Эрдэнэтээ дэмжье

Технологийн сургуулиас үйлдвэрийн ажилтнуудын дунд зарласан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгийн тухай эссэ бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах албаны сэтгүүлч У.Цэрэнбатын бүтээлийг хүргэж байна.

Заримдаа агшин зуурын явдал бидний төлөө байсан юм шиг санагдана. Тэд эхлүүлж, тэд хамт дуусдаг. Тэдний үйл хэргийг дурсаж, тэд мөнхрөөсэй гэж би хүснэм...

Ш.Отгонбилэг

/1952-2001/

“2001 оны нэгдүгээр сарын 14. Увс аймгийн Малчин суманд “Ми-8” нисдэг тэрэг осолдож УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан Б.Баярмаа, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Ц.Батзориг, нисдэг тэрэгний техникч Д.Отгон, НҮБ-ын ажилтнууд, Японы “NHK” телевизийн сэтгүүлчид амиа алдлаа”  гэсэн мэдээ өдөржин дотуур байрны ТВ-ээр цацагдав. Энэ өдөр Ням гараг байлаа. Бүтэн сайн өдөр бүр “UBS” телевиз уран сайхны таван кино дараалан гаргадаг цагаар “үл таних” хүний тухай мэдээлэл хөвөрнө. Энэ онд би есдүгээр ангийн сурагч байсан юм. Маш тод санаж байна.

ТҮҮХИЙН ЗАХИАЛГА

“ШО ба Эрдэнэт”

1952 он. Шагдарын Отгонбилэг Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн.

1964 он. Дөрвөлжин сумын бага сургуулийг 12 настай хүү онц дүнтэй төгсөн, аавтайгаа хамт нийслэл хотыг зорьж байх энэ мөчид “Эрдэнэтийн овоо”-ны орчимд хүдэр байгааг Монгол, Чехословакийн хамтарсан геологичид тогтоож байлаа.

1973 он. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах гэрээнд Монгол Улсыг төлөөлж Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, ЗХУ-ыг төлөөлж, тус улсын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга И.Т.Новиков нар гарын үсэг зурж, шинэ хот бүхий, баяжуулах үйлдвэрийг нэг тэрбум рублиэр барьж байгуулахаар тохиролцов. 1974 онд Булган аймгийн Эрдэнэт хороо “Эрдэнэтийн овоо”-ны арын хөндийд шав тавьж байлаа. Энэ үед Ш.Отгонбилэг, Геологи, уул уурхайн яамны Эрдэнэтийн боловсон хүчнийг бэлтгэх бодлогын хүрээнд Эрхүүгийн техникийн их сургуульд сурахаар Зөвлөлт рүү дөрөө жийв.

1976 он. Энэ оны нэгдүгээр сарын нэгний байдлаар Эрдэнэт хотод 40 мянган м3 бетонин зангилаа, төмөр бетон цех, Арматурын цех, Механикжуулалтын бааз, Захиргаа аж ахуй үйлчилгээний хоёр корпус, талх барих газар, Эмнэлэг, 964 хүүхдийн сургууль, 400 ортой хүүхдийн хоёр цэцэрлэг ашиглалтад ороод байлаа. Ш.Отгонбилэг Зөвлөлтөд боловсрол эзэмшиж байхдаа англи, орос хэлийг ахисан түвшинд судалж, уул уурхайн инженер, улс төрийн эдийн засаг, түүх нийгэмд шамдан суралцсан байв. Тэрээр их сургуулиа онц дүнтэй төгсөж, уул уурхайн инженер-маркшейдерийн диплом өвөртлөн эх орондоо ирж, Уул уурхайн яамны сайд П.Очирбатын томилгоогоор мэргэжилтэн болсон юм.

1976-1981 он. Ш.Отгонбилэг Уул уурхайн яаманд мэргэжилтнээр ажиллаж байгаад, газар, хэлтсийн дарга хийж, ОХУ-д аспирантурт суралцан, “Эрдэнэтийн орд газрын хүдрийн чанар, агуулгыг дундчилах нь” сэдвээр эрдмийн цол, докторын зэрэг хамгааллаа. Тэрээр Москвагийн Уул уурхайн Их сургуулийн эрдмийн зөвлөлийн талархлыг хүлээж байсан юм. 1978 онд Эрхүүгийн Анагаахын дээд сургуулийг эм зүйч мэргэжлээр дүүргэсэн, Дорноговь аймгийн Д.Туяа бүсгүйтэй гэрлэж, гэрээ засч, өрхийн тэргүүн боллоо. Энэ оны 12 дугаар сарын 14-нд “Эрдэнэт” үйлдвэр  анхны баяжмалаа гаргаж, жилд 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай эхний ээлжээ ашиглалтад оруулсан билээ.

ДАВХЦАЛ

“ЭРДЭНЭТ ба ШО”

1989 он. Энэ оны аравдугаар сарын 20-нд Ш.Отгонбилэг 50:50 хувийн оролцоотой, Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн анхны монгол захирлаар томилогдлоо. Энэ онд Уулын баяжуулах үйлдвэрийн тавдугаар ээлж ашиглалтад орж, жилд 20 сая тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадалтай болов. “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын төсвийн 60 хувийг дангаараа бүрдүүлж байлаа.

1990 он. Монгол улсын эдийн засаг туйлдаж, эх орон “Эрдэнэт”-ийн уурхайчдын нуруун дээр байв. Энэ үед Ш.Отгонбилэг Лондонгийн металлын зах зээлд зэсээ борлуулж, дэлхийн уул уурхайн “магнат”-уудтай бизнес хийн, ухаан уралдуулж байлаа.

1991 он. Монголын талын хувийг 51-д хүргэх түүхэн шийдвэр Ш.Отгонбилэгийнх байсан юм.

1994 он. “Эрдэнэт” үйлдвэрийг 1994-2004 он хүртэл хөгжүүлэх шинэ концепц батлагдаж, “Тэсрэх бодисын үйлдвэр” ашиглалтад оруулан, энэ төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх болов. Ш.Отгонбилэг “ирээдүй”-г төлөвлөн өнөөгийн Эрдэнэт хотын хөгжлийг харж байсан. 

1996 он. Ш.Отгонбилэг энэ оны 11-р сарын 15-нд Технологийн сургуулийг нээж үг хэлэхдээ, “Цаашид энэ сургууль үйлдвэрлэлийг эрдэм шинжилгээ, судалгаа, төслийг амжилттай хослуулсан цогцолбор байх ёстой” гэсэн. Түүний үг биеллээ олсон.

1989-1998 он “Эрдэнэт” үйлдвэр, Шагдарын Отгонбилэг хоёрын Монголоо тээсэн он жилүүд байлаа.

Монголын Олимпийн хорооны Ерөнхийлөгч асан Д.ЗАГДСҮРЭН: / “Өнөөдөр” сонин 2004 он/

“1999 онд би Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан бөгөөд Спортын эмнэлгийн холбооны шугамаар МҮОХ-ны ээлжит чуулганд төлөөлөгчөөр оролцож байлаа. Энэ чуулганаар түүнийг Ерөнхийлөгчөөр дахин сонгосон. Хурал завсарлангуут гарахаар явж байтал Орхон аймгийн Спорт хорооны дарга Н.Зулбаатар /агсан/ тааралдаад “Өөрийг чинь Шо дарга дуудаж байна” гэдэг юм. Анх нүүр тулж уулзаж байгаа нь тэр. Бид нэг их удаан ч ярилцаагүй. “Одоо дэд ерөнхийлөгчөө сонгоно. Таны нэрийг би дэвшүүлэх гэж байгаа” гэлээ. Тэгээд хурал үргэлжилж, намайг дэд ерөнхийлөгчөөр сонгох тухайгаа хэлэхэд хүмүүс дэмжсэн.

Хүдрийн ил уурхайн дарга асан Н.БЯМБАДОРЖ: /С.Зэвсэг “Монголоо тээсэн он жилүүд” ном 2008 он/

“Их сонин. Өрөөнд нь ороход ширээн дээр нь нэг ч бичиг цаас байдаггүй. Асуудлыг шийдэж байгаа байдал нь их онцлогтой. Тун өөр хүн болох нь тод байсан. Би залуу байхдаа илүү ярьчихвий гэж айдаг байлаа. Мань хүнд юм ярихдаа давтвал “Чи замбараагүй ярьж байна шүү. Цэгцтэй ярь. Надад чамтай наль наль гээд байх цаг байхгүй. Бүх юмаа бэлдчихээд орж ир” гэнэ. ШО ер нь 24 цагийн хэдэн цагт нь унтдаг юм болоо гэж бид гайхдаг байлаа.”

Засвар механикийн заводын дарга асан Д.АДЬЯА: “Хангалттай эрх мэдэл өгч, чөлөөтэй сэтгэх боломж олгодог байсан нь түүний удирдах ухаан байсан.”

Геологи, эрдэс судлалын ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер Г.ЖАМСРАНДОРЖ: /25ТВ “Хусавч арилахгүй үнэн” нэвтрүүлэг 2017 он/

“Оюутолгой ордыг нээсэн нь Ш.Отгонбилэгийн санаачилгаас үүдэлтэй. Тэр анх 1994 онд АНУ-ын Магма коппер компанитай хамтарч “Эрдэнэт-магма” хамтарсан компани байгуулж Монголд зэсийн том орд олох ажлыг эхлүүлсэн юм. Хожим гадны хөрөнгө оруулагч нар нь олон удаа солигдож эцэстээ “Рио Тинто” болсон түүхтэй. Ш.Отгонбилэг Монгол улсыг Лондонгийн Металлын биржид хүрэх гарцыг нээж, дэлхий мэддэг болсон.”

ЭРГЭЦҮҮЛЭЛ

1998 он. Ц.Элбэгдоржийн Засгийн газар, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд, Д.Одхүү нарын “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ш.Отгонбилэгийг өрөөний хаалгыг эвдэн орж, “Төр өмчөө мэднэ” хэмээн битүүмжлэн, Ерөнхий захирлаар Д.Дорлигжавыг томиллоо.

2000 он. УИХ-ын ээлжит сонгууль. МҮОНТ-ийн захирал асан Ц.Оюундарь сонгуулийн өмнөхөн Ш.Отгонбилэгийн тухай “Зууны луйвар” нэртэй нэвтрүүлэг хийж, олныг шуугиулж байв. Гэвч Завхан нутгийн зон төрсөн хүүгээ, төр засуулахаар УИХ-ын гишүүнээр сонгосон юм.

2001 он. “2001 оны нэгдүгээр сарын 14. Увс аймгийн Малчин суманд Ми-8 нисдэг тэрэг осолдож УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан Б.Баярмаа, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Ц.Батзориг, нисдэг тэрэгний техникч Д.Отгон, НҮБ-ын ажилтнууд, Японы “NHK” телевизийн сэтгүүлчид амиа алдлаа.”

Шагдарын Отгонбилэг Монголын их заяанд Отгонтэнгэр хайрхан шигээ шүтэн залбирч, түүнд зүтгэн, өдөр бүрийг ургах наран адил өөдрөгөөр хардаг байсан. Тэр Монгол хүний IQ, EQ дэлхийд хаа хүрэхийг тогтоосон “түвшин”, “шалгуур” байлаа. “Ш.Отгонбилэг судлал” Монгол хүний тэмүүлэл, өнөө цагийн бахархал байх учиртай. Бид түүнд, бас түүхэнд өртэй. Хөх тэнгэрийн захиасаар их хүмүүн төрдөг хуультай...

У.Цэрэнбат

Бүлэг Үйлдвэр

      Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд сайн саналын системийн үйл ажиллагаа өсөлттэй байна. Өнгөрсөн онд ажилтнуудаас ажил сайжруулахад чиглэгдсэн 7204 санал бүртгэгдсэн бөгөөд санал гаргалт 62 хувиар өсөж, хэрэгжилт 53 хувьтай байлаа. Харин 5 сайн үйлсийн хүрээнд бүтцийн нэгжүүдийн 1257 ажлын байранд үнэлгээ хийгдэж, ХАБЭА, 5С-ийн чиглэлээр 3358 санал гарснаас 60 хувь нь хэрэгжсэн байна. Мөн 600 орчим ажлын байр 5С-ийн хэрэгжилтийн түвшин ахиулж, 186 ажлын байр 5С-г хэвшүүлэгч түвшинд шалгарч урамшуулал хүртсэн юм. Үүний үр дүнд ажлын байрны эрүүл ахуй, эмх цэгц, зохион байгуулалт, сахилга бат, соёл сайжирч, ажлын байрны эрсдэл буурчээ. “5 сайн үйлс хэрэгжүүлэгч” загвар ажлын байр бий болгох хөтөлбөрт найман цехийн 11 ажлын байр хамрагдсаны тав нь ажлын байрны түвшин ахиж, гурав нь үлгэр жишээ 5С хэрэгжүүлэгч загвар ажлын байр болов. Харин бүтээмж чанарын дугуйлангууд 310 бүтээлч төсөл, 326 жижиг сайжруулалтын ажил хэрэгжүүлж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44.1 хувиар өссөн байна. Түүнээс гадна бүтээмжийн модуль сургалтад 24 бүтцийн нэгжээс 746 ажилтан хамрагдсан бол цех нэгжүүд дээрх ажлын байрны сургалт, зөвлөгөө, туршлага судлах ажлуудад 1855 хүн хамрагдсан нь нийт ажилтнуудын 43 хувь байна.

     2019 онд Эрдэнэт үйлдвэр бүтээмжийн үйл ажиллагаандаа 300 сая төгрөг төлөвлөсөн боловч зардал 358.5 сая төгрөг болж нэмэгдэв. Учир нь ажилтнуудын санал санаачилга идэвх өссөнтэй холбоотой юм. Бүтээмж чанарын дугуйлангуудын хэрэгжүүлсэн төслүүд үйлдвэрт 4,9 сая төгрөгийн үр ашиг өгчээ. Өөрөөр хэлбэл бүтээмжийн үйл ажиллагааны урамшуулалд нэг төгрөг зарцуулж 13.8 төгрөгийн үр ашгийг бий болгосон байна.

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

     Эрдэнэт үйлдвэрийн техник технологийн шинэчлэлийн хүрээнд Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн агаар үлээгч ба насосны станцид Герман улсын KSB фирмийн Омега-200/670 маркийн хоёр насос ирлээ.  Энэ насос нь цагт 630 м3 усыг 120 м-ийн өндөрт шахах хүчин чадалтай. Хөдөлгүүрийн хүчин чадал нь З15 кВт юм. Анх 8НДВ-60 маркийн цагт 600 м3 усыг  80 м өндөрт шахах зориулалттай насосууд суурилагдсан бол 2004 оноос 1Д630-90 маркийн цагт  630м3 усыг 90 м-ийн өндөрт шахах хүчин чадалтай насосууд тавигджээ. Сүүлийн үед Хаягдлын аж ахуйн далангийн өндөржилт нэмэгдсэнээс ажиллаж байсан насосуудын хүчин чадал багассан учраас ийнхүү Омега-200/670 маркийн насосоор тоноглох болжээ. Дээрх насосуудыг суурилуулснаар хүчин чадал нь далангийн өндөржилтийн шаардлагад нийцэх юм. Одоогоор насосны суурийн зургийн ажил Зураг төслийн хүрээлэнд хийгдэж байна. Уг станцид насос суурилуулах бэлтгэл хангаад байна. 6-р сар гэхэд эхний насосыг суурилуулахаар төлөвлөж байгаа тухай тус хэсгийн механикч Д.Буйдан мэдээллээ. 

Я.Энхтуяа

Фото: Ш.Лхамсүрэн

     Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинч Ганболдын Болдхуяг бригадын даргаар ажилладаг. Тэрээр хамт олноо удирдан 3, 4, 6, 7–р тээрмийн барабаныг шинээр сольж угсрах суурилуулах, тохируулах, хоёрдугаар шатны нунтаглалтын уян схем шинээр турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэсэн юм. Түүнээс гадна бүтээмж чанарын дугуйлан, сайн саналын систем, 5С зэрэг бүтээмжийн хөдөлгөөний ажлуудад ч идэвх санаачилгатай оролцож иржээ. Түүний хэрэгжүүлсэн төсөл, санаачилсан ажил хөдөлмөр хөнгөвчлөх, ажлын байрны эрсдэл бууруулахын зэрэгцээ эдийн засгийн үр ашиг өгсөөр... Г.Болдхуяг аюулгүй ажиллагчийн жагсаалтад дөрөв дэх удаагаа бичигдэж үйлдвэрийн зардлаар Бээжинд аялсан шилдэг ажилтан. Түүгээр ч зогсохгүй саяхан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үеийн нөхдөө үлгэрлэж, үр бүтээлтэй ажилласан Г.Болдхуягт орон сууц бэлэглэсэн юм. Залуу хүн завгүй байх сайхан гэж ярих түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.

    -Төрсөн нутаг хаана вэ?

    -Би 1985 онд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн. Эрдэнэтэд 1990 онд аав, ээжтэйгээ шилжиж ирсэн. Аав маань 80-аад оны эхээр Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсэгт ажиллаж байсан гэдэг. Дунд нь түр завсарлаад эргэж ирэхдээ Өөрөө нунтаглах хэсэгт бутлуурчнаар ажилласан. Тэгээд 2013 онд аав маань гавьяаны амралтад гарсан даа.

     -Өөрөө аавынхаа ажлыг залгамжилсан уу?

     -Аавын оронд манай дүү Г.Нямаа бутлуурчнаар ажилд орсон. Би 2007 онд Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон ш дээ. Аавтайгаа мөр зэрэгцэн ажиллаж байснаараа бахархдаг. Миний амьдралын хамгийн сайхан, мартагдашгүй түүх юм даа.

     -Уурхайчин хүний хүүхэд байсан дурсамжаа хуваалцаач?

    -Би дөрвөн хүүхэдтэй айлын том. Биднийг бага байхад аав маань ээлжээс бууж ирээд олигтой амарч чаддаггүй байсан байх. Би томхон болоод дүү нартаа “Аав маань хүнд ажил хийдэг, шөнө нойргүй хонодог” гэж хэлж ойлгуулаад чимээгүй байлгах гэж их хичээдэг байж билээ. Хүүхэд байхдаа аавынхаа ажлыг очиж үзээд аварга техник, сүрдмээр тоног төхөөрөмжүүдийг хараад дуу алдан бахархаж билээ. Эцэстээ энэ ажил мэргэжлийг сонгоход тэр бахархал нөлөөлсөн хэрэг.

     -Сурлагаар хэр хүүхэд байв? 

    -Би тавдугаар 10-н жилийн сургуулийг 2003 онд ангийн дарга, Онц сурлагатан туузтай төгссөн. Тэгээд ШУТИС-ийн хэвлэлийн график дизайны ангид элсэн суралцах хуваарь авсан юм. Тухайн үед санхүүгийн боломжгүй шалтгаанаар  сургуулиасаа жилийн чөлөө авсан. Тэгээд аавтайгаа зөвшилцөж байгаад Эрдэнэт үйлдвэрийнхээ дэргэдэх Технологийн сургуулийн баяжуулагчийн нэг жилийн курст суралцаж мэргэжил эзэмшсэн. Ер нь Эрдэнэт үйлдвэрт ажиллах далдхан хүсэлтэй явсан л даа. Төгсөхдөө шалгалтандаа хамгийн өндөр оноо авснаар Эрдэнэт үйлдвэрт ажиллах үүд нээгдсэн гэж хэлж болно. 2007 оны зургадугаар сард сонгон шалгаруулалтаар ажилд орж байлаа. 

     -Ажилд орсон анхны сэтгэгдэл ямар байв?

     -Хүүхэд байхдаа үйлдвэрийн автобусны цуваа харах их дуртай байсан болохоор ажлын анхны өдөр автобусандаа суугаад үйлдвэр рүү “өгсөхөд” сэтгэл огшсон. Цагдаагийн машинаар хамгаалуулсан автобусны цувааг бусад машин хүндэтгэн зогсож өнгөрөөхийг үзээд Монголын бахархалт үйлдвэрт ажилд орсондоо үнэхээр баярлаж хичээнэ дээ л гэж бодож явсан.

     -Тэр бодол тань одоо өөрчлөгдсөн үү?

     -Улам лавширсан. Одоо би Эрдэнэт үйлдвэрт 13 дахь жилдээ ажиллаж байна. Анх баяжуулагч Н.Эрдэнэцогт ахыгаа дагалдаад алдаа гаргачихгүй юмсан гэж хичээж явсан бол одоо өөрөө хэд хэдэн шавьтай болчихлоо. Үйлдвэрийн нэгэн бүтэн үе шинэчлэгдэж дүү нар ажилд орж байна. Тэдэнд үлгэр дуурайлалтай ажиллахыг хичээдэг. Хүнд шаардлага тавиад, хэлж ярихаас илүү биеэрээ үлгэрлээд үзүүлчихье л гэж боддог доо.

     -Олон шавьтай юу?

    -Гурван шавьтай. Нэг нь ажлаасаа гарчихлаа. Золжаргал, Шинэбаяр гээд хоёр шавь маань өөр өөр ээлжинд ажиллаж байгаа. Ер нь багш шавийн барилдлагагүй ч сурч хөгжихийг хүссэн хүн бүрт зөвлөн тусалж ажиллахыг зорьдог. Угаасаа бие биедээ хэлж зааж, зөвлөж ажиллахгүй бол үйлдвэрийн үйл явц тоглоом биш.

     -Үндсэн ажлынхаа зэрэг-цээ бүтээмжийн хөдөлгөөнд оролцдог уу?

     -Бүтээмжийн хөдөлгөөнд 2009 оноос идэвхтэй оролцож ирсэн. Сайн саналын системээр дамжуулан 400 гаруй санал гаргасан. Эндээс 350 орчим нь үнэлэгдсэн. Жилд хамгийн багадаа хоёр төсөл хэрэгжүүлж, хоёроос гурван сайжруулалтын ажил хийдэг. 

     -Томхноос нь дурдвал...?

     -Тээрмүүдийн араанд хэрэглэдэг нигролын тос доошоо шууд хаягддаг. Тэр нь хөдөлмөрийн аюулгүй байдал талаасаа доод талбай цэвэрлэхэд хальтиргаа гулгаа үүсгэдэг. Тэр нь насосоор шахагдаад баяжуулалтад сөрөг үр дагавар үзүүлдэг байсан. Үүний шийдлийг олж төсөл хэрэгжүүлснээр бүх тээрэм дээр энэ хүндрэл арилсан.

     -Дан эрчүүдтэй ажиллах онцлогтой байх? 

    -Тээрмийн машинч бол эрчүүдийн л мэргэжил. Манай бригадад эмэгтэй хүн ажилладаггүй. Эрчүүд баг болж чаддаг, бие биеэ ойлгож мэдэрдэг. Ээлжийн хүмүүст нэг нь илүү ажиллалаа гэсэн ойлголт байдаггүй. Бүх ажлаа хуваагаад хийчихнэ. Бэрхшээл тохиолдоход бүгдээрээ хамт даваад л гарна. Тийм болохоор нэг хүнд тийм их ачаалал ирдэггүй.

    -Бригад ахалж ажиллахад хариуцлага өндөр үү?

     -Өмнө нь бригадын даргыг орлодог байсан. Жинхлэгдээд дөрвөн жил болж байна. Хариуцлага өндөр шүү. Хүмүүсийнхээ ажлыг зохион байгуулна, багаа удирдана. Ажилд өөрөө манлайлж оролцдог.

     -Ажлаас гадна урлаг, спортын ямар нэгэн төрлөөр хичээллэдэг үү?

     -Би сагс, волейбол тоглодог байсан юм. Баяжуулах үйлдвэрийнхээ тэмцээнд хэсгээ төлөөлж амжилттай тоглодог байсан. 2013 онд өвдгөндөө шөрмөсний гэмтэл авснаас хойш зааланд тоглохыг хорьсон. Тэгээд жин нэмсэн дээ. /инээв/

     -Одоо жингээ яаж барьж байна?

     -Зуны улиралд дугуйгаар ажилдаа ирж буцдаг. Хамт олонтойгоо дугуйн аялал зохион байгуулдаг. Сүүлийн үед усан спортоор хичээллэж байна. 2018 онд сонирхогчдын усан сэлэлтийн тэмцээний өврөөр даллах, мэлхий сэлэлт, багийн төрөлд оролцож нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн.

     -Урлагийн ямар авьяастай вэ?

     -Эрдэнэт үйлдвэрт ажилд ороод л урлагаар амьсгалж эхэлсэн дээ. 2010-2013 онд Баяжуулах үйлдвэрийн дэргэдэх цэнгээнт бүжгийн “Эрдэнэс” хамтлагт бүжигчин байсан. Тэр жилүүдэд “Хаврын баяр”-т манай хамтлаг дандаа түрүүлдэг байлаа. Бид нэг сар ажлаас чөлөөлөгдөөд есөн бүжиг дэглээд тайлан тоглолтоо хийж байлаа шүү дээ. 

     -Сурагч байхаасаа бүжиглэсэн үү?

     -Үгүй ээ. Уурхайчин болоод л бүжиг рүү орсон ш дээ. Манай боловсон хүчин байсан Энхцэцэг эгч нэг өдөр намайг өрөөндөө дуудаад “Чи бүжиглэдэг үү?” гэж асуусан. Би “Ёстой чадахгүй” л гэлээ. Тэгсэн “Одоо сурнаа, маргааш зааланд очоорой. Ажлаас чинь чөлөөлсөн” гэдэг юм. Бүжиглэнэ гэхээр үнэндээ санаанд багтахгүй байсан. Тэгээд сурдаг л юм билээ. /инээв/ Урлаг, спорт надад их зүйлийг өгсөн. Хөдөлгөөний эв дүйтэй болсон. Адаглаад л вальс эргээд сурчихлаа ш дээ.  Манай Эрдэнэт үйлдвэр шиг ажилчдаа бүх талаар хөгжүүлдэг газрыг би лав мэдэхгүй. Үнэхээр сайхан орчин нөхцөл бүрдсэнд баярладаг. Гол нь ажилчид идэвхтэй байх хэрэгтэй. Зарим ажилчид дэндүү сэтгэл ханасан, тоомжиргүй байгаа  ажиглагддаг. Аль нэг юманд явж л байх хэрэгтэй. Тэгэж байж өөрийн сонирхлоо олно шүү дээ.

     -Чиний сэтгэлийн эмзэглэл юу вэ?

     -Ялангуяа залуус өөрийгөө жаахан дайчлаасай гэж хүсдэг. Амьдралынхаа зорилгыг тодорхойлоод харах өнцөг, чигтэй, төлөвлөгөөтэй байгаасай. Сүүлийн үеийн залуус ихэнх чөлөөт цагаа фейсбүүкт өнгөрөөж байгаад харамсдаг. Үүний оронд би юу хийвэл хөгжих вэ гэдгээ л олох хэрэгтэй.

     -Бухимдсан үедээ тайтгарлыг хаанаас олдог вэ?

     -Гэр бүлээсээ. Эхнэртэйгээ ханилаад 10-аад жил амьдарч байна. Манайх хоёр хүүтэй. Манай хүн Солонгост магистр хамгаалсан солонгос хэлний багш. МУИС-ийн Орхон салбарт солонгос хэлний багшаар ажиллаж байсан. Солонгос хэлний анги нь хаагдчихсан. Дараа нь Орхон цогцолбор сургууль дээр Койка шугамаар солонгос хэлний сонгоны анги нээгдэхэд бас багшилсан. Одоо хүүхдүүдээ хараад гэртээ байгаа. Аман болон бичгийн орчуулга хувиараа хийдэг.

     -Хүүхдүүд нь хэдтэй вэ?

      -Том нь нэгдүгээр ангийн сурагч. Бага нь ирэх жил сургуульд орно. Гэрийнхээ үүдээр ороход л бухимдал, стресс, ядаргаа бүгд тайлагдах шиг болдог доо.

     -Цаг зав гаргасанд баярлалаа. Таны ажил, амьдралд сайн сайхныг хүсье.

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Бүлэг Ярилцлага

     Тээрмийн хуяг, экскаваторын шанага, автогрейдрийн хусагч гээд Эрдэнэт үйлдвэртээ нэн хэрэгцээтэй цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ЗМЗ-ын Цутгуурын цехэд томоохон бүтээн байгуулалт өрнөж буй. Энэхүү ажлыг сурвалжлахаар очсон биднийг цехийн дарга М.Мөнхсайхан газарчлав. Хэвний хэсгийн технологийг өөрчилж, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж байгаагаас өнгөрсөн оны 11-р сарын нэгнээс энэ оны 5-р сарын нэгэн хүртэл цутгуурын үйлдвэрлэлийг зогсоожээ. Эхний байгууламжаар ороход л нүргээн их, ажил буцална. Энд ч гагнуурын очис гялалзан, тэнд ч машин дээрээс зуурмаг буулгаж, хэсэг хүн бетон цутгаж, зарим нь ямар нэгэн зүйлийн хэмжээ авч харагдана. Засвар механикийн заводын Цутгуурын цех, Засвар угсралт, Барилга засварын цехийн ажилчид зогсоо чөлөөгүй ажиллана. Тэдний дунд хэд хэдэн орос ажилчин ч харагдана. Хуучин элсний “яам”-уудыг буулгажээ. Энд ваакум хальсны хэв суурилуулахаар зэхэж байгаа аж. Өргөгч кран, бас бус техник ажиллаж, ажилчид овор ихтэй ачаа буулгана. “Энд кварцын, эргэлтийн, хромт элсний нөөцийн бункер, ялгагч суурилуулж байна. Өмнө нь хэвний элс, шаврын технологитой байсан. Дараа нь үүн дээр нэмэгдээд ХТС буюу хүйтнээр хатууруулах холимог, ваакум хальсны технологитой болсон. Одоо элс шаврын технологио бүрэн халаад хүйтнээр хатууруулах холимог, ваакум хальсны технологио давхар явуулах юм. Элс шавраар цутгамлын хэв хийдэг технологийн үед ашигласан элс 100 хувь хаягддаг байсан бол ХТС, ваакум технологийн үед элсээ буцааж шигшээд дахин ашиглана гэсэн үг. Энэ технологийг нэвтрүүлснээр нэлээд олон материал хэрэглэгдэхээ болино. Хэв бэлтгэх тасагт хагас автомат шугамтай болох юм. Энэ шинэчлэлийн дүнд манайх дэлхийн дэвшилтэт үйлдвэрүүдтэй хөл нийлүүлнэ” гэж цехийн дарга ярилаа.

     Хуучин тоног төхөөрөмж 1970-аад онд Оросод үйлдвэрлэсэн, гар ажиллагаа ихтэй, ажлын байр нь байнгын чичиргээтэй, тоос шороотой байсан бол одоо хүний биед сөрөг нөлөөгүй болох аж. Өмнө нь цехэд байсан овор ихтэй тоног төхөөрөмж болон туузан дамжуулагчид огт үгүй болжээ. Цутгуурын цехэд цагт 50 тонн хольц зуурах хүчин чадалтай автомат машин шинээр суурилуулсан байна. 2009 оноос хойш суурилагдсан 30, 10 тонн хольц бэлтгэх машин, хэвний голч бэлтгэх бүрэн автомат машин бий. Эдгээр тоног төхөөрөмж 10 гаруй жил бүтээмж сайтай ажиллаж буй. Барилга засварын цехийнхэн автомат шугамны голд явах тэргэнцрийн замын нарийвч хийж бетондож харагдана. М.Мөнхсайхан дарга “Одоо угсралтын ажил 70 орчим хувьтай явж байна. 5-р сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Хэвний хэсэгт ашигладаг модон загварууд 100 хувь шинэчлэгдэж байгаа. Хэвний хэмжээ, технологи өөрчлөгдсөн болохоор бүхнийг шинээр хийлгэж байна. Технологио өөрчилснөөр хэвнээс үүдэлтэй гологдол тэг рүү тэмүүлнэ. Цутгуурын цехээс зөвшөөрөгдөх 3,8 хувьтай гологдлыг багасган 2,3 хувиас ихгүй болгох зорилготой” гэв. 

     Үйлдвэрлэл зогссон үеийг ашиглан эднийхэн тоног төхөөрөмжүүддээ урсгал засвар хийж байна. Хайлах хэсгийн дарга Б.Бат-Эрдэнийн удирдлаган дор ган төмөр хайлдаг зуухнуудын доторлогоо хийж, хэсгийнхээ шалыг өөрсдийн хүчээр тэгшилж янзалжээ.

     Цехийн гадна байрлах Материалын агуулахад холигч, хацарт бутлуур, элс хатаах төхөөрөмж, хатаалгын зуух гэсэн дөрвөн том тоног төхөөрөмж суурилуулжээ. Өнгөрсөн онд гүүрэн кран мөн шинээр сууриллуулсан гэсэн. Энэ агуулахад загварын зориулалттай панерууд хураажээ. Өмнө нь загвараа банзаар хийдэг байсан бол, панераар хийснээр ус чийгэнд далийж мурийхгүй бат бэх болох аж. 

     Бидний сурвалжилгын үеэр хамт явсан цехийн даргын утас байнга дуугаран, “Үүний будгийн өнгийг хараад өгөөч, байрлал нь энд байвал болох уу” гэх зэргээр шавдуулна. Энэ бүхэнд мань эр зааварчилга өгөхөөр “гүйнэ”.  Хэвчнээс ажлын гараагаа эхлэн 17 дахь жилдээ энэ цехийн бүхий л ажил албан тушаал хашсан М.Мөнхсайхан цехийн даргаар томилогдоод удаагүй ч их бүтээн байгуулалтын өдөр тутмын явцыг зохион байгуулахад сэтгэл, зүтгэлтэй, ачаалалтай ажиллаж байгаа нь мэдрэгдэв.

     Бид энэ үеэр бүтээн байгуулалтад оролцож буй зарим хүмүүстэй уулзаж ярилцсан юм.   

 

Барилга засварын цехийн барилга угсралтын хэсгийн мастер Т.ЭРДЭНЭМЯГМАР:

     -Манайх ЗМЗ-ын Цутгуурын цехийн барилгын үндсэн суурь хийцлэлийн ажлыг бүрэн хийлээ. Элсний бункер, шигшүүр, жи краны суурь, кабелийн суваг, каналын ажил гүйцэтгэлээ. 2019 оны 11-р сарын эхээр эхэлсэн ажил маань 100 хувь хийгдлээ. Өнөөдөр тэргэнцрийн суурийн бетон цутгалтын ажил дуусч байна. Цаг хугацааны хувьд шахуу, хүндрэл бэрхшээл байсан ч Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон нэгэн цул болж ажилласан болохоор асуудлыг ярилцаад газар дээр нь шийдээд явсан. Бид ажлаа төлөвлөгөөнөөс дөрөв хоногийн өмнө гүйцэтгэлээ. Барилга угсралтад манайхаас 50-60 хүн ажиллалаа.  Тэргэнцрийн суурь, элсний бункер гэх зэрэг маш нарийн ажиллагаатай ажлууд хийсэн.  Араас нь тоног төхөөрөмжийн угсралт явагдах учраас бид ямар нэгэн алдаа гаргах эрхгүй, 100 хувийн гүйцэтгэлтэй ажиллалаа.

 

Засвар угсралтын цехийн мастер Б.ГАЛТБААТАР:

     -11-р сарын нэгнээс тоног төхөөрөмжийн буулгалтын ажил эхэлсэн. Энэ ажлаа төлөвлөгөөний дагуу хийсэн. Ажлын байрны тоос шороо ихтэй яггүй байсан ч хамгаалах хэрэгслээ бүрэн хэрэглэж, аюулгүй байдлаа ханган ажиллалаа. Манай дөрвөн бригадын 25 хүн ажилласан. Зарим үед өргөх даац буулгаж буй зүйлээ даахгүй зэрэг хүндрэл тулгарсан ч тэр бүхнийг зургийн дагуу техникийн хүчээр буулгасан. Бид автокран, автовишк, сагстай өргөгч ашигласан. Мөн материал бэлтгэх агуулахад 4 номерын 2 бункер угсарсан. Элс тээвэрлэх 133 мм-ийн шугам хоолой угсарна. Материал бэлтгэх тасагт том оврын таван бункерын угсралт хийж байна. Хэвний хэсэгт 12,5 тонн жинтэй ХТС-60, мөн ХТС-30 бункер угсарлаа. Шигшүүрийн хэсэгт халуун элсний бөөрөнхий бункер угсарна. 10 тоннын даацтай жи краны угсралт, тулгуурын хэмжилт хийж байна.  Бид ажлаа аюулгүй хийж дуусгах зорилготой ажиллаж байна. 

 

Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, хэвчин Б.БААТАРХҮҮ:

     -“Цутгуурын цехэд хэвчнээр 24 дэх жилдээ ажиллаж байна. Миний хувьд энэ цехийн түүхэн бүтээн байгуулалтыг нүдээр харж, гар бие оролцож яваа маань сонирхолтой бас бахархалтай хэрэг. Технологи өөрчлөгдөж, тоног төхөөрөмж шинэчлэгдсэнээр ажлын байр ажилчинд ээлтэй болж, бүтээгдэхүүний чанар илүү сайжирна. Гарын ур, мэдрэмж шаардсан энэ сайхан ажил мэргэжлээ би  15 хүнд өвлүүлсэн. Нэг шавь маань гэхэд манай цехийн дарга болчихсон явж байна. Энэ сайхан үйлдвэрээрээ, ажил хөдөлмөрөөрөө, шавь нараараа би бахархдаг” гэв.  

 

Хэвний хэсгийн мастер, Хоккейн спортын олон улсын хэмжээний мастер П.БАТЗАЯА:

     -2006 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг металлургич инженер мэргэжлээр төгсөөд, 2007 оноос одоог хүртэл Цутгуурын цехэд ажиллаж байна.  Манай хэсэгт орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулж байгаад бид их баяртай, урам зоригтой байгаа. Гадаадаас өндөр үнээр авдаг тоног төхөөрөмжийн эд ангийг өөрсдөө үйлдвэрлэдгээрээ бахархдаг. Энэ шинэчлэлийн дараа бүтээмж улам нэмэгдэж, ажлын орчин сайжирч, олон эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэж байна. Энэ бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаадаа баяртай байна.

     Засвар механикийн заводын Цутгуурын цех 1980 оны 12-р сарын 31-нд анх ган хайлуулж, Эрдэнэт үйлдвэрийнхээ тоног төхөөрөмж, эд ангийг цутган үйлдвэрлэж эхэлсэн бол 40 жилийн ойн босгон дээр Үйлдвэрийн газраас том төсөл хэрэгжүүлж, тус цехийн тоног төхөөрөмж  шинэчлэгдэн, технологи өөрчлөгдсөнөөр дэлхийн дэвшилтэт үйлдвэртэй хөл нийлэхүйц болох нь ээ. Эрдэнэт үйлдвэрийн найдвартай ар тал болсон Засвар механикийн завод ийнхүү цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх цар хүрээгээ тэлж, олон жил өндөр бүтээмжтэй  ажиллах  хөрс сууриа зэхэж байна.

Я.Энхтуяа

Фото: Ш.Лхамсүрэн

     Засвар механикийн заводын Механик цехэд гагнуурын бүрэн автомат машиныг саяхан суурилууллаа. Япон улсын FANUT брендийн зургаан тэнхлэгтэй, тоон удирдлагатай уг техник Эрдэнэт үйлдвэрт суурилагдсан анхны бүрэн автомат машин юм. Энэ нь тус заводад ашиглаж буй цахилгаан гар нуман гагнуураас гурав дахин, хагас автомат гагнуураас хоёр дахин илүү хурдтай, өндөр бүтээмжтэй аж. Гагнуурчин эд ангийн шинж чанараас шалтгаалан хүчдэл, гүйдэл, хурдыг тохируулна. Энэхүү техникийг ашигласнаар хүний хөдөлмөр хөнгөвчлөгдөхөөс гадна гагнуурын оёдол жигд, гагнаж буй эд анги хэв гажилтад орох нь бага, оёдлын гоо зүй илүү зэрэг гагнуурт тавигддаг техникийн шаардлага бүрэн хангана гэж Механик цехийн Металл хийцийн хэсгийн гагнуурын мастер Б.Баатархүү онцоллоо.

Я.Энхтуяа

Фото: Ш.Лхамсүрэн

    Эрдэнэт үйлдвэр хөгжлийн үндсэн чиглэлийнхээ хүрээнд хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор техник, технологийн шинэчлэл хийх, хүчин чадал өсгөх төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд эрдэс баялгийн нөөц өсгөх, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх төсөл багтаж байна. Харин нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр Засвар механикийн заводыг өргөтгөх, шинэчлэх, нуруулдан уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэх юм. Эдгээрээс зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барихаас бусад төслийг 2020-2022 онд бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эрдэнэт үйлдвэр катодын зэс үйлдвэрлээд зогсохгүй бүх төрлийн зэс утас, кабелын эд анги ч үйлдвэрлэхийг зорьж байна. Харин зэс хайлуулах боловсруулах явцад гарах хүхэрлэг хийн шийдлийг олбол уг төслийг 2020-2023 онд хэрэгжүүлнэ гэж Ерөнхий захирал мэдээллээ.  

М.Одгэрэл

Фото Б:Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 2-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Зургийн цомог