• Шилдэг бүтээлийн эзэд ирэх сард тодорно

      Монгол Улсын эрчим хүчний сайд өнгөрсөн оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласантай холдогдуулан Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал “Эрчим хүч-математик загварчлал” сэдвийн дор бүтээлийн уралдаан зарласан. Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд шинийг санаачлан нэвтрүүлэх боломжтой болон нэвтрүүлж буй арга шийдэл, техник технологи, тоног төхөөрөмжийг таниулах, ажилтнуудын техникийн болон шинжлэх ухааны боловсролыг хөгжүүлэх, туршлага судлуулах, идэвх санаачилгыг өрнүүлэх, бүтээлч, шинийг эрэлхийлэгч ажилтнуудыг урамшуулах зорилго бүхий энэхүү уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт боллоо. Инновацийн сангийн найман сая төгрөгийн санхүүжилттэй уг уралдааныг өргөн хүрээнд, өндөр зохион байгуулалттай хийхээр төлөвлөсөн ч “ковид-19” халдварын үеийн нөхцөл байдлаас  шалтгаалан цомхон бүрэлдэхүүнтэй, хэсэгчилсэн байдлаар зохиогдов. Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгж, хэсгүүдэд ашиглагдаж буй тоног төхөөрөмж, шугам сүлжээний оролтын параметрүүдийг математик загварчлал, компьютер симуляцийн аргаар боловсруулж дүн шинжилгээ хийх, ажилчдад орчин үеийн техникийн хөгжлийн чиг хандлагыг таниулах, тэдгээрийг үйлдвэрлэлд ашиглаж сурах идэвх санаачилга өрнүүлэх зорилготой уг уралдаанд хувь хүн, хамт олны 18 бүтээл иржээ. Ихэвчлэн, тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг багасгах, найдваржилтыг өсгөх, хийц болон ажиллагааг оновчилсон, технологийн горим, түүний үзүүлэлтүүдэд чанарын өөрчлөлт оруулахыг эрмэлзсэн бүтээлүүд байв. Тэд бүтээлүүдийнхээ загвар, танилцуулга, үзүүлэнг видео бичлэг, гэрэл зураг, бодит үр ашгийн судалгаа ашиглан хийсэн байгаа нь сонирхол татсан. Нэгдүгээр шатны шалгаруулалтаас Дулааны цахилгаан станцын “ДЦС-ын хөрөнгө оруулалтын үнэлгээний DCF загвар”, мөн “ДЦС-ын үйлдвэрлэлийн ерөнхий ажиллагааг математик загвар ашиглан тооцоолол хийх симуляци программ”, Ус хангамжийн цехийн “Эргэлтийн усны горим”, мөн “Ус хангамжийн цехийн ус өргөх станцуудын насосны ажиллах горимыг оновчлох”, “Тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний бүртгэлийн программ”, Ил уурхайн “Цахилгаан эрчим хүчний чанарын хэмжилт, динамик загварчлал” гэсэн зургаан бүтээл дараагийн шатанд шалгарлаа. Ирэх сард эцсийн шалгаруулалт хийгдэж, түрүүлсэн бүтээлийн эзэд гурван сая, дэд байрт шалгарсан баг хоёр сая, гутгаар байр эзэлсэн хамт олон 1,5 сая төгрөгийн шагнал хүртэх юм. Харин тусгай байранд гурван бүтээл тунаж 500 мянган төгрөгийн урамшуулал хүртэнэ.     Мөн шинэ санаа, оновчтой бүтээлд тодорхойлох боломжтой бүтээлүүдийн эрхийг хамгаалах, зохиогчидтой хамтран ажиллах, үлгэрчлэн бусад газар нэвтрүүлэх асуудалд үйлдвэрийн газрын зүгээс анхаарч ажиллана гэж шүүгчид онцолсон. Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Төрбат, цахилгааны тэргүүлэх инженер Д.Энхтөгс тэргүүтэй удирдлагын багаас гадна ШУТИС-ийн багш, дэд профессор П.Ариунболор урилгаар ирж, шүүгчээр ажилласан юм. Тэд “Эрчим хүч-математик загварчлал” уралдаанд шинжлэх ухаанд суурилсан бүтээл түлхүү ирэх болов уу, гэж хүсэж хүлээсэн ч сайн саналын хэлбэрийн танилцуулга дийлэнх нь байсан учир дараагийн шатны шалгаруулалт хийхээр шийджээ. Бүтээл нь шалгарсан багийнхан дараагийн шатанд нарийн мэргэжлийн түвшинд ярилцлага өрнүүлж өрсөлдөнө. Ингээд ШУТИС-ийн багш, дэд профессор П.Ариунболортой цөөн хором ярилцлаа.      П.АРИУНБОЛОР: Эрдэнэт үйлдвэрт хиймэл оюун ухааны сүлжээ үүсэх боломжтой   -“Эрчим хүч-математик загварчлал” уралдаанд ирсэн бүтээлүүдийн чанар чансааны талаар та юу хэлэх вэ? -Юуны өмнө намайг чухал ач холбогдолтой энэ уралдааны шүүгчээр урьсанд баярлалаа. Уралдаанд ирсэн 18 бүтээл шинжлэх ухааны түвшинд хийгдсэн сайн ажлууд ч байна, зарим нь хөдөлмөр хөнгөвчилсөн, сайн санал санаачилга хэлбэрийнх ч байна. Бид шинжлэх ухааны үндэстэй, математик загвараар эрчим хүч хэмнэх, үйлдвэрлэлд эдийн засгийн ямар үр ашиг авчрах вэ, гэдэгт илүү төвлөрч авч үзлээ. Сайн бүтээл олон ирсэн болохоор шууд байр эзлүүлэхэд хэцүү байна. Тиймээс нэгдүгээр шатанд шалгарсан ажлуудыг дахин хэлэлцэж, мөн чанарыг нь илүү нарийн тодотгох хоёр дахь хэлэлцүүлэг хийхээр шийдвэрлэсэн. Би Эрдэнэт үйлдвэрийн инженерүүдээр маш их бахархаж байна. Эндээс Монгол Улсын хэмжээнд мөрдөх стандартууд гарах төлөвтэй. Мөн маш сайн докторууд төрж мэдэхээр байна. Залуус үйлдвэрлэлийнхээ горимыг, асуудлыг маш сайн мэдэж байгаа нь бахархал төрүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийг аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлтгэхэд математик аргачлал, тооцоолол сайн эзэмшсэн эдгээр залуусын хүч хөдөлмөр маш их гэдгийг өнөөдөр олж харлаа. Шинэ үеийн залуус сайн бэлтгэгдэж байгаа юм байна. Үйлдвэрлэлийн туршлага сайтай, ихэнх нь магистрын зэрэгтэй, судалгааны арга барил хэдийнээ эзэмшсэн залуус уралдаанд оролцлоо. Шүүгчийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн хэтийн зорилго- Үйлдвэрлэл, шинжлэх ухааны парк байгуулахад залуусын хувь нэмэр их, тэдэнд итгэж болно гэж хэлмээр байна.     -Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний чиглэлийг авч яваа мэргэжилтнүүдийн ур чадвар, залгамж халааг та хэрхэн үнэлэв?  -Ер нь Эрдэнэт үйлдвэр залгамж чанар сайтай. Үйлдвэрлэлийн гол бодлогыг барьж яваа тулхтай мэргэжилтнүүдийнхээ удирдлага дор залуу үе нь хүмүүждэг, арга барилыг авдаг, уламжлал шинэчлэлийг хослуулсан залгамж холбоо үүссэн газар. Нэгэнт бий болсон уламжлалт холбоонд үндэслэн үйлдвэрийг цаашид улам автоматжуулаад, технологийг нь оновчтой горим руу шилжүүлээд ухаалаг болгох, яваандаа хиймэл оюун ухаан ажиллахад бололцоотой. Учир нь 40 гаруй жил ажилласан энэ үйлдвэрт өөрийн “бодит дата”-нууд бэлэн байгаа. Бүх өгөгдлүүдээ   ашиглаад, залгамж холбоогоо үргэлжлүүлээд, залуучуудаа боловсруулаад явахад дараагийн 10 жилд хиймэл оюун ухааны сүлжээ үүснэ гэдэгт итгэлтэй байна.  -Манай үйлдвэрийн газар эрчим хүчний асуудлаа хэр оновчтой шийдвэрлэсэн гэж үзэж байна?  -Эрдэнэт үйлдвэр дэлхийн хэмжээний уурхайн хувьд эрчим хүчний бодлого барьж байгаа хүмүүс нь монголд төдийгүй дэлхийд өндөр үнэлэгдэх мэргэжилтнүүд гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй. Сүүлийн үед цахилгаан эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болох том алхам хийсэн нь маш зөв шийдвэр байсан. Дээрээс нь янз бүрийн сэргээгдэх эрчим хүч яригдаж байна. Маш олон мэргэжилтэн доктор хамгаалчихсан судалгааны ажил хийж байна. Өөрөөр хэлбэл эрдмийн бүхэл бүтэн бүтээн байгуулалт өрнөж байгаа газар шинжлэх ухаан, технологийн тал дээр асуудал гарахгүй, Монгол улсын хэмжээнд тэргүүлэх байр сууриа алдахгүй болов уу.   -Сүүлийн үед Монголын эрчим хүчний салбарт ямар өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байгааг та ажиглаж байна?  -Бид Улаанбаатар, цаашлаад Монгол улсын эрчим хүчний өнөөгийн байдал, хэтийн төлөвийг байнга сонирхож байдаг. Жил ирэх тусам эрчим хүчний хэрэглээ асар их өсөж байна. Энэ нөхцөлд хэмнэлт маш чухал. Эрчим хүчний оновчтой төлөвлөлтүүд хийх ёстой. Хувьсах гүйдлээр эрчим хүч дамжуулж байсан бол одоо тогтмол гүйдлийн шугам сүлжээ, өндөр хүчдэл, смарт, кредит гээд ухаалаг сүлжээ бий болж байна. Үүнээс гадна энэ их үйлдвэрлэл, хорт хийн ялгарал дэлхийг туйлдуулж байгаа энэ үед бид эко орчин, сэргээгдэх эрчим хүчийг илүү түлхүү ашиглах ёстой. Монгол орны сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоог харахад нар, салхины эрчим хүчний асар их нөөцтэй. Харин усны эрчим хүчний нөөц хомс. Яагаад гэхээр Монгол улс Азийн усны яг хагалбар дээр оршдог. Тэгэхээр бид цэнгэг усаа гамнах ёстой. Би бол мэргэжлийн хүн биш. Сонирхогчийн хувьд усан цахилгаан станц барих шийдвэрийг зөв гэж боддоггүй. Хамгийн ээлтэй хөгжих нь нар болон салхины эрчим хүч. Яваандаа био химийн эрчим хүчийг гаргах хэрэгцээ бий. Энэ их хог хаягдал байнга дулаан ялгаруулж байдаг шүү дээ. Хүмүүсийн хоолны үлдэгдэл, хаягдал энэ бүхнээр био химийн сэргээгдэх эрчим хүч гаргах боломжтой. Гэхдээ дулааны цахилгаан станц тэргүүлэх байр суурийг эзэлсээр байх болно. Түүнийг сэргээгдэх эрчим хүчээр тэжээж оновчлох асуудал нэн чухал.   -Манай уншигчдад, уралдаанд оролцсон залууст хандаж юу хэлэх вэ? -Өнөөдөр бол сурах эрин үе. Дээхэн үед бидэнд сурах бичиг олддоггүй байсан бол интернет хөгжсөн энэ цаг үед бүх хүмүүст шинжлэх ухааны хаалга нээлттэй. Хүн өөрөө хичээвэл ямар ч амжилтад хүрэх боломж нөхцөл бүрдсэн. Янз бүрийн программ хангамж бий болчихлоо. Залуу хүмүүс амжилтад хүрэх хоёр л зам бий. Англи хэлтэй байх, үндсэн мэргэжлээ маш сайн мэдэж, өөрийн болгох. Цаашид эрдмийн ажилтан болох гэж байгаа бол математик суурьтай байх ёстой. Түүнээс гадна дэлхий нийтэд эмэгтэй инженерүүдийг илүү дэмжих болсон. Учир нь эмэгтэй хүмүүс шинжлэх ухаан, технологийн салбарт орж ирснээр дэлхий ертөнц өөрөөр хөгжиж эхэлсэн. Дан эрчүүд байсан бол дэлхий хогондоо дарагдаж, дайн тулаан түлхүү болох байсан байх. Гэтэл эмэгтэйчүүд шинжлэх ухаан, технологийн салбарт хүч түрэн орж ирснээр илүү их инновацийг бий болгосон. Хүн нэг хэрэглэсэн бол тэр ая тухтай, ашигтай шинж чанарыг мэдээд буцаад тэр хэрэглээнээсээ гарч чадахгүй мөнгө төлдөг бүтээгдэхүүнийг инноваци гээд байгаа шүү дээ. Тэгвэл  инновацийг ихэвчлэн эмэгтэйчүүд гаргаж байна. Яагаад гэхээр эмэгтэйчүүд хүүхдээ асарч байна, эмнэлэгт өвчтөн асарч байна. Өөрсдийн мэдэрч байгаа зовлонг техникээр дамжуулан хүнд хүртээж байгаа учраас инноваци бий болоод байгаа юм. Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт маш ихээр инноваци бий болсон. Тэгэхээр охидыг инженерчлэлийн чиглэлээр суралцаасай гэж хүсдэг. Тэгвэл монгол сайхан хөгжих боломж бий. Дэлхийн технологи ороод ирлээ, интернет нээлттэй байна, хөгжихөд хязгаар үгүй боллоо. Хүн хэдий чинээ зүтгэнэ төдий чинээ сайхан амьдрах боломж нээгдсэн. Тийм учраас бүү залхуур, суралц гэж хэлмээр байна. -Баярлалаа.     М.Одгэрэл Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • О.ОТГОНБАЯР: Хүндрэлийг даван туулах нэгдсэн хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнтэй байна

      Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяраас шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах зорилгоор байгуулагдсан Төв штабын ажлын хэрэгжилтийн талаар тодрууллаа.    -Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд шинэ коронавирусын тархалттай холбоотойгоор үүсээд буй хүндрэлийг даван туулах, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зохих арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор Төв штаб болон Чиглэл хариуцсан штабуудыг Ерөнхий захирлын А/139 тоот тушаалаар байгуулсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь уурхайчдын ажлын байр, цалин хөлс, урамшууллыг тогтвортой хадгалж, уурхайчдынхаа  гэр бүлийг эрсдэлээс хамгаалах, улс, орон нутгийн  эдийн засагт оруулж буй хувь нэмрийг бууруулах-гүй байх гэсэн үндсэн зорилго-тойгоор ажиллаж байна. Энэ нь уурхайчдын хамтын хөдөлмөр юм. Мөн “Шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр”, үүний хавсралт “Хүндрэлийг даван туулах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”, “Үнийн хэлбэлзлийг тооцсон үйлдвэрлэл, эдийн засгийн арга хэмжээний төлөвлөгөө”, “Хөдөлмөр зохион байгуулалт, цалин хөлсний чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан.  “Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах”, “Санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх”, “Нийгмийн харилцаа хамтын ажиллагааны асуудлыг зохицуулах”, “Томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх”-д чиглэл хариуцсан штабууд арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Ажлын төлөвлөгөөний биелэлт 46,4 хувьтай байна. Эдгээр штабууд долоо, 14 хоног тутам хуралдаж, Төв штабын хуралдаанаас шийдвэр гаргаж, ажлын явцтай танилцаж, үүрэг өгч ажиллаж байгаа. Үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөр 42,5 хувийн биелэлттэй байна. Нийт 50 үүрэг даалгаврыг чиглэл хариуцсан штабуудад хүргүүлж, хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна. -Хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ямар ажлууд хийгдээд байна вэ?  -Зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг 2,244.3 тн-оор, молибдены баяжмалын үйлдвэрлэлийг 152.4 тн-оор нэмэгдүүлж ажилласнаар зэс, молибдены баяжмал ачилтын төлөвлөгөөг 101-112,6 хувиар биелүүлж, 3,8 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдээд байна.   -Үйлдвэрийн газрын хэмжээнд өртөг, зардал бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, зэсийн үнийн эрсдэлийн түвшинтэй уялдуулан, гүйцэтгэлд хяналт тавьж ажилласнаар батлагдсан төлөвлөгөөт нийт зардлыг эхний дөрвөн сарын байдлаар 23.8 тэрбум төгрөгөөр бууруулан ажиллалаа. -Үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмж, технологийн горимыг цахилгааны үнийн гурван тарифт системд тохируулан ажилласнаар 185.0 сая төгрөгийн цахилгаан эрчим хүчний зардал хэмнэсэн. -“Сархиа” байгалийн чийрэгжүүлэлтийн төвд агч, голт бор, хайлаас зэрэг 2650 мод, бут, Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн 4М далангийн баруун урд талд 530 мод тарьж хүлээлгэн өглөө.  -“Уурхайчин-1” орон сууцны хорооллын барилгын угсралтын ажил, Соёл, спортын “Эрдэнэт цогцолбор“-ын барилгын ажил, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Ногоон хөгжлийн төвийн барилгын ажил хуваарийн дагуу явагдаж байна.  -Засвар механикийн заводын Цутгуурын цехэд хүйтнээр хатуурах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугам суурилуулах шинэчлэлийн ажлын явц 98 хувийн гүйцэтгэлтэй, тоног төхөөрөмжийн туршилт хийгдэж байна. Төв штабын өмнөх хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй таван бодлогыг авч хэлэлцсэн. Цаашид энэ ажлыг эрчимжүүлнэ.  -Үйлдвэрийн газрын гэмт хэрэг, зөрчлийг арилгах, хариуцлага тооцох системийг боловсронгуй болгох ажлын хүрээнд Ерөнхий захирлын “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга бат, хариуцлага, дэг журмыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх тухай”  А/203 тоот тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  -Баярлалаа. Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 05 дугаар сарын 26

    Өнөөдөр 05 дугаар сарын 26 Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 147дахь өдөр. Он дуусахад 218 хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +24 градус, шөнөдөө +7 градус дулаан, үүлшинэ, салхины хурд 5-6 м/сек байна. 3. Аргын тооллын 5 дугаар сарын 26.Ангараг гараг. Билгийн тооллын шинийн 4. Шарагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана. Энэ өдөр үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.  Аливаа үйлд муу бөгөөд өдрийн сайн цаг нь гахай (21:40-23:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой. Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад модон хохимой өдөр тул цээрлэвэл зохилтой. 4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5242 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2801, евро 3054, БНХАУ-ын юань 392, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... Асуулт: -Эрдэнэт үйлдвэр хөдөлмөрчдийн хэрэгцээнд зориулан өргөн хэрэгцээний ямар бараа таваар үйлдвэрлэж байна вэ? Хариулт:- Эрдэнэт үйлдвэрээс хөдөлмөрчдийн өргөн хэрэглээнд зориулан жилд 10 гаруй нэрийн 300 гаруй мянган төгрөгийн бараа үйлдвэрлэн нийлүүлж байна. Үүнд, спортын хэрэглэл, орон сууцны сантехникийн зориулалттай резинээр хийсэн сэлбэг, малчид, хөдөлмөрчдийн гэр ахуйн хэрэгцээний зарим нэрийн бараа үйлдвэрлэж худалдааны байгууллагаар дамжуулан борлуулж байна. Цаашид нийт ажиллагсдын цалингийн фондын нэг төгрөг тутамд таван мөнгөний бүтээгдэхүүн үйлдвэрлэх нормативыг үндэслэн өргөн хэрэгцээний бараа үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нэр төрлийг өргөтгөх чиглэлээр тодорхой программ боловсруулж байна. Ийм боломж ч үйлдвэрт байгаа юм.  (Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)   Дэлгэрэнгүй...
  • Бутлуурын удирдлага, хяналтын схемийг шинэчилж байна

      Баяжуулах үйлдвэрт хүдэр хүлээн авах анхан шатны бутлуурын удирдлагын шкабыг солих ажил ид үргэлжилж байна. Үйлдвэр байгуулагдах үед тавигдсан цахилгаан схемтэй удирдлагын шкаб нь сул зогсолт үүсгэх, гэмтэл их гарах болж ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрчээ. Иймээс програмчлагдсан, мэдрэгч бүхий дэлгэцтэй Siemens фирмийн орчин үеийн удирдлага, хяналтын шкаб шинээр суурилуулж байна. Ингэснээр удирдлага хяналт оновчтой, шуурхай болохоос гадна мэдээллийн сан бүрдэх, түүнд тулгуурлан дүгнэлт хийх боломжтой болж, орчин үеийн программ хангамжийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаагаар давуу юм. Энэ жил бутлуурын удирдлагын хуучин таван шкабыг S7-300, S7-400 загварын шинэ төрлийн удирдлага, хяналтын шкабаар солих бөгөөд эхний ажлын туршилтыг өнгөрсөн лхагва гарагт амжилттай хийлээ. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлсэн уг ажлыг “Анд энерги” компани үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасалдуулахгүй гүйцэтгэж, “их зогсолт”-ын өмнө хүлээлгэн өгөхөөр шамдаж байна.   М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 05 дугаар сарын 25

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 146 дахь өдөр. Он дуусахад 219 хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +21 градус, шөнөдөө +6 градус дулаан, бага зэргийн бороотой, салхины хурд 5-7 м/сек байна. 3. Аргын тооллын 5 дугаар сарын 25. Сумьяа гараг. Билгийн тооллын шинийн 3. Балжиннямтай шар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Энэ өдөр хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.  Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн. Өдрийн сайн цагнь луу (07:40-09:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40) болой. Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. 4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5242 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2801, евро 3072, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 39, Японы иен 25, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... Асуулт: -Эрдэнэт үйлдвэрээс улс даяар дэлгэрсэн үүсгэл санаачилга, туршлага бий юу? Хариулт:-Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн интернационалч хамт олны үүсгэл санаачилгаар бий болж, улс даяар дэлгэрч, үр ашгаа өгсөн, одоо ч өгсөөр байгаа дараах тэргүүн туршлага бий. Үүнд: Халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөний туршлага. Энэ туршлагыг дэлгэрүүлэх тухай 1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр МХЗЭ-ийн Төв хороо, БНМАУ-ын Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хороо тогтоол гаргасан. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нэгдсэн системийн туршлага. Энэ туршлагыг дэлгэрүүлэх тухай 1980 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Аж үйлдвэр, барилгын ажилчдын ҮЭ-ийн төв хорооны тэргүүлэгчдийн тогтоол гаргасан. Боловсон хүчинтэй ажилладаг туршлага. Энэ туршлагыг дэлгэрүүлэх тухай Геологи уул уурхайн үйлдвэрийн яам албан даалгавар гаргасан. (Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)   Дэлгэрэнгүй...
  • ДЦС-ын “Бүтээлч” бүлгийнхэн эргэх механизмын аюулыг мэдрүүлэх төхөөрөмж бүтээжээ

    Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцынхан ХАБЭА-н хэлтсээс зарласан “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх” сургалт, дадлагын төхөөрөмж бүтээх уралдаанд ирүүлсэн аюул эрсдэлийг мэдрүүлэх төхөөрөмжөө танилцуулав. Тус станцын ажилтнууд үйлдвэрлэлийн ажлын байранд түгээмэл гарах эрсдэлтэй аюул буюу эргэлдэх механизмтай харьцаж буй үед тохиолддог осол аваарыг бодитойгоор мэдрүүлэх зориулалттай төхөөрөмж бүтээжээ. Эргэлдэх машин механизм дээр ажиллахдаа тухайн ажилтан ямар аюул эрсдэлтэй тулгарч болох, түүнээс сэргийлэхийн тулд хэрхэн сонор сэрэмжтэй ажиллах ёстойг уг төхөөрөмж дээр сургах юм байна. “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх” уралдаанд тус цехийнхэн өндөр ач холбогдол өгч, төхөөрөмж бүтээх ажилтнуудаа нэгтгэн “Бүтээлч” бүлэг байгуулан оролцож байгаа аж. Тэд уралдааны төхөөрөмж бүтээх ажлаа 3 дугаар сарын сүүлээр эхэлсэн бол одоо сүүлийн шатны тохируулгыг хийж буйгаа ХАБЭА-н инженер С.Бадрах ярив. “Бүтээлч” бүлгийнхний хийсэн “Эргэлдэх механизмын аюулыг мэдрүүлэх” төхөөрөмж нь автомат удирдлагатай төдийгүй олон үйлдлийг нэг зэрэг харуулах боломжтой. Гар утасны аппликейшн ашиглан, хамгийн бага 12 вольтын хүчдэлээр хөдөлгүүрүүд ажиллахаар зохион бүтээсэн нь инженерийн ур ухаан шингэсэн онцлогтой бүтээл болжээ. Мөн аккумляторт цэнэглэдэг тул хаана ч зөөвөрлөн ашиглаж болох зэрэг олон давуу талтай юм. М.Балжинням Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг тэргүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олондоо баяр хүргэв

    Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас хамтран аж ахуйн нэгжүүдийн тухайн жилийн орлого, нийгмийн даатгал төлөлт, ашиг, хөрөнгийн хэмжээ болон ажилтнуудын тоо гэсэн үндсэн таван үзүүлэлтээр эрэмбэлдэг ТОП 100 шалгаруулалтын манлайлагчаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тодорсон. Энэхүү амжилт, ололтод  гар сэтгэл нийлж,  хамтын хүчээр хүрсэн уурхайчин хамт олондоо тус үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх баяр хүргэв.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 2019 оны ТОП 100 жагсаалтын тэргүүнд бичигдсэнээрээ Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалтыг 18 дахь удаагаа манлайлж буй. Улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж буй татвар, цэвэр ашиг, борлуулалтын орлогын хэмжээгээр нь харьцуулан эрэмбэлдэг, “ТОП 100” шалгаруулалтын 2019 оны жагсаалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 961.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэлт, 561.8 тэрбум төгрөгийн ашиг, 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон зэрэг амжилтаараа тэргүүлжээ. Өнгөрсөн оны эдгээр үзүүлэлт нь тус үйлдвэрийн 42 жилийн түүхэн дэх хамгийн дээд амжилт болж, “шилдэг 100” жагсаалтын түрүү байрыг авчирсан байна.  Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны эхний дөрвөн сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100 хувиас дээш биелүүллээ. Дэлхий нийтээр ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч буй энэ үед тус үйлдвэрийнхэн гадаад дотоод ямар нэг өр төлбөргүй, өөрсдийн хүчээр мөнгөн хуримтлал бий болгож, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай материал, сэлбэг хэрэгслээ нөөцөлж авах зэрэг зорилт хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, хүндрэлийг эрсдэл багатай даван туулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, Ерөнхий захирал, түүний чиглэл хариуцсан орлогч нараар  ахлуулсан төв штаб болон дэд штабын зохион байгуулалттай өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжсэн. Үүний хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нэмэлт орлого олох, өртөг зардал бууруулах чиглэлээр тухайлбал, төлөвлөгөөт хэмжээнээс гадна 300 мянган тонн хүдэр нэмж боловсруулах, зэсийн металл авалтыг 0.4 хувиар, молибдены металл авалтыг 3.5 хувиар өсгөх даалгавартай ажиллаж байна. Ингэж ажилласны  үр дүнд оны эцэст 25.8 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 17 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр зорилт дэвшүүлжээ. Энэ зорилт эхний 4 сарын байдлаар амжилттай хэрэгжиж, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 3 орчим тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1.6 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна.  М.Балжинням Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлт 100-аас дээш хувиар биеллээ

    Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 5 сарын эхний 20 хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь 100-аас дээш хувиар биелүүлсэн амжилттай байна.  Энэ хугацаанд уулын цул гаргалтын төлөвлөгөөг 103.7 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөг 104.2 хувиар тус тус биелүүлэв. Тодруулбал, 1427.4 мянган метр куб уулын цул гаргаж, 573.5 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн байна. Ил уурхайнхан 2174.5 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 103.2 хувиар биелүүлсэн бол баяжуулагчид 1820.5 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 101.1 хувиар биелүүлжээ. Хүдэр дэх зэс болон молибдены агуулгын төлөвлөгөөний биелэлт 101.1-118.7 хувьтай байна. Харин зэсийн металл авалт 87.5 хувийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөө 100.2 хувиар, молибдены металл авалт 50.01 хувь буюу төлөвлөгөө 103.1 хувиар биелсэн дүн гарчээ. Баяжмал дахь зэсийн металл 7430 тонн, молибдены металл 167.5 тонны гүйцэтгэлтэй, төлөвлөгөөний биелэлт 110.7-133.7 хувьтай байгаа бол баяжмал дахь зэс молибдены агуулгын төлөвлөгөө 102.2-102.4 хувиар биелсэн үзүүлэлттэй байна. Энэ хугацаанд 33245 тонн зэсийн баяжмал ачигдаж, чанарын үзүүлэлт 102.2 хувиар, 281.1 тонн молибдены баяжмал ачигдаж, чанарын төлөвлөгөө 102.4 хувиар тус тус биелжээ. М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Сэтгэлийн хүч-Зүтгэлийн илч

      Та бидний сайн мэдэх газрын нэг бол Судалгаа шинжилгээний хүрээлэн. Цаг нартай уралдсан тэдний нарийн чимхлүүр ажлын үр дүнгээр баяжуулалтын технологи зөв голдрилоор явж, дэлхийд танигдсан бүтээгдэхүүний чанар сайн гардаг. Тэр ч утгаар нь Судалгаа шинжилгээнийхнийг Эрдэнэт үйлдвэрийн “судас баригч” гэж нэрлэх нь бий. Энд тодорхой ажилтай тунгалаг төрхтэй олон сайхан бүсгүй мэргэжил чадвараараа манлайлан ажилладаг. Тэдний нэг нь баяжуулагч Норзонгийн Лхамбаяр.  Ховд аймгийн Булган сумын харьяат энэ эмэгтэй багын л хичээл сургуульдаа мэрийлттэй, хичээнгүй сүрхий охин явжээ. Дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын Худалдааны техникумд элсэн суралцаж, нягтлан бодогчийн мэргэжил эзэмшихэд аавынх нь нөлөө их байсан болов уу. Түүний аав Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар нутагтаа 40 шахам жил ажилласан, олны дунд нэр хүндтэй эрхэм байлаа. Аав нь арван хүүхдэдээ: “худал хэлж, хулгай хийж болохгүй, улсын ажлыг унагаж, хүний итгэл алдаж болохгүй” гэж захидаг байсан нь бяцхан охины ой тойнд тод сийлэгдэн үлдэж, хожим ажил, амьдралдаа мөрдөх гол “дүрэм” болжээ. Н.Лхамбаяр Ховд аймгийнхаа Худалдааны трестэд нягтлангаар ажиллаж байхдаа дадлагын оюутан залуутай танилцаж дотноссон нь тэдний гайхам сайхан хайрын эхлэл байв. Тэд гурван хүүхдийн эцэг, эх бололцон, хүнээс дутуугүй амьдарч байсан ч үрсийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө залуусыг соронз мэт татсан Эрдэнэсийн хотыг зорьсон. Гэсэн ч санаснаар болдоггүй хорвоо түүнд хатуурхаж, магнайн толионд нь зурвас тодроогүй, толгойн үсэнд нь мөнгөн хяруу унаагүй байхад хань нь тэнгэрийн орноо одож, ангаахай адил гурван хөөрхөн үртэйгээ л үлдсэн. Хадмууд нь хэдий ойр байвч хүний нутагт бүсгүй хүн ажилгүй, өөрийн талын ах дүүгүй, өдөр шөнийн эргэлтэд аавыгаа нэхэн уйлагнах гурван хүүхдээс өөр ханьгүй амьдарна гэдэг ёстой л амьдын там санагдаж байсан нь мэдээж. Н.Лхамбаяр нутаг буцахаар шийдсэнээ хадам ах Ж.Баатархүүдээ хэлбэл, “Чи залуу хүн дахин сурч, Эрдэнэт үйлдвэрт хэрэгтэй мэргэжил эзэмш. Олны дунд  ажиллаж, хамт олонтойгоо ханьсаж амьдрах хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсон ч төв газраа үлдсэн нь дээр” гэж зөвлөснөөр ачаа бараагаа буцааж задалсан гэдэг. Тухайн үед хэлсэн болгоныг нь ухаарч ойлгох сэхээ байгаагүй ч, “Ах нь ажилд ороход нь тус дэм болъё” гэсэн ганц өгүүлбэр Эрдэнэтэд амьдрах итгэл төрүүлж байлаа. Ингэж л тэр, зоргоор болдоггүй тавилан заяаг зоригоороо туулахаар сэтгэл шулуудсан юм.  Н.Лхамбаяр Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль дүүргэж, баяжуулагч мэргэжил эзэмшин одоогийн Судалгаа шинжилгээний хүрээлэнд 2003 онд баяжуулагчаар ажилд орсон. Эхний жилүүдэд ажилдаа тэнцэхгүй гологдох вий, алдаа гаргаж хүмүүст түвэг удах вий гэхээс эмээж, дахин дахин нягтлан шалгаж хичээдэг байжээ. Түүний анхны мэргэжил болох нягтлангийн мэдлэг чадвар нь судалгаа шинжилгээний ажилд ихэд хэрэг болно. Тооцоолол буруу хийвэл олон хүний оюун сэтгэлгээ, хүч хөдөлмөрөө зориулсан судалгааны ажил гажуудах аюултай тул маш няхуур, нямбай хандах хэрэгтэй гэх. Тэрээр Судалгаа шинжилгээний хүрээлэнд 17 жил ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн болон хагас үйлдвэрлэл, лабораторийн туршилтын ажилд биечлэн оролцож, технологийн процесст нэвтрүүлж буй шинэ тоног төхөөрөмж, урвалжуудад туршилт, сорьцлолт, ширхэглэлийн шинжилгээ хийх ажлыг өндөр үр дүнтэй гүйцэтгэж ирснийг журмын нөхөд нь  бахархан ярьсан. Үйлдвэрлэлийн технологийн хүндрэл гарахад мэргэшсэн, шуурхай, найдвартай учраас түүнд түрүүлж үүрэг өгч, илүү ачаалал үүрүүлнэ. Гэсэн ч хамт олныхоо итгэлийг зүтгэл дүүрэн хариулаад сурчихсан Н.Лхамбаяр бүхнийг амжуулаад инээгээд зогсож байна. Амьдралын ончроо нугачаанд түшиг тулгуур болж ирсэн хамт олон минь надад юу юунаас эрхэм гэж тэр ярих. Хөвүүлэн баяжуулагч мэргэжлийн тавдугаар зэрэгтэй тэрээр жилд 155 удаагийн үйлдвэрлэлийн туршилтын сорьцлолт, 2078 сорьцлолтын дээжийн боловсруулалт, 548.7 дээжид ширхгийн шинжилгээ, 418 дээжид нунтаглалтын горим тогтоох ажил гүйцэтгэсэн байдаг. Энэ тоо зарим хүмүүсийн хувьд мөрөөдлийн үзүүлэлт байж мэдэх юм. Н.Лхамбаяр ирээдүйд ашиглах хүдрийн технологийн шинж чанарыг тодорхойлох, геометаллургийн загвар буюу ордын геологи ашиглалтыг боловсруулах лаборатори, хагас үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн туршилтад идэвх чармайлттай оролцон сорьцлолт, ширхэглэлийн шинжилгээ хийх ажлыг үр дүнтэй гүйцэтгэсээр байна. Ажилд орсон эхний жилүүдэд үйлдвэрээс дээжээ авчирч хатаагаад, аяганд хийж гараар нунтаглаад шинжилгээ сорьцлолтыг нүдэн баримжаагаар шахуу хийдэг байснаа тэр дурссан. “Одоо орчин үеийн дэвшилтэт олон багаж, тоног төхөөрөмжтэй, түүн дээр ажиллаж байгаа залуус нь дэлхийн хэмжээний мэдлэг боловсролтой, хэл устай, судалгаа шинжилгээний ажил нь Эрдэнэт үйлдвэртээ төдийгүй улсад үнэлэгдэх хэмжээнд хүрсэн нь сайхан шүү”, гээд сэтгэл дүүрэн инээмсэглэсэн. Тэрээр ажилдаа тун өөриймсөг ханддаг онцлогтой. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, зохион байгуулалтад анхаарч, аюул, эрсдэлийг олж илрүүлэн арилгахад санаачилгатай ажилладаг. Тиймдээ ч “Аюулгүй ажиллагч”-аар гурван удаа шалгарсан, залуу ажилчдад үлгэр дуурайлал болсон тэргүүний ажилтан төдийгүй халамжлан хүмүүжүүлэгч юм.  Хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Н.Лхамбаярын гурван хүүхэд өнөөдөр ээжийгээ ачлах хэмжээнд хүрчээ. Том охин нь Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт конвейерийн машинчаар ажиллаж байгаа бол дундах нь Японд ажиллаж, амьдардаг. Харин бага хүү нь саяхан, “Энержи ресурс” компанид ажилд оржээ. Дөрвөн ач, зээгийн эмээ болсон, гээд нүүр дүүрэн инээмсэглэх түүний яриа цаанаа л хат суусан, амьдрал таньсан, өөрийн жаргалаас илүү үр хүүхдүүдээ гэсэн чин сэтгэлт торгууд эмэгтэйн гайхамшигт түүхтэй. Амьдрал хэмээх их далайн шуурганд сэлүүрээ алдаж, бүр живсэн хүмүүс ч бий. Харин Н.Лхамбаяр итгэлийн хүчээр жигүүрлэн, зүтгэлийнхээ илчинд дулаацан жаргаж, хамт олондоо хүндлэгдэн, уурхайчдынхаа урд эгнээнд тэмүүлэл дүүрэн алхаж явна.  М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш цуврал контент #20: Дашцэрэнгийн ТӨГСБАЯР

    Төгссөн сургууль: 1998 онд ШУТИС-ийн МТС-д хими технологич мэргэжлээр бакалавр, 2002 онд МТС-д техникийн ухааны магистр, 2010 онд КТМС-д үйлдвэрлэлийн менежментээр магистрын зэрэг тус тус хамгаалсан. Мэргэжил: Химийн технологич Ажилласан туршлага: 1998 онд Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад ажилд орсноос хойш эдүгээ 22 дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2009 онд ОХУ-ын Москва хотноо химийн лабораторийн тоног төхөөрөмжийн чиглэлээр, 2012 онд Сингапур улсад ISO чанарын стандартын чиглэлээр, 2019 онд Австрали улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Чин хүсэл: Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтэс, Дулааны цахилгаан станцын химийн инженерээр ажиллаж байсан тэрээр сүүлийн нэг жилийн хугацаанд Лабораторийн эрхлэгчээр дэвшин ажиллаж байна. Өөрийгөө чадваржуулж, үйлдвэрлэлд үр өгөөжтэй ажил хийхийг зорьж яваа түүний томоохон оролцооны нэг нь Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд энэ оны сүүлчээр хэрэгжих “Химийн бодис, урвалжийн менежментийг сайжруулах” төсөл юм. Чадварлаг инженерүүдээс бүрдсэн энэхүү төслийн баг тайлангаа тавих бэлтгэл ажилдаа оржээ. Химийн инженер мэргэжлийнхээ үнэ цэнийг хэрэгтэй газарт нь харуулж, бодит ажил болгох нь түүний чин хүсэл билээ. Тиймдээ ч Эрдэнэт үйлдвэрийн ДЦС-ын Уур усны лабораторийг MNS ISO/IEC17025:2018 стандартын түвшинд хүргэж, Монгол Улсын эрчим хүчний салбарын итгэмжлэгдсэн  лабораториудын  нэг болгохоор хичээн ажиллаж байна. -Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? -Хөгжим, кино бол миний амьдралын сэргээш. Мөн хамгийн ойр байдаг гэр бүл, хамт олноосоо урам зориг, эрч хүч авдаг даа. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? -Аливааг шинжлэн судлахад чиглэсэн,  химийн шинжлэх ухаан нь дэлхий нийтэд хурдацтайгаар хөгжиж, шинэ шинэ технологиуд гарч байгаа нь,  мэргэжлийн биднээс өөрийгөө хөгжүүлэх, маш их уншихыг шаарддаг. Тиймээс ч уншихгүйгээр энэ ажлыг хийх боломжгүй юм. -Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ? -Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын Уур усны лабораторийг итгэмжлэлд оруулна. Бид энэ ажлынхаа хүрээнд Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн газраар итгэмжлэл хийлгэхээр ойрын хугацаанд бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн төслийн ажлаа хийж дуусгана даа. -Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ? -“Эрүүл биед саруул ухаан оршино” гэж их чухал үг санагддаг. Эрүүл гэдэг үгэнд хүний бие бялдрыг хамааруулахаас гадна, сэтгэл санаа эрүүл саруул байх нь чухал юм. Хүмүүс бие бялдрын эрүүл мэндэд ихээхэн анхаардаг ч сэтгэл санааны эрүүл мэнддээ хайхрамжгүй хандах нь бий. Сэтгэл санааг эрүүл саруул байлгах нэг гол хүчин зүйл нь сэтгэл судлал гэж боддог учраас сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр илүүтэй судалж, хувь хүнийхээ хөгжилд анхаарч байна. -Таны хамгийн том мөрөөдөл юу вэ? -Дэлхийн алдартай хөгжимчдийн тоглолт үзэхийг мөрөөддөг. -Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө? -Бусдад түвэг учруулахгүй ажиллаж, амьдрах л хэрэгтэй. -Одоо хийж буй ажил таны мөрөөдлийн ажил мөн үү? -Мэдээж, энэ бол миний мөрөөдлийн ажил. Би сурагч байхын л химийн хичээлд дуртай хүүхэд байсан. Их сонирхолтой шинжлэх ухаан шүү. Өнөөгийн залуусыг ажиглаад байхад ажилдаа дургүй, аливаад ял авсан юм шиг ханддаг. Хүн өөрийн ажлыг аль болох сонирхолтой байх талаас нь анхаарч, түүнийгээ хийж хэрэгжүүлснээр жинхэнэ утгаар нь ажилдаа дурладаг болов уу. Сэтгэлээсээ хийсэн ажил үр шимээ өгдгийг мартаж болохгүй. -Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ? -Эрдэнэт үйлдвэр ажилчдадаа олон талын боломжийг нээж өгдөг. Миний хувьд хамт олон, нийгэмд хувь хүн өөрийгөө хэрхэн, яаж авч явахыг Эрдэнэт үйлдвэрт ажиллах хугацаандаа л сурсан. Эхний 15 жил өөрөөсөө  ах хүмүүстэй ажиллаж байсан бол сүүлийн 6 жил дандаа залуучуудтай ажиллаж байна. Энэ хоёрын хооронд маш их ялгаа харагддаг. Аль ч насны хүнийг ойлгож ажиллана гэдэг л надаас их зүйлийг шаарддаг. Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Мэдээ

   “Саксэду”ХХК, “Кaplan InternationalEnglish” сургалтын төвийн хамт олон Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль дээр өнөөдөр ажиллана. Тэд дэлхийн боловсролыг эзэмших хүсэл сонирхолтой хэн бүхэнд үүдээ дэлгэж, угтан авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
   “Кaplan International English” сургалтын төв нь өнгөрсөн хугацаанд Их Британи, Ирланд, Шинэ Зеланд, Австрали, Канад, АНУ, Малта болон Сингапур улсын 46 хотод байрлах хэлний сургуулиудтай хамтран ажилласаар иржээ.
   Үйл ажиллагаа нь өргөжин, хамрах хүрээгээ тэлсэн тус төвийнхөн сургалтын төрийн сангийн санхүүжилтээр болон хувийн зардлаар 300 гаруй оюутныг дэлхийн шилдэг их, дээд сургуульд элсэн ороход нь туслажээ. Мөн давтагдсан тоогоор 70 гаруй ерөнхий боловсролын сургуульд зочлон, сургалт семинар зохион байгуулсан байна.
   Энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн албан хаагч, ажилчдын хүүхдүүдэд зориулан зуны сургалтын хөтөлбөрөө танилцуулж, мэдээлэл өгөхөөр бэлтгэжээ.  Зуны сургалтын үндсэн хөтөлбөрийн нэг нь 12-18 насны сурагчдыг Сингапур хотноо 21 хоногийн хугацаатай англи хэлний сургалтад хамруулах юм байна. Англи хэлийг орчинд нь сурснаар дэлхийн боловсрол эзэмшиж, тухайн орноор аялаж, бие даах чадвараа хөгжүүлэн, багаар ажиллах арга барилд суралцах зэрэг олон давуу талтайг зохион байгуулагчид онцоллоо.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Joomla Plugins

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Залуучуудын холбоо, Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран үйлдвэрийн залуучуудад гэр бүлийн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Уулзалт хэлэлцүүлэг нь “2023 он гэхэд гэр бүлээ ямар байгаасай гэж хүсэж байна вэ?”, “Эдгээр зүйлийг хэрэгжүүлэхэд садаа болох хоёр том хүчин зүйл”, “2023 он гэхэд хүссэн зорилгодоо хүрэхийн тулд юу хийх вэ?” гэсэн дэд сэдэвт хуваагдсан. Өнөөгийн нийгэмд залуус өөрсдөө гэр бүлийн харилцаандаа тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх нь чухал болохыг зохион байгуулагчид нь онцоллоо.
   Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоо 20 жилийн ойгоо тохиолдуулан энэ онд хэд хэдэн ажил төлөвлөн, хэрэгжүүлж эхэлжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт гадаад харилцааны хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Жоржиео мужийн Мэрсон хотын Мерсер их сургуулийн судлаач залуус, эрдэмтдийн багийг хүлээн авч, санамж бичигт гарын үсэг зурсан. Уулзалтын үеэр АНУ-ын сургалтын системийн онцлог, залуучуудын суралцах арга барил, хандлагын талаарх мэдээллийг уурхайчин залууст хүргэсэн байна.

И.Чинтогтох


 

 

 

 

   Эрдэнэт үйлдвэр, Төрийн Аудитын байгууллагатай хамтран бүтцийн нэгжийн удирдлагууддаа Шилэн дансны хууль, түүний хэрэгжилт, үйлдвэрийн хэмжээнд дагаж мөрдөх өөрчлөлтийн талаар сургалт зохион байгууллаа.
   “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан Шилэн дансны хуулиар дагаж мөрдөх хэд хэдэн нэмэлт өөрчлөлтийг удирдлагуудад танилцуулах шаардлагатай болжээ.
   Эрдэнэт үйлдвэр өмнө нь энэ хуулийн хүрээнд найман төрлийн мэдээллийг олон нийтэд ил тод хүргэдэг байсан бол статус өөрчлөгдсөнөөр тухайн хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2-т заасны дагуу 17 төрлийн мэдээлэл байршуулах шаардлагатай болсон байна. Төсөв зарцуулах үйл ажиллагааныхаа мэдээллийг ил тод, нээлттэй байршуулснаар иргэд, олон нийт үнэн бодит мэдээллээр хангагдаж, сэтгэл ханамж өсөх сайн талтайг сургалт зохион байгуулагч аудиторууд зөвлөлөө. Шилэн дансны хууль 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Төрийн Аудитын байгууллага өнгөрсөн хугацаанд нийт найман удаагийн аудит гүйцэтгээд байгаа юм.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс


 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гадаад харилцааны талаар баримтлах бодлого, түүний хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын талаар Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэртэй ярилцлаа.

   - Та энэ албанд томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Ойрын үед хийгдэж буй ажлын талаар мэдээлэл өгнө үү?
 
- Гадаад харилцааны бодлогын газар байгуулагдаад хоёр сар болж байна. Бид үйл ажиллагааныхаа үндсэн зорилтыг Эрдэнэт үйлдвэрийн гадаад харилцааг хөгжүүлж, “Нэг цонхны бодлого” хэрэгжүүлэхэд чиглүүлж байна. Үйлдвэрийн бүтцийн нэгжүүд дор бүрнээ гадаад харилцаагаа хөгжүүлж ирсэн. Энэ нь нэг талаар амьдралд ойр ч, орхигдуулж болохгүй зүйл бас бий. Гадаад харилцаа гэдэг ойлголт нь өөрөө тогтсон дэг жаяг, журам, өөрийн зарчимтай. Энэ үүднээс нь харвал, бид “Дэлхийн жишиг-Үндэсний бахархалт үйлдвэр” болохын тулд дэлхийн жишигт нийцсэн гадаад харилцааны ёс, дэг журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй болж байна. Юун түрүүнд, үйлдвэрийн ажилчдад зориулан гадаад харилцааны талаарх дүрэм журам, бичиг баримтын танилцуулга, ёслол протоколын чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Манай газрын ажилтан Бельги улсад протоколын талаарх долоо хоногийн сургалтад хамрагдахаар явсан. Эргэж ирээд мэдсэн сурснаа хуваалцаж, шат дараатай сургалтуудыг холбогдох ажилтнуудад явуулна.

   - Эрдэнэт үйлдвэр гадаад томилолтын хүрээнд ямар бодлого барих вэ?
   - “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал гадаад, дотоод томилолтын үр дүнг сайжруулж, зардал хэмнэх, түүний дагуу авах арга хэмжээний талаар холбогдох алба, хэлтсүүдэд үүрэг чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу Гадаад харилцааны бодлогын газар гадаад томилолттой холбоотой дүрэм журмыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Өмнө нь гадаад томилолтын шийдвэр олон шугамаар гарч байсан. Үүнийг “Нэг цонхны бодлого” зарчмаар шийдвэрлэнэ. Энэ оны сүүлийн хагаст хийгдэх гадаад томилолтын төлөвлөгөөг гаргаж байна. Энэ ажлын хүрээнд гадаад томилолтын төлөвлөгөө, зардал тооцоог дахин нягтлан, холбогдох хэлтэс, цех, нэгжүүдээс төлөвлөгөөнд тусгах саналуудыг авч байна. Үүндээр үндэслэн томилолтын төлөвлөгөөг батална.

   - Нэг цонхны бодлого хэрэгжүүлснээр томилолтын үр өгөөжийг илүү нэмэгдүүлнэ гэж ойлгож болох уу?
  
- Томилолтын үр дүнг дээшлүүлэх талаар арга хэмжээ авч ажиллана. Тухайлбал, томилолтоор юу хийх, ирээд ямар ажлууд зохион байгуулах зэргийг нарийн тусгасан удирдамж батлагдах юм. Мөн томилолтын дараа хугацаандаа тайлангаа өгөөгүй ажилтан, цех, нэгжид дараагийн гадаад томилолтыг зөвшөөрөхгүй байх хариуцлагын тогтолцоог нэвтрүүлнэ. Томилолтын талаарх мэдээллийн сан үүсгэж, хяналт, үр дүнгээ тооцож байх юм.

   - Үйлдвэрийн зардлаар гадаадад суралцагч болон мэргэжил дээшлүүлэх чиглэлээр явж байгаа хүмүүсийн тухайд?
 
- Үйлдвэрийн зардлаар суралцаж, мэргэжил дээшлүүлж байгаа оюутан, ажилчдын асуудал өмнө нь Захиргаа, хүний нөөцийн газарт төвлөрч байсан. Одооноос чиг үүргийнхээ дагуу манайд хамаарах болсон. Бид ойрын хугацаанд гадаад сургалттай холбоотой асуудалд судалгаа хийж, цаашид авах арга хэмжээний талаарх саналаа боловсруулан хэрэгжүүлнэ. 


И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 

   Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн “Хариуцлагаар нэгд” аяны хүрээнд уул уурхайн салбарт тэргүүлэгч 8 компанийн удирдлагууд “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Багануур” ХК, “Оюутолгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Aспайр Майнинг” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК, “Терра Энержи” ХХК, “Монполимет” групп гэсэн уул уурхайн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, нийгмийн хариуцлагаа орон нутагт төдийгүй улсын хэмжээнд хэрэгжүүлдэг уул уурхайн “ТОП” компаниуд ёслолын үйл ажиллагаанд оролцов.
   Монгол Улсад олон улсын жишигт нийцсэн, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд туршлага солилцох, байгаль орчныг сүйтгэж буй хариуцлагагүй компаниудын үйл ажиллагааг таслан зогсоохын төлөө уул уурхайн “магнат”-ууд нэгдэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин хамт олон хөгжлийнхөө 41 жилийн түүхэн хугацаанд хариуцлагатай уул уурхайн олон сайн туршлага хуримтлуулж, жишиг тогтоосон. Энэхүү “уламжлал”-аа уул уурхайн бусад компанид үлгэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж, салбарынхаа тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллах үүрэг хүлээлээ.

У.Бат

 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Цахилгааны цехийн ажилтнууд “MATrix LABoratory” буюу Матлаб загварчлалын сургалтад хамрагдаж, тооцооллын шинэ программ дээр ажиллах мэдлэг эзэмшжээ. Математик загварчлалын сургалтын зорилго нь цехийн ажилтнууд уг программ хангамж дээр ажиллаж сурах, тухайн программын тусламжтайгаар өөрсдийн ажилтай холбоотой бүх тооцоо судалгаа шинжилгээг хийх чадвар өгөхөд чиглэсэн байна. Сургалтыг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн тэнхимийн дэд профессор, багш П.Ариунболор удирдан явууллаа. Матлаб программын онцлог нь бүх мэдээллээ цуглуулж, түүний дагуу боловсруулалт хийх, цаашид мэдээллээ төрөлжүүлэн тайлан тооцоондоо ашиглах зэрэг олон талын зориулалттай. Мөн олон жилийн үйл ажиллагааны үр дүнд  боловсруулалт хийх, тоног төхөөрөмжийн элэгдэл насжилт, гэмтлийг тогтоож, засварлах шинэчлэх зэрэг олон  шийдлийг тооцож гаргах боломжтой. Энэ үндсэн программ дээрээ тулгуурлан туслах программ боловсруулан, өдөр тутмын ажилдаа ашиглах давуу талтай гэж тус цехийн Ерөнхий инженер Г.Цогт-Очир ярилаа.
   Цехийн ажилтнууд  цаашид уг программыг ашиглан бие даан өөрийгөө хөгжүүлэх, сурсан мэдсэнээ баталгаажуулах,  чадвар эзэмших үүднээс хүн бүр өөрийн ажил, мэргэжлийн онцлогийн дагуу төсөл боловсруулан ажиллаж байгаа аж. Энэ төсөл нь тэдний магистр болон бусад эрдэм шинжилгээний ажлын үндсэн судалгаа, материал болох юм.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

   Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын хэсэгт шинээр хийн үлээгүүрийн машин угсарч, туршилтын залгалтыг хийлээ. Эрдэнэт үйлдвэрийн техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг болох Францын “Continental industrie” фирмийн “Blower type 700.05” маркийн агаар үлээх машиныг өнгөрсөн дөрөвдүгээр сараас угсарч эхэлсэн байна. Дулаан агааржуулалтын хэсгийн хуучин машинууд хосолмол секцийн үед тавигдсан, 20-иод жил ажиллаж, ашиглалтын хугацаа дууссаны улмаас хүчин чадлыг нь нэмэгдүүлэхийн тулд шинэчлэх шаардлагатай болжээ.
   Агаар үлээх зориулалттай шинэ машиныг суурилуулснаар хүчин чадлыг хоёр дахин өсгөхийн зэрэгцээ  Нунтаглан баяжуулах хэсгийн баяжуулалтын үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх, тоног төхөөрөмжийн тогтвортой, найдвартай ажиллагааг дээшлүүлэх боломжтой болж байгааг Баяжуулах үйлдвэрийн Эрчим зүйн албаны дарга Ц.Намжилдорж онцлов. Мөн эрчим хүчний хэмнэлт үзүүлнэ. Өмнө нь хоёр хийн үлээгүүр ажиллаж байсан бол одоо зөвхөн нэг төхөөрөмжөөр агаар хангах боломж үүсч байна. Ингэснээр  цахилгаан, эрчим хүчний  хэмнэлт 40 хувиар нэмэгдэж, энэ хэмнэлтийн үр дүнгээр хоёр жилийн хугацаанд өөрийн өртгөө нөхөх эдийн засгийн тооцоо гарчээ.
   Дулаан агааржуулалтын хэсгийн хийн үлээгүүрийн шинэ машины угсралт, суурилуултыг Итали улсын мэргэжилтнүүд болон Засвар угсралтын цех,  Эрчим хүчний цех, Цахилгааны цех, Баяжуулах үйлдвэрийн Тохируулга галактекийн алба, Цахилгааны албаны 60-70 хүний бүрэлдэхүүнтэй бригад хамтран гүйцэтгэсэн байна. Хийн үлээгүүрийн машины туршилт үйлдвэрлэлийн горимын дагуу 72 цагийн турш үргэлжлэх юм.

М.Балжинням
Фото Б.Баттөгс


 

   Сайн саналын системд оновчтой санал гаргасан шилдэг залуусыг бид танилцуулж байгаа билээ. Уул уурхай гэлтгүй боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарт эдгээр шилдэг санал хэрэгжиж, үйлдвэрийн хөгжлийг тодорхойлсоор байна. Сайн саналын системд 2018 онд 16 санал дэвшүүлсэн Эрдэнэт сувиллын цогцолборын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тасгийн ахлах тогооч Б.Одхүүтэй ярилцлаа.  

   - Хоол үйлдвэрлэлийн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
  
- Би ШУТИС-ийн Хүнс, биотехнологийн сургуулийг Нийтийн хоолны технологич инженер мэргэжлээр төгсөж, 2014 онд сонгон шалгаруулалтаар Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон. Мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байна. Хүн бүр ажил мэргэжлээсээ ямар нэг сайхан зүйлийг мэдэрдэг байх. Миний хувьд хоолыг минь амтархан идээд, сэтгэл хангалуун гарч байгаа хүмүүсийг харах үнэхээр сайхан санагддаг.

   - Бүтээмжийг салбар бүрт хэрэгжүүлэх боломжтойг Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжүүд харуулсаар байна. Энэ талаар?
    - Ажилд орсны дараах жилүүдэд цехийн бүтээмжийн үйл ажиллагаа нэлээд сул, өөрийн хэмжээнд тасагтаа бүтээмжийн сайжруулалт хийдэг байлаа. Харин 2016 оноос бүтээмжийн ажил эрчимжиж, бүтээмжийн чиглүүлэгчтэй болсон. Ингэснээр бид сайн саналын системд ажлаа бүртгүүлж, үнэлүүлэх боломж бүрдсэн. Манай салбарт бүтээмжийг оновчтой хэрэгжүүлснээр ажил хөнгөвчилж, үр ашиг дээшилж байна. Миний хувьд цехийнхээ хэмжээнд “Шилдэг сайн санал гаргагч”-аар 2017, 2018 онд тэргүүн байрт шалгарсан.

   - Цаашид хэрэгжүүлэх бодож төлөвлөсөн ажил бий юу?
   - Зөвхөн хоол үйлдвэрлэл гэлтгүй ажил хийж байгаа л бол тухайн салбарт сайжруулалт хийх зайлшгүй шаардлага гардаг. Түүнийг олж хараад оновчтой шийдэл гаргах нь хамгийн чухал. Манайд сайжруулах ажлууд бий. Бодож санаснаа ажил хэрэг болгоно доо. /инээв/

   - Өөрийгөө хөгжүүлэхэд хэрхэн анхаарч, суралцаж байна вэ?
   - Орчин үеийн хоолны чиг хандлага ямар байна гэдэг дээр судалгаа хийж, цахим орчноос мэдээллээ түлхүү авч байна. Сүүлийн жилд хүмүүсийн хоолны чиг хандлага өөрчлөгдөж, эрүүл, зөв хоолоход анхаардаг болсон. Эрдэнэт сувиллын цогцолбор маань мэргэжлийн хоол зүйчтэй. Амрагчид болон хэвтэн эмчлүүлэгчиддээ хооллолтын талаар мэдээлэл хүргэн ажиллаж байгаа. Манай сувилал 120 ортой, сардаа 300 хүнд үйлчилдэг.

   - Энэ дашрамд Эрдэнэт сувиллын дэргэдэх Чулуутын саам эмчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?
   - Саам эмчилгээ энэ долоо хоногоос амрагчдаа хүлээн авч эхэлсэн. Амралт маань Эрдэнэт үйлдвэрийн ажилчид, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадаас гадна иргэдийг хүлээн авч, нэг дор 85 хүнд үйлчилгээ үзүүлдэг. Бид энэ сарын 15-наас наймдугаар сарын дунд үе хүртэл зургаан ээлжээр ажиллана. Гүүний саам нь олон төрлийн амин хүчил, эрдэс агуулсан тул хүний биеийн хэрэгцээт амин дэмийг нөхөхөөс гадна цусан дахь холестериныг бууруулах, судас хатуурахаас сэргийлэх, ухаан санааг саруул болгох ид шидтэй ундаа юм.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль 44 жилдээ уул уурхайн мэргэжилтэн бэлтгэж байна. 2018-2019 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа дуусч, шинэ хичээлийн жилийн элсэлт эхэлж буйтай холбогдуулан тус сургуулийн  Сургалт хариуцсан орлогч захирал Н.Манчуктай ярилцлаа.

   - Өнгөрч байгаа хичээлийн жилд Технологийн сургуулийн сургалт хүмүүжлийн ажил хэрхэн үргэлжлэв? Онцлог нь юу байв?
  
- Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийг 2018-2019 оны хичээлийн жилд нийт 728 оюутан, суралцагч суралцсанаас 204 оюутан суралцаж төгсөж байна. Тэдний 52 нь магистрын , 100 нь бакалаврын, 41 нь Мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн,  11 сурагч Ахлах сургуулийг сургалтыг тус тус төгслөө. Үүний зэрэгцээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, Бүтээмж инноваци, мэргэжлийн түр сургалтад давхардсан тоогоор 4827 хүн хамрагдлаа. Нийт 5031 хүн тус сургуульд суралцаж, төгслөө.

   - Хичнээн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна вэ?
  
- Өнгөрч буй хичээлийн жилд манай сургуульд 100 гаруй оюутан шинээр элсэн суралцаж байна. Бакалаврын зэрэгтэй сургалтад долоон мэргэжлээр буюу уул уурхайн ашиглалтын технологи, цахилгаан инженер, мэдээллийн технологи, механик инженер, авто инженер, ашигт малтмал баяжуулалтын инженер, металлурги металлын технологи гэсэн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Мөн Орос хэлний нэг жилийн хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрт суралцсан оюутнууд ирэх хичээлийн жилд ОХУ-ын Уралын Их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн дагуу нэгдүгээр курсээс сонгож суралцах юм.

   - Өнгөрсөн хичээлийн жилд сургалтын чанарт ямар ахиц дэвшил гарав? Энэ чиглэлээр хэрхэн анхаарч ажилласан бэ?
  
- Манай сургууль сургалтын үйл ажиллагаандаа Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Үүний батламжийг өнгөрсөн хичээлийн жилд гардаж авсан. Мөн бид “Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг. Саяхан ШУТИС-ийн долоон профессор багшийг урьж ирүүлэн, хөтөлбөрийн гурван чиглэлээр хэлэлцүүлэг зохион  байгуулсан.  Ингэснээр “Үр дүнд суурилсан хөтөлбөр” дээр тулгуурлан боловсруулсан бидний сургалтын хөтөлбөр шинэ хичээлийн жилд хэрэгжээд эхлэх боломжтой болсон. Өнгөрч буй хичээлийн жилд манай Ахлах сургуулийн сурагчид байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын олимпиадад 12-р ангиас оролцсон 5 сурагч бүгд эхний 10-н байранд шалгарч, багийн нийлбэр дүнгээр 1-р байр эзэлж 2 дахь удаагаа дархан аварга боллоо. ШУТИС-ийн оюутны физикийн  XXXI олимпиадад 5 оюутан оролцсоноос 3, 5, 6-р байр эзэлсэн амжилт гаргалаа,  Эрдэнэс таван толгой ХК-иас зохион байгуулсан Дэлхийн жишиг уул уурхай Эрдэм шинжилгээний хуралд манай оюутан 3-р байранд шалгарч өргөмжлөл нэг сая төгрөгөөр шагнуулсан байна. Багш нарын хувьд “Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр”-өөрөө Шинэ Монгол Технологийн Коллежийн зохион байгуулсан "Инженерийн боловсрол-Монголд" Онол практикийн анхдугаар бага хурал 1-р байр, тусгай байрт шалгарсан, Мөн ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудын дунд зохион байгуулсан “Эрдмийн чуулган-2019” эрдэм шинжилгээний хуралд Техник, технологийн салбарын шилдэг удирдагч багшаар манай механикийн тэнхимийн багш шалгарсан байна. Урлаг, спортын олон улс болон улсын уралдаан тэмцээнд манай оюутнууд амжилттай оролцлоо.

   - Сургалтын “2+2” хөтөлбөрийн давуу тал, үр дүн ямар байна вэ?
 
- Би түрүүн дурьдсан. ОХУ-ын Уралын Их сургуультай хамтран металлурги, металлын технологи чиглэлээр “2+2” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хоёр жил дотооддоо, дараагийн хоёр жилд Орос улсад суралцах боломжтой хөтөлбөр. Мөн АНУ-ын Аляскын Фейрбанксийн Их сургуультай хамтран сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хөтөлбөрөөр 50-60 хувийн хөнгөлөлттэй суралцана. Тайвань улсын Кун Шаны Их сургуультай “1+3”, “2+2” хөтөлбөрийн хүрээнд хамтарч байна. Нэг жил эндээ суралцаж, гурван жилд Тайвань улсад суралцах гэх мэт. Тайвань улсад эхний жил 100 хувь, хоёр дахь жилээс 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. 

   - Технологийн сургуулийг “Онцлох диплом”-той төгссөн оюутнуудад Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламж олгодог уламжлалтай. Үүнээс гадна өөр ажил олгогчдоос ажлын урилга ирдэг үү?
   - Манай сургууль 2014 оноос онц дүнтэй суралцсан оюутнуудаа  “Онцлох диплом”-той төгсгөж, тэдэнд Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардуулдаг болсон. Энэ жишгээр өнгөрсөн жилийн 26 дахь төгсөгч маань Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон. Энэ хичээлийн хаврын улиралд 3.2 голч дүнтэй 5 оюутан суралцаж байна. 3.6-аас дээш голчтой нэг оюутан ШУТИС-ийн “Онцлох диплом”-той төгсөнө. Геологи, уул уурхайн чиглэлийн компаниудтай бид хамтран ажиллаж байна. Манай оюутнууд 3.2-оос дээш голч дүнтэй бол “Оюутолгой” ХХК-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Мөн бид оюутнуудаа суралцах явцад нь ажлын байраар хангах зорилгоор цагийн ажил хийлгэдэг. Тухайлбал, “Миний туслах оюутан”, хичээлийн завсарлагаа болон чөлөөт цагаараа багш нартаа туслаад, кредит цагийн урамшуулал авах зэрэг туслах ажилд хамруулж байна.

   - Шинэ хичээлийн жилийн элсэлт удахгүй эхэлнэ. Энэ удаагийн элсэлтийн журам ямар онцлогтой байх вэ?
   - Манай сургуульд элсэж буй оюутан элсэлтийн шалгалтын дүн 700-аас дээш оноотой тохиолдолд 100 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй элсүүлнэ. 650-699 оноотой бол 50 хувь, 600-649 оноотой бол 30 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Мөн олон улсын олимпиадад 1-3 дугаар байр эзэлсэн бол 100 хувь, улс, бүсийн олимпиадад 1-5 дугаар байр эзэлсэн бол 15-100 хувийн хөнгөлөлттэй элсүүлэх боломж нээгдсэн. Энэ жилийн онцлог гэвэл, хөнгөлөлт үзүүлэх олон боломж нэмэгдэж байгаа. Өмнөх жилд тогтоосон босго оноо өнөө жилд ч 400-500 хэвээрээ байна. 

   - Багш нарын хувьд ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
  
- Манай сургууль 38 үндсэн багштай. Үүнээс гадна бакалаврын сургалтад гэрээгээр Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтэн, доктор 12 багш хичээл зааж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, бүтээмж инновацын сургалтын 80 орчим хувьд нь мөн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй тухайн чиглэлийн мэргэжилтнүүд багшилдаг. Бакалаврын зэрэг олгох үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах ажлын хүрээнд нийт багш нар заадаг хичээлүүдийнхээ хөтөлбөрийг агуулгын хувьд  шинэчлэн сайжруулж сургалтад хэрэглэж байна. Тухайлбал, 19 ур чадварыг оюутанд олгох зарчмыг баримтлан хичээлээ заах зорилготой ажиллаж байна.

   - Технологийн сургуулийн давуу тал юу вэ? Энд суралцахаар сонгосон ирээдүйн уул уурхайн мэргэжилтнүүдэд илүү ямар мэдлэг чадвар олгож чадах вэ?
   - Сайхан асуулт байна. Нэгдүгээрт, манай сургуулийн Ахлах сургуулийн хөтөлбөр ирэх хичээлийн жилээс Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр сургалт явуулах бэлтгэл хангаж дуусгахаар төлөвлөж байна. 2020-2021 оны хичээлийн жилээс Кембрижийн хөтөлбөрөөр сургалт  явуулж, найман хичээлийг англи хэл дээр үзэж эхэлнэ. Ингэснээр манай Ахлах сургуулийг төгссөн хүүхдүүд дэлхийн 130 оронд шууд элсэн суралцах боломжтой болох юм. Хоёрдугаарт, бакалаврын ангийн оюутнууд “2+2” хөтөлбөрүүдэд хамрагдахын зэрэгцээ АНУ-ын Их, дээд сургуульд 50-60 хувийн хөнгөлөлттэй суралцана. Тайвань, ОХУ-д суралцахдаа  сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ. Шинэ хичээлийн жилд бид өөрийн сургуульд Японы их сургуулийн профессор багш нарыг урьж, механикийн ангиудад хичээл заалгана. Өнгөрсөн жилд Японы Нагоя, Акита их сургуулийн профессоруудыг урьж, уул уурхайн ангийн оюутнуудад хичээл заалгасан нь үр дүнгээ өгсөн. Энэ бүхэн алхам алхмаар урагшилж, олон улсын институт болох зорилгоо биелүүлэхийн төлөө чармайн ажиллаж байгаагийн илрэл гэж хэлэхийг хүсэж байна. Технологийн сургуулийн давуу талыг ерөнхийд нь хэлбэл, манай улсын аль ч аймаг, орон нутгаас элсэгчид улсын тэргүүний оюутны байранд байрлаж,  тав тухтай орчинд суралцах боломжтой. Мөн элсэлтийн шалгалтын онооноос хамааран төрөл бүрийн хөнгөлөлт эдэлнэ. Түүнчлэн “Цалинтай оюутан” хөтөлбөрт хамрагдах боломжтой. Оюутнууд маань сургуульдаа багшийн туслах, жижүүр, өлгүүрийн ажилтан хийж, бие даан ажил хөдөлмөрт давхар суралцах боломжийг нээж өгч байна.
 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

   Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгтэй холбогдуулан ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилласан. Шалгалтын талаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяраас тодрууллаа.

   - Үзлэг, шалгалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?
  - Монгол Улсын хэмжээнд байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг дөрвөн жил тутамд зохиогддог уламжлалтай. Энэ жилийн тухайд Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Ерөнхий Сайдын захирамж, Хууль зүйн Сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгийнхэн удирдамжийн дагуу улс даяар ээлжит үзлэгийг зохион байгуулж байна. Булган, Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэрт Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг томилогдон ажиллалаа. Энэ удаагийн үзлэг шалгалтаар байгууллагын ажлын зохион байгуулалт буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргааны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, архивын болон албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, мэдээллийн технологийн Монгол Улсын  үндэсний хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдгийг үнэлсэн. Бид үзлэгтэй холбогдуулан үйлдвэрийнхээ хэмжээнд урьдчилсан үзлэг зохион байгуулах ажлын хэсэг томилж, бүтцийн бүх нэгжийг хамруулан ажилласан.

   - Ямар үнэлгээ авсан бэ?
  - Эрдэнэт үйлдвэр дөрвөн жилийн өмнөх үзлэгээр төрийн өмчит болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдээс Монгол Улсын хэмжээнд тэргүүлсэн амжилт гаргаж байсан. Энэ жил хоёр дахь удаагаа үзлэгт хамрагдлаа. Энэ удаагийн үзлэг нь Эрдэнэт үйлдвэрийн статус өөрчлөгдөж, онцгой дэглэм тогтоосон, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж байгаа ихээхэн онцлог цаг үед таарсан. Бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаатай холбогдуулан дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, захиргааны үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэх ажил тодорхой зохион байгуулалттайгаар дүрэм, журмын дагуу явагдаж байна.  Өөрчлөлтөөс үл шалтгаалан манай хамт олны үйл ажиллагаа жигд, хэвийн ажиллаж байгаа нь үзлэгийн дүнгээс харагдсан. Эрдэнэт үйлдвэр “Маш сайн” үнэлэгдлээ. Улсын хэмжээнд ирэх 11 дүгээр сард үзлэг шалгалт дуусч, нэгдсэн дүнг Монгол Улсын Их хурлаар хэлэлцэнэ. Энэ томоохон үзлэг шалгалтад бэлтгэн ажлаа шалгуулсан, үнэлүүлж дүгнүүлсэн, амжилттай оролцсон Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олондоо, үзлэг шалгалтыг хариуцан зохион байгуулсан ажлын хэсгийн нарийн бичгийн даргын хувиар баяр хүргэе.

   - Цаашид авч хэрэгжүүлэх ямар зөвлөмж өгсөн бэ?
  - Ажлын хэсэг хэд хэдэн дүгнэлт гаргаж, зөвлөмж өгсөн. Ингэхдээ, “Эрдэнэт үйлдвэрийн байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа “Маш сайн” үнэлгээтэй дүгнэгдлээ. Орхон, Булган аймаг болон бусад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаараа манлайлж, өөрсдийн тэргүүн туршлагаа нэвтрүүлэх талаар санаачилгатай ажиллах хэрэгтэй” гэсэн үүрэг даалгавар өгсөн. Үүнээс гадна бүтцийн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг жигдрүүлж, нэг түвшинд авч явах талаар зөвлөсөн. Мөн Эрдэнэт үйлдвэр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг ч боловсрол, эрүүл мэнд, нийтийн хоол, төмөр зам зэрэг хэд хэдэн онцлог салбарыг дэргэдээ авч явдаг. Тиймээс албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тухайн салбарын жагсаалтыг баталж, түүхэн баримт бичгүүдийг бүрдүүлж авах нь чухал гэсэн зөвлөмж бидэнд өглөө. Энэ чиглэлээр цаашид анхаарч ажиллана.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог