• Орон нутгаас 31,9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ

        Эрдэнэт үйлдвэр ХХК нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Орхон аймгийн үйлдвэрлэгч компаниудтай 31,9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Баяжмалын шуудай, ган бөөрөнцөг, ажлын хувцас, түүхий резин, лед гэрэл, электродын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлж байна. 2016 онд 5,1 тэрбум, 2017 онд 7,7 тэрбум, 2018 онд 12 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг орон нутгийн үйлдвэрлэгчдээс худалдан авчээ. Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдтэй 2018 онд 42,5 тэрбум төгрөгийн 244 гэрээ байгуулсан нь өмнөх онтой харьцуулахад 2,2 дахин нэмэгдсэн байна.   У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Геологийн нөөцийг 60 гаруй жил ашиглана

         Эрдэнэт үйлдвэр ХХК нь анх Монгол, Чехословакийн геологчдын хайгуулын ажлын үр дүнгээс эхлэн өнөөг хүртэл уурхайн ашиглалтын насжилтыг нэмэгдүүлэхээр геологи хайгуулын ажлыг дэлхийн жишигт нийцүүлэн өнөөг  хүртэл гүйцэтгэж байна. Ордын нөөц өсгөх хайгуул, судалгааны ажлыг олон жил үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. 2017, 2018 онд геологи хайгуулын ажлын үр дүнг нэмэгдүүлснээр хүдрийн баялгийг өсгөж,  ашиглалтын нөөцийг 40 жил, геологийн нөөцийг  60 гаруй жил ашиглах боломжтой боллоо. У.Цэрэн Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Улсын төсвийн орлого нэмэгджээ

        Эрдэнэтийн уурхайчид улсын төсвийн тал хувийг бүрдүүлж, эх орны эдийн засгийн хүнд үед улсаа нуруундаа үүрч явсан түүхтэй. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд 854,8 сая тонн хүдэр боловсруулжээ. Сүүлийн гурван жилийн тайлан мэдээнээс харахад улсын болон орон нутгийн төсөвт уурхайчдын төлсөн татварын дүн өссөн байна. Тухайлбал 2016 онд 183,7 тэрбум, 2017 онд 578,6 тэрбум, 2018 онд 654,8 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлжээ. Харин үйлдвэрлэлийн түүхэнд зэсийн металл авалт энэ онуудад хамгийн өндөр хувьд хүрсэн байна. У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Нийгмийн хариуцлагын зардлыг нэмэгдүүлэв

         Эрдэнэт үйлдвэр ХХК нь уул уурхайн хүнд үйлдвэрийн хувьд ажилтнууддаа 24 нэр төрлийн хөнгөлөлт, дэмжлэг, буцалтгүй тусламж үзүүлж, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажилчдын цалинг 2017 онд 10%-аар, ажлын үр дүнгийн урамшууллыг 20 %-аар, 2018 онд цалинг дахин 15% хүртэл нэмэгдүүллээ. Үүний хүрээнд сүүлийн гурван жилд 129,2 тэрбум төгрөг зарцуулжээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд компани 2017 онд 60,5 тэрбум төгрөг зарцуулсан бол 2018 онд 24,4 тэрбумаар нэмэгдүүлж 84,9 тэрбум төгрөгт  хүргэсэн байна. У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Хуульчид 32,8 тэрбум төгрөгийн ашигтай шийдвэр гаргуулжээ

         Эрдэнэт үйлдвэрийн Хууль, эрх зүйн газрын хуульчид өнгөрсөн онд олон улсын арбитрын гурав, дотоодын арбитрын нэг, иргэний 54, захиргааны дөрөв, эрүүгийн 16, зөрчлийн хоёр гээд нийт 80 хэрэгт компанийн эрх ашгийг төлөөлөн ажиллажээ. Тэд иргэний 54 хэрэгт ажилласнаас 38 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, компанид 30,3 тэрбум төгрөгийн ашигтай шийдвэр гаргуулсан байна. Мөн эрүүгийн 16, зөрчлийн 2 хэрэгт  ажилласнаас 12 хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, 4,1 сая төгрөгийн хохирлыг барагдууллаа. Түүнээс гадна захиргааны дөрвөн хэргийн хоёр нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, нийт 2,5 тэрбум төгрөгийг компанид ашигтайгаар шийдвэрлүүлсэн амжилттай ажиллав. Тус газар 2018 онд 16 компани, дөрвөн иргэнээс нийт таван сая ам.доллар, 900 орчим сая  төгрөгийн авлага барагдуулсан байна.      Харуул хамгаалалтыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Үйлдвэрийн бүс, объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулан батлуулж, компанийн бүх ажилтнуудад цахим үнэмлэх олгох ажлыг ХМТАЦ-тай хамтран зохион байгуулсан. Журмыг хэрэгжүүлэх зорилгоор “Зочин” үнэмлэхийг хэвлүүлж, Үйлчилгээ, аж ахуйн алба, Гэрээт цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн ба гэрээт байгууллагуудын ажилтнуудыг цахим үнэмлэхээр хангах ажлыг зохион байгуулав. Мөн “Компанийн аюулгүй байдал” сарын аяныг зохион байгуулж, Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн 816 дугаар салбарын харуул, хамгаалалтын бүх  цэгүүдээр хамгаалалтыг сайжруулах олон ажил санаачлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Энэ онд хэрэгжүүлэх үйлдвэрийн ажилчдын автобусны шалган нэвтрүүлэх систем, харуул хамгаалалтын нэгдсэн систем, камерын хяналтын нэгдсэн төв байгуулах ажлын бэлтгэл хангагдаж байна. Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт сувилалд оношилгооны шинэ төхөөрөмжүүд ирлээ

         Эрдэнэт сувилал цогцолборын Дүрс оношилгооны кабинетад  Япон улсад үйлдвэрлэсэн Shimadtsu-Flexavision FD маркийн дижитал рентген аппарат, FUJINON  маркийн улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэс, бүдүүн, шулуун гэдэсний дурангийн аппарат, UUSS-H60  загварын хэт авиан оношилгооны  ЭХО аппарат хүлээн авлаа.      Дижитал рентген аппаратаар толгой, хүзүү, сээр бүсэлхий нугалмууд,  уушиг, зүрх, үе мөчний рентген зураг авах юм. Энэ аппаратын тусламжтайгаар  рентгенээр харах,  ходоод, улаан хоолой хэвлийн хөндийн эрхтэнүүдийн  тодосгогч бодистой рентген  шинжилгээ хийх боломжтой боллоо.        Эхо аппаратаар хэвлийн хөндий болон бага аарцгийн хөндийн  эрхтэнүүдийн хэт авиан шинжилгээ, зүрх судас, эмэгтэйчүүдийн оношилгоо хийхээс гадна  шинээр бамбай булчирхай, хөх, үе мөч, булчин шөрмөсийг   үзэж оношилно.      Мөн Лабораторит  цагт 200 шинжилгээ хийх хүчин чадалтай Герман улсын HumaStar-200 маркийн Биохимийн бүрэн автомат анализаторыг суурилуулсан байна.      Ингэснээр  шинжилгээний нэр төрөл олширч, чанар сайжрах төдийгүй шинжилгээний хариу автомат-аар гарах юм. Нүдний кабинетад KOWA VX10 маркийн нүдний дурангийн аппарат шинээр суурилагдсан байна. Уг аппарат нь нүдний уг дурандан оношилж, зургийг нь авдгаараа өмнөхөөсөө давуу талтай юм. Шинэ тоног төхөөрөмжүүдээс ЭХО аппарат ажиллаж эхэлсэн бөгөөд  бусдыг нь ажиллуулахад бэлтгэж, эмч мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулж байна. Ийнхүү Эрдэнэт сувилал  цогцолборт орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжүүд  ашигласнаар  ажиллагчдын эрүүл мэндийн оношилгоонд дэвшил гарна гэж эмч мэргэжилтнүүд үзэж байна. Я.ЭНХТУЯА Дэлгэрэнгүй...
  • Ус тунгалагшихад уужирдаг сэтгэл

         Энэ үгийг Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн дарга Авирмэдийн Баярсайхан нэгэнтээ хэлсэн. Жинхэнэ хөдөлмөрийн хүн л үүнийг сайн мэднэ.      Дөрвөн арваны тэртээ Увс аймгийн Завхан сумын хүү тухайн үед хэрийн хүн сонирхдоггүй усны мэргэжил эзэмшихээр Унгар улсыг зорьсон нь учиртай. Увс аймгийн Усны аж ахуй удирдах газрын дарга Авирмэдийн гурав дахь хүү ирээдүйд усны мэргэжил монголд эрэлттэй болохыг мэдэрч сонгох нь зүйн хэрэг. А.Баярсайхан гадаад багш нарын хатуу шаардлага, шүүлтийг дөмөгхөн давсаар инженерийн боловсролоор тэргүүлэгч улсын Политехникийн дээд сургуулийг усан хангамжийн ариутгах татуургын инженер мэргэжлээр төгссөн. Хорь гаруйхан настай, өндөр, цэмцгэр залуу тухайн үеийн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны томилолтоор Эрдэнэтэд анх иржээ. Тэрээр үйлдвэрийн харьяа Усан хангамж ариутгах татуургын цехийн шугамын засварчнаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Энэ үеэс л багаж хэрэгсэлтэй “нөхөрлөж”, гараасаа салгахгүй хайрлан хямгадаж ашигладаг багаж байнга гялалзаж, их үйлийг хамт бүтээдэг болохыг мэдэрчээ. Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимээр тэр удалгүй шугамын мастер, инженер болж,  1995 оноос Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн даргаар даруй 23 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Хүрдэн болон Элсэн шүүрний, Гүн цэвэрлэгээний байгууламжийг  хүлээн авч, инженер техникийн ажилтнуудынхаа хамтаар тохиргоо үйлчилгээг  гардан хийж ажилд оруулснаар цэвэрлэгээний чанарыг 98 хувьд хүргэж чадсан юм. Монгол улсын хэмжээнд цор ганц бохир усны гүн цэвэрлэгээний байгууламж Эрдэнэт үйлдвэрт бий. Өнөөдөр энэ байгууламжаас байгаль экологид хор аюулгүй цэвэр ус гарч буй нь түүний удирдсан хамт олны хөдөлмөрийн үр шим. А.Баярсайхан цэвэрлэх байгууламжийнхаа өргөтгөл, тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлийн ажлыг санаачилж, тасралтгүй сайжруулалтыг биечлэн манлайлдаг удирдагч.      Хэдийгээр Эрдэнэт үйлдвэрийн Цэвэрлэх байгууламж боловч Зууны манлай үйлдвэр дагаж байгуулагдсан Эрдэнэт хотын бүх албан байгууллага, аж ахуйн нэгж, орон сууцны ахуйн бохир усыг эднийх цуглуулж, дөрвөн үе шаттай дамжлагаар стандартын хэмжээнд хүртэл нарийн цэвэрлэдэг онцлогтой. Эндээс гарсан усаар Хаягдлын аж ахуйн далангийн усны тэнцлийг тогтворжуулдаг. Хүний өөрийн бохир усыг цэвэршүүлдэг мөн ч буянтай улс гэж бодогдох. Манай Цэвэрлэх байгууламж хоногт 24000м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай. Гэтэл 1990-ээд оны сүүлээр төслийн хүчин чадлаасаа 1,5 дахин их буюу 30 000 гаруй м3 ус хүлээн авч хэт ачаалалтай, аваарын горимд ажилладаг байжээ. Тухайн үеийн нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийг хэсгийн даргынхаа мэргэжлийн өндөр ур чадвар, хамт олныг удирдан зохион байгуулах авьяас, анхаарал болгоомж, арга ажиллагаагаар давж гарсан гэж хамт олон нь бахархан ярих дуртай. Үндсэн тоноглол, ил задгай байгууламжуудыг зогсоож засвар үйлчилгээ хийх боломжгүй тэр үед технологийн горимыг секунт алдахгүй баримтлах чухал. Энэ бүх хүндрэл бэрхшээлийг А.Баярсайхан өөрийн хэсгийн хамт олонтойгоо зоригтой туулсныг компанийн удирдлагууд одоо ч үнэлдэг. Хэт ачааллын үед “Цаашид Эрдэнэт хот өргөжин тэлнэ, үйлдвэр, аж ахуйн газрууд улам олшрох учраас Цэвэрлэх байгууламжийг өргөтгөх зайлшгүй шаардлагатай...”-г ойлгуулж ярьдаг хуруу дарам цөөн хүний нэг нь тэр байлаа. Ийнхүү давхар цэвэрлэгээний дамжлага болох Гүн цэвэрлэгээний байгууламжийг урдаас төлөвлөсөн. Дараа нь Францын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар томоохон өргөтгөл эхлүүлсэн нь одоо дуусах шатандаа явна. Харин хэт ачааллын аваарын горим 2004 оноос дуусгавар болж, хэвийн ажиллагаанд шилжсэн юм. Учир нь орон сууц, албан байгууллагуудыг тоолууржуулах, усны алдагдлыг багасгах янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд ачаалал буурсан. Одоо эднийх хоногт 18000 м3 бохир ус хүлээн авч цэвэрлэж байна. Тэрээр “Бохир усыг цэвэрлэх асуудал манай улсын хэмжээнд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татах болсон. Хөгжилтэй оронд бол хөгжлийн дээд түвшинд хүрсэн. Ундны усанд хэрэглэх хэмжээнд хүртэл цэвэрлэж байна. Манайх одоохондоо хөгжлийнхөө шатанд л явна. Харин ч том үйлдвэрийн харьяанд явсаны хүчинд үйл ажиллагаа нь жигд, техник технологийн шинэчлэл цаг хугацаандаа хийгддэг, мэргэжилтэй боловсон хүчингүүдээр хангагддаг, үүнийхээ хүчинд улсын хэмжээнд хэвийн яваа ганц цэвэрлэх байгууламж бол манайх...” гэж ярьсан. Үнэндээ хэвийн жигд ажиллагааг хангахад хамгийн их нөлөөлсөн, хүчин чармайлт, сэтгэл гаргаж яваа хүн нь өөрөө юм. Үргэлж найдвартай ажиллагаа, хурдтай хэмнэл нэхэж, шинийг эрэлхийлдэг хэсгийн дарга хамгийн сүүлд Сэлэнгэ амралтын баазын цэвэрлэх байгууламжийг Герман улсын “WBS” технологитой бүрэн автомат байгууламжаар  бүтэн шинэчилсэн. Шинэ техник, тоног төхөөрөмжийг суурилуулан ажиллуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх бол түүний мэргэшсэн ажил. Мөн саяхан Цэвэрлэх байгууламжийн лабораторийн 40 жил ашигласан тоноглол, хэрэгслүүдийг шинэчилснээр бохир усны цэвэрлэгээний шинжилгээг сүүлийн үеийн дэвшилтэт арга зүй, технологиор хийх болсноор үр дүн, чанар дээшилсэн. Ингээд зогсохгүй, лабораторидоо Улсын итгэмжлэл авах санаачилга гарган хөөцөлдсөөр бүтээжээ. Одоо Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн лабораторийн шинжилгээний дүн Монгол улсын хэмжээнд бүрэн зөвшөөрөгдсөний дээр хүн амын ундны цэвэр усанд шинжилгээ хийх, улмаар бусад үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шинжилгээний төлбөртэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн нь сайн хэрэг.      А.Баярсайханд Эрдэнэтчүүд талархах учиртай. Байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалахад амьдралынхаа туршид асар их хувь нэмэр оруулсан эрхэм. Цэвэрлэгдэн гарч буй бохир усны стандартад хатуу хяналт тогтоож, ус тунгалаг байхын төлөө 33 жилийн амьдралаа бүтэн зориулсан мэргэшсэн инженер. Одоо ч Цэвэрлэх байгууламжийнхаа лагийг үнэргүйжүүлэхэд сэтгэл, оюунаа чилээн судалгаа туршилт явуулсаар, гарц гаргалгаа хайн бэдэрсээр явна. Эндээс гарах усны дусал бүхэн тунгалаг байж, эрэл зөв чигийг олох болтугай. М.ОДГЭРЭЛ Дэлгэрэнгүй...
  • Уртын дууны шуранхай, ум тарнийн увидастай

             Уртын дуу, сонгодог урлаг, суурь шинжлэх ухааны хөгжлийн орон зай, цаг хугацаанд эрх чөлөө, ардчилал, тэгш эрх оршдог билээ.      Уртын дууны гайхамшиг нь, усны харгиа боргио, уул хавцлын цоор цуурай, исгэрээнээс улбаалан байгаль орчноо аргадах бөөгийн шашны дуудлага, туульсаар өртөөлөн өндөр их уулсын хүрээлэлд үүссэн байх магадлалтай юм. Учир нь тэр их өндөр уулс саръдгийн сансрын салхины эрч, усны хүрхрээн хүчит чимээ анир улмаар цаг уурын эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улирлын өөрчлөлтөд хүний сэтгэлийн эгшиг, цахилгаан соронзон долгион болон таталцах хүчээр өдөөгдөж болох учиртай билээ.            Үсэг үсгээр эвлэж үг үүсээд л үг хоорондоо соронзлогдон, шад бадгаар тэгш хэмлэгдэж ид шид шингэсэн дууны яруу найраг төрдөг. Улмаар ширэн цартай, сүүлэн хөвч, хоёр чавхдастай сэтгэл зүрхний хос ховдлыг булгилуулсан морин хуурын амьд эгшигтэй сүлэлдсэн уртын дууны шуранхай амилаад ирэхээр үнэхээр байгаль ертөнцийн уран эгшиглэнтэй, увидастай цэнхэр нүдэн, эмзэгхэн замбуулин хорвоо гэдэг энэ юм шүү дээ гэж төсөөлөгдөн сэтгэлийн таашаал, амгаланг эдлэх. Үнэхээр ч нүдний цөцгий мэт хайрлан, холтолж хэлтлэх нь бүү хэл, хиртээж буртаглаж боломгүй ариун дагшин ертөнц билээ.      Морины гүйх хар  хурданд  уртын дуугаар жигүүрлэн нисэхэд, хүний сэтгэлийн чагтага мултарч, газрын татах хүчнээс хязгааргүй орчлонд  жингүйдэн уусан алдарч, алсран тасраад л уужим сансар огторгуйд хөвөн, алс төгсгөлгүйн хөндлөнгөөс алаг нүдэн дэлхийгээ тольдон   зорчиж амьдрах  нь Монгол хүн болж төрсний  хосгүй хишиг,  хувь заяа юм даа.      Ер нь үлгэр домогт гардаг гуурст хурдан хүлгээрээ монголчууд аль эрт сансарт зорчин нисэж, хөрст цэнхэрхэн дэлхийгээ гаднаас нь ид  шидтэй билгийн нүдээрээ тольдон харж таньчихсан хүмүүс гэлтэй.      Америкийн Калифорнийн их сургуулийн хэсэг эрдэмтэд 1995 онд   аливаа үсэг, үг авианд энергийн эрчим хүч байдаг эсэхийг судлахаар тусгай  дуу дохио авианы маш өндөр нарийн  мэдрэмжтэй багаж зохион бүтээж олон ястны хэлээр хэдэн мянга, түмэн үгийг хэлэхэд  багаж мэдрээгүй гэдэг. Харин Грекийн эртний томъёонууд хэлэхэд дөнгөж мэдрэн үл ялиг  хөдөлж эхэлжээ. Улмаар Буддын сургаалийн  “УМ” тарнийг дуудахад багажны зүү хөдөлж 36 градусыг заасан байна. Үүнээс үүдээд эрдэмтэд энэ хазайлтын өнцгийн хэмжээг эрчим хүчинд шилжүүлж тооцоход сансрын хөлгийг тойрог замд оруулахуйц асар их энерги болохыг баталсан тухай Европын нөлөө бүхий “Асеа” сэтгүүлд бичжээ. 1911 онд сэргээн тунхаглагдсан Монгол улсын төрийн далбааны төгсгөлийн гурван улаан хэлний зулайд Ум, дунд нь Аа, өлмийд нь Хум үсэг заларч  байсан нь ердийн тохиолдол биш дэвшин мандахын агуу бэлгэдэл, сүр хүч байжээ. Ээжүүд үр хүүхэд биднийгээ арцаар ариулахдаа “Умаахан, умаахан, умаахан” гэдэг уншлагын учрыг хожуу хойно л ойлгож байна.      Үүнээс үүдэн шашин номын зүрхэн болон шидэт тарни гэдэг бол ид шидийн эрчим хүчтэй болох нь нэгэнт илэрхий болсон юм. Харин уртын дууны Аяа зээ хө, Ха, Хэ цохилтуудын тэсрэлтийн их хүч бол Ум тарнийхтай дүйцэхүйц эрчимтэй байж болох үндэстэй  юм.      Энергийн эрчмээр илэрхийлэгдсэн уртын дуу, морин хуурын эгшиг, дуучны хоолойн уянга дэлхийн ямарч үндэстэнд орчуулгагүй гэрэлт сэтгэл зүрхэнд нь солонго татан гэгэлзүүлэн дэгэлзүүлдэг онцлогтой.      Уламжлалт морин хуур арьс шир, адууны сүүлээр урлагдсан болохоор  хөгжмийн амьтай зэмсэг болохоор монгол хүний зүрх сэтгэл, адууны үүрсэлт, тэмээний буйлаа шингэсэн нүүдэлчний мэдрэмжтэй байхаас аргагүй юм. Яагаад гэвэл хос чавхдасаас багцлагдан тогтдог боловч хоёр  зуу гаруй хялгаснаас бүрэлддэг гэдэг билээ.      Уртын дуу гэдэг нь үнэн хэрэгтээ гайхамшигт нарийн мэдрэмжтэй  хүмүүсийн чин зүрх сэтгэлээр орон зайд, цаг хугацаагаар ирлэгдэн бодит  амьдралын зовлон жаргалаас л төрж төгөлдөрждөг болохоор  сүнслэг бөгөөд авшигтай юм билээ.      Наран сартай сүлэлдэх үдшийн гэгэлгэн бүрийгээр, өдөртөө сульдсан агаарыг уртын дуугаар уярааж, хаяа дарсан айлуудаас, хангинуулж дөлөөд өнгөрөхөд, хадамд ирсэн шинэхэн бэр санааширч үлддэг л нүүдэлчний нэгэн бодит  амьдралын  зураг.        Дорнын монгол уртын дуу болон Өрнийн сонгодог урлагийн орон зай, цаг хугацааны ертөнцөд л эрх чөлөө, тусгаар тогтнол, жинхэнэ ардчилал оршдог болохоор хүн болгон тэмүүлдэг ч, тэр болгон нь хүрч чаддаггүй хязгааргүй ертөнц билээ. Уртын дууны шуранхай, Ум тарнийн увидас энергийн тодорхой болон тодорхой бус хэлбэрт шилжин хувьсаж, мөнхөд орших эрчмийн үлэмжийн хязгааргүй чанар бөгөөд нарны алтан цацрагтай зүйрлэхүйц ертөнцийн багцалсан лугшилт юм.    Ж.БААТАРХҮҮ Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Мэдээ

Мэдээ (119)

Мэндчилгээ

03 3-р сар 2016 Нийтэлсэн

Монголын  эмэгтэй инженерүүд,технологчид,эрдэмтэд,математикчид /МЭИТЭМ/-н  нэгдсэн  байгууллага  нь эмэгтэй  эрдэмтэд,  технологчид,  математикчид,  инженерүүдийн  хамтын  үйл  ажиллагааг  бүх  талаар  дэмжин  улс  орны  хөгжил, инженерийн  бүтээн  байгуулалт,  шинжлэх  ухаанд  тодорхой  хувь  нэмэр  оруулах  зорилготой үүсэн  байгуулагдсан,  гишүүддээ үйлчлэх  сайн  дурын, ашгийн  бус, Дэлхийн  болон  Ази  номхон  далайн  бүсийн  орнуудын  эмэгтэй  инженерүүд, технологчид, математикчид, эрдэмтдийн  нэгдсэн  байгууллага  юм.
Дэлхийн  эмэгтэй  инженерүүд,  эрдэмтдийн нэгдсэн  байгууллага  нь  ЮНЕСКО-ийн  дэмжлэгтэйгээр  шинжлэх  ухаан,  технологи, инженерийн  салбарт  ажиллаж  байгаа  эмэгтэйчүүдийн  бүтээлч  оролцоогоор  дамжуулан  улс  орнуудын хөгжилд  тодорхой  хувь  нэмэр  оруулах  зорилгоор  1999  онд  байгуулагдсан  ба  одоо  60  гаруй  орны  250000 гаруй  гишүүдтэй,  олон  улсын  хэмжээнд  идэвхтэй  үйл  ажиллагаа  явуулж  байгаа  сайн  дурын  ашгийн  бус  олон  улсын  нэгдсэн  байгууллага  юм.  
Монгол  улсад 2012  онд  үүсэн  байгуулагдсан  ба  жил  бүр  зохион  байгуулагддаг  Ази номхон  далайн  орнуудын  эмэгтэй  инженерүүд,  эрдэмтдийн  уулзалт  -хурал,  гурван  жил  тутамд  зохион  байгуулагддаг  дэлхийн  эмэгтэй  инженерүүд  эрдэмтдийн  хуралд  Монгол  орны  эмэгтэйчүүдийг  төлөөлөн  оролцдог. МЭИТЭМ  нэгдсэн  байгууллага нь  Ази номхон  далайн  орнуудын  эмэгтэй  инженерүүд,  эрдэмтдийн  олон  улсын  хурлыг 2015 оны  6-р  сарын  25-27-нд  “Боловсоролын  шинэчлэл-Инноваци” сэдвийн  дор  Боловсрол  Шинжлэх  Ухааны  Яамтай  хамтран  эх  орондоо  амжилттай  зохион  байгуулсан. 2015 оны  3-р  сарын  21-нд  Орхон  аймагт  салбараа байгуулсан. Тус  арга  хэмжээнд  “МЭИТЭМ” гишүүддээ үйлчилдэг ТББ-ын гүйцэтгэх  захирал  доктор Ч.Ундрам Удирдах  зөвлөлийн  гишүүн  Б.Батцэнгэл  нар  оролцож “МЭИТЭМ”-ын  үйл  ажиллагаа Ази номхон  далайн  орнуудын  эмэгтэй  инженерүүд эрдэмтдийн  олон  улсын  хурлын  талаар мэдээлэл хийсэн. Мөн хэвлэлийн  бага  хурал  хийж  “МЭИТЭМ”  ТББ-ын  болон салбарын  үйл  ажиллагааг сурталчилсан. Удирдах  Зөвлөлөөс  орон  нутагт   ажилласан  захирал  гишүүдээ “Зөв яриа” ТV шууд  нэвтрүүлэгт  урьж  оролцуулсан.  Олон  улсын  эмэгтэйчүүдийн  эрхийг  хамгаалах  өдрөөр  гишүүд  дэмжигчиддээ  цэцэг  бэлэглэх  аян,  “Боловсролын  шинэчлэл- Инноваци”  олон  улсын  Эрдэм  шинжилгээний  хурлын  бэлтгэл  ажил  ханган  салбар  хуралдаануудад  амжилттай  оролцож  салбарын  захирал  доктор Б.Энхцэцэг “Сургалтын   арга  зүйг шинэчлэх шаардлага,  арга  зам” сэдвээр,  доктор У.Амарзаяа “Хүний нөөцийн хөгжлийг үнэлэх аргазүйн асуудал” сэдвээр тус тус илтгэл  тавьж тэргүүн  байрт  шалгарсан.
“Шинжлэх  ухаан  ба  боловсролын  шинэчлэл, инноваци-эмэгтэйчүүд”  онол  практикийн  хурлыг  МУИС-ийн  Орхон  Сургуулийн  сургалтын  албатай  хамтран  зохион  байгуулж  Их, дээд  сургуулиудын багш  нар, Боловсролын  салбарын  үе  үеийн  удирдах  ажилтнуудын  төлөөлөл, ЕБС-ийн  захирлууд, судлаачид, салбарын гишүүдийг урьж  оролцуулсан.
Ази  номхон  далайн  бүсийн  эмэгтэй  эрдэмтдийн  олон  улсын  хуралд салбарын  гишүүдийг  идэвхтэй  оролцуулж,  хуралдааны  ажлын  хэсгүүдэд  тодорхой  үүрэг  хүлээн  амжилттай  ажилласан. Орхон  аймгийн  ЕБС-ийн  математикийн  багш  нарын  сургалтыг  БСШУЯ-ны  хэрэгжилтийн  баг, “Орхон  хөгжлийн  аксиом” ТББ-тай  хамтран  явуулсан, “МЭИТЭМ” ТББ-ын  бүх  гишүүдийн  хурлын  бэлтгэл ажлыг  ханган  үйл ажиллагааны явцын  талаар 2016 оны  ажлын  төлөвлөгөөг тайлагнаж, Орхон  салбарын  гишүүд  дэмжигчиддээ “Мendelley”  судалгаа  шинжилгээний  арга зүйн программ эзэмших, англи хэлийг  өөрөө бие  даан  интернет  орчинг ашиглан  хэрхэн  суралцах  арга зүйн онолыг  БСШУЯ-ны   сертификаттайгаар олгон  олон  ажлыг    зохион   байгуулсан.  Нийт  гишүүд  дэмжигчиддээ нэгдсэн  байгууллагынхаа  үйл  ажиллагааг  дэмжин идэвхи  чармайлттай  ажилладагт  талархан  МЭИТЭМ –ийн  Орхон  аймгийн  эмэгтэй инженерүүд, технологчид, эрдэмтэд, матеиатикчдын  нэрийн  өмнөөс    та  бүхэнд  болон  танай  гэр  бүл, үр  хүүхдэд  Мартын  8-ны  106  жилийн  ойн  баярын  мэнд  хүргэж,  ажлын  өндөр  амжилт  эрүүл  энх, аз  жаргал,  хамгийн  сайн  сайхныг  хүсэн  ерөөе. Сайхан  баярлаарай.


“МЭИТЭМ” гишүүддээ үйлчилдэг ТББ-ын  Удирдах  зөвлөлийн  гишүүн, Орхон  салбарын захирал, доктор   Б.ЭНХЦЭЦЭГ

 

Төмөр замын цехийн илчит тэрэгний машинч Д.Ганхуягт уулын спортын дэд мастер цол олгосныг  өнгөрсөн лхагва гарагт   гардуулан өглөө.  Тэрбээр  2011 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Залуучуудын холбооноос   Отгонтэнгэр хайрханд авирах  эрхээр шагнуулсан 22 залуугийн нэгэн болж,  ОУХМ Бат-Эрдэнийн удирдлага дор авирснаар тамирчны  гараагаа эхэлжээ.  Д.Ганхуяг  эх орныхоо Цагаан дэглий, Сутай, Асралт хайрхан, Цамбагарав  зэрэг өндөр оргилд гарсан төдийгүй, Европын ноён оргил Эльбрусст Монгол улс, “Эрдэнэт” үйлдвэрийн тугаа  мандуулсан аж.

 

Я.ЭНХТУЯА

Монголын Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодиттой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж,бизнес эрхлэгчдийг шалгаруулж өргөмжилдөг entrepreneur арга хэмжээг жил бүр  зохион байгуулдаг уламжилалтай. 2015 оны ажлын үр дүнгийн үзүүлэлтээрээ Эрдэнэт үйлдвэр “Оны онцлох Аж ахуйн нэгж”-ээр шалгарч хүндэтгэлийн тугаа мандуулжээ. Мөн “Оны онцлох Аж ахуйн нэгж”-ээр “Болд төмөр Ерөө гол” ХХК, Бишрэлт, Монос групп, Хаан банк шалгарсан байна.


Т.БАТЧУЛУУН

ДҮРЭМ, ЖУРМЫН ЭМХЭТГЭЛ ГАРГАВ

24 2-р сар 2016 Нийтэлсэн

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбооноос ҮЭ-ийн сонгуультан, идэвхтнүүд сонгуульт ажил хэргээ явуулахад зориулсан дүрэм, журмын эмхэтгэл  гаргав. Энэхүү эмхэтгэлд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны дүрэм, Хянан шалгах зөвлөлийн дүрэм, “Эв нэгдлийн сан”, “Боловсролын сан”, “Нийгмийн халамжийн сан”, санхүүгийн төсөв боловсруулах болон тайлан гаргах журам, үйл ажиллагааны тайлан бичих загвар зэрэг шаардлагатай материалуудыг оруулсан байна. Уг товхимлыг ҮЭ-ийн ажилтан Т.Ариунзаяа, Ш.Галиндэв, Ц.Ганцоож нар  эмхэтгэн гаргажээ.

Н.Энэбиш