×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Мэдээ

Эрдэнэт хотын унаган хүүхдүүд санаачлан “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо”  нийгэмд үйлчлэх  Төрийн бус байгууллагыг байгуулжээ. Залуусын бүтээлч санаачлага, үйлдвэрлэгчдийг дэмжих замаар Эрдэнэт хотын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилготой уг  байгууллагын  Гүйцэтгэх захирал У.Энхбаяр болон тэргүүлэгчид  өөрсдийн үйл ажиллагаа, чиглэлийг сэтгүүлчдэд танилцуулав.  Манай улсын гурав дахь том хот хэмээдэг Эрдэнэтийн унаган хүүхдүүд хэдийнэ эрийн цээнд хүрч, төрөлх хотоо хөгжүүлэх үйлсэд манлайлан гар бие оролцох цаг үе ирсэн нь энэхүү зорилгын үндэс болсон байна. Тиймээс “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” Төрийн бус байгууллагад зөвхөн тус хотод төрж, өссөн залуучууд нэгдсэн нь онцлог юм.

Өнөөдрийн байдлаар, Орхон аймгийн хэмжээнд 135 аж ахуйн нэгж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг гэсэн статистик тоо бий.  Зуу гаруй мянган хүн амтай хотын хувьд энэ хангалттай биш. Тиймээс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг дэмжсэнээр энэ тоон үзүүлэлтийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хот болгоно гэж тэд ярьж байна. Энд уул уурхайн салбарын тэргүүлэгч компани Эрдэнэт үйлдвэрийг түшиглэх нь хамгийн давуу талтай. Орон нутгийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах, тэдний бараа бүтээгдэхүүнийг худалдан авах “урт настай” гэрээг нэмэгдүүлэхэд санаачилгатай ажиллахаа уг байгууллагын залуус онцоллоо. 2016 онд Эрдэнэт үйлдвэр орон нутгийн 11, 2017 онд 13 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, 7,7 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн нь аймгийн хэмжээнд буй нийт аж ахуйн дөнгөж арван хувь нь юм. Энэ чиглэлээр Эрдэнэт үйлдвэр ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, худалдан авалтын үйл ажиллагаанд Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийн эзлэх орон зайг нэмэгдүүлэх юм байна. Ингэхдээ үйлдвэрлэгчдийнхээ өрсөлдөх чадвар, бараа бүтээгдэхүүний чанар, найдвартай тогтвортой байдлыг хангахад анхаарч, баялаг бүтээгч болон худалдан авагчдын найрсаг, өгөөжтэй харилцааг шинэ шатанд гаргахаа илэрхийлэв.

“Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” Төрийн бус байгууллагынхны үйл ажиллагааны нэг гол хэсэг  нь залуучуудын бүтээлч, шинэлэг санал,  Старт ап төсөл хөтөлбөрийг дэмжихэд чиглэнэ. Хэдийчинээ үйлдвэрлэгчид нэмэгдэнэ, төдий хэмжээгээр Эрдэнэт хот аж үйлдвэржилтийн том төв болох зам нээгдэнэ гэж тодорхойлов.  Энэхүү үйлсийг бодит ажил болгоход Эрдэнэтийн залуус бид аль нэг нам, улс төр,  ашиг сонирхлоос ангид байж, дуу хоолойгоо нэгтгэнэ гэдгээ тус байгууллагынхан мэдээллээ. Одоогоор тус байгууллагад Орхон аймагт тогтмол үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдийн танил болсон 10 гаруй аж ахуйн нэгж нэгдэх саналаа ирүүлжээ. Тус байгууллагынхан ойрын үед Орхон аймгийн ИТХ-ын удирдлагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах аж.   

 

М.Балжинням

Бүлэг Мэдээ

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог