• 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Мэдээ
Баасан, 29 12-р сар 2017 00:00

Ж.Ундрах Алтан азтан боллоо

     Эрдэнэт үйлдвэрийн Шилдэг ажилтны сүлд модны наадмын үйл ажиллагаан дээр Алтан азтан буюу 2 өрөө байрны эзнийг бүртгэлийн дугаараар нь сугалж тодруулдаг уламжлалтай. Энэхүү уламжлал ёсоор Ерөнхий захирал Х.Бадамсүрэн  үйлдвэрийн бүх ажиллагчдын бүртгэлийн дугаараас сугалснаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Авто тээврийн байгууллагын Механикийн албаны хүнд даацын машинч Ж.Ундрах энэ жилийн Алтан азтан боллоо. Алтан азтан Ундрахын аав Р.Жанчивдорж Эрдэнэт үйлдвэрийн анхдагч. Тэрээр 1974 оны намар Эрдэнэтийг барьж байгуулахаар илгээлт өвөртлөн ирсэн эхний ээлжийн бүрэлдэхүүнд багтаж байжээ. Белазын жолоочоос хэсгийн дарга хүртэл албыг хашиж, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэн түүний үр хойчид Эрдэнэтийн овоо ийнхүү буян хишгээ хайрлалаа.
 
 
 
 
 
      Мөн захирлуудын нэрэмжит сугалаанд 2018 онд ОХУ-д болох Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн үзэх эрхийн бичгийг Эдийн засгийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатар, Үйлчилгээ аж ахуйн албаны ажилтан Т.Ариунцэцэг, 2018 онд БНСУ-д болох "ПЁНЧАН-2018" өвлийн олимп үзэх эрхийн бичгийг Хөгжлийн бодлогын газрын орлогч дарга Л.Эрдэнэбат, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн инженер Б.Төгөлдөр, Япон улсад аялах эрхийн бичгийг Авто тээврийн байгууллагын ажилтан Батхуяг, Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсгийн урвалж уусгагч С.Мөнхтулга нар хожиж супер азтанууд боллоо.
 
 
 
 
 
 
 
     Харин Засвар монтажийн цехийн хүний нөөцийн менежер Б.Туяажаргал, Засвар механикийн заводын ажилтан Баярмаа, Болдбаяр нар Iphone 8 гар утас, Тээвэр ложистикийн албаны ажилтан Э.Уранчимэг, Засвар монтажийн цехийн Угсралт тохируулгын хэсгийн мастер Б.Баасандалай, Эрчим хүчний цехийн механикч Б.Мөнхбаяр нар Cannondale брэндийн унадаг дугуй хожиж азтан болсон юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
     Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон өнгөрч буй 2017 оны ажлаа дүгнэж, “Оны шилдэг”- үүдээ тодрууллаа. Тус үйлдвэрийнхэн үйлдвэрлэлийн болон эдийн засгийн бүх үзүүлэлтийг төлөвлөгөөнөөс давуулан биелүүлсэн амжилтаар шинэ оноо угтаж байна. 
 
 
 
  “Шилдгийн шилдэг ажилтан"-аар Ил уурхайн Тоног төхөөрөмжийн засварчин Пүрэвдагвын Эрдэнэ, "Шилдэг ажилчин"-аар Авто тээврийн байгууллагын Засварын хэсгийн машинч Дэмбэрэлнямбуугийн Нэргүй, Засвар механикийн заводын хэвчин, бригадын ахлагч Балжиннямын Баатархүү, Дулаан цахилгааны төвийн цахилгааны засварчин Жамъяндоржийн Батаа нар тус тус тодров.

 
 


 
  Баяжуулах үйлдвэрийн гидравликийн инженер Ганзамын Ренчинсамбуу, Засвар механикийн заводын хэсгийн дарга Бямбын Наранбаатар, Төслийн менежментийн хэлтсийн тэргүүлэх инженер Амарсанаагийн Соджаргал нар “Шилдэг шинийг санаачлагч” боллоо.
 
 

 
     "Оны шилдэг мэргэжилтэн"-ээр Ил уурхайн эрчим зүйч ФОМЕНКО А.П, Засвар механикийн заводын зохион бүтээгч, инженер Цэрэнхандын Чулуун-Эрдэнэ, Засвар монтажийн цехийн Угсралт тохируулгын хэсгийн ахлах мастер Жамсрангийн Мэндхүү нар шалгарч, Тээвэр ложистикийн албаны дарга Самдангийн Мөнхтэгш “Шилдэг удирдах ажилтан" өргөмжлөл хүртлээ.  
 
 
 
 
 
    "Тюряков А.Ф.-ийн нэрэмжит шагналтан”-аар Баяжуулах үйлдвэрийн механикч Мартынов В.В, Засвар механикийн заводын албаны дарга Доржийн Мөнхсайхан, Их барилгын хэлтсийн барилгын инженер Доржийн Баярмаа нар тодров.  Хариуцсан ажил хөдөлмөртөө эзэн нь байж, хамт олноо хошуучлан амжилт  гаргасан шилдгүүддээ баяр хүргэж, 2018 оны ажил үйлст нь өндөр амжилт хүсэн ерөөе.  
 
 
 

 
 
     Өнгөрч буй онд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин гэр бүлд гурван ихэр хүүхэд мэндэлж, бүл нэмсэн баярт үйл явдал тохиосон билээ.  Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсгийн насосны машинч Д.Нямгаравын гэргий  Бутлан тээвэрлэх хэсгийн конвейрийн машинч Э.Солонго гурав дахь төрөлтөөрөө  гурван ихэр хүүхэд төрүүлж, нийт гурван хүү, хоёр охины аав ээж болсонд баяр хүргэн, Эрдэнэт үйлдвэр ХХК-иас гурван өрөө байраар мялаасныг өмнө мэдээлсэн. 
     Тэгвэл шинэ оны босгон дээр нэгдүгээр хорооллын гурван өрөө байрыг  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс бүрэн засаж, тохижуулан, гурван ихрийн гэр бүлд албан ёсоор хүлээлгэн өглөө. Орон сууц хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  Эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Орон сууцны цехийн дарга М.Болдбаатар нар оролцож, шинэ ихрүүд болон гэр бүлд нь эрүүл энх сайн сайхныг уурхайчин хамт олныхоо өмнөөс хүсэн ерөөв.
 

 

     Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр, Захиргаа, хүний нөөцийн орлогч дарга О.Отгонбаяр нар Баян-Өндөр сумын Наран багт байрлах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн заслын төвд зочилж, төвийн хүүхдүүдэд шинэ жилийн баярын бэлэг гардууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны  Орхон аймаг дахь салбарын дэргэдэх  Хүүхэд залуучуудын хөгжлийн төв нэртэй тус байгууллагад өнөөдрийн байдлаар 2-22 нас хүртэлх хүүхэд, залуучууд хөдөлгөөний согог заслын болон ерөнхий эрдмийн хөтөлбөрүүдэд хамрагдаж байна. Тус төвийн 2-6 насны хүүхдэд хөдөлгөөн заслын хөтөлбөрийг голчлон хэрэгжүүлж байгаа бол 8-аас дээш насныханд боловсрол, нийгмийн хөгжлийн сургалтыг явуулдаг байна. Энд нийт зургаан багшийн бүрэлдэхүүнтэй баг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалт хүмүүжлийн ажлыг эрхэлдэг аж. 
     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр тус төвийн хүүхэд багачуудад хандан айлчлан ирж буй 2018 оны мэндийг дэвшүүлэхийн ялдамд “Эрдэнэт үйлдвэр бол нийгмийн хариуцлагаа өндөрт тавьж ирсэн компани. Тиймээс нийгмийн хөгжлийн чиглэлийн томоохон хэсгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандуулахад зориулдаг”  хэмээн тодотгов. Энэ үеэр тус төвд хүмүүжиж байгаа авьяаслаг хүүхдүүд ая дуугаараа мэндчилж, уурхайчин ах эгч нартаа талархаж буйгаа илэрхийлсэн юм.
 

 

 

 

 

     Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрийн дэргэдэх  “Энэрэл” асрамжийн төвд сурч хүмүүжиж буй хүүхэд багачуудаа эргэлээ. Ирэх онд дөчин насны босго алхах Эрдэнэт үйлдвэр нийгмийн сайн сайхны төлөө олон зүйл бүтээсний нэг нь өнчин хүүхдийн “Энэрэл” асрамжийн төв юм. Үйлдвэрийн зүгээс тус төвд хүмүүжиж буй олон арван хүүхдийг дэмжин тусалж, ажил амьдралын замд хөтөлсөн нь хүмүүнлэгийн үйлсийг нэр төртэй хэрэгжүүлэгч компани гэдгийг тод илэрхийлдэг.  
     Шинэ оны босгон  үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн орлогч бөгөөд Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэцогт, Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр болон албаны бусад хүмүүс  уламжлал  ёсоор “Энэрэл” төвд зочилж, хүүхэд багачууддаа шинэ жилийн бэлэг гардуулав. Мөн энэ үеэр тус төвийн үйл ажиллагаанд чухал шаардлагатай эд зүйлсийг хүлээлгэн өгч, Энэрэл төвийн хүүхдүүддээ шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. 
  

 

     Мы с вами стоим на пороге Нового года, который по традиции всегда связывается с надеждами на самое лучшее и доброе. Хотелось бы отметить, что уходящий 2017 год был богат важными для России и Монголии событиями.  Это, прежде всего, 95-летие начала обучения монгольских кадров в советских и российских высших учебных заведениях. Мы с гордостью отмечаем, что за это время высшее образование в СССР и России получили более 60 тысяч монгольских специалистов.
    В 2017 году в г.Владивостоке состоялась встреча Президентов Российской Федерации В.В.Путина и Монголии Х.Баттулги, подтвердивших курс на дальнейшее развитие добрососедских связей между нашими странами.
    

   С большим успехом в Эрдэнэте прошел первый Международный инвестиционный форум с участием представителей 14 государств.   
      Газета «Оноогийн Эрдэнэт» в уходящем году получила признание в качестве лучшего регионального печатного издания Монголии.Мы благодарим КОО «Предприятие Эрдэнэт» за сохранение и развитие традиций дружбы между народами России и Монголии и желаем всегда занимать лидирующие позиции в мировых рейтингах.
        Новых вам успехов, свершений и достижения намеченных в юбилейном году планов!
    От имени коллектива Генерального консульства России в Эрдэнэте и от себя лично желаю всем жителям Орхонского аймака и города Эрдэнэт счастья, успехов, процветания и благополучия в Новом году!


С уважением и самыми добрыми пожеланиями,

Исполняющая обязанности
Генерального консула 
Е.Кара-Сал
 

 

 

Пүрэв, 28 12-р сар 2017 00:00

Мэндчилгээ

     

      Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчин хамт олон, нийт ажилтан, Орхон аймгийн иргэд та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.
     Улирч буй 2017 он бидний хувьд хөдөлмөрийн амжилт бүтээл арвин, олон чухал үйл явдал дүүрэн байлаа. Хүдэр олборлох, боловсруулах, баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь давуулан гүйцэтгэж, улс, орон нутгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүллээ. Үйлдвэрлэлийн технологийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг үе шаттайгаар шинэчлэх, дэвшилтэт технологиор сольж сайжруулах ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Тухайлбал, уулын ажлын гол хөдөлгөгч хүч болох бульдозер, автогрейдер, автоачигч тус бүр нэг, 130 тоннын даацтай өөрөө буулгагч Белаз гурав, ус тээврийн Белаз хоёр, хүн тээврийн автобус зургааг худалдан авсан бөгөөд Баяжуулах үйлдвэрийн хоёр тээрмийг шинэчлэх гэрээ байгуулав. Дулааны цахилгаан станцыг 48 мВт-ын хүчин чадалтай турбингенератороор өргөтгөх ажил бүрэн дууссан бөгөөд Засвар механикийн заводод Liebherr-944 эксковаторын 18 м кубын багтаамжтай шанагыг үйлдвэрлэлээ.
     Нийт ажилтны цалинг 2017 оны тавдугаар сарын нэгнээс 10 хувиар нэмж, урамшууллын санг долоодугаар сарын нэгнээс үндсэн цалингийн сангийн 20 хүртэл хувиар нэмэгдүүлснээр нийт дүндээ нэг ажилтны сарын бодит орлогыг 120-450 мянган төгрөгөөр өсгөөд байна. Орон сууц худалдан авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нийт ажилтан, ахмадууд, МШӨ-ий улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүсээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, хүний нөөцийг хөгжүүлэх бодлогын хүрээнд ажилтан нарыг төрөл бүрийн сургалтад хамруулах зэргээр компанийн ажилтан, уурхайчдынхаа эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж байна.
     Уул уурхайн салбарын 95 жилийн ойг тохиолдуулан Орхон аймагт Төвийн бүсийн чуулганыг амжилттай зохион байгуулж, авьяаслаг уран бүтээлчид маань хүндэтгэлийн нэгдсэн концертыг Улаанбаатар хотод толилууллаа.
    Эрдэнэт үйлдвэр нь ямагт шилдэг тэргүүний техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажиллаж ирсэн. Шинэ зууны нийгэм-эдийн засаг, үйлдвэрлэл, бизнесийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг шинжлэх ухааны ололт, практик үйл ажиллагааны туршлагадаа тулгуурлан боловсруулаад байна. Хөгжлийн үндсэн чиглэлээ тав, таван жилээр, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх зорилт тавьж, баримтлах таван бодлогоо тодорхойлсон.
     Энэ оны арванхоёрдугаар сарын 13-14-нд “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын бизнес форумыг Орхон аймаг, Эрдэнэт хотдоо амжилттай зохион байгууллаа. Энэхүү форумын үеэр уул уурхай, металлург, машин үйлдвэрлэл, зураг төсөл, инженерингийн зэрэг голлох чиглэлээр салбартаа тэргүүлэгч дэлхийн шилдэг 40-өөд компанийн төлөөллүүдтэй бодлогоо нээлттэй ярилцаж, тодорхой сэдэв, төслүүдээр үр бүтээлтэй санал солилцлоо.
     Айлчлан ирж буй 2018 онд “Эрдэнэт” үйлдвэрийн маань 40 жилийн ой тохионо. Энэхүү 40 жилийн түүхийн цаг үед бид хөгжлийн шинэ гараагаа эхлүүлж байна. Компанийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу бид шинэ онд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын шинэчлэл, өргөтгөлийн төслүүдийг үе шаттайгаар эхлүүлэхээр төлөвлөж байна. 2018 онд манай хамт олон бизнес төлөвлөгөөгөө үзүүлэлт бүрээр нь биелүүлж, 36 сая тонн хүдэр олборлох зорилгодоо хүрэхийн төлөө хичээн ажиллах болно.
     Анхны баяжмалаа үйлдвэрлэн гаргасан түүхэн өдрөөс 40 дэх оноо угтаж буй энэ цаг мөчид Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт ажилтан, үе үеийн уурхайчид, тэдний гэр бүл, хамтран ажилладаг түншүүд, Орхон аймгийн иргэд та бүхэндээ айсуй шинэ ондоо ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, 
Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, 
Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)
 
Х.БАДАМСҮРЭН
 
 
 
 
Эрчим хүчний том хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү шилжив
      Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дулаан цахилгааны төвд 48 мВт-ын нийлбэр хүчин чадал бүхий дөрвөн турбингенераторыг суурилуулан өргөтгөх бүтээн байгуулалтын ажил 2017 онд бүрэн дуусч, ашиглалтад хүлээн авч байна. Ингэснээр тус үйлдвэр Монгол улсын эрчим хүчний том хэрэглэгчээс  үйлдвэрлэгч рүү шилжиж,  эрчим хүчний салбарт бодит хувь нэмэр оруулах боломж бүрдэв. Энэхүү төслийн эдийн засгийн үр ашгийг тооцож үзвэл компани цахилгаан эрчим хүчний зардлаа жилд 18,1 тэрбум төгрөгөөр хэмнэх боломж бүрдэж байгаа юм.
 
 
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг боловсрууллаа
 
    Үндсэн чиглэлд үйлдвэрлэлийн технологийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, дэвшилтэт технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх, хүчин чадлыг өсгөх, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, мөн нэмүү өртөг шингэсэн, үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт дэвшүүллээ. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Дэвшилтэт технологийн, Техник шинэчлэлийн, Ирээдүйгээ харсан санхүү, эдийн засгийн, Хүний нөөц, нийгмийн хөгжлийн болон Байгаль орчны гэсэн таван бодлого тодорхойлж, харилцан уялдаатайгаар хэрэгжүүлж эхлэв. “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлд  Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл, Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл, Засвар механикийн заводыг шинэчлэх, өргөтгөх төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн зэрэг томоохон төслүүдийг тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 
Эрдэнэт хотноо олон улсын бизнес форум зохион байгууллаа

     Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэт үйлдвэр ХХК хамтран “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” Олон улсын бизнес форумыг анх удаа зохион байгуулж, Эрдэнэтийн ирээдүйг тодорхойллоо. Бизнес форумд дөрвөн тивийн 15 орны 40 гаруй компанийн төлөөлөгч чуулж, олон улсын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын эрх зүйн орчин, эрдэс баялгийн нөөц, техник, технологийн шинэчлэлийн талаар санал солилцон, “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
 

Уул уурхайн салбарын төвийн бүсийн чуулганыг Орхон аймагт зохион байгуулав
 
     Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Уул уурхайн салбарын төвийн бүсийн чуулганыг “Эрдэнэт” үйлдвэр Орхон аймагт зохион байгуулав.Тус чуулганд төвийн бүсийн найман аймгийн нийт 400 гаруй зочид, төлөөлөгчид оролцож, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагууд хүчээ нэгтгэн ажиллахыг чухалчиллаа.
 
 
 
Цалин, урамшууллыг нэмэгдүүлэв
 
     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар ажилчдын үндсэн цалинг тавдугаар сарын нэгнээс 10 хувиар, ажлын үр дүнгийн урамшууллын сангийн хэмжээг долдугаар сарын нэгнээс үндсэн цалингийн сангийн 20 хүртэл хувиар тус тус нэмэгдүүлэв. Энэ бодлого цаашид ч  үргэлжилнэ. “Эрдэнэт” үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд хоёргүй сэтгэлээр зүтгэж, ажлын өндөр бүтээмжтэй ажиллаж буй баялаг бүтээгчдээ ямагт урамшуулж ажиллана гэдгийг үйлдвэрийн удирдлагууд тодотгов.  Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг хөгжил дэвшлийнхээ эхэнд эрэмбэлж байгаагаа дахин баталгаажууллаа.
 

Экскаваторын шанага угсрах ажлыг Засвар механикийн завод өөрсдийн хүчээр гүйцэтгэв
     
     Засвар механикийн заводын Металл хийцийн хэсгийн хамт олон “Liebherr”-994 экскаваторын 18м кубын багтаамжтай шанагыг уурхайн уул геологийн нөхцөлд тохируулан шинээр зураг төсөл, технологийг боловсруулж үйлдвэрлэв. Экскаваторын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг дотооддоо  угсарч, засварласан нь  импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд хийгдэж буй эдийн засгийн өндөр үр ашигтай төсөл боллоо.
 


 
“ТОП-100”-г Эрдэнэт үйлдвэр ХХК 15 дахь удаагаа тэргүүллээ
 
     Монголын үндэсний Худалдаа аж  үйлдвэрийн танхимаас жил бүр тодруулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтыг  Эрдэнэт үйлдвэр ХХК энэ жил 15 дахь удаагаа тэргүүллээ. Монголын үндэсний Худалдаа аж  үйлдвэрийн танхим нь санхүү, эдийн засаг, бизнесийн салбарт манлайлж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ татвар төлөлт, нийгмийн даатгал, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг голлон үзсэний дүнд шалгаруулжээ.

 
Мастеруудын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулав
 
     Үйлдвэрлэлийн ажлын анхан шатны зохион байгуулагч мастеруудын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, тэдний хөдөлмөрийн  бүтээмж, манлайллын ур чадварыг дээшлүүлэх боломж арга замыг тодорхойлов. Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган, баялаг бүтээж байгаа уурхайчид, тэдний өдөр тутмын ажлын уялдаа холбоог зохицуулж, удирдлага болон ажилчны хоорондын гүүр нь болсон мастеруудын ажлыг үнэлж, “Тэргүүний мастер” өргөмжлөлийг 15 мастерт гардууллаа.
 
 

 
Үйлдвэрлэлийн түүхэнд анх удаа зэсийн металл авалтыг 89 хувьд хүргэв.

     Хэдийгээр боловсруулж буй хүдэр дэх металлын агуулга жилээс жилд буурч буй боловч эрдсүүдийн баяжигдах чанар, техник технологийн оновчлолыг хослуулснаар металл авалтыг нэмэгдүүллээ. Металл авалтыг төлөвлөснөөс илүү хувьд хүргэсэн нь зэс, молибдений үйлдвэрлэлийн  хэмжээг нэмэгдүүлэх боломж олголоо. Энэхүү үзүүлэлтийг уурхайчдын нөр их зүтгэл, өндөр зохион байгуулалтын үр дүн гэж мэргэжилтнүүд үнэлэв.
 
 

“Эрдэнэт” үйлдвэрээс гурван гавьяат, Дэлхийн аваргын хос медальтан төрлөө
 
     ХАБЭАБОХХ-ийн дарга Д.Цагаан-Эрдэнэ Монгол улсын гавьяат уурхайчин, Ерөнхий баяжуулагч, шинжлэх ухааны доктор Ж.Баатархүү Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш С.Мэнджаргал Монгол улсын Гавьяат багш цол тус тус хүртлээ. Улс орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгасан спортынхны амжилтын буухиа үргэлжлэв. Хангарьд спорт клубын чөлөөт бөхийн тамирчин, Монгол улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Франц улсын нийслэл Парис хотноо болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын хос медальтан боллоо.
 
 
Лхагва, 27 12-р сар 2017 00:00

Аз хурсан айлд зочилсон нь

     Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан бүр жил бүрийн өдийд Ерөнхий захирлынхаа нэрэмжит шинэ жилийн баярын цэнгүүнийг битүүхэн хүлээж догдолдог. Учир нь тэр үдэш компанийн 6000 гаруй ажиллагсдын дундаас бүртгэлийн дугаараар Алтан азтан тодорч, хоёр өрөө байрны түлхүүр газар дээр нь гарддаг уламжлалтай. 
     Өнгөрсөн жил Засвар монтажийн цехийн гагнуурчин Пүрэвсүрэнгийн Шижирболд Алтан азтанаар тодорч, монгол гэрээ элит орон сууцаар сольсон. Баярт үйл явдлын ойн дээр тэднийд зочилж амьдралын мартагдашгүй дурсамжаас нь хуваалцахыг зорилоо. Азтаных “Маргад” дээд сургуулийн хойно сүндэрлэх Эрдэнэтдээ дээгүүр зэрэглэлд тооцогдох өндөр байранд оржээ. Цагаан даашинзтай, гурван настай болов уу гэмээр “цасан охин” хаалга нээлээ. П.Шижирболд ээлжийн ажилдаа “мордохоор” зэхэж байв. Гэрийн эзэгтэй гал тогоондоо бууз сэвээд чөлөөгүй. Хүүгийн анги энэ өдөр шинэ жилээ тэмдэглэсэн юм уу гэлтэй үсээ толийтол самнаад цагаан цамцаар гоёж. Хойморт зассан гоёхон гацуурын гэрэл анивчаад, хүүхдийн инээд хөөр цалгиад, хоолны үнэр хамар цоргиод гэр бүлийн халуун дулаан амьсгал угтсан нь юутай таатай. 
 

     Гэрийн эзэгтэй цай аягалах зуур нутаг ус, уурхайчны амьдралд хөл тавьсан түүхийг нь сонирхов. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул П.Шижирболд долоон жилийн өмнө нагац нараа бараадан Эрдэнэсийн хотыг зорин иржээ. Тэр үед хүү нь дөрвөн сартай байсан гэдэг. Өмнө нь Тавантолгойн Дулааны цахилгаан станц, Оюутолгой компанид туслах гагнуурчнаар ажиллаж байсан тэрээр Технологийн сургуульд суралцаж хүнд үзүүлэх мэргэжлийн үнэмлэхтэй болох зорилго өвөрлөн анх ирсэн гэнэ. Сургуулиа төгсөөд тун удаагүй байтал “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар угсралтын цехэд гагнуурчин сонгон шалгаруулж ажилд авах зар түгжээ. Хүмүүсийн дунд “Сонгон шалгаруулна гэж худлаа. Орох хүн нь хэдийнэ тодорчихсон байгаа” гэх явган яриа амь бөхтэй оршиж хүсэл зоригийг нь унтрааж байсан ч материалаа бүрдүүлээд өгөхөд илүүдэх юун хэмээн бодож “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захиргааны байрыг зүглэн итгэлгүйхэн алхсан нь саяхан. Сонгон шалгаруулалтад 13 хүн өрсөлдөж, эхний шатны онолын шалгаруулалтаар долоон хүн үлдэхэд мань хүн тогтож. Гэхдээ л “Эзэн нь тодорхой доо...” гэх олны яриа ортой санагдсаар л байсныг нуугаагүй. Дараагийн шатанд мэргэжлийн ур чадвараа бодитоор үзүүлэн шалгуулжээ. Дүн тэр дороо гарч комисс П.Шижирболдын нэрийг дуудахад ёстой магнайгаа хагартал баярласнаа ярив. “Эрдэнэт” үйлдвэрт гурван сар ажиллаад нутгийнхаа довон дээр тоглож өссөн ханьтайгаа хуримаа хийсэн нь амьдралынх нь бас нэгэн сайхан дурсамж.      
 

 
     Тэрээр цаг руу үе үехэн хяламхийх нь ажил руугаа яарч, хагас цаг хууч хөөрөх “виз”-тэйг надад сануулна. Эднийх жилийн өмнө нагац эгчийнхээ хашаанд айлсан гэрт амьдардаг байв. Захын хашааг хэлэх үү, архи зардаг дэлгүүр ойрхныг хэлэх үү, П.Шижирболд шөнийн ээлжинд ажиллахдаа ар гэрийнхэндээ санаа ихэд зовдог байснаа ярив. Хүүхдүүд нялх болохоор эхнэр ажилгүй, ганц хүний цалин амьдралд хаана ч хүрэхгүй. Гэхдээ энэ сайхан үйлдвэр бараадсан юм чинь хэзээ нэгэн өдөр байртай болно доо гэсэн гэгээн мөрөөдөл тээж явсан. Өнөөдөр тэрээр Зууны манлай үйлдвэрт зургаан жил хэртэй ажиллаад л Алтан азтанаар тодорч “оронтой” болсон доо гээд тав тухтай, халуу дүүгсэн байрныхаа хойморт инээд цацруулж сууна. 
     2016 оны арванхоёрдугаар сарын 28-ыг бид эргэн дурслаа. П.Шижирболд ажлаасаа гэртээ ирээд “Өнөөдөр Ерөнхий захирлын шинэ жилтэй. “Эрдэнэт” телевизээр шууд дамжуулна. Байр хожчихвол ч...” гэх аястай юм ярихад эхнэр нь тоомжиргүй өнгөрөөж. Харин хүү Ш.Мөнгөншагай нь удалгүй хувцсаа бэлдээд “унаж”. Тэгснээ “Та нар азын шагналаа очиж авахдаа өмсөх хувцсаа бэлдээч. Тэгээд яг явах болохоор сандрах гэж байгаа юм” гэх нь тэр. Зөнч хүүгийнхээ хэлэхийг ч тоохгүй, ээж нь дүүг нь унтуулах гэж хэвтэснээ хамт дугхийчихэж. Харин торгон агшин ирэхэд хөтлөгч ажилтны бүртгэлийн дугаарыг 86... гэж өндөр дуугаар дуудахад л зүрх нь хүчтэй цохилж сууж чадахгүй догдолж эхэлсэн гэнэ. Дугаар тодорхой болж дэлгэц дүүрэн өөрийнх нь зураг гарахад эхнэр, нөхөр тэврэлдэн, хүүхдүүдээ барьж аван үнсэж тэр гэрт багтахгүй их баяр хөөр болсон тухай тэд одоо ч ярихдаа нүдэндээ нулимстай байна. 
     Утас нь ээлжгүй хангинаж, Ерөнхий захирлын унаа тэднийг авахаар ирж явааг дуулсан улс ёстой л юу өмсөж зүүхээ олохгүй сандарч, хүүгийнх нь хэлсэн орой руу нь орсон аж. Шинэ жилийн нүд гялбам тайзан дээр П.Шижирболдын гэр бүлийнхэн жаахан охиныхоо үсийг ч боож амжаагүй, дэндүү энгийн гарч, хоёр өрөө байрны түлхүүр гардахдаа үг хэлж чадахгүй шахам баярлан байгааг харсан Эрдэнэтчүүд тэр чигтээ алга ташин баяр хүргэсэн. 
 

 
     Алтан азтаны гэргий Б.Даваажав эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр хадам аав, ээждээ юу юунаас илүү баярладгаа ярьсан. “Манай хүн дөрвөн хүүтэй айлын хүүхэд. Аавын үг бол “хууль”. Элдэв муу зуршилгүй, ажилдаа үнэнч, олонтой эвсэг, үр хүүхдийнхээ төлөө чин сэтгэлтэй ханийгаа харахаар илүү хайрламаар санагддаг. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг дээ. Миний хань сайн учраас бурхан биднийг шагнасан гэж бэлгэшээж боддог” гэв. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийнхээ удирдлага, уурхайчин хамт олондоо үргэлж баярлаж явах болно гэж хэлэхдээ хананд өлгөөтэй жаазтай дурсгалын түлхүүрээ удаан ширтсэн. 
     Өрхийн тэргүүн ажилдаа яарч, энэ гэрийн гүнж Ш.Урангоо цасан бүжгээр биднийг үдэв.
 
 
 
М.ОДГЭРЭЛ
Лхагва, 27 12-р сар 2017 00:00

Уурхайчдын тухай дуу “төржээ”

     Саяхан “Уурхайчин” соёлын ордонд болсон “Сонгодог шуранхай” тоглолт дээр Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Н.Нямсүрэн, Д.Дагиймаа нар уурхайчдад зориулсан хоёр шинэ дуугаар үзэгчдэдээ гэнэтийн бэлэг барьсан. Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дашдондовын үг, “Морин хуур” наадмын тэргүүн шагналт, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын аялгуу “Ухаарлын сүлдтэй уурхайчин”, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Н.Батжаргалын үг, Р.Эрдэнэцогтын ая “Уурхайчны гэргий” хэмээх уран бүтээл мэндэлжээ. “Ухаарлын сүлдтэй уурхайчин” нь мэргэжлийн хүрээнийхэн чансаагаа сорих “том” бүтээл болсон бол “Уурхайчны гэргий” нь нийтийн дууны хэлбэрээр бүтээгдсэн байна. Энэхүү дууг “Эрдэнэт” үйлдвэрийн Ил уурхайн Үйлдвэр техникийн товчооны дарга П.Түвшинжаргал, Авто тээврийн байгууллагын Үйлдвэр техникийн товчооны инженер Н.Ариунболд гэх уурхайчдын гэргий нар дуулсан нь онцлог юм. “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчин гэр бүлүүдийг дүрсэнд багтаан клип хийлгэх хэтийн зорилго бий талаар дуучин ярьсан юм.
 
 
М.ОД

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог