Эрдэнэтээ дэмжье

Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар хамтран ажиллах 2020 оны гэрээг үзэглэлээ. Сүүлийн жилүүдэд Булган аймаг, Эрдэнэт үйлдвэр хоорондын хамтын ажиллагааг тэлснээр бүтээн байгуулалтын ажилд томоохон түлхэц болж байгааг Булган аймгийн Засаг дарга З.Батзориг онцлоод, энэ оны 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Нэгдсэн эмнэлэгт рентген аппарат авах, Тэшиг сумын 120 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга барих ажилд зарцуулахаар болсноо мэдэгдсэн юм.  

Эрдэнэт үйлдвэр 40 гаруй жилийн тэртээ Булган аймгийн нутаг дэвсгэр дээр байгуулагдан, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эдүгээ Олон Улсын тавцанд уул уурхайн тэргүүлэх аж ахуйн нэгж болон хөгжиж дэвжсэн. Тиймээс ч анхдагчдын өлгий нутгийг мартах учиргүй, Булганчуудын алс ирээдүйд, хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулалт хийх үүднээс хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 2018 онд нэг тэрбум, 2019 онд 500 сая, 2020 онд 700 сая төгрөгөөр хамтран ажиллаж байгааг үйлдвэрийн удирдлага онцлон тэмдэглэлээ. Булган аймаг өнгөрсөн онд хамтын ажиллагааны чиглэлээр шийдвэрлэсэн санхүүжилтийг ЕБС-иудад байгалийн ухааны кабинет байгуулах, биеийн тамирын талбай тохижуулах, төрийн албан хаагчдыг гадаадад сургалтад хамруулах, 4 суманд бүтээн байгуулалт хийхэд дэмжлэг үзүүлжээ.   

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

“Эрдэнэт” сувиллын цогцолбор болон үйлдвэрийн ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлдэг компаниуд хамтран “ковид-19” халдварын эсрэг “Бүх нийтээрээ дархлаагаа дэмжье” өдөрлөгийг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн өдөрлөгийг “Эрдэнэт” сувиллын цогцолборын хоол зүйч Б.Мөнгөнтуяа санаачлан, цех хариуцсан эмч нар оролцож буй аж. Өдөрлөгөөр дархлаа дэмжих олон төрлийн ундаагаар ажилчдад үйлчлэхийн зэрэгцээ хоолны эрүүл ахуй, халдвар хамгаалал, нэр төрөл, үйлчилгээний чанар, хандлага зэрэг чиглэлээр асуумж судалгаа авч байна. Мөн дархлаа дэмжих уламжлалт арга, шим тэжээллэг хүнс хэрэглэх, булуу чөмгөний ясны ач холбогдол, “Эрүүл мэнд-аз жаргал” гэсэн сэдэвтэй гарын авлага, зөвлөмж тараажээ.    

Эхний удаагийн өдөрлөгийн үйл ажиллагааг Засвар механикийн завод, Ган бөөрөнцгийн цех, Төрөл бүрийн маркийн авто машины засварын газрын ажилчдад халуун хоолоор үйлчилдэг “Таятан фүүд” компани зохион байгуулж, дархлаа дэмжих дөрвөн нэр төрлийн амин дэмийн ундаагаар өдрийн ээлжийн 700 гаруй ажилчдад үйлчилсэн байна. Тэгвэл өнөөдөр уг өдөрлөгийг Ерөнхий захиргааны нэгдүгээр байр, Цэвэрлэх байгууламж, Хаягдлын аж ахуйн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг “Хаан хүнс” компани зохион байгууллаа. Өдөрлөгт дээрх цехийн 1350 орчим ажилтан хамрагдав. Мөн энэ үеэр гар угаах дадлага сургалт явуулжээ.

М.Балжинням

Тээвэр ложистикийн төвийн О.Сувд-Эрдэнэ ахлагчтай “Шинэ санаа” бүтээмж чанарын дугуйлангаас санаачлан “Хорт зуршилгүй хамт олон” аяныг эхлүүлэв. Дэлхий дахинд цар тахлын хэмжээнд хүрч, нийтийг түгшээж буй “ковид-19” халдварын эсрэг тэмцэхийн тулд хүн бүр амьдралын зөв хэвшилтэй байж, дархлаагаа дэмжих үүрэгтэйг аяны зорилго агуулжээ. “Хорт зуршилгүй хамт олон” аяны хүрээнд долоо хоног бүрийн Баасан гаригийг “Тамхигүй өдөр” болгож, архи болон мансууруулах бодисын хор уршгийг таниулах заавар зөвлөмж түгээх юм.

Аяны талаар тус цехийн ХАБЭА-н инженер Д.Энхбаатар “Манай цехэд 13 бүтээмж чанарын дугуйлан ажилладаг. Тэдгээрийн нэг “Шинэ санаа” дугуйлангийнхан хувь хүн бүр хорт зуршилтай тэмцэх нэг сарын аяныг санаачилсан. ХАБЭА-н хэлтсээс олон чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг хэсэг нь цехүүдэд өрнөдөг жижиг аян болон тасралтгүй сайжруулалтыг дэмжих ажлууд юм. Бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, осол авааргүй ажиллахад илүү төвлөрдөг бол зарим үед ажиллагсдын эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудлыг орхигдуулдаг тал бий. Тиймээс энэ удаа манай ажилтнууд санал бодлоо солилцон, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх алхамд суралцъя гэсэн зорилгод нэгдсэн. Нөгөө талаар, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн үед цахим уралдаан тэмцээнд хамрагдаж, хорт зуршлаас салах бүтээлч ажил зохион байгуулахыг зорьж байна” гэж онцлов.

Сарын аян 5 сарын 3-ныг хүртэл үргэлжилж, үр дүнгээ дүгнэх аж. Тээвэр ложистикийн төвийн ажилчдын эрүүл мэндийн үзлэг хяналтыг “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч Т.Баярсайхан хариуцан ажилладаг. Тэрээр “Хорт зуршилгүй хамт олон” болох аяны турш ажилчдад эрүүл мэндийн цахим сургалт болон архи тамхины хэрэглээнээс татгалзахын ач тус, зөв дадлыг хэвшүүлэх сэдвээр эмчийн зөвлөгөө өгөх аж. Өнгөрсөн жил тус цехийнхэн хөдөлгөөний хомсдолоос сэргийлж, илүүдэл жинтэй тэмцэх зорилгоор “Эрүүл мэндийн замаар алхъя” аяныг зохион байгуулсан нь үр дүнтэй болжээ.  

М.Балжинням

 

ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар энэ өдрийн морин цагт Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн 2020 оны хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.        

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, ИТХ-ын тэргүүлэгч Д.Мөнхбат, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал нар оролцлоо.           

 Үйлдвэр дагаж байгуулагдсан Эрдэнэт хот эдүгээ 104 мянган хүн амтай. Хот, үйлдвэрийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бүтээн байгуулалтын ажлуудад бодитой хөрөнгө оруулалт хийсэн сүүлийн 3 жилд төр, хувийн хэвшлийн ойлголцол ахисан шатанд гарч, хүн амын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд нэг зорилготой ажиллаж байгааг энэ үеэр онцоллоо. Өнгөрсөн оны хамтын ажиллагааны гэрээ 96.4 хувьтай дүгнэгдсэн бөгөөд Эрдэнэт үйлдвэр энэ онд 14.5 тэрбум төгрөгийг орон нутагт шийдвэрлээд байна. Үүний 12.5 тэрбум төгрөгөөр 1А хорооллын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг шийдвэрлэж, Бурхан багшийн сэрэг дүр болон Найрамдлын өндөрлөг орчмын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх, 2 тэрбум төгрөгөөр Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулах тухай аймгийн Засаг дарга Д.Батлут танилцууллаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дэлхийн зах зээл дээр зэсийн ханш унаж, коронавирусын цар тахлаас үүдэн санхүүгийн байдал таагүй байгаа хэдий ч энэхүү хамтын ажиллагааны гэрээг цаг алдалгүй үзэглэж байна. Эрдэнэт үйлдвэр хүний төлөө байгуулагдсан үйлдвэр. Өнөөдөр ч хүний төлөө ажилласаар байна. Бид хямралыг хохирол багатайгаар хамтдаа давж, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө хичээн ажиллах болно” хэмээсэн.  

Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд үр дүнтэй байгааг удирдлагууд онцоллоо. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйгаас үүдэлтэй цагаан тоосны дэгдэлтийг бууруулах “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр нийт талбайн 80 хувийг дарсан бөгөөд энэ онд усны алдагдлыг бууруулахад хамтран ажиллах чиглэлээр ажлын хэсэг байгуулаад байна.       

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог