• Улсын баяр наадмын өмнө уурхайчдаа урамшуулна

         Онцгой дэглэмд, өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр болж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтээ 100.1-120.1 хувиар биелүүлж амжилттай ажилласан уурхайчдадаа Улсын баяр наадмын өмнө урамшуулал олгохоо мэдэгдлээ. “Хэдийгээр, коронавирусын халдвараас шалтгаалан төлөвлөөгүй нөхцөл байдал үүссэн ч Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид хорио цээрийн хязгаарлагдмал орчинд үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлж, оны эхний хагас жилийн байдлаар улс, орон нутгийн төсөвт 274 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь том амжилт юм. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олон нэгэн зүгт харж, ёс зүйтэй, эв нэгдэлтэй, эмх цэгцтэй, эрхэлсэн ажилдаа эзэн болж ажилласны үр дүн” гэж Ерөнхий захирал онцоллоо. Оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө нэр төрөл бүрээр ийнхүү давж биелсэн нь борлуулалтын орлого болон цэвэр ашгийн төлөвлөгөө дагаж өсөх санхүү, эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлжээ.      Тасралтгүй ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа бүрэн зогсож их засвар хийдэг. Энэ жилийн “их зогсолт” долдугаар сарын 31-ний 20.00 цагаас эхэлж 48 цаг үргэлжлэх бөгөөд үүнд хэрхэн бэлтгэж байгаа талаараа цехийн дарга нар мэдээлэл хийсэн. Үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс бүтцийн нэгжийн дарга нарт 2021 оны бизнес төлөвлөгөөнд саналаа өгөх, 2020 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх, Тэсрэх бодисын үйлдвэр барих, Орхон аймагтай хамтын ажиллагааны хүрээнд дулааны шугам татах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, өвлийн бэлтгэлийг ханган ажиллах чиглэлээр тодорхой үүрэг өглөө.  М.ОДГЭРЭЛ Б.БАТТӨГС Дэлгэрэнгүй...
  • Хийн үлээгүүрийн машин суурилууллаа

         2020 оны техник шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн үндсэн технологийн хэрэгцээний агаар шахах зориулалттай, Франц улсад үйлдвэрлэсэн “BLOWER 800” төрлийн хийн үлээгүүрийн машины угсралт,  суурилуулалтын ажлыг Баяжуулах үйлдвэр, Засвар угсралтын болон Цахилгаан цехийн хамт олон гүйцэтгэв. Уг машин ашиглалтад орсноор хуучин хийн үлээгүүрийн машинаас хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, баяжуулалтын процесст өгөх агаарын хэмжээг ихэсгэж байгаа юм. Мөн асаалт тохируулгын ажлыг Герман улсын мэргэжилтнүүдтэй хамтран  мэдээллийн сүлжээ ашиглан хийх ажээ.                                                                                                                         Т.Батчулуун   Дэлгэрэнгүй...
  • Ш.Болд: Хийн үлээгүүрийн машины туршилт эхэллээ

    Баяжуулах үйлдвэрийн техникийн шинэчлэлийн хүрээнд  Дулаан агааржуулалтын хэсэгт хийн үлээгүүрийн машин  шинэчлэх ажил явагдаж байгаа. Энэхүү шинэчлэлийн  явцын талаар тус хэсгийн дарга Ш.Болдоос тодрууллаа. Хийн үлээгүүрийн машиныг яагаад шинэчлэх болов?       Хосолмол секцийн үед тавигдсан хуучин машин маань 18 жил  үндсэн үүргээ биелүүлсэн. Хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагын үүднээс  шинэчлэл хийж байна. Бид  хийн үлээгүүрийн 171-р машины хүчин чадлыг хоёр дахин өсгөж  Францын Continental industrie фирмийн, Blower type-700.05маркийн агаар үлээх машинаар сольж байна. Энэ нь Францын Лион хотод үйлдвэрлэсэн энэ чиглэлийн  дэлхийн шилдэг үйлдвэрийн бүтээгдэхүүн юм. Уг машины угсралт одоо ямар түвшинд явна?      Үйлдвэрийн Ерөнхий инженерийн баталсан төлөвлөгөөний дагуу угсралтын ажил энэ оны дөрөвдүгээр  сарын сүүлчээр эхэлсэн. Бид долдугаар сарын нэгэнд угсралтын ажлаа дууслаа.  Continental Industrie фирмийн шиф инженертэй Италиас холбогдож онлайнаар тохируулга,  туршилт  хийж байна. Технологийн горимд ажиллуулан туршиж, хэвийн байвал ашиглалтад хүлээн авна. Тохируулгын ажилд нийлүүлэгч компани болох “Рэйнж интернешнл” ХХК-ийн  мэргэжилтнүүд, Баяжуулах үйлдвэрийн Засварын болон  Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн мэргэжилтнүүд оролцож байна. Хийн үлээгүүрийн машин суурилуулах нь  ямар ач холбогдолтой вэ?      Нэгд, технологийн процессын удирдлага боловсронгуй болж хүчин чадал нэмэгдэнэ. Агаар хүлээн  авалт, хуваарилалт жигд болж, хөвүүлэн баяжуулах машины хэвийн ажиллагааг хангана. Агаарын даралтыг тооцсон хэмжээнд барьж, баяжуулах машины хөөсөн бөмбөлөг жигд барьснаар технологийн процессын давуу талыг өсгөнө. Хоёрдугаарт, цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй. Энэхүү хийн машины нэг давуу тал  нь их бие болон татах, шахах хоолойдоо дуу намсгагчтай, шуугианы хамгаалалттай, хөргөлтийн системтэй. Иймээс  ажлын байрны чимээ, шуугиан зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл буурна. Баяжуулалтын 5-р ээлжийн өргөтгөл шинэчлэлийн бэлтгэл ажил хангагдаж байна гэж хэлж болно. Эдийн засгийн  хэмнэлт гарах уу?       Зэс молибдены баяжуулалтад чухал нөлөөтэй технологийн процесс жигдрэх,  цахилгаан эрчим хүчний зарцуулалт бага зэргээс хөрөнгө мөнгө хэмнэх боломж бий.   Шинэ тоног төхөөрөмжүүдийн угсралт, суурилуулалтыг хаанахын ажилчид гүйцэтгэв?       Угсралт тохируулгын томоохон  ажлыг Төслийн менежментийн хэлтэс, Засвар угсралтын  цех, Барилга засварын цех, Цахилгаан цех, Баяжуулах үйлдвэрийн Эрчим зүйн алба, Дулаан агааржуулалтын хэсэг, Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсэг  оролцож төлөвлөсөн хугацаанд чанартай мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэлээ.  Үндэсний чадварлаг мэргэжилтнүүдээрээ бид бахархаж байна.                                                                                                                                 Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 07 дугаар сарын 06

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 187 дахь өдөр. Он дуусахад 178 хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +26 градус, шөнөдөө +13 градус дулаан, бага зэргийн бороотой, салхины хурд 5-6 м/сек байна. 3. Аргын тооллын 7 дугаар сарын 06. Сумъяа гараг. Билгийн тооллын 16. Цагаан нохой өдөр. Өдрийн наран 5цаг 01 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар (03:40-05:40),луу (07:40-09:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40) болой. Хол замд явах хүмүүс хойш мөрөө гаргавал зохистой.Бага халуун болох улирал 23 цаг 42 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2826, евро 3188, БНХАУ-ын юань 400, ОХУ-ын рубль 40, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6022 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1969 оны 07 дугаар сар Улаанбаатар хотод Политехникийн дээд сургууль байгуулагдав. 1970 оны 07 дугаар сар ЭЗХТЗ-ийн Гүйцэтгэх хорооны XXV чуулганаас ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын социалист эдийн засгийн интеграцийн цогцолбор программыг баталжээ. 1972 оны 07 дугаар сар “Эрдэнэтийн-Овоо”-ны ордыг ашиглан техник, эдийн засгийн үндэслэлийг батлуулахаар А.Б.Поливин тэргүүтэй Зөвлөлтийн мэргэжилтний хэсэг Улаанбаатарт иржээ.   Дэлгэрэнгүй...
  • Их засварын ажлын гүйцэтгэл 60 хувийн биелэлттэй явж байна

         Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүд хэвийн ажиллаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг эхний хагас жилд 100-аас дээш хувиар давуулан биелүүлэв. Төлөвлөгөөт ажлын хугацаанд Нунтаглан баяжуулах хэсэгт SIEMENS үйлдвэрийн 20/5 тн-ын даацтай гүүрэн кран шинээр суурилуулсан бөгөөд Өөрөө нунтаглах хэсгийн МШЦ5,5*6,5М тээрмийг  шинэчлэн сольжээ. Энэ онд хийх үндсэн тоног төхөөрөмжийн 16 их засварын ажлын гүйцэтгэл 60 хувийн биелэлттэй явж байна. Үүнээс гадна Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд их зогсолтоор хийгдэх 104 ажлын жагсаалт батлагджээ. Үүний 66 ажлыг Баяжуулах үйлдвэрийн хамт олон өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан хийх аж. Түүнчлэн шаардлагатай тоног төхөөрөмж,сэлбэг хэрэгслийг нийлүүлсэн бөгөөд 33 ажлыг Засвар угсралтын цехийн хамт олон, таван ажлыг Барилга угсралтын цех тус тус гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. 2020 оны  II хагас жилд МШЦ3.2х4.5 тээрмийн болон  Туузан дамжуулгын их засвар, ШХХ-ийн молибдений өтгөрүүлэгчийг шинэчлэн солих зэрэг томоохон ажил хийгдэнэ.                                                                                                                                    Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр уул уурхайн салбарт анхны дижитал музей байгуулж байна

         Уул уурхайн жишиг үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Монгол Улсын  уул уурхайн салбарын онцлог, өөрийн үйлдвэрийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор дижитал музей байгуулах ажлыг эхлүүлсэн.      Тус музейн бүтээн байгуулалт, ажлын явцтай  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэргүүтэй удирдлагууд өнөөдөр танилцлаа. Дижитал музей нь Монголын уул уурхайн салбарын түүхэн хөгжлийн танхим, цахим мэдээллийн танхим, Эрдэнэт үйлдвэрийн түүхэн замнал, хөдөлмөрийн сайчуул, алдартан гавьяатнуудын мэдээлэл бүхий бидний-бахархал танхим, үйлдвэрлэл-технологи-инновацын танхим, нийгмийн  хариуцлагатай-Эрдэнэт үйлдвэр гэсэн  6 танхимаас  бүрдэх юм. Одоогоор Эрдэнэт үйлдвэрийн музейд үйлдвэрлэл-технологи-инновацын танхим, нийгмийн хариуцлагатай “Эрдэнэт үйлдвэр” гэсэн 2 танхим байгуулах ажил хараахан эхлээгүй байна. Эдгээр 6 танхимыг бүрэн ашиглалтад орсны дараа буюу ирэх 10-р сарын 01 гэхэд албан ёсны нээлт хийхээр төлөвлөж байна.      Уул уурхайн үйлдвэрийн газрын дэргэд  дижитал музей байгуулснаараа үйлдвэрийн түүхийг залуу үеийнхэндээ сурталчлаад зогсохгүй, шинэ залуу ажилчдадаа зориулсан сургалт хийх,  мэдээлэл өгөх, мэргэжлийн  баяруудыг тохиолдуулан өдөрлөг зохион байгуулах зэрэг музей тойрсон олон нийтийн  ажлууд явуулна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн харьяа цех, хэлтэс, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаа,  онцлох түүхэн үйл явдлууд,мэргэжлийн баяр зэрэгт тохируулан тухай бүрт нь музейн үзмэрүүдийг шинэчлэн дэглэх боломжтой болох юм. Э.Мөнх-Уянга Фото: Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Аюулыг мэдрүүлэх шилдэг төхөөрөмжийг тодрууллаа

         ХАБЭА-н хэлтсээс үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажиллагчдын дунд зарласан “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх тоног төхөөрөмжийн уралдаан”-ы шилдэг бүтээлүүд өнгөрсөн пүрэв гарагт шалгарлаа. Оны эхний хагас жилийн турш өрнөсөн энэхүү уралдаан нь аюул эрсдэлийг аюулгүй мэдрүүлэх, урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмжийг ажилчид өөрсдийн бүтээлч идэвх санаачилгаараа, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан зохион бүтээх зорилго агуулсан юм. Уг уралдаанд нийт 42 бүтээл ирсэн бөгөөд бүтээлүүдийг эргэх механизмд орооцолдох, хавчуулагдах мөн цахилгаан гүйдэл, хүчдэл, дараагийнх нь дээрээс унах, бүдрэх аюулыг мэдрүүлэх гэсэн үндсэн гурван бүлэгт ангилан аюулгүйн шаардлага, мэдлэг оюун, хийц загвар, шийдэл зэрэг шалгуураар  байр эзлүүлэв. Эргэх механизмын аюулыг мэдрүүлэх бүлэгт Дулааны цахилгаан станцын  “Тээрмийн хөтлөгч араа, конвейрын туузан дамжуулгын аюулыг мэдрүүлэх төхөөрөмж” нэгдүгээр байр эзэлж нэг сая төгрөгийн шагнал хүртлээ. Энэхүү төхөөрөмж нь ухаалаг утаснаас автомат удирдлагаар холбогдон ажилладаг дэвшилтэт давуу талтай. Ажиллаж буй эргэх механизмд болгоомжгүй байдлаар өртөж буй үйл явцыг харуулан аваарын гэрэл, дуут дохио асаж аюулыг мэдрүүлэх онцлогтой.      Энэ бүлгийн хоёрдугаар байрт Ил уурхайн “Ремень болон харьцах араанд гар хавчуулах аюулыг таниулах төхөөрөмж”, гуравдугаар байрт Засвар механикийн заводын “Гинжин ба туузан дамжуургад орооцолдох аюулыг мэдрүүлэх”, Спорт цогцолборын “Бүрэн бус гар цахилгаан багажийн аюулыг мэдрүүлэх” төхөөрөмжүүд шалгарлаа.      Өндрөөс унах аюулын бүлэгт Автотээврийн цехийн “Жолооч хамгаалах бүс хэрэглээгүйн улмаас үүдэх аюулыг таниулах авто машины суудлын бүс” бүтээл тэргүүн байр эзэлжээ. Улсын хэмжээнд зам тээврийн осолд орсон нийт хүмүүсийн 72 хувь нь суудлын бүс хэрэглээгүйн улмаас гэмтсэн, амь насаа алдсан байдаг.  Суудлын бүс нь ослын үед бэртэж гэмтэх, гадагш шидэгдэх эрсдэлээс 80 хувь хүртэл хамгаалах боломжтойг мэдрүүлсэн сургалтын энэхүү бүтээл нь олны сонирхлыг ихэд татсан юм. Энэ төрөлд хоёрдугаар байрыг Ган бөөрөнцгийн цехийн “Дуу шуугианыг харьцуулан мэдрүүлэх”, Дулааны цахилгаан станцын “Шуугианыг аюулгүйгээр мэдрүүлэх” төхөөрөмж, гуравдугаар байрыг Ил уурхайн “Өндөрт ажиллах монтёрыг хамгаалах бүс” бүтээл шалгарсан байна.      Харин шүүгчид цахилгаан гүйдэл, хүчдэл бүлэгт ирсэн бүтээлүүдээс нэг, хоёрдугаар байрт шалгарах төхөөрөмж байсангүй гэж үзжээ. Гуравдугаар байрт, Засвар механикийн заводын “Цахилгаан соронзон орны нөлөөллийн халалт шаталт”, Цахилгаан цехийн “Тоног төхөөрөмжийн металл холбоосгүй үед үүсэх гүйдлийг хамгаалах хэрэгсэлтэй болон үгүй үеийн аюулыг таниулах”, “Цахилгаан тоног төхөөрөмж дээр ажил гүйцэтгэх үед санамсаргүйгээр хүчдэл өгөхөд үүсэх аюулыг таниулах”, Холбоо, мэдээллийн технологийн автоматжуулалтын цехийн “Цацрагийн аюул эрсдэлийг таниулах, хүнд үзүүлэх нөлөөллийг мэдрүүлэх”, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төхөөрөмжүүд тодорлоо.         Цар тахлын халдварын үеийн эдийн засгийн хямралтай үед хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн ажилчдын бүтээлч сэтгэлгээнд тулгуурлан үнэтэй төхөөрөмжүүдийг дотоод нөөц боломжоо ашиглан хийх энэхүү уралдаан нь аюул осолд өртөхгүйгээр амь нас, эрүүл мэндээ хамгаалах, аюулыг мэдрүүлэх байдлаар ажилчдыг зөв зан үйлд дадлагажуулах чухал туршлага болсноороо олон талын ач холбогдолтой гэж ХАБЭА-н хэлтсийн сайжруулалтын мэргэжилтэн, доктор Л.Батгэрэл онцоллоо.        ХАБЭА-н хэлтсээс үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажиллагчдын дунд зарласан “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх тоног төхөөрөмжийн уралдаан”-ы шилдэг бүтээлүүд өнгөрсөн пүрэв гарагт шалгарлаа. Оны эхний хагас жилийн турш өрнөсөн энэхүү уралдаан нь аюул эрсдэлийг аюулгүй мэдрүүлэх, урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмжийг ажилчид өөрсдийн бүтээлч идэвх санаачилгаараа, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан зохион бүтээх зорилго агуулсан юм. Уг уралдаанд нийт 42 бүтээл ирсэн бөгөөд бүтээлүүдийг эргэх механизмд орооцолдох, хавчуулагдах мөн цахилгаан гүйдэл, хүчдэл, дараагийнх нь дээрээс унах, бүдрэх аюулыг мэдрүүлэх гэсэн үндсэн гурван бүлэгт ангилан аюулгүйн шаардлага, мэдлэг оюун, хийц загвар, шийдэл зэрэг шалгуураар  байр эзлүүлэв. Эргэх механизмын аюулыг мэдрүүлэх бүлэгт Дулааны цахилгаан станцын  “Тээрмийн хөтлөгч араа, конвейрын туузан дамжуулгын аюулыг мэдрүүлэх төхөөрөмж” нэгдүгээр байр эзэлж нэг сая төгрөгийн шагнал хүртлээ. Энэхүү төхөөрөмж нь ухаалаг утаснаас автомат удирдлагаар холбогдон ажилладаг дэвшилтэт давуу талтай. Ажиллаж буй эргэх механизмд болгоомжгүй байдлаар өртөж буй үйл явцыг харуулан аваарын гэрэл, дуут дохио асаж аюулыг мэдрүүлэх онцлогтой.      Энэ бүлгийн хоёрдугаар байрт Ил уурхайн “Ремень болон харьцах араанд гар хавчуулах аюулыг таниулах төхөөрөмж”, гуравдугаар байрт Засвар механикийн заводын “Гинжин ба туузан дамжуургад орооцолдох аюулыг мэдрүүлэх”, Спорт цогцолборын “Бүрэн бус гар цахилгаан багажийн аюулыг мэдрүүлэх” төхөөрөмжүүд шалгарлаа.      Өндрөөс унах аюулын бүлэгт Автотээврийн цехийн “Жолооч хамгаалах бүс хэрэглээгүйн улмаас үүдэх аюулыг таниулах авто машины суудлын бүс” бүтээл тэргүүн байр эзэлжээ. Улсын хэмжээнд зам тээврийн осолд орсон нийт хүмүүсийн 72 хувь нь суудлын бүс хэрэглээгүйн улмаас гэмтсэн, амь насаа алдсан байдаг.  Суудлын бүс нь ослын үед бэртэж гэмтэх, гадагш шидэгдэх эрсдэлээс 80 хувь хүртэл хамгаалах боломжтойг мэдрүүлсэн сургалтын энэхүү бүтээл нь олны сонирхлыг ихэд татсан юм. Энэ төрөлд хоёрдугаар байрыг Ган бөөрөнцгийн цехийн “Дуу шуугианыг харьцуулан мэдрүүлэх”, Дулааны цахилгаан станцын “Шуугианыг аюулгүйгээр мэдрүүлэх” төхөөрөмж, гуравдугаар байрыг Ил уурхайн “Өндөрт ажиллах монтёрыг хамгаалах бүс” бүтээл шалгарсан байна.      Харин шүүгчид цахилгаан гүйдэл, хүчдэл бүлэгт ирсэн бүтээлүүдээс нэг, хоёрдугаар байрт шалгарах төхөөрөмж байсангүй гэж үзжээ. Гуравдугаар байрт, Засвар механикийн заводын “Цахилгаан соронзон орны нөлөөллийн халалт шаталт”, Цахилгаан цехийн “Тоног төхөөрөмжийн металл холбоосгүй үед үүсэх гүйдлийг хамгаалах хэрэгсэлтэй болон үгүй үеийн аюулыг таниулах”, “Цахилгаан тоног төхөөрөмж дээр ажил гүйцэтгэх үед санамсаргүйгээр хүчдэл өгөхөд үүсэх аюулыг таниулах”, Холбоо, мэдээллийн технологийн автоматжуулалтын цехийн “Цацрагийн аюул эрсдэлийг таниулах, хүнд үзүүлэх нөлөөллийг мэдрүүлэх”, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төхөөрөмжүүд тодорлоо.         Цар тахлын халдварын үеийн эдийн засгийн хямралтай үед хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн ажилчдын бүтээлч сэтгэлгээнд тулгуурлан үнэтэй төхөөрөмжүүдийг дотоод нөөц боломжоо ашиглан хийх энэхүү уралдаан нь аюул осолд өртөхгүйгээр амь нас, эрүүл мэндээ хамгаалах, аюулыг мэдрүүлэх байдлаар ажилчдыг зөв зан үйлд дадлагажуулах чухал туршлага болсноороо олон талын ач холбогдолтой гэж ХАБЭА-н хэлтсийн сайжруулалтын мэргэжилтэн, доктор Л.Батгэрэл онцоллоо.   А.Марал Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Цахим зөвлөмж ажилчдын сэтгэлд гойд нийцэв

         Цаг үеийн  онцгой нөхцөл байдлын үед  Баяжуулах үйлдвэрийн  Хүний нөөцийн албанаас эрхлэн  Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвийн цахим группээрээ дамжуулан   цуврал зөвлөмж мэдээлэл явуулж буй нь  ажилчдын сэтгэлд гойд нийцжээ.  1200 гаруй ам бүлтэй энэ “өнөр айл”  спортын мастер, урлагийн авьяастан, уран гартан олонтой.  Цахим группдээ тэд амжилтад хүрсэн түүхээ хүүрнэж, ахмад ажилтан  амьдралын баялаг туршлагаа түгээж, эгэл жирийн нэгэн ажилчин ч эзэмшсэн зөв дадлаа хуваалцдаг.  Амьдралын зөв хэв маягт суралцах, урт насалж бүтээмжтэй ажиллах тухай цахим зөвлөгөө  элбэг  байдаг ч,  зэрэгцэн ажилладаг нөхдийнх нь яриа хөөрөө, зураг, бичлэгээр дамжин  хүрч буй мэдээлэл тэдний сэтгэлд ойр “буужээ”. Зөвлөгөө мэдээллийг лавшруулан судлах,  хэрэгжүүлэхэд эх сурвалж  дэргэд нь байгаа болохоор  өгөөжтэй. “Баяжуулагчид бие биеэсээ суралцах,  нэгнийхээ амжилтаар бахархах, сайхан сэтгэл, эерэг хандлагыг төлөвшүүлэх, зөв амьдрах урлагт суралцахад  цахим зөвлөмжийн тус их. Нөгөөтэйгүүр  шинэ ажилтнуудынхаа  авьяас чадварыг нээн илрүүлэхэд дөхөм болж байна. Өнөөдрийн байдлаар 25 дахь зөвлөмжөө нийтэллээ гэж  Соёл олон түмний ажлын арга зүйч С.Должинсүрэн ярилаа. Я.Энхтуяа   Дэлгэрэнгүй...
  • Бүтээмж чанарын дугуйлангуудын оролцоо гурав дахин өсжээ

         Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн Бүтээмж чанарын дугуйлангуудын сайн саналын систем дэх оролцоо гурав дахин өсжээ. 2019 онд тус цехийн ажилтнуудын гаргасан сайн саналууд ажлын байр болон ХАБЭА, үйлдвэрлэлийн технологийн чиглэлд 75 хувь хэрэгжиж үр ашиг өгсөн аж. Цехийн хэмжээнд гурван бүтээмж чанарын дугуйлан үйл ажиллагаагаа явуулдаг. Тус хүрээлэнгийн хамт олон бүтээмжийн үйл ажиллагаанд оролцсон цагаасаа 46 төсөл, 20 жижиг сайжруулалтын ажил амжилттай гүйцэтгээд байна. Энэ хугацаанд цехийн тоног төхөөрөмжүүдийг автомат ажиллагаатай болгоход чиглэсэн олон төсөл хэрэгжжээ. Тухайлбал, хатаах шүүгээ температурын зөрөөтэй, нарийвчлал багатай байсныг өөрчилснөөр ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж дээшилж, цаг ашиглалт сайжирсан байна. 2020 оны эхний хагас жилд “Лабораторийн туршилтын процесс сайжруулалтын ажил”, “Ашиглалтын хайгуулын дээжийн боловсруулалтын хугацааг багасгах нь” зэрэг сэдэвт төсөл хэрэгжсэнээр цехийн дотоод зохион байгуулалтыг оновчилж, хүдэр бэлтгэлийн шат дамжлагыг багасгав. Мөн цехийн бүтээмжийн үйл ажиллагааг улам сайжруулахын тулд шинэ орон тоо батлуулсан нь бүтээмж, инновацийн чиглэлээр илүү сайн ажиллах  нөхцөл бүрджээ.                                                                                                                                        Т.Батчулуун Дэлгэрэнгүй...
  • Баяжуулагчид өртөг бууруулах сайн саналаар өрсөлдөнө

         Баяжуулах үйлдвэрийн Бүтээмжийн зөвлөлөөс саналын систем дэх   ажилтны оролцоог нэмэгдүүлэх, улмаар өртөг зардлыг бууруулах зорилгоор  “Миний оролцоо-Миний үйлдвэр” сайн саналын  уралдаан зарласан. Тавдугаар сарын нэгэнд эхэлсэн уг уралдаан наймдугаар сарын 10 хүртэл үргэлжлэх  юм. Энэ хүрээнд үйлдвэрлэлийн хэсгүүдээр “1000 санал-1000 өгөөж”  уриа бүхий самбар аялуулж, саналыг бүртгэж байна. Өнөөдрийг хүртэлх  хоёр  сарын хугацаанд 354 ажилчин санал ирүүлжээ. Өнгөрсөн жилийн турш  455 хүн санал гаргасантай харьцуулбал ажиллагчдын оролцоо эрс  нэмэгдэх хандлагатай байна. Ажиллагчид   өртөг зардал бууруулах, ХАБЭА-г хангах, эрсдэл бууруулах, үйлдвэрлэлийн үзүүлэлтийг дээшлүүлэх зэрэг таван чиглэлд ахиц авчрахуйц санаа сэдэж,  ухаанаа уралдуулж байна.  Уралдаан хоёр сая төгрөгийн шагналын сантай төдийгүй  шилдгүүдийн шагналт цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх аж.   Ажилтнууд саналаа “Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн үйл ажиллагаа” цахим хуудсанд байршуулдаг бөгөөд хүсвэл Эрдэнэт үйлдвэрийн бусад цехийнхэн ч тэдний саналтай танилцах боломжтой.                                                                                                                                      Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Мэдээ
 
Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсэгт шохойн бэлтгэлийг сайжруулах зорилгоор МШЦ-1,5х5,6 маркийн тээрмийг, мушгиа ангилагчтай МШР тээрмээр сольж суурилуулах ажил явагдаж байна. Өөрөө нунтаглах хэсэгт өргөтгөл хийгдсэнээр жилд 32 сая тонн хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадалд хүрсэн. Үүнтэй уялдуулан шохойн сүү бэлтгэх үйл  ажиллагааг нэмэгдүүлэх шаардлага гарсан байна. Энэ ажлын хүрээнд хуучин тээрмийг мушгиа ангилагчтай ган бөөрөнцөгт хүрдэт тээрмээр сольсноор хүчин чадал нь 6 тн/цаг хүртэл нэмэгдэнэ. Одоогоор төлөвлөгөөний дагуу тээрмийн суурийн ажлыг Барилга засварын цех гүйцэтгэж байна. Шинэ бөмбөлөгт тээрэм ашиглалтад орсноор шохойн нунтаглалт сайжирч, хаягдал багасан, металл авалт нэмэгдэнэ. Шохойн сүүг хэдий хэмжээнд сайн бэлтгэнэ, төдий чинээгээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд шинэ тээрэм дөрвөн сард ашиглалтад орох юм. Шинээр суурилуулсан тээрмийн хурдан элэгддэг эд анги, деталийг  Засвар, механикийн заводод үйлдвэрлэн хэрэглэх боломжтой аж. 
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 45-н жилийнхээ ойн босгон дээр Монгол Улсын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэв.
 
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь Монгол Улсын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний зөвлөлөөс 2002 онд анх удаа, 2009 онд хоёр дахь удаагаа магадлан итгэмжилсэн, 2018 оноос 3 дахь шатны магадлан итгэмжлэлд орох бэлтгэл ажлыг хангаж, өөрийн үнэлгээний тайлан боловсруулах комисс байгуулж, БМИҮЗ-д магадлан итгэмжлүүлэх хүсэлт гарган, гэрээ байгуулан ажилласан. Өнгөрсөн оны 6 дугаар сард “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн сүүлийн 10 жилийн ажлын тайланг Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн өнөөгийн шалгуур, шаардлагыг хангаж буй эсэхэд дүн шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгсөн өөрийн үнэлгээний тайланг БМИҮЗ-д хүргүүлж, 2019 оны 10 сарын 16-18-ны өдрүүдэд БМИҮЗ-ийн шинжээчийн баг “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр ажиллан, магадлан шинжлэх үйл ажиллагаа явагдсан байна.   
 
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн түүхийг бүтээлцсэн үе үеийн удирдлага, багш, ажилтан, төгсөгч, оюутнууд болон үргэлж дэмжиж ажилладаг үүсгэн байгуулагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС-ийн хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.
 
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захиргаа
 
Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэм үргэлжилж буй энэ цаг үед дэлхий нийтэд шинэ төрлийн корона вирус тархаж, үүнээс сэргийлэх үүднээс үйлдвэрийн газрын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал давхар зарлалаа. Энэ үеэр үйлдвэрлэл хэрхэн явагдаж буй талаар Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхөөс тодруулсан юм.
 
-Бид онцгой дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт давхар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид үйл ажиллагааны горимоо чанд баримталж, хөдөлмөрийн сахилга баттай, үнэхээр сайн ажилладаг эсэхээ шалгууллаа. Өнөөдөр үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байна. Байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг гэдгээ бид баталлаа. Болгоомжилж буй нэг асуудал бий. Хэрэв хил удаан хугацаагаар хаавал, Хятадын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосон хэвээр байвал үндсэн тоног төхөөрөмж, технологийн материалын нөөцийн хомсдолд орно. Одоо бид аваарын нөөцөөрөө үйлдвэрлэлийг хэвийн явуулж байна. Үйлдвэрлэл буурсангүй, цар хүрээ багассангүй. Харин ч илүү эрчтэй, нягт ажиллаж байна.
-Үйлдвэрлэлд өдөр тутам хэчнээн нэр төрлийн материал хэрэглэдэг вэ? 
-Манайх үйлдвэрлэлийн технологидоо 115 нэр төрлийн материалыг өдөр тутам талх шиг хэрэглэдэг. Үүний 41 нь Хятадын үйлдвэрийнх. Өвчний голомтын бүсэд байгаа үйлдвэрүүдийг зогсооход манайд бүтээгдэхүүн нийлүүлдэг 41 үйлдвэр зогссон. Одоо БНХАУ үйлдвэрүүдээ эхнээс нь ажилд оруулж байна. Өчигдөр гэхэд 30 хувийг нь залгалаа гэж мэдээлсэн. Эрдэнэт үйлдвэр аваарын нөөцөө цаг тухайд нь бүрдүүлэн тогтмол барьж явсны үр дүнд үйлдвэрлэл зогсохгүй, хэвийн ажиллаж байна.    
-Экспорт хэвийн үү? 
-Хэвийн. Хоногт 27-28 вагон буюу 1500-1600 тонн баяжмал экспортод гаргаж байгаа. Бид 0-5 насны хүүхэдтэй 180 гаруй эхийг ажлаас нь цалинтай чөлөөллөө. Дээрээс нь, хөл хорионд 200-аад ажилтан орлоо. Гэсэн ч үйлдвэр зогсоогүй. 
-Техник, технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлууд үргэлжилж байна уу? 
-Тэгэлгүй яахав. Одоо төв корпусын 4-р тээрмийг сольж байна. Бутлан тээвэрлэх хэсгийн хуучин бутлуурыг METSO фирмийн МР-800 бутлуураар сольж байна. Урвалжийн хэсэгт шохойн тээрэм солих ажил үргэлжилж байна. Ган бөөрөнцгийн цех индукцын шинэ технологиор шаар үйлдвэрлэн жигдрэх шатандаа явна. Засвар механикийн заводад өргөтгөл шинэчлэл үргэлжилж байна. Бүх шинэ тоног төхөөрөмж ирээд угсралтын ажлуудыг цагаан сарын баярын өдрүүдээр хийгээд дуусчихлаа. Цахилгааны монтаж хийн, кабелиудыг татчихлаа. Удахгүй, Германаас мэргэжилтнүүд ирж, цахилгаан схемүүдээ холбоно. Ил уурхайд шинээр ирсэн СБШ-250 маркийн өрмийн машиныг угсраад, залгаад ажилд гаргачихлаа. Төв корпуст нэг гүүрэн кран сольж ашиглалтад оруулсан. Үндсэн тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаа сайжирч, насжилтыг залуужуулж байна. 
-Баярлалаа.
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
 
 

 

Бүлэг Ярилцлага
 
“Мартын 8”-ныг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин бүсүйчүүдийн төлөөлөл болгон Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн баяжуулагч, Алдарт эх Цогбадрахын Гэрэлмаатай ярилцсанаа хүргэе. 
-Юуны өмнө танд “Мартын 8”-ны баярын мэнд хүргэе. 
-Баярлалаа. Танд бас баярын мэнд хүргэе.
-Та эхлээд өөрийгөө товчхон танилцуулна уу?
-Би Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн. Гурван охинтой айлын ууган нь. Миний аав Эрдэнэт үйлдвэрт 39 жил ажилласан баяжуулагч хүн. Би аавынхаа мэргэжлийг өвлөн 2003 онд  Дарханы Техникийн их сургуулийг баяжуулагч мэргэжлээр төгссөн. Одоо мэргэжлээрээ ажиллаж байна. 
-Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбосон түүхээсээ яривал...?
-Их сургуулийн сүүлийн хоёр жил онц дүнтэй суралцсан. Би Эрдэнэт үйлдвэртэй, төгсөөд ажиллах гэрээ байгууллаа. Сургалтын төлбөрийг ч үйлдвэр  төлсөн.  Ирэхэд удирдлага солигдсон, гэрээ ч хэрэгсэхгүй болсон. Өргөдлөө өгчихөөд хүлээлээ. 2009 онд Үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтсээс шалгалтад ор гэж дуудав. Шалгалт өгсөн 30 хүнээс  эхний зургааг нь ажилд авахад  би багтсан. Бөөн баяр. Ингэж  л 2010 онд энэ сайхан үйлдвэрийнхээ өндөр босгоор алхаж, конвейрын машинчаар ажлын гараагаа эхэлсэн дээ.
-Хэзээ баяжуулагч болов?    
-Конвейрын машинчаар долоон жил ажилласан. Төв корпуст баяжуулагчийн орон тоо гарах сургаар Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн албаны дарга Т.Тунгалагтамиртай уулзахад уриалгахнаар “Тэгэлгүй яахав, баяжуулагч мэргэжилтэй, бас ч ажилдаа махрууг тань мэднэ. Би  дэмжинэ ээ” гэсэн. Тухайн үед хэсгийн дарга байсан М.Отгон “Их сайн хүнд шавь оруулж, чадварлаг баяжуулагч болгоно оо” гэсээр намайг, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Л.Хонгорзулыг дагалдуулсан юм. Ингэж л хамт олон удирдлагууд их сайхан угтаж авсан. Металлаа   сайн авахын төлөө оюун ухаанаа уралдуулдаг, мэдрэмж шаардсан энэ сайхан мэргэжлээ сайн эзэмшихээр  хичээж, багшаасаа,  хамт олноосоо суралцсаар л явна.
-Эрчүүдтэй мөр зэрэгцэн, үйлдвэрлэлийн цөмд ажиллаж, гол ажлыг нугалалцаж яваа та бүхэн   бахархмаар үйлстнүүд. Эрдэнэт үйлдвэр эмэгтэй ажилчдадаа хэр ээлтэй вэ?
-Баярлалаа. Эрдэнэт үйлдвэр шиг, эмэгтэй ажилчдадаа халамж анхаарал үзүүлдэг газар үгүй. Бид хүүхдээ төрүүлээд суухдаа ч төсвийнхний цалингаас дутахгүй тэтгэмж авдаг. Саяхан л гэхэд ханиад томууны дэгдэлт, корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 5 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөө олголоо. Цэцэрлэг, сургууль түр зогссон энэ үед  бидэнд мөн ч тустай ажиллагаа боллоо. Эхчүүд бид их баяртай байгаа.  Үйлдвэрлэлээ сайн явуулахын зэрэгцээ, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, эхчүүд, эмэгтэйчүүд, үр хүүхэд, гэр бүлд чиглэсэн оновчтой бодлого явуулдаг Эрдэнэт үйлдвэрийнхээ удирдлагаар бахархдаг. 
-Бүсгүйчүүдийн хүсэн хүлээдэг өдөр боллоо. Хамгийн мартагдашгүй “Март”-ынхаа дурсамжийг хуваалцаач?
-Март болгоноор л хань,  үр хүүхэд,  хамт олон маань гэнэтийн бэлэг барьдаг. Их сайхан байдаг даа. Ноднин жил миний охин сургуулиасаа зарласан Ээжийн тухай зохион бичлэгийн уралдаанд түрүүлсэн.  Хайр шингэсэн  сайхан мөрүүдийг нь уншаад, сэтгэл догдлон  баярын нулимс мэлмэрүүлсэн дээ. Энэ надад мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн. 
-Та өнөр сайхан гэр бүлээ танилцуулаач? 
-Миний ханийг С.Сүрэнрагчаа гэдэг. Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул. Авто тээврийн байгууллагын белазын жолооч. Манайх дөрвөн хүүхэдтэй айл. Охин, гурван хүүтэй. Үрс маань бие биенээ, аав, ээжийгээ хайрлаж, бусдыг өрөвдөх нинжин  сэтгэлтэй ухаалаг болон өсөж байгаад бид баярладаг. Бие биеэсээ жаахан холдоход л санан үгүйлдэг  халуун ам бүл дээ манайх. 
-Хүүхэд ямар хүн болох нь гэр бүлийн хүмүүжлээс  эхтэй. Тэгэхлээр та хоёр зөв төлөвшилтэй  учраас үрс нь “зөв” байгаа. Хоёулаа үйлдвэрт, ээлжинд ажилладаг болохоор түвэгтэй үе гарах уу?
-Хүүхэд бага байхад жаахан хэцүү байсан. Одоо охин маань 8-р анги, бага хүү  дөрвөн настай. Охин маань тусад орж, дүү нараа “командална”. Дүү нар эгчийнхээ үгэнд сайн орно. Ийм болохоор санаа зовох зүйл багасаж байгаа. Манай нөхөр Хархорины шашны сургууль төгссөн. Их нигүүлсэнгүй зөөлөн сэтгэлтэй. Бид нэг ээлжинд гарч, ажлаас бууж ирэхэд “Чи минь унтаж амар. Би хүүхдүүдээ зохицуулъя” гэнэ. Ээлж зөрөх үед бид хүүхдүүддээ: “Чимээгүй байж, аавыгаа, ээжийгээ сайхан  амраагаарай” гэж захина. Хүүхдүүд маань ч бидний амрахад саад болохгүйг хичээнэ. Ингэж л бие биенээ хайрладаг юм. 
-Таны бахархал юу вэ?
-Би сайхан гэр бүлээрээ, аав, ээжээрээ, энэ сайхан үйлдвэрээрээ бахархдаг. Бид бор уулынхаа буяныг хүртэж яваа амны хишигтэй хүмүүс. Анх гэр хороололд амьдралаа эхлүүлж байсан бид, хоёр өрөө байранд орж, дараа нь байраа томруулан гурван өрөөнд тухтай сайхан амьдарч явна. Манай хүн ч сүсэг бишрэл ихтэй. Би ч бас цай, сүүнийхээ дээжийг уул хангайдаа өргөж сүсэглэдэг.  
-Та сониноор дамжуулан юу хэлэх вэ?
-Эрдэнэт үйлдвэрийнхээ баялаг бүтээгч бүсгүйчүүддээ Мартын 8-ны баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, эрүүл энхийг хүсье.  
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог