнөөс “Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станцыг удирдах үүрэг түүнд өгсөн юм. Хүмүүс албан тушаалд хүрээд баярладаг бол тэр 20 жил дотор нь ажилласан хэр нь түгшиж, эв нь таарвал татгалзчих санаатай явснаа нуугаагүй. Төрийн өмчит аж ахуйн нэгжийг ардчилалынхан удирдаж байх үед Ардын намын угшилтай нөхрийг даргаар тавилаа гэсэн хэл ам газар авалгүй намжсан нь түүний зангаргийг харуулна. Мань хүн саяхан цехийнхээ гадаа зуны цамцтай хүмүүс шавуулчихсан зогсохыг харлаа. Станцынхаа хоёр дахь шатны өргөтгөлийн ажлыг үзэж шалгаж яваа бололтой. Дэргэдүүр нь гүйцэтгэгч компанийн хятад ажилчид гүйлдэнэ. Суурилагдсан хүчин чадлаараа улсад гуравт эрэмбэлэгдэх бүтээн байгуулалт эднийд өрнөөд өндөрлөлөө. Улсын комисс хүлээж авснаар Эрдэнэтийн зэсийн баяжмалын өөрийн өртөг буурч, компанийн ашиг орлого нэмэгдэхийн зэрэгцээ улсын төсөвт “Эрдэнэт” үйлдвэрээс орох орлого өснө. Мөн гадаадаас өндөр үнээр авч буй эрчим хүчний хэмжээ багасч, улсын эрчим хүчний нөөц нэмэгдэнэ. Түүхэн энэ цаг үед станцыг удирдаж яваа тэр азтай мэт боловч нөгөө талаар энэ том бүтээн байгуулалт шинэчлэлийг Г.Мөнх-Эрдэнэ даргын үед хийх нь сонголт байж мэдэх. “Төсөл ашигтай эсэхэд эргэлзэх хэрэггүй” гэдэг түүний ганц өгүүлбэр шийдвэрт нөлөөлсөн гэх нь ч бий.  
     Г.Мөнх-Эрдэнэ даргын ажлын өглөө станцынхаа яндангаас суунаглах утааг шинжихээс эхэлнэ. Орос ерөнхий инженертэйгээ гар барихдаа ээрч түгдэрч байна уу, хэвийн сайхан мэндэлж байна уу гэж анзааран илтгэхээс нь өмнө харцнаас нь багцаа уншчихна. Тэгээд “Бүх зүйл хэвийн” гэх үгийг сонсох хамгийн сайхан гэж тэр ярьсан. Удирдагч хүн ажилтан бүрт таарах олон “түлхүүртэй” байх ёстой гэсэн үзлийг тэр буруушаадаг. Харин ч эсрэгээрээ хүн бүрт шударга, ил тод, зарчимч байх нэг ижил шаардлага тавьж гэмээнэ ажил урагшилна гэж үздэг. Ийм л утаа униар, зуух яндан, тулгуур хоолой, шонгийн мод хоорондын зай ярьсан “мэргэжлийн өвчтэй” дарга манайд байна. Станцын яндан бүрийн утаа бүгээн байг.
 
 
М.ОДГЭРЭЛ
 
 
“Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 МВт-аар өргөтгөх төслийн зөвлөх, Монгол улсын зөвлөх инженер Д.Батчулуунтай техник, тоног төхөөрөмжийн сонголт, угсралт, туршилт, тохируулгын талаар ярилцлаа.
 

-Төслийн үндсэн тоног төхөөрөмжийн сонголт хэр оновчтой болсон бэ?  
-Би 1970-аад онд Москва хотод Эрчим хүчний дээд сургуулийг уурын болон хийн турбин зохион бүтээгч инженер мэргэжлээр сурч төгссөн. Одоо 38 дахь жилдээ эрчим хүчний системд ажиллаж байна. Энэ хугацаанд Нэгдүгээр цахилгаан станц, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн, “Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны станцад 1992-1996 онд даргаар ажиллаж байсан. Дараа нь Дөрөвдүгээр цахилгаан станцад 20 жил ажиллаад гавьяаны амралтандаа гарсан. Гэсэн ч мэргэжил нэгтнүүд маань надад итгэж урьсан учраас би энэ станцын өргөтгөлд өөрийн хувь нэмрээ оруулж, хариацлагатай, бүтээлч хамт олонтой сайхан ажиллалаа. Өргөтгөлд ямар тоног төхөөрөмж байх ёстой, цаашид станц ямар горимоор ажиллавал хэвийн найдвартай ажиллах вэ гэдэгт анхаарч, үндсэн болон туслах тоног төхөөрөмжүүдийн сонголт хийхэд зөвлөсөн. Станц маань цахилгаан, дулааны эрчим хүчийг хослон үйлдвэрлэнэ. Баяжуулах үйлдвэрийг технологийн уураар тасралтгүй хангах үндсэн үүрэгтэй. Тиймээс сонгож авах турбин нь нэгдүгээрт, үйлдвэр дулаацуулгын авлагатай байх ёстой. Хоёрдугаарт, өвөл хаврын шилжилтийн цаг агаарын ачааллыг, мөн зуны улирлын цахилгааны ачааллыг авахын тулд конденсацийн горимд ажилладаг байх шаардлагатай. Ингэж байж станц дөрвөн улиралд хэвийн горимоор, төслийн бүрэн хүчин чадлаар ажиллах бололцоотой. Үүний үр дүнд дөрвөн турбины хоёр нь үйлдвэр дулаацуулгын авалгатай, хоёр нь цэвэр цахилгаан үйлдвэрлэдэг машин сонгосон. Турбинууд маань сүүлийн үеийн удирлага хяналтын системтэй. Өөрөөр хэлбэл турбин ажиллуулах, зогсоох бүх үйл явц автомат удирдлагаар явагдана. Үүнээс гадна хөргөх цамхаг гэж чухал тоног төхөөрөмж байдаг. Турбинд ажиллаад гарсан уурыг хөргөж байнгын эргэлтэд байлгадаг тоноглол юм. Энэ нь хэд хэдэн хийцтэй байдаг. Монголын эрчим хүчний системд анх удаа албадмал хөргөлттэй хөргөгч цамхагийг сонгож авсан. Одоо хэвийн ажиллаж байна. Гол гол тоноглолуудын сонголт үндсэндээ оновчтой болсон гэж үзэж байгаа.  

-Манай зүгээс тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн явцад хяналт тавьсан. Энэ талаар...?  
-Ялангуяа турбин, генератор, трансформатор зэрэг онцгой үүрэг, ач холбогдолтой тоноглолуудын үйлдвэрлэлийн явцад манайхан очиж хяналт тавьсан. Тэгээд яг манай захиалгаар үйлдвэрлэж буй тоноглол мөн болохыг, техникийн хүчин чадлаараа ажиллаж болно гэдгийг баталгаажуулаад ирсэн. Тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн асуудлыг Их барилгын хэлтэс хариуцан зохион байгуулсан. Тээвэрлэгдээд ирсэн тоног төхөөрөмжүүдийг аль ч улиралд техникийн нөхцөлийг нь алдагдуулахгүйгээр хадгалах асуудал онцгой чухал байсан. 

-Тоног төхөөрөмжийн угсралт, туршилт, тохируулгын ажил хэр чанартай хийгдсэн бэ? 
-Угсралтыг ерөнхий гүйцэтгэгч Харбин электрик интернейшнл компани хариуцаж хийсэн. Угсралтын явцад хамгийн багадаа 400-аад хүн ажиллаж байлаа. Эрдэнэтээс, Улаанбаатараас монголын хэд хэдэн компанийнхан ирж, Ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан тусалсан. Мөн 250 гаруй хятад ажилтан үндсэн тоноглолын угсралт дээр ирж ажилласан. Авто тээврийн байгууллага тоног төхөөрөмжийг нааш цааш зөөх, өргөхөд кранаас эхлээд шаардлагатай бүхий л төрлийн техник хэрэгслээр хангаж ажилласанд баярлаж байна. Орон нутагт бэлтгэх боломжтой металл хийцүүдийг Засвар механикийн завод хийсэн. Ер нь станцын өргөтгөлд оролцоогүй “Эрдэнэт” үйлдвэрийн цех, нэгж гэж үгүй. 2016 оны 11-р сарын зургаан гэхэд турбин заал, эргэлтийн усны насосны барилгыг бүхэлд нь битүүлээд, ажиллаж байгаа станцаасаа дулаан аваад тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг өвөл тасралтгүй зохион байгуулсан. Угсралтын ажил түрүүлж явж байсан учраас бид анхны машиныг газар шорооны ажил эхэлснээс 13 сарын дараа эхний турбиныг эргүүлсэн. Минутад 3000 эргүүлж, хоосон эргэлтийн үеийн хэмжилт, туршилт, тохируулгыг хийсэн. Хамгийн сүүлийнхийг нь наймдугаар сарын 27-нд явуулсан. Нарийн мэргэжлийн туршилт тохируулгын инженерүүд, станцын инженер техникийн ажилтнууд хамтран бүх техникийн үзлэг шалгалт, хүйтэн болон халуун туршилт, явуулах үеийн туршилт, зүгшрүүлэлтийн ажлыг хугацаанд нь хийсэн. Үүний үр дүнд дараа дараагийн комиссууд ажиллахад хүндрэл гараагүй. Эндээс Харбин электрик интернейшнл компанийн мэргэжилтнүүдийн ур чадвар, зохион байгуулалт, ажлын чанар харагдаж байгаа юм.   

-Та эрчим хүчний олон төсөл дээр ажилласан. Манай станц дээр хэрэгжсэн энэ төслийн онцлогийг хэрхэн  дүгнэж байна? 
-Дулаанаас гадна цахилгаан үйлдвэрлэх нь “Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын үе үеийн ажилчдын хүсэл байсан. Тэдний олон жилийн мөрөөдөл биелж, хэрэглэгчээс үйлдвэрлэгч болж хувирсан үйл явдал нь энэ төслийн гол онцлог. “Эрдэнэт” үйлдвэр төвийн эрчим хүчний системээс цагт 100 МВт цахилгаан худалдан авч 40 жил ажилласан. Өөрөөр хэлбэл төвийн эрчим хүчний системийн хамгийн тогтвортой, эдийн засгийн баталгаатай том хэрэглэгч байсан. Энэ утгаараа Монголын эрчим хүчний системийн санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулахад, тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагааг хангахад том дэмжлэг, хувь нэмэр оруулсан үйлдвэр. Одоо монголын эрчим хүчний гурав дахь том эх үүсвэрийг бий болголоо. Энэ нь төвийн эрчим хүчний системийн хүчдэлийн тогтворжилт, найдвартай ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ. 

-Цаг зав гаргасанд баярлалаа.
 
 
М.ГЭРЭЛ
 
Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 48 МВт-аар өргөтгөх төслийн удирдагч “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий эрчим зүйч, Эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Төрбаттай ярилцлаа.


 
-Манай үе үеийн Ерөнхий эрчим зүйчид, станцынхны  мөрөөдөл биеллээ. Танд баяр хүргэе. Урьд нь яагаад станцыг өргөтгөдөггүй байсан юм бол?
-Баярлалаа. Их сайхан байна. Манай Дулааны цахилгаан станц 1976 онд ашиглалтад  орж, Эрдэнэт хот болон “Эрдэнэт” үйлдвэрийг дулааны эрчим хүчээр хангаж эхэлсэн. Тухайн үед манай үйлдвэр  технологитоо уур их хэрэглэдэг байсан юм. 1985 онд Эрдэнэт хотод Дулааны цахилгаан станц баригдсан. Мөн  “Эрдэнэт” үйлдвэр уургүй технологит шилжин, уурын хэрэглээ 10 дахин багассан. Иймд манай станц  үйлдвэрийн дүүргийн халуун ус, халаалт, бага зэргийн уур  нийлүүлж, өвөлдөө хоёр зуух, зундаа ганц зуух бүтэн ажиллаж чадахгүй шахам байсан. Ажилчдаа зун тараагаад өвөл цуглуулдаг, үр ашиггүй болсон. Энэ байдлыг урьдчилж хараад үе үеийн “энергетикүүд” станцынхаа зуухны хүчин чадлыг бүрэн ашиглах  мөрөөдөлтэй явсан. Анхны “энергетик” Л.Хөхөө гуай энэ талаар их зүтгэсэн. Олон удаа зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн ч бүтээгүй. “Эрдэнэт” үйлдвэр тухайн үед дангаараа Монголын эрчим хүчний дөрөвний нэгийг нь хэрэглэдэг байсан.  Энэ том хэрэглэгч их  эрчим хүч үйлдвэрлээд эхэлбэл борлуулалтаа алдана гэсэн болгоомжлол эрчим хүчнийхний дунд байсан. Иймэрхүү шалтгаанаар 20-иод жил дамжин яригдсан түүхтэй. Миний “энергетик”-ээр ажиллаж буй энэ цаг үед тохироо бүрдэж, мөрөөдөл биеллээ. Манай улсын эрчим хүчний хэрэглээ ихсэж, гадаадаас өндөр үнэтэй цахилгаан эрчим хүч худалдаж авдаг болсон. Мөн  үйлдвэрийн маань хүчин чадал нэмэгдсэнээр өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангах шаардлага гарсан. Эрчим хүчний үнэ тариф байнга өсч байгаа. Манай үйлдвэрийн хамгийн том хоёр зардлын нэг нь эрчим хүчнийх. Үүнийг бууруулах хэрэгтэй гээд л бид зүтгэсэн. Дөрвөн жилийн өмнөөс техник эдийн засгийн үндэслэлээ бичиж, яам, шинжлэх ухаан техникийн зөвлөлийн хурлаар оруулж, тусгай зөвшөөрөл зэргийг авч, үйлдвэрийн удирдлага, станцын хамт олонтойгоо хамтран  энэ их ажлын ард  гарлаа.

-Төслийн хүрээнд та бүхний зүгээс ямар ажил зохион байгуулав? 
-Олон улсын тендер зарлаж, Зөвлөлийн хурлын шийдвэр гаргуулсан. Араб, Герман, Чех, Орос, Хятад, Монгол улсын 16 компанийн тендерийн материал авсан. Эцсийн дүнд саналаа ирүүлсэн долоон компаниас Хятадын Харбин электрик интернэйшнл компанийг сонгосон. Энэ компани үнийн хувьд хямд, гадаадын  52 төсөлд оролцсон туршлагатай. “Харбин электрик интернэйшнл” компани их сайн ажиллалаа. Захиалагч бидний шаардлагыг хүлээн авч дор бүр нь биелүүлж, бидэнтэй нягт уялдаатай ажилласан. Ингээд 18 сард гүйцэтгэх ажлыг хугацаанаас нь хоёр сарын өмнө дуусгасан. Улсын болон техникийн комиссын ажиллагаа бараг гурван сар үргэлжилсэн. 

-Төслийн ажлын хэсэг хэр цар хүрээтэй ажил гүйцэтгэсэн бэ?
-Үйлдвэрээс томилогдсон манай ажлын хэсэгт  хөдөлмөрч, шаргуу, хүчирхэг мэргэжилтнүүд ажилласан. Төслийн хүрээнд  үндэслэл, тооцоо, техникийн бичиг баримт, ашиглалтын болон техникийн заавар гэхчилэн 32700 орчим хуудас бичиг баримт үйлдсэн. Бичиг баримт  эхэндээ монгол, орос, хятад хэлээр, сүүлдээ монгол, хятад хэлээр бичигдсэн. Яам тамгын газарт орчуулан сийрүүлж хүргүүлсэн. Манайхан бүхэл бүтэн инстутитийн ажил хийсэн. Хятадын компанийн хийсэн зураг төслийг Монгол улсын зураг төслийн экспертизээр оруулах  ажлыг “Мон энержи консальт” компани хийж, манай Төслийн менежментийн хэлтсийнхэн бас оролцсон. Техникийн хяналтыг Эрчим хүчний хөгжлийн төвөөр хийлгэсэн. Энэ бүх ажилд бид хамтарч, тэдний зөвлөмжийн дагуу ажилласан. 

-Төслийн чансааг хэрхэн үнэлж байна?
-Манай төсөл ерөнхийдөө их сайн түвшинд буюу Монгол улсын хуулийн хүрээнд хийгдсэн. Энэ хавар Эрдэнэтэд болсон Эрчим хүчний зөвлөлгөөнд оролцогчид манай өргөтгөлтэй танилцаад Монгол улсад үлгэр жишээ болохуйц төсөл гэж үнэлсэн.  Монгол улсад суугаа Хятадын Элчин сайд төсөлтэй танилцах үеэрээ “Үүнийг ашигтай  хийх гэж зориогүй. Монголд хийж буй ажлын загвар төсөл маягаар хийж байгаа” гэсэн. Төслийн үр дүнд  манайх Монгол улсын хэмжээнд хүчин чадлаараа гуравт орох Дулааны цахилгаан станцтай боллоо. Бид үүгээрээ бахархаж байна. Цаашдаа бид станцынхаа хүчин чадлыг сайн авахуулж, үйлдвэрлэлээ өндөр хэмжээнд явуулж чадвал чамгүй үр ашиг гарна.  Ер нь хөрөнгө оруулалтын зардлаа богино хугацаанд нөхөх үр ашигтай төсөл. Мэдээж эхний жилд  техник тоног төхөөрөмжөө зүгшрүүлэх гээд ажил их бий.  Боловсон хүчин бэлтгэх тал дээр нилээн анхаарал хандуулж давхардсан тоогоор 176 хүн сургасан. Энэ төсөл маань “Эрдэнэт” үйлдвэрийн Хаалт хөгжлийн  менежменттэй уялдаж байгаа. Нийгмийн утгаараа ч сайхан үйл болсон. Олон хүн ажилтай, орлоготой болж байна. Энэ станц хамгийн багадаа 50 жил ажиллах юм. 

-Төсөлд сэтгэл гарган үр дүнтэй ажилласан хүмүүсийг дурьдвал?
-Энэхүү төсөлд оролцсон хүн бүр гар, сэтгэл нийлж ажилласан. Үйлдвэрийн үе үеийн удирдлагууд  дэмжиж ирсэн. Төслийг Засгийн газрын түвшинд танилцуулах, зөвшилцөх, зохицуулах ажилд Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хувь нэмэр их байсан. Тэгээд Ц.Даваацэрэн захирал, орлогч захирлууд Д.Даваасамбуу, Б.Болдбаатар, төслийн зөвлөх Д.Батчулуун, Дулааны цахилгаан станцын Г.Мөнх-Эрдэнэ даргатай хамт олон, төслийн нарийн бичиг С.Буяндэлгэр, барилгын инженер Д.Баярмаа нарыг онцгойлон хэлэх байна.
 
 
Я.ЭНХТУЯА
 
Мягмар, 23 1-р сар 2018 00:00

Станц ийм түүхтэй

     “Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны станц анх 1976 онд байгуулагдаж, цагт 75 тн уур боловсруулах хүчин чадалтай БКЗ-75-39ФБ маркийн зургаан уурын зуухтай, 310 Гкал/цаг дулааны суурилагдсан хүчин чадалтай ашиглалтад орсон. Компанийн эрчим хүчний зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, удирдах дээд байгууллагуудын удаа дараагийн шийдвэрийг үндэслэн одоогоос зургаан жилийн өмнө тус бүр 2.5 МВт-ын хоёр  турбингенератор суурилуулан Дулааны цахилгаан станц болон өргөжин ажиллаж ирсэн. Өнөөдөр тус станцад 320 орчим ажилтан хөдөлмөр зүтгэлээ зориулж байна.
 
 
М.ГЭРЭЛ
     Нээлтийн ёслолд зориулсан баярын хурлын үеэр Харбин Электрик Энтернэйшнл ХХК-ийн төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад түлхүүрийг гардууллаа. Баярын хурал өндөрлөсний дараа "Уурхайчин" соёлын ордноос бэлтгэсэн баярын концертыг нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочдод толилуулав.
 

 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог