×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Мэдээ

     Монголын Үндэсний Худалдаа Аж  Үйлдвэрийн Танхимаас жил бүр тодруулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтыг  Эрдэнэт үйлдвэр ХХК энэ жил 15 дахь удаагаа тэргүүлж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнөөдөр шагналаа гардаж авлаа.
“ТОП-100” аж ахуйн нэгжийн шагналыг  Монгол улсын Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат болон төр засаг, МҮХАҮТ-ын удирдлагууд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн ордонд гардуулав.  МҮХАҮТ,  Монгол улсын засгийн газартай хамтран жил бүр Монгол улсын нийгэм эдийн засаг бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжилдөг уламжлалтай бөгөөд энэхүү арга хэмжээг 16 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газраас ирүүлсэн тоо баримт дээр үндэслэн тодорхой аргачлалын дагуу явуулан шалгаруулдаг юм.
      МҮХАҮТ нь санхүү эдийн засаг, бизнесийн салбарт манлайлж буй 2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ дээрх байгууллагуудтай хамтран ажиллаж, зөвхөн татвар төлөлтөөр бус нийгмийн даатгал, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг харгалзан шалгаруулжээ. 16 дахь удаагийн  “ТОП-100” аж ахуйн нэгжийг Эрдэнэт үйлдвэр ХХК манлайлж, Оюу толгой ХХК, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, НИК ХХК, Хас банк, АПУ ХК, Төрийн банк, Голомт банк, Мобиком корпораци ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд эхний 10 байрт шалгарсан байна.  2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтыг салбараар нь авч үзвэл, Худалдаа үйлчилгээний чиглэлийн аж ахуйн нэгж 21, Уул уурхай, олборлох үйлдвэр 14, Хүнсний үйлдвэрлэл 13, Газрын тосны хангамж 12, Цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамж 9, Харилцаа холбоо 8, Банк санхүү 7, Барилга,зам 5, Хөнгөн үйлдвэр 3, Хөрөнгө оруулалт, менежмент 3, Тээвэр ложистик 2, Хүнд үйлдвэр 2, Хөдөө аж ахуйн чиглэлийн 1 аж ахуйн нэгж багтжээ.  

     Ирэх 5-р сарын 3-ны өдөр болох Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 1000 инженерийн зөвлөгөөний бэлтгэл ажлын хүрээнд үйлдвэрийн бүтээлч хамт олны дунд бүтээмж, инновацийн чиглэлээр илтгэл, сайн саналын уралдааныг зарлажээ.
Энэ удаагийн 1000  инженерийн зөвлөгөөн Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой угтсан ажлын нэг болж буйгаараа онцлогтой хэмээн зохион байгуулагчид ярьж байна.
     Зөвлөгөөний үеэр үйлдвэрлэлийн шинэчлэлт, үйл ажиллагааны сайжруулалтыг тусгасан хөгжлийн бодлого, хүний нөөц, санхүү мөнгөний бодлого, техник технологийн бодлого, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах бодлого зэрэг 5 үндсэн чиглэлээр шилдэг илтгэлийн уралдааныг дүгнэнэ. Мөн ажиллагсдын шинэ санал санаачилга, төслүүдийг хэлэлцэж, сайн саналыг дэмжин,  үйлдвэрлэлд нэвтрүүлэх юм.

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Уурхайчин соёлын ордноос хамтран зохион байгуулсан Ажилчны урлагийн их наадмын Гала тоглолт өчигдөр болж,  шилдгүүдээ  тодруулав. Монгол улсад  Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил, уул уурхайн салбарын 95 жил, Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн угтах ажлын хүрээнд  “Миний үйлдвэр-40” ажилчны урлагийн их наадмын төгсгөлийн шат буюу Гала тоглолт, наадмын шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа Уурхайчин соёлын ордны их танхимд боллоо. Тус үйл ажиллагаанд Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдагууд  хүрэлцэн ирж,  баяр хүргэхийн зэрэгцээ шилдэг уран бүтээлчид, хамт олонд шагнал гардуулав.  
     “Миний үйлдвэр-40” ажилчны урлагийн их наадмын Шилдгийн шилдгээр Баяжуулах фабрикийн хамт олон шалгарч, урлагийн их наадмын Гранпри өргөмжлөл, 3 сая төгрөгийн хамт гардан авлаа. Мөн энэ үеэр “Шилдэг хамт олон”, “Шилдэг удирдлага”,  “Шилдэг мэргэжлийн багш”, “Шилдэг арга зүйч” эзэд тодров.  Ажилчны урлагийн их наадмын гоцлол дуу номинацид Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ОНХА-ны зураглаач Магсарын Хатанбаатар “Алтан намар” дуугаар оролцон тэргүүн байранд шалгарсан байна.

 

     Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын ээлжит хяналт шалгалт өнөөдөр Эрдэнэт үйлдвэр ХХК дээр эхлэв.  Бүх төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хамруулдаг тус шалгалт нь тусгайлан бэлтгэсэн удирдамжийн дагуу Монгол Улсын Шадар сайдын 2016 оны А/152-р тушаалаар батлагдсан МХЕГ-ын 2017 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу хяналтын чиглэл тус бүрээр обьектийн хяналтын хуудсаар эрсдлийг тодорхойлон хяналт шалгалт хийх, сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой юм.
     Шалгалтын бүрэлдэхүүнд МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбатаар  ахлуулсан чиглэл тус бүрийн  хяналтын газрын удирдлага, мэргэжилтнүүд багтсан бөгөөд шалгалт энэ сарын 26-28-ны өдрүүдэд үргэлжлэх юм.  Шалгалтын эхэнд уг шалгалтын удирдамж, хамрах хүрээг МХЕГ-ын дэд дарга үйлдвэрийн цех нэгжүүдийн удирдлагуудад танилцуулав. Эрдэнэт үйлдвэр ХХК-д хийгдсэн хяналт шалгалтын дүн мэдээг хуулийн дагуу  МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх аж.  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон өнгөрсөн оны  ээлжит шалгалтаар үйлдвэрийн хэмжээнд тавигдсан акт албан шаардлагыг 100 хувь биелүүлэн, тайлан мэдээг холбогдох мэргэжилтнүүдэд хүргүүлсэн байна. МХЕГ-ын энэ удаагийн шалгалтанд Орхон аймгийн 46 байгууллага, аж ахуйн нэгж хамрагджээ.

     Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар болон уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүд хамтран бүсийн чуулга уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.  
     Төвийн бүсийн чуулганыг ирэх 5 сард УУХҮЯам, АМГТГ, Эрдэнэт үйлдвэр ХХК хамтран Орхон аймагт зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээллийн төвд Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийнхэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийг  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн гишүүн Г.Нандинжаргал,  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал, ажлын хэсгийн дэд дарга Х.Бадамсүрэн, Ашигт малтмал Газрын тосны газрын дарга, ажлын хэсгийн гишүүн Б.Баатарцогт,  Уул уурхай хүнд үйдвэрийн яамны уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар нар хийж, төвийн бүсийн чуулганы талаар сэтгүүлчдийн асуултанд хариулав. Төвийн бүсийн чуулган нь нэгдсэн болон салбар хуралдаанаар дамжуулан уул уурхайн салбарын цогц асуудлыг хөндөн ярилцах юм.
     Нэгдсэн хуралдаан нь “Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал” сэдвээр хуралдах бөгөөд салбар хуралдаанууд нь “Уул уурхайн салбарын эрхзүйн орчин”, “Үйлдвэрлэл, техник технологи хөгжлийн бодлого”, “Хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн гарц”, “Уул уурхайн салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа” зэрэг чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, мэргэжилтнүүд санал бодлоо илэрхийлнэ.
     Чуулганы үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын их хурлын гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд, Орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид болон Уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч нар оролцоно.  
     Тус чуулганаар Уул уурхайн салбарын чадавх, цаашдын хөгжлийн талаар хэлэлцэх бөгөөд олон нийтэд нээлттэй зохион байгуулна. Мөн Уул уурхайн салбарын болон гадаад, дотоодын ААН, байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэл хүргэх зорилготой ажээ. 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цехийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болж,  ерөнхий инженер Дуда Александр Маркович удирдан явуулав.
     Зөвлөгөөний эхэнд тайлант хугацаанд тус цех  ХАБЭА-н ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажилласан тухай мэдээллийг өглөө. Энэ удаагийн зөвлөгөөнөөр тус цехээс ажиллагсдынхаа дунд зохион байгуулах олон хэлбэрийн сургалт, сурталчилгааны ажлын талаар онцлов.  Холлбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цехийн  сургалт хөгжлийн чиглэлээр өрнүүлэх үйл ажиллагаанд  40 сая төгрөгийг хуваарилсан байна. Тиймээс дээрх зардлыг тус цехийн захиргаа технологийн автоматжуулалтын хэсэг дээр хийгдэж буй  уурхайн удирдлагын Петрам системд төвлөрүүлж,  цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг ажилтнуудад мэргэжлийн зөвшөөрөл авах сургалт,  улмаар техник технологийн шинэчлэл, ажилчдыг мэргэшүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэх,  хүний нөөцийн төлөвлөлт, сонгон шалгаруулалт, дунд шатны удирдах ажилтны дунд хувь хүний хөгжил зэрэг сэдвээр шат дараалсан сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.  
     Мөн тус цехийн ажилтнуудын ихэнх хувь нь  компьютерийн ард суугаа ажил эрхэлдэг учир тэдэнд зориулан харааны эмгэг, харааны өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний дутагдлыг арилгах зөвлөмж , сургалт явуулахаар бэлтгэж байна.

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ган бөмбөлгийн цехийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Ган бөмбөлөг цувих шугам хоолойн засвар үйлчилгээ хийгдсэн учир ирэх 9 сар хүртэл үйлдвэрлэл тасралтгүй явагдах боломжтойг  албаны хүн онцлов.
     Өнөөдрийн байдлаар, тус цехэд  80 мм-ийн ган бөмбөлөг 836 тонн, 40 мм-ийн ган бөмбөлөг 160 тонн байгаа бол 100 мм-ийн ган бөмбөлгийн бэлдэц 256 тонн, 80 мм-ийн ган бөмбөлгийн бэлдэц 1163 тонн байна. Энэ нь үйлдвэрийн цех нэгжүүдэд хангалттай нөөц юм.
     Тус цехэд өнгөрсөн 3-р сард ган бөмбөлгийн хатуулгийн чанарт чухал нөлөө үзүүлдэг хөргөлтийн барабаныг суурилуулжээ. Хөргөлтийн барабаныг суурилуулсны дараагийн шатлал нь  гардернд холбож, 5-10 процентийн давсны уусмалд ган бөмбөлгийг хатаах ажил байдаг. Тэгвэл уг ажлыг төлөвлөгөөний дагуу эхлүүлжээ. Ингэснээр ган бөмбөлөг үйлдвэрлэлд үүсэх хүндрэлийг багасгаж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж байна. 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикийн хамт олон “Хөдөлмөрийн аюулгүй байдал,  эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” сарын аяны хүрээнд 8-н үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
     Эдгээрийн нэг нь Баяжуулах фабрикийн засварын хэсгээс туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн ноцтой эрсдлийн хяналтын шалгах хуудсыг Ил уурхай, Засвар угсралтын  цехийн хамт олонд нэвтрүүлэх ажил юм. Энэ үеэр  4 удаагийн сургалт зохион байгуулж, ноцтой эрсдлийн хяналтын шалгах хуудсыг хэрхэн ашиглах, ажил эхлэхээс өмнө эрсдлийг хэрхэн олж харж, харилцан ярилцах талаар мэдлэг олгосон байна.  
     Мөн ХАБЭА-н соёлыг ажлын байранд нэвтрүүлэхэд  ажилчдын манлайлал  чухал тул нийт ажиллагсдын дунд  манлайллын сургалтыг зохион байгуулжээ. Өглөө ажлын даалгавар авах үед нь хөдөлмөрийн аюулгүй байдал,  эрүүл ахуй хариуцсан ажилтнууд  зааварчилгаа өгч,  сургалт зохион байгуулсан нь үр дүнтэй боллоо гэж Баяжуулах фабрикийн ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан орлогч Ч.Батжаргал ярилаа.

 

     Үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт үзүүлэлтүүд амжилттай биелэхэд  тус үйлдвэрийн нийт хамт олны хичээл зүтгэл болон тасралтгүй ажиллагаатай тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагаа гол хүчин зүйл болдог. Энэхүү нөхцөл байдлыг ханган ажиллах үүднээс үйлдвэрийн удирдлагын зүгээс үе шаттай бодлого шийдвэрийг хэрэгжүүлж байна. Тухайлбал,   өнгөрсөн долоо хоногт Ерөнхий захирлаар ахлуулсан ажлын хэсгийнхэн үйлдвэрийн үндсэн цехүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлыг түргэн шуурхай, газар дээр нь шийдвэрлэх уулзалтыг зохион байгуулсан юм.
     Уулзалтын явцад анхаарал татсан болон шаардлагатай шийдэх асуудлыг яаралтай, цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Ил уурхай болон Авто тээврийн байгууллагын техникийн бэлэн байдал, тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах тухай А/223 тоот тушаал гарчээ. Уг тушаалаар 24 цагийн хуваариар тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй онцгой обьектын хувьд техникийн бэлэн байдал, найдвартай, осол авааргүй, жигд ажиллагаа маш чухал гэдгийг онцолж, Ил уурхайн дарга Б.Отгондаваа, Авто тээврийн байгууллагын дарга Д.Мөнхбаатар болон холбогдох албаны хүмүүст  дараах ажлыг хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгсөн байна.  
     Тухайлбал, одоогийн байдлаар ашиглагдах боломжгүй сул зогсож байгаа техник, машин механизм, тоног төхөөрөмжүүдийг цаашид хэрхэх талаар санал боловсруулж, 2017 оны 5 сарын 1-ний дотор танилцуулах, Ил уурхайд болон Авто тээврийн байгууллагад нэн шаардлагатай байгаа техник, сэлбэг хэрэгсэл, технологийн үндсэн материалыг яаралтай худалдан авах ажиллагааг зохион байгуулж, дүнг 7 сарын 1-ний дотор танилцуулах, 2017 оны Их засварын төлөвлөгөөнд тусгагдсан технологийн үндсэн техник, тоног төхөөрөмжүүдэд хийх их засварын болон сервис үйлчилгээний ажлыг энэ оны 2 дугаар улиралд багтаан зохион байгуулах, түүнд шаардлагатай сэлбэг хэрэгсэл, материалыг ханган нийлүүлэх, Тэсрэх бодисын үйлдвэр шинээр барих техник% эдийн засгийн үндэслэлийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлэн батлуулж, ажлын зураг хийлгэх, тус үйлдвэрийг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг яаралтай зохион байгуулах зэрэг ойрын үед шийдвэрлэх асуудлуудыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгожээ.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог