• Цагаан тоос цаашилсаар...

    Цагаан тоосны дэгдэлтийн талбайгаас сурвалжиллаа. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд үйлдвэрлэлийн хаягдал булингаас үүсдэг хуурай элс, салхинд дэгдсэнээс “цагаан тоос”-ны асуудал эхлэлтэй. Энд 2000 гаруй га талбайг Хаягдлын аж ахуй эзэлдэг. Үүний 1400 гаруй га нь хуурай талбай бол 900 орчим га талбайг цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс гэдэг. Хамаг сайхны эхлэл хавар цагтай зэрэгцэн айлчилдаг хавсарга салхины улирал “цагаан тоос”-ны жинхэнэ ташуур болох нь бий. Чухам энэ л цаг үед Эрдэнэт үйлдвэрийнхэн ч цагаан тоос дарах ажлаа эрчимжүүлж, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Цагаан тоос дарах ажлын алба, Авто тээврийн цех, Ган бөөрөнцгийн цехийн хамтарсан багийнхан ажлын цагаа уртасгаж, амралтын өдрүүдээ хугаслан ажилладаг юм. Өнөө жил ч цаг агаарын онцлогт уялдуулан цагаан тоос дарах ажлаа үргэлжлүүлж байна. Энэ удаа биднийг газарчилсан Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн Хяналт, мониторинг хариуцсан инженер Н.Наранчимэг ярихдаа “Өнөөдрийн байдлаар, Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах байнгын ажлын алба, Ган бөөрөнцгийн цехийн нийт 11 хүний бүрэлдэхүүн цагаан тоосны талбайд хүч нэмэгдүүлэн, өдөр бүр 20 цаг хүртэл ажиллаж байна. Цагаан тоос дарахдаа бид олон технологийн аргыг хослуулан ашигладаг. Хөрсөөр хучих, кальци хлоридын уусмалыг устай хольж зориулалтын техникээр шүрших, нөхөн сэргээлтийн ажилд ашиглаж байсан хуучин тороор хуурай талбайг хучих гэх зэрэг янз бүрийн хэлбэрээр дарж байна. Хаягдлын аж ахуйд Авто тээврийн цехийн 40 тонны даацтай гурван БелАЗ байнга ажилладаг. Эдгээр техникээр өдөрт 50 орчим удаа ус зөөвөрлөж, шүршигч төхөөрөмжөө цэнэглэн талбайг норгож байна. Бид өнгөрсөн хавраас поликулиант буюу холигч бодис ашиглан барьцалдуулах технологийн арга туршиж эхэлсэн нь үр дүнтэй болж, нийт талбайнхаа 80 хувийг нь дараад байгаа. Одоо үлдсэн 20 хувийг дарна. Энэ хэсэг нь талбайн булан тохой учраас хүнд даацын техникүүд элсэнд шигдэх, техникийн боломж хүрэлцэхгүй, технологийн онцлог зэргээс шалтгаалан  хүндрэлтэй байдал үүсгэдэг. Тиймээс энэ хэсгийн талбайд хүрч дарах ажлыг зохион байгуулж байна. Өмнө нь салхины хурд 4 метр секунд хүрэх төдийд л тоос дэгдэж эхэлдэг байсан бол одоо 12 метр секунд хүртэл хурдтай салхинд зөвхөн үлдсэн 20 хувийн талбайгаас цагаан тоос босож байгаа” гэсэн юм.    Цагаан тоос дарах ажилд Эрдэнэт үйлдвэр жил бүр 1 тэрбум орчим төгрөг төлөвлөж зарцуулдаг. Үүний ихэнх хэсэг нь техник, тоног төхөөрөмжийн зардал аж. Цагаан тоос дарахад зардал, мөнгөнөөс гадна байнгын ажиллагаа шаардлагатай. Учир шалтгаан нь үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа, хүдэр боловсруулалтын хэмжээ өссөнөөр булинга элсний хуримтлалын талбай тэлж байгаатай холбоотой. Тиймээс ч үйлдвэрийн удирдлага Хаягдлын аж ахуйн ирээдүй, онцолбол шинэ аж ахуй байгуулах тухайд ч санал бодлоо хэлэлцэж буй.  Нөгөөтээгүүр, цагаан тоосыг бүрэн дарж дуусгахад үйлдвэрлэлийн хаягдлын технологийг өөрчлөх учиртайг үйлдвэрийн мэргэжилтнүүд ярьдаг. Өөрөөр хэлбэл, хаягдал булингын шинж чанарт нөлөөлөх технологи буюу өтгөрүүлэх аргын судалгаа болон техник эдийн засгийн үндэслэлийг Хөгжлийн хэлтсийнхэн Канад улстай хамтран хийж байна. Оюутолгойн үйлдвэрлэлийн хаягдал булинга нь 70 хувийн хатуулагтай байдаг бол манай үйлдвэрийнх 20 хувь байдаг байна. Тиймээс дээрх судалгааг хийж нэвтрүүлснээр шингэн булингыг өтгөрүүлэх,  нарийн ширхэгтэй тоос болж дэгдэх эрсдэлийг багасгах боломжтой болох юм. Ингэж зөвхөн өнөөдрөөр бус маргаашийг хэрхэн төлөвлөх талаар инженерүүд  урьдчилан олон талаас нь судалж байгааг дурдах нь зүйтэй. Цагаан тоосны талбайд ажиллаж буй ажилчид тоос дарах аргын үр дүнг газар дээр нь харж буйгаа хэллээ. “Кальци хлоридын уусмал буюу давстай усаар шүрших арга үр дүнтэй. Барьцалдамтгай чанартай учир наранд удаан хатдаг юм байна. Шүрших зориулалттай машин 8 тонны даацтай, нэг удаа 200 метр орчим талбайг шүршиж хүрэлцдэг” гэж Ган бөөрөнцгийн цехийн Цувих шугамын оператор Л.Өлзий ярив. Харин хөрсөөр хучих аргаар дарж буй хаялтын цэгээс Цагаан тоос дарах ажлын албаны Байгаль орчны инженер Б.Моломжамц мэдээлэхдээ “Өдөрт хоёр белАЗ 45-50 удаагийн эргэлтээр шороо зөөж байна. Хөрсөөр хучсан талбайд дахин хаягдал булинга нэмэгдэхгүй тохиолдолд цагаан тоос дахин дэгдэхгүй. Тиймээс хөрсөөр хучих нь найдвартай аргын нэг” гэсэн юм.    Цагаан тоос хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа гэх яриа мэр сэр гардаг. Мэдээж, үүнд тодорхой бөгөөд үнэн хариулт хэрэгтэй. Тиймээс Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, хүн болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах,  урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд 2006 оноос эхлэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээг үе шаттай зохион байгуулж ирсэн юм. Эрүүл мэндийн үзлэгт цагаан тоосны бүс гэж нэрлэдэг Орхон аймгийн Баянцагаан, Говил баг болон Жаргалант сумын зарим нутагт амьдардаг ард иргэдийг хамруулдаг. Уг үзлэгийг жил бүр Орхон аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, “Эрдэнэт” сувиллын цогцолбортой хамтран зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч нарын баг болон бусад хөндлөнгийн хяналтын байгууллагуудыг оролцуулж байна. Өнгөрсөн онд л гэхэд цагаан тоосны бүс нутагт оршин суудаг 488 иргэнийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж, нарийн мэргэжлийн эмч нар зөвлөмж зөвлөгөө өгсөн. Шинжилгээг аймгийн Эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтнүүд хийж, цагаан тоос хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлээгүй болохыг тогтоожээ. Иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэх талаар олон төрлийн судалгаа байдаг ч нарийн мэргэжлийн багийнхны үнэлгээ хийлгэхээр Эрүүл мэндийн яаманд хандаад буй. “Ковид-19” халдвараас шалтгаалан энэ ажил түр хугацаагаар хойшлоод байгааг Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.Болормаа ярилаа.     Эрдэнэт үйлдвэр цагаан тоосноос салах ажлыг эрчимжүүлж, уурхайчид онцгой анхаарч, ажлын албаныхан, байгаль орчныхон хүч, сэтгэлээ нэгтгэн  ажилласнаар цагаан тоос цаашилж байна. Гэхдээ нэг удаа дараад зогсох бус, уйгагүй тасралтгүй ажиллагаа, бас цаг хугацаа л “цагаан тоос”-нд хэрэгтэй.  М.Балжинням Фото Б.Баттөгс  Дэлгэрэнгүй...
  • Шилдэг шинийг санаачлагч

      Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны шилдэг шинийг санаачлагч, Автотээврийн цехийн Эрчим зүйн албаны тэргүүлэх эрчим зүйч А.Батдорж, түүний хамт олны ажил үйлсийн тухай өгүүлэх нь.   1990 онд Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг Уулын цахилгааны инженер мэргэжлээр төгссөн тэрбээр  яамны томилолт өвөртлөн Эрдэнэтийг зорьжээ. Завхан нутгийн хүү, сургаар мэдэх болсон энэ хотод хөл тавьсан тэр нэгэн өдрөөс хойш өдгөө 30 хаврыг үджээ. Засвар механикийн заводын Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсгээс хөдөлмөрийн гараагаа мастераар эхэлж, 1995 он хүртэл ажилласан. 1995 оноос өнөөг хүртэл Авто тээврийн цехэд энэ л албанд  зүтгэсээр. Одоо тэр Эрчим зүйн 62 хүнтэй хүчирхэг албыг тэргүүлэн ажиллаж буй. Энэ алба Авто тээврийн байгууллагыг уур, ус, дулаан, цахилгаанаар найдвартай хангах үндсэн үүрэгтэй. Тэдний харьяанд Шатахуун түгээх станц, Технологийн тээврийн, Төрөл бүрийн маркийн  автомашины, Тусгай зориулалтын автомашины засварын газруудын машин угаалга, гараажууд ч харьяалагдана. Машин угаах, шатахуун түгээх гээд л үйлдвэрийн хэмжээний  нэн чухал албыг тэд залгуулдаг. Эднийхэн 2019 онд ажил үйлс, ХАБЭА, бүтээмж инноваци, сахилга дэг журам гээд л бүхий л үзүүлэлтээрээ Авто тээврийн цехийн бүх хэсгээс тэргүүлсэн. А.Батдоржоор ахлуулсан энэ баг үндсэн үүргээ чанд биелүүлэхээр ажлаа хязгаарлахгүй.  “Ахлагч”-ийн толгойд  шинийг эрэлхийлэх, эрчим хүчний орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, зардал  хэмнэх бодол байнга эргэлдэнэ. Үйлдвэрийн ажлын байранд лед гэрэл суурилуулах төслийг эднийх анх хэрэгжүүлсэн гэдэг. Цахилгаан эрчим хүч ихээхэн хэмнэсэн энэ туршлагыг Эрдэнэт үйлдвэр даяар нэвтрүүлсэн. Тэр, автомашиныг шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх станц байгуулах санаачилга гарган ашиглалтад оруулснаар суудлын 20 машины зөвхөн түлшний үнийн зөрүүгээс сард 5,1 сая төгрөг хэмнэжээ. Түүний санаачилсан “Автомат мэдрэгчтэй шүршүүр” төсөл үйлдвэрийн хэмжээнд шалгарч хэрэгжсэн. Түүнчлэн “Нарны толин гэрэлтүүлэг” зэрэг төсөл хэрэгжүүлснээр ус, цахилгаан эрчим хүчийг ихээхэн хэмнэжээ. Өнгөрсөн жил цехийн ажлын байрны дулааны системийн 30 хувийг нь шинэчилжээ. Тухайлбал, багахан гурван өрөө тус бүрийг 22 квт-ын хөдөлгүүртэй  вентилятороор халаадаг байсан бол 7,5 квт-ын орчин үеийн ганц вентилятороор  эдгээр өрөөг дулаанаар үлээх системд холбожээ. Энэ хэрээр зардал буурах юм. Мөн машиныг шлянкаар угаадгийг халж, тусгай зориулалтын компрессор ашигласнаар усны хэрэглээ үлэмж багасжээ. Эрчим хүч хэмнэж, эх дэлхийгээ аврах үйлсэд эдний хамт олон жинтэй хувь нэмэр оруулж буй нь тодорхой. А.Батдорж хамт олноо байн байн магтана. Манайхны ихэнх нь залуус. Ажилдаа өөриймсөг ханддаг, санаачилгатай, хөдөлмөрч нь дэндсэн л гэнэ. “Үндсэн ажлынхаа зэрэгцээ төсөл санаачлах, түүнийг хэрэгжүүлэхэд бүгд л эрвийх дэрвийхээрээ оролцдог. Ажлын орчноо тохь тухтай, цэвэр цэмцгэр байлгах нь манайханд хэвшсэн ажил” гэв.  Бид БелАЗ-ын гарааж дахь Эрчмийнхний ажлын байрыг сонирхлоо. Энд угаас гарааж бус “Аптек” гэмээр цэвэрхэн, урлаг, спортын танхим мэт цэлгэр. Хэзээ ч ороод очиход бүртийх төдий ч тоос шороо, тос маслыг эндээс олж харахгүй. Эднийхний санаачилж, байгуулсан Ус хөргөх зориулалттай усан сан цэмцийнэ. Том ёмкост ашиглан хийсэн энэ сангийн эргэн тойрны бүх зүйл эмх цэгцтэй, цайвар цэнхэр өнгөөр будсан бетонон шал шил толь мэт. Түүн дээр усны дусал ч алга.  Танай үйлчлэгч их ажилсаг, нямбай хүн бололтой гэхэд: “Манайд орон тооны үйлчлэгч үгүй. Ажлаа хийчхээд ажлын байрыг цэгцэлж, цэвэрлэх нь манайхны сурсан зан” гэв.  Багаж олгодог, бас чөлөөт цагаа өнгөрөөх багахан өрөөгөөр орлоо. Тэнд байх бүхий л зүйлийг тэд өөрсдөө бүтээжээ. Диван, сандал, ширээ, бас багажийн шкафыг хаягдал поошик ашиглан хийсэн байна. Багажийн шкаф дотроо эргэдэг тавиур өлгүүртэй. Энд багаж бүр өөрийн байртай, эмх цэгцтэй.  Хэн, хэзээ, хэдэн ширхэг ямар түлхүүр авсныг тэмдэглэх дэвтэр ч үүн дотор байх. Энэ шкаф их эрэлттэй, үзэсгэлэн худалдааны үеэр үүнийг захиалж авдаг хэрэглэгч олон гэнэ.          Энэ гараажид цахилгаан хуваарилах дэд станц байрладаг. Түүнд төмөр сараалжин хашаа хийж, тэмдэг, тэмдэглэгээ, зураг плакат байрлуулсан нь аюулгүй ажиллагааны шаардлагад нийцсэн, өнгөлөг гоёмсог болжээ. Цехийн хэмжээнд   таван дэд станц байдаг бөгөөд бүгдийг нь ийм болгосон гэсэн. Ажлын байраа танилцуулж явахдаа А.Батдорж ажил хуваарилах өрөөг хамт олныхоо хандиваар тохижуулж байгаагаа ярьсан. Тансаг сайхан өрөөтэй болно оо, бид. Тохижуулж дуусахаар нь ирж үзээрэй. Ажилчид маань наръядаа аваад ажилд гарахдаа сэтгэл тэнүүн сайхан байх болно. Энэ ч ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө гэв.      Бүтээмжийн менежер Ж.ПҮРЭВСҮРЭН: “Манай тэргүүлэх эрчим зүйч А.Батдорж их санаачилгатай, бүтээлч хүн. Шинэ зүйл санаачлах үйлст хамт олноо үлгэрлэн дагуулж, залуусыг хөгжиж, шинээр сэтгэхэд сэдэлжүүлэн ажилладаг. Эдний ажлын байр үлгэр жишээ, санаачилсан бүхэн нь үр ашигтай байдаг. Ноднин хийн компрессорыг Ил уурхайтай ойролцоо суурилуулах санаачилга гаргаж хэрэгжүүлсэн нь зардал хэмнэсэн сайхан ажил болсон” гэсэн юм. Бид Ил уурхай дахь БелАЗ-ын зогсоол дээр байрлах компрессорыг үзлээ. БелАЗ-ын гарааж дээр өндөр хүчин чадалтай хийн компрессор суурилуулж, хуучныг нь энд байрлуулжээ. Ингэснээр БелАЗ-ын дугуй хийлэх зайг ойртуулж, хэмнэлт гаргах үндэс болсон байна.  БелАЗ-ын нэг дугуй дунджаар 64,9сая төгрөг байдаг. Түүний зургаан дугуйг жигд хийтэй ажиллуулснаар даац хэвийн, эд ангид эвдрэл бага байж, ажлын бүтээмж дээшилж, эдийн засагт хэмнэлт гардаг аж. Компрессорыг Ил уурхайд ойртуулснаар дугуйн хийг нэмэх, шалгах тоо жилийн хугацаанд 120-оор нэмэгджээ. Энэ нь жолооч нар дугуйндаа хяналт сайн тавьж байгааг харуулж буй аж. Дугуй хийлэхээр БелАЗ-ын гарааж руу очиход 4, км, харин эндээс 2 км.  Хүдэр тээвэрлэдэг 30 БелАЗ жилийн турш 8269 км сул явалт хэмнэсэн байна. Үүнийг мөнгөн дүнгээр авч үзвэл 102, сая төгрөгийн дизель түлш, тос тосолгооны материал, авто дугуйн элэгдлийн зардлын бодит хэмнэлт гарчээ. Энэ төсөл зардлаа хасаад 95,2сая төгрөгийн үр ашигтай болсон гэж эдийн засагчид тооцжээ. А.Батдорж энэ төслөө улам сайжруулан төгс болгох зорилттой байгаагаа ярьсан. Эдний албаныхан Ил уурхай дээр зөөврийн ШТС барьсан бөгөөд үүнийхээ дэргэд компрессор байрлуулах гэнэ. Ингэснээр жолооч шатахуунаа авах хооронд дугуйн хийгээ шалгах, нэмэх боломж бүрдсэнээр илүү ихийг хэмнэнэ гэж үзжээ.    Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж буй энэ үед та бүхэн ямар хэмнэлт гаргах вэ? гэсэн асуултад тэр: “Гадна температур дулаарч буйг ашиглан хүн ажилладаггүй хэсэг, тухайлбал, гараажуудынхаа дулааныг 4-р сарын нэгнээс хэсэгчлэн хааж эхэллээ. Ингэснээр дулааны зардлыг 30 орчим хувиар хэмнэх тооцоо гарч байгаа” гэв.  Эрдэнэт үйлдвэрийн Шилдэг шинийг санаачлагч А.Батдорж эрчим хүчний хэрэглээнд байнга хяналт тавьж, дүгнэлт хийж,  уур, ус, цахилгаан, дулааныг үр өгөөжтэй ашиглаж, хэмнэх боломжийг эрэлхийлэн, ажлын байрыг тав тухтай байлгахын  төлөө  оюунаа чилээж  явна.         Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр - 04 дүгээр сарын 08

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 98 дахь өдөр. Он дуусахад 267 хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө 4-8 градус дулаан, шөнөдөө 0-2 градус хүйтэн, бага зэргийн хур тунадастай, салхины хурд 5-6 м/сек байна.     3. Аргын тооллын 4 сарын 8. Буд гариг. Билгийн тооллын 15. Тэргүүн дагуул одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 16 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол замд явах хүмүүс баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.     4. Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5067 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2781, евро 3024, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 36, Японы иен 25 төгрөгтэй тэнцэж байна. Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар... 1975 оны 4-р сар Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар Эрдэнэтийн бүтээн байгуулалтад зориулан нэмэлт хөрөнгө гаргах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. 1976 оны 4-р сар 22-нд: Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 08 дугаар тогтоолоор Эрдэнэт хотод хивсний үйлдвэр байгуулах талбайг 13 га-гаар тогтоож, үүнээс 12 га-г үйлдвэрлэлийн зориулалтаар, 1 га-г хаягдал шингэний хөөс агуулах талбайгаар ашиглуулахаар тогтжээ. 23-нд: Эрдэнэт үйлдвэрийн Тооцоолон бодох төв үйл ажиллагаагаа эхлэв. 26-нд: Эрдэнэт үйлдвэрийн төв корпусыг барих ажил эхлэв. 1978 оны 4-р сар Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс анх Хөдөлмөр хамгааллын хэлтэс нэртэйгээр зохион байгуулагдав. Дэлгэрэнгүй...
  • Цутгуурын цехийн өргөтгөл ирэх сарын нэгэн гэхэд бүрэн ашиглалтад орно

    Засвар механикийн заводын Цутгуурын цехийн өргөтгөлийг ирэх сарын нэгэн гэхэд бүрэн ашиглалтад оруулна гэжзаводын дарга Б.Баасансүрэн мэдээллээ. Одоогийн байдлаар механикийн чиглэлийн тоног төхөөрөмж суурилуулж дууссан. Байгууламжийн агаар, ус, хий дамжуулах төхөөрөмжийн угсралт 96 хувьтай байна. Германы мэргэжилтнүүд ирж үндсэн тохируулга хийх байсан ч, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан амжаагүй. Ерөнхий захирлын 151-р тушаалаар томилогдсон ажлын хэсэг  ажиллаж, 3-р сарын 16-наас ХБНГУ-ын FAT компанитай онлайнаар холбогдон тоног төхөөрөмжүүдийг хэсэгчлэн  тохируулж байна. Мэргэжилтнүүд  энэ сарын27 гэхэд тоног төхөөрөмжийн тохируулгаа дуусаж, туршилт хийхээр төлөвлөн ажиллаж байна.Засвар механикийн завод, Баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг амжилттай ажиллаж байна. Ийнхүүцутгуурын үйлдвэрлэлийн хэвний технологид ХБНГУ-д үйлдвэрлэсэн “Хүйтнээр хатууруулах холимгоорхэв бэлтгэх” хагас автомат шугамын цогц систем нэвтрүүлэх техник технологийн шинэчлэл  дуусах шатандаа орлоо.                                                                                                                             Я.Энхтуяа Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • УЦУОШТ: Нарийн тоос маргааш сарних төлөвтэй байна

    Орхон, Булган, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрийг хамран агаарт дэгдсэн нарийн тоос агаарын урсгал хөдөлгөөнд орж, маргааш сарних төлөвтэй байгааг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлж байна. Манан мэт агаарт тогтсон нарийн тоос нь онц сонин үзэгдэл биш хэдий ч манай аймгийн хувьд анхны тохиолдол болжээ. Энэ сарын 5-наас эхлэн Сэлэнгэ, Төв, Дундговь аймгийн нутагт шороон шуурга шуурч, улмаар агаарт дэгдсэн шороо нь нарийн тоос болон хуралджээ. Ойрын өдрүүдэд салхины хүч бага байгаа нь нарийн тоосыг хөдөлгөөнгүй байдалд оруулсан бөгөөд маргааш салхины чиглэл нутгийн баруун хойноос байх төлөвтэй тул агаарт сарнина гэж тооцоолж байна. Нарийн тоос нь хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлэхийг эрүүл мэндийн байгууллага л тогтоох боломжтой тул иргэдийг амны хаалтаа зүүж, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөлөө. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 8-нд ялимгүй хур тунадастай, шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Харин 12, 13-нд салхины хурд ихсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Цаг уур, орчны технологи, мэдээллийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Цээнээ мэдээллээ.   И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Урьдчилан сэргийлэх ажил тогтмолжсон

    Дэлхийн 200 гаруй улс оронд тархаад буй “ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрт Шуурхай штаб байгуулагдаад 2 сар гаруй болж байна. Шуурхай штабынхан өглөө ажилдаа ирж буй ажилчдын биеийн халууныг хэмжих, хяналт тавих, хоолны цэгүүдийн эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэлийн мэдээллийг цаг тухайд нь авч, нэгтгэн үйлдвэрийн Ерөнхий диспетчер болон Уул уурхайн яам, Улсын Онцгой комисст хүргэх чиг үүрэг хүлээдэг. Штабын бүрэлдэхүүнд Онцгой байдлын газар, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, ХАБЭА-н хэлтсийн ажилтан болон эмч нар ээлжийн горимоор ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг хэвшүүлэхэд хяналт тавьснаар ажилчид амны хаалт зүүх, гар угаах ариутгах нь тогтмолжиж, хоолны цэгүүдийн үйлчилгээ, эмх цэгц сайжирсныг Шуурхайн штабынхан онцоллоо.         М.Балжинням   Дэлгэрэнгүй...
  • Д.ЭРДЭНЭБАТ: 1А хорооллын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудлыг шийдсэн нь Эрдэнэтийн уурхайчдаас иргэддээ барьж буй бэлэг юм.

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч жишиг үйлдвэрийн хувьд жилийн нийт зардлынхаа 7-8 хувийг ажилтнуудынхаа нийгмийн хөгжлийн бодлого8хөтөлбөрт зарцуулдаг. Энэ үзүүлэлт жилээс жилд ахиж, ажилтан руу чиглэсэн олон талын бодит ажил нэмэгдсээр байна. Сүүлийн үед нийгмийн чиглэлээр хэрэгжиж буй ажлуудын талаар Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа. -Цаг үеийн асуудлаас ярилцлагаа эхэлье. Манай үйлдвэрт Эрүүл мэндийн байнгын комисс байгуулагдсан. Та ажлын хэсгийн орлогчоор ажиллаж байгаа юм байна. Ямар зорилго, чиглэлтэй ажиллах вэ? -Үйлдвэрийн газрын  Эрүүл мэндийн байнгын ажлын хэсэг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн шийдвэрээр шинэчлэн байгуулагдлаа. Зорилго нь ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, тэдгээрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих  чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулна. Эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг бүтцийн нэгжүүд бий. Тэдгээр нь өөрийн хариуцсан чиглэлээр үүргээ сайн гүйцэтгэдэг. Гэхдээ зарим нэг тохиолдолд тухайн ажил нь саатах, удаашрах тал гардаг учраас Эрүүл мэндийн байнгын комисс энэхүү асуудлыг шийдвэрлэхэд түлхэц өгөх, шийдвэрлүүлэх талаар анхаарч ажиллана. Комиссын бүрэлдэхүүн саяхан шинэчлэгдсэн. Эхний байдлаар ажлын хэсгийн журмын төслийг боловсрууллаа. Одоо бид Эрүүл мэндийг дэмжиххөтөлбөрөөхэлэлцэж бэлэн болгоно. Хөтөлбөр маань мөн л төслийн шатанд байгаа. Оны эхнээс бид комиссын ажлаа эхлэхээр төлөвлөж байсан ч “ковид-19” цар тахал  тархсаны улмаас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн журмын дагуу бүтцийн нэгжүүдийн холбогдох мэргэжилтнүүд уг бүрэлдэхүүнд ажиллана. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд гэхээр зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнууд гэлтгүй нийгмийн, эрүүл ахуйн, хоол зүй, хөдөлмөр хамгаалал, хүний нөөцийн  чиглэлийн мэргэжилтнүүд багтаж байна. -Эрүүл мэндийн хөтөлбөрийг шинэчлэн батална гэлээ. Энэ хөтөлбөрийг ямар хугацаатай боловсруулж, хэрэгжүүлж байна вэ? 2020 оны Эрүүл мэндийн хөтөлбөр ямар онцлогтой байх вэ? -Хөтөлбөрийнхөө төслийг боловсруулаад байж байна. Миний хувьд, Эрдэнэт үйлдвэрт жирийн ажилчнаас эхлээд 29 дэх жилдээ ажиллаж байна. Ийм ч учраас  ажиллагсдын эрүүл мэнд, тэр тусмаа урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлууд илүү чухал гэж боддог. Тиймээс уурхайчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлууд түлхүү тусгагдана гэж харж байгаа. -Нийгмийн харилцааны хэлтсийн ойрын үед хийж буй томоохон ажлууд юу байна вэ? Нийгмийн цехүүдийг тойрсон асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ? -Эрдэнэт үйлдвэр нь ТӨҮГ болж, бүтцийн өөрчлөлт хийсний хүрээнд Нийгмийн харилцааны хэлтэс шинээр байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар, манай хэлтсийн ажил олон чиглэлд үргэлжилж байна. Юуны өмнө бүтэц бүрэлдэхүүн, чиг үүргээ тодорхойлж, нийгмийн хариуцлагын чиглэлээр ажиллах хэлтсийн журмыг батлуулсан. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газартай зөвшилцсөний үндсэн дээр нийгмийн чиглэл болон Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын чиг үүргийн журмыг салган, өөр өөрийн харьяалалд авч шинэчиллээ. Шинэчлэхдээ бид, Ерөнхий захирлын өгсөн чиглэлийн дагуу журмуудыг  нэгтгэж цэгцэлж байна. Тухайлбал, таван өөр журмаар зохицуулдаг байсан тусламж үйлчилгээг нэг журамтай болгох гэх мэт. Мөн цаг үетэйгээ холбогдож шинэ журам боловсруулах шаардлага гарч байна. Нөгөө нэг томоохон ажил гэвэл бид 2019 оны нийгмийн хариуцлагын тайланг бэлтгэж байна. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын чиглэлд хэрхэн ажилласныг олон түмэнд таниулж, хүргэх цогц тайлан удахгүй гарна. Манай үйлдвэр орон нутагтай нягт хамтын ажиллагаатай. Саяхан, Орхон, Булган аймагтай хамтран ажиллах 2019 оны гэрээг дүгнэж, шинэ онд хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө баталж, гарын үсэг зурлаа. 2020 онд хамтын ажиллагааны хүрээнд манай үйлдвэр Орхон аймагт 2 тэрбум, Булган аймагт 700 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ удаагийн гэрээнд Эрдэнэт үйлдвэр зөвхөн өгөх биш, орон нутаг харилцан ашигтай ажиллах тухай тусгаснаараа онцлог болсныг хэлэх нь зүйтэй байх. Сүүлийн 2 жилийн хугацаанд бидний өмнө тулгамдаж буй нэг асуудал бол Орос сургууль, цэцэрлэг, орос эмнэлгийн тусгай зөвшөөрлийн асуудал байсан. Энэ талаар манай хэлтэс байгуулагдсан цагаасаа хөөцөлдсөн. Монгол Улсын холбогдох хууль дүрмийн дагуу Орос сургууль,  орос цэцэрлэг ажиллах ямар ч үндэслэлгүй гэдгийг бүх мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Тиймээс орон нутагтай хамтраад уг сургуулийг Эрдэнэт үйлдвэрийн харьяа орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болгох нь зөв гэсэн шийдэлд хүрээд байна. Үүнийг хэрэгжүүлэх Орхон аймгийн ЗДТГ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн олон жил царцсан 1А хорооллын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулах ажил байна. 1А хороолол маань баригдаж эхэлсэн боловч  инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулах хөрөнгө мөнгөгүйгээс, барилгын ажил зогсоод байсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Орхон аймагт айлчлах үеэр Засаг дарга уг асуудлыг шийдүүлэхээр хандсан. Ерөнхий сайд Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийг хамтран шийдэх үүрэг чиглэл өгсний дагуу Эрдэнэт үйлдвэрийн зүгээс төсөлд шаардлагатай байгаа 12.5 тэр бум төгрөгийн санхүүжилтийг шийдээд байна. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын зүгээс аймгийн иргэддээ барьж буй том бэлэг юм. Бурхан багшийн сэрэг дүрийн урд байрлах 1А хорооллын дэд бүтцийн ажлын хүрээнд цахилгааны под станцыг өргөтгөх, цэвэр бохир усны бүх шугам сүлжээнд холбох, үерийн усны далан барих, гол магистрал засмал зам тавих гээд иж бүрэн бүтээн байгуулалт хийгдэнэ. Зөвхөн ЦРП-2  дэд станцыг өргөтгөснөөр Эрдэнэт хотын цахилгаан хангамжийн чадал 2 дахин нэмэгдэнэ. Энэ асуудлыг Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд бодлогоороо  шийдэж байна гэж ойлгож болно. -Нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын тухайд..? -Нийгмийн харилцааны хэлтсийн үндсэн хэсэг нь нийгмийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэдэг. Эрдэнэт үйлдвэр нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд 31.3 сая доллар зарцуулахаар төлөвлөсөн. Цаг үеийн байдлаас шалтгаалан зарим нэг ажлаа түр хугацаагаар зогсоож байна. Өөрөөр хэлбэл, коронавирусын тархалтын улмаас дэлхийн зах зээлд унаж буй зэсийн үнэ эргээд өссөн үед эдгээр ажлууд үргэлжлээд явна. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа бид эрэмбэлж, хамгийн чухлаас нь үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөнд тусгагдан, Баян-Өндөр уулын энгэрт баригдаж эхэлсэн, хуучнаар “Москва 300” буюу “Уурхайчин-1”орон сууцны хороолол 2020 оны 12 дугаар сард ашиглалтад орох ёстой. Одоогийн байдлаар уг хорооллын барилгын ажил хэвийн, хоёрдугаар давхрын цутгалт хийгдэж байна. Ирэх 6 дугаар сард цутгалтын ажил бүрэн хийгдэж, барилгын гадна тал дуусаж 12 сар гэхэд дотоод чимэглэл бэлэн болж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр  гүйцэтгэгч компани ажиллаж байна. Тус хорооллын гүйцэтгэгчээр “Хемон”, “Одкон” компаниуд ажиллаж байна. Мөн “Эрдэнэт” соёл, спортын цогцолбор энэ онд баригдана. Гүйцэтгэгчээр Эрдэнэт үйлдвэрийн Барилга засварын цех ажиллаж, 12 сард дуусгах төлөвлөгөөтэй. Дараагийн бүтээн байгуулалтын ажил нь “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Ногоон хөгжлийн төв”-ийн байгуулалт. “Уурхайчин-2” орон сууцны хорооллын барилгын ажил энэ онд эхлэх бол “Уурхайчин-3” хорооллыг барьж байгуулах гүйцэтгэгчийн асуудал удахгүй шийдэгдэнэ. -Ирэх 12 сард ашиглалтад орох “Уурхайчин-1” орон сууцны хороололд орох ажилтнуудын захиалга авсан. Өөрөөр хэлбэл, шинэ байрны захиалга дүүрсэн үү? -Үйлдвэрийн цех нэгжүүдээс санал авсан. “Уурхайчин-1” орон сууцны хороолол 300 айлынх. Тиймээс бид цехүүддээ квот тогтоож өгсөн. Бидний тавьж буй шалгуур бол тухайн ажилтан өмнө нь Эрдэнэт үйлдвэрээс байр болон байрны тусламж хөнгөлөлт аваагүй байх. Учир нь үйлдвэрээс олгодог 12 сая төгрөгийн байрны хөнгөлөлтийг урьдчилгаа төлбөрийн 30 хувьд нь оруулахаар зорьж байгаа. Өнөөдрийн байдлаар, 280 гаруй ажилтны материалыг авч, хамтран ажиллаж буй Богд банканд хүргүүлсэн. -Эцэст нь, орон сууцны хувьчлалын тухай тодруулъя. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас чиглэл өгсөн байгаа. Энэ ажил хэзээ хэрэгжих вэ? -Монгол Улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орон сууцыг үе шаттайгаар хэсэгчлэн хувьчлах шийдвэр гаргасан. Энэ дагуу манай үйлдвэрт ажлын хэсэг байгуулагдан, үйлдвэрийн хэмжээнд байгаа нийт орон сууцны тоо, мэдээлэл, цех нэгжүүдийн санал зэрэг нэгдсэн судалгаа хийж байна. Орон сууц хувьчлалын ажлын хэсэгт үндсэн цехүүд болон санхүү эдийн засаг, аудит, хууль, нийгмийн харилцаа, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар зэрэг бүхий л хэлтэс нэгжийн төлөөллүүд орсон. Мэдээж, Эрдэнэт үйлдвэрийн албаны зориулалтаар ашиглагдаж буй болон Орос мэргэжилтнүүдийн амьдардаг байрууд хувьчлалд хамрагдахгүй. М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр - 04 дүгээр сарын 07

    Мэдүүштэй... Өнөөдөр жилийн 97 дахь өдөр. Он дуусахад 268 хоног үлдлээ. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +7 градус, шөнөдөө -1 градус байх бөгөөд шороон шуургатай, салхины хурд 5 м/сек. Аргын тооллын 4 сарын 7. Ангараг гариг. Билгийн тооллын 14. Тугчин одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол замд явах хүмүүс зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.                        Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 4863 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ өдөр... 1973 оны 4-р сар Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, эрчимжүүлэх зорилгоор МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Монголын ард түмэнд хандан уриалга гаргав. 1973 оны 4-р сард   Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцохоор Зөвлөлтийн барилгачдын эхний хэсэг болох 18 хүн Эрдэнэтэд ирж, 5 дугаар сарын 9-нд Зөвлөлтийн мэргэжилтэн Ю.М. Овсянниковын удирдсан угсралтын бригад анхны уурын зуухны баганыг босгож, барилгын үйлдвэрийн баазын суурийг тавих ёслолын ажил болов. Эрдэнэтэд нэн түрүүнд баригдах шаардлагатай байгууламжаар, Дархан хот дахь дамжин өнгөрүүлэх бааз Улсын хилээс Дархан-Орхон-Эрдэнэт хүртэлх 220кВт-ын, Эрдэнэтээс Сэлэнгийн мод бэлтгэлийн аж ахуй хүртэлх 110 кВт-ын нийт 335 км өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, трансформаторын дэд станц, Монголын зохион байгуулалттай ажилчдын тосгон Зөвлөлтийн барилгачдын хотхон Салхит-Эрдэнэтийн төмөр замын хайгуул, бусад бэлтгэл ажил Дархан-Эрдэнэтийн 170 км автозамын засвар Цэвэр усны шугам байгууламжууд /Эрдэнэтээс 60 км-ийн зайд Сэлэнгэ мөрний эргээр гүний худгууд гаргах/ -ыг нэрлэж байлаа. Дэлгэрэнгүй...
  • О.ОТГОНБАЯР: Бид хийж байгаа ажлаа түгээхийн зэрэгцээ цаашид илүү санаачилгатай ажиллана

    Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэгт хөтлөлтийн улсын үзлэгийг 2019 оны 06 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд орон даяар зохион байгуулсан билээ. Эрдэнэт үйлдвэр энэхүү улсын үзлэгт шилдэг 5 байгууллагын нэгээр шалгарч, өнгөрсөн долоо хоногт өргөмжлөлөө гардан авлаа. Удирдлагуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний үеэр Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр шагналын талаар албан ёсны мэдээлэл хийж, баг болж хамтран ажилласан нийт удирдлага, уурхайчин хамт олондоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүссэн юм. -Эрдэнэт үйлдвэр “Байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ээр 2 дахь удаагаа шалгарлаа, баяр хүргэе? -Монгол Улсын Засгийн газраас 2019 онд зохион байгуулсан “Байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т нийт 5444 байгууллага хамрагдсан. Бид өнгөрсөн 7 хоногт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Архивын Ерөнхий газрын дарга С.Энхбаатар нараас шилдэг байгууллагын шагналаа гардан авлаа. Дөрвөн жил тутам болдог улсын үзлэгт Эрдэнэт үйлдвэр хоёр дахь удаагаа шалгарч байна. Энэ удаа УИХ-ын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэргүүн байр эзэллээ. Манай үйлдвэрийн хувьд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компани болон төрийн өмчит үйлдвэрийн газруудаас 97,25 хувьтай дүгнэгдэж, үйл ажиллагаагаараа тэргүүлсэн. -Шилдгээр шалгарахад нөлөөлсөн тэргүүн туршлагаасаа нэрлэвэл? -Бид Мэдээллийн технологийн хэлтэс, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехтэй хамтран байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг дижитал хэлбэрт шилжүүлэх, е-office, е-doc систем нэвтрүүлэн санаачилгатай ажилласан. Улсын үзлэгийн дүгнэлтэд, “Эрдэнэт үйлдвэр энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа тэргүүн туршлагаа бусад байгууллагад түгээн дэлгэрүүлэх” тухай тусгасан. Энэ утгаараа бид хийж байгаа ажлаа түгээхийн зэрэгцээ цаашид илүү санаачилгатай ажиллах хэрэгтэй болж байна. Эрдэнэт үйлдвэр таран байршсан 40 гаруй бүтцийн нэгжийг хамруулан үйл ажиллагаа явуулдаг. Орон зай, цаг хугацааны хувьд алслагдсан нэгжүүд ч бий. Иймд бид үйл ажиллагаандаа мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлэн, е-office, е-doc программуудыг ахисан шатанд гаргах, шийдвэрлэлтийн үйл ажиллагааг цахимаар хянах, шийдвэрлэлтийн үйлажиллагаагудирдлагыншийдвэргаргалтын төвшинд хэрэгжүүлэх, шийдвэрт гаргалтад бодит үр дүн гаргахад анхаарч ажиллана. Манай 6000 ажилтан дунд ямар чадвартай, мэдлэг туршлагатай хүн ажиллаж байна, хүний нөөцийг хэрхэн зөв байршуулах вэ, давтан сургах уу, Эрдэнэт үйлдвэрт ирээдүйд ямар мэргэжил нэн түрүүнд шаардлагатай байна, гэх зэргээр хүний нөөцийн бодлогод цахим НR-ийг хөгжүүлэх чиглэлээр зорилт тавин ажиллаж байна. Энэ ажил маань гол үнэлгээ болсон гэж бодож байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр эдийн засгийн хямралыг даван туулах Төв штаб байгуулан ажиллаж байна

    “COVID-19” коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эдийн засгийн хямралтай нөхцөл байдлаас амжилттай гарахад чиглэсэн Төв штаб Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд ажиллаж байна. Тус штаб нь 4 салбар штабтай бөгөөд үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах ажлыг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, санхүү, эдийн засгийн бодлогыг Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа хариуцан ажиллаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хэлсэнчлэн коронавирусын тархалт, эдийн засгийн хямралтай үед бүх бодлого ажиллагааны төвд хүн байх учиртай. Тэр утгаараа нийгмийн цехүүдийн үйл ажиллагаа, энэ чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр ахалж ажиллана. Хямралын үед үйлдвэрлэлийг хязгаарлалгүйгээр, орлого өгөх ажил, бүтээгдэхүүн өгөх төслүүдэд чиглүүлэх бөгөөд тэдгээр томоохон төсөл хэрэгжүүлэх штабыг Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат хариуцах бөгөөд штабууд өөрийн хариуцсан чиглэлээр цаг үеийн болон ажлын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шуурхай арга хэмжээ авч ажиллах юм. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Мэдээ
   Уран бичлэгийн төрлөөр дагнан бүтээлээ туурвидаг Эрдэнэтийн зураач Буянтогтохын Нэмэхнямын “Тэнгэрээс буусан бичиг” үзэсгэлэн Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын АРТ үзэсгэлэнгийн танхимд 11 дүгээр сарын 7-ныг хүртэл үргэлжилж байна. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвын ивээл дор зохиосон энэхүү үзэсгэлэнг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтанд зориулан дэлгэжээ. Үзэсгэлэнд уран бичлэгийн гайхамшиг, монгол зургийн гүн утга агуулга бүхий 100 гаруй бүтээлийг олны хүртээл болгосон байна. Зураач Б.Нэмэхням 2014 оноос уран бичлэгээр дагнан хичээллэж, уран бүтээл туурвихын зэрэгцээ 20 гаруй шавьтай болоод байгаа юм. 
 
И.Чинтогтох
 
 
   Монголын бүтээмжийн төвийн мэдлэг хуваалцах өдөрлөг өнөөдөр боллоо. “Тесо” корпораци, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Мобиком” корпораци зэрэг байгууллагуудын мэргэжилтнүүд хамгийн сайн гэсэн туршлагаа хуваалцаж, бүтээмжээ хэрхэн өсөн нэмэгдүүлэх талаар тэргүүн туршлагаа хуваалцлаа. Тухайлбал, компанийн бүтээмжийн мэргэжилтнүүд гадаадын улс орноор явж ирэхдээ тухайн улсаас судалж, сурч ирсэн зүйлсээ бусадтайгаа хуваалцаж ярилцдаг журам тогтжээ. Эрдэнэт үйлдвэрийн хувьд 6700 гаруй ажилтан ажиллагсадтай. Эдгээр ажилчдынхаа бүтээмжийг дээшлүүлэх нь компанийн үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-нь 2005 оноос эхлэн бүтээмжийн хөдөлгөөнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн. Тэр ч утгаараа үйл ажиллагаагаараа улсдаа тэргүүлж буй компаниудтай уулзаж, харилцан мэдээлэл солилцож байна. Байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд хамт олны үүрэг оролцоо чухал. Монгол бүтээмжийн төвийн хамт олон ийнхүү мэдлэг хуваалцах өдөрлөгийг тогтмол зохион байгуулсаар иржээ.
 

 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хэрэгжүүлж буй “Хөрөнгө оруулалт-2019” бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тус үйлдвэрийн хөгжлийн нэгэн тулгуур болох Засвар механикийн заводын Цутгуурын цехэд техник, технологийн шинэчлэлийн ажил ид өрнөж байна. Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн нэг хэсэг нь Засвар механикийн заводыг өргөжүүлэн, бэхжүүлэхэд чиглэнэ. Одоо үргэлжилж буй техникийн шинэчлэл болон цаашдын зорилтын талаар тус заводын дарга Б.Баасансүрэнтэй ярилцлаа. 
 

   -Энэ оны хамгийн том бүтээн байгуулалтын нэг нь Засвар механикийн заводын Цутгуурын цехийн техник, технологийн шинэчлэлийн ажил. Энэ ажлын явц, гүйцэтгэл аль шатанд явж байна вэ?
   -Засвар механикийн заводын Цутгуурын цехийн техник технологийн шинэчлэлийн ажлын бэлтгэл үндсэндээ 95 хувиар хангагдаад байна. Бэлтгэл ажлын хүрээнд  шинэ тоног төхөөрөмжийг хүлээн авах, буулгалт, суурилуулалтын ажлууд багтаж байгаа. Мөн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг жигд хангах, бүтцийн цех нэгжүүдийн нөөц бэлтгэх ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар, нөөц хангах ажил биелэгдсэн. Одоо бидэнд 7 хоногийн л ажил үлдээд байна. 11 сарын нэгэн гэхэд цутгуурын цехийн үйлдвэрлэл зогсож, өргөтгөлийн техник технологийн шинэчлэлийн буулгалт, суурилуулалтын ажлыг шууд эхлүүлэхээр төлөвлөж байна. Ер нь үйлдвэрлэл зогсох бэлтгэл хангагдаж, өргөтгөл шинэчлэлийн үндсэн ажил эхлэхэд бэлэн болсон гэсэн үг. ФАТ компаниас нийт 120 тонн металл хийц, тоног төхөөрөмж ачигдаад ирж байгаа. Ирэх сарын 15 гэхэд тоног төхөөрөмжүүд бэлэн ирсэн байх ёстой. Тэр хүртэл бид ачаа хүлээж авах зам талбайг засаж, бэлтгээд байна. Бид энэ техник технологийн шинэчлэлийн ажлыг хийхийн тулд том төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ бэлтгэл ажлын нарийвчилсан төлөвлөгөөг давхар гаргасан. Нарийвчилсан төлөвлөгөөгөө таван чиглэлээр хэрэгжүүлж байна. Тухайлбал, Үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерээр ахлуулсан ажлын хэсгийнхэн ажлын явцыг мэдээлж, танилцуулж байгаа ба долоо хоног тутам Механикийн хэлтсийн дарга-Ерөнхий механикч Б.Чинзоригоор удирдуулсан дэд ажлын хэсэг хуралдаж ажлын явцаа ярилцаж байна. Цаашид бид өдөр тутмын ажлын байнгын штаб ажиллуулж, шинэчлэлийн ажилд оролцож буй гадна дотно байгууллагуудын ажлын гүйцэтгэлийг ярилцаад явна. Энд тодруулахад, бид уг ажлыг эхлэхдээ буулгалт, угсралт суурилуулалтын ажилд үйлдвэрийнхээ дотоод нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах зорилт тавьсан. Тиймээс Засвар угсралтын цех, Барилга засварын цехүүд үндсэн үүрэг гүйцэтгэх бол өөрийн цехийн 150 гаруй ажилтан буулгалт, суурилуулалтын ажилд оролцоно. 

   -Цутгуурын цехийн үйлдвэрлэлийг зогсооно гэсэн. Зогсох хүртэл хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелэх боломжтой юу?
   -Цутгуурын цехийн үйл ажиллагаа 11 сарын нэгэн хүртэл хэвийн үргэлжилнэ. Бид төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд ажлаа шахаж, зарим тохиолдолд амралтын өдрүүдээр ажиллаж байна. Энэ онд бид 4741 тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Зарим нэг шалтгаанаас Баяжуулах үйлдвэрт шаардлагатай 346 тонн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй болсон. Иймээс нэлээд ачаалалтай, шахуу ажиллалаа. Одоогийн байдлаар, дахин 7 хоног ажиллахад нийт 5300 гаруй цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж харагдаж байгаа. Энэ бол манай заводын түүхэнд тэмдэглэх том үзүүлэлт болж байна. Яагаад гэвэл, бүтэн жилийн хугацаанд бид 4800-5200 орчим тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол энэ жилийн гүйцэтгэлээс харахад бидэнд илүү ихийг хийж чадах нөөц боломж байна гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, бид оны эхний 10 сард 5000 гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадлаа гэсэн үг. Үүнийг дунджаар тооцож үзвэл, 13 сарын ажлыг 10 сарын хугацаанд багтааж хийсэн байна. Тиймээс захиалга байгаа тохиолдолд бидэнд хийх боломж их байна гэж ойлгож болох юм. Цутгуурын цехийн үйлдвэрлэл зогсохтой холбоотойгоор 220 гаруй ажилтны асуудлыг шийдвэрлэж байна. Тэдний заримыг угсралт суурилуулалт, бусад зохион байгуулалт болон дотооддоо хуваарилан ажиллуулах зэргээр зохицуулсан. Хуулийн хүрээнд бид ямар нэг ажилтнаас шалтгаалахгүйгээр зогсолт үүссэн тохиолдолд ажлаар хангах ёстой. Энэ заалтыг хэрэгжүүлж, үйлдвэрийн удирдлагын зүгээс өгсөн чиглэлийн дагуу ажилтнуудаа хуваарилсан байгаа. Мөн бүтцийн зарим нэгжүүдэд манай ажилтнуудыг ажиллуулах боломж байгаа талаар санал солилцсон. Ингэж бид Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар болон бусад цех нэгжүүдтэйгээ харилцан ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр 37 ажилтнаа хуваарилж, 30 гаруй ажилтныг Механик цехэд ажиллуулж байгаа. Бусад ажилтныг өмнө хэлсэнчлэн Цутгуурын цехийн өргөтгөлийн техник технологийн шинэчлэлийн ажлын буулгалт, угсралт суурилуулалтын ажилд хуваарилсан. Ийм хөдөлмөр зохион байгуулалт хийлээ.

   -Цутгуурын цехийн өргөтгөлийн шинэчлэл хэдийд дуусах вэ? Төлөвлөснөөр явж байна уу?
   -Цутгуурын цехийн техник технологийн шинэчлэл нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил гэж хэлж болно. Бид энэ ажлыг 2018 оноос эхэлсэн. Энэ онд төлөвлөгөөний дагуу ажиллаж, дуусгаад,  ирэх 2020 оны тавдугаар сарын нэгэн гэхэд үйлдвэрлэл шууд эхлэх ёстой гэж үзсэн. Тиймээс төлөвлөгөөг биелүүлэхийн тулд өдөр тутмын нарийвчилсан дараалал, төлөвлөлтийг гарган, мөрдөж байгаа. Аль болохоор богино хугацаанд бүх бололцоогоо ашиглан чанартай хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Буулгалт, шилжүүлэн суурилалт зэрэг ажлыг ирэх 12 дугаар сард багтааж дуусгахаар төлөвлөж байгаа. Эдгээр том ажлын жигдрэлт, гүйцэтгэлийн явцаас бидний төлөвлөгөөний биелэлт шалтгаална.  
 
  
   -Энэ онд Засвар механикийн завод ажил ихтэй байгаа юм байна. Бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцээд энэ оны үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөний биелэлт ямар дүнтэй гарах бол?
   -Тиймээ. Ажил ихтэй, шахуу байгаа ч манай хамт олон амжилттай ажиллаж байгааг дурдах нь зүйтэй. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд чамгүй хичээн зүтгэсэн. Учир нь, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой байв. Манайх 2019 оны 11 дүгээр сарын нэгнээс 2020 оны тавдугаар сарын нэгэн хүртэл яг зургаан сарын хугацаанд худалдан авалтыг хэрхэн багасгах, яаж бүтцийн нэгжүүдийн нөөцийг бүрдүүлж өгөх вэ гэдэгт бид төвлөрсөн. Ингэснээр оны эхний есөн сарын байдлаар цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 4478 тонн гэж төлөвлөснөөс 4741 тонныг үйлдвэрлэж, 106 хувиар биелүүллээ. Механик боловсруулалтын эд ангийн хувьд 1549 тонныг  төлөвлөж, 1654 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, төлөвлөгөөний биелэлт 107 хувьтай байна. Резинен эдлэлийн үйлдвэрлэл  энэ онд багагүй нэмэгдсэн. Бид 104 тонн резинен бүтээгдэхүүн хийхээр төлөвлөж, 105 тонныг үйлдвэрлээд байна. Металл хийц, стандартын тоног төхөөрөмжийг 480 тонн гэж төлөвлөөд, 579 тоннд хүргэж төлөвлөгөөг 121 хувиар биелүүллээ. Металл хийцийн үйлдвэрлэл өссөн үндсэн гол шалтгаан нь цутгуурын үйлдвэрлэлийн шинэ технологи ашиглалтад орох, цаашид хэрэглэгдэх хэрэгслүүд, хэв хашлага болон техник технологийн шинэчлэлийн хүрээнд өөрсдийн хүчээр хийж болох металл бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой. Тиймээс энэ онд манай үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүрэн биелнэ. Зардлын хувьд,  үйлдвэрлэл өссөн ч гүйцэтгэлд суурилсан төлөвлөгөөтэй харьцуулахад хэмнэлт гаргаж ажилласан. Тухайлбал, 440 орчим сая төгрөгийг хэмнэсэн байгаа.
  
   -Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэчнээн хувийг импорт орлох бүтээгдэхүүн эзэлж байна вэ? Энэ чиглэлийн бодлого хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа вэ?
   -Энэ оны эхний 9 сард бид Баяжуулах үйлдвэр, Ил уурхайн шаардлагатай техник хэрэгсэл, эд анги үйлдвэрлэлээ. Нийт 24 төрлийн 1359 ширхэг эд анги үйлдвэрлэж, нийлүүлсэн. Импорт орлох бүтээгдэхүүний дотоод үйлдвэрлэлээс 1 тэрбум 525 сая төгрөгийн хэмнэлт гарсан байна. Өнгөрсөн 2014 оноос хойш гүйцэтгэлээр импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл 219 төрлөөр  20.5 тэрбум төгрөгийн хэмнэлт өгсөн дүнтэй байгаа. Энэ жилийн дүнг нэмбэл сүүлийн 5 жилд импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл өндөр үзүүлэлттэй гарах боломжтой. Хэмнэлтийг бид худалдан авах зардал, Засвар механикийн заводод үйлдвэрлэж буй зардлын хэмжээнд тооцож байна. Ер нь импорт орлох бүтээгдэхүүнийг шинээр төлөвлөх боломжгүй байдаг. Учир нь цех нэгжүүдийн тодорхой захиалга, ажлын хэрэгцээ шаардлагаас хамаарч, ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэдгийг гаргадаг.

   -Ирэх оны зорилтууд тодорхой байгаа. Энэ талаар тодруулж хэлнэ үү?
   - Бидэнд төлөвлөсөн томоохон хэд хэдэн ажлууд бий. Мэдээж, хамгийн эхнийх нь Цутгуурын цехийн хэвний хэсгийн технологийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж дуусгах ажил. Дараагийн том ажил нь Засвар механикийн заводын 2017-2031 онд хийгдэх өргөтгөл, шинэчлэлийн техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж, нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах. Энэ нь Засвар механикийн заводын зах зээлийн судалгаа, боломжийг тодорхойлж гаргах зорилготой. Үүн дээрээ тулгуурлаад, бид цаашид ямар техник тоног төхөөрөмж нэвтрүүлэх вэ, хэдий хугацаанд хэчнээн хэрийн хөрөнгө оруулалтаар техникийн шинэчлэл хийх нь үр дүнтэй вэ гэдгийг тооцож гаргана. Урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлд ерөнхийд нь  тусгасан байдаг бол нарийвчилсан төлөвлөгөө боловсруулснаар бидний ажил илүү тодорхой болж өгөх юм. Тиймээс бид Засвар механикийн заводын өргөтгөл шинэчлэлийн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл, барилгын зураг төсөл боловсруулах техникийн даалгаврыг боловсруулах чухал ажил байна. Эдгээрийн хөрөнгийн асуудлыг Монгол Улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрч, шийдвэрлэсэн тул бид ажилдаа орсон. Удахгүй тендерийн үнэлгээний хороо байгуулагдана. Энэхүү техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдсанаар бидний бүх зорилт төлөвлөгөө энд тусгагдана гэсэн үг. Өнгөрсөн жилүүдэд бидний нэг зорьсон ажил бол үйлдвэрийн хэмжээнд элэгдсэн эд ангиудыг сэргээн засварлах ямар хэрэгцээ шаардлага байна гэдгийг судалж тогтоох байсан. Энэ ажлыг хийснээр элэгдсэн эд ангиудыг сэргээн засварлах шинэ технологи нэвтрүүлэх, шинэ тасаг байгуулах урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулж гаргаад байгаа. Үүнийгээ дээр өгүүлсэн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлдээ тусгасан.
   Мөн манай цех 2018 оны тавдугаар сараас  ISO9001 стандартыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бол амар ажил биш юм байна. Ажилтнуудын хандлага, сургалт хөгжлийг идэвхжүүлж, хэвшүүлэх гээд олон хэлбэрийн ажлыг зохион байгуулж, Чанарын албатай болсон. Цаашид энэ стандартыг цехийнхээ онцлогт нийцүүлэн, зөвлөх үйлчилгээ авч, зөв хэрэгжүүлэх зорилттой ажиллаж байна.  Металл судлалын орчин үеийн дижитал лабораторийг байгуулах зорилт бас бидэнд бий. Судалгаа, туршилт үйлдвэрлэл, инноваци гэсэн дараалалтай ийм төвийг байгуулж, инженерүүд өөрсдөө судалгаагаа хийгээд явах боломж бүрдүүлье гэж ярилцсаны үндсэн дээр ийм зорилтыг дэвшүүлсэн. Ингэж дэмжвэл инноваци хөгжих таатай суурь бий болно. Энэ ажлыг бид Технологийн сургуулийн Металлын лабораторийн бааз суурин дээр түшиглэж, хамтран ажиллана. Мэргэжилтнүүдээ сургаж, дадлагажуулна. Манай инженерүүд уг лабораторийн төслөө бичиж дууссан. Үүнийг бид бас техник эдийн засгийн нарийвчилсан үндэслэлд тусгаж, хэрэгжүүлнэ. Энэ нь эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийг хослуулан үйлдвэрээ хөгжүүлэх бодлогын нэг үндэс гэж хэлж болно. 
   Түүнчлэн бид Засвар механикийн заводын нэрийн бүтээгдэхүүнтэй болох зорилттой ажиллаж байна. Үйлдвэрийн газарт хэрэглэдэг бүхий л төрлийн хаалтыг дотооддоо үйлдвэрлэх боломж хэр байна, ямар төрлийн хаалт өргөн хэрэглэгдэж байна, бүгдийг биш гэхэд  зохих түвшинд хангах ямар боломж байна гэдгийг судалж байна. Нөгөө нэг бүтээгдэхүүн нь булингын насос. Хэрхэн яаж үйлдвэрлэх зураг төсөл, тооцоолол нь бэлэн болсон. Ирэх оноос энэ ажил эхэлж, Засвар механикийн заводын нэрийн насос гэж үйлдвэрлэлд ашиглах боломжтой болчихно гэсэн зорилт юм.

   -Баярлалаа. Амжилт хүсье. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх бодлогын хүрээнд бүтэн өнчин хүүхдийн асрах “Энэрэл” төвийн үйл ажиллагааг дэмжин, бүтцийн нэгжийнхээ бүрэлдэхүүнд багтаасан. 2015 онд үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо хүүхдийн төлөөх тус төвийн үйл ажиллагаанд уурхайчдыг татан оролцуулах зорилгоор хоёр жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлжээ. Бүтцийн нэгж бүрд нэг хүүхэд хариуцуулж, цехүүд өөр өөрийн оролцоогоор дэмжлэг үзүүлсэн байна. Хэрэгжиж байсан төсөл 2017 онд дууссан ч Засвар механикийн заводын Эмэгтэйчүүдийн зөвлөл өнөөдрийг хүртэл уламжлалаа хадгалан, үлгэр жишээ ажиллаж, А.Билгүүнбаатар хүүгийн ирээдүйд хуримтлал үүсгэж эхэлжээ. Сайн мэдээг өртөөлөн “Энэрэл” төвийн эрхлэгч М.Майцэцэгтэй уулзаж ярилцлаа.  

 
М.МАЙЦЭЦЭГ: Ирэх сарын 11-нд спорт заалны нээлтээ хийнэ

 
   - “Энэрэл”-ийнхэн сурагчдын амралтаа хэрхэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна вэ?
   - Манайхан хүүхдийн амралтаар төлөвлөгөө гарган ажилладаг. Эхний төлөвлөгөөт ажлынхаа хүрээнд “Ирээдүйн одод” сургууль дээр “Аав, ээж, би” тэмцээнд хүүхдүүдээ оролцуулна. Тэмцээнд бүх хүүхэд хамрагдаж, “Энэрэл” төвийн багш, ажилчидтай баг болон хоорондоо өрсөлддөг. Мөн энэ долоо хоногийн Лхагва гаригт Эрдэнэт үйлдвэрээр аялал хийхээр төлөвлөж байна. Хүүхдүүд Засвар механикийн завод, Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа, уурхайчдын ажил мэргэжилтэй танилцаж байсан. Энэ удаа Ил уурхайг үзэж, “Сэлэнгэ” катерингаар зочилно.

   - Хүүхэд хөгжүүлэх чиглэлээр хийгддэг ажлуудаас танилцуулахгүй юу?
   - Хүүхдүүдэд нийгмийн харилцаа маш чухал. Тиймээс хичээлээс гадуур, сонирхсон секц, дугуйландаа хамрагдаж, гар урлал, амьдрах ухаанд суралцан, хувилбарт үйлчилгээний төлөвлөгөөт ажлууддаа оролцож байна. Манай төв Соёл урлагийн цогцолбор, Хүүхэлдэйн театр, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран ажилладаг. Энэ дашрамд, суралцах бүх талаар дэмжлэг үзүүлж ирсэн Спорт цогцолборын дарга Ш.Даваахүүд талархал илэрхийлье. Хүмүүс манай хүүхдүүдийг зүгээр суудаг гэж ойлгодог байх. Өдрийг харин ч их завгүй өнгөрүүлдэг шүү. Хамаатан садан нь амралтаар авч явах хүсэлтэй байдаг ч чөлөөтэй цаг гарах нь ховор. Бид 11 дүгээр сарын нэгнээс “Эрдэнэт” сувиллын цогцолборт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх 13 төрлийн үзлэгт хамрагдана. Ирэх жилээс хүүхдүүдээ “Медипас”-т үзлэг шинжилгээнд оруулах хүсэлт гаргах бодолтой байна.

   - Өнөөдрийн байдлаар “Энэрэл”-ийн ам бүлээс өрх тусгаарласан хэдэн хүүхэд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна вэ? Хүүхдүүдээ ажилд зуучлах талаар анхаардаг уу?
   - Манайхаас 24 хүүхэд Эрдэнэт үйлдвэрт ажилтнаар орсон. Өнгөрсөн жил “Моннис” группт 4 хүүхэд ажилд орсон бол энэ оны 11 дүгээр сарын нэгнээс “Сэлэнгэ” катерингт нэг хүүхэд ажиллахаар болсон. Ажил мэргэжлээрээ чадвартай, авьяастай хүүхдүүдээ аль болох үйлдвэрт ажилтнаар оруулахыг эрмэлзэж байна. Энэ жил нэг хүүхэд маань Эрдэнэт үйлдвэрийн 100 хувийн дэмжлэгтэйгээр Технологийн сургуульд суралцаж байгаа. 

   - Хүүхдийн төлөө “За” гэж хэлсэн, хөрөнгө оруулалт хийсэн сайн санаачилгыг бид дэмжих ёстой гэж бодож байна. Засвар механикийн заводын үлгэр жишээ ажлын талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
   - Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос санаачилсан төсөлт ажлын үр дүнд цех, нэгж бүр хариуцан авсан хүүхдээ баярлуулах, танилцуулга уулзалтад авч явах, дугуйлан секцэд хамруулах олон төрлийн ажил хийсэн. 2017 онд төсөл хаагдахад Засвар механикийн завод, Судалгааны төв, Орос сургууль, Медипас, Соёл урлагийн цогцолборын хамт олон өнөөдрийг хүртэл уламжлалаа хадгалж яваа. Дээрх төслийг “Шинээр эхлүүлж өгөөч” гэсэн саналаа Эмэгтэйчүүдийн холбоонд хүргүүлсэн. Сайн дурын ажил нь тухайн хүний зав зай, сэтгэлийн асуудал байдаг тул уриалгахан хүлээн авах нэг хэсэг байхад хайхрамж муутай ханддаг хүмүүс ч бий. Эдгээрийн үр дүнд нэг хэсэг хүүхэд нь мартагдаж, олны дунд орхигдох талтай. 
   Засвар механикийн заводыг маш идэвхтэй, үлгэр жишээ цех гэж дүгнэн хэлмээр байна. Тэд А.Билгүүнтамирт улирлын чанартай хувцас авч, хадгаламжид нь хүүхдийн 20 мянган төгрөгөөс гадна хуримтлал үүсгэж, хичээлийн хоцрогдол арилгах давтлагад явуулан, баяр бүрээр хүүхдэдээ бэлэг илгээдэг уламжлалтай. Өмнө нь Дэнжийн 7 дугаар сургуульд суралцаж байсан хүү маань одоо 17 дугаар сургуулийн 3 дугаар ангид суралцдаг болсон. 

   - Эрдэнэт үйлдвэр 2019 оныг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Танайд бүтээн байгуулалтын ямар ажлууд хийгдэв?
   - “Энэрэл” төвд сүүлийн 25 жил бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй байсан. Энэ ч утгаараа бид дорвитой дэмжлэг авч, томоохон үр өгөөжтэй зүйлд хөрөнгө оруулалт хийхийг зорилоо. Хүүхдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургалтын аятай таатай орчин бүрдүүлэх, спортоор төлөвшүүлэх, хөгжүүлэх зорилгоор спорт заал барьж, ашиглалтад оруулахаар барилгын ажил эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар барилгын явц 80 хувьтай, дотоод заслын ажлуудаа ирэх сарын 25 гэхэд дуусгаж, ашиглалтад хүлээн авахаар төлөвлөөд байна. Хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийсэн энэ ажлыг Эрдэнэт үйлдвэр 510 сая төгрөгөөр дэмжсэн. Мөн аймаг, орон нутгийн 65 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоглоомын талбайтай болж, “Хөдөлмөр зуслан”-гийнхаа дэргэд 285 орчим сая төгрөгийн эмнэлгийн байр барьж, гүйцэтгээлээ 70 хувиар хаалаа. Ирэх хавар хүүхдүүдийг зусландаа гарахаас өмнө энэ ажил үндсэндээ дуусна. Мөн АНУ-ын Соёлын хүрээлэнд “Хүүхдүүдийн өрөөний тохижилт” сэдвээр төсөл бичиж, стандарт болгож өгөөч гэсэн санал тавьсны дагуу 10 мянган доллар буюу 25 сая төгрөгийн үнийн дүн бүхий давхар ор, бусад тавилгаар хангагдсан. Хүүхдүүд тухтай орчинд сууж киногоо үздэг, ёс заншлын тоглоом наадгайгаа суралцах гэртэй болсон гээд манай төвд хийгдсэн олон ажил бий. 
 

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Чанарын хяналтын хэлтэс оны эхний есөн сарын ажил үйлчилгээ,орлогын төлөвлөгөөг 100 гаруй хувиар давуулан биелүүлж, 864.8 сая төгрөгийн зардал хэмнэжээ. Мөн хэсэг албадын гүйцэтгэлийн өртгийг 11-22 хувь хүртэл бууруулж ажилласан бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт, хэмжилзүйн газартай олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нийт 13 стандарт шалгуулан ажиллаж байна. Тус хэлтсээс гаднын нийлүүлэлтийн орцын хяналтаар 273 нэр төрлийн сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, бараа материалд шалгалт хийжээ. Үүний 22 нэр төрлийн 241 тонн бараа материалд чанар стандартын шаардлага хангаагүй шалтгаанаар акт тогтоон буцааж, үйлдвэрт учирч болзошгүй гурван тэрбум гаруй төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж ажиллав. Мөн үйлдвэрт нийлүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг холбогдох гэрээ хэлэлцээр, техникийн зохицуулалтын хэм хэмжээ, тохирлын үнэлгээ, сорилт шинжилгээ, хяналтаар тодорхойлох зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ- ын чанарын хөтөлбөрийг мөрдөн ажиллаж байна.

Б.ЧУЛУУН

   Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн хаягдал элсний хуримтлалаас дэгддэг цагаан тоос дарах ажил эрчимжиж, тодорхой үр дүнд хүрч буйг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг ажлын явц байдалтай газар дээр нь танилцуулж, бодит мэдээлэл өгөх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэр хамтран цагаан тоосны бүс нутгийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа. 
   Цагаан тоосны дэгдэлтэд өртөмтгий бүсэд  Орхон аймгийн Говил, төмөр замын ойр орчим буюу Баянцагаан, Жаргалант сумын зарим багийн нутаг дэвсгэр харьяалагддаг. Тус багуудын 45 иргэн өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд цагаан тоос дарах ажилтай танилцах “аялал” хийлээ. Тэдэнд цагаан тоосны дэгдэлтийн талбайд тоос дарах  гурван төрлийн арга буюу технологийн туршилтуудыг хэрхэн нэвтрүүлж буй талаар Баяжуулах үйлдвэрийн тэргүүлэх инженер Г.Цогтгэрэл танилцуулж, мэдээлэл өглөө. Энэ жил “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн дэргэдэх Цагаан тоос дарах ажлын алба хамтран шинэ урвалж ашиглан булингын шинж чанарт нөлөөлөх шинэ технологийн арга туршсан нь  өгөөжөө өгч байгааг энэ үеэр иргэдэд харуулсан. Өөрөөр хэлбэл, Хаягдлын аж ахуйн 897 га талбайг эзэлдэг цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн 80 орчим хувийг одоогоор дараад байгааг мэргэжлийн хүмүүс газар дээр нь тайлбарлав. Энэхүү үр дүнд хүрэхэд шинэ технологиос гадна өмнө нэвтрүүлэн ашигласаар буй усаар норгох, хөрсөөр хучих зэрэг аргуудыг хослуулан уялдуулсан нь ач тусаа өгсөн байна.    
   Өнгөрсөн хавар Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийнхэн  тоос дарах зориулалттай,  160 морины хүчин чадалтай трактор хүлээж авсан. Бас Hydro seeder маркийн 30 хувь хүртэл өтгөрүүлсэн шингэнийг 80-100 метрийн зайд цацах хүчин чадалтай шүршигч машиныг ашиглаж эхлээд байна. Цагаан тоос дарах гол зэвсэг болсон эдгээр техникийн “ид шид”-тэй иргэд бас танилцлаа. Тоос дарах ажлыг эрчимжүүлж үр дүнд хүргэх, ирэх онд энэ асуудалд сүүлчийн цэг хатгах зорилт тавин ажиллаж буйгаа Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа энэ үеэр онцолсон. Энэ зорилтыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зүгээс онцгой анхаарч, ажиллах хүч, техник тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулсан нь ч цагаан тоос “баяртай” гэх боломж нөхцөлийг бүрдүүлж буйг хэллээ.    
   Говил, Баянцагаан баг, Жаргалант сумын иргэд Хаягдлын аж ахуйд цагаан тоос дарах ажилтай танилцсаны дараа Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны сургалтын танхимд Байгаль орчны нөхөн сэргээлт, цагаан тоос дарах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар цогц мэдээлэл сонссон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон нар энэ үеэр иргэдтэй уулзаж, харилцан санал бодлоо солилцлоо. Олон жил Эрдэнэтийнхний “толгой”-ны өвчин болсоор ирсэн цагаан тоостой 20 гаруй жил “ноцолдсоор” ирсэн ч дорвитой ахиц гараагүй. Харин бид сүүлийн жилүүдэд энэ ажлыг судалгаа, туршилт гээд олон талаас нь идэвхжүүлэн ажилласнаар гарц шийдлийг олж чадсан. Өөрөөр хэлбэл, технологийн оновчтой туршилтаар учрыг нь олоод байна. Тиймээс ирэх жил цагаан тоосноос бүрэн салж чадна гэж хэлэх боломжтой болсон” гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч мэдээлэлдээ тодотгосон. Мөн тэрээр энэ асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэхэд иргэдийн оролцоо санал санаачилга чухал буйг, хамтын хүч, үйл ажиллагаагаа уялдуулж ажиллах нь зөв гэдгийг ч хэллээ. Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс ч дээрх саналыг хүлээн авч буйгаа илэрхийлж, цаашид иргэдээ энэ чиглэлийн мэдээллээр хангах, эрүүл мэндийн үзлэгийг илүү чанаржуулж, онош дүгнэлтийг нээлттэй мэдээлж байх, ард иргэдийнхээ санал бодлыг тусган хэрэгжүүлж байхыг хүссэн. Цагаан тоосонд нэг дуугаар, нэг хүчээр “баяртай” гэж хэлэх зорилгыг энэ удаагийн уулзалт дэвшүүллээ.  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
М.Балжинням
Фото Б.Баттөгс
 
   Хөгжил дэвшил хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа өнөө үед тодорхой тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааны горимуудад  шинжлэх ухааны үндэслэл гаргах аргачлал боловсруулах эрдэм  шинжилгээний ажлууд  хийгдэх болжээ.  
   1000 гаруй тонн жинтэй хүдэр, ган бөөрөнцөг, хуяг бүхий тээрмийг зогсоохын тулд 30-45 минут зарцуулдаг. Энэ хугацаанд тээрмээ эргэлдүүлэн хүдэр гаргаж дуусгадаг. Хүдэр гарах хэмжээгээр ган бөөрөнцөг хуяг хоёр үлдэж, ган бөөрөнцөг хагарах,  хуяг гэмтэх асуудал ихээр гардаг. 
   Үүнийг давтамж хувиргагч руу шилжүүлэх горимыг  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эрчим хүчний хэлтсийн дарга - Ерөнхий эрчим зүйч Ш.Төрбат зургаан жилийн хугацаанд судалгаа шинжилгээ хийж боловсруулан,  эрдмийн ажлаа энэ сэдвээр хамгаалжээ. 
   Тэрээр “Тээрмийн их чадлын синхрон хөдөлгүүрийн сүлжээний тэжээлийн горимоос давтамж хувиргагчийн удирдлагын горимд шилжих математик аргачлал боловсруулах” гэсэн өргөн хүрээтэй эрдмийн ажлаа амжилттай хамгаалж Техникийн ухааны доктор боллоо.
   Уул уурхайн үйлдвэрт тээрмүүдийг асаах, унтраах нь чухал асуудал байдаг. Эрдэнэт үйлдвэрийн хувьд тээрмүүдийн асаалтын асуудал шийдэгдчихсэн тул алгуур унтраалтын горимыг боловсруулж, математик загварчлал хийж, компьютер симуляцад оруулж ийнхүү баталгаажуулжээ.  
   Энэ эрдмийн ажил нь математик загварчлал, практик хоёрын ажиллагааг холбож компьютер симуляц ашиглаж байгаагаар шинэлэг болжээ. Эрдмийн ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр олон тэрбум төгрөгийн хэмнэлт гарч, тээрмүүдийг зөөлөн унтраах нь хуяг, ган бөөрөнцгийн элэгдлийг бууруулах юм. Ингэснээр цахилгааны зогсолтууд цөөрч үүнийг дагаад үйлдвэрлэх бүтээгдэхүүн, ажиллах хүчин, засварын ажил зэрэг багасах юм. Дашрамд дуулгахад, Цахилгаан хөтлүүрийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан хүн Монгол Улсад төдийгүй Гадаадын улс оронд ч цөөхөн байдаг юм байна. 

А.Бямбамаа
 


   Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн ХАБЭА-н чиглэлээр энэ оны гуравдугаар улиралд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг ХАБЭА-н зөвлөл хэлэлцэн шилдгүүдийг тодруулжээ. Аюулгүй ажиллагчийн жагсаалтад хоёр дахь удаагаа бичигдсэн 14 ажилтан, мөн хэсгээсээ шилдгээр шалгарсан Ил уурхай, Дулааны цахилгаан станц, Тээвэр ложистикийн төв, Аж ахуй, үйлчилгээний цехийн удирдлагууд ХАБЭА-н хэлтсээс зохион байгуулсан хүндэтгэлийн зоогт уригдан, үйлдвэрийн удирдлагуудтай зангиагүй уулзаж ослыг тэглэх эрхэм зорилгын хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар чөлөөтэй  ярилцав. Эрдэнэт үйлдвэр ХАБЭА-н чиглэлээр олон талт ажил хийж байгаагийн нэг нь ажилтны оролцоо, манлайллыг идэвхжүүлэх үйл ажиллагаа юм. Одоогоос долоон жилийн өмнөөс “Аюулгүй ажиллагч” нарыг шалгаруулж, урамшууллыг янз бүрийн хэлбэрээр олгож ирсэн. Тухайлбал, аюулгүй ажиллагчийн жагсаалтад анх удаа бичигдсэн ажилтанд гарын бэлэг, дуулганы “Аюулгүй ажиллагч” наалт, гэрчилгээ олгодог бол хоёр дахь удаагаа бичигдсэн ажилтныг үйлдвэрийн удирдлагатай хүндэтгэлийн зоог барих, чөлөөт ярилцлага өрнүүлэх уулзалтад урьдаг. Харин аюулгүй ажиллагчийн жагсаалтад гурав дахиа бичигдсэн ажилчдад мөнгөн урамшуулал олгодог бол дөрөв дэх удаагаа бичигдсэн ажилчдад гадаадад аялах эрх олгодог юм. Эрдэнэт үйлдвэр хамгийн үнэт баялгаа ажилтан гэж үздэг учраас өөрийгөө болон журмын нөхдөө аюул эрсдэлээс хамгаалсан, эрсдэлт хүчин зүйлийг илрүүлж мэдээлсэн, ХАБЭА-н чиглэлээр санаачилгатай ажилласан уурхайчдыг урамшуулах, хүндэтгэн алдаршуулах үйл ажиллагаа улам төгөлдөржих учиртай гэж ХАБЭА-н хэлтсийн орлогч дарга Б.Баттайван онцоллоо. 
   Хүндэтгэлийн зоогтой, зангиагүй уулзалтын үеэр аюулгүй ажиллагч, зарим шилдгүүдтэй уулзаж сэтгэгдлээс нь хуваалцсан юм.   
 


 
Бид манлайллын зөөлөн хяналтын арга хэрэглэдэг
 
Д.ДАРХАНБАЯР: /Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын Ерөнхий инженер/ 
 
 
   -Манай станцын хамт олон ХАБЭА-н чиглэлээр хэрэгжүүлсэн ажлаараа хоёр, гуравдугаар улиралд дараалан тэргүүллээ. Энэ нь манай ажилчдын идэвх зүтгэл, ХАБЭА-н үйл ажиллагааны зөв хандлагатай холбоотой. Бид үйл ажиллагаандаа манлайллын зөөлөн хяналтын арга хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл хянаж шалгахаасаа илүү зөвлөн туслах хэлбэрээр хамтарч ажилладаг гэх үү дээ. Мөн станц өөрийн фейсбүүк нүүр хуудсандаа ажилчдынхаа ХАБЭА-н чиглэлээр санаачлан хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг зурагжуулж олон нийтэд хүргэдэг. Тэрхүү мэдээлэл дээр удирдлагууд нь байнгын урмын үгтэй сэтгэгдэл бичиж, ажилчдаа идэвхжүүлдэг. Ер нь ХАБЭА-н үйл ажиллагаанд ажилчдыг татан оролцуулах нь чухал ач холбогдолтой. Манайд бас нэгэн сайхан үйл ажиллагаа хэвшсэн нь “Өглөөний ХАБ”. Ажилтнууд маань “Өглөөний ХАБ”-аа ээлжээр хөтөлдөг. Маргааш өглөө би ийм сэдвээр ХАБ-ын үйл ажиллагааг удирдана, гээд урьдчилаад мэдээлчихдэг. Ингэснээр ажилтан бүр ХАБЭА-н үйл ажиллагаанд чин сэтгэлээсээ оролцож байгаа юм. Түүнээс гадна ХАБ-ын албаны дарга, хэсгийн удирдлагуудыг ХАБЭА-н шаталсан сургалтуудад байнга хамруулдаг зэрэг нь тэргүүний хамт олон болоход нөлөөлсөн болов уу. Ингээд галын бурхаддаа улам их амжилт хүсье.  
 
 
Ажилчдад эмээх халгахаас илүү аюул эрсдэлийг илрүүлье, хамтдаа сэргийлье гэх хандлага бий болсон
 
С.ОЮУНЦЭЦЭГ: /Ус хангамжийн цехийн цахилгаанчин/ 
 

   -Би Ус хангамжийн цехэд 27 дахь жилдээ ажиллаж байна. Цахилгаанчин, диспетчер, эрчим зүйч, мастер, технологич гээд олон ажил хийж явсан. Одоо ээлжийн цахилгаанчнаар ажиллаж байгаа. Энэ олон жил хамт олныхоо дунд,  ажлын гүнд нь орж ажилласан болохоор аюулд дөхсөн янз бүрийн эрсдэл олж харах нь илүү байдаг. Үйлдвэрийн удирдлагууд маань аюулгүй, зөв ажилласан хүмүүстээ хүндэтгэл үзүүлэн, санал бодлыг нь сонсож үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлдэг нь их таалагддаг. Сүүлийн үед ХАБЭА-н чиглэлд үл буруутгах зарчим үйлчилж байгаа нь ажилчдад эмээх халгахаас илүү аюул эрсдэлийг илрүүлэх, мэдээлэх, хамтдаа сэргийлье гэсэн зөв хандлага бий болж байгаа. Анх ажилд орж байхад Орос мэргэжилтнүүд ХАБЭА-н үйл ажиллагааны заавар чиглэл өгдөг байсан. Тэр цагаас өнөөдрийг хүртэл би ХАБЭА-н зөрчил дутагдал гаргаж байсангүй. Одоо энэ чиглэлийн бодлого, үйл ажиллагаа улам боловсронгуй болон хөгжиж байгаа нь сайн хэрэг.

 

Урамшууллын тогтолцоо нь зөв...
 
Н.ЦЭНД-АЮУШ: /Баяжуулах үйлдвэрийн бутлуурчин/ 
 
 
 
   -Аюулгүй ажиллагчийн жагсаалтад хоёр дахь удаагаа бичигдсэндээ баяртай байна. Би Эрдэнэт үйлдвэрт тав дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд зөвхөн ХАБЭА-н үйл ажиллагаанд бус, үйлдвэрийн дотоод журмаас эхлээд ажилтан хүн мөрдөх ёстой бүхий л хууль, дүрмийг зөрчихгүйн тулд хичээж ажиллаж ирсэн. Үүний шагнал юм болов уу гэж бодож байна. ХАБЭА-н чиглэлийн ихэнх саналаа “Аюулыг мэдээлэх хуудас”-аар идэвхтэй бичиж илгээдэг. Ер нь өөрийгөө болон цуг ажиллаж байгаа нөхрөө аюул эрсдэлээс хамгаалах нь ажилтан хүний үүрэг юм. Эрдэнэт үйлдвэрийн аюулгүй ажиллагч нараа урамшуулдаг, идэвхжүүлдэг үйл ажиллагаа маш зөв тогтолцоотой санагддаг. Ажлын бус орчинд нээлттэй ярилцах нь санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж юм. Ажилдаа нямбай хандаж, аюулыг мэдээлэх сувгуудыг ашиглаж санаачилгатай зөв ажиллах юм бол гадаадад аялах хүртэл урамшуулал бий. Гэхдээ шагналаас гадна олон хүнийг аюул эрсдэлээс хамгаалж байгаа нь хамгийн сайхан.   
  
 
М.ОДГЭРЭЛ

 

 
   
 
   
 
   

   
 
   
 

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог