×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Мэдээ


“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын А/571 тоот тушаалаар Эргэлтийн усны ган хоолой суурилуулах онцгой даалгаврыг хэрхэн биелүүлсэн талаар Техникийн хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Очирбатаас тодрууллаа.

    


Эргэлтийн усны шугам хоолойд хэдийд гэмтэл гарсан бэ?
Баяжуулах үйлдвэрийн эргэлтийн ус нөөцлөх 2х10000 м3 эзэлхүүнтэй усан сангаас гарсан хуванцар хоолойд наймдугаар сарын эхээр гэмтэл гарсан. Үүнийг зассан ч үр дүн гараагүй, ус алдах нь улам нэмэгдсэн. Ингээд үйлдвэрийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор ажлын хэсэг байгуулагдан, GRE хос шугамын нэгийг 136 метр ган хоолойгоор сольж суурилуулах онцгой даалгаварт ажлыг гүйцэтгэсэн.

 


GRE шугам нь хуванцар уу?
Шилээр хүчитгэсэн хуванцар хоолой. Шинээр суурилуулж буй ган хоолой 12 мм-ийн зузаантай 1000, 1200-ийн голчтой.

Энэ шугам хоолой ямар шалтгаанаар гэмтсэн бэ?
Энэхүү шугамыг өнгөрсөн оны наймдугаар сарын нэгэнд Престиж инженеринг компани суурилуулан хүлээлгэн өгсөн байдаг. Гурван жилийн баталгаатай, хүлээж авснаас жилийн дараа эвдэрсэн. Үүнийг ямар шалтгаанаар эвдэрснийг улсын Мэргэжлийн хяналтын газар шалгаж байгаа гэсэн.
 
Ган хоолой суурилуулах  ажлыг “Эрдэнэт” үйлдвэр дангаараа хийсэн үү?
Газар шорооны эхний буюу шуудуу ухах, ган хоолойг зэврэлтээс хамгаалах ажлыг Престиж инженеринг компани гүйцэтгэсэн. Ган хоолойг угсарсны дараа зэврэлтээс хамгаалах зорилгоор бүх ган хоолойд хоёр үе “параймер” шингэн хар тос түрхэж хатаасны дараа цавуутай полиэтилэн пленкоор ороосон. GRE хоолойг ган хоолойгоор сольж угсрах, тохируулах газар шорооны хучиж булах ажлыг “Эрдэнэт” үйлдвэр өөрийн хүч хөрөнгөөр гүйцэтгэсэн. Баяжуулах үйлдвэрийн нөөц материалаас ган хоолойг авч  хэрэглэсэн.


 

Энэ  ажлын хүрээнд ямар ажил гүйцэтгэсэн бэ?
Бид төлөвлөгөө гарган ажиллаж Престиж инженеринг компани, “Эрдэнэт” үйлдвэрийн Төслийн менежмент, Геологи маркшейдерийн хэлтсийн  зураг төслийн дагуу бүх ажлыг гүйцэтгэсэн.  Ган хоолой суурилуулах, угсрах ажлыг Засвар монтажийн цехийн Ү.Батчулуун мастертай, Д.Бямбадорж бригадын даргатай 10 ажилчин чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн. Тэд хичээл зүтгэлтэй ажиллаж, төлөвлөснөөс гурав хоногийн өмнө угсралт буюу гагнах ажлыг гүйцэтгэсэн. Гагнуурын чанарыг Механикийн хэлтсийн гагнуурын лабораториор шалгуулж, баталгаажуулсан. Есдүгээр сарын 13-наас 10-р сарын хоёрон хүртэл туршилтын ажил явагдсан. 10-р сарын хоёронд дахин ажлын хэсэг хуралдаж, ган хоолойг булах газар шорооны ажил эхэлсэн. Цаг агаар хүндрэх төлөвтэй байсан тул энэ ажлыг 10-р сарын найманд дуусгахаар шахуу төлөвлөсөн. 10-р сарын гуравнаас зургаан хүртэл бүтэн дөрөв хоног хучих булах ажлыг хийж дуусгасан. Ингээд тэмдэг тэмдэглэгээ хийж, хүлээлгэн өглөө. Газар шорооны ажлыг Авто тээврийн байгууллагын Хүнд механизмын хэсэг, Ил уурхайн техникүүдийг ашигласан.

Энэ ажилд хэр их зардал гарсан бэ?
Урьдчилсан тооцоогоор 210-аад сая төгрөгийн зардал гаргасан.

Та бүхний суурилуулсан хоолой хэдэн жил найдвартай ажиллах вэ?
Гурван жил баталгаатай ажиллана гэж бид үзэж байна.

Энэхүү онцгой даалгаврыг биелүүлэхэд үйлдвэрийн  цехүүдийн олон хүмүүс цаг наргүй ажилласан байх. Энэ талаар?
Энэ нь Баяжуулах үйлдвэрийг эргэлтийн усаар найдвартай хангах, үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой ажил боллоо. Үүнийг хийхгүй бол  баяжуулалтын процесс зогсох аюул тулгарсан. Ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, үйлдвэрийн жигд ажиллагааг доголдуулахгүй байх үүргийг бид хүлээсэн. Бид наймдугаар сарын 24-нээс 10-р сарын долоон хүртэл нэг ч өдөр  зогсохгүйгээр, зарим өдөр 12 цагаар ажилласан. Энэ ажилд Засвар монтажийн цех, Засвар механикийн завод, Ил уурхай, Эрчим хүчний цех, Эрчим зүйн, Үйлдвэрлэлийн, Техникийн хэлтэс, АТБ-ын ажиллагчид ажилласан. Манай инженер техникийн олон ажилтан зөвлөлгөө өгч, ажлын талбар дээр өдөр тутмын ажлаар штаб хуралдаж, төлөвлөн шуурхай, нягт ажилласан. Ингэж ажилласнаар олон давуу талтай байсан. Зураг төслийн заримыг зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр өөрчлөн ашигласан. Мөн илүү оновчтой зарим шийдлийг гаргаж хэрэгжүүлсэн. Ийнхүү ажилласны үр дүнд бид энэ ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэлээ. Өдөр тутмын ажиллагаанд 32 хүн оролцсон.

Я.ЭНХТУЯА

Бүтээмж чанарын “Сервис” дугуйлангийн ахлагч, Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Н.Будаевтай ярилцлаа.

Япон хэлний багш орчуулагч,  “Нийслэл хүү”  яаж яваад   “Эрдэнэт” үйлдвэрийн засварчин болов?
/Инээв/. Тиймээ. Би  эхнэрээ дагаж Эрдэнэтэд ирсэн юм. Тэгээд Эрдэнэт үйлдвэрт орж ажиллахыг л зорьсон. Миний хүсэл биелж,  2007 оны наймдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрт Баяжуулах фабрикийн ӨНХ-т ажилд орсон. Бүтэн жил 108 мянган төгрөгийн цалинтай, “сурагч”/ дагалдан/-аар яваад жинхэлсэн юм.

Түүнээс өмнө та юу хийж байв?
Уг нь  Японд сурах гэж очоод, тэндээ “харлачихсан”. Тэгээд л  юм юм  хийсэн дээ. Эхлээд хөнгөн цагаанаар машины эд анги цутгадаг компанид ажилласан. Мөн  Тоёотогийн шинэ загварын машиныг туршдаг нэгэн салбарт ч  ажилласан. Энд гар ажиллагаагаар машин угсраад мөргөлдүүлж, туршина. Туршилтын үр дүнд эд анги нь үүгээрээ цуурч байна, энэ хэсгийг сайжруулах, тэр  нь хэрэггүй гэх зэргээр дүгнэлт гаргадаг компани. Сүүлд барилгын компанид ажиллаж байгаад нутагтаа ирсэн.

Тэгвэл та энэ мэргэжлээр ажиллах бэлтгэлээ нилээд хангасан байх нь ээ?  
Японд таван жил ажиллахдаа ажил хийх нилээн сайн дадалтай болсон. Тэд аливааг төгс хийдэг, ямар нэгэн зүйлийг хэрхэн сайжруулбал үр дүнгээ өгөх вэ гэдгийг маш сайн тооцоолдог. Тэр бүхнийг харж, мэдэрсэн болохоор энд ажиллахад бэрхшээл бага байсан.
 
Тийм ч учраас та их идэвхтэй бүтээлч ажилласан байх? Хэзээ дугуйлангийн ахлагч болсон бэ?
Манай “Сервис” дугуйлан Баяжуулах үйлдвэрт Бүтээмжийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн 2005 онд байгуулагдсан. Дугуйлангийн ахлагч Ууганбаяр гэдэг механикч залуу байсан. Ажилд орсныхоо дараа  энийг ч сайжруулчихмаар, түүнийг ч өөрчилмөөр санагдаж, дугуйлангийн хэд хэдэн төсөл санаачиллаа. Төсөл хамгаалах ажилд  дугуйлангийн ахлагчтайгаа оролцох болсон. 2009 оны сүүлчээр Ууганбаяр механик, “би зав чөлөө ч муутай байх юм, энэ ажлыг чи үргэлжлүүл” гэсэн. Тэгээд 2010 оноос эхлэн дугуйлангийн ахлагчаар ажиллаж байна.

Сайн санал, төслийн санаагаа хэрхэн олдог вэ?
Засварын ажил хийх явцад бэрхшээл  тулгардаг. Түүнийг хэрхэн шийдэх вэ гэж тунгаана, сайжруулах гэж оролдоно. Үүнээс л сайн санал, төслийн санаа төрдөг дөө. Бид эрсдэл бууруулах ажил түлхүү хийдэг. Манай дугуйлан нилээд олон ажил хийсэн. Бүх ажил маань ямар нэг хэмжээгээр үр дүнгээ өгсөн.

Тухайлбал?
Варман насосыг ЗМЗ-руу ачуулж задлахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө нилээд ордог. Насосыг кранаар буулгаж, суурин дээр бэхлээд кранаар татаж, ажлын дугуйг сулладаг байсан. Энэ нь хориотой, эрсдэлтэй ажил. Үүнийг бид өөрчлөн  стенд хийж ашигласнаар засварын талбай дээрээ насосыг задалж, гар лепоткоор дугуйг нь тайлдаг болсон. Энэ нь цаг хугацаа, зардал мөнгө хэмнэсэн их сайн ажил болсон. Одоо бид  Варман насосыг өөрсдөө задалж угсарч ажилд оруулж байгаа.

Цаашдаа төсөл сайжруулах чиглэлээр хэрхэн ажиллах вэ?
Бид ямар нэгэн зүйл сайжруулах, төсөл хэрэгжүүлэхээр их л зоригтойгоор шулуухан хийдэг байсан. Одоо бол шаардлага өндөрсөж  байна. Асуудалд нилээд ул суурьтай хандаж, гарах үр дүн, шинээр эрсдэл үүсч байгаа эсэхийг  нарийн тооцоолох хэрэгтэй болж байна. Төсөл хэрэгжүүлэхэд мэдээллийг баримтжуулах, нягтлах, судалгаа хийх шаардлага тавигдаж байна. Үүн дээр анхаарч ажиллана.

Танай дугуйланд ямар ажил мэргэжлийн хэдэн хүн байдаг вэ? Танайхан хэр идэвхтэй вэ?
Засварчин, механикч, кранч гээд 18 хүн байдаг. Засварчид маань санал санаачилгад нилээд идэвхтэй ч, ажлын ачаалал их байдаг болохоор бүтээмжийн төслөө хэрэгжүүлэх цаг зав  нь бага юм. Манай хэсэгт  өргөтгөл хийгдсэнээр бидний ажил ихэссэн. Механикийн чиглэлээр хүн хүч ер нь бага байдаг. Шинэ тоног төхөөрөмжийг зүгшрүүлэх, тухайлбал тээрмийг зогсоохгүй ажиллуулахыг бид хариуцдаг. Засварчин бид биеийн хүчээр хийх ажил ихтэй. Хуяг солилоо гэхэд бүх зүйл гар ажиллагаатай.  

“Эрдэнэт” үйлдвэрт бүтээмжийн хөдөлгөөн өрнөсний ач холбогдлыг та юу гэж үздэг вэ?
Бүтээмжийн хөдөлгөөн хэрэгжсэнээр асар их мөнгө хэмнэж, эрсдэлийг маш ихээр бууруулсан байх. Хүний амь нас, эрүүл мэндийг аюул ослоос сэргийлэн эрсдэлийг бууруулна  гэдэг нь мөнгөөр хэмжигдэшгүй том ажил.Тийм болохоор “Эрдэнэт”  үйлдвэрт бүтээмжийн хөдөлгөөн өрнөсөн нь үйлдвэрт болоод ажиллагчдад ач тусаа их өгсөн сайхан ажил гэж үздэг.

Төсөлт ажил хийсний урамшуулал танд ямар санагддаг вэ?
Энэ бол хамт олны урмыг их сэргээдэг зүйл. Сайн төсөл хийвэл урамшуулал гайгүй авчихна. Бид үүнийгээ дараагийн төслийнхөө санхүүжилт болгодог.  

Таны нэр их содон юм. Нэрийг тань хэн өгсөн, ямар учиртай юм бол?
Аав маань Дорнодын буриад, бөх их сонирхдог хүн байсан. Намайг төрөхийн өмнөхөн Залуучуудын аварга шалгаруулах чөлөөт бөхийн олон улсын тэмцээн Монголд болж, Буриадын бөх Б.Будаев түрүүлжээ. Тэгээд л  бэлэгшээгээд миний нэрийг өгсөн юм билээ. Аав дараа нь тэр хүнийг зорьж Улаан-Үдэд очиж уулзсан гэдэг. Дэлхийн, Европын аварга, Буриадын алдарт бөхөөр бахархаж, түүний нэрийг хүртээсэнд нь баярлаж явдаг. Дашрамд сонирхуулахад энэ намар алдарт бөх Б.Будаевын 60 насны ойн үеэр Улаан-Үдэд болсон нэрэмжит тэмцээнээс нь  Монголчууд  гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна лээ.

Ингэхэд та барилддаг уу?
Монголчууд хүү төрөхөөр “Миний хүү бөх болно” хэмээн бэлэгшээдэг. Тиймээс ч аав маань надад тэр алдарт бөхийн нэрийг хайрласан байх. Гэвч би барилдсангүй ээ.  

Гэр бүлээ танилцуулна уу?
Эхнэр бид хоёр Японд танилцаж, дотноссон.  Тэгээд л хүүхдээ төрүүлэхээр нутагтаа ирээд Эрдэнэтэд суурьшсан хэрэг. Миний ханийг Дэлгэрцэцэг гэдэг. Медипас эмнэлэгт  Архив бичиг хэргийн ажилтан. Манайх хоёр хүүхэдтэй.
  
Тэр тун бүтээлч нэгэн. Байнга шинийг эрэлхийлэн олон зүйл санаачлан, үйлдвэрт болон хүмүүст тустай “юм” ихийг бүтээжээ. Үүнээс ганцханыг нь онцолбоос, Хавтант тэжээгүүрийн одон арааны элэгдлийг багасгах төсөл. Үүнийг  хэрэгжүүлэн импортоор авдаг одон арааг цөөлснөөр жилд 180 гаруй сая төгрөгийн хэмнэлт гаргах болжээ. Энэ бүтээл нь “Эрдэнэт” үйлдвэрийн Шилдэг төслийн уралдаанд дэд байр эзэлж, түүнийг Шилдэг шинийг санаачлагч болгосон байдаг. Н.Будаев ихээхэн зөв бодолтой хүн болох нь анзаарагдсан. Түүний санаачилгыг нь үнэлэн нэгэн удаа гадаад явах эрхээр шагнажээ. Энэ эрхээ  тэтгэвэрт гарах гэж буй дугуйлангийн  идэвхтэй  гишүүндээ  өгчихсөн гэдэг.

Я.ЭНХТУЯА
 

      Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос санаачилсан “Ягаан сандал” хөтөлбөр амжилттай батлагдаж хэрэгжих шатандаа оржээ. Эрдэнэт үйлдвэрт нийт 2000 эмэгтэй ажилчид эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг төдийгүй улс эх орны хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. Үйлдвэрийн эмэгтэйчүүд нийт ажилтны 30 гаруй хувийг эзэлдэг бөгөөд эмэгтэй ажилтнуудад үйлдвэрийн автобусаар зорчиход суудал олж суух, суудал хүрэлцэхгүй байх  хүндрэлтэй асуудлууд байнга тулгардаг. Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос уг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэн, автобусны урд хаалгаар зөвхөн эмэгтэйчүүд ордог байх, автобус бүрт дөрвөн суудлыг эмэгтэйчүүдэд зориулсан ягаан бүрээстэй болгох саналыг ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хүргүүлжээ.
     “Ягаан сандал” хөдөлгөөн олон улсын хэмжээнд автобус, метро зэрэг нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай зорчих боломжийг бий болгодгоороо давуу талтай байдаг ба нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд зарим байгууллага, хувь хүмүүсийн санаачилгаар автобусны суудлын түшлэгийг ягаан даавуун бүрээстэй болгох ажил хэрэгжиж эхэлжээ. Эмэгтэйчүүдээ хүндэтгэн "Ягаан суудал" аянд идэвхтэй оролцохыг Эмэгтэйчүүдийн холбооноос уриалж байна.

Лхагва, 18 10-р сар 2017 00:00

Баяжуулахын “нэвтэрхий толь”


    

     Жинхэнэ дорвитой эр энгийнээс энгийн оршдогийн үнэнийг би “Эрдэнэт” үйлдвэрийн Техникийн хэлтсийн орлогч дарга В.Өлзийхутагаас олж хардаг. Түүнээс өөр өдий хэрийн мэдлэг, туршлагатай, хийсэн бүтээсэн гавьяатай, зөв зам мөртэй хүн бол энгэрээ хэдийнэ тэмдгээр дүүргэчихсэн ханхалзаж явах байсан биз. Харин В.Өлзийхутаг их мөрөн адил дөлгөөн байж, тулгамдсан асуудлын үед хоолойгоо засасхийн зөөлөн өнгөөр чигийг зааж ихийг хүүрнэнэ.



     Тэр эдүгээгээс 36 жилийн өмнө Болгарын Софи хотын Уул уурхайн дээд сургуулийг баяжуулагч инженер мэргэжлээр төгсөж, залуусын сэтгэлийг соронзон мэт татаж байсан Эрдэнэтийг зорьжээ. Хилийн цэргийн офицерийн хүүд эх оронч сэтгэл, чин шударга үзэл, ажил хийх хүсэл эрмэлзэл, ачаалал даах чадвар, бэрхийг давах хатуужил цогцолсон, бас ч үгүй тухайн цагтаа баруунд боловсрол эзэмшсэн сүрхий нөхөр ирсэн. Гэсэн ч “Эрдэнэт” үйлдвэр боловсон хүчнээ ажлын хүндээс эхлүүлж бэлддэг учраас Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинчаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Удалгүй баяжуулагч, ээлжийн мастер, ахлах мастер, сургалтын инженер, ахлах технологич гээд албан тушаалын шатаар өгссөн гэхээсээ илүү өөрийгөө таниулж үеийн нөхдөө манлайлж эхэлсэн. Тэр үед ахлах мастерын ажлыг голдуу Оросууд хийдэг байв. В.Өлзийхутаг үйлдвэрийн удирдлагууд, мэргэжилтнүүдийн итгэл даах хэмжээнд сэтгэлд нь хүртэл ажиллаж байсны илрэл юм. Тэр эдүгээ “Эрдэнэт” үйлдвэрийг нэвтэрхий мэдэх болжээ. Мандан бадарсан он жилүүдийг нь, хүнд хэцүү үеийг даван туулсан цаг хугацаатай нь сэтгэлдээ зэрэгцүүлэн тээж явна. Нийгмийн тогтолцооны шилжилтийн үед буюу 1990, 1991 онд “Эрдэнэт” үйлдвэр түүхэндээ ердөө хоёр удаа хүдэр боловсруулалтын төлөвлөгөөгөө биелүүлээгүй, хүрсэн түвшингөөсөө буурсан үзүүлэлттэй байдаг. Энэ нь улсын эрчим хүчний систем үйлдвэр, албан газар, айл өрхөө цахилгаанаар найдвартай хангаж чадахгүй байх үед юм. Ард иргэд оройн цагаар орон сууцандаа лаа барьж суудаг байлаа гэж тэр дурссан. Цахилгаан тасрахад тээрмүүд ачаалалтайгаа зогсчихно. Үүнээс болж маш их эвдрэл гарч, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг залгахын тулд ажилтнууд гартаа хүрз барьж усаар цэвэрлэгээ хийдэг байжээ.

     Тухайн үеийн хүнд нөхцөлд ажилчид байтугай инженер техникийн удирдлагууд хүртэл биеийн хүчний гар ажиллагааг өдөр, шөнийн ээлжинд гүйцэтгэхдээ илүү цагаар ажиллана. Үүнээс “зүрх нь үхсэн” хүмүүс бөөнөөрөө ажлаас хүсэлтээрээ халагдан ганзагын наймааг сонгож байсан гэдэг. Тухайн үед мэргэжил дөхүү хүмүүсийг Баяжуулах фабрикт ажилд ороод өгөөч гэж гуйдаг байсан гэвэл одоо итгэх хүн ховор. Энэ үед В.Өлзийхутагийг Баяжуулах фабрикийн сургалтын инженерээр томилсон нь учиртай. Тэрээр Техник мэргэжлийн сургуулийн баазыг түшиглэн 10-р анги төгссөн хүүхдүүдэд дэлхийн хэмжээний мэдлэг олгох хичээл зааж, гуравхан сараар баяжуулагч мэргэжил эзэмшүүлэн ажилд авч байв. Улсын эдийн засаг унах, сэргэхийн зааг дээр “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд түүнийг хүнд хэцүү цагт галын шугаманд томилсон нь алдаагүй. Өнөөдөр шавь нар нь өндөр түвшиний баяжуулагчид болчихсон, үйлдвэрлэлийн үндсэн цех, хэсгийг хөдөлгөж явна. Тэр цагаас хойш В.Өлзийхутаг Баяжуулах фабрикийн Техникийн хэлтсийн дарга, Ерөнхий инженерийн шинэ техник, шинэчлэл хариуцсан орлогч, цехийн даргын үйлдвэрлэл, техник хариуцсан орлогч, 2013 оноос Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Техникийн хэлтсийн орлогч дарга бөгөөд Ерөнхий технологичоор ажиллаж байна.

     Дээхнэ үед бутлан тээвэрлэх хэсгийн хүдэр дамжуулалт тааруу, бутлагдсан хүдрийн бүхэллэг том байсныг тэрээр Германы “Рема Тип Топ” команитай хамтарч шигшүүрийг оновчтой нүхтэй резинэн торонд шилжүүлсэнээр хүдэр боловсруулалтын хэмжээ сая гаруй тонноор өсч байлаа. Энэ технологи нэвтэрснээр ямар хүнд ажлаас чөлөөлөгдсөнийг бутлуурчид, засварчид одоо хэр мартаагүй. Мөн тухайн үеийн зарим дарга, орос мэргэжилтнүүдтэй зөрж байж Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйд усанд шумбагч байлдааны онгоцны эд анги үйлдвэрлэдэг Америкийн компанийн хаалтыг 1200 мм-ын хоолойд тавьж эхэлсэн нь өнөөдөр чанарын баталгаа, зөв сонголт гэж чухам юу байдгийг харуулж буй. Энэ мэт түүний нэрээр хаяглагдсан, үйлдвэрт үр өгөөжөө өгсөн олон ажил бий.
   

     В.Өлзийхутаг өрнө, дорнын баяжуулах үйлдвэрүүдийг үзэж нүд тайлсан. Тэрээр Манжуурын шинэ үйлдвэрээс бусад нь манай “Эрдэнэт” үйлдвэрийн цэвэр цэмцгэр байдалд хүрэхгүй. Автоматжуулалт нь ч гоц гайхуулах юмгүй... гэж ярих нь ажил, асуудлаа гарамгай шийдсэн мэргэжилтний үг. Тэртээ 1980-аад оны эхээр манайхан дэлхийн бусад үйлдвэр одоо хэр нэвтрүүлээгүй, Нунтаглан баяжуулах хэсгийн усан хайлуурыг гурван бүтээгдэхүүнд шилжүүлэх санаачлага хэрэгжүүлсэн байдаг. Ингэснээр тээрмийн ачаалал эрс нэмэгдэж хүдэр боловсруулалт өссөн. Үүнийг гадаадын ямар ч мэргэжилтэнд хэлэхэд ам нь ангайгаад асууж дагахаас өөргүй болно.
    “Эрдэнэт” үйлдвэр намайг аз жаргалтай болгодог гэж ярих энгийн даруу атлаа элгэмсэг хэрсүү, хэрэгтэй үед тэрсүү оршихуйн далд хүч нуугисан Ванчигдоржийн Өлзийхутаг гэх энэ эрийн хөдлөшгүй зарчим хувирашгүй зан бахархам. Түүний баяжуулахын салбарт оруулсан хувь нэмэр, зам мөр он цагийн элээлтэд улам тодрох нь дамжиггүй.


М.ОДГЭРЭЛ


 


 
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчин хамт олон 2017 оны эхний есөн сарын байдлаар техник технологи, санхүү, эдийн засгийн үйл ажиллагааны тайлангаа хэлэлцлээ. Компани үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлангаа хагас жилээр хийдэг байсаныг улирал тутамд болгохоор шийдвэрлэж, 2017 оны гуравдугаар улирлын үйл ажиллагаагаа дүгнэв. Тайлангийн хурлаар ололт амжилт, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтоо ойр ойрхон эргэн харж, дүгнэх боломжийг нээж өгч байгаа юм.

     Хурлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нээлээ.
     2017 оны гуравдугаар улиралд Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 101.3 хувиар давуулан биелүүлж, улс болон орон нутгийн төсөвт 406 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

 


     2017 оны гуравдугаар улирлын байдлаар уулын цул олборлолтын төлөвлөгөөг 102.2 , хөрс хуулалтыг 103.3, хүдэр олборлолтыг 101.3, хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 102.0 хувиар тус тус давуулан биелүүлжээ.

 

     2016 оны байдлаар Лондонгийн металлын бирж дэх нэг тонн цэвэр зэсийн үнэ 4863 ам.доллар байсан бол 2017 оны эхний есөн сарын байдлаар 22 хувиар өсч нэг тонн зэс 5948 ам.доллартай тэнцсэн үзүүлэлтэй байна.

   

    Хэдийгээр зэсийн үнэ ханш өсөх хандлагатай байгаа ч эдийн засаг төдийлөн тогтвортой бус байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна.
    Ийм нөхцөл байдалд тус үйлдвэр 2017 оны үйл ажиллагааны зорилгоо тодорхойлж, дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулж, ашигт ажиллагааны түвшинг хадгалан ажиллаж байгааг Эдийн засгийн хэлтэс мэдээллээ.
   Энэ онд үйлдвэрийн удирдлагын баг компанийн үнэт баялаг болсон ажилчдынхаа санал бодлыг сонсоход анхаарлаа хандуулж, үйлдвэрийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа хэлэлцэж, нийгмийн асуудлаа нээлттэй шийдвэрлэх алхмуудыг хийсэн нь үр дүнгээ өгч буйг тайлангийн хурлаар тэмдэглэлээ.


     
     Хурлын төгсгөлд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт, эдийн засгийн үр ашиг өндөр байх  нь компанийн ажилтан, ажиллагсдын нийгмийн асуудалд болон үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд төдийгүй улс, орон нутгийн хөгжилд шууд хамаатай асуудал. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн ололт амжилт бүхэн ажилтан бүрийн хичээл зүтгэлийн үр дүн бөгөөд улс оронд томоохон үлгэр дуурайлал болохыг онцлов. 2017 оны гуравдугаар улиралд тус үйлдвэрийн уурхайчин хамт олон төлөвлөсөн ажлаа давуулан биелүүлж, улс орныхоо өмнө хүлээсэн нийгмийн хариуцлага, үүргээ нэр төртэй биелүүлсэнд талархаж, ажлын амжилт хүсэв.

     Фото сурвалжлагыг энд дарж үзнэ үү.

    Үйлдвэрлэлийн ажлын гол хүч болдог мастеруудын ажил үүргийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, тэдний хөдөлмөрийн бүтээмж, манлайллын ур чадварыг дээшлүүлэх боломж арга замыг тодорхойлоход Мастеруудын анхдугаар зөвлөгөөний зорилго чиглэгдсэн байна. Их бүтээн байгуулалтыг цогцлоож, баялаг бүтээж байгаа уурхайчид, тэдний өдөр тутмын ажлын уялдаа холбоог зохицуулж, удирдлага болон ажилчны хоорондын гүүр нь болсон мастерууд бол үйлдвэрлэлийн ажлын од нь юм. Тиймээс урлаг спортын мастеруудыг од хэмээн хүндэлдэгтэй адил үйлдвэрлэлийн мастеруудаа  ийн нэрлэх учиртайг  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн зөвлөгөөний эхэнд бахархангуй өгүүлэв.
    Анхдугаар зөвлөгөөний эхэнд “Үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийг Эрдэнэт үйлдвэрийн Техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан толилууллаа. Тэрээр илтгэлдээ, он удаан жил ажилласан тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэл хийх, байгууллагын санах ойн асуудал, өндөр ур чадвартай, арвин их туршлагатай инженер техникийн ажилтнуудын залгамж үеийг бэлтгэх, тоног төхөөрөмжийн хангамж, засвар үйлчилгээг хийх техникийн тодорхойлолт, үндэслэлийг шинэчлэх нь өнөөгийн тулгамдаж буй асуудал гэж онцолсон. Харин эдгээрийг шийдвэрлэх арга зам нь техник технологийн, хүний нөөц нийгмийн хөгжил, санхүү мөнгө, байгаль орчны бодлогоо тодорхойлох шаардлагатай гэж дүгнэсэн. Үүнд үйлдвэрлэлийн мастеруудын идэвх оролцоо нэн чухал гэдгийг ч тодотголоо. Анхдугаар зөвлөгөөнд “Ганабелл” Институтын бизнесийн ахлах зөвлөх Т.Амарсанаа мастеруудын эзэмшвэл зохих ур чадвар, ажилтнуудаа хэрхэн сэдэлжүүлж, санаачилгыг  нь өрнүүлэх талаар лекц уншсан нь цаг үеэ олсон зөв зүйтэй мэдлэг өглөө хэмээн оролцогч мастерууд олзуурхаж байлаа.
     Өдөр бүрийн ажлын  нарийн горим, хөдөлмөр зохион байгуулалтыг хариуцдаг мастеруудын ажлыг үнэлж дүгнэх нь Эрдэнэт үйлдвэрийн хүнээ хөгжүүлж, урамшуулах бодлогын томоохон хэсэг байдаг. Тиймээс зөвлөгөөний үеэр Эрдэнэт үйлдвэртээ олон жил хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа шилдэг тэргүүний мастеруудад шагналын хур буулаа. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Зам овоолгын хэсгийн уулын мастер М.Мандах, Засвар механикийн заводын хайлах хэсгийн мастер Н.Тугтөгс нарын таван ажилтныг “Тэргүүний уурхайчин” цолоор шагнасан бол тус үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар 15 мастерт тус бүр нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал, “Тэргүүний мастер” өргөмжлөл хүртээсэн юм. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийнхэн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хамт хэлэлцэж, тэдний хөдөлмөрийн бүтээмж, манлайллыг дээшлүүлэхэд том алхам боллоо.

 

М.Балжинням

Гэрэл зургийг Б.Баттөгс

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог