×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Мэдээ

Эрдэнэт үйлдвэр ХХК жил бүрийн 2 сард өнгөрсөн оны ажлын үр дүнг хэлэлцэж, үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгдөг. 2016 оны үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурал 2 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд болно.  Үйлдвэрийн цех, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны үр дүнг 2 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд дүгнэх бол хэлтсүүдийн тайланг 16-17-ны өдрүүдэд хэлэлцэх юм байна.

17-р жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Цагаан сарын баярыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хэмжээнд өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх тухай Ерөнхий захирлын тушаал гарсан байна. Уламжлал есоор сар шинийн баярын өмнө Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аваргууд болон Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулах тэргүүний ажилтнуудыг тодруулах юм.  Цагаан сарын баярын үйл ажиллагааг зохион байгуулах төв ажлын хэсгийн даргаар  Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Даваасамбуу ажиллах бол Хөдөлмөрийн аварга, Хүндэт дэвтэрт нэр нь бичигдэх тэргүүний ажилтнуудыг шалгаруулах ажлын дэд хэсгийг Үйлдвэр техникийн газрын дарга П.Батболор удирдах ажээ.

Баяжуулах үйлдвэр дээр хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор 1978 оноос өнөөг хүртэл гар хүрээгүй байгаа Шүүн хатаах хэсгийн барилгын гадна талын ханыг солих засварын ажил эхэлсэн байна. Өнгөрсөн оноос ширүүн салхитай үед барилгын хана зарим хэсэгтээ ховхорч унах, ан цав гарах зэрэг  элэгдэл их гарсан тул шинээр хана хийх шаардлагатай болжээ.  Уг засварын ажлыг Улаанбаатар хотын “Тэргэн нүүр” компани гүйцэтгэж, Эрдэнэт үйлдвэрийн зүгээс зохион байгуулалт, хяналт, аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байна. Шүүн хатаах хэсгийн нүүрэн талын хананд  насос, филтерийн уур цан их нөлөөлсөн тул эхний ээлжинд 1000 гаруй мкв хэмжээтэй энэ хэсгийн ханыг солих юм байна.

Мөн тус хэсгийн цахилгааны хуваарилах байгууламжийг солих ажил хийгдэж байгаа аж. Цахилгааны хуваарилах байгууламжийн тоног төхөөрөмжүүд нь  40-өөд жил ашиглагдаж байгаа бөгөөд нэлээд хуучирсан байна. Тэдгээр нь ачилтын хэсэг дээр байрладаг байсан тул тоос шороо ихтэй, зэсийн баяжмал нь цахилгаан дамжуулах шинж чанарыг агуулдаг, үүнээс их бохирддог  зэрэг шалтгаанаар хуучин байрлалыг нь шинэчилж  байгаа юм. Одоогоор цахилгааны тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэж байна.

2016 онд Баяжуулах үйлдвэр дээр хэд хэдэн томоохон ажил хийгдсэнийг Шүүн хатаах хэсгийн дарга А.Машбаяр  онцоллоо. Тухайлбал,  Шүүн хатаах хэсэг дээр зэсийн 1-р өтгөрүүлэгчийн их засвар, Нунтаглан баяжуулах хэсгийн 7-р өтгөрүүлэгчийн бүх дамжуулгыг суурилуулжээ. Эдгээр ажлыг цехийн хамт олон, Засвар монтажийн цехтэй хамтран гүйцэтгэсэн байна. Урьдчилсан тооцоогоор үүнд 700 сая төгрөг шаардагдаж байсан ч өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан ажилласны үр дүнд 250 сая орчим төгрөг зарцуулжээ. 

Засвар механикийн заводын хэмжээнд “ХАБЭА-н манлайлал ба оролцоо” сургалтыг энэ оны турш зохион байгуулахаар боллоо.

Тус хамт олон оны эхнээс ХАБЭА-н манлайллын сургалтыг хэсгүүдийнхээ дунд зохион байгуулж хэсгүүд дотроо уралдаан зарлан ажилчдаа идэвхитэй хамруулж байна. Уг сургалтыг нэг сарын хугацаанд  зохион байгуулахаар төлөвлөсөн ч ажиллагсдын хүсэлтээр хугацааг нь сунгаж, энэ оны турш үргэлжлүүлэхээр болжээ.  Сургалтын хүрээнд ХАБЭА-н манлайллын оролцооны талаар  ХАБЭАБОХХ-ийн ажилтнууд  ажлын байруудаар нь очиж, зөвлөгөө өгч байна.

ЗМЗ-ын Н.Мэндбаяр даргатай засвар угсралтын хэсэг ажилчдаа баг болгон зохион байгуулж аюул эрсдлийг илрүүлэх, мэдээлэх, тэдгээрийг арилгах бүтээлч оролцоог нэмэгдүүлэхэд бусдыгаа манлайлан ажиллаж байгаа бол  Л.Энхтөр даргатай Цутгуурын цехийн эрчим зүйн алба нь ХАБЭА-н зөв идэвхийн хүснэгтийг ажиллуулжээ. Ингэснээр ажилтан бүр аюул эрсдэл, зөрчил дутагдлын хажуугаар дуугуй өнгөрөхгүй, жижиг зөрчлийг шуурхай арилгах идэвхийг нэмэгдүүлж байна. Харин Үйлдвэр, зохион байгуулах бэлтгэх хэсгийн Б.Баянжаргал даргатай хамт олон  “Өглөөний ХАБ” сэдэвт 5 минутын ярилцлагыг нэвтрүүлж эхэлсэн нь ХАБЭА-н талаар чөлөөт ярилцлага өрнүүлж, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлсэн ололттой ажил болжээ.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  Ган бөмбөлгийн цехийн нүүрс хийжүүлэх хэсгийн ажилчдыг эрүүл мэндийн тогтмол хяналтанд оруулж  байхаар болсон байна.

Тус  хэсэг 12 ажилчинтай. Хүнд хортой нөхцөлд ажилладаг эдгээр ажилчдынхаа  эрүүл мэндэд онцгой  анхаарах үүднээс  тус цехийн удирдлага Эрдэнэт сувилалын цогцолбор, ХАБЭАБОХХ-ийн эрүүл ахуйч эмчид хүсэлт тавьсны дагуу уг шийдвэрийг гаргажээ.   

Нүүрс хийжүүлэх хэсгийн ажилчид жилд хоёр удаа  эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, диспансерын эмчийн тогтмол хяналтанд байх юм. Ингэснээр тус цехийн  Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөлөөс ажилчдынхаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүнг тооцож ажилчдаа  эрүүлжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж байна. Энэ нь  өвчлөлийг эрт оношлох, ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах, хөдөлмөрийн чадвар алдалт болон  өвчлөлийн хоногийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  Авто тээврийн байгууллагын Технологи тээврийн авто засварын газрын хамт олон оны эхний 25 хоногийн байдлаар төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ давуулан биелүүлжээ.

Тус хамт олон  белаз болон бусад хөдлөх бүрэлдэхүүний засвар үйлчилгээг хийж гүйцэтгэдэг. Он гарсаар төлөвлөгөөт засварын ажлыг чанарыг эрхэмлэн хуваарийн дагуу үргэлжлүүлж байна. Белазын тоо нэмэгдсэнээс шалтгаалан засварын бригад шинээр нэмж, ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг ханган ажиллаж буйгаа Технологи тээврийн авто засварын газрын дарга Д.Баяраа онцлов.

Засварын бригад нэмснээр техник үйлчилгээ, засварт орж ирэх машины мот/ цагийн ачаалал хэвийн үйл ажиллагаанд оржээ. Өнөөдрийн байдлаар, 5 белазанд  техникийн үйлчилгээ болон урсгал засварт хийгдэж байгаа юм байна. Эдгээрт шаардагдах сэлбэг материалуудыг шуурхай  шийдвэрлүүлснээр засвар үйлчилгээний үед хүндрэл гарахгүй, хөдлөх бүрэлдэхүүнийг цаг алдалгүй  засч ажилд гаргах боломжтой болсныг Технологи тээврийн авто засварын газрын удирдлага ярив.

Монгол улсын хэмжээнд суурин телефон холбооны  дугаарлалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  суурин телефон утасны дугаарлалт энэ сарын 23 ны өдрөөс эхлэн өөрчлөгдөв.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ны  холбоо, харилцааны өртөг зардлыг бууруулах бодлогын хүрээнд  2017 оны 1-р сарын 16-ны өдрөөс Мобиком корпорацийн мобайл оффис үйлчилгээг нэвтрүүлж, уг үйлчилгээний дугааруудыг ашиглахаар боллоо. Компанийн үйлдвэрлэлийн онцлог, шаардлагын дагуу цех нэгж бүрт мобайл үйлчилгээний нэгдсэн дугаар, диспетчер, операторууд болон цех нэгжийн удирдлагуудад шууд дугаар олгосон байна. Шууд  дугаар бүхий телефон хэрэглэгчдийн орох, гарах яриа тухайн дугаараар хийгдэх юм байна.  Орох ярианд 7575 9999 дугаарыг, гарах ярианд цех нэгжид олгосон нэгдсэн дугаарыг ашиглана. Харин суурин телефон хэрэглэгчээс гарах ярианы хувьд үйлдвэрийн дотоод телефон сүлжээний хэрэглэгчид хоорондоо шууд дуудлага хийнэ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн дотоод суурин сүлжээнд хийгдэх  ярианд  дугаарын өөрчлөлт гарахгүй гэсэн үг юм. 

Компанийн суурин телефон хэрэглэгч бусад үүрэн болон суурин операторт холбогдохдоо таны залгасан хэрэглэгчийн гар утсанд таны дотоод суурин телефоны дугаарын оронд компанийн нэгдсэн дугаар эсвэл цех нэгжийн оноосон шууд болон нэгдсэн дугаарлалт илэрнэ. Жишээ нь таОлон нийттэй харилцах албаны радиогийн 73447 дугаараас 99351111 хэрэглэгч рүү залгасан бол тухайн албаны нэгдсэн дугаар болох  757  73447 дугаараар дуудлага хийгдэнэ. Мөн гар утаснаас радиогийн 73447 утас руу залгахдаа үйлдвэрийн үндсэн дугаар болох 7575 9999 дугаарт холбогдон автомат хариулагчаас ирэх зааврын дагуу  73447 гэж  холбогдох бөгөөд уг хэрэглэгчийн аппарат дээр дуудсан хэрэглэгчийн дугаар илрэх юм байна. 

Ган бөмбөлгийн цехийн хий дамжуулдаг шугам бөглөрснөөс үйлдвэрийг түр зогсоож, шуурхай ажилласны дүнд нүүрс хийжүүлэх зуухыг хэвийн ажиллуулж эхэллээ.

Энэ  сарын 20-ны өглөөнөөс эхлээд тус цехийн  ган бөмбөлөг үйлдвэрлэлт эрс мууджээ. Үйлдвэрийн удирдлагууд шуурхай зөвлөлгөөн хийж,  гэмтлийг илрүүлэн 5 хоногийн дотор шуурхай засварын ажлын хэсэг байгуулан ажилласнаар  зуухыг хэвийн ажиллагаанд оруулсан байна.  Шуурхай ажлын хэсэгт Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, ЗМЗ, Ерөнхий механикийн хэлтэс, Хөгжлийн бодлогын газар,Үйлдвэр техникийн газрын мэргэжилтнүүд оролцож,  гэмтэл гарсан  хэсгийг  тодорхойлж тасралтгүй 24 цагаар ажиллав. Гарсан гэмтэл нь нүүрстэй шууд холбоотой байсан бөгөөд хий дамжуулах шугам хоолойн бөглөрөлтөөс үүсчээ. Ган бөмбөлгийн цехийн нүүрс хийжүүлэх зууханд илчлэг өндөртэй, 6000-аас дээш илчлэгтэй нүүрс шаардлагатай. Шатаах зуухнаас цех хүртэл 100 гаруй метрийн урттай шугамаар хий дамжуулдаг байна. Үүний 20-иод метр нь бөглөрснийг 6-н удаагийн зүсэлт хийж,  гэмтлийг илрүүлэн шуурхай арга хэмжээ авчээ.

Халаах зуух ассанаас хойш 24 цагийн дараа ган бөмбөлөгийн бэлдэцээ оруулдаг бөгөөд  зууханд нэг удаа 48 ширхэг бэлдэц ордог байна. Эдгээр шат дамжлагын дараа ган бөмбөлөг цувих ажиллагааг эхлүүлдэг ажээ. 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ээс бүтцийн нэгжийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнуудын дунд манлайллын хурлыг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаагийн  ээлжит хурлыг ХАБЭАБОХХ-ийн ХАБ-ын албаны дарга Б.Баттайван удирдаж, тус хэлтсийн  дарга Д.Цагаан-Эрдэнэ болон тус хэлтсийн ажилтнууд, үйлдвэрийн цех нэгжүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерүүд оролцлоо.

Хурлаар цех нэгжүүдийн дундХөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлаар тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж, шийдвэрлэв.Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад халуун хоолыг цайны цагаас өмнө өгөх явдал гарч байгаа нь хөдөлмөрийн горим алдагдахад хүргэж байгаа тухай онцолж, зохих арга хэмжээ авч цаашид ийм асуудал гаргуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлын 4-р шатны үзлэг, хяналтыг зохион байгуулахдаа тухайн цех нэгжид урьдчилан мэдэгдэхгүйгээр гэнэтийн байдлаар шалгах болсныг нийт цех нэгжүүдийн ХАБ хариуцсан ажилтнуудад санууллаа. Ингэснээр тухайн цех нэгжийн ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал , эрүүл ахуйн асуудал хэрхэн явагдаж буйг  бодитоор харж дүгнэх боломжтой гэж үзжээ.

Мөн  манлайллын хурлаар цех нэгжийн ХАБ хариуцсан ажилтнуудын гаргасан санал хүсэлтийг ажил хэрэг болгон, асуудлыг цаг алдалгүй шийдэн өгч ХАБЭАБОХХ, цехүүдийн ХАБЭА хариуцсан ажилтнуудын уялдаа холбоог сайжруулан нэгэн зорилгын төлөө ажиллах тухай ярилцсанаар үр дүнтэй болсон байна.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ээс удирдлагын манлайлал, ажилтны оролцоог идэвхжүүлэх зорилгоор Манлайллын сургалтыг шат дараатай зохион байгуулж, сургалтанд оролцогчдын санал асуулгаар сургалтын үр дүнг гаргасан байна.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн манлайлал, оролцоо”  сургалтын чанарыг дүгнэхдээ “Хичээлийн агуулга”, “Сургалтын арга барил”,” Ач холбогдол”, “Нэмэлт” гэсэн асуулгаар оролцогчдын саналыг үндэслэн тооцжээ. Сургалтанд оролцсон 450 гаруй инженер техникийн ажилтнууд манлайллын сургалтын хичээлийн агуулга нь маш сайн, хангалттай гэж дүгнэсэн бол сургалтын арга барил, ач холбогдлыг маш сайн, хангалттай гэж бүгд дүгнэжээ. Иймээс манлайллын сургалтыг үйлдвэрийн ИТА-ын дунд  үргэлжлүүлэхээр болсон байна. Тус сургалтыг тухайн цех нэгжийн удирдлага ажлаа сайн мэддэг,  удирдлагын арга барил, үйл хөдлөлөөрөө  бусдыг манлайлж чаддаг байх ёстой гэсэн зарчмын дагуу Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н ажилтнууд өөрсдөөсөө үлгэрлэн манлайллыг эхлүүлэх зорилгоор  2016 оноос зохион байгуулсан юм.   Манлайллын сургалтыг ажлын байрны эрсдлээс эхлэн, аюулгүй ажиллагааны 5 “а” зарчим дээр тулгуурлан явуулсан  нь үр дүнтэй болсон байна. Сургалтын үндсэн зорилго нь   Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н  удирдлагын тогтолцооны хэрэгжилт, өнөөгийн төлөв байдалд  дүн шинжилгээ хийж, салбарын тэргүүн туршлагыг судлан  ХАБЭА-н удирдлагын тогтолцооны сайжруулалтыг хийх боломжийг бий болгоход чиглэгджээ. 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог