• Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд биелсэн амжилттай байна

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон долоодугаар сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн бодит гүйцэтгэлийг өчигдөр хэлэлцлээ. Тайлант хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд 100-110.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Уулын цул гаргалтын төлөвлөгөөг 107.5 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөг 110.3 хувь, хүдэр олборлолт төлөвлөгөөнөөс илүү 113.9 мянган тонноор илүү буюу 105.5 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.     Хүдэр дэх металлын агуулга зэсээр 104.9 хувь, молибден 85.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Баяжмал дахь металлын агуулга зэсээр 100.7 хувь, молибденоор 103.1 хувь, ачигдсан зэсийн баяжмалын чанар 100.7 хувь, ачигдсан молибдены баяжмалын чанар 103.1 хувьтай байна. А.Бямбамаа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Дулааны цахилгаан станцын “их зогсолт” тав хоногийн дараа эхэлнэ

       Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын хамт олон оны эхний хагас жилийн байдлаар  амжилттай сайн ажиллаж үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийг  дулаан цахилгаанаар тасралтгүй ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар станцын гуравдугаар зуухны их засварын ажил ид явагдаж угсралтын ажил хийгдэж эхэллээ.    Дулааны цахилгаан станц нь жилийн турш тасралтгүй  үйл ажиллагаатай учир жилд нэг удаа техник тоног төхөөрөмжийг бүрэн зогсоож засвар үйлчилгээ хийдэг. Ингэхийн тулд диспетчерын үндэсний төвтэй харилцан тохирдог.  Их зогсолтын ажлыг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн 24 цагийн турш хийхээр бэлтгэл ажил нь бүрэн хангагджээ.    Их зогсолтоор уурын хаалтууд, шугам хоолой, худаг зэрэгт засвар үйлчилгээ хийхээс гадна тоног төхөөрөмжийн их цэвэрлэгээний ажлыг энэ үеэр хийх тухай Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ мэдээллээ. А.Бямбамаа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Д.ЭРДЭНЭБАТ: Орос цэцэрлэг, сургуулийнхаа лицензийг авч, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна

       Ирэх хичээлийн жилд орос цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хэрхэн авч явах талаар Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.    - Эрдэнэт үйлдвэрийн нэгж бүрэлдэхүүн болох орос цэцэрлэг, сургуулийн бүтэц, үйл ажиллагааг цаашид хэрхэн авч явахаар төлөвлөж байна вэ?    - Манай хэлтэс нийгмийн цехүүдийн үндсэн үйл ажиллагааг чиглүүлж, удирдаж, хянахын зэрэгцээ орон сууцны болон нийгмийн төслүүдийг удирдан, зохион байгуулах, орон нутгийн байгууллагатай холбогдож байгаа харилцааны асуудлыг цэгцлэх үүрэгтэй ажиллаж байна.    “Эрдэнэт” үйлдвэрийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан орос цэцэрлэг, сургуулийн статусыг ирэх хичээлийн жилээс урьтан шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай боллоо. 2018 оны тавдугаар сард Орхон аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас орос цэцэрлэг, 19 дүгээр сургууль, Технологийн сургуулийн лицейн зөвшөөрлийг цэгцлэх талаар албан бичиг ирүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх орос цэцэрлэг, сургууль нь ОХУ-ын боловсролын стандартын дагуу сургалт явуулсаар өнөөг хүрсэн. Гэтэл “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллага нь Монгол Улсын стандарт, хуулийг хэрэгжүүлж ажиллана” гэсэн хуулийн заалт байгааг боловсролын салбарын шат шатны байгууллага бидэнд танилцуулсан. Өнгөрсөн оны тухайд Технологийн сургуулийн дэргэдэх лицейн зөвшөөрлийг авсан. Цаашид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахдаа лицензтэй болох нь чухал юм байна. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 19-р сургуулийг орос  сургуулиар нь байлгах тал дээр санаачилга гарган, бидний ажлыг сайшаан дэмжиж байгаа.    - Лиценз авснаар гарах давуу талууд юу байна вэ?    - Бид лицензээ авчихвал монгол сургуулиудын нэгэн адил  үдийн цай хөтөлбөр  гэх мэт зардлыг  төрөөс даана. Нөгөө талаас орос сургуулийн төгсөгчид маань үнэлгээний зөрүүнээс хамаарч Монголын БСШУСЯ-ны цахим санд бүртгэгдэхгүй байгаа асуудал нэг тийш шийдэгдэнэ.    - Орос цэцэрлэг, сургууль бүрэн хүчин чадлаараа ажилладаг уу?    - Орхон аймгийн иргэд, Эрдэнэт үйлдвэрийн ажилчид орос цэцэрлэг, сургуулиа бусад ерөнхий боловсролын сургуулийн нэгэн адил бүх зардал нь улсын төсвөөс шийдэгддэг байхыг хүсэж байна. Орос сургууль маань 1000-1200, цэцэрлэг 220 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Цэцэрлэгт 240 орчим хүүхэд хүмүүжиж байна. Сүүлийн жилүүдэд Орос мэргэжилтнүүд  нутаг буцсантай холбогдуулан цэцэрлэг, сургуульд тус бүр 40 гаруй орос хүүхэд суралцаж байна. 2014 оноос хойших мэдээллийг нэгтгэж үзэхэд  19 дүгээр сургуульд суралцсан хүүхдийн тоо жил тутам 450-иас дээш бараг гараагүй. 2016 онд тус сургуульд 477 хүүхэд суралцаж байсан. Энэ жил 433 хүүхэд байх жишээтэй. Үүнийг дагасан асар их зардал гарч, нэг хүүхдийн сарын сургалтын зардал 600 мянга болж байна.   - Орос цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бий юу?   - Өнөөдөр орос цэцэрлэгийг жилд 70 хүүхэд төгсөж байна. Цэцэрлэгийн хүчин чадлаа нэмэхийн тулд өргөтгөл хийх шаардлагатай болно. Эхний ээлжинд зөвшөөрлөө авч, дараа нь ямар алхам хийхээ шийднэ. “Уурхайчин 1, 2, 3” дугаар хорооллууд баригдаж эхэллээ. Бид “Уурхайчин нэг” хорооллын дунд орос сургуультай хамтарсан өдөр өнжүүлэх бүлэг хичээллүүлэх тухай ярьж, энэ хүрээнд судалгаа явуулж байна. Одоогоор орос цэцэрлэг, сургуулийнхаа лицензийг авахын тулд бичиг баримтаа боловсруулах шатанд явна. Нэлээдгүй бичиг баримт шаардагдах тул цэгцэлж, нэгтгэх ажлуудаа Хуулийн хэлтэстэй хамтран хийж байна.   - Орос хэлний төрөлжсөн сургалтаа хэвээр авч үлдэхийн тулд бид юу хийх ёстой вэ?   - Манай хэлтсийнхэн Улаанбаатар хотноо ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Плехановын академийн салбар сургуулиас  туршлага судалсан. Тэнд 1-11 дүгээр ангийг бэлтгэл бүлэгтэйгээр хичээллүүлдэг юм байна. Мөн БСШУСЯ-наас зөвшөөрөл авахдаа “Оросын стандартын дагуу сургалт явуулах зөвшөөрөл авч, төлбөртэй сургалт хэлбэрээр үйл ажиллагаагаа зохион байгуулдаг” тухай ярьсан. Сүүлийн таван жилийн судалгааны дүнгээр элсэгчдийн тоо нь өсөлттэй гарч, суралцагсдын 98 хувийг монгол хүүхдүүд эзэлж байна. Үүнээс харахад орос хэлний боловсролын эрэлт хэрэгцээ өсч байгааг харж болох юм. Тус академийн удирдлагууд монгол хэл, уран зохиол, монголын түүхийн  хичээлийн цаг бага  учир хүүхдүүд нь монгол хэлэндээ тааруу, Ерөнхий боловсролын сургууль төгсөхдөө монгол хэлний суурь шалгалтад хангалтгүй дүн үзүүлдэг, монгол хүн болж төлөвшиж чадахгүй байгаа талаар ярьсан. Орос, буриад багш нар байдгаас ийм нөхцөл үүссэнийг бидэнд хэлж, дутагдлыг маань арилгаарай гэж зөвлөсөн.    Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд социалогич байх шаардлагатай гэж үзэж, манай хэлтэст мэргэжилтэн ажиллаж байна. Мэргэжлийн хүнтэй болсноор орос сургуулийг төлбөртэй байлгах уу, монгол хэлний хичээлийн  цагийг нэмэгдүүлэх үү, багш нэмж авах ёстой юу, Эмнэлэг сувиллын цогцолборыг энэ хэвээр байлгах уу, Спорт цогцолбороо хэрхэн идэвхжүүлэх вэ зэрэг тал бүрээр судалгаа хийж ажиллана. Юун түрүүнд Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад хүртээх дэмжлэг туслалцаа, төсөл хөтөлбөрийг судалгааны үндсэн дээр шийдэх юм. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Ш.ДАВААХҮҮ: Монгол төрийн их баяр наадмыг улс, үндэстнийхээ “дархлаа” гэж ойлгодог

       Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд соёл урлаг, спортын салбарт онцгой анхаарч, хөхиүлэн дэмжсээр ирснийг тив, дэлхийд нэрээ дуурсгасан тамирчдын алдар гавьяа тодхон харуулдаг. Үндэсний их баяр наадмаар өнгөтэй наадсан Эрдэнэт үйлдвэрийн хамт олны спортын амжилт, ололтоос хуваалцахаар Спорт цогцолборыг зорилоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Спорт цогцолборын дарга, Үндэсний сурын спортын дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүүтэй ярилцсанаа хүргэе.    - Та сайхан наадав уу, баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?    - Сайхан наадлаа. Монгол төрийн их баяр наадмыг улс, үндэстнийхээ “дархлаа” гэж би хувьдаа ойлгодог. Өөрөөр хэлбэл, Монголчуудаас олон мянган жил өвлөгдөж ирсэн үнэт өв соёл юм. Энэ утгаар нь Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд төрт ёсны их баяр наадамдаа ихээхэн ач холбогдол өгч, оролцож ирсэн уламжлалтай.    Миний хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалын дагуу бөх, сур, морь гэсэн эрийн гурван наадмын төрлүүдэд амжилттай оролцож, Эрдэнэт үйлдвэрийн нэрийг өндөрт өргөх, Монгол түмнээ баясган цэнгүүлэх хариуцлагатай үүрэг даалгавар авсан. Ингээд үйлдвэрийнхээ бөхчүүд, харваачид, уяачдыг ажлаас нь чөлөөлж, бэлтгэл сургуулилтыг чамбайрууллаа.    - Эрдэнэт үйлдвэрээр овоглосон эрхий мэргэн харваачид Улсын баяраар өнгөтэй наадаж, уурхайчин хамт олноо баярлуулсан. Сурчдын амжилтын талаар онцолбол?    - Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдаас үндэсний сурын спортоор хичээллэдэг, аймаг, улсын цолтой 47 хүн бий. Тэдний 16 нь энэ жилийн улсын баяр наадамд цэц мэргэнээ сорьж, Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн экскаваторчин Э.Ганчулуун 38 оноогоор Монгол Улсын “Гарамгай мэргэн” цолны болзол хангасанд бид их баярлалаа. Мөн Баяжуулах үйлдвэрийн ажилчин, Монгол Улсын “Даяар дуурсагдах мэргэн” Л.Отгонбаяр өөрийн амжилтын түүхээ зузаатган, айргийн тавд багтсан.    Мөн Орхон аймгийн баяр наадмын сурын харваанд Ус хангамжийн цехийн ажилчин, спортын мастер С.Ганхуяг тэргүүн байр эзэлж “Аймгийн мэргэн”, Цахилгаан цехийн инженер, спортын мастер Б.Баасанжав гуравдугаар байрт шалгарч “Аймгийн гоц харваач” цол хүртсэн. Үүний зэрэгцээ өсвөр үеийнхэн маань улсын наадмаас амжилт арвин, богц дүүрэн ирснийг хэлэхэд таатай байна. Үндэсний их баяр наадмын хүүхдийн сурын харваа энэ жил дөрвөн насны ангилалд зохион байгуулагдсанаас өсвөрийн харваачид маань гурван насанд Монгол Улсын “Өсөх идэр мэргэн” цол хүртэж багш дасгалжуулагч, эцэг эх, нутгийн зон олноо баясгалаа. Эрдэнэтчүүд бүгд баярлаж, бахархаж байна.    - Уяачид маань хэр одтой наадав?    - Хурдан морины уралдаанд уяачдын морь шандастай давхиж, сайхан амжилт үзүүлсэн. Улсын баяр наадамд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн их насанд сойсон хурдан хээр морь айргийн гуравт давхиж, ард олноо баярлуулан цэнгүүллээ.    Азарга насны морьдын уралдаанд Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын орлогч дарга Л.Эрдэнэбатын эрлийз болон монгол азарга, их насанд Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхийн хурдан ажнай түрүү авч хурсан олныг баярлуулсан. Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярын хурд эрлийз дунд насанд аман хүзүүдэж, их насанд ХМТАЦ-ийн инженер, аймгийн алдарт уяач  Н.Цэрэндондовын ажнай болон Барилга засварын цехийн Ерөнхий инженер Ж.Батсуурийн соёолон, даага насанд уралдсан хурдууд айргийн тавд хурдаллаа.    - Эрийн гурван наадмын өнгийг тодорхойлдог үндэсний бөхийн барилдааны тухайд?   - Үндэсний бөхийн барилдаанд “Хангарьд” спорт клубын бөх, Монгол улсын начин Э.Энхбат маань төрийн их баяр наадамд дөрвөн удаа тав давж, Ардын хувьсгалын түүхийн хугацаанд цөөхөн гарсан амжилтын эзэн болсон.    Харин Орхон аймгийн баяр наадамд манай бөхийн галд бэлтгэл хийсэн, “Хангарьд” клубын тамирчин асан О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангасан. Тус наадмын торгон дэвжээнд “Хангарьд” клубын тамирчин, аймгийн арслан Б.Уртбаяр үзүүрлэж, Автотээврийн цехийн жолооч М.Мөрөнчулуун, Б.Хишигчулуун нар аймгийн начин цолны болзол хангасныг дуулгахад таатай байна.       - Сүүлийн асуултыг танд үлдээе. Танд нэмж хэлэх зүйл бий юу?   - Эрийн гурван наадамд бөхчүүд, сурчид, уяачид маань арвин их амжилт гаргасан нь Эрдэнэт үйлдвэр энэ оны төлөвлөгөөгөө бүрэн дүүрэн давуулан биелүүлэхийн бэлгэдэл болов уу. Энэ их амжилтыг гаргахад ажилтан, албан хаагчдаа дэмжиж, ажлаас чөлөөлж, бүхий л бололцоогоор хангаж өгсөн Эрдэнэт үйлдвэрийнхээ цех, хэсэг, нэгжийн удирдлагууд, хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж, талархсанаа илэрхийлье. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Монголын цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн баярын мэнд хүргэе

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гэрээт цагдаагийн хэлтэс нь Монгол улсын  Цагдаагийн албаны тухай хууль, бусад хуулиуд, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам болон холбогдох бусад эрх зүйн актуудыг удирдлага болгон Цагдаагийн Ерөнхий Газар, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагаас гаргасан  тушаал, шийдвэр, дүрэм, журмын хэрэгжилтийг ханган улсын онц чухал обьект “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харъяа объектуудын харуул хамгаалалт, шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг тус тус амжилттай зохион байгуулж, гаднын гэмт халдлага, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ.      2019 оны эхний хагас жилийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд 319 гэмт хэрэг бүртгэгдсэнээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа нутаг дэвсгэрт 5 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 хэргээр буюу 50 хувиар, нийт хэрэгт эзлэх хувийн жин 1.2 пунктээр тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байгаа ба үйлдвэрийн бүс, харъяа бусад объектуудад нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, олон нийтийн аюулгүй байдлыг алдагдуулсан ноцтой гэмт хэрэг, зөрчил үйлдэгдээгүй байна.    Манай хамт олон ийнхүү өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, улсын онц чухал обьектын аюулгүй байдлыг амжилттай ханган ажиллахын зэрэгцээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Орхон аймаг дахь Цагдаагийн газраас зохион байгуулж буй нийтийг хамарсан бүхий л арга хэмжээнд тогтмол амжилттай оролцож, өндөр амжилт үзүүлж байгаад бид бүхэн баяртай байна.       Тухайлбал манай хамт олны дундаас ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан ажилласан 5 алба хаагч “Цэргийн хүндэт медаль”, 1 ажилтан “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1 алба хаагч “Цагдаагийн гавьяа” хүндэт тэмдэг, 5 алба хаагч ЦЕГ-ын “Хүндэт жуух”-аар тус тус шагнагдсан ба цагдаагийн ахлагч Ш.Билгүүндалай Орхон аймгийн баяр наадамд амжилттай барилдаж үндэсний бөхийн аймгийн нэмэх начин цол, Х.Дэлгэрмаа ширээний теннисийн УАШ тэмцээнээс алтан медаль, цагдаагийн ахлах ахлагч М.Одбаяр, цагдаагийн дэд ахлагч Б.Бадам нар Цагдаагийн байгууллагын аварга шалгаруулах тэмцээнээс хөнгөн атлетик, жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртсэн амжилтаар Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойгоо угтаж байна.    Та бүхэндээ Монгол улсад цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхэн яруу алдарт 98 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, амьдралд тань аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гэрээт цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Х.Мөнхжаргал Дэлгэрэнгүй...
  • Молибдены баяжуулалтын шинэ шугам барих ажил хийгдэж байна

       Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт  бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Хамгийн том бүтээн байгуулалтын ажил нь молибдены баяжуулалтын шинэ шугам барих ажил юм. Гүйцэтгэгчээр “Эрдэнэт Лайт” компани ажиллаж барилгын суурийн ажлыг дуусгаад байна. Наймдугаар сарын нэгнээс эхлэн барилгын үндсэн багануудыг барих ажил эхэлнэ. Молибдены баяжуулалтын шинэ шугам барих ажил одоогоор 15 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ бүтээн байгуулалтын ажил он дуустал үргэлжилж ашиглалтад хүлээн авах юм.    Үүнээс гадна тус хэсэгт хосолмол секцийн завсрын бүтээгдэхүүнийг баяжуулах машины ажлын хэсгийг солих томоохон ажил хийгдэж байна. Энэ машин нь 19 жил ажилласан учир ажлын хэсгийг нь солих зайлшгүй шаардлага гарчээ. Нунтаглан баяжуулах хэсгийн нэгдүгээр  ээлжийн  завсрын бүтээгдэхүүний машины ажлын хэсгийг нь сольж байгаа учир ажлын бүтээмжид эергээр нөлөөлөх юм.      Эдгээр бүтээн байгуулалтын ажилд Эрдэнэт үйлдвэрийн Засвар, угсралтын цех, Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэг, ХМТАЦ-ийн хамт олон оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэн ажиллаж байна. “Эдгээр баг хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсье” гэж Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн дарга Т.Гэрэлт-Од мэдээллээ. А.Бямбамаа      Дэлгэрэнгүй...
  • “Артек” зуслан Олон улсын туршлагаа хуваалцана

       Олон улсын хүүхдийн төв “Артек” зуслангийн төлөөллүүд Орхон аймагт айлчилж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн үйл ажиллагаатай танилцахаар боллоо. “Найрамдлын Эрдэнэс” зусланг үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдэд зориулан 40 жилийн тэртээ барьж байгуулсан бол өдгөө хүчин чадлаараа Монгол улсын хэмжээнд хоёрт эрэмбэлэгдэх томоохон цогцолбор болоод байгаа юм.    “Артек” зуслангийн Тэргүүн дэд захирал Виктория Витальевна Королёва, ерөнхий эмч Олег Георгиевич Паррёнов нарыг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр хүлээн авч уулзан, санал бодлоо солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.         “Монголын багачууд” Төрийн бус байгууллага хоёр жилийн өмнөөс олон улсын туршлагаас хуваалцаж, хүүхдийн зусланг хөгжүүлэхэд сургалт, арга зүйн зөвлөгөө авах зорилгоор “Артек” зуслантай хамтран ажиллаж эхэлжээ. Уулзалтын үеэр “Бид Артек явна” уралдаанд шалгарсан Орхон аймгийн Орос 19 дүгээр сургуулийн авьяаслаг таван сурагчийн хэлний мэдлэг өндөр түвшинд байсныг зочид онцлоод, Монголын хүүхэд багачуудыг хүлээн авахдаа хэзээд таатай байх болно гэдгээ илэрхийллээ. Өнгөрсөн онд Монголоос 64 хүүхэд “Артек” зуслангийн хөтөлбөрт хамрагдаж, 21 хоног амарчээ. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Булган аймгийн удирдлагууд 2019 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

       Шинийн 15-ны бэлгэт сайн өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг нар 2019 онд хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Анхдагчдын өлгий Булган нутгийн нэгээхэн хэсэг болох “Эрдэнэтийн-Овоо”-ны орд газрын үүцийг задалж, газрын доорх баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулсан 40 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр хамтын ажиллагааг эрхэмлэсээр ирсэн.    2018 онд Булган аймгийн 80 жил, Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой тохиосонтой холбогдуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ түүхэндээ анх удаа нэг тэрбум төгрөгөөр Булганчуудын хөгжил дэвшил, хэтийн сайн сайханд хөрөнгө оруулалт хийсэн юм. Энэ онд хамтын ажиллагааны хүрээнд тусгагдсан 500 сая төгрөгийг Булган аймгийн удирдлагууд боловсролын салбарт болон “Аваргуудын цогцолбор”-ын бүтээн байгуулалт, сумдын нийгмийн хариуцлагын хүрээний тодорхой зорилтуудыг шийдвэрлэх, Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Чин ван Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулахаар төлөвлөж байгаагаа уламжиллаа.     Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Би анхдагчдын өлгий нутаг Булганчуудаар бахархаж явдаг. Сайхан ард түмэн, азтай хийморьтой хүмүүс. Төрийн их баяр наадмын түрүүлсэн бөх, морьдын буян хишиг, сурчдын уухай шингэсэн эдгээр сайхан өдрүүдэд Булган аймгийн Засаг даргатай 2019 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Бэлгэшээж байна. Эрдэнэт үйлдвэр, Булган аймгийн олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагаа улам өргөжих болтугай. Бидний хийж буй гэрээ, санамж бичиг Булганчуудын сайн сайхны төлөө зориулагдах ёстой. Энэ чиглэлээр хийх ажлаа төлөвлөж, хэрэгжүүлээд явж байна. Булганчууддаа ажлын өндөр амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг нийт уурхайчдынхаа нэрийн өмнөөс хүсэн ерөөе” хэмээсэн.    Мөн Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, “Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин та бүхний хөдөлмөр зүтгэлийн үр дүнд өнгөрсөн онд Булган аймагт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр бид аймгийнхаа 80 жилийн ойг зорин ирсэн 80 мянган хүний сэтгэл зүрхэнд хүрсэн бүтээн байгуулалтыг хийж чадсан. Хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт нь аймгийн төв төдийгүй Эрдэнэт хотыг тойрсон Булган аймгийн сумдын ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, өнгө төрхийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр болох болно. Өнгөрсөн жилийн хэмжээнээсээ ахисан татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд сайн сайхан бүхнийг хүсье” гэв. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • “Сайн” мэдээ

       Баялгийг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон 2019 оны долоодугаар сарын эхний арав хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн бодит гүйцэтгэлийг хэлэлцлээ. Тайлант хугацаанд уулын цул гаргалтын төлөвлөгөөг 108.3 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөг 109.9 хувиар тус тус биелүүлжээ. Хүдэр олборлолтыг 107.1 хувь, хүдэр боловсруулалт 96.6 хувь, хүдэр дэх металлын агуулга зэсээр 104.9 хувь, молибден 84.5 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Ачигдсан зэсийн баяжмалын чанар 101.1 хувь, ачигдсан молибдений баяжмалын чанар 103.1 хувьтай байна. Баялгийг бүтээгч уурхайчид баяжуулагчдадаа ажлын өндөр амжилт хүсье. А.Бямбамаа Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр гавьяатууддаа хүндэтгэл үзүүллээ

       Эрдэнэсийн их уурхай Эрдэнэт үйлдвэрийнхээ нэрийг улсын баяр наадмын босгон дээр өндөрт өргөсөн хоёр гавьяатдаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдэг хүртсэн хүндтэй эрхэм бол Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга Я.Пүрвээ юм. Ажил, амьдралынхаа 20 жилийг Эрдэнэт үйлдвэртэй холбосон тэрээр 35 жилийн хөдөлмөрөө уул уурхайн салбарт зориулж, эдүгээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т катодын зэс үйлдвэрлэх “Эрдмин” компанийн төсөл болон Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн концепци, үндсэн чиглэл боловсруулах зэрэг томоохон төслүүд дээр ажиллаж байна.    Мөн Эрдэнэт үйлдвэрийн түүхийн 36 жилийг хамтдаа бүтээлцэж, уул уурхайн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмад уурхайчин Юнгэрээгийн Цэдэнбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат уурхайчин цол тэмдэгээр энгэрээ мялаасан билээ. Ил уурхайд тоног төхөөрөмжийн засварчнаар ажлын гараагаа эхэлсэн тэрээр Инженерийн зураг төслийн төвийн хэлтсийн орлогч дарга, даргын ажил эрхэлсэн. Ажиллах хугацаандаа Эрдэнэт үйлдвэрийн цех хэсгүүдэд шинэ техник технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн процессыг боловсронгуй болгох, өөрчлөлт шинэчлэлтийн болон шинээр баригдах, өргөтгөх, үйлдвэрлэл, нийгэм соёлын олон талт чухал барилга байгууламжийн иж бүрэн төслүүдийг чанартай хийж гүйцэтгэсэн юм.    “Эрдэнэт үйлдвэрийн түүхийг бүтээлцэж, уул уурхайн салбарын инженерүүдийн нэр төрийг өндөрт өргөж яваа хоёр гавъяатаараа уурхайчин хамт олон нь бахархаж байна. Булган сүүлтэй байх болтугай” хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ үеэр хэллээ. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Мэдээ

     Монгол Улсын эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Эрдэнэт үйлдвэр  та бидний анхаарлын төвд байнга байдаг онц чухал объект. Энэ ч утгаараа тус үйлдвэрийн талаар яригддаг аливаа асуудлаар үнэн бодит мэдээлэл авахыг, гол эх сурвалжуудын тайлбарыг олон нийт цаг ямагт хүсдэг. Иймд сүүлийн үед үйл явдлын халуун цэг болж байгаа тус үйлдвэрийн талаархи мэдээллийг уншигчдадаа хүргэхээр“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)  Х.Бадамсүрэнтэй уулзаж ярилцлаа.


“БИ УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХҮН, ТӨРИЙН ХҮН”  

    - Бадамсүрэн гэдэг хувь хүн талаасаа ч, таны удирдаж буй Эрдэнэт үйлдвэр ч ялгаагүй сүүлийн хоёр сар үйл явдлын халуун цэг, дуулиан шуугиан дунд байлаа. Одоо үйлдвэрийн статус өөрчлөгдөж, Төрийн өмчит үйлдвэрийн газар болчихлоо. Хэдийгээр ийм өөрчлөлтүүд хийгдсэн ч Та энэ том айлыг үргэлжлүүлэн удирдахаар томилогдсонд баяр хүргэе ээ.
     - Баярлалаа.

     - Үнэнийг хэлэхэд, үйлдвэрийн статус өөрчлөгдөх шийдвэр гарахтай зэрэгцээд Таныг бас солигдох нь гэсэн яриа хөөрөө олон нийт төдийгүй салбарынхан дунд өрнөсөн.  Гэхдээ ийм зүйл болсонгүй.  Хамгийн гол нь, Эрдэнэт үйлдвэрийг сүүлийн хоёр жил дараалан түүхэндээ бичигдээгүй өндөр үр ашиг, үйлдвэрлэл, эдийн засгийн дээд үзүүлэлттэй удирдсан, мөн уул уурхайн салбар дахь мэдлэг, туршлагыг тань Засгийн газар, Ерөнхий сайд үнэлсэн болов уу гэж харж байна?  
    - Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн гуравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК статусын хувьд өөрчлөгдөж, ТӨҮГ боллоо. Засгийн газар намайг  үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэлээ. Энэ нь миний мэргэжил, мэдлэг, уул уурхайн салбарт ажилласан дадлага, туршлага болон Эрдэнэт үйлдвэрийг сүүлийн хоёр жил амаргүй хугацаанд удирдсан ажлын үр дүнг  харгалзаж, шийдвэр гаргасан байх.
   Ер нь үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн жигд, тасралтгүй явуулах, тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна даа. Миний хувьд тасралтгүй, байнгын ажиллагаатай энэ том үйлдвэрийг мэргэжлийн болон зохион байгуулалтын өндөр түвшинд удирдаж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам, тэрчлэн ам, ажлын нэгдлийг ханган ажиллах нь өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж, зорилгодоо хүрэх үндэс болно гэж үздэг.  Энэ нь ч өнгөрсөн жил үйлдвэр маань  40 жилийн түүхэндээ үйлдвэрлэл, эдийн засгийн хамгийн өндөр үр ашигтай ажиллах гол хөшүүрэг боллоо. Мэдээж уурхайчид хамт олны  минь  хичээл зүтгэл, бүтээлч үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Манай хамт олон 2017, 2018 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 102-152 хувиар биелүүлсэн. Хүдэр дэх зэсийн агуулга 2018 онд үйлдвэрийн 40 жилийн хугацаанд хамгийн бага буюу 0.480 хувь байхад зэсийн металл авалтыг 89.49 хувьд хүргэж, түүхэн дээд үзүүлэлт тогтоосон. Түүнчлэн 2019 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 100-113 хувиар биелүүлээд, ажиллаж байна.
     Эрдэнэт үйлдвэр нь 2016 онд 184 тэрбум, 2017 онд 580 тэрбум, 2018 онд 655 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тус тус төвлөрүүлсэн. Мөн энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 251 тэрбум төгрөг төсөвт оруулаад байна.
     Өнгөрсөн 2018 онд борлуулалтын орлого 2.0 их наяд төгрөгт хүрсэн нь 40 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Үйл ажиллагааны үр дүнтэйгээ уялдуулан ажилтнуудынхаа цалин, урамшууллын санг 2017 онд 10-20 хувиар хоёр удаа, 2018 онд 15 хүртэл хувиар нэмлээ. Цаашид бидэнд хийх ажил их бий. Ирэх тавдугаар сарын 1-нээс үйлдвэрийн хэмжээнд бүтээн байгуулалтын олон ажлууд эхэлнэ. Энэ том ажлын угтал болгож, баялаг бүтээгч уурхайчдынхаа цалинг нэмэхээр үндэслэл тооцоо, судалгаа гаргаж байна.

     - Та ингэхэд хэний хүн бэ?
     - Намайг Хоохорын Бадамсүрэн гэдэг шүү дээ. /инээв/

    - Уучлаарай, арай өөр утгаар гэх үү дээ. Албан тушаалд очиход ч юм уу, ер нь л бүх зүйлд дэмжлэггүй хүн явдаггүй болсон цаг юм биш үү?
     - Ойлгож байнаа. Таны асуултанд хариулахын тулд өөрийнхөө талаар хэдэн үг хэлэх ёстой юм болов уу. Би уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй хүн. ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг төгсөж, уул уурхайн салбартай  хувь заяагаа холбосон доо. Дараа нь ОХУ-ын Өнгөт металлургийн яамны дэргэдэх Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтын Удирдлагын дээд курсыг дүүргэсэн. Мөн АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотын эдийн засгийн дээд сургуульд англи хэл, эдийн засаг, удирдлагын чиглэлээр, АНУ-ын Денвер хотын “The bridge International” сургуульд бизнесийн англи хэлний чиглэлээр тус тус  мэргэжил дээшлүүлсэн. 1999  онд   ОХУ-ын   Москва  хотын  Уул  уурхайн  их  сургуульд  Техникийн  ухааны  докторын  /Ph.D/, 2004 онд мөн сургуульд Техникийн  шинжлэх  ухааны  докторын /Sc.D/ зэрэг хамгаалсан.
     Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, уул уурхайн салбарт тасралтгүй 32 жил, түүний дотор төрийн яаманд 12 жил, УИХ-ын гишүүнээр сонгогдон дөрвөн жил ажиллалаа. Уул уурхайн үйлдвэрлэлд 15 дахь жилдээ ажиллаж байна даа. Ингээд бодохоор би төрийн бодлогоор бэлтгэгдсэн уул уурхайн салбарын хүн, төрийн хүн.

     - Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлаар Эрдэнэт үйлдвэрийн асуудал ороод удаагүй байна. Ямар асуудал хөндөгдсөн бэ? Та олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх үү?
     - Монгол Улсын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн дүрмийг баталж, Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлаар зохион байгуулалтын бүтэц, 2019 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг баталж өглөө.  Эрдэнэт үйлдвэр маань алсын хараа, эрхэм зорилго, ирээдүйн хөгжлийн үндсэн чиглэлээ хэрэгжүүлэхэд ажлын уялдаа холбоо нь хангагдсан, оновчтой, боломжийн зохион байгуулалт бүхий шинэ бүтэцтэй боллоо. Батлагдсан бүтцийн дагуу зохион байгуулалтын ажлууд хийгдэж дууслаа. Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг өнгөрсөн оныхоос бууруулалгүй, хүрсэн түвшингээ хадгалахаар батлуулаад  ажиллаж байна.  

     - Яг энэ асуудалтай холбогдоод олны анхаарлыг татсан олон асуулт хөврөх шинжтэй. Бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдлөө. Ер нь халаа сэлгээ хэр хийгдэх вэ. Ингэхэд улс төрийнхний зүгээс шахалт, дарамт ирж байна уу?
     - Зөвхөн томилгоо гэлтгүй, үйлдвэрийн үйл ажиллагаатай холбогдуулан энд тэндээс дарамт шахалт үзүүлдэг асуудал байхгүй дээ. Энэ удаагийн томилгоонд харин ч  улс төрийн болон төр засгийн шахалт байгаагүй ээ. Удирдах ажилтныг томилохдоо мэргэжил, мэргэшсэн байдал, тухайн хамт олон дундаа хүлээн зөвшөөрөгдөх, ёс зүйтэй байх, ажилдаа хандах хандлага, хариуцлага зэргийг гол шалгуур болгосон.  Ер нь бол мерит зарчим баримталсан. Тэгээд ч уул уурхайн үйлдвэрийн онцлог гэж бий. Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтан, ажилчдын нас харьцангуй залуужиж байна. Нийт ажилтны 65 орчим хувь нь 40 хүртэл насныхан байх жишээтэй. Баг, хамт олны хувьд хүнээ сургах, дадлагажуулах, залгамж халаагаа бэлдэхэд бодлоготой ажиллах ёстой. Баг болж ажиллах, баг бүрдүүлэх гэдгийг би өргөн утгаар нь хардаг. Энэ үйлдвэрт ажиллаж байгаа 6500 гаруй ажилтан, ажилчид бүгд л миний багийнхан. Тиймээс батлагдсан бүтцийн хүрээнд боловсон хүчний дотоод нөөц бололцоогоо ашиглан мэргэжлийн, дадлага туршлагатай, ажлаа мэддэг, зөв хүмүүсийг бүх шатанд томилсон гэж ойлгож байгаа. Залуучуудад нэг талаас карьер өсөх боломж олгож, нөгөө талаас ачаа, хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь, цаашид бид улам эрч хүчтэй, үр бүтээлтэй, хүнд сурталгүй, цэгц шударга ажиллах нь чухал. Эрдэнэт үйлдвэрт Монголчууд хайртай. Энэ үйлдвэртэй ажил амьдралаа холбоно гэдэг хүн бүхэнд тохиогоод байх хувь заяа биш учраас уурхайчид, хамт олон маань энэ сайхан үйлдвэрээ нүдний цөцгий мэт хайрлаж эрхэмлэдэг байгаасай. Бүхий л талаараа үүрэг хариуцлагаа өндөрт ухамсарлаж, хичээж ажиллаасай гэж боддог.

    - Эрдэнэт үйлдвэрийг хамтарсан үйлдвэр байхад Орос мэргэжилтнүүд олноороо байсан. Эдүгээ 100 хувь үндэсний үйлдвэр боллоо. Орос мэргэжилтнүүд  таны баг хамт олон дунд одоо бий юу?
    - Уул уурхайн энэ том үйлдвэрийг барьж байгуулах, өдий зэрэгт хүргэхэд яах аргагүй ЗХУ-ын Засгийн газар, оросын ард түмний дэмжлэг туслалцаа их байсан. Тэр ч утгаараа өнөөг хүртэл Орос мэргэжилтнүүд маань ажиллаж байгаа. 300 орчим хүн бий.  Үйлдвэрийн дэргэд орос цэцэрлэг, сургууль, эмнэлэг ажиллаж байна. Бид аль ч цаг үед орос ах нар, анд нөхдөө мартах учиргүй.

     - Эрдэнэт үйлдвэрийг ТӨҮГ болгосноор шахааны бизнес цэцэглэнэ гэх яриа байна. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?
    
- ТӨҮГ болсноор шахааны бизнес цэцэглэнэ гэсэн хардлага, яриа хөөрөө байх шиг байна. Худалдан авалт, хангамжтай холбоотой мэдээлэл уг нь ил тод байгаа шүү дээ. 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 130 гаруй гэрээ байгуулагдаж, 93 орчим сая ам.долларын үнийн дүн бүхий худалдан авалт хийгээд байна. Эдгээр ажлууд бүгд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу зохион байгуулагдаж байгаа. Худалдан авалтын үйл ажиллагаа буюу тендер шалгаруулалт хуулийн хүрээнд олон нийтэд нээлттэй.  Бүх тендерийн урилгыг өдөр тутмын сонин хэвлэлд нийтлэхийн зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийн www.erdenetmc.mn  цахим хуудсанд байршуулдаг тул сонирхсон хүнд  оролцох боломж бий.  Ер нь төрд шилжихээр муу болчихно гэж юу байхав, төр муу менежер гэдэгтээ би санал нийлдэггүй хүн. Үүнийг үйл ажиллагаагаараа харуулна.
 

АРБИТРЫН ШИЙДВЭР ҮЙЛДВЭРТ ХАТУУ ТУСЧ БАЙСАН

     - Тантай уулзчихаад Стандарт банкны асуудлыг хөндөхгүй байж болохгүй байх аа. Үйлдвэр удирдаж байгаа цаг хугацаанд тань хамгийн хүнд асуудал Стандарт банктай холбоотой өр төлбөр мэдээж байсан биз ээ. Элдэв хардлага, сэрдлэг дунд яваа ч гэлээ тус банкны өр төлбөрийн ард гарчихлаа?
    - Эрдэнэт үйлдвэртэй холбоотой нэлээд дуулиан шуугиан тарьсан асуудал бол яах аргагүй Стандарт банкны хэрэг байлаа. Намайг энд томилогдож ирэх үед л толгойны өвчин болсон амаргүй, маш ярвигтай асуудал байсан даа. Олон улсын Арбитрийн шүүхээс гаргасан шийдвэр нь үйлдвэрт үнэхээр хатуу тусч байв. Английн хууль тогтоомж чанга юм. Энэ төлбөр тооцоог хийхгүй бол үйлдвэрийн мөнгөн урсгалыг царцаах, үндсэн хөрөнгийг битүүмжлэх, үйлдвэрийн удирдлагын үйл ажиллагааг хязгаарлах, хорих цагдах гээд эрсдэл дагуулсан олон асуудал үүсэх байлаа. Стандарт  банкны зүгээс өр төлбөрийг гуравдагч этгээдэд зарах асуудлыг хүртэл хөндөж байсан юм билээ.  Ийм нөхцөл байдал үүсвэл Эрдэнэт үйлдвэрт маш их аюул, эрсдэл нүүрлэх байсан. Үйлдвэртэй харилцдаг компаниудад “Бидний болон тэдгээр компанийн үйл ажиллагааг хязгаарлах, царцаах тухай Английн Арбитрийн шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн бичиг хүргэгдсэн” байдаг. Энэ бол аюулын дохио байлаа. Тиймээс хурдан, яаралтай арга хэмжээ авахаас өөр арга зам байгаагүй.
     Хамгийн гол нь үйлдвэртээ хор хохирол багатайгаар, улс орныхоо нэр хүндэд сөрөг үр дагавар гаргахгүйгээр шийдвэрлэхийн төлөө л дээр дооргүй ажилласан. Юуны түрүүнд хоног тутам өсөн нэмэгдэж байгаа хүүг зогсоох, Олон улсын Арбитрийн шүүхээр шийдэгдсэн мөнгөн дүнг багасгах асуудлаар олон сар хөөцөлдөж  явсны эцэст бид хүү торгууль, алданги нийлээд 115 сая орчим ам.долларын төлбөр яригдаж байсныг бараг гурав дахин бууруулж, 40 сая ам.доллар төлөөд өр төлбөр, хүү торгуулийг бүрэн хаалаа.  Эрдэнэт үйлдвэр гадаад талдаа өр төлбөргүй болж,  бид нэр төрөө цэвэрлэж чадсан.  Хамгийн гол нь бид энэ өр төлбөрийг төлөөгүй бол ямар эрсдэл үүсэх байсан бэ гэдгийг манай ард түмэн ойлгоно байх аа. Эрсдэл Монголын төрд ч,  Эрдэнэт үйлдвэрт  ч байсан. Түүнээс л бид улс орноо, үйлдвэрээ хамгаалсан хэрэг.  

     - Ингэхэд “Ocean Partners” гэж ямар учиртай компани юм бэ? Яг 40 сая ам.доллар төлсөн үү, эсвэл зэсийн баяжмалаар төлбөр хийчив үү гээд элдэв хардлагаар чамгүй нүдүүллээ. Та бүхний зүгээс дор нь хариу тайлбар өгөөгүй. Учиртай л байсан биз?
     - Энэ асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй байв. Стандарт банкинд 40 сая ам.доллар төлөгдмөгц  тухайн банкны зүгээс шууд хариу өгөх боломж байдаггүй юм билээ. Ямар ч гадаад төлбөр тооцоонд тодорхой хугацаа шаарддаг. Их нарийн, олон шат дамжлагатай юм. Энэ зарчмаар л процесс өрнөсөн.
     Эрдэнэт үйлдвэрийн тухайд 10 гаруй трейдер компанитай харилцдаг. Тэдний нэг “Оcean Partners” нь дэлхийн зах зээл дээр  ашигт малтмалын гаралтай бүтээгдэхүүний  худалдаанд дээгүүрт эрэмбэлэгддэг томоохон трэйдэр компани юм. Эрдэнэт үйлдвэртэй  олон жил хамтран ажилласан түүхтэй. Ер нь үйлдвэрийн үйл ажиллагаа тогтвортой байх нь  трейдэр компаниудад ч хэрэгтэй тэр л зарчмаар ажилласан. “Оcean Partners” зуучлал үзүүлсэндээ ямарваа нэг хөлс, шан харамж огт аваагүй ээ.

     - Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангийн талаар та тодорхой мэдээлэл өгөх үү.  Энэ сангаас  Ш.Батхүү гэдэг хүний өрийг төлснөөр үйлдвэрийн цаашдын үйл ажиллагаанд хүндрэл учрахгүй байгаа?
     - Эрдэнэт үйлдвэр Стандарт банктай холбоотой хэрэг маргааны улмаас төлж болзошгүй өр төлбөрийн нөөц санг 2016 онд анх байгуулсан. Ингэхдээ KPMG олон улсын аудитын байгууллагын зөвлөмжийг баримталсан. Мөн 2017 онд  нөөц санг нэмэгдүүлсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу хоног тутамд хүүгийн зардал нэмэгдэж байсан тул нөөц сангийн тооцооллыг 2018 оны эцэст дахин шинэчилсэн. Ийнхүү “Болзошгүй өр төлбөрийн нөөц” буюу эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар төллөө. Ийм сан байгуулж компанийн зардал, хүлээх хариуцлагыг зохих хугацаанд нь  хамааруулан бүртгэж байсан нь том дүн бүхий алдагдал нэг дор хүлээх эрсдэлийг бууруулсан юм. Өөрөөр хэлбэл, татварын дараахь хуримтлагдсан ашгаас нөөц сан байгуулсан тул энэ сангаас төлсөн төлбөр Эрдэнэт үйлдвэрээс төсөвт төлөх татварын хэмжээг бууруулаагүй болно. Энэ төлбөр Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл учруулахгүй. Үйлдвэр маань одоо ч, цаашдаа ч  хэвийн ажиллана.

     - Эрсдэлийн сангаас өр төлбөрийг барагдуулчихдаг юм байж. Эргээд Ш.Батхүү нарын хүмүүсээс мөнгөө яаж олж авах вэ? Улсын мөнгөөр хувийн бизнесмэний өрийг дарчихлаа гэсэн шүүмжлэл маш их байна.
     - Стандарт банкинд төлсөн мөнгөө буруутай этгээдүүдээс олж авахын төлөө үйлдвэр ажиллаж байна, ажиллах ч болно. Төр өмч хөрөнгөө хамгаалах ёстой. Өмнө нь  Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь төрийн өмч байсан бол одоо  100 хувь төрийнх боллоо. Тэр тусмаа өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг илүү сайжруулж, хариуцлагажуулах учиртай. Ш.Батхүү нарын Эрдэнэт үйлдвэрт учруулсан хохирол, тус үйлдвэрээс гаргасан зардлыг бодитоор тооцож, нэхэмжлэх ажлуудыг хийж байна. Гэм буруутай этгээдүүдийн  эд хөрөнгийг судлан тогтоох, битүүмжлэх,  Эрдэнэт үйлдвэрийг хохирол, зардлаа олж авахад хууль хяналтын байгууллагууд тусална  гэдэгт найдаж байна. Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ч өмчөө хамгаалж, дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа.

     - Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэж Монголчууд ярьдаг даа. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шүүхийн маргаантай өөр асуудлууд ч бий гэлцдэг.  Одоо байдал яг ямар байна вэ.  Энэ талаар илүү тодорхой мэдээлэл  өгөх үү?  
     - Намайг ажил хүлээж авах үед Эрдэнэт үйлдвэртэй холбоотой Арбитрын хэд хэдэн хэрэг маргаан үүссэн байсан. Эдгээр асуудлыг үндсэндээ шийдвэрлэж дууслаа.
     Тухайлбал, MRI trading AG компанитай 2005, 2009 онд тус тус байгуулсан зэсийн баяжмал нийлүүлэх гэрээний үүргээ Эрдэнэт үйлдвэр биелүүлээгүй гэсэн үндэслэлээр манайхыг 2008 онд Лондоны олон улсын Арбитрын шүүхэд өгсөн нь айлын талд шийдвэрлэгдсэн.  Энэ бол 8.34 сая ам.долларын нэхэмжлэлтэй хэрэг л дээ. Английн шүүх энэ мөнгийг гаргуулахын тулд Эрдэнэт үйлдвэрийн гадаад дахь хөрөнгө дансыг битүүмжлэх захирамж гаргасан. Түүгээр ч зогсохгүй трейдер компаниудаас Эрдэнэт үйлдвэрт төлөх байсан 22.7 сая ам долларыг гадаадын банкууд дээр 2017 оны нэгдүгээр сард шууд царцаасан. Ингэж үйлдвэрийн үйл ажиллагаанд хохирол учруулах аюул нүүрлэсэн тул манай зүгээс яаралтай арга хэмжээ авч, хэлцэл хийж, өр төлбөрийг 590 мянган ам доллараар бууруулан, 7.75 сая ам.доллар төлж уг хэргийг хаасан.
     Яг үүнтэй адил нөхцөл байдал Стандарт банкин дээр үүссэн л дээ. Бидэнд өмнө нь том сургамж байсан, хэрвээ төлөхгүй бол дээрх байдал давтагдах байсан учраас л бид яаравчилсан хэрэг.
     Мөн л 20 гаран жил яригдсан “Балхашмыс” компаниас авах 20 сая ам.долларын өрийн асуудал байв. Хэлцэл хийж, хуваарь гаргаж шаргуу хөөцөлдсөний үр дүнд холбогдох компаниас мөнгөө бүрэн авч дууслаа.  Бид энэ 20 сая ам.долларыг  эргээд улс эх оронд, үйлдвэрт үр ашгаа өгөх ажил, төсөл, тодорхой бүтээн байгуулалтад зарцуулна. “Балхашмыс” компанитай холбоотой олон жил хуримтлагдсан өрийн асуудлыг шийдэхэд Гадаад харилцааны яам зохих дэмжлэг, туслалцаа үзүүлсэн гэдгийг зориуд тэмдэглэж хэлье.
     Ер нь бол олон арван жил яригдсан, олны хараа сонорт хүрсэн, ялангуяа мөнгөтэй холбоотой асуудлыг нэг тийш нь болгоход ярих ч зүйл байна. Хэлэхгүй азнах ч цаг үе гэж байна. Гэрээ хэлцлээр хүлээсэн үүрэг ч гэж байдаг.  Яриа хөөрөөг үр дүнтэй болгохын тулд зарим үед ам хэлээ хамхих ч шаардлага гарч байсан. Ийм л нөхцөл байдлын улмаас  Эрдэнэт үйлдвэртэй холбоо бүхий шүүхийн маргаантай, олон жил ужгирч сунжирсан, арбитрийн нэхэмжлэлтэй хэргүүдийн талаар товч хариултыг хэвлэл мэдээллийнхэнд өгч байв.  Зарим үед хариулахгүй ч байсан тохиолдол бий. Улс орны эрх ашиг, Эрдэнэт үйлдвэр шиг том компанид бизнесийн нууц гэж байдгийг манай хэвлэл мэдээллиийнхэн ойлгож байсан байх аа.  Харин одоо гадаад талдаа өр авлагын асуудлуудыг Эрдэнэт үйлдвэр бүрэн  цэгцэлж дууслаа. Авлага ч үгүй, өр ч үгүй боллоо. Тиймээс цаг нь болсон гэж үзэн, таны асуултанд  тодорхой тоо баримттай, илэн далангүй ярьлаа.
 

ҮЙЛДВЭРИЙН НАСЖИЛТЫГ 20 ЖИЛЭЭР УРТАСГАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛЛЭЭ

     - Хэл ам, хар сэр дагуулсан асуудлуудад тодорхой тайлбар өгсөнд баярлалаа. Одоо харин ярилцлагаа Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй рүү чиглүүлье. Ойрын болон хэтийн зорилго, зорилтууд, ямар бодлого чиглэл баримталж ажиллаж байна вэ?
     - Стратегийн ач холбогдолтой энэ том үйлдвэрийг удирдаж байгаа хүний хувьд бодлогын асуудлаа ард түмэнтэйгээ хуваалцах ёстой байх аа. Аливаа асуудлаар хаа хаанаа үнэн зөв мэдээлэлтэй, цэгцтэй ойлголттой байх явдал чухал. Тэгж байж л улс орны эдийн засагт чухал нөлөөтэй  үйлдвэрийн талаар Mонголчууд маань үнэн зөв ойлголттой, нэгдсэн байр суурьтай  болно. Эрдэнэт үйлдвэртэй амьдрал, хувь заягаа холбосон ажилтан,  ажилчид маань ирээдүйдээ итгэлтэй байх болно гэж бодож байна.  
     Уурхайчид бид үйлдвэрийнхээ өнөөгийн үйл ажиллагааг сайн явуулахын зэрэгцээ алс ирээдүйдээ онцгой анхаарах шаардлага байгаа. Тиймээс ч үйлдвэрээ хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийг гаргасан. Энэ үндсэн чиглэлээ тав, таван жилээр төлөвлөлөө. Томоохон 5-6 төсөл хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл нь бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, эцсийн дүндээ үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэх юм. Энэ ажлуудаа бизнес төлөвлөгөөнд нарийвчлан тусгаад хэрэгжүүлээд эхэлсэн.
     2019 он бол төслүүдээ эхлүүлэх,  хийж хэрэгжүүлэх онцгой жил. Нийтдээ 410 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд энэ жил хийгдэнэ.  Тавдугаар сарын 1-нээс Эрдэнэт үйлдвэр бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэх гэж байна. Ингэхдээ Орхон аймгийн удирдлагуудтай ярилцаж, орон нутагт нэг зэрэг эдгээр ажлын нээлтээ хийхээр тохирсон. Монгол орон маань эргэх дөрвөн цагийн улиралтай, эрс тэс уур амьсгалтай. Жилийн бараг талаас илүү нь хүйтэн сэрүүний улирал байдаг. Тиймээс үйлдвэрийн хэмжээнд хийгдэх их засвар, өргөтгөл шинэчлэл, томоохон төслүүдээ урин дулааны улиралдаа багтаан хийж амжуулах, ахиулах зорилгоор бэлтгэлээ хангаж байна. Ингэснээр бид арваннэгдүгээр сар хүртэлхи урин дулааны богинохон цаг хугацаанд амжиж үр ашигтай ажиллах, зарим төлөвлөгөөт ажлаа дуусгах боломж бүрдэнэ.

  

     - Хоногийн 24 цаг тасралтгүй ажилладаг үйлдвэрийн хувьд техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа чухал үүрэгтэй болов уу. Ер нь тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чадав уу?
     - Үйлдвэр маань 41 дэх жилдээ ажиллаж байна. Анх байгуулагдахад нь хамгийн шилдэг, тэргүүний техник, технологи ашигласан байдаг. Техник, тоног төхөөрөмжүүд цагийн уртад элэгдэж, насжилт өндөр болжээ. Хоёр жилийн өмнө намайг ажлаа хүлээн авахад үйлдвэрийн хэмжээнд ашиглаж байгаа нийт техник, тоног төхөөрөмжийн 60-80 хувийг шинэчлэх шаардлагатай болсон нь тулгамдсан асуудлын нэг байлаа. Бид нарийвчилсан дүн шинжилгээ хийж, шинэчлэн сайжруулах, солих ажлыг бодлоготой, үе шаттайгаар хийж байна.
     Өнгөрсөн 2017-2018 онд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд 151 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөс хийж, цех нэгжүүдийнхээ тоног төхөөрөмжийн 10-20 хувийг шинэчиллээ. Үүний үр дүнд техник, тоног төхөөрөмжийн насжилт багасаж, тэр хэрээр үйлдвэрийн найдвартай ажиллагаа дээшилсэн. Цаашид энэ ажил төлөвлөгөөний дагуу, үе шаттайгаар үргэлжилнэ.

     - Үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар дурдлаа. Тухайлбал, ямар чиглэлээр төслүүд хэрэгжүүлэх вэ?
     - Хэрэгжүүлэх төслүүд ихэвчлэн бүтээмжийг дээшлүүлэх, зардал бууруулахад чиглэнэ. Эрдэнэт үйлдвэрийг илүү үр ашигтай ажиллуулахын тулд үндсэн чиглэлийнхээ хүрээнд хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу тодорхой ажлуудыг эхлүүлээд байна.
     Нэгдүгээрт, Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл. Уул уурхайн үйлдвэрлэлийн оршин тогтнохын үндэс нь нөөц баялаг юм.  Манай геологчид 2017-2018 онд геологи хайгуулын ажлыг эрчимтэй хийлээ. Хүдрийн нөөц нэмэгдүүлэх өрөмдлөг үргэлжилж байна. Геологи хайгуулын ажил нь “Эрдэнэтийн-Овоо” ордын хүрээ хязгаарт төдийгүй түүнийг тойрсон 60 км-ийн радиуст явагдаж, сансрын зураглал, агаарын, геофизикийн олон төрлийн судалгаанаас гадна геохими болон геологийн тандан судалгааны ажлуудыг өргөн цар хүрээтэй хийж  байна.
    Ингэснээр уурхай цаашид тогтвортой ажиллах, нөөц баялгийг бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдэх учиртай. Бид геологи хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг 2016 онтой харьцуулахад 2017 онд хоёр дахин, 2018 онд 3.2 дахин нэмэгдүүлж, 67 мянган тууш метр өрөмдлөгийн ажил хийсний үр дүнд “Эрдэнэтийн Овоо” ордын ашиглалтын хугацааг 20 орчим жилээр нэмэгдүүлж, үйлдвэр маань наанадаж  60 жил ажиллах боломж бүрдэж байна.
     Хоёрдугаарт, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл. Энэ төслийг хэрэгжүүлснээр автотээврийн зай хоёр дахин багасгана. Хүдэр олборлох  өртгийг 20 хүртэл хувиар бууруулж, жилд 20 орчим сая ам.долларын хэмнэлт гарна.
    Гуравдугаарт,  Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл.  Энэ төсөл хэрэгжсэнээр хүдэр бэлтгэх, хөвүүлэн баяжуулах хэсгийн олон тооны бага хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжүүдийг өндөр хүчин чадалтай орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр сольж,  сүүлийн үеийн технологийг нэвтрүүлнэ. Ингэснээр хүдэр боловсруулах өртөг зардлыг 10 хүртэл хувиар бууруулахаар тооцож байна.  
     Дөрөвдүгээрт, Засвар механикийн заводыг өргөтгөн шинэчлэх төсөл. Энэ төслийн хүрээнд уг заводыг импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр өргөтгөж, цар хүрээг нь тэлж ажиллуулна. Ер нь бид Засвар механикийн заводыг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд төдийгүй  Монгол Улсын Засвар механикийн завод болгох хэмжээнд өргөжүүлэхээр зорьж, шинэчлэх ажлыг хийнэ. Уул уурхай, эрчим хүч, барилга зэрэг аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуй салбарын хэрэглэгчдэд зориулсан  бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө байна.   
     Тавдугаарт, Уусган баяжуулах технологиор катодын зэс үйлдвэрлэх төсөл. Эрдэнэт үйлдвэр исэлдсэн болон ядуу агуулгатай хүдрийг тусад нь овоолго үүсгэн хадгалдаг. Мөн цаашид ч ийм хүдэр гарна. Баяжуулах үйлдвэрт уламжлалт технологиор боловсруулдаггүй хүдрийг ашиглан уусган баяжуулах аргаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн катодын зэс үйлдвэрлэх үндэслэл тооцоо хийгдэж байна. Хамгийн сүүлийн үеийн, байгаль орчинд халгүй технологи ашиглахаар төлөвлөж байна. Энэ бол нөөц баялгаа иж бүрэн ашиглах чиглэлээр хийгдэх ажил. Үнэлэмж өндөртэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг эрж хайж, судалж байна.
     Зургаадугаарт, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл.  Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг хайлуулан боловсруулж, катодын зэс гаргах үйлдвэрийн төслийг салбарын яамны Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан.  Иймээс зэсийн баяжмалыг хайлуулан боловсруулж, катодын зэс гаргах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлдээ тусгасан. Уг төслийг хэрэгжүүлснээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. Энэ төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгаа үндсэн асуудал нь дагалдан гарах хүхрийн хүчлийн асуудал. Зарчмын хувьд бол элемент хүхэр, фосфорын бордоо, гипс үйлдвэрлэх замаар шийдвэрлэх боломжит хувилбарууд бий. Эдгээрээс хамгийн үр ашигтай байх, хэрэгжүүлж болох хувилбарын сонголтын талаар судалгаа, тооцооны ажил хийгдэж байна.
     Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр 1000 гаруй ажлын байр шинээр бий болох боломжтой юм.

     - Эрдэнэт үйлдвэрийн хүдэр олборлолт, боловсруулалтын хэмжээ өсч байна уу? Тулгамдаж буй асуудал бий юу?
   - “Эрдэнэтийн-Овоо” ордыг үндсэндээ 40 гаруй  жил ашиглачихлаа. Уурхай маань жилээс жилд гүнзгийрч, уул-геологийн нөхцөл хүндэрч байна. Хүдрийн агуулга буурч, хатуулаг нь нэмэгдэж байна. Мөн хүдрийн хаягдал, бохирдол өсөх хандлагатай байгаа. Энэ нь өртөг зардлыг нэмэгдүүлэх хүчин зүйлс болж байна. Эдгээр тулгамдсан асуудлыг бид техник технологийнхоо шинэчлэлтээр шийднэ. Нэгэнтээ боловсруулах хүдрийн агуулга буурч байгаа нь баяжуулах фабрикийн үзүүлэлтүүдэд  сөргөөр нөлөөлнө. Иймээс баяжуулах фабрикийн техник технологийг шинэчлэх шаардлага ажил амьдралаас урган гарч байна. Магадгүй хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага ч гарах байх.

     - Эрдэнэт үйлдвэр хэр үр ашигтай ажиллах нь дэлхийн зах зээл дээрх зэсийн үнээс хамааралтай байдаг. Энэхүү гадаад зах зээлийн орчин та бүхний ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?
      - Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тогтворгүй байна. Тухайлбал, бид 2019 онд улсын төсөвт тусгагдсаны дагуу нэг тонн зэсийн үнийг 6272 ам.доллар байхаар төлөвлөсөн. Энэ оны нэгдүгээр улирлын дунджаар дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ бидний төлөвлөсөн хэмжээнээс 50 гаруй ам.доллароор доогуур байлаа.  Энэ нь өртөг зардлаа хямгадаж ажиллах, арвилан хэмнэлтийн бодлогыг тууштай явуулах зайлшгүй шаардлагатайг сануулж байна. Тэр ч утгаараа бид үйлдвэрлэл, эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлж байна. Энэхүү шинэчлэлийг хийхдээ уламжлал-шинэчлэлийн зарчим  баримталж, цех, нэгж бүрийн онцлогт тохируулна.
     Шинэчлэлт өөрчлөлт хийснээр цех, нэгжийн бие даасан байдал дээшилнэ. Мэдээж ажлын уялдаа холбоо сайжирна. Өртөг, зардал буурна гэж тооцож байна. Эрдэнэт үйлдвэр 24 цагийн турш нэг минут ч зогсох ёсгүй, тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэр. Тиймээс ч бидний хийж байгаа өргөтгөл шинэчлэл, шинэ төслүүдийн ажил үйлдвэрлэлийн ажлыг зогсоохгүйгээр, хэвийн ажиллагааг алдагдуулахгүйгээр хийгдэх ёстой. Үүний тулд бид аюулгүй ажиллагааг хангаж, хөдөлмөр хамгааллын асуудалд онцгой анхаарах учиртай. Ер нь ажилтан бүр сахилга, дэг журмыг өндөр хэмжээнд баримталж, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, бүх түвшинд хариуцлагыг өндөржүүлэх, санаа зорилго нэг байх, ёс зүйтэй байх гээд олон асуудал бий. Энэ бүхнийг бүтээлчээр эрчимтэй, зөв зүйтэй хэрэгжүүлж чадсанаар бид өмнөө тавьсан зорилго, зорилтуудаа хэрэгжүүлж, том сорилтуудыг даван туулах болно.

      - Эрдэнэт үйлдвэрийн амжилт, ололт, бэрхшээлийн талаар та бид хоёр дэлгэрэнгүй ярилцлаа. Энэ том үйлдвэрийн цаашдын хувь заяаг авч явахад та ямар зарчим баримтлах вэ?
     - Үйлдвэрийн үйл ажиллагаа нэг минут, секунд ч зогсох, тасрах учиргүй. Тиймээс энэ тасралтгүй үйл ажиллагааг  мэргэжлийн өндөр түвшинд удирдаж, аливаа асуудалд  инженерийн ухаанаар хандаж, оновчтой шийдэл гарган ажиллах нь  юу юунаас чухал. Цаашид техник, технологи, байгаль орчин, мөнгө санхүүгийн болон боловсон хүчин, хүний нөөцийн талаар баримтлах тогтвортой хөгжлийн цогц бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлнэ. Эдгээр бодлогууд нь хоорондоо харилцан уялдаатай, нэгнээ дэмжсэн байдлаар хэрэгжих юм. Бид  эдгээр бодлогоо гарын таван хурууны бодлого гэж байгаа. Манай хамт олон 2018 онд гаргасан ололт амжилтдаа тулгуурлан 2019 оны ажлаа дажгүй сайн эхэлж, оны эхнээс техник, технологи, үйлдвэрлэлийн болон эдийн засгийн бүх үзүүлэлтийг 100-гаас дээш хувиар биелүүлэн ажиллаж байна.
     Уурхайчид бид хичээж ажилласнаар өнгөрсөн 2018 онд түүхэн дээд амжилтууд тогтоосон. Энэ амжилтаа бататгах амаргүй. Гэхдээ Монголчуудын ярьдгаар эзэн хичээвэл заяа түших биз ээ.
     Үйлдвэр, хамт олны маань ирээдүй тодорхой, гэрэлтэй, өөдрөг сайхан байгааг онцолмоор байна. Манай уурхайчид дөчин жилийн түүхтэй, жаран жилийн ирээдүйтэй үйлдвэрийнхээ хөгжил дэвшлийн төлөө итгэл төгс ажиллаж, зүтгэж байна даа.

     - Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. 

Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй “Хөрөнгө оруулалт-2019” бүтээн байгуулалтын ажил ирэх тавдугаар сарын 1-нд эхэлнэ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын цөм нь уурхайчдын нийгмийн хөгжилд зориулагдаж байна. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяраас тодруулж, ярилцлаа.

     -Эрдэнэт үйлдвэрийн энэ оны бүтээн байгуулалтын ажил орон сууцны шинэ хороолол барихаас эхэлж байна. Энэ таатай мэдээгээр ярилцлагаа эхэлье?  
     -Бид 2019 онд хөрөнгө оруулалтын томоохон ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, өмнө нь баригдахаар шийдэгдсэн ч төсөв хөрөнгө байхгүй гэсэн шалтгаанаар зогсоод байсан “Москва 300” орон сууцны хорооллын төслийг эхлүүлнэ. Ирэх тавдугаар сарын 1-нд шав тавихаар бэлдэж байна. 300 айлын орон сууцны энэ хороолол нь бидний  цаашид бий болгохоор зорьж буй уурхайчдын  цогцолбор  хотхоны эхлэл болно гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, “Эко 400”, “Залуус 600” төслүүд үргэлжлэн хэрэгжиж, нийт 1000 айлын орон сууц баригдах юм. Эхний ээлжийн зургаан блок бүхий 300 айлын орон сууцны хороолол нь Монгол улсад жишиг болохуйц орчин үеийн технологийн шийдэл, таатай орчны цогц бүрдэл байхаар зорилт тавьж байна. “Эко 400” хороолол  өмнө төлөвлөж байсны дагуу амины тохилог сууц хэлбэрээр баригдах бол “Залуус 600” орон сууц нь залуучуудад зориулсан, нэгээс хоёр өрөө бүхий, дэд бүтэц, гадна талбайн иж бүрэн тохижилттой орчин үеийн барилга байх юм.   

     -Орон сууцны хороолол хэзээ ашиглалтад орох вэ?
     -Би түрүүн товчхон дурдсан. Өмнө нь тус тусдаа баригдахаар төлөвлөж байсан “Москва 300”, “Эко 400”, “Залуус 600” төслүүдээ багцлаад уурхайчдын цогцолбор хороолол гэж нэрлэхээр ярилцаж байна. Эцсийн байдлаар нэршлээ хараахан шийдээгүй байгаа. Гэхдээ дэд бүтэц болон өнгө загварын хамгийн шинэлэг шийдэлтэй, иж бүрэн хороолол барина гэдгийг дахин онцлон хэлье.  “Москва 300” төслийн орон сууцыг ирэх оны тавдугаар сарын 20 гэхэд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эхний байдлаар бид 2020 онд 150 айлын орон сууц, 2021 онд үлдсэн 150 айлын орон сууцыг барьж дуусгахаар төлөвлөж байсан ч манай ажиллагсдаас байр хүссэн олон хүсэлт ирж байгаа учраас гүйцэтгэгч компанитай хэлцэл хийж, ирэх онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан.

     -Барилгын гүйцэтгэгчээр ямар компани ажиллах вэ?    
    -“Неман констракшн” компани шалгарсан. Бид гүйцэтгэгч компанийг шалгаруулахдаа өндөр босго тавьсан л даа. Тодруулбал, тухайн компани өөрөө 100 хувь хөрөнгөө гаргаж барих, орон сууцны ипотекийн зээлд хамруулах асуудлыг хариуцах зэрэг шаардлага өгсөн. Харин манай үйлдвэр захиалагчийн хувьд зөвхөн эзэнжүүлэх ажилд туслалцаа үзүүлнэ гэж хэлэлцээр хийсэн байгаа. Тиймээс гүйцэтгэгч компани 100 хувь дааж, барих тул найдвартай гэж үзсэн.

     -Уурхайчдад хөнгөлөлт үзүүлэх талаар ямар бодлого баримтлах вэ? Эхний ээлжид орон сууц авахыг хүссэн ажилтанд ямар шалгуур тавигдах вэ?
     -Орон сууцанд орж буй ажилчид ипотекийн зээлд хамрагддаг. Энэ нөхцөл хэвээр байна. Өмнө нь байрны хөнгөлөлт аваагүй ажилчид шинэ орон сууц авах хүсэлтээ гаргавал хөнгөлөлтийг журмын дагуу олгоно. Үйлдвэрээс олгож ирсэн  8 сая төгрөгийн дэмжлэг энэ оноос 12 сая төгрөг болж нэмэгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Мөн энэ дэмжлэг  байраа худалдаж авсны дараа нь олгогддог байсныг өөрчилж, урьдчилгаа төлбөрт өгөх боломжтой болсныг хэлэх нь зүйтэй. Түүнчлэн бид тодорхой тооны орон сууцыг хөрөнгө гаргаж, давхар бариад явах чиглэлтэй байгаа. Эдгээр байраа урьд нь орон сууц авч байгаагүй, эсвэл амьдрах нөхцөлөө сайжруулахыг хүссэн сайн ажилтнууддаа тухайн цехийнх нь судалгааг үндэслэн олгоно. Мэдээж, ийм шалгуураар олгохдоо тодорхой хөнгөлөлт үзүүлнэ. Хөнгөлөлт 20-90 хүртэл хувь байх боломжтой. Ер нь бол бүх ажилчид шинэ байранд орох хүсэлтээ ирүүлэх нь нээлттэй. Үйлдвэрийн захиргаа хүлээж авна. 2017 оны судалгаагаар байраа шинэчлэх болон  шинээр авах хүсэлтэй 1300 ажилтан байна гэсэн дүн гарсан. Тэгэхээр эхний ээлжид 1000 айлын орон сууц зайлшгүй эрэлт хэрэгцээтэй гэж үзэж уурхайчдын хорооллын бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.   

     -Шинээр баригдах орон сууцны үнэ ямар байх бол?
     -Одоо хэрэгжих төслүүд өмнө нь шийдэгдсэн тул үнэ, өртөг нь тогтоогдсон байсан. Хуучин төсвөөр нэг метр квадрат нь 1 сая 900 мянга гаруй төгрөгийн үнэлгээтэй хийгдсэн. Харин бид метр квадрат талбайн хэмжээг 1 сая 650 мянган төгрөгт багтаах санал тендерт оролцогч компаниудад тавьсан. Тиймээс гүйцэтгэгч компаниа шалгаруулахдаа үүнийг нэг шалгуур үзүүлэлт болгосон байгаа. Нөгөө талаар, бид барилгын чанар хийцэд онцгой анхаарч, евро стандартын материалаар барих шаардлага тавьсан. Ийм материалаар баригдсан орон сууцны зах зээлийн үнэ хоёроос гурван сая төгрөгийн хооронд байдаг. Тиймээс уурхайчдад зориулагдсан орон сууцны хороолол чанар сайтай, үнэ боломжийн түвшинд байна гэдгийг онцолмоор байна.  

    -Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жилийн хүрээнд нийгмийн чиглэлийн өөр ямар ажил хийхээр төлөвлөгөөнд тусгагдсан бэ?
    
-Нийгмийн хөгжлийн чиглэлд түлхүү анхаарсан гэж хэлж болно. Орон сууцны хорооллоос гадна хэд хэдэн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэнэ. Тухайлбал, Найрамдал өндөрлөгийн зүүн талд эхлүүлээд орхисон соёл, спортын “Эрдэнэт” цогцолбор буюу Бөхийн өргөөний барилгыг үргэлжлүүлж дуусгахаар төлөвлөж байна. Энд багагүй хөрөнгө оруулалт шаардлагатай. Хэдийгээр үүнийг Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулж байгаа ч энэ нь  Орхон аймгийн бүхий л иргэдэд үйлчлэх, чөлөөт цагийн томоохон төв болох юм. Өөрөөр хэлбэл, манай үйлдвэрийн дэргэдэх “Уурхайчин” соёлын ордон, Спорт цогцолборын нэгэн адил хотынхоо иргэдэд урлаг соёл, спортын цогц үйлчилгээ хүргэж ажиллана. Мөн бид бүрэн хэмжээний түүхэн музей байгуулахаар зураг төсөл гаргасан. “Уурхайчин” соёлын ордон үйл ажиллагаа, бүтцийн хувьд цогцолбор болон өргөжиж байгаатай холбогдуулан зарим  өрөө танхимыг  өөрчлөн, орчин үеийн технологи,  загвар хийцтэй музейн зориулалтаар тохижуулна. Ингэснээр техник, технологийн шинэ дэвшил бүхий  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 гаруй жилийн түүх, уул уурхайн салбарын хөгжлийг харуулсан музейтэй болно. Түүнчлэн Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн нийтийн номын санг өргөжүүлж, цахимжуулах, боловсронгуй болгох төсөл хэрэгжинэ. Ер нь бид уурхайчдадаа хандсан бүх үйлчилгээг түргэн шуурхай, шинэлэг хэлбэрээр хүргэх зорилттой ажиллаж буйг энэ дашрамд дуулгая. Үүний нэг хэсэг нь орчин цагийн технологи, тоног төхөөрөмж суурилуулсан нийтийн ном сан болж байгаа.
     Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас нийгмийн хариуцлагаа үлгэр жишээ хэрэгжүүлж ирсний нэг баталгаа нь хүүхдийн асрамжийн “Энэрэл” төв гэж хэлж болно. Гэр бүл, эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэн, ажил амьдралд нь хүргэсээр ирсэн тус төвийн тохижилтод хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Тухайлбал, энэ жил “Энэрэл” төвд спорт зал шинээр барина. Энд  зөвхөн “Энэрэл” төвийн хүүхдүүд төдийгүй Эрдэнэт хотын хүүхэд багачууд маань  амралт чөлөөт цагаа үр өгөөжтэй өнгөрүүлэхэд нь дэм туслалцаа болох юм. Мөн Сэлэнгэ амралтын баазад 210 хүний багтаамжтай  өргөтгөлийн шинэ барилга ашиглалтад орно. Ийм олон ажлууд  нийгмийн чиглэлийн төлөвлөгөөнд багтаж байгаа.

    -Манай үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болж, шинэ дүрэм, бүтэц батлагдсантай холбоотойгоор таны чиг үүрэгт хамтын ажиллагааны талаарх асуудлууд багтаж, хариуцах болсон. Орон нутагтай хамтрах ажил хэрхэн үргэлжлэх вэ?
     -Миний ажлын чиг үүрэгт нийгмийн асуудлын зэрэгцээ хамтын ажиллагааны чиглэл бие даан нэмэгдсэн. Өмнө нь ажил үүрэгт ороод явдаг байсан ч энэ удаа Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч гэж албан ёсоор тодотгож өгсөн байгаа. Тэгэхээр орон нутгийн засаг захиргаа болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах бүхий л чиг үүргийг хариуцаж байна. Манай үйлдвэр орон нутгийн хөгжил дэвшилд байнга хувь нэмрээ оруулж, олон том төсөл дээр хамтран ажилласаар ирсэн. Энэ хамтын ажиллагааны холбоо цаашид ч үргэлжилнэ. Бид энэ онд Эрдэнэт хотод баригдаж буй соёл амралтын хүрээлэнд хөрөнгө оруулалт хийнэ. Өнгөрсөн жил уг хүрээлэнгийн ажил эхлэхэд эхний дэмжлэгийг үзүүлсэн. Дараагийн ээлжийн хөрөнгө оруулалт удахгүй хийгдэж, энэ бүтээн байгуулалтыг хамтран бүтээнэ.

     -Ярилцсанд баярлалаа, таны ажилд амжилт хүсье.
 

М.БАЛЖИННЯМ
Фото: Б.БАТТӨГС

     Засвар механикийн заводын Механик цехэд Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн захиалгаар КМД 3000 маркийн бутлуурын бутлагч конус дөрөв дэх удаагаа хийж байна. Энэ нь импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн том цар хүрээтэй ажлын нэг гэдгийг Механик цехийн орлогч дарга Б.Баянжаргал онцоллоо. Өнөөдрийн байдлаар тус цехийн 2019 оны төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 60 хувийн биелэлттэй байна. Саяхан энэ сарын төлөвлөгөөнд тусгагдсан Баяжуулах үйлдвэрийн тээрмүүдийн дахин хуяглалтын боолт хийж, дуусгажээ. Цаашид дахин хуяглалтын боолт захиалгын дагуу үргэлжлэн хийгдэнэ.
    Мөн Цутгуурын цех дэх  хүйтнээр хатууруулах хэвний технологийн өргөтгөлийн ажлын хэвний хашлага хийхээр төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт Материал техникийн хангамжийн баазаас 160 орчим тонн хэвний хашлаганы түүхий эд болох хуудсан ган материал хүлээн авчээ. Удахгүй эхний ээлжийн 10 ширхэг хашлага үйлдвэрлэж эхлэх юм байна.

М.БАЛЖИННЯМ
Фото: Б.БАТТӨГС

     Саяхан Монгол Улсын Оюуны Өмчийн эрхийн газраас "Эрдэнэт үйлдвэр"-ийн инженерүүдийн бүтээл болох “Грат 1400” насост Оюуны өмчийн патент олгосон байна. Тус үйлдвэрийн Засвар механикийн завод болон Баяжуулах үйлдвэрийн инженерүүд хамтран 2013 оноос “Грат1400” маркийн булингын шахуургыг үйлдвэрлэлд туршиж эхэлсэн. Шинжлэх ухааны судалгаан дээр суурилсан уг туршилт амжилттай болж, булингын шахуурганы дундаж цаг нь өнгөрсөн оны гүйцэтгэлээр 360 хүрч өсчээ. Өмнө нь уг шахуурга 120-140 цаг ажилладаг байв. Үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдүүлэх, бүтээмж дээшлүүлэх чухал ач холбогдолтой энэхүү технологийн бүтээл нь 2016 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн “Инноватор” цом хүртэж байсан. Тэгвэл одоо оюуны өмчийн эрхээр баталгаажсан, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн шилдэг бүтээл боллоо.

М.БАЛЖИННЯМ
Фото: Б.БАТТӨГС

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 2019 онд бүтээн байгуулалтын их ажил өрнүүлнэ. Тиймээс ирэх тавдугаар сарын 1-ний өдөр бүтээн байгуулалтын ажлаа албан ёсоор нээж, орон сууцны шинэ хороолол, үйлдвэрлэлийн шинэ барилга байгууламж барих ажлыг эхлүүлнэ. Энэ талаар Эрдэнэт үйлдвэрийн Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Батбаяраас тодруулга авлаа.

     - Энэ онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас бүтээн байгуулалтын олон ажил хийхээр төлөвлөсөн. Нийт хичнээн ажил, хэдий хэрийн хөрөнгөөр хийгдэх гэж байна вэ?
     - “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсээс 2019 онд барилга засварын 193 ажил хариуцаж, хийхээр төлөвлөсөн. Эдгээр ажилд нийт 78 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Үүнээс 140 нь 2019 оны төлөвлөгөөнд шинээр тусгагдсан бол 44 нь өнгөрсөн оны төлөвлөлтөөс шилжиж ирсэн ажлууд байгаа. Энэ нь жил дамжин хийгддэг тээрэм, бутлуур зэрэг үйлдвэрлэлийн том ажлууд гэсэн үг. Өөрөөр хэлбэл барилгын ажил нь улирлын чанартай, шөнөдөө хасах 5 хэмээс дээш тохиолдолд зогсдог учир 2018 онд хийгдэж амжаагүй  юм. Төлөвлөж буй нийт ажлаас зураг төсөл, гэрээ хэлцэл нь бэлэн болсон 111 бүтээн байгуулалтын ажил ирэх сарын 1-нд эхэлнэ.  
   
     - Бүтээн байгуулалтын жилд нийгмийн хөгжлийн ямар төсөл хөтөлбөр хэрэгжих вэ?
    
- Энэ онд нийгмийн хариуцлагын хүрээнд болон үйлдвэрлэлийн шаардлагатай хөрөнгө оруулалтын чиглэлд 9 том төсөл, хөтөлбөр хэрэгжихээр хөрөнгө төсөв нь батлагдсан. Ажиллагсдынхаа нийгмийн хөгжил, хамгааллыг дэмжих, тэр тусмаа  орон сууцны асуудлыг шийдэх зорилгоор “Москва 300”, “Эко 400”, “Залуус 600“ нэртэй орон сууцны хорооллын төсөл эхлүүлнэ. Уг хорооллыг барих шийдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг Монгол, Оросын хамтарсан үйлдвэр байх үед тухайн үеийн зөвлөлийн 51 дэх хуралдаанаар гарсан ч хөрөнгө оруулалт шийдэгдээгүй тул зогссон байв. Харин төсөв, хөрөнгийн асуудлыг шийдсэнээр эхний ээлжинд “Москва 300” төсөл хэрэгжих боломжтой боллоо. Дэд бүтэц болон барилгын ажлыг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэхээр бэлдэж байна. Мөн Баян-Өндөр сумын Зэст багт байрлах соёл спортын “Эрдэнэт” цогцолбор буюу бидний нэрлэж заншсанаар Бөхийн өргөөний шинэ барилгыг энэ жилээс барина. Энэ бүтээн байгуулалтад 7,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн боловч дараагийн хөрөнгө байхгүй шалтгаанаар 2016 оноос мөн зогсоод байсан. Уг барилга байгууламжийн дээвэр болох 1 тэрбум хоёр зуун мянган төгрөгийн үнэтэй материал ирсэн хадгалагдаж байна. Бөхийн өргөөний барилгын гүйцэтгэгчээр манай үйлдвэрийн Барилга засварын цех ажиллана.
     “Эко 400”, “Залуус 600” орон сууцны хороолол доод тал нь 1000 айлын багтаамжтай байхаар зураг төсөл хийгдсэн. Өмнө нь эдгээр хорооллыг Сархиа уулын зүүн энгэрт барихаар төлөвлөсөн ч дэд бүтэц, бохирын шугамын асуудлыг нь шийдвэрлэхэд хүндрэлтэй байсан. Тиймээс Эрдэнэт үйлдвэр болон орон нутгийн удирдлагууд эргэн ярилцаж, ажилчиддаа таатай орчин сонгож, Медипас эмнэлгийн ард талд барихаар шийдвэрлэлээ. Энэ төслүүд мөн энэ оны төлөвлөгөөнд тусгагдан хэрэгжинэ.
     Мөн үйлдвэрийн ажиллагсдын амралт чөлөөт цагт зориулагдсан Сэлэнгэ амралтын баазад  210 хүний ортой амрах байр болон мөн ийм багтаамжтай хурлын танхим бүхий  өвлийн өргөтгөлийн барилга баригдана. Тус баазын зуны зориулалтаар баригдсан 1,2,3 дугаар байруудад жил бүр тогтмол  засвар хийж ирсэн ч өвлийн улиралд амрагчдын тав тухыг  харгалзан ийм шийдвэр гаргасан юм.

     - Үйлдвэрлэлийн чиглэлийн бүтээн байгуулалтын тухайд...?
    
- Энэ чиглэлээр нэлээд томоохон бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөнд тусгагдсан. Чанар хяналтын хэлтсийн төв лабораторийн барилгыг шинээр барина. Энэ барилгын зураг төсөв нь бэлэн болсон. Барилгын ажил ирэх сард эхэлнэ. Мөн Эрчим хүчний цехэд цэвэр ус дамжуулах гуравдугаар шугам шинээр тавина. Түүнчлэн Ил уурхайд Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр баригдаж, ашиглалтад орно. Сүүлийн жилүүдэд төлөвлөгдөж, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл нь бэлэн болсон эл үйлдвэрийн хөрөнгийн асуудал энэ онд шийдэгдсэн. Удахгүй бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

    - 2019 оны бүтээн байгуулалтын ажлууд бүгд энэ онд багтаж ашиглалтад орох уу? Хэзээ бүрэн дуусгахаар төлөвлөж байна вэ?
    
- Барилгын ажлын шат дарааллаар хийгдэнэ. Жишээлбэл, цутгалтын ажил гэхэд 28 хоногт зөвхөн 70 хувийн бэхжилт авна. Хугацаа шаардсан дамжлагууд бий. Тэгэхээр төлөвлөгөөт ажлууд бүгд энэ онд эхэлнэ. Ажлын явц зогсолтгүй үргэлжилнэ гэдгийг хэлье. Харин өнгөрсөн онд төлөвлөгөөнд тусгагдаад хараахан дуусаж амжаагүй, шилжиж ирсэн ажлууд бүрэн дуусна.

     - Цаг үеийн асуудлаар таниас тодруулга авья. Саяхан болсон хүчтэй салхины улмаас үйлдвэрийн зарим  барилга байгууламжийн дээвэр хууларсан тухай мэдээлэл байна. Энд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
     - Эрдэнэт үйлдвэрийн нийт барилга байгууламж 220 мянган метр квадрат талбай бүхий дээвэртэй. Үүний 80 орчим мянган метр квадрат дээвэрт засвар хийгдсэн. Одоо засвар хийх шаардлагатай 140 мянган метр квадрат хэмжээтэй дээвэр бий. Эдгээрийн заримд нь 1978 оноос буюу үйлдвэр ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар хийгдээгүй байсан. Жил бүр хаврын хүчтэй салхи шуурганд дээврийн хар цааснууд хуурдаг. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 19-ний өдөр орон нутагт салхины хурд 21 метр/секунд хүрсний улмаас үйлдвэрийн барилга байгууламжийн 11 мянган метр квадрат орчим дээврийн хар цаас хууларсан. Энэ асуудлыг үйлдвэрийн удирдлагуудад танилцуулж, борооны улирлаас өмнө амжин яаралтай засварлахаар болоод байна.  

М.Балжинням
Фото: Б.БАТТӨГС

      Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдөр тохиодог “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цех, нэгжийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлэх сарын аян өрнүүлж байгаа билээ.
     Сарын аяны төлөвлөгөөнд тусгасны дагуу Засвар угсралтын цех ХАБЭА-н болон бусад танин мэдэхүйн чиглэлээр ажилчдынхаа дунд “АХЯ” тэмцээн зохион байгууллаа. “Асуулт, хариулт, ялалт” гэсэн үгийн товчлол бүхий “АХЯ” тэмцээнд тус цехийн 49 ажилтан оролцож, тоног төхөөрөмжийн засварчин Б.Мөнхбат нэгдүгээр байр, цахилгаан ба хийн гагнуурчин Зо.Ганзориг хоёрдугаар байр, тоног төхөөрөмжийн засварчин Л.Мөнхтөр гутгаар байр эзэлсэн байна.
     Цехүүд дор бүрнээ асуулт хариултын тэмцээн зохиож, ажилчдынхаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг шалгаж байх юм.

И.Чинтогтох

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн шинэчлэлтэй холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн үндсэн чиг үүргээс байгаль орчны асуудлыг тусгайлан авч үзэхээр боллоо.
      Шинээр байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн ногоон хөгжлийн бодлогыг ажил хэрэг болгохоор төлөвлөгөөт ажлуудаа эхлүүлжээ. Тус хэлтсийнхэн ойрын өдрүүдэд аймгийн удирдлагуудад ажлаа танилцуулж, Уул уурхайн яамнаас боловсруулж буй хог хаягдлын талаарх журамд “Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс дэвшүүлэх санаа оноог тусган ажиллаж байна.

      Мөн үйлдвэрээс гардаг химийн гаралтай хог хаягдлыг найдвартай хадгалах, мэргэжлийн байгууллагатай хамтран устгалд оруулах ажлыг цэгцлэхээр судалгаа, шинжилгээний ажил хийж байна. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байрлах хог хаягдал дахин боловсруулах компанитай холбогдон, хамтран ажиллах саналаа хүргүүлжээ.


И.Чинтогтох

     Автотээврийн цех өнгөрсөн оны 10 дугаар сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн иж бүрэн хяналт, шалгалт”-ын дүнгээр 71 төрлийн зөрчилтэй гарч, албан шаардлага биелүүлж ажиллажээ.
     Энэ сарын 16-18-ны өдрүүдэд явагдсан 4 дүгээр шатны иж бүрэн хяналт, шалгалтаар тус цех 61 зөрчлөө арилгаж, “хангалттай” үнэлгээ авсан байна. Үлдсэн их барилга, засвар үйлчилгээтэй холбоотой ажлууд нь биелэгдэх шатандаа явааг холбогдох албаныхан хэллээ.

     Шалгалтын дүнд ажлын байрны нөхцөл байдлаа сайжруулахад Эрчимзүйн алба идэвх санаачлагатай ажиллаж, автомашины лаг шаврыг гараар бус, техникээр арилгах шинэлэг санаа хэрэгжүүлсэн байна. Аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлж устгах зорилгоор энэ оны эхнээс ажилчдынхаа дунд хэрэгжүүлсэн “Өглөөний ХАБ” арга хэмжээг нь үр өгөөжтэй байгааг Автотээврийн цехийнхэн онцоллоо.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

     Энэ сарын эхний 20 хоногт “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчид үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-аас дээш хувиар давуулсан дүн гарчээ. Уулын цул гаргалтыг 1 сая 346.1 мянган метр куб байхаар төлөвлөснөөс 1 сая 401.4 мянган метр кубд хүргэж, төлөвлөгөө 104.2 хувиар биеллээ. Хөрс хуулалтын ажил 560.9 мянган метр куб буюу 106.8 хувиар, хүдэр олборлолт 2 сая 145.9 мянган тонн буюу 102.5 хувиар тус тус давсан үзүүлэлттэй байна. Баяжуулагчид энэ хугацаанд 1 сая 816.3 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөний биелэлт 105.4 хувьд хүрчээ.
     Хүдэр дэх зэсийн агуулга сарын эхний 20 хоногт  0.459 хувьтай, молибден 0.0154 хувьтай байв. Зэсийн металл авалт бодит гүйцэтгэлээр 88.36 хувьтай, молибдений металл авалт 56 хувьтай байж, төлөвлөгөө 100.1-115.5 хувиар давж биеллээ.
     Ингэснээр уурхайчид дөрөвдүгээр сарын эхний 20 хоногийн байдлаар нийт 32400 тонн зэсийн баяжмал, 391.4 тонн молибдений баяжмал үйлдвэрлэсэн байна.

М.БАЛЖИННЯМ

Фото: Б.БАТТӨГС

     Энэ удаа бид Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Цахилгаан, тоног төхөөрөмжийн засварын хэсгийг зорилоо. Хаврын урь орсныг зарлах мэт алтан нар хүмүүн бүхний зулай дээрээс ээнэ. Тэртээгээс 130 тоннын даацтай аварга белаз хүдэр тээвэрлэн “уухилан” гарч ирэх нь бахдалтай. Хажууханд уулын овоолгын хэсэг залуус хөрс тэгшилж харагдана. Ил уурхайн цахилгааны хэсэг 46 ажилтантай. Эл хэсэгт Б.Дэлгэрцогт, Л.Дэчиндээ, Д.Цэцэнхүү, Д.Эрдэнэбат нарын ахмадууд ажиллаж уурхайн түүхийг бичилцжээ. Эдүгээ тэдний залуу халаа энд ажиллаж буй. Тэд уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, засвар, тохируулга болон үйлчилгээний ажлыг гүйцэтгэдэг. Энэ хэсгийн ажлын чанар, гүйцэтгэлээс нийт уурхайн ажил хамаарна. Тус хэсгийнхэн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, гар ажиллагааг хөнгөвчлөх, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгахад чиглэсэн олон шинэ санал, санаачилга гарган үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Бид Ил уурхайн Цахилгаан, тоног төхөөрөмжийн Засварын хэсгийн ажлын байранд зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм.


Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсгийн дарга Д.Мөнхдалай:

       1983 онд Хүдрийн ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн төвлөрсөн Засварын хэсэг анх байгуулагдсан. Анхны даргаар нь Ежов И.А гэж орос мэргэжилтэн ажилласан байдаг. Түүнээс хойш Томилов А.И, Хадуян В.Н, Д.Эрдэнэцогт, Галич В.И, С.Гандуулга нар ажиллаж ирсэн түүхтэй. Манай хэсэг 10 экскаватор, зургаан өрмийн машины засвар үйлчилгээ, угсралт, туршилт тохируулга, уурхайн цахилгаан хангамж, ус татах, бутлах байгууламж, гэрэлтүүлэг, замын техник механизмуудын цахилгаан засварын ажил, машин механизмын гараж, гуанз, диспетчерийн пункт, захиргааны хоёрдугаар байрны инженерийн шугам сүлжээ, цахилгаан тоноглолуудын засвар үйлчилгээний ажлыг хийж байна.

     Ил уурхайн цахилгаан тоног төхөөрөмжүүд нь тогтмол 12В-оос хувьсах 6000В хүртэлх хүчдэлийн түвшинд ажилладаг. Иймд цахилгаанчдаас мэдлэг, ур чадвар шаардсан нарийн төвөгтэй, хариуцлагатай ажил байдаг. Уулын тоног төхөөрөмж тасралтгүй найдвартай ажиллах нь бидний ажлаас шууд хамааралтай. Иймээс шинэ залуу ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд  анхаарч ахмад үеийнхний дадлага туршлага мэдлэгээс суралцуулах ажлыг зохион байгуулж байна. Сүүлийн үед уурхайн хэмжээ томорсон, усан сангууд нэмсэн, шугаман тэлэлт ихэссэн, экскаватор болон насос  бусад тоног төхөөрөмжүүдийн тоо өссөнтэй холбогдуулан ажиллах хүч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ үндэслэлээ үйлдвэрийн удирдлагуудад тавьсан. Асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хэсэг шинэ бүтээл оновчтой санал, бүтээмж инновацын манлайллын ажлаар ямагт тэргүүн эгнээнд явдаг. Энэ амжилтаа жил бүр бататгасан. Тухайлбал, синхрон хөдөлгүүрийн роторыг сэргээн засварлаж үйлдвэрт 300 сая төгрөгийн хэмнэлт гаргасан. Орчин үеийн хөөн асаах төхөөрөмж экскаваторуудад суурилуулснаар цахилгаан тоноглолуудын гэмтэл эрс багасаж, хүчдэлийн уналтгүй боллоо. НКУ төхөөрөмж суурилуулснаар сул зогсолт 70-80 хувь багассан. Цехийн хэмжээнд Бүтээмж чанарын дугуйлангуудын дундаас ажлын шинэ саналын тоо, үр ашгийн үзүүлэлтээрээ сүүлийн таван жилд манай хэсэг тэргүүн, дэд байр эзэллээ. 2019 оны дөрөвдүгээр сард анх удаа Монголд тиристорын хувиргуур-хөдөлгүүрийн систем бүхий ЭКГ-12К экскаваторын цахилгаан угсралт тохируулгын ажлыг хугацаанаас нь өмнө амжилттай дуусгалаа.

Тохируулгын инженер Ш.Мягмардаш:

       2007 оноос өнөөг хүртэл би Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсэгт Тохируулгын инженерээр ажиллаж байна. Манай бригадад О.В.Остроухов, О.Батсайхан нарын инженерүүд ажилладаг. Ил уурхайн өрмийн машины тогтмол гүйдлийн болон зөөлөн асаалтын хувиргуур, давтамж хувиргагч, электроникийн удирдлагатай маслын станцуудын засвар үйлчилгээ, тохируулга, экскаваторуудын нам хүчдэлийн иж бүрэн төхөөрөмжүүдийн засвар, цахилгааны гэмтэл саатлыг засварлаж эдгээр тоног төхөөрөмжүүдийн туршилт тохируулга, найдвартай ажиллагааг бид хариуцан ажилладгаараа онцлогтой.


Эрчим зүйч Н.Бат-Ирээдүй:

       2005 оноос Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Цахилгааны хэсэгт тоног төхөөрөмжийн засварчин, жижүүрийн цахилгаанчин, эрчим зүйчээр ажиллаж байна. Бид уурхайн цахилгаан тоног төхөөрөмжүүд, экскаватор, өрмийн машинуудын төлөвлөгөөт болон урсгал цахилгаан засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийж ирсэн. Төлөвлөгөөт засварыг цаг тухайд нь чанартай хийснээр экскаватор, өрмийн машины цахилгаан талаас хамаарах сул зогсолт сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээгээр буурсан. СБШ-250МНА-32 маркийн өрмийн машины тогтмол гүйдлийн хөдөлгүүр болон компрессорын хөдөлгүүрүүдийг улиралд нэг удаа бүрэн үйлчилгээ хийснээр цахилгаан хөдөлгүүрүүдийн ашиглалтын хугацаа уртсаж, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.

     Тус өрмийн машины вращателийн хөдөлгүүрт тогтмол гүйдлийн хувиргуур, компрессорын хөдөлгүүрт зөөлөн асаалтын хувиргуур, явах хөдөлгүүрүүдэд давтамж хувиргагчтай гидро систем тавьсан байгаа. Сүүлд угсарсан ЭКГ-12К экскаватор нь Тиристорын хувиргуур-хөдөлгүүрийн системээр ажилладаг. Дөрвөн машин агрегатгүй болсноор дуу чимээ бага синхрон хөдөлгүүр, генератор солих шаардлагагүй. Ингэснээр экскаваторын найдвартай ажиллагаа сайжирч өндөр бүтээмжтэй ажиллана. 15-20 хувийн эрчим хүчний хэмнэлт гарна. Уулын тоног төхөөрөмжийн  цахилгаанчдын мэргэжил, ур чадвар олгох сургалтыг жилд хоёр удаа зохион байгуулж байна.  5А зарчмын хүрээнд манай бригад цехийн гадна, доторх тохижилт, сэлбэг хэрэгслийг эмх цэгцтэй болгосноор оны хамгийн цэвэр ажлын байраар шалгарсан. Сүүлийн үед техник технологи хурдацтай хувьсан өөрчлөгдсөнөөс гадаад дотоодын ижил төстэй уул уурхайн болон цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудтай танилцах, туршлага судлах зорилгоор ажилтнуудыг мэргэшүүлэх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна.


Цахилгааны мастер Д.Баярмагнай:
     Энэ хэсэгт би 12 дахь жилдээ цахилгаанчин, мастераар  ажиллаж байна. Реле хамгаалалтын бригад нь Ил уурхайн хөдөлгөөнт цахилгаан тоног төхөөрөмжүүд болох төрөл бүрийн чадалтай зөөврийн дэд станцууд, сэлгэн залгах пунктууд, уурхайн гэрэлтүүлгүүд, уян, хатуу кабелын засвар, ашиглалт, реле хамгаалалтын тавил тохируулгыг хариуцан ажилладаг. Одоогоор уурхайд зөөврийн дэд станц болон сэлгэн залгах пункт нийт 52 ажиллаж байгаа. Энэ нь 10 жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн. Бид уурхайн газардуулгын байгууламж болон аянгын хамгаалалтын тоноглолуудын ашиглалтын байдалд хяналт тавихаас гадна шинээр суурилуулах газардуулгын байгууламжуудын угсралтын ажлыг гүйцэтгэдэг. Сүүлийн үед манай бригад микропроцессорын элементийн базад суурилсан реле хамгаалалтыг Ил уурхайн нөхцөлтэй уялдуулан зөөврийн сэлгэн залгах пункт, чиглэл мэдрэх газардуулгын реле, хүчдэлийн реле ЕЛ-11 зэргийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь реле хамгаалалтын үндсэн шаардлагыг хангахаас гадна уурхайн экскаватор, өрмийн машин болон цахилгаан тоног төхөөрөмжүүдийн сул зогсолтыг багасгаад байна.
     Мөн уурхайн кабелийн байгууламжийн засварт Америкийн 3М компанийн хүйтэн суултын аргыг нэвтрүүлсэн, кабелийн өндөр хүчдэлийн туршилтад сүүлийн үеийн хагас дамжуулагч элементийн баазад суурилсан АИД-70м багаж ашиглаж байна.

     Ийнхүү Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсэг нь өөрсдийн хүчээр уулын тоног төхөөрөмжийн их засвар болон экскаватор, өрмийн машины угсралт тохируулгын ажлыг өдөр бүр чанарын өндөр түвшинд гүйцэтгэж явна. Ийм л эгэл ажилчдынхаа бүтээлч хөдөлмөрөөр бахархмаар. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн цахилгааны нэн хариуцлагатай ажлыг эрхэлж яваа уулын техникийн торгон цэргүүдийн ажил үйлс өөдрөг байг ээ.


Т.БАТЧУЛУУН

Фото: Б.БАТТӨГС

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог