• Орон нутгаас 31,9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ

        Эрдэнэт үйлдвэр ХХК нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Орхон аймгийн үйлдвэрлэгч компаниудтай 31,9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Баяжмалын шуудай, ган бөөрөнцөг, ажлын хувцас, түүхий резин, лед гэрэл, электродын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлж байна. 2016 онд 5,1 тэрбум, 2017 онд 7,7 тэрбум, 2018 онд 12 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг орон нутгийн үйлдвэрлэгчдээс худалдан авчээ. Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдтэй 2018 онд 42,5 тэрбум төгрөгийн 244 гэрээ байгуулсан нь өмнөх онтой харьцуулахад 2,2 дахин нэмэгдсэн байна.   У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Геологийн нөөцийг 60 гаруй жил ашиглана

         Эрдэнэт үйлдвэр ХХК нь анх Монгол, Чехословакийн геологчдын хайгуулын ажлын үр дүнгээс эхлэн өнөөг хүртэл уурхайн ашиглалтын насжилтыг нэмэгдүүлэхээр геологи хайгуулын ажлыг дэлхийн жишигт нийцүүлэн өнөөг  хүртэл гүйцэтгэж байна. Ордын нөөц өсгөх хайгуул, судалгааны ажлыг олон жил үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. 2017, 2018 онд геологи хайгуулын ажлын үр дүнг нэмэгдүүлснээр хүдрийн баялгийг өсгөж,  ашиглалтын нөөцийг 40 жил, геологийн нөөцийг  60 гаруй жил ашиглах боломжтой боллоо. У.Цэрэн Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Улсын төсвийн орлого нэмэгджээ

        Эрдэнэтийн уурхайчид улсын төсвийн тал хувийг бүрдүүлж, эх орны эдийн засгийн хүнд үед улсаа нуруундаа үүрч явсан түүхтэй. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд 854,8 сая тонн хүдэр боловсруулжээ. Сүүлийн гурван жилийн тайлан мэдээнээс харахад улсын болон орон нутгийн төсөвт уурхайчдын төлсөн татварын дүн өссөн байна. Тухайлбал 2016 онд 183,7 тэрбум, 2017 онд 578,6 тэрбум, 2018 онд 654,8 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлжээ. Харин үйлдвэрлэлийн түүхэнд зэсийн металл авалт энэ онуудад хамгийн өндөр хувьд хүрсэн байна. У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Нийгмийн хариуцлагын зардлыг нэмэгдүүлэв

         Эрдэнэт үйлдвэр ХХК нь уул уурхайн хүнд үйлдвэрийн хувьд ажилтнууддаа 24 нэр төрлийн хөнгөлөлт, дэмжлэг, буцалтгүй тусламж үзүүлж, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажилчдын цалинг 2017 онд 10%-аар, ажлын үр дүнгийн урамшууллыг 20 %-аар, 2018 онд цалинг дахин 15% хүртэл нэмэгдүүллээ. Үүний хүрээнд сүүлийн гурван жилд 129,2 тэрбум төгрөг зарцуулжээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд компани 2017 онд 60,5 тэрбум төгрөг зарцуулсан бол 2018 онд 24,4 тэрбумаар нэмэгдүүлж 84,9 тэрбум төгрөгт  хүргэсэн байна. У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Хуульчид 32,8 тэрбум төгрөгийн ашигтай шийдвэр гаргуулжээ

         Эрдэнэт үйлдвэрийн Хууль, эрх зүйн газрын хуульчид өнгөрсөн онд олон улсын арбитрын гурав, дотоодын арбитрын нэг, иргэний 54, захиргааны дөрөв, эрүүгийн 16, зөрчлийн хоёр гээд нийт 80 хэрэгт компанийн эрх ашгийг төлөөлөн ажиллажээ. Тэд иргэний 54 хэрэгт ажилласнаас 38 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, компанид 30,3 тэрбум төгрөгийн ашигтай шийдвэр гаргуулсан байна. Мөн эрүүгийн 16, зөрчлийн 2 хэрэгт  ажилласнаас 12 хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, 4,1 сая төгрөгийн хохирлыг барагдууллаа. Түүнээс гадна захиргааны дөрвөн хэргийн хоёр нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, нийт 2,5 тэрбум төгрөгийг компанид ашигтайгаар шийдвэрлүүлсэн амжилттай ажиллав. Тус газар 2018 онд 16 компани, дөрвөн иргэнээс нийт таван сая ам.доллар, 900 орчим сая  төгрөгийн авлага барагдуулсан байна.      Харуул хамгаалалтыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Үйлдвэрийн бүс, объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулан батлуулж, компанийн бүх ажилтнуудад цахим үнэмлэх олгох ажлыг ХМТАЦ-тай хамтран зохион байгуулсан. Журмыг хэрэгжүүлэх зорилгоор “Зочин” үнэмлэхийг хэвлүүлж, Үйлчилгээ, аж ахуйн алба, Гэрээт цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн ба гэрээт байгууллагуудын ажилтнуудыг цахим үнэмлэхээр хангах ажлыг зохион байгуулав. Мөн “Компанийн аюулгүй байдал” сарын аяныг зохион байгуулж, Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн 816 дугаар салбарын харуул, хамгаалалтын бүх  цэгүүдээр хамгаалалтыг сайжруулах олон ажил санаачлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Энэ онд хэрэгжүүлэх үйлдвэрийн ажилчдын автобусны шалган нэвтрүүлэх систем, харуул хамгаалалтын нэгдсэн систем, камерын хяналтын нэгдсэн төв байгуулах ажлын бэлтгэл хангагдаж байна. Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт сувилалд оношилгооны шинэ төхөөрөмжүүд ирлээ

         Эрдэнэт сувилал цогцолборын Дүрс оношилгооны кабинетад  Япон улсад үйлдвэрлэсэн Shimadtsu-Flexavision FD маркийн дижитал рентген аппарат, FUJINON  маркийн улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэс, бүдүүн, шулуун гэдэсний дурангийн аппарат, UUSS-H60  загварын хэт авиан оношилгооны  ЭХО аппарат хүлээн авлаа.      Дижитал рентген аппаратаар толгой, хүзүү, сээр бүсэлхий нугалмууд,  уушиг, зүрх, үе мөчний рентген зураг авах юм. Энэ аппаратын тусламжтайгаар  рентгенээр харах,  ходоод, улаан хоолой хэвлийн хөндийн эрхтэнүүдийн  тодосгогч бодистой рентген  шинжилгээ хийх боломжтой боллоо.        Эхо аппаратаар хэвлийн хөндий болон бага аарцгийн хөндийн  эрхтэнүүдийн хэт авиан шинжилгээ, зүрх судас, эмэгтэйчүүдийн оношилгоо хийхээс гадна  шинээр бамбай булчирхай, хөх, үе мөч, булчин шөрмөсийг   үзэж оношилно.      Мөн Лабораторит  цагт 200 шинжилгээ хийх хүчин чадалтай Герман улсын HumaStar-200 маркийн Биохимийн бүрэн автомат анализаторыг суурилуулсан байна.      Ингэснээр  шинжилгээний нэр төрөл олширч, чанар сайжрах төдийгүй шинжилгээний хариу автомат-аар гарах юм. Нүдний кабинетад KOWA VX10 маркийн нүдний дурангийн аппарат шинээр суурилагдсан байна. Уг аппарат нь нүдний уг дурандан оношилж, зургийг нь авдгаараа өмнөхөөсөө давуу талтай юм. Шинэ тоног төхөөрөмжүүдээс ЭХО аппарат ажиллаж эхэлсэн бөгөөд  бусдыг нь ажиллуулахад бэлтгэж, эмч мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулж байна. Ийнхүү Эрдэнэт сувилал  цогцолборт орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжүүд  ашигласнаар  ажиллагчдын эрүүл мэндийн оношилгоонд дэвшил гарна гэж эмч мэргэжилтнүүд үзэж байна. Я.ЭНХТУЯА Дэлгэрэнгүй...
  • Ус тунгалагшихад уужирдаг сэтгэл

         Энэ үгийг Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн дарга Авирмэдийн Баярсайхан нэгэнтээ хэлсэн. Жинхэнэ хөдөлмөрийн хүн л үүнийг сайн мэднэ.      Дөрвөн арваны тэртээ Увс аймгийн Завхан сумын хүү тухайн үед хэрийн хүн сонирхдоггүй усны мэргэжил эзэмшихээр Унгар улсыг зорьсон нь учиртай. Увс аймгийн Усны аж ахуй удирдах газрын дарга Авирмэдийн гурав дахь хүү ирээдүйд усны мэргэжил монголд эрэлттэй болохыг мэдэрч сонгох нь зүйн хэрэг. А.Баярсайхан гадаад багш нарын хатуу шаардлага, шүүлтийг дөмөгхөн давсаар инженерийн боловсролоор тэргүүлэгч улсын Политехникийн дээд сургуулийг усан хангамжийн ариутгах татуургын инженер мэргэжлээр төгссөн. Хорь гаруйхан настай, өндөр, цэмцгэр залуу тухайн үеийн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны томилолтоор Эрдэнэтэд анх иржээ. Тэрээр үйлдвэрийн харьяа Усан хангамж ариутгах татуургын цехийн шугамын засварчнаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Энэ үеэс л багаж хэрэгсэлтэй “нөхөрлөж”, гараасаа салгахгүй хайрлан хямгадаж ашигладаг багаж байнга гялалзаж, их үйлийг хамт бүтээдэг болохыг мэдэрчээ. Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимээр тэр удалгүй шугамын мастер, инженер болж,  1995 оноос Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн даргаар даруй 23 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Хүрдэн болон Элсэн шүүрний, Гүн цэвэрлэгээний байгууламжийг  хүлээн авч, инженер техникийн ажилтнуудынхаа хамтаар тохиргоо үйлчилгээг  гардан хийж ажилд оруулснаар цэвэрлэгээний чанарыг 98 хувьд хүргэж чадсан юм. Монгол улсын хэмжээнд цор ганц бохир усны гүн цэвэрлэгээний байгууламж Эрдэнэт үйлдвэрт бий. Өнөөдөр энэ байгууламжаас байгаль экологид хор аюулгүй цэвэр ус гарч буй нь түүний удирдсан хамт олны хөдөлмөрийн үр шим. А.Баярсайхан цэвэрлэх байгууламжийнхаа өргөтгөл, тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлийн ажлыг санаачилж, тасралтгүй сайжруулалтыг биечлэн манлайлдаг удирдагч.      Хэдийгээр Эрдэнэт үйлдвэрийн Цэвэрлэх байгууламж боловч Зууны манлай үйлдвэр дагаж байгуулагдсан Эрдэнэт хотын бүх албан байгууллага, аж ахуйн нэгж, орон сууцны ахуйн бохир усыг эднийх цуглуулж, дөрвөн үе шаттай дамжлагаар стандартын хэмжээнд хүртэл нарийн цэвэрлэдэг онцлогтой. Эндээс гарсан усаар Хаягдлын аж ахуйн далангийн усны тэнцлийг тогтворжуулдаг. Хүний өөрийн бохир усыг цэвэршүүлдэг мөн ч буянтай улс гэж бодогдох. Манай Цэвэрлэх байгууламж хоногт 24000м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай. Гэтэл 1990-ээд оны сүүлээр төслийн хүчин чадлаасаа 1,5 дахин их буюу 30 000 гаруй м3 ус хүлээн авч хэт ачаалалтай, аваарын горимд ажилладаг байжээ. Тухайн үеийн нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийг хэсгийн даргынхаа мэргэжлийн өндөр ур чадвар, хамт олныг удирдан зохион байгуулах авьяас, анхаарал болгоомж, арга ажиллагаагаар давж гарсан гэж хамт олон нь бахархан ярих дуртай. Үндсэн тоноглол, ил задгай байгууламжуудыг зогсоож засвар үйлчилгээ хийх боломжгүй тэр үед технологийн горимыг секунт алдахгүй баримтлах чухал. Энэ бүх хүндрэл бэрхшээлийг А.Баярсайхан өөрийн хэсгийн хамт олонтойгоо зоригтой туулсныг компанийн удирдлагууд одоо ч үнэлдэг. Хэт ачааллын үед “Цаашид Эрдэнэт хот өргөжин тэлнэ, үйлдвэр, аж ахуйн газрууд улам олшрох учраас Цэвэрлэх байгууламжийг өргөтгөх зайлшгүй шаардлагатай...”-г ойлгуулж ярьдаг хуруу дарам цөөн хүний нэг нь тэр байлаа. Ийнхүү давхар цэвэрлэгээний дамжлага болох Гүн цэвэрлэгээний байгууламжийг урдаас төлөвлөсөн. Дараа нь Францын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар томоохон өргөтгөл эхлүүлсэн нь одоо дуусах шатандаа явна. Харин хэт ачааллын аваарын горим 2004 оноос дуусгавар болж, хэвийн ажиллагаанд шилжсэн юм. Учир нь орон сууц, албан байгууллагуудыг тоолууржуулах, усны алдагдлыг багасгах янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд ачаалал буурсан. Одоо эднийх хоногт 18000 м3 бохир ус хүлээн авч цэвэрлэж байна. Тэрээр “Бохир усыг цэвэрлэх асуудал манай улсын хэмжээнд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татах болсон. Хөгжилтэй оронд бол хөгжлийн дээд түвшинд хүрсэн. Ундны усанд хэрэглэх хэмжээнд хүртэл цэвэрлэж байна. Манайх одоохондоо хөгжлийнхөө шатанд л явна. Харин ч том үйлдвэрийн харьяанд явсаны хүчинд үйл ажиллагаа нь жигд, техник технологийн шинэчлэл цаг хугацаандаа хийгддэг, мэргэжилтэй боловсон хүчингүүдээр хангагддаг, үүнийхээ хүчинд улсын хэмжээнд хэвийн яваа ганц цэвэрлэх байгууламж бол манайх...” гэж ярьсан. Үнэндээ хэвийн жигд ажиллагааг хангахад хамгийн их нөлөөлсөн, хүчин чармайлт, сэтгэл гаргаж яваа хүн нь өөрөө юм. Үргэлж найдвартай ажиллагаа, хурдтай хэмнэл нэхэж, шинийг эрэлхийлдэг хэсгийн дарга хамгийн сүүлд Сэлэнгэ амралтын баазын цэвэрлэх байгууламжийг Герман улсын “WBS” технологитой бүрэн автомат байгууламжаар  бүтэн шинэчилсэн. Шинэ техник, тоног төхөөрөмжийг суурилуулан ажиллуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх бол түүний мэргэшсэн ажил. Мөн саяхан Цэвэрлэх байгууламжийн лабораторийн 40 жил ашигласан тоноглол, хэрэгслүүдийг шинэчилснээр бохир усны цэвэрлэгээний шинжилгээг сүүлийн үеийн дэвшилтэт арга зүй, технологиор хийх болсноор үр дүн, чанар дээшилсэн. Ингээд зогсохгүй, лабораторидоо Улсын итгэмжлэл авах санаачилга гарган хөөцөлдсөөр бүтээжээ. Одоо Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн лабораторийн шинжилгээний дүн Монгол улсын хэмжээнд бүрэн зөвшөөрөгдсөний дээр хүн амын ундны цэвэр усанд шинжилгээ хийх, улмаар бусад үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шинжилгээний төлбөртэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн нь сайн хэрэг.      А.Баярсайханд Эрдэнэтчүүд талархах учиртай. Байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалахад амьдралынхаа туршид асар их хувь нэмэр оруулсан эрхэм. Цэвэрлэгдэн гарч буй бохир усны стандартад хатуу хяналт тогтоож, ус тунгалаг байхын төлөө 33 жилийн амьдралаа бүтэн зориулсан мэргэшсэн инженер. Одоо ч Цэвэрлэх байгууламжийнхаа лагийг үнэргүйжүүлэхэд сэтгэл, оюунаа чилээн судалгаа туршилт явуулсаар, гарц гаргалгаа хайн бэдэрсээр явна. Эндээс гарах усны дусал бүхэн тунгалаг байж, эрэл зөв чигийг олох болтугай. М.ОДГЭРЭЛ Дэлгэрэнгүй...
  • Уртын дууны шуранхай, ум тарнийн увидастай

             Уртын дуу, сонгодог урлаг, суурь шинжлэх ухааны хөгжлийн орон зай, цаг хугацаанд эрх чөлөө, ардчилал, тэгш эрх оршдог билээ.      Уртын дууны гайхамшиг нь, усны харгиа боргио, уул хавцлын цоор цуурай, исгэрээнээс улбаалан байгаль орчноо аргадах бөөгийн шашны дуудлага, туульсаар өртөөлөн өндөр их уулсын хүрээлэлд үүссэн байх магадлалтай юм. Учир нь тэр их өндөр уулс саръдгийн сансрын салхины эрч, усны хүрхрээн хүчит чимээ анир улмаар цаг уурын эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улирлын өөрчлөлтөд хүний сэтгэлийн эгшиг, цахилгаан соронзон долгион болон таталцах хүчээр өдөөгдөж болох учиртай билээ.            Үсэг үсгээр эвлэж үг үүсээд л үг хоорондоо соронзлогдон, шад бадгаар тэгш хэмлэгдэж ид шид шингэсэн дууны яруу найраг төрдөг. Улмаар ширэн цартай, сүүлэн хөвч, хоёр чавхдастай сэтгэл зүрхний хос ховдлыг булгилуулсан морин хуурын амьд эгшигтэй сүлэлдсэн уртын дууны шуранхай амилаад ирэхээр үнэхээр байгаль ертөнцийн уран эгшиглэнтэй, увидастай цэнхэр нүдэн, эмзэгхэн замбуулин хорвоо гэдэг энэ юм шүү дээ гэж төсөөлөгдөн сэтгэлийн таашаал, амгаланг эдлэх. Үнэхээр ч нүдний цөцгий мэт хайрлан, холтолж хэлтлэх нь бүү хэл, хиртээж буртаглаж боломгүй ариун дагшин ертөнц билээ.      Морины гүйх хар  хурданд  уртын дуугаар жигүүрлэн нисэхэд, хүний сэтгэлийн чагтага мултарч, газрын татах хүчнээс хязгааргүй орчлонд  жингүйдэн уусан алдарч, алсран тасраад л уужим сансар огторгуйд хөвөн, алс төгсгөлгүйн хөндлөнгөөс алаг нүдэн дэлхийгээ тольдон   зорчиж амьдрах  нь Монгол хүн болж төрсний  хосгүй хишиг,  хувь заяа юм даа.      Ер нь үлгэр домогт гардаг гуурст хурдан хүлгээрээ монголчууд аль эрт сансарт зорчин нисэж, хөрст цэнхэрхэн дэлхийгээ гаднаас нь ид  шидтэй билгийн нүдээрээ тольдон харж таньчихсан хүмүүс гэлтэй.      Америкийн Калифорнийн их сургуулийн хэсэг эрдэмтэд 1995 онд   аливаа үсэг, үг авианд энергийн эрчим хүч байдаг эсэхийг судлахаар тусгай  дуу дохио авианы маш өндөр нарийн  мэдрэмжтэй багаж зохион бүтээж олон ястны хэлээр хэдэн мянга, түмэн үгийг хэлэхэд  багаж мэдрээгүй гэдэг. Харин Грекийн эртний томъёонууд хэлэхэд дөнгөж мэдрэн үл ялиг  хөдөлж эхэлжээ. Улмаар Буддын сургаалийн  “УМ” тарнийг дуудахад багажны зүү хөдөлж 36 градусыг заасан байна. Үүнээс үүдээд эрдэмтэд энэ хазайлтын өнцгийн хэмжээг эрчим хүчинд шилжүүлж тооцоход сансрын хөлгийг тойрог замд оруулахуйц асар их энерги болохыг баталсан тухай Европын нөлөө бүхий “Асеа” сэтгүүлд бичжээ. 1911 онд сэргээн тунхаглагдсан Монгол улсын төрийн далбааны төгсгөлийн гурван улаан хэлний зулайд Ум, дунд нь Аа, өлмийд нь Хум үсэг заларч  байсан нь ердийн тохиолдол биш дэвшин мандахын агуу бэлгэдэл, сүр хүч байжээ. Ээжүүд үр хүүхэд биднийгээ арцаар ариулахдаа “Умаахан, умаахан, умаахан” гэдэг уншлагын учрыг хожуу хойно л ойлгож байна.      Үүнээс үүдэн шашин номын зүрхэн болон шидэт тарни гэдэг бол ид шидийн эрчим хүчтэй болох нь нэгэнт илэрхий болсон юм. Харин уртын дууны Аяа зээ хө, Ха, Хэ цохилтуудын тэсрэлтийн их хүч бол Ум тарнийхтай дүйцэхүйц эрчимтэй байж болох үндэстэй  юм.      Энергийн эрчмээр илэрхийлэгдсэн уртын дуу, морин хуурын эгшиг, дуучны хоолойн уянга дэлхийн ямарч үндэстэнд орчуулгагүй гэрэлт сэтгэл зүрхэнд нь солонго татан гэгэлзүүлэн дэгэлзүүлдэг онцлогтой.      Уламжлалт морин хуур арьс шир, адууны сүүлээр урлагдсан болохоор  хөгжмийн амьтай зэмсэг болохоор монгол хүний зүрх сэтгэл, адууны үүрсэлт, тэмээний буйлаа шингэсэн нүүдэлчний мэдрэмжтэй байхаас аргагүй юм. Яагаад гэвэл хос чавхдасаас багцлагдан тогтдог боловч хоёр  зуу гаруй хялгаснаас бүрэлддэг гэдэг билээ.      Уртын дуу гэдэг нь үнэн хэрэгтээ гайхамшигт нарийн мэдрэмжтэй  хүмүүсийн чин зүрх сэтгэлээр орон зайд, цаг хугацаагаар ирлэгдэн бодит  амьдралын зовлон жаргалаас л төрж төгөлдөрждөг болохоор  сүнслэг бөгөөд авшигтай юм билээ.      Наран сартай сүлэлдэх үдшийн гэгэлгэн бүрийгээр, өдөртөө сульдсан агаарыг уртын дуугаар уярааж, хаяа дарсан айлуудаас, хангинуулж дөлөөд өнгөрөхөд, хадамд ирсэн шинэхэн бэр санааширч үлддэг л нүүдэлчний нэгэн бодит  амьдралын  зураг.        Дорнын монгол уртын дуу болон Өрнийн сонгодог урлагийн орон зай, цаг хугацааны ертөнцөд л эрх чөлөө, тусгаар тогтнол, жинхэнэ ардчилал оршдог болохоор хүн болгон тэмүүлдэг ч, тэр болгон нь хүрч чаддаггүй хязгааргүй ертөнц билээ. Уртын дууны шуранхай, Ум тарнийн увидас энергийн тодорхой болон тодорхой бус хэлбэрт шилжин хувьсаж, мөнхөд орших эрчмийн үлэмжийн хязгааргүй чанар бөгөөд нарны алтан цацрагтай зүйрлэхүйц ертөнцийн багцалсан лугшилт юм.    Ж.БААТАРХҮҮ Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
Мэдээ

“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд хүүхдийн асрамжийн “Энэрэл” төвийн багачуудаа “Өргөө” кино театрын их танхимд хүлээн авч баярын бэлэг гардуулахын зэрэгцээ хоёр автобус хөлөглөн мөрөөдлийн аялалд гарах эрхийн бичиг олгож баярлууллаа. Тэд хүүхдийн баяраа Улаанбаатар хотод үргэлжлүүлж, Цонжин болдог цогцолбороор аялах болов. Энэ үеэр хүүхдүүд гаргасан амжилтуудаа ам бардам танилцуулж, шинээр сурсан дуу, бүжгээрээ үйлдвэрийн удирдлагуудад сэтгэлийн бэлэг барив. Турк сургуулийн 6-р ангийн сурагч З.Бат-Үйлс англи хэлний Улсын олимпиадад түрүүлэн алтан медаль хүртэж, багийн дүнгээр дэд байр эзэлсэн бол эдний ахлах ангийн хүүхдүүдээс бүрдсэн бүжгийн хамтлаг аймгийн тэмцээнд хоёрдугаар байр эзэлжээ. Одоогоор “Энэрэл” төвд 46 хүүхэд сурч хүмүүжиж байгаа бөгөөд он гарсаар бага насны дөрвөн хүүхэд шинээр нэмэгдсэн байна.
Баярын үйл ажиллагааны үеэр АНУ-д сурагч солилцоогоор явж суралцаад ирсэн 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Г.Оюундарь “Эрдэнэт” үйлдвэрийнхээ ах эгч нарт насан туршдаа баярлаж явахаа илэрхийлэн ажлын өндөр амжилт хүслээ.  

 

М.ОДГЭРЭЛ

         

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг угтан, Монголын сэтгүүлчдийн дунд зарласан “Эрдэнэт үйлдвэр –Хөгжлийн түүчээ” нийтлэлийн уралдааны шагнал гардуулах ёслол Улаанбаатар хотноо боллоо. Тус уралдааныг компанийн Олон нийттэй харилцах албанаас түүхэн ойдоо зориулан санаачилсан бөгөөд сэтгүүлчдийн 27 бүтээл ирсэн. “Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” нийтлэлийн уралдааны тэргүүн байрыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга эзэлж, нэг сая төгрөг, гадаадад мэргэжил дээшлүүлэх эрхийн бичгийн эзэн боллоо. Хоёрдугаар байранд Орхон аймгийн ахмад сэтгүүлч Ж.Оюун орж, нэг сая төгрөг, гуравдугаар байрыг “Монголын үнэн” сонины сэтгүүлч М.Өнөржаргал эзэлж, 800 мянган төгрөгөөр шагнуулав. “Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” нийтлэлийн уралдааны тусгай байрыг компанийн Олон нийттэй харилцах албаны сэтгүүлч М.Балжинням, Орхон аймгийн ЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч, сэтгүүлч Ч.Энхчулуун нар эзэлж, тус бүр 500 мянган төгрөгөөр бүтээлээ үнэлүүллээ.

 

У.Цэрэнбат

 

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, компанийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Эрдэнэцогт нар өнөөдөр Улаанбаатар хотноо Хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд компанийн үйл ажиллагааны талаар болон тэдний сонирхсон асуудлаар мэдээлэл өглөө.




“Эрдэнэт” үйлдвэр оны эхнээс 252 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ

     “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, үйлдвэр анхны баяжмалаа гаргасны 40 жилийн ой 2018 онд тохиож байна. 40 жил ашиглаж байгаа “Эрдэнэтийн -Овоо” ордын уул геологийн нөхцөл хүндэрч, хүдэр дэх зэсийн агуулга буурч, үйлдвэрийн технологийн ихэнх тоног төхөөрөмж, техник, инженерийн байгууламжийн насжилт өндөр болсон.  Энэ цаг үед компанийн алсын хараа, эрхэм зорилго, бодлогоо зөв тодорхойлж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүйгээр үр ашигтай явуулах, компанийн сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлсний үр дүнд “Эрдэнэт” ашигтай ажиллаж байгааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлов. 2017 онд дэвшүүлсэн зорилтоо бүх үзүүлэлтээр нь 101.9-152.1 хувиар биелүүлсэн. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байсан хэдий ч зэсийн металл авалтыг 89.28 хувьд хүргэн хамгийн өндөр орлого, ашигтай ажиллаж, 2017 оны үр дүнгээр улс, орон нутгийн төсөвт 614.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн зэрэг нь 40 жилийн түүхэнд дээд амжилт байлаа.  




“Эрдэнэт” үйлдвэр дахин 60 жил тасралтгүй ажиллана

     “Эрдэнэт” үйлдвэр цаашид хэдэн жил үр ашигтай ажиллах вэ? гэдэг асуултын хариулт уурхайчдын, Эрдэнэт хотын иргэдийн цаашлаад Монголчуудын хувьд чухал байдаг. Өнгөрсөн  жилүүдэд явуулсан геологи хайгуулын ажлын үр дүнд үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмэгдүүлж, цаашид 60 орчим жил ажиллах боломж бүрдсэн. Энэ онд геологийн судалгаа шинжилгээ, хайгуулын ажилд зарцуулах хөрөнгийг 2016 онтой харьцуулахад 3.2 дахин нэмэгдүүлэн ажиллаж байна.


Уурхайчдынхаа цалинг 1000 ам.долларт хүргэнэ


    “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд уурхайчдын цалин хөлсийг нэмүүлэх талаар удаа дараа мэдэгдэж, ажилчдын төлөөллийг оролцуулан жагсаал хүртэл зохион байгуулсан. Бодит байдалд уурхайчдын цалин үнэхээр чамлалттай байдаг уу? гэсэн сэтгүүлчийн асуултад Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хариулахдаа, өнөөдрийн байдлаар үйлдвэрийн ажилчдын дундаж цалин 2,3 сая төгрөг байна. Эрдэнэт үйлдвэр ХХК нь 2017 онд ажилтнуудынхаа үндсэн цалинг 10 хувь, урамшууллын санг үндсэн цалингийн сангийн 20 хүртэл хувиар тус тус нэмэгдүүлж, уул уурхайн салбарын 95 жилийн ойг тохиолдуулан  оны төгсгөлд ажилтан бүрт 500 мянган төгрөг, ахмадууддаа 300 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын нэгнээс үндсэн цалинг 15 хүртэл хувиар нэмэгдүүлэв. 2019 онд ажилтны дундаж цалинг 1000 ам.долларт хүргэнэ. Эрдэнэт үйлдвэр ХХК нь ажилтнууддаа 24 нэр төрлийн хөнгөлөлт, дэмжлэг, буцалтгүй тусламж үзүүлж, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлдэг. Энэ бодлогын хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 129.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.  Хүнээ, уурхайчнаа бодсон нийгмийн хамгааллын бодлогыг нэн тэргүүнд тавьж, Үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан Хамтын гэрээнд заасны дагуу цалинг шат дараатай өсгөх үүргээ 100 хувь биелүүлэн ажилладаг гэдгээ “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага сэтгүүлчдэд хэллээ.  Сонирхолтой судалгаа дурьдахад, “Зарплата” сэтгүүлийн 2018 оны нэгдүгээр улирлын дугаарт “Хаана хамгийн өндөр цалин авдаг вэ?” гэсэн статистик мэдээ нийтлэгдсэн байна. Монгол улсын хувьд нэг ажилтанд ногдох 458 $-ын цалин хөлсний орлогоор тус жагсаалтын 91-р байранд Казахстан, Албани, Румын зэрэг улс орнуудын ард жагсчээ. Эрдэнэт үйлдвэр ХХК-д байдал ямар байгааг улс орнуудын дундаж цалин хөлстэй харьцуулан харвал 2017 онд компанийн нэг ажилтан 2 272 370 төгрөг буюу 950 орчим долларын цалин хөлстэй ажиллажээ. Үүнийг тус жагсаалттай харьцуулан харвал Португали, Чили, Гонконг, Макао, Бразил зэрэг улс орнуудын орчимд буюу 40-р байрт багтаж байгаа юм.
 


Цагаан тоосыг дэгдэлтийг 50-60 хувиар дарна

     Хаягдлын аж ахуйн хүчин чадал, цагаан тоосны талаар сэтгүүлчийн асуултад Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Эрдэнэцогт хариулт өгөв. Тэрээр 1978 онд жилд 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай байсан “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлыг эзэмшиж, зэсийн болон молибдены баяжмал гэсэн үндсэн хоёр бүтээгдэхүүнээс гадна Катодын зэс, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгааг ярианы эхэндээ онцлов. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт”-ийн уурхайчид төлөвлөгөөгөө бүрэн биелүүлж, өмнөх оныхоос ч давуулах төлөв харагдаж байгааг хэллээ. Үйлдвэрлэлийн технологийн хаягдал цуглуулах Хаягдлын аж ахуйг компани 40 жилийн хугацаанд ашиглаж байгаа бөгөөд цаашид 20-22 жил ашиглах боломжтой юм. Иймд орон нутгийн төр, захиргааны байгууллагатай газрын асуудлаар санал солилцож, шинээр хаягдын сан байгуулах төсөл хийгдэж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд цагаан тоосыг дарах шинэ технологийг боловсруулан лабораторид туршихад үр дүн 100 хувь гарсан. Энэхүү технологи нь цагаан тоосны дэгдэж буй нарийн ширхэглэлийг нийлэг бодисоор барьцалдуулж, уусгах бөгөөд үүнийг үйлдвэрлэлд туршиж байгаа юм. Ирэх хавар шинэ технологийн үр дүнд цагаан тоосны дэгдэлтийг 50-60 хувь багасгана.
 



 

“Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд нэг ч долларын төлбөр төлөөгүй

    “Жаст групп” ХХК “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж, “Стандарт” банкнаас зээл авсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа. Арбитрын шүүхээс тус банкны нэхэмжилсэн 109 сая ам.долларыг 51 сая болгон бууруулж, “Эрдэнэт” үйлдвэрийг төлөх шийдвэр гаргасан. “Эрдэнэт” үйлдвэр нэг ч ам.долларын төлбөр төлөөгүй. Одоогоор Арбитрын шийдвэрийг давж заалдах хуулийн ажиллагаа бүрэн дуусаагүй байна. Энэ асуудлаар УИХ, Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, шаардлагатай баримт материалыг судалсан. “Стандарт” банктай холбоотой асуудлаар холбогдох баримт материалыг нягталж, нөхцөл байдлыг бодитоор үнэлэн, “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон, Монгол улсын эрх ашгийг хөндөхгүй, хохирол багатай шийдвэрлүүлэхийн төлөө төр, засгийн дэмжлэг авч ажиллаж байгаагаа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ. “Эрдэнэтийн 49 хувь”, “Стандарт банкны өр” гээд компанийг тойрсон сөрөг мэдээлэл, сэтгэл зовоосон асуудал цөөнгүй. Гэвч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон эдгээр асуудалд анхаарал хандуулах завгүй хөдөлмөрлөж, ажил үйлс нь өөдрөг, үйлдвэрлэл нь жигд тогтвортой, ашиг орлого сайн 40 жилийн ойгоо угтаж байгааг хэвлэлийн бага хуралд компанийн удирдлагууд дөрөв дэх засаглалынханд дуулгалаа.


У.Цэрэнбат

БИД 2017-2031 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛЭЭ ТАВ ТАВАН ЖИЛЭЭР ТӨЛӨВЛӨН, ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭЭД БАЙНА 

     “Эрдэнэт үйлдвэр” ХХК байгуулагдаад хэдийнэ дөчин аравныг үджээ. Дөчин жилийн ой нь тохиож буй тус үйлдвэрийн Ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.Бадамсүрэнтэй уулзаж ярилцлаа.  

     -Монголын  хамгийн том үйлдвэрийн захиралтай уулзаж байгаагийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой сүүлийн үеийн шинэ мэдээллээр ярилцлагаа эхлэх үү?
      -Та бид нэлээд онцлог, чухал цаг үед уулзаж байна. Учир нь, “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьж байгуулах тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, анхны баяжмалаа гаргасны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Дөчин жил гэдэг багагүй хугацаа. Хүнээр бол идэвхтэй амьдралынхаа талаас илүүг өнгөрөөж байгаатай зүйрлэж ч болох юм. Эрдэнэтийн овоо ордын уул геологийн нөхцөл хүндэрч, хүдэр дэх зэсийн агуулга буурсан.
      Технологийн ихэнх тоног төхөөрөмж, техник, инженерийн байгууламжийн насжилт өндөр болжээ. Чухам энэ цаг үед компанийн алсын хараа, эрхэм зорилго, бодлогоо зөв тодорхойлж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүйгээр үр ашигтай явуулах, компанийн сайн засаглалыг бэхжүүлэх нь тун чухал. Иймд үүний дагуу тодорхой ажлуудыг бид хийж хэрэгжүүлж байна. Тодорхой болгох үүднээс тоон үзүүлэлтээс дурдъя Манай уурхайчид, хамт олон 2017 онд дэвшүүлсэн зорилтоо бүх үзүүлэлтээр нь 102-152 хувиар биелүүллээ. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байсан. Гэсэн хэдий ч зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэж, хамгийн өндөр орлоготой, ашигтай ажиллаж чадлаа. Тэрчлэн 2017 оны үр дүнгээр улс, орон нутгийн төсөвт 614.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн зэрэг нь түүхэн дээд амжилт байлаа.

     -Баяр хүргэе. Ийм амжилт үзүүлэхэд чухам юу нөлөөлөв?
      -Үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэлийг эхлүүлж, горимыг нарийн мөрдөж, хариуцлагыг сайжруулсны үр дүн юм. Энэ ч утгаараа бид Монгол Улсын Засгийн газар,  Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг 2017 онд  тэргүүллээ. Бид 2017 оныхоо ололт, амжилтыг бататган 2018 онд ч ажил үйлс тун сайн явж байгаа. 2018 оны I улиралд  үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь 100-126 хувиар биелүүлсэн. 2017 оны мөн үетэй харьцуулахад хүдэр олборлолтыг 14.3, хүдэр боловсруулалтыг 4.3, зэсийн баяжмал үйлдвэрлэлийг 2.3 хувиар тус тус өсгөлөө.  2018 оны эхний дөрвөн сард  улс, орон нутгийн төсөвт нийт 252.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.

      -Дөчин жилийнхээ ойг хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ?
      -Манай хамт олон үйлдвэрийнхээ 40 жилийн ойг батлагдсан төлөвлөгөөний дагуу бүтэн жилийн туршид үе шаттай тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл хангаад, хэрэгжүүлээд ажиллаж байна. Олон ч ажил амжуулж байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төслүүдийн бэлтгэл ажлын хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сард “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын бизнес форумыг 40 жилийн ойгоо угтан Орхон аймагт амжилттай зохион байгууллаа. Энэхүү форумын үйл ажиллагаанд дөрвөн тивийн 15 улсын 40 гаруй компани оролцсон. Уул уурхай, металлург, машин үйлдвэрлэл, зураг төсөл, инженерингийн зэрэг голлох чиглэлээр салбартаа тэргүүлэгч дэлхийн шилдэг компанийн төлөөлөлтэй асуудлаа нээлттэй ярилцаж, тодорхой сэдэв, төслүүдээр үр бүтээлтэй санал солилцсон.
      Өнгөрсөн дөрөвдүгээр сард Уурхайчин эмэгтэйчүүдийн үндэсний анхдугаар чуулганыг  Эрдэнэт хотноо зохион байгууллаа. Уул уурхайн компани, төр, засгийн байгууллагуудын төлөөлөл болсон 400 гаруй эмэгтэй оролцсон. Чуулганы үйл ажиллагаанд УИХ-ын эмэгтэй гишүүд ач холбогдол өгч, оролцон тулгамдсан олон асуудлыг хэлэлцсэн. Энэхүү чуулганаас төр, засгийн байгууллагуудад санал, уул уурхайн компанийн удирдлагууд, нийт уурхайчин бүсгүйчүүддээ хандан зөвлөмж, уриалга гаргасан. Чуулганы үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас амаржсаны амралттай, хүүхдээ асарч байгаа ээжүүддээ сар бүр олгодог тэтгэмжийг  2018 оны зургаадугаар сарын 1-нээс 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, бүсгүйчүүддээ дэмжлэг үзүүллээ.
      Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс санаачилсан орон нутгийн сэтгүүлчдийн форумыг Орхон аймагт хамтран зохион байгуулав. Мастеруудын хөгжлийг дэмжин хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхийг зорьж, “Мастер манлайлал” хөтөлбөрийг баталж хэрэгжүүлж эхлээд байна.

     -“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тулгын чулууг тавилцсан ахмадууддаа зориулсан ямар ажлууд төлөвлөсөн бэ?
      -Үйлдвэрийн зүгээс Ахмадынхаа зөвлөлтэй хамтарч, ахмадууддаа захидал бичин, тэднийхээ дунд санал асуулга явуулсан. Ийнхүү ахмадуудынхаа санал хүсэл бодолд тулгуурлан үе шаттай ажлуудыг хийсээр байна. Тухайлбал, ахмадуудынхаа дунд урлагийн наадам зохион байгуулсан. Уул уурхайн бүс нутгаар шилдэг уран  бүтээлүүдээрээ аялан тоглолт хийхээр бэлтгэл хангаж байна. Мөн энэ сарын 24-нд 1000 ахмадын чуулга уулзалтыг зохион байгуулж, үйлдвэрийн нийт ахмадуудынхаа 50 орчим хувийг хамрууллаа. Чуулганы үр дүнгээр ахмадууддаа компаниас олгодог нэмэгдэл тэтгэврийн хэмжээг 2005 оноос өмнө тэтгэвэрт гарсан ахмадуудад 50 хувь, 2005 оноос хойш тэтгэвэрт гарсан ахмадуудад 20 хувь нэмж 2018 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс олгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр тэтгэврийн зөрүүг арилгаж, ахмадуудынхаа сар бүрийн өрхийн орлогод бодитой хувь нэмэр үзүүллээ. Түүнчлэн “Эрдэнэт сувилал”-ын цогцолбортоо зөвхөн ахмадуудыг хариуцсан мэргэжлийн эмчтэй болгох асуудлыг шийдвэрлэлээ.
      Удахгүй бид уурхайчдадаа, хамт олондоо зориулсан баяр наадмаа зохион байгуулах гэж байна. Энэ наадамд зөвхөн манай үйлдвэрийн ажилтан, ажилчид эрийн гурван наадам, шагайн харваагаар наадах юм. Долоодугаар сард гадаад түншүүдтэйгээ хийх уулзалтыг төлөвлөж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байсан орос мэргэжилтнүүддээ зориулсан арга хэмжээ зохион байгуулна гээд төлөвлөсөн олон ажил бий.
      “Эрдэнэт” үйлдвэр маань Монгол Улсын хөгжлийн бүсчлэлээр төвийн бүсэд багтдаг, тиймээс аймаг, орон нутаг, бүсийнхээ ард иргэдэд үйлдвэрийн үйл ажиллагааг сурталчлах, үйлдвэрийн ойгоороо баярлуулах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 40  жилийн ойг түүхэн хөгжилтэйгөө хувь заяа нэгтэй үе үеийн уурхайчин, ахмадууд, хамтран ажиллагч гадаад, дотоодын түншүүддээ хүргэхээр үечлэн хэсэгчлэн  зохион байгуулж байгаа нь учиртай.
      Монгол Улсад уул уурхай, аж үйлдвэрийг хөгжүүлэх төр, засгийн бодлогын бодит биелэл, үр дүн болж сүндэрлэсэн ХХ зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэр  нь XXI зуунд ч энэ манлайллаа хадгалахын төлөө байна. Манай  үйлдвэрийг бүтээн байгуулах болон амжилттай хөтлөн явуулах үйл ажиллагаанд оролцсон, дэмжсэн, тусалсан, хүч хөдөлмөрөө зориулсан нийт хүмүүс, геологи, уул уурхай,хүнд үйлдвэрийн салбарынхан ахмадууд, түншүүддээ “Та бүхний итгэлийг бид алдаагүй, цаашид ч алдахгүй  гэсэн уурхайчид бидний зүрх сэтгэлийн илэрхийлэл “Итгэл, хүндэтгэл”-ийн цогц арга хэмжээ болгон зохион байгуулж байна.

     -Удахгүй болох наадмаар хамт олондоо ямар сюрприз барих гэж байна вэ?
      -Баялаг бүтээгч хамт олондоо, ахмадууддаа барих бэлэг бий. Таны хэлдгээр сюрприз хэвээрээ байг дээ /инээв/. Ямартаа ч уул уурхайн салбарын 95 жилийн ойгоор хамт олондоо олгосон урамшууллын хэмжээг бууруулахгүй. Компанийн 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд сайн ажиллаж байгаа ажилтнуудаа урамшуулан, Солонгосын Пёнчан хотод болсон өвлийн олимпыг 40 ажилтандаа үзүүлж аялуулсан. Одоо дэлхийн хөл бөмбөгийн аваргад мөн шилдэг 40 ажилтнаа явуулахаар шийдвэрлээд байна.
      “Эрдэнэт” үйлдвэр ХХК нь 2017 онд ажилтнуудынхаа үндсэн цалинг 10, урамшууллын санг үндсэн цалингийн сангийн 20 хүртэл хувиар тус тус нэмэгдүүлсэн. Уул уурхайн салбарын 95 жилийн ойг тохиолдуулан оны төгсгөлд ажилтан бүрт 500 мянган төгрөг, ахмадууддаа 300 мянган төгрөгийн урамшуулал олголоо. Мөн 2017 оны ажлын гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулан 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нээс үндсэн цалинг 15 хүртэл хувиар нэмэгдүүлээд байна.
      Хөгжлийн үндсэн чиглэл, хэтийн төлөвтэйгөө уялдуулан орон сууцны хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх, ажилтнуудын орон сууцны асуудлыг зөв зохистой арга хэлбэрээр шийдвэрлэх зорилгоор орон сууцны хорооллуудыг барьж байгуулахаар төлөвлөж байна. Газрын хэвлий дэх байгалийн нөөц, баялгийг олборлон боловсруулах замаар үндэсний баялаг болгон хувиргадаг уурхайчид, бүтээлч хамт олныхоо цалин хөлс, ахуй хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага цаашид илүү их анхаарч ажиллах болно.
    
     -“Эрдэнэт” үйлдвэр түүхт ойн жилдээ олз омог ихтэй, амжилттай ажиллаж байгаа юм байна. Гэхдээ сүүлийн жил гаруйн хугацаанд өрнөж байгаа үйл явдал, дуулиан шуугианы талаар асуухгүй өнгөрч болохгүй. “Жаст” групп ХХК “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж, “Стандарт” банкнаас зээл авсан асуудал бий. Улмаар Арбитрын шийдвэр гарч, “Эрдэнэт үйлдвэр” энэ өрийг төлөхөд хүрсэн талаарх асуудал одоо ямар төвшинд байгаа вэ?
      -“Жаст” групп ХХК нь 2009-2012 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иар баталгаа гаргуулан “АйСиБиСи Стандарт” банк ПЛС-аас зээл авсан гэх асуудлаар үүссэн маргаан 2013 оноос Лондоны олон улсын Арбитрт хянагдаж байгаа. Энэ нь компанид ихээхэн эрсдэл дагуулсан, тулгамдсан асуудал болоод байна.
      Арбитрын шийдвэрийг давж заалдах ажиллагаа бүрэн дуусаагүй байна. Энэ асуудлаар Засгийн газрын Ажлын хэсэг байгуулагдсан. Мөн УИХ-ын Ажлын хэсэг саяхан байгуулагдлаа. Энэхүү Ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр”-т ирж компанийн удирдлага, ажилтнуудын төлөөлөлтэй уулзан шаардлагатай баримт материалыг судлаад тодорхой хугацаанд авч хэрэгжүүлэх чиглэл, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад өгсөн. Стандарт банктай холбоотой асуудлаар бид холбогдох баримт материалыг нягталж, нөхцөл байдлыг бодитоор үнэлж, “Эрдэнэт” үйлдвэрт аль болох хохирол, сөрөг үр дагавар багатайгаар шийдвэрлүүлэхийн төлөө төр, засгийн дэмжлэг авч ажиллаж байна. Хууль хяналтын байгууллагууд ч ажиллаж байгаа.

     -“Эрдэнэт үйлдвэр”-ийн ойрын болон хэтийн зорилго юунд чиглэж байна вэ?
      -Өнгөрсөн  жилүүдэд явуулсан уулын ажил, ашиглалтын хайгуулын материалд дүн шинжилгээ хийж, 2017 онд геологи хайгуулын ажлыг өмнөх оноос хоёр дахин өсгөлөө. Үүний үр дүнд үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмэгдүүлж, цаашид 60-аад жил ажиллах боломж бүрдэж байна. 2018 онд геологийн судалгаа шинжилгээ, хайгуулын ажилд зарцуулах хөрөнгийг 2016 онтой харьцуулахад 3.2 дахин нэмэгдүүлэн ажиллаж байна. 2017 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг боловсруулж дууссан. Энэхүү 15 жилийн үндсэн чиглэлээ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө дэмжүүлсэн бөгөөд тав таван жилээр төлөвлөн хэрэгжүүлнэ.
      Уг ажлын хүрээнд Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл, Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл, Засвар механикийн заводыг шинэчлэх, өргөтгөх төсөл, Зэсийн хүдрийг уусган боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэх төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Гагцхүү эдгээр төслөөс Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих асуудал олон жил яригдсан. Энд технологийн хувьд асуудал байгаа юм. Гол нь үйлдвэрлэлийн үйл явцаас гарах хүхрийн хүчлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь “толгойны өвчин” болж байгааг дахин онцлон хэлмээр байна.
Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын шинэчлэл, өргөтгөлийн төслүүдийг 2018 оноос үе шаттайгаар хэрэгжүүлнэ. “Эрдэнэт үйлдвэр” тасралтгүй, үр ашигтай  ажиллахын тулд бодлоготой, хөтөлбөр төлөвлөгөөтэй, тогтвортой хөгжих ёстой. Тийм ч учраас 15 жилийн үндсэн чиглэлийнхээ хүрээнд Тогтвортой хөгжлийн цогц бодлогоо тодорхойлж, техникийн шинэчлэлийн, дэвшилт технологийн, байгаль орчны, санхүү, эдийн засгийн, хүний нөөц, нийгмийн хөгжлийн таван бодлогыг харилцан уялдаатайгаар хэрэгжүүлнэ.

     -Геологи, уул уурхайн салбарын бүхий л ажлыг хийж, замыг нь туулсан хүний хувьд энэ салбарын хөгжлийг Та хэрхэн үнэлж байна вэ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн баримтлах зарчмыг тодорхойлбол?
     -Эрдэс баялаг, уул уурхай тойрсон янз янзын яриа бий. Энэ нь Монголд төдийгүй дэлхийн уул уурхайн үйлдвэрлэл түлхүү хөгжсөн орнуудад ч түгээмэл. Байгалийн баялаг тэр тусмаа газрын хэвлийн баялаг бол нөхөгдөхгүй, эргэн төлжихгүй. Иймээс иргэд, олон түмэн анхаарлаа хандуулах нь зүйн хэрэг. Үүнд төрийн алсын хараатай, зөв бодлого хэрэгтэй. Эрдэс баялаг, уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд жирийн иргэнээсээ эхлээд төрийн өндөр алба хашиж буй хүмүүсийн төвшинд  үнэн зөв мэдээлэл, цэгцтэй ойлголттой байж, нэгдсэн байр суурьт хүрэх нь чухал байна.
      “Эрдэнэт үйлдвэр” ХХК тасралтгүй, байнгын ажиллагаатай үйлдвэрийн хувьд бид өндөр зохион байгуулалт, эв нэгдлийг эрхэмлэж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам, эмх цэгц, ёс зүйг өндөр түвшинд байлган, ам ажлын нэгдлийг ханган ажиллах нь өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж, зорилгодоо хүрэх үндэс гэж үзэж байна. Эзэн хичээвэл заяа түшнэ гэдэг дээ.

     -Танд баярлалаа.

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойд зориулсан “Уурхайчдын хүүхдүүд” ёслолын ажиллагаа өнөөдөр “Уурхайчин” соёлын ордонд боллоо. Тус баярын үйл ажиллагаанд компанийн удирдлагууд, эцэг эхчүүд, сургуулийн төлөөлөл оролцож урлаг, спорт, сурлагаараа гарамгай амжилт гаргасан хүүхдүүдэд баяр хүргэсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтнуудын шилдэг хүүхдээр 14-р сургуулийн 12-р ангийн сурагч У.Уянга, Т.Буянзаяа, М.Амарзаяа, Б.Болормөнх, Н.Отгонбуян, Х.Тэргэл, Д.Урантөгс, Ч.Энхжин, Б.Отгонтамир, “Шинэ эхлэл” сургуулийн 12-р ангийн сурагч Б.Хүчитмэргэн, 1-р сургуулийн 12-р ангийн сурагч Н.Тэргэл, Лаборатори 8-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Намуунаа, Д.Номун, Технологийн сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийн сурагч С.Сувданчимэг, Т.Цэлмэг, 4-р сургуулийн 12-р ангийн сурагч Л.Баасансүрэн, Орхон Емпати сургуулийн 9-р ангийн сурагч С.Солонго, Д.Галбадрах, Г.Ариунжаргал, О.Болоржин, Г.Энхмаа, Б.Цогтбаяр, Ч.Чинхүсэл, Б.Даариймаа, Э.Тэмүүлэн, Э.Мөнхсайхан, Б.Гүр-Аранз, Б.Нинж, Б.Цолмон-Од, О.Учрал, Б.Билгүүнзаяа, Ч.Нандин-Эрдэнэ, Орос 4-р сургуулийн сурагч Н.Ариунхишиг, Волохо Полина Сергеевна, Б.Сардана, “Цайхун гэгээ” сургуулийн сурагч М.Тэргэлсаран, М.Жайна,  Э.Хүрэлсүх, С.Тулга-Эрдэнэ, Г.Маралмаа нар шалгарав.


У.Цэрэнбат
 

       “Эрдэнэт” үйлдвэрийн “1000 ахмадын чуулга” уулзалтад компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар баяр хүргэж үг хэлэн,  Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар урилгаар оролцов. Чуулганд ахмадууд өөрсдийн санал, бодлоо компанийн удирдлагуудад чөлөөтэй илэрхийлсэн. Орхон аймгийн Ахмадын ордонтой болох саналыг анхдагчдаас гаргаж, энэ талаар судалж, дэмжихээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ. “1000 ахмадын чуулга” уулзалтыг хаасан удирдлагын үг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40 жилийн ой тохиож буй эдгээр өдрүүдэд ахмад буурлуудаа хүндэтгэн баярлууллаа.

         Компаниас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настнуудад улсаас олгодог тэтгэврээс гадна сар бүр тэтгэврийн нэмэгдэл мөнгө олгодог. Үүнийг 2005 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон бол 50 хувиар, түүнээс хойш бол 20 хувиар нэмэгдүүлэх болсноо үйлдвэрийн удирдлага дуулгалаа. Мөн “Эрдэнэт” сувиллын цогцолборт ахмадуудад зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах, тусгайлсан ахмадын их эмчийг томилохоор болсон юм.   

У.Цэрэнбат

Гэрэл зургийг Б.Баттөгс