×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Мэдээ
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтээлч хамт олон 2016 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх төрөлд нь урьд байгаагүй түүхэн дээд үзүүлэлтээр давуулан биелүүллээ. Энэхүү бахархалт мэдээллийг өнөөдөр болсон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэлийн 2016 оны хаалтын ёслол дээр Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Даваасамбуу онцлон тэмдэглэж, нэг зорилгын дор гар сэтгэл нийлэн ажилласан нийт уурхайчид, багийнхандаа талархлаа илэрхийлэв. 
     2016 онд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид уулын  цул гаргалтыг  төлөвлөснөөс  480.0 мян.м3  буюу 102.1 хувиар, хөрс  хуулалтыг  төлөвлөснөөс 209.2 мян. м3 буюу 102.3 хувиар, хүдэр олборлолтыг  төлөвлөснөөс 690.0 мян.тн буюу 102.0 хувиар, хүдэр өгөлтийг  төлөвлөснөөс 620.0 мян.тн буюу 102.0 хувиар,  өрөмдлөгийг  төлөвлөснөөс 33900.0 тууш.м  буюу 107.8 хувиар, ачаа тээвэрлэлтийг төлөвлөснөөс 3300.0 мян.т.км буюу 101.7 хувиар, хүдэр боловсруулалтыг төлөвлөснөөс 580.0 мян.тн буюу 101.9 хувиар  тус тус давуулан биелүүлсэн нь  өмнөх жилүүдэд байгаагүй  өндөр үзүүлэлт болж байна.  Үйлдвэрлэлийн 2016 оны хаалтын ёслолын үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн дүгнэж хэлэхдээ, “2016 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийн дүн бол Эрдэнэт үйлдвэрт  ажиллаж байгаа уурхайчид, хамт олон тэднийг зөв удирдан зохион байгуулж, чиглүүлж ажилласан Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал бөгөөд ерөнхий инженер Д.Даваасамбуу болон  газар хэлтэс, цех нэгжүүдийн удирдлагуудын сэтгэл нийлсэн хөдөлмөр зүтгэлийн үр шим юм.  Мөн энэ амжилтанд хүрэх боломжийг бүрдүүлэхэд өмнөх Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнгийн хүчин чармайлт их байсныг дурьдаж, талархал илэрхийлэхийг хүсч байна. Түүнчлэн шинэ оноо ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар угтаж байгаа нийт хамт олон, тэдний гэр бүлд шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсье”  хэмээн  баяр талархлаа илэрхийлсэн юм.  
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэлийн 2016 оны хаалтын ёслолын ажиллагаан дээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын Академийн дээд шагнал болох “Алтан одон”-гоор Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг шагнасныг  тус академийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Мянганбаяр Ю.Цэдэнбал агсны тухай шинэ номын дээж, маркын хамт гардуулж өглөө.  Өнгөрч буй 2016 онд Монгол төрийн их удирдагч Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохиосон бөгөөд Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулахад оруулсан хувь нэмрийг нь төр засаг өндрөөр үнэлж,  Эрдэнэт үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон юм.   
     Мөн тус үйл ажиллагааны үеэр Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн бичиг хэргийн товчооны мэргэжилтэн Б.Мөнхцэцэг  Монгол Улсын Засгийн Газрын шагнал “Боловсролын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр, Эдийн засгийн хэлтсийн тэргүүлэх эдийн засагч Д.Нарантуяа, Геологи хайгуулын ангийн цооног өрөмдөгч Л.Ганбат нар Орхон аймгийн ИТХ-ыг “Иргэний төлөө” медалиар, Эдийн засгийн хэлтсийн төлөвлөлт, шинжилгээ мониторингийн товчооны эдийн засагч С.Буянжаргал, Баяжуулах үйлдвэрийн Эдийн засгийн товчооны хөдөлмөрийн эдийн засагч С.Ганзориг, Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Оксана В.К, тус хэлтсийн нягтлан бодогч Ч.Чулуунчимэг, Ил уурхайн эдийн засгийн төлөвлөлт, шинжилгээний албаны эдийн засагч З.Наранбат нар “Жуух бичиг”-ээр, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр тус тус шагнагдсаныг гардуулж өглөө.   

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн  өнөөдөр “Энэрэл” төвд зочилж,  тус төвийн хүүхдүүдийн шинэ жилийн баярын үйл ажиллагаанд  оролцлоо. Мөн  Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор, орлогч дарга О.Отгонбаяр, Сэлэнгэ амралтын баазын дарга И.Жаргалсайхан, Энэрэл төвийн захирал Л.Болдсайхан болон багш сурган хүмүүжүүлэгчид оролцож, хүүхдүүдтэй хамтдаа дуулж бүжиглэв. Энэ үеэр тус төвийн авяаслаг хүүхдүүд урлагийн тоглолт, сурч мэдсэнээ толилуулж, бяцхан өвлийн өвөө эрхэм зочид болон тэргүүний сурагчдад бэлэг гардуулсан юм. 
     Эрдэнэт үйлдвэр ХХК  нийгмийн хариуцлагынхаа  хүрээнд дэргэдээ  бүтэн өнчин  хүүхдийн “Энэрэл” төвийг байгуулснаас хойш  эдүгээ 24 дэх жилдээ тус төв амжилттай ажиллаж, өнөөдрийн байдлаар 40-өөд хүүхэд энд сурч хүмүүжиж байна. Жил бүрийн шинэ жилийн баяраар үйлдвэрийн удирдлагууд  тус төвд зочилж, хүүхдүүдэд гарын бэлэг гардуулахын зэрэгцээ тэдний зүгээс гаргасан нэг хүслийг нь биелүүлж өгдөг уламжлалтай болсныг энэ үеэр Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга О.Отгонбаяр онцолсон. Өмнөх жилүүдэд үйлдвэрийн захиргаанаас  Энэрэл төвийн хүүхдүүдэд зориулан номын сан байгуулж, компютер бэлэглэж байсан бол энэ жил хүүхдүүдийн хүсэлтээр хувцасны бүх шүүгээг нь шинэчилж өгсөн байна. 
     Нүүрэндээ инээд хөөр тодруулан дуулж бүжиглэж буй хүүхдүүдийг хараад сэтгэл туйлын өндөр байгаагаа Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ тэмдэглээд,  “Энэрэл төвийн ажилсаг бүтээлч удирдлага хамт олон, багш ажилтнуудын хичээл зүтгэл хүүхдүүдийн царайнаас тод харагдаж байна” гэсэн юм. Тэрээр төвийн хүүхэд багачуудад гарын бэлгээ гардуулж, хичээл сурлагадаа шамдан суралцаж, шинэ онд урлаг спортын улам өндөр амжилт гаргахыг хүслээ. Энэ үеэр Энэрэл төвийн захирал Л.Болдсайхан төвийнхөө үйл ажиллагааг танилцуулж, хүүхдүүдийн хийсэн гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг сонирхуулсан юм. Энэрэл төвд өсч торниж, сурч хүмүүжиж буй бидний ирээдүй өнгөтэй, хүүхдүүд цовоо байна. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
М.Балжинням
 
Баасан, 30 12-р сар 2016 00:00

Мэндчилгээ

     Зууны манлай бүтээн байгуулалт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан, ажилчид, Эрдэнэтчүүд та бүхэндээ  үйлдвэрийнхээ бүтээлч хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа шинэ жилийн баярын мэнд хүргэж 2017 ондоо эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
     Манай хамт олон шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ үдэж байгаа оныхоо ажлыг дүгнэн ирж буй шинэ жилийнхээ зорилтыг төлөвлөн ярьдаг уламжлалтай. 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр хүдэр олборлолтын төлөвлөгөөг 101,0, хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 101,2 хувиар тус тус биелүүлж, 16128 тонн зэсийн баяжмал, 720 тонн молибдений баяжмал төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэх боломж бүрдээд байна. 
     2016 онд дэлхийн зэсийн зах зээл дээр зэсийн дундаж үнэ төлөвлөснөөс даруй 407 ам.доллар доогуур байгаа хэдий ч хямралын эсрэг  арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийг 750 орчим ам.доллараар бууруулан  2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр улсын болон орон нутгийн төсөвт 200,0 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх урьдчилсан тооцоо гарч байна. Нэг үгээр хэлбэл манай бүтээлч хамт олон үйлдвэрлэлийн болон эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-гаас дээш хувиар биелүүлэх нөхцөлийг бүрдүүллээ. 
     Энэ нь манай уурхайчид нийт хамт олны хичээнгүй хөдөлмөрийн үр дүн болохоор та бүхэндээ  баяр хүргэж халуун талархал дэвшүүлье.
     Өнгөрч буй онд санхүү хүнд хэцүү байсан ч хөрөнгө оруулалтын бодлогоо амжилттай хэрэгжүүлж, Дулааны цахилгааны станцыг 48мВт-ын хүчин чадалтай турбингенератороор өргөтгөх ажлыг эхлүүлэв. 
     Эрдэнэт үйлдвэр ХХК Эргэлтийн усны 1020 мм-ийн голчтой гуравдугаар шугам, 2х10000 м3-ийн багтаамжтай орчин үеийн усан санг ашиглалтад орууллаа. 
     Уул уурхайн удирдлагын “Pitram” системийг үйлдвэрлэлд  иж бүрнээр  нэвтрүүлсэн нь Монгол улсын хувьд анхны болж, дэлхийн хэмжээнд айргийн тавд орж байна. 
     Эрдэнэт үйлдвэрийн ЗМЗ-д импорт орлох туузан дамжуулгын өнхрөвч  үйлдвэрлэдэг боллоо. 
     Үүний зэрэгцээ Эрдэнэт үйлдвэр ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд  “Медипас” оношлогоо, эмчилгээний төвийг ашиглалтад бүрэн хүлээлгэн өгч, Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборын барилгын ажлыг эхлүүлээд байна. Мөн Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болголоо.  
     2016 он бол манай хамт олны хувьд урлаг, спортын амжилт ялалтаар дүүрэн жил байлаа. Манай Технологийн сургуулийн Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн 3-р дамжааны оюутан О.Энх-Эрдэнэ “Авъяаслаг Монголчууд” шоуны Үндэсний ялагчаар тодорлоо. Болгар улсад болсон Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Хангарьд спорт клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ч.Марал-Эрдэнэ аваргаллаа. Мөн Дулааны цахилгааны станцын ажилтан О.Гантөмөр Пауэрлифтингийн дэлхийн аварга боллоо. Монгол улсын хоккейн шигшээ багийн ахлагч, олон улсын хэмжээний мастер, ХИУ-н маркшейдер Н.Мишигсүрэн, ЗМЗ-ын засварчин П.Батзаяа нар багаараа Азийн хоккейн цомын аваргын тэмцээнээс 4 дэх удаагаа хүрэл медаль хүртлээ. Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд Эрчим хүчний цехийн засварчин Д.Дэмбэрэлсайхан түрүүлж, Улсын мэргэн болсныг бахархалтайгаар тэмдэглэж байна. Эх орон, “Эрдэнэт“ үйлдвэрийнхээ нэр хүндийг өндөрт  өргөж яваа тамирчиддаа спортын улам их амжилт гаргахыг хүсье.   
     Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурсан 2016 онд бид ажиллагчдынхаа цалин, орон тоог хөндөлгүй, хямралын эсрэг  хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж бүтээгдэхүүний өртөг, зардлыг бууруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх дорвитой арга хэмжээ авсны үр дүнд манай хамт олон  оны төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ бүрэн  биелүүлсэн амжилтаар шинэ оноо угтаж байна. 
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2016-2025 онд хөгжүүлэх концепцийг боловсруулж, уг концепцийн хүрээнд Ил уурхайд мөчлөг урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийн жилийн хүчин чадлыг 35 сая тоннд хүргэх компанийхаа ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.              
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үе үеийн уурхайчид, тэдний гэр бүл, хамтран ажилладаг түншүүд, Орхончууддаа шинэ жилийн баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
 
 
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,
Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.БАДАМСҮРЭН
 
     Эрдэнэт үйлдвэрийн Тэргүүний ажилтны сүлд модны наадмын үйл ажиллагаан дээр Алтан азтан буюу 2 өрөө байрны эзнийг бүртгэлийн дугаараар нь сугалж тодруулдаг уламжлалтай. Энэхүү уламжлал ёсоор үйлдвэрийн бүх ажиллагчдын бүртгэлийн дугаар бүхий сугалааны хайрцагнаас  Ерөнхий захирал Х.Бадамсүрэн  86180 тоот бүртгэлийн дугаарыг  сугалснаар Засвар монтажийн цехийн цахилгаан хийн гагнуурчин П. Шижирболд энэ жилийн Алтан азтан боллоо. Тэрээр Засвар монтажийн цехэд 5 дахь жилдээ ажиллаж байгаа аж. 
 
 
     Мөн захирлуудын нэрэмжит Япон улсад гэр бүлээрээ аялах эрхийн бичгийн хонжворт сугалааг Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн засварчин Пүрэвдорж, АТБ-ын ашиглалтын албаны диспетчер Алимаа, Дулаан цахилгааны төвийн конвейрийн машинч Сонинцэцэг нар хожиж, супер азтанууд боллоо. 
 
 
     Харин Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ажилтан н.Номмандах, Тээвэр ложистикийн албаны дарга н.Мөнхтэгш, Төслийн менежментийн албаны инженер Соджаргал нар Iphone7 plus гар утас,  Уранчимэг, Тээвэр ложистикийн албаны орлогч Баяр, Гэрээт цагдаагийн хэсгийн дарга Энхбаатар нар унадаг дугуй,  Ил уурхайн экскваторын машинист  М.Энхтогтох, гадаадын мэргэжилтэн Ольга, Үйлдвэр техникийн газрын дарга П.Батболор нар Хонконг улсад аялах эрхийн бичиг хожиж, азтан болсон юм.        
 
 
 
 
 
 
 
 
 
 
     2016 онд хамт олноо хошуучлан идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан Засвар Механикийн Заводын металл хийц угсралтын слесарь Шагдарын Ганболд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2016 оны  “Шилдгийн шилдэг ажилтан” боллоо.  Ш.Ганболд нь Эрдэнэт үйлдвэрт 26 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн онд Баяжуулах үйлдвэрийн 82,84,85-р хөвүүлэн баяжуулах машины 90 гаруй тонн  стандартын бус тоног төхөөрөмж , өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн 238 тонн металл хийцийн ажил буюу 1 тэрбум 450 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг өөрийн хариуцсан бригад, хамт олонтой хамтран амжилттай гүйцэтгэсэн байна. 
 
      Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2016 оны “Шилдэг ажилчин”-аар Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн бутлуурчин Чулууны Энх-Амгалан,  Автотээврийн байгууллагын хүнд даацын машины жолооч Бадрахын Гэрэлт-Очир,  Ган бөмбөлгийн цехийн суурь машины оператор Хандаагийн Чулуун нар тодорч, өргөмжлөлөө гардан авлаа. Хариуцсан ажилдаа идэвх зүтгэлтэй, санаачилгатай ажиллан, хамт олноо манлайлан 2016 оны шилдгүүдээр тодорсон нийт ажилтан, уурхайчиддаа шинэ оны мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
 
 
 
 
 
 
 
 
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2016 оны “Шилдэг удирдах ажилтан”-аар Цахилгаан цехийн Үйлдвэр техникийн албаны дарга Галсанлхагвын Цогт-Очир тодорч, шагналаа гардан авлаа. 
    Тэрээр тус үйлдвэрт 22 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хуваарилах байгууламжийн сэлгэн залгалтын элегас  таслуур, хуурай салгуур, цэнэг шахагч  зэрэг тоног төхөөрөмжийг солих, тээрмүүдийн релей хамгаалалтыг шинэчлэх, тосон таслуурыг вакум таслуураар солих зэрэг ажлыг удирдан зохион байгуулж, гүйцэтгэсэн нь үйлдвэрийн цахилгаан хангамжийн  үйл ажиллагаанд өндөр үр дүнтэй ажил болсон байна.  
 
 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Шилдэг ажилтны сүлд модны наадмын ажиллагаан дээр 2016 оны “Шилдэг мэргэжилтэн”-ийг нэрлэн, шалгарууллаа.  Энэ оны үйлдвэрийн “Шилдэг мэргэжилтэн”-ээр Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсгийн ахлах мастер Жамбалын Балдан, Дулаан цахилгааны төвийн Үйлдвэр техникийн товчооны тооцооны инженер Санжаагийн Буяндэлгэр, Үйлдвэрлэлийн хэлтсийн инженер-технологич Баатарын Сэргэлэн нар тодорч, шагналын хур буулгав. Эдгээр шилдэг мэргэжилтнүүд нь Эрдэнэт үйлдвэрт 20-30 гаруй жил ажиллаж байгаа мэргэжлийн өндөр ур чадвартай инженерүүд юм. 

 

 

 

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2016 оны шилдгүүд тодорсоор байна. Эрхэлсэн ажилдаа бүтээлч, санаачлагатай ажиллаж буй Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Нямдугарын Будаев, Засвар механикийн заводын Үйлдвэрлэлд бэлтгэх зохион байгуулах хэсгийн дарга Баяндалайн Баянжаргал, Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн математикийн багш Чойдогийн Уранчимэг нар “Шилдэг шинийг санаачлагч” боллоо. 
     Шилдэг шинийг санаачлагч Н.Будаев нь бүтээмж дугуйлангийн ахлагчаар ажилласан бол Б.Баянжаргал, Ч.Уранчимэг нар шинэ санаачилга нэвтрүүлэн хэрэгжүүлж , идэвх зүтгэлтэй ажилласны учир дээрх шагналын эзнээр тодорсон юм. 
 
 
 
 
 
 
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэрэмжит Шилдэг ажилчдын сүлд модны наадам Хангарьд паласт эхэллээ.  Шилдэг ажилтны сүлд модны наадмын үйл ажиллагааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нээж, үйлдвэрийн нийт ажилтан, ажиллагсдадаа  шинэ оны мэнд дэвшүүлэв.  Жил бүрийн энэхүү наадмын үйл ажиллагаан дээр А.Ф.Тюряковын нэрэмжит шагналтнууд тодордог.  
     Энэ удаа уг шагналыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ил уурхайн тэргүүлэх эрчим зүйч Жүгдэрийн Энхцоож, Чанар хяналтын хэлтсийн Химийн шинжилгээний чанар аргачлалын мэргэжилтэн Наранхүүгийн Хандсүрэн, Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженер Атакуев Аслан Алиевич, Засвар монтажийн цехийн тоног төхөөрөмжийн засварчин Рахматуллаев Вячеслав Изатуллаевич  нар хүртлээ. А.Ф.Тюряковын нэрэмжит шагналтан Ил уурхайн тэргүүлэх эрчим зүйч Жүгдэрийн Энхцоож  Эрдэнэт үйлдвэрт 24 жил, Чанар хяналтын хэлтсийн Химийн шинжилгээний чанар аргачлалын мэргэжилтэн Наранхүүгийн Хандсүрэн  38 дахь жилдээ ажиллаж байна. 
 
 
 
 
 
 
Эрдэнэт үйлдвэр ХХК 38 жилийнхээ түүхэнд 100 хувь үндэсний компани боллоо
     Монгол Оросын хамтарсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан Монголын тал 1989 онд 51 хувийг эзэмших болсноор хамтарсан үйлдвэрийн хувьд Монголын талын оролцоо нэмэгдсэн төдийгүй багахан хувийн эзэмшил нэмэгдэхэд улс эх орны хувьд үлэмж хэмжээний ач холбогдолтой түүхэн шийдвэр болж байсан юм. Тэгвэл энэ цаг үеэс 27 жилийн дараа буюу 2016 онд түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдэж үлдэх онцгой үйл явдал боллоо. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын Төрийн өмчит “Ростех” корпорацийн эзэмшлийн хувийг “Монголын зэс” компани худалдан авснаар 38 жилийн түүхэнд Эрдэнэт үйлдвэр ХХК 100 хувь Монголын эзэмшилтэй Үндэсний компани болон ажиллаж байна. 
 
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дулаан цахилгааны төвийн өргөтгөх ажил эхэллээ
     Эрдэнэт үйлдвэр 2014 онд анх удаа өөрийн Дулааны цахилгаан станцад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн бол үйлдвэрийн эрчим хүчний зардал, эцсийн бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор 2016 онд Дулаан цахилгааны төвийн өргөтгөлийн 2-р шат болох 48 МВт-аар өргөтгөх төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төсөл нь Монгол улсад өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангах дотоод эх үүсвэрүүдийг бий болгох, импортоор авдаг эрчим хүчний хэрэглээг бууруулах төрийн бодлоготой нийцэж байгаа юм. Төслийг 2017 оны 10-р сард ашиглалтанд оруулснаар жилд 360 сая орчим кВт цахилгаан буюу нийт цахилгаан хэрэглээнийхээ 1/3-ийг өөрсдөө үйлдвэрлэх боломж бүрдэнэ.  
 
Эргэлтийн усны 3-р шугам, орчин үеийн усан санг ашиглалтад орууллаа
     Эрдэнэт үйлдвэр ХХК Эргэлтийн усны 1020 мм-ийн голчтой гуравдугаар шугам,  2х10000 м3-ийн багтаамжтай орчин үеийн технологийн хөвдөг тагтай  усан санг  ашиглалтад орууллаа. Ингэснээр Технологийн хэрэгцээний эргэлтийн усны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай хангах болсон төдийгүй, цахилгааны үнэ хямд байдаг  шөнийн цагт ус нөөцлөн  жилд 0,9 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдсэн. 
 
 
Уурхайн удирдлагын “Pitram” систем үйлдвэрлэлд нэвтрүүллээ 
     Эрдэнэт үйлдвэр ХХК уул уурхайн удирдлагын “Pitram” систем үйлдвэрлэлд нэвтрүүллээ. Энэ нь уурхайн техникүүдийн төлөв байдал, ажлын гүйцэтгэлийг автоматаар хянах систем юм. “Pitram” системийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр уурхайн хүдэр олборлолтын үйл ажиллагаатай холбоотой өгөгдлийг нэгтгэн боловсруулах, үр дүнд  шинжилгээ  хийх, өртөг, зардалд хяналт тавих, зардал  бууруулах, Баяжуулах үйлдвэрт өгөх хүдрийн агуулгын дундажлалыг тогтвортой барих боломж бүрдэж байна. Мөн техник ашиглалт сайжирч эвдрэл, сул зогсолт багасах, аюулгүй ажиллагаа сайжрах зэрэг олон чухал ач холбогдолтой юм. Ийнхүү Эрдэнэт үйлдвэр ХХК  уурхайн удирдлагын “Pitram” системийг иж бүрэн  нэвтрүүлж буй Монгол улсын анхны, дэлхийн хэмжээнд 3 дахь үйлдвэр боллоо.
 
Туузан дамжуулгын өнхрөвч дотооддоо үйлдвэрлэдэг боллоо
     Засвар механикийн заводын Механик цехэд туузан дамжуулгын 10000 ширхэг өнхрөвч үйлдвэрлэж, угсрах хүчин чадал бүхий хагас автомат  шугам ашиглалтад орууллаа. Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд үйлдвэрийнхээ туузан дамжуулгын өнхрөвчийг 100 хувь хангаад зогсохгүй улсын хэрэгцээний өнхрөвчийн зарим хэсгийг дотооддоо үйлдвэрлэж эхэллээ. Туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэснээр жилд 200 мянга орчим ам.долларын бодит хэмнэлт бий болгох юм. 
 
Инноватор-2016 цомын эздийг 100 сая төгрөгөөр урамшуулав
    Монгол улсын Оюуны өмчийн бодлоготой анхны компани Эрдэнэт үйлдвэр  “Шинжлэх ухаан-Үйлдвэрлэлд” 1000 инженерийн зөвлөгөөнийг 3 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ үеэр Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын инженерүүдийн хамтарсан “Төвөөс зугтах хүчний шахуурга” төслийн багийн хамт олон “Инноватор-2016” цомын эзнээр  шалгарч, 100 сая төгрөгөөр шагнууллаа. Тэд Грат-1400 насосны ажлын эд ангийн хийц болон удирдлагын системийг шинжлэх ухаан технологийн шийдэлд тулгуурлан өөрчилснөөр насосны ашиглалтын хугацааг нэмэгдүүлж, засварын зардлыг 1,2 тэрбум төгрөгөөр бууруулсан юм.  
 
Эрдэнэт үйлдвэр “Медипас” эмнэлгийг ард түмэндээ хүлээлгэн өгч, Соёл спортын “Эрдэнэт” цогцолборын барилгын ажлыг эхлүүллээ
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн санаачилга, хөрөнгө оруулалтаар Эрдэнэт хотноо барьж, байгуулсан орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий Медипас эмнэлгээр Монгол орны өнцөг булан бүрээс хүссэн хүн бүхэн ирж үйлчлүүлэх боломжтой боллоо. Эрдэнэт үйлдвэр ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд ийнхүү орон нутагт анх удаа олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн төвийг байгуулан ард түмэндээ бэлэглэлээ. Медипас эмнэлэгт Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд, МШӨ улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон хүмүүс болон ахмадууд гээд нийт 7500 гаруй хүн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамрагдаад байна. 
     Мөн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Орхон аймагт соёл спортын “Эрдэнэт” цогцолбор сүндэрлэнэ. Энэ байгууламж  нь  хэмжээгээрээ Буянт ухаа цогцолборын дараа орох бөгөөд 75 метрийн голчтой, бөмбөгөр оройтой,  2500-3000 хүний суудалтай, зоорийн давхартайгаа нийлээд 4 давхар барилга юм. Соёл спортын “Эрдэнэт” цогцолбор нь спортын дугуй заал, үзвэрийн танхим, цайны газар, бэлтгэлийн, хүндэтгэлийн, оффиссын, ахуйн, техникийн зэрэг өрөөнүүд, зочид буудал бүхий томоохон байгууламж болох юм.  
 
Эрдэнэт үйлдвэр ХХК Монгол улсын Топ-100 аж ахуйн нэгжийг 14 дэх удаагаа манлайлав
     Монгол улсын Засгийн газар, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай  хамтран, жил бүр шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн  жагсаалтыг 2015 оны гүйцэтгэлээр Эрдэнэт үйлдвэр ХХК 14 дэх удаагаа манлайллаа. Мөн Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болголоо. 20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах түүхэн шийдвэрийг гаргаж, онцгой гавьяа байгуулсныг үнэлж, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүнийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрдэнэт дээд өргөмжлөл медалиар нэхэн шагналаа. 
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эрх зүйн актуудыг шинэчиллээ
     Эрдэнэт үйлдвэр ХХК-д мөрддөг эрх зүйн актуудыг шинэчилсэн нь компанийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, сайн засаглалын хөтөлбөрийн хүрээнд  олон улсын стандартад нийцүүлэн хийсэн томоохон ажил юм.  Эрх зүйн актуудыг шинэчлэх ажлыг компанийн Хууль эрх зүйн газар  бусад цех нэгжүүдтэй хамтран зохион байгуулсан юм.
 
Хангарьд спорт клубээс дэлхийн аварга тодорч, ирээдүйн уурхайчин залуу урлагийн ертөнцөд од болон гялалзлаа 
     Болгар улсад болсон Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Хангарьд спорт клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Ч.Марал-Эрдэнэ аваргаллаа. Мөн Дулаан цахилгааны төвийн ажилтан О.Гантөмөр Пауэрлифтингийн дэлхийн аварга боллоо. Монгол улсын хоккейн шигшээ багийн ахлагч, олон улсын хэмжээний мастер, ХИУ-н маркшейдер Н.Мишигсүрэн, ЗМЗ-ын засварчин П.Батзаяа нар Азийн хоккейн цомын аваргын тэмцээнээс 4 дэх удаагаа хүрэл медаль хүртлээ. Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд Эрчим хүчний цехийн засварчин Д.Дэмбэрэлсайхан түрүүлж, Улсын мэргэн цол хүртлээ. Монголын хөл бөмбөгийн холбооны 2016 оны Алтан бөмбөгийн эзэн шилдэг багаар Хангарьд спорт клуб, Алтан бөмбөгийн эзэн шилдэг тоглогчоор Технологийн сургуулийн оюутан О.Мижиддорж тодорлоо. Эрдэнэт үйлдвэрийн спортын 38-р бага наадамд спортын 10 төрлөөр 381 багц медалийн төлөө 1300 ажилчин албан хаагч хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Мөн Технологийн сургуулийн Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын 3-р курсын оюутан О.Энх-Эрдэнэ “Авъяаслаг Монголчууд” шоуны Үндэсний ялагчаар тодорлоо. 
 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог