• “SAFETY FIRST-2019” уламжлалт тэмцээнийг Авто тээврийн цехийн хамт олон 167 оноогоор тэргүүлж явна

       Соёл урлагаар дамжуулан Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журам, зааварчилгааг үйлдвэрийн нийт ажилчид шинээр ажилд орж байгаа залуу ажилчдад түлхүү  хүргэдэг “SAFETY FIRST-2019” уламжлалт тэмцээний эхний шат амжилттай явагдаж өндөрлөлөө.  Тэмцээний эхний шатанд 20 баг өрсөлдөж, дараагийн шатанд 9 баг шалгарч үлдлээ.     Энэхүү тэмцээнд жилд 100 гаруй ажилтан, албан хаагчид оролцдог бол хөгжөөн дэмжигчээр нэг удаагийн тоглолтыг 450 гаруй ажилтан үзэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал нэн чухал гэсэн ойлголтыг олон нийтэд түгээдэг юм. Эхний шатны тоглолт өдөрт хоёр удаа болж нийт 4000 гаруй ажилтан албан хаагчид “SAFETY FIRST-2019” тэмцээнийг үзэж, мэдээлэл авч баг хамт олноо дэмжжээ.     “SAFETY FIRST” тэмцээн 1996 оноос хойш тасралтгүй 23 дахь жилдээ зохион байгуулагдаж, ажилчдын хүсэн хүлээдэг тэмцээн болтлоо өргөжиж, үйлдвэрийн газрын цех нэгжүүдийн оролцоо жилээс жилд нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцоллоо.     Тэмцээний хоёрдугаар шат энэ сарын 29-ний өдрөөс эхлэхээр Авто тээврийн цех, Цахилгаан цех, ХМТАЦ, Барилга засварын цех, Эрдэнэт сувиллын цогцолбор, Оёдлын цех, Дулааны цахилгаан станц, Спорт цогцолбор, Ил уурхай гэсэн есөн багууд бэлтгэлдээ ороод байна. Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс, Соёл урлагийн цогцолбор тэмцээнийг хамтран зохион байгуулж байна.    А.Бямбамаа       Дэлгэрэнгүй...
  • Хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдлийг хоёр дахь жилдээ үнэлж байна

       Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдлийг үнэлэх зорилгоор ажлын байрны хэмжилт, шинжилгээг “Хэлт энд сапти солюшн” ХХК өнгөрсөн долоо хоногоос Баяжуулах үйлдвэрт хийж эхэллээ. Хөдөлмөрийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөл, эрсдэл,  өртөлтийг үнэлэхдээ ажилчдыг түүврийн аргаар сонгон, ижил өртөлтөөр нь бүлэглэсэн байна. Өнгөрсөн жил Ил уурхай, Автотээврийн цехэд үнэлгээ хийж, үр дүнг харгалзан авах арга хэмжээгээ тодорхойлжээ. Тухайлбал, тоос дарах чиглэлээр тогтмол усалгаа хийж, халууны нөлөө ихтэй дампуудад агааржуулагч суурилуулан, засвар үйлчилгээг сайжруулсан байна. Мөн гагнуурын утаа сорох төхөөрөмж суурилуулах, доргионы нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шинэ багаж төхөөрөмжийн худалдан авалтын захиалга өгчээ. Эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээг үйлдвэрийн газрын хэмжээнд гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх жил Засвар механикийн заводын нэгжүүдийг хамруулахаар болжээ.    И.Чинтогтох     Дэлгэрэнгүй...
  • ЭКГ-12К экскаваторын угсралтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна

         Өнгөрөгч сарын 23-нд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал гарч ЭКГ-12К шинэ экскаваторыг 35 хоногийн дотор угсарч ажилд гаргахаар Ил уурхайн хамт олон ажиллаж байна. Ил уурхайн Засварын хэсгийн хоёр бригад   12 цагаар  ажиллаж шинэ экскаваторын угсралт тохируулгын ажлыг хариуцан амжилттай дуусгаж өнөөдрийн байдлаар цахилгааны нарийн тохируулгын ажил хийгдэж байна. ЭКГ-12К  шинэ экскаваторыг ирэх пүрэв гарагт карьерт гаргахад бэлэн болжээ. Энэ ажлыг хугацаанаас гурав хоногийн өмнө үндсэндээ дуусгаж байгаа нь тус бригадын хамт олны ажлын идэвх, хариуцлага, туршлагатай холбоотой юм.      Энэ онд Ил уурхайд ЭКГ-12К маркийн хоёр шинэ экскаваторыг ашиглалтад оруулахаас эхнийхийг нь өнгөрөгч таван сард угсарч тохируулан ажилд оруулсан юм. Шинэ экскаватор ашиглалтад орсноор Ил уурхайд нийт арван хоёр экскаватортой болж, үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг ханган, эдийн засгийн хувьд үр ашиг нэмэгдэх юм. А.Бямбамаа Дэлгэрэнгүй...
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр нурууны өвчлөл эрс багасчээ

       Баяжуулах үйлдвэрийн цех, нэгжүүд “Өглөөний ХАБ ба ажлын байрны дасгал хөдөлгөөн” аянд нэгджээ. Тус аян нь ажилтан хүн ажлаа сэтгэл хангалуун хийх, эерэг хандлагаар өглөөг угтах, ажлын байрны аюулгүй байдлыг дээшлүүлэх, аюулгүй ажиллагааны тодорхой сэдвүүдээр санал солилцох, ажлын байранд дасгал хөдөлгөөн хийх соёлыг төлөвшүүлэх зорилготой хоёр сарын хугацаанд хэрэгжиж байна. “Өнгөрсөн онд Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт явуулсан аяны хүрээнд ажилтан бүр эрүүл мэндийн мэдээлэл бэлтгэн, бусдадаа түгээснээр харилцаа хандлага сайжирч, ажилдаа гарахаас өмнө 3-5 минут дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр нурууны өвчлөл эрс буурсан” талаар ХАБЭА-н хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйч О.Орхончимэг мэдээллээ. Уурхайчид өдөр тутам шинэ зүйлд суралцан, мэдлэгээ тэлж, бусдадаа эерэг нөлөө түгээсээр байна.    И.Чинтогтох       Дэлгэрэнгүй...
  • “Алтан намар”-т 101 сурагчийн бүтээл өрсөлдлөө

        Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбор, Орхон аймгийн Зураач урчуудын холбоотой хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Алтан намар” зургийн уралдаан зохион байгууллаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Соёл урлагийн цогцолборт болсон тус уралдаанд 5-15 насны 101 хүүхэд оролцож, байгалийг тольдсон дотоод ертөнцийн өнгө үзэмжээ цаасан дээр зураглалаа. Мэргэжлийн зураач, урчуудын санал шүүмжээр нас насны ангилалд алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулж, тусгай байрт шалгарсан 15 хүүхдийг шагнаж урамшуулсан юм.     Уралдааны дүнгээр ахлах насны ангилалд Ө.Жаргалан тэргүүн байр эзэлж, Х.Нарантуул, Э.Санчирламба нар удааллаа. Дунд насны ангилалд Ө.Намуунаа, А.Золжаргал, А.Золцэцэг нар, бага насны ангилалд Н.Дүүрэнбилэг, С.Сайнбилэг, Б.Дөлгөөн нар тус тус шагналт байрт шалгарч, медалийн эзэд болсон. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд багачуудын авьяасыг нээн илрүүлэх, хөхиүлэн дэмжих, сурч боловсрох таатай орчин нөхцөлөөр хангах хүрээнд Соёл урлагийн цогцолборын 9 дугуйланд жилдээ 300 хүүхэд хүлээн авч, мэдлэг оюуныг нь тэлж байна. Музейн арга зүйч О.НАНСАЛМАА: Бид зураач, уран бүтээлчдийнхээ хойч үеийг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлнэ -Хүүхдийн нүдээр намрыг төсөөлсөн зургууд цасан дээр бууж байна. Ирээдүй үеэ хөгжүүлэхэд чиглэсэн Эрдэнэт үйлдвэрийн оролцооны талаар та бидэнтэй хуваалцахгүй юу? -Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжүүдэд “Алтан намар” аян үргэлжилж байна. Энэ хүрээнд Соёл, урлагийн цогцолбороос 3 насны ангилалд гар зургийн уралдаан зохион байгууллаа. Ирэх жилээс зай талбай нь хүрэлцдэг бол илүү олон хүүхэд хамруулах юмсан гэж бодож байна. Хүүхдүүд ч хүлээлт ихтэй байлаа. Зургийн үзэсгэлэнг 7 хоногийн турш олон нийтэд хүргэж, оролцогч хүүхдүүдээ урамшуулахыг зорьж байна. Энэ жилийн хувьд Орхон аймгийн зураач, урчуудын холбоотой хамтран зохион байгуулж, уралдааныг мэргэжлийн зураач нар шүүн явууллаа. Эрдэнэт хотын зураач нарын бүтээлийг харсан хүүхдүүд маань судалбар зураг гэж юу болох, намрын тухай ойлголт авсан байх. Бид уралдааны үеэр усан болон тосон будгаар зураг зурах нь ямар ялгаатай байдаг тухай яриа таниулга хийсэн. Уран бүтээлч хүн амьдарч буй нийгмээсээ нэг алхамын түрүүнд явж, шинэ зүйл сэтгэж, хийж бүтээдэг. Тэр ч утгаараа хойч үеийнхэнд маань энэ уралдаан асар их ач холбогдолтой оюуны хөрөнгө оруулалт болно гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. Бид зураач, уран бүтээлчдийнхээ хойч үеийг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх болно. Зураач Л.БЯМБАСҮРЭН: Өнгөний хослолтой зургууд их содон, шинэлэг мэдрэмж төрүүллээ -Та уралдааны талаар сэтгэгдлээ хуваалцана уу? -Жил бүр “Намар” сэдвээр уран бүтээлчдийн үзэсгэлэн, уралдаан зохигддог. Өнөөдрийн хувьд хүүхдүүд өөрсдийн өнгөөр намрыг илэрхийллээ. Агуулгын хувьд надад таалагдаж байна. Гүйцэтгэлийн хувьд өнгөний хослолтой зургууд бас их содон, шинэлэг мэдрэмж төрүүллээ. Би СУИС-д багшилж байгаад чөлөөндөө гарсан. Хүүхдийн гэгээлэг ертөнцийг уран зургаас харах нь их гоё санагддаг. Эрдэнэтийн хүүхдүүд хүсэл тэмүүлэлтэй, оролцоотой байгаа нь сайн хэрэг. Би өнгөрсөн зун Эрдэнэтийн зураачидтай хамтарсан аялал хийж, нилээд уран бүтээлтэй ирсэн. Энэ намрын тухайд “Арт галарей”-д усан будгийн хоёр зургаараа үзэсгэлэнд оролцож байгаа. Орхон аймгийн Зураач, урчуудын холбооны тэргүүн Д.БАТБИЛЭГ: Уралдааныг агуулгаар нь шүүхийг эрмэлзлээ -Зохион байгуулагчаар хамтран оролцож байгаа хүний хувьд өнөөдрийн уралдааны онцлох зүйлсээс хуваалцахгүй юу? -Манай холбоо шүүгчээр хамтран ажиллаж байна. Намрыг хүүхэд хэрхэн төсөөлдөг вэ гэдэг их сонин. Зарим нь аав ээжийнхээ ажилтай холбож ойлгоно, зарим нь гадаад орчныг илүүтэй ажина. Аль болох техник талдаа бус сэдэвтээ ойр, “Алтан намар” гэсэн улирал заасан агуулгаар нь шүүхийг эрмэлзлээ. Соёл урлагийн цогцолбороос манай холбоонд хүсэлт тавьсны дагуу энэ жил анх удаа хамтран зохион байгуулж байна. Зураач, урчуудын холбооны гишүүн, зураач н.Цоггэрэл, Д.Батбилэг, Х.Пүрэвдорж нарын бүтээлээс бүрдсэн “Намар” үзэсгэлэнг уралдааны танхимд дэлгэж тавьлаа. Хүүхдүүд маань эдгээр бүтээлээс намрын тухай ойлголт авах байх. Улсын хэмжээнд “Алтан намар” судалбар зургийн уралдаан зарлагдаад байгаа. Бид энэ сарын 30-нд Улаанбаатар, Өмнөговь, Эрдэнэтийн зураач нарын хамтарсан үзэсгэлэнг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.     И.Чинтогтох   Дэлгэрэнгүй...
  • MNS ISO 9001:2016 стандарт 2022 он хүртэл хэрэгжинэ

        Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд чиглэлийн стандартуудаас гадна тогтолцооны гурван стандарт хэрэгждэг. Эдгээр нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн, Байгаль орчны, Чанарын менежментийн тогтолцооны стандарт. Чанарын менежментийн тогтолцооны  MNS ISO 9001:2016 стандарт нь байгууллагын стандартын гэрчилгээ авснаар Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм. Энэ гэрчилгээ нь 2022 он хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх стандарт юм. Иймээс Чанарын менежментийн тогтолцооны стандартын тухай ойлголтыг үйлдвэрийн үндсэн цехийн зохих мэргэжилтнүүдэд хүргэхээр үндсэн цехийн ажилчдыг түлхүү хамруулж гурван өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтыг Эрдэнэт үйлдвэрийн Чанар хяналтын хэлтсээс зохион байгуулсан юм. “Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартын үндсэн шаардлагыг сургалтад оролцогчдод танилцууллаа. Энэ стандартын дагуу чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр гарах үр дүнг тооцохоос гадна PDCA мөчлөгийн дагуу үйл явцаар удирдах, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэх болно” гэж  Чанар хяналтын хэлтсийн чанарын мэргэжилтэн  Д.Шинэбаатар мэдээллээ.т     Мөн стандартчиллын суурь асуудал, нэгдсэн менежментийн тогтолцоо стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний хууль эрх зүйн орчны шинэчлэлийг танилцуулж стандартын баримт бичиг боловсруулах , хэлэлцэх, батлах үе шатуудад баримтлах арга зүйн заавруудыг танилцуулан нэгдсэн менежментийн тогтолцооны шалгуурын талаар сургалтад оролцогчдод  мэдээлэл өглөө. А.Бямбамаа Фото Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • Хяналт удирдлагын программ хангамж шинэчлэгдлээ

          Диспетчерийн хяналт удирдлагын СКАДА системийн программ хангамжийг Франц улсын Schneider electric фирмийн “CITECT SKADA-2018”-аар сольж, суурилууллаа.  Хоёр үе шаттай программ хангамж нэвтрүүлэх, суурилуулах, тохируулах  ажлыг  Цахилгааны цехийн Телемеханикийн хэсгийн инженерүүд  өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхэлж,  саяхан дуусгав. Одоо туршин зүгшрүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний объектуудыг алсаас хянаж,  удирдаж,  хэмждэг  СКАДА  системийн программ хангамж нь цех нэгжүүдийн цахилгаан, дулаан, уур, усны эрчим хүчний  тоног төхөөрөмжөөс  мэдээлэл хүлээн авч,  диспетчерийн хяналт удирдлагад оруулан, хэрэглэгчдэд тасралтгүй найдвартай хүргэх үндсэн үүрэгтэй. Өмнөх  программ хангамж нь 2008 онд суурилагдсан бөгөөд Эрдэнэт үйлдвэрт нэвтэрч буй ухаалаг төхөөрөмжүүдээс мэдээлэл авахад хүндрэлтэй, сүүлийн үеийн үйлдлийн системтэй нийцэж ажиллах боломжгүй зэргээс шалтгаалан ийнхүү шинэчилжээ.    CITECT SKADA-2018 программ хангамж нь орчин үеийн  бүх төрлийн контроллёр, микропроцессорын реле, ухаалаг хувиргагч, цахилгаан, дулаан, уур усны  хэмжих хэрэгслээс бодит цагийн горимын  мэдээлэл хүлээн авах, дамжуулах, боловсруулалт хийх чадвартай. Түүнчлэн  шаардлагатай чухал мэдээллийг бусдаас ялган харах, ангилах боломжтойгоороо  давуу талтай аж. Я.Энхтуяа Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • И.ЖАРГАЛСАЙХАН: Цогцолбор болон өргөжсөний давуу тал өдөр тутам харагдаж байна

         Эрдэнэт үйлдвэр, Төрийн өмчит үйлдвэрийн газар болсонтой холбогдуулан Сэлэнгэ амралтын баазын нэршил,статус өөрчлөгдсөн. Сэлэнгэ амралт аялал жуулчлалын цогцолборын өргөтгөлийн талаар И.Жаргалсайхан даргатай ярилцлаа.      -Шинээр байгуулагдсан Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын талаар мэдээлэл өгнө үү?      -Манайх Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын “Бүтцийн өөрчлөлт”-ийн тухай   2019 оны 4-р сарын 16-ны өдрийн шийдвэрээр Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолбор болж өргөжсөн. Энэ  бүрэлдэхүүнд Сэлэнгэ амралтын бааз,  Нийтийн хоолны хэсэг, Зочид буудал, Энэрэл төв, Хүлэмжийн хэсэг багтсан. Үүнээс гадна Нийтийн хоолны хэсэгт Ил уурхайн Катерингийн хэсэг бүрэлдэхүүнд нь багтан ажиллаж байгаа. Энэ бүтцийн өөрчлөлт нь үйлдвэрийн Ерөнхий захирлын  санал болгож, үүрэг даалгавар өгсний дагуу Сэлэнгэ амралтын баазыг түшиглэн Аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэхэд “ойролцоо үүрэг бүхий” хэсгүүдийг нэгтгэн “Аялал жуулчлалын цогцолбор” нэртэй байгууллага болон ажиллаж байна.        -Байгуулагдаад удаагүй шинэ цогцолбор ажлаа юунаас эхэлж байна. Цогцолбор болсны давуу тал юу вэ?     -Цогцолбор болсноос хойш бид зарим хэсгүүдэд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, хүний нөөцөө бүрдүүлсэн. Дээр нь бүх дотоод журам, хөдөлмөрийн гэрээг шинэчиллээ. Сэлэнгэ амралт, зочид буудалдаа  засвар үйлчилгээ хийлээ. Амралтын баазын доторх замыг бүрэн асфальтжуулан шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийж байна. Амралтандаа  Караокены өрөө, сургалтын иж бүрэн танхим тохижуулах ажил хийж байна.  Давуу тал нь гэвэл, хамт олноороо нэгдэн ажилласнаар бид, нэгдсэн нэг удирдлагатай, болсон. Ингэснээр байгууллагын  бүтээлч байдал нэлээд сайжирсан нь ажиглагдаж байгаа.  Ил уурхайн хоолны газар катеринг маань ажилчдын хоолыг хамгийн чанартай, илчлэгтэй цэвэр бүтээгдэхүүнээр хийж, элдэв амтлагч, бусад зүйлсээс зайлсхийж, чанартай хоолоор үйлчлэх үүрэг даалгавар аваад ажиллаж байна. Энэ нь манай ажлын бас нэг давуу тал.      -Аялал жуулчлал өнөө цагт ашиг орлого олох,  эдийн засгаа бэхжүүлэхэд  хамгийн үр дүнтэй салбарын нэг. Амралтын баазыг түшиглэн Аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн талаар өмнөх жилүүдэд хэрхэн  төлөвлөж  байсан бэ?      -Аялал жуулчлал  хөгжүүлэх түүхэн шаардлага мэдээж байсан. Хамтарсан үйлдвэрийн статустай байхад  бидэнд Аялал жуулчлал хөгжүүлэх таатай нөхцөл бүрэлддэггүй байсан. Үндэсний үйлдвэр болж, ТӨҮГ болсноор энэ салбарыг хөгжүүлэх боломж нээгдэж байгаа юм л даа.      -Хамт олныхоо Нэн түрүүнд эхлүүлсэн дорвитой ажлаасаа  дурдвал...?     -Бид аялал жуулчлалын эрх аваад, маршрут зохиож, энэ тал дээр түлхүү анхаарч ажиллана. Ерөнхий захирлын санаачилгаар “Ногоон хөгжлийн төв”-ийг манай амралтын бааз дээр барьж байгуулах шийдвэр гарсан. Шинэ төв дээр бид байгаль орчин, байгаль хамгаалал, экологийн талын хурал зөвлөгөөн байнга хийх бүрэн боломжтой. Энэ хүрээнд иж бүрэн өвлийн цогцолбор барилга байгууламж барих шийдвэр гарсан. Манай үйлдвэрийн Их барилгын хэлтэс дээр тендерийн асуудал нь шийдэгдээд явж байна. Энэ барилга байгууламж ашиглалтад орсноор манайд аялал жуулчлал хөгжүүлэх боломж бүрэн нээгдэж, жинхэнэ эко талаас нь хүн-байгалийн уялдаа холбоог ойртуулсан, байгаль ан амьтнаа хайрлан хамгаалах туризмыг хөгжүүлэх зорилготой цогцолбор бий болсон. Манай хамт олон ч идэвх чармайлттай сайн ажиллаж байна. Энэ үйл ажиллагааны үндсэн дээр манай аялал жуулчлал амжилттай сайн хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байгаа.      -Таны цаашдын ажилд амжилт хүсье.      -Баярлалаа. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье. Н.Батжаргал Дэлгэрэнгүй...
  • Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Монголоос хоёр дахин бага газар нутагт 82 сая хүн амьдарч байна

         Өнгөрсөн өвөл Эрдэнэт үйлдвэрийн шилдэг ажилчдын шинэ жилийн баярын цэнгүүний үеэр азтан тодруулж, Турк улсад аялах эрхийн батламж дөрвөн хүн сугалсан юм. Тэд саяхан Туркийн Анталья,  Истанбул хотоор долоо хоног аялжээ. Супер азтан, Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэтэй уулзаж аяллын сонин сайхнаас нь хуваалцлаа.      -Сайн явж ирэв үү. Эндээс хэдүүл явсан бэ?          -Шинэ жилийн баяраар гадаадад аялах эрхийн азтанаар тодорсон дөрвөн хүн гэр бүлийн хүний хамт наймуулаа Туркийн аялалд гарсан. Батламж дээр ...гэр бүлийн нэг гишүүний хамт аялах эрх олгов... гэсэн байсан юм. Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайхан, Засвар механикийн заводын инженер Казаков, Баяжуулах үйлдвэрийн Өргөх тээвэрлэх хэсгийн инженер Гантулга бид хэд гэргий нартайгаа аяллаа.      -Эхлээд Анталья орсон уу?             -Киргизийн нийслэл Бишкекээр дайраад Туркийн аялал жуулчлалын хот Антальяд ирсэн. Газар дундын тэнгисийн хойд эрэг дээр байрладаг энэ хот 2,5 сая хүн амтай, аялал жуулчлал их хөгжсөн газар. Бид тэнд гурав хоносон. Жуулчдын ихэнх нь оросууд. Анталья хотод ажиллаж, амьдардаг иргэд, худалдаа наймаа, үйлчилгээ эрхэлж буй бүх хүн орос хэлтэй. Тэр нь бидэнд заавал орчуулагч, хөтчийн туслалцаа шаардлагагүй их амар байлаа. Манайхан Солонгос явж ажил хийдэг шиг Оросын бага ястнууд тэнд олноороо ажил хийдэг юм байна.      -Эртний уламжлалт харилцаатай улс л даа.      -Тийм шүү. Хойд талаараа Хар тэнгисээр хиллэдэг. Бид тэнд таван одтой зочид буудалд байрласан. Үйлдвэр маань биднийг өндөр хэмжээнд аялуулсан гэсэн үг. Дотроо олон бассейнтай, ресторан, лонжуудтай, далайн эрэг дээр орой болгон шоу, үзэсгэлэн болно. Тэдгээр нь бүгд үнэгүй. Буудлын таних тэмдэгтэй хүмүүс вино, зайрмаг, ундаа, ус, хоол, хүнс, амттан бүгдийг үнэгүй хэрэглэнэ. Харин массаж, далайн аялал зэрэг ганцаарчилсан үйлчилгээнүүд нь тусдаа үнэлгээтэй. Газрын дундад тэнгисийн далайн усанд шумбалаа. Далай дээгүүр шүхрээр нислээ. Далайн ус бүлээхэн сайхан байна. Банана гээд нарийн урт завин дээр 20-иод хүн суулгаад чирээд давхих юм. Цасны завь шиг юманд хүмүүс суулгаад усны долгио сөрөөд хурдална. Би айгаад суугаагүй.      -Антальяд нүд хужирлах түүхийн үзмэр юу байна?      -2100 жилийн өмнө Ромын эзэнт улсын үед байгуулсан задгай чулуун театрын туурь байна. Сэргээн засварласан задгай театр үнэхээр гайхамшигтай.      -Ази, Европыг дамнан орших Турк улсын газар нутгийн байршил нь өвөрмөц сэтгэгдэл төрүүлэв үү?     -Тэгэлгүй яахав. Хойд талаараа хар тэнгисээр Оросын холбооны улсуудтай, зүүн хойд талаараа Сири, Ирак гээд булангийн орнуудтай холбогддог. Урд талдаа газар дундын тэнгис, хар тэнгисийг холбосон, ердөө нэг км хэрийн өргөнтэй Босфорын хоолой байна. Энэ хоолой Ази, Европыг салгана. Түүнийг үзэх гэж усан онгоцоор хоёр цаг хэртэй аяллаа. Баруун тийш харахаар Европ, зүүн тийш харахаар Ази тив.    Газар нутгийн байрлал нь үнэхээр онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Европ, Ази, Африкийн орнууд нээлттэй.      -Эртний түүхийн гэрч Истанбул хотод юу үзэв?        -Бид дотоод нислэгээр Истанбулд буусан. 20 сая хүнтэй, түм түжигнэж бум бужигнасан газар байна. Дэлхийн хамгийн том захаар орж үзлээ. Цай, кофе жимсний төрөлжсөн Мессир зах байна. Эртний цайз, хэрэм, сүм, музей олонтой. Сүмд ёсыг даган гутлаа тайлж орж үзлээ.      -Лалын шашинтай болохоор хүүхнүүд нь гэвлүүртэй явна уу?      -Гэвлүүртэй хүүхнүүд байна. Шашнаас гадна нөхөр нь эхнэртээ гэвлүүр зүүлгэх эсэхийг шийддэг гэнэ шүү. Эхнэрээ өөр хүнд харууламгүй бол гэвлүүр зүүлгэнэ. Ер нь эцгийн эрхэт ёс ноёлдог. Тероризмын аюул нүүрэлдэг болохоор том дэлгүүр, үйлчилгээний газар ороход рентген шалгуур, буутай цэрэг, цагдаа байнга байх нь жаахан түгшүүртэй. Монголоос хоёр дахин бага газар нутагт 82 сая хүн хэрүүл шуугиангүй амьдарч байна.      -Хүн зоны харилцаа нь найрсаг тайван юм уу?      -Истанбул дээр үеийн хот болохоор зам харгуй, гудамж нь нарийн, машин тэрэг олонтой, түгжрэл ихтэй. Гэсэн ч хэзээ ч сигналдахгүй, хүмүүс нь тайван, бие биедээ хүндэтгэлтэй. Алтаар баян орон юм уу гэж ойлгосон. Алтан эдлэл тэнд нэг их үнэтэй биш. Монголд нэг грамм алт 90-100 мянган төгрөг байхад тэнд 70 мянга орчим байна. Истанбулд ажиллаж, амьдардаг монгол оюутнууд олон. Нэр хүндтэй монгол эмч нар байдаг тухай ярьж байсан. Долоо хоногийн хугацаанд бүгдийг үзэж амжаагүй ч Турк улсын талаар сайн ойлголттой ирсэн. Эцэст нь хэлэхэд ийм сайхан сугалаа санаачлан зохион байгуулж, бүх зардлыг дааж явуулсан Эрдэнэт үйлдвэрийнхээ удирдлага, хамт олонд баярласнаа багийн гишүүдийнхээ өмнөөс илэрхийлье.     -Баярлалаа.  М.Одгэрэл     Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр волейболын Үндэсний дээд лигийн тэмцээн ивээн тэтгэнэ

       “Эрдэнэт” нийгмийн хариуцлагатай жишиг үйлдвэрийн хувьд спортыг дэмжиж ирсэн уламжлалтай. Энэ удаа Эрдэнэт үйлдвэр Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллахаар болов. 2012 оноос хойш завсарлаад байсан дээд лигийн тэмцээн энэ сарын 25-наас 11-р сарын зургааны өдрүүдэд  явагдана. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын волейболын холбооны Ерөнхийлөгчөөр 12 жил ажилласан бөгөөд одоо ч тус холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг. Иймээс энэхүү тэмцээнийг сонирхолтой хэлбэрээр Зохион байгуулах хороог тэрээр ахалж байна.     Тэмцээнд эрэгтэй долоо, эмэгтэй зургаан баг оролцохоор мэдүүлэг ирүүлсэн. Эхний тойргийн болон шувтаргын тоглолт Улаанбаатар хотын Спортын төв ордонд явагдах юм. Харин тэмцээний нээлтийн ёслол 11-р сарын есөнд, хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд 11-р сарын 8, 9, 10-нд Эрдэнэт хотод явагдана. Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний нээлтийн ёслол орон нутагт анх удаа болж байгаагаараа онцлог гэж Монголын волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан ярьсан юм. Удирдамж ёсоор баг бүр легионер хоёр тамирчинтай тэмцээнд оролцох ажээ.      Монголын волейболын Үндэсний дээд лигийн таван удаагийн аварга, залуучууд, идэрчүүдийн Улсын аваргын тэмцээнд зургаан удаа дараалан түрүүлж дээд амжилт тогтоосон Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” багийн найм дахь үеийн тамирчид энэхүү тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байна. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өөрийн багийн эрэгтэй, эмэгтэй тамирчдын бэлтгэлтэй танилцав.                                   М.Одгэрэл Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Мэдээ
   Монгол Улсад Нийтийн аж ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Аж ахуй, үйлчилгээний цехийн зарим ажилтныг Засгийн газар, салбарын яамдын шагналаар шагнав. Тус цехэд он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, ажлын байрны тохь тух, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад идэвх санаачилга гаргасан Аж ахуй, үйлчилгээний цехийн ажилтан Ц.Эрдэнэболд, Б.Болднасан, Д.Энхмаа нарыг Уул уурхайн яамны “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр, ажилтан Н.Нарантуяаг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр, ажилтан А.Ариунбаярыг Засгийн газрын “Биеийн тамирын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнасныг  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа нар гардуулж, баяр хүргэлээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн бүс болон бүхий л ажлын байрны гадаад дотоод тохижилт, үйлчилгээг хариуцдаг Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олонд ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.
   Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээний соёл, чанарыг шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлэн ажиллаж буй тус хамт олон амжилт ололт дүүрэн ойн баяраа тэмдэглэлээ.  Засгийн газрын ордны Төр захиргааны үйлчилгээ эрхлэх газрын Сургалтын төвтэй хамтран ажиллаж, “Мастеруудын уулзалт”, “Цэвэрлэгч солилцоо” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний стандартыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн Нийтийн аж ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойг угтан үйлчлэгчдийн дунд ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулж, 9 цехийн 22 ажилчин  онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн зэрэг олгох шалгалт гэсэн үзүүлэлтээр өрсөлджээ. Эхний үзүүлэлт буюу албан тасалгааны цэвэрлэгээ үйлчилгээний ангилалд ажилтан О.Энхзул, бие засах газар, угаалгын өрөөний цэвэрлэгээ, үйлчилгээний ангилалд ажилтан Ч.Буянхишиг нар манлайлж, мэргэжлийн зэргийн 2,3 дугаар болзлыг тус тус хангасан байна. 
 
М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн
 
 
 
 
 
 
 
 

   Өглөөний 08:00 минут... “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиргааны 2-р байр буюу бидний хэлж заншсанаар Гендирекцид цагаан халаадтай эмч мэргэжилтнүүд бужигнасан хөл хөдөлгөөнтэй өглөө Пүрэв гаригийн ажлын өдрийн эхлэл байлаа.  Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн тэмдэглэлт өдрүүдийн нэг  “Зүрх судасны өвчлөлтэй тэмцэх” өдрийг угтан Эрдэнэт сувиллын цогцолбороос 5 өртөө бүхий эрүүл мэндийн сурталчилгааны  цогц өдөрлөгийг ажлын байранд зохион байгуулав. Тэд энэ өдөр эрүүл мэндийн асуумж бүхий хуудас, ОМЕГА-3, Дуовит зэрэг амин дэм эрдсүүдийг ажилтнуудад тараан, эмчийн зөвлөгөө, эрүүл өглөөний цайтай угтсан юм. Тус сувиллын цогцолборынхон Эрдэнэт үйлдвэрийн 6586 ажилтан  ажиллагсад, ахмадууд болон МШӨ-ийн хувь тогтоолгосон ажилчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй. Тиймээс энэ удаа ээлжит үйл ажиллагаагаа “Зүрх судасны өвчлөлөөс  урьдчилан сэргийлье” өдөрлөгөөр үргэлжлүүлж буй нь энэ юм.   
 
   Өдөрлөгийн зорилго чиглэл, ач холбогдлын тухайд  Эрдэнэт сувиллын цогцолборын ерөнхий эмч Ж.Ганчимэг ярихдаа:
 
 
   “Зүрх судасны өвчлөлийн эрсдлээс сэргийлэх дэлхий нийтийн өдрийг угтан манай сувиллаас  үйлдвэрийн нийт ажилтнууддаа зориулан томоохон хоёр  үйл ажиллагааг  захиргааны 1,2-р байранд зохион байгуулж байна. Өнөөдөр бид ажилтнуудын дунд өртөөчилсөн зөвлөгөө,  сурталчилгааны ажлыг өрнүүлж, биеийн жинг хэмжих, индекс тодорхойлох, даралт үзэх, эмчийн зөвлөгөө гэсэн 5 өртөөгөөр үйлчлэхийн зэрэгцээ дасгал хөдөлгөөн заах юм. Ажилтнууд 5 өртөөгөөр дамжин  зүрх судасны өвчлөлийн эрсдэлээ тооцуулахын зэрэгцээ, хоол хүнсний зөвлөгөө авч, эмийн бус аргаар хэрхэн эрүүл мэнддээ анхаарах талаар зөвлөгөө авах боломжтой. Бид зүрх судасны өвчлөлийн үеэр идвэл зохистой хоол хүнсний талаар мэдээлэл өгч, мэргэжлийн хоол зүйчийн заавраар өглөөний цайгаар дайлж,  жор зөвлөж байгаа. Үйлдвэрийн ажилчдын өвчлөлийн дийлэнхи хувийг хоол боловсруулах замын өвчлөлүүд эзэлдэг. Зүрх судасны өвчлөл ч бас түгээмэл байна.  Тийм учраас эрүүл мэндийн хамгийн зөв дадлыг сурталчлах нь манай өдөрлөгийн үндсэн зорилго юм. Зүрх судасны өвчлөлийг үүсгэж буй эрсдэлт хүчин зүйлсэд буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс, архи тамхины хэрэглээ, илүүдэл жин багтдаг. Тиймээс зүрх судасны өвчлөлд өртөх эрсдлийг тодорхойлж, цогц зөвлөгөөг өгч байгаа юм.  Маргааш буюу 10-р сарын 4-нд Ерөнхий захиргааны 1-р байр буюу үйлдвэрлэлийн бүсэд зохион байгуулж, цаашдаа цехүүдээр дамжуулан нийт уурхайчдад эрүүл мэндийн болон сэтгэл зүйн зөвлөгөөг өгч ажиллахаар зорьж байгаагаа онцоллоо.
 
 
   Зүрх судасны өвчлөл нь  Монгол улсад төдийгүй  олон улсад тархалт ихтэй  өвчлөлийн нэг болж буйг судалгааны дүн харуулдаг. Энэ ч утгаараа үйлдвэрийн ажилчдын зүрх судасны өвчлөлийг бууруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа тухай Эрдэнэт сувиллын цогцолборын зүрх судасны эмч Д.Оюундэлгэр ярьсан юм.
 
 
   Түүнээс сувиллын эмч мэргэжилтнүүдийн хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар тодруулахад, “9-р сарын сүүлийн 7 хоногийн бямба гаригийг дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “Зүрхээ хамгаалах өдөр” болгон зарласантай холбогдуулан Эрдэнэт сувиллын цогцолборын хамт олон нийт тасаг нэгжүүддээ зүрх судасны өвчлөлөөс хэрхэн сэргийлэх, өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах, ямар дэглэм барих шаардлагатай тухай мэдээлэл хүргэж, цех хариуцсан эмч нар сургалт өдөрлөг зохион байгуулсан. Зүрх судасны өвчлөлийг бууруулахад хоол зүй, даралт бууруулах цэгэн бариа, хоол хүнсний хэрэглээ, эмч нарын зөвлөгөөг хүргэж байна. Цуврал үйл ажиллагаа цаашид үргэлжилнэ гэж хариулсан юм. 
 
   Өдөрлөгийн үеэр ажилчид жингээ үзүүлж, эмчийн зөвлөгөө авахын зэрэгцээ эрүүл мэндэд тустай өглөөний цай ууж, хэрхэн бэлтгэх талаар мэдээлэл авч байлаа. Түүнчлэн зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөнийг нийтээр сурч, хэвшил болгох шаардлагатайг ажилтнуудад зөвлөсөн. Эрдэнэт сувиллын цогцолборынхны өглөөний цайтай өдөрлөгт оролцсон ажилтнууд сэтгэгдлээ ийн хуваалцав. 
 
   Маркетингийн  хэлтсийн менежер Д.Түвшинтөр:

 
   “Суудлын ажилтай хүмүүст өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх шаардлага тулгардаг. Энэ нөхцөл байдлыг бүрдүүлж, эмч нар зөвлөж буйд талархаж байна. Энэ өдөрлөгөөр биеийн жингийн индексээ үзүүлж, бага зэргийн жингийн илүүдэлтэй гэдгээ мэдлээ. Урьд нь мэддэггүй байсан. Эрүүл мэнддээ анхаарах нь чухал гэдгийг илүү ойлгож авлаа. Ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн сайхан арга хэмжээ болж байна”. 
 
   Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Л.Дэлгэрмаа:
 
 
   “Өнөөдрийн үйл  ажиллагаа маш үр дүнтэй, сэтгэлд хүрсэн ажил болж байна. Тэр бүр ажлын цаг заваас шалтгаалж эмнэлэг орж, эмчийн зөвлөгөө авч чаддаггүй байсан бол иж бүрэн үйлчилгээг ажлын байранд хүргэж байгаад баяртай байна. Даралтаа  үзүүллээ. Эрүүл мэнддээ анхаарч, физик эмчилгээ хийлгэж байх хэрэгтэй  гэдгийг эмч зөвлөсөн. Сэтгэлд нийцсэн үйл ажиллагаа зохион байгуулсан Эрдэнэт сувиллын цогцолборын хамт олонд баярлалаа”.
 
   Ерөнхий механикийн хэлтсийн оношилгооны инженер Ш.Эрдэнэтуяа:
 
 
   ”Даралт үзэж, эмч нар зөвлөгөө өгч байгаа нь их таалагдлаа. Биеийн жин үзэж, индекс тодорхойлж байгаа нь хүмүүст хэрэгтэй мэдээлэл болж байна. Миний хувьд хэвийн жинтэй байна гэсэн. Эрүүл зөв хооллолт болон амин дэмийн талаар зөвлөгөө өгсөн нь их таалагдлаа. Та бүхэнд баярлалаа.
 
   Ийнхүү ажлын байрандаа эрүүл, шим тэжээлтэй өглөөний цай ууж, дэргэдээсээ мэргэжлийн эмчийн зөвлөгөө сонссон өглөө ажилтнуудад урам зориг, эрч хүч бэлэглэв.  Тэд бас эмгүй эмчилгээ, нэмэлт амин дэмийн ач холбогдлын талаар мэдээлэл авч, хямдралтай худалдаагаар үйлчлүүлсэн. Эрдэнэт сувиллын цогцолборын 30 гаруй эмч мэргэжилтнүүдийн сэтгэл зүтгэлээ шингээсэн “эрүүл, өглөөний цай” бүхий өдөрлөг, хөтөлбөр цаашид үйлдвэрлэлийн цехүүдэд ч үргэлжлэх ажээ. 
 
 
 
 
 
 
 
Э.Мөнх-Уянга
Фото: Ш.Лхамсүрэн

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог