Телевиз

     Монгол ахуй соёл, нүүдэлчин хэв маяг, уламжлал, ястан үндэстний онцлогийг хойч үедээ таниулж, түүнийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэхээр “Ёс заншлын цогцолбор” өргөн олны өмнө үүд хаалгаа дэлгэлээ. Энэ сарын нэгэнд болсон их өргөөний нээлтийн ёслолын ажиллагаанд Орхон аймгийн удирдлагууд, төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид, урлаг соёлын салбарынхан, иргэд оролцож, түүх соёлоо түгээн дэлгэрүүлж буй томоохон бүтээн байгуулалтыг үзэж сонирхлоо. Энд модон тоглоом, шагайн наадгай, гоёл чимэглэл, үндэсний дээл хувцас урлал, цагаан идээ, хөхүүрийн айраг, хөх арвайн гурил, хатаасан борц, эсгий эдлэл, дээс ширмэл, элдэж боловсруулсан арьс шир, нэхий гээд малын гаралтай түүхий эдээр хийж болох бүхнийг олонд дэлгэжээ. Ерөөл айлдаж, хан хуурын татлагаар жаврыг нь үргээсэн энэхүү их гэр 22 диаметр бүхий 380 кв.метр талбайтай. Ёс заншлын цогцолбор нь 10 га талбайд хийх бүтээн байгуулалтын томоохон ажил бөгөөд  ирэх жил 21 аймгийн гэрүүдээр хүрээгээ тэлж, Монгол нутагт амьдарч буй бүхий л ястны онцлогийг харуулахаар төлөвлөжээ. Мөн тус цогцолборын хэсэгт хөл бөмбөг, волейбол, сагсан бөмбөг, гандбол зэрэг спорт тоглоомын болон ахмадын чийрэгжүүлэлт, хүүхдийн тоглоомын талбай байрлаж, Хөдөлмөр зуслан хичээллэх юм.

Хүүхэд хүмүүжүүлэх монгол арга ухаан

     Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын цуглуулга болох 40 мянган шагай хүүхэд хүмүүжлийн гэрт бий. Шагайн наадгайн 13 нэр төрөл болон хорол, үүцүү, даалуу гэсэн хөлөгт тоглоомыг хүүхэд багачуудад зааж сургахаар тохижуулсан нь онцлог байлаа. Боловсролын салбарт 35 жил ажилласан ахмад багш Ч.Нарангэрэл бага гэрийг хариуцан ажиллахаар болжээ. Тэрээр, “Шагай тоглох нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлдэг олон талын ач тустай. Би технологийн багш мэргэжилтэй. Шинэ ажлын байртай болсондоо баяртай байна. Ахмад багш бидэнд амрах зав гарахгүй нь бололтой. Ирэх зун багш нартайгаа хамтран ширдэг ширж, бэлэг дурсгалын зүйлс урлан, эндээ үйлдвэрлэл эрхэлнэ. Сайхан зүйл санаачилсан Баян-Өндөр сумын Засаг даргад баярлалаа” хэмээн сэтгэлийн үгээ уламжилсан. Тус гэрийн гадна Говил багийн хоёрдугаар сургуулийн сурагчид шагайн харваагаар цэцээ сорьж, сурсан мэдсэнээ найзууддаа сонирхууллаа. Хоёрдугаар сургуулийн жижүүр, мужаан Г.Нармандах гуай шагайн харваагаар хичээллэгч 5-17 насны 30 гаруй шавьтай. 2017 оноос хүүхдүүд нь Улсын чанартай тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд 2018 онд хүрэл, 2019 онд алтан медалийн эзэд болжээ.

 

Боловсруулсан арьс, нэхий

     Удаах гэрээр зочлоход Увс аймгийн Тариалан сумын харьяат, Орхон аймагт 19 дэх жилдээ амьдарч суугаа Д.Жавзан гуай угтлаа. Тэмээний ноос, зогдроор утас ээрч, адууны дэлээр гэрийн оосор, бүч томох, ямааны арьсаар элэг, сарьс хийх, хонины арьс элдэх гээд гэртээ зүгээр суух дургүй тэрээр юм юм амжуулна. Энэ бүх хөдөлмөрч зан чанар ээж ааваасаа өвлөсөн эрдэм нь юм. Тэрээр цай уух зуурт “Манайх таван хүүтэй. Бүгдийг нь гэр төхөөрч тусад нь гаргасан. Зах дээр үнэгүйдээд хаяж байгаа нэг хонины арьсыг элдээд борлуулахад 35000 төгрөг болдог гэж бодохоор амьдрал гарын алган дээр байна, хүүхдүүд ээ. Одоогийн хүүхдүүд арьс элдэж, дээс томохоос залхуурдаг болсон. Хүмүүс их сонирхож байна. Мэддэг, чаддаг бүхнээ хүүхдүүдэд зааж өгөх юмсан” гэв.

Гоёл чимэглэл, үндэсний хувцас урлал

     “Эрдэнэтийн урлан бүтээгчид”ТББ-ыг төлөөлсөн гар урлаачид монгол бүсгүйн гоёл чимэглэл, дээл хувцасаар энэхүү гэрийг чимэглэжээ. Эрдэнэт хотын урлаачид төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулахаар хэдэн сарын өмнөөс нэгдэн нягтарч, Төрийн бус байгууллага хэлбэрээр үйл ажиллагаа явуулах болжээ. Гар урлалын 20-иод нэр төрлийг эгнээндээ нэгтгэсэн тус холбоо гишүүнчлэлээ өргөжүүлэхээр ажиллаж байгаа тухайгаа холбооны тэргүүлэгч Б.Баяржаргал онцоллоо.

 

Баян-Өндөр сумын Засаг дарга C.ГАНЦОГТ:
Цогцолборыг дагуулан шинэ ажлын байрууд бий болгоно

     Олон хүний итгэл сэтгэл, дэмжлэгтэйгээр “Ёс заншлын цогцолбор”-ыг бүтээлээ. Өргөөг түшиглэн малын гаралтай түүхий эд боловсруулах 17 үйлдвэрийг цогцоор нь бий болгохыг зорьж байна. Аймаг бүрийн онцлогийг харуулсан гэрүүд байгуулснаар түүх ёс заншлыг хүүхдүүд танин мэдэх боломжтой болох юм. Өргөөг түшиглэн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, монгол арга ухаанд суралцах, хүнсний аюулгүй байдлаа хангах чиглэлд орон нутгаас анхааран ажиллах болно. Хувь хүмүүс ч оролцоо дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна. ХХҮГ, аймгийн цагдаа, хүчний байгууллагууд хамтран оролцлоо. Цогцолборыг дагуулан шинэ ажлын байрууд бий болгоно. Малын махаа зөв эрхлэх, цагаан идээгээ амьдрал ахуйдаа өргөн хэрэглэхээс эхлээд “Эко Баян-Өндөр” төслийн бүтээгдэхүүнийг иргэддээ хүргэж байна. Уг төслийн хүрээнд 2000 тонны хүлэмжийг энэ онд ашиглалтад орууллаа. Өвөл зуны хүлэмж, тоглоомын талбай, нуур цөөрөм үүсгэж амралт чөлөөт цагийн талбайг бий болгох чиглэлээр цаашид хийж хэрэгжүүлэх олон ажил төлөвлөсөн.

Эко хүнс хөх арвайн гурил

     Говь-Алтай аймгийн Чандмань сум буюу Орхон аймгаас 1000 км-ийн хол газраас хөх арвайн гурил тээвэрлэж, түүнийгээ Эрдэнэтийн брэнд бүтээгдэхүүн болгохоор ажиллаж яваа нэгэн гэр бүлтэй танилцлаа. Арвайн гурилыг шээс задгайрсан хүүхдэд шар тостой багсарч өгөхөд бие нь чангарч, эрүүл мэндийн хувьд эрс сайжирдаг хэмээн хуучилсан Н.Дадийхүү эгч өвөг дээдсээс уламжилсан чулуун тээрмийн аргаар гурилаа боловсруулж, үр хүүхдүүддээ өвлүүлэн заажээ. Худалдаанд шинэхэн савлагаатай гарсан энэ гурил “Эко Баян-Өндөр” шошгоор бусдаасаа ялгарч байна. Арвайг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гаргах нь гар ажиллагаа ихтэй тул өдөрт 800 гр гурил үйлдвэрлэж, кг-ийг нь 12 мянган төгрөгөөр зардаг тухай тэрээр нэмж хэллээ. Тариагаа худалдан авч нөөцлөөд үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэдэгтээ тэд итгэлтэй байна.

Монгол борц үйлдвэрлэл

     Монголчууд хэдэн зууны тэртээгээс махаа борц болгон хатааж, хүнс хоолондоо улирал харгалзалгүй хэрэглэсээр ирсэн. Тиймээс ч үр хүүхдүүддээ зайлшгүй таниулах зүйлсийн нэг нь борц юм. Үхрийн шийр толгой, мах шуузлах болон борцлох арга, ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, өнөө үед бизнес хэлбэрээр ашиглах шинэ санааг Баян-Өндөр сумын баг хариуцсан мэргэжилтэн С.Сэрээтэрдорж танилцууллаа. Тэрээр “Хөдөөгийн залуучууд ажилгүй байна гэж ярих юм. Борцыг нүдэж нунтаглаад, шахаад савлачихвал шинэ бизнес санаа шүү дээ” хэмээн тайлбарлаа.

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

     “Хурд”-ынхан Монгол орноо тойрон аялан тоглолт хийхийг хүсжээ. Ингэхдээ зүгээр нэг тоглолт хийгээд буцахыг урьтал болгосонгүй. Тэд иргэдтэй уулзаж, санаа бодлыг нь сонсож, хамтдаа ярилцаж, урмын үг, ухаарал бэлэглэхээр “Хайртай” төслийг санаачлан ажил хэрэг болгосоор 19 дэх аймагтаа айлчлан ирсэн юм. Энэ бол Эрдэнэт байлаа. Төслийн багийнхан Эрдэнэтчүүдтэй халуун дотно уулзалт, яриа өрнүүлж, хэд хэдэн нэвтрүүлгийн зураг авалт хийсэн нь олны сонирхлыг ихэд татсан юм. 60-аад хүний баг бүрэлдэхүүнтэй уг төслийг улс төрөөс ангид ойлгохыг хамтлагийнхан хүссэн. Учир нь тэд урлагаар дамжуулан соён гэгээрлийг түгээх, түүн дундаа түүчээлэн оролцохыг илүүд үзжээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү санаачилгыг дэмжсэнээр өнгөрсөн зургаадугаар сарын 22-ноос төслийг бодит ажил болгох эхлэл тавигдсан байна. Тоглолт, уулзалт, нэвтрүүлгийн зураг авалтыг 25 газарт зохион байгуулахаар төлөвлөжээ. Нэвтрүүлгүүдээ өөр өөр сэдвээр, уулзалт бүрийг чиглэсэн зорилгын хүрээнд хийсэн нь өвөрмөц байлаа.

     Эх орон, эрчүүд, ээж аав, цэрэг эрсийн тухай гээд сүр хүчний омогшил бадраасан олон арван дуугаараа 25 жилийн турш Монголчуудын сэтгэл зүрхэнд дүрэлзсэн “Хурд” хамтлагийнхан Цагдаагийн Ерөнхий газар, “Монгол цэргийн холбоо”, “Та Монгол ээж” ТББ-ыг эгнээндээ нэгтгэн, дуучин Б.Баярцэцэг, “Voice”-ийн шилдгүүдээр багаа бүрдүүлсэн байв. “Та Монгол ээж” сургалт, “Хөвгүүдийн яриа”, “Эр хүний ноён нуруу” уулзалт зохион байгуулсан төслийн багийнхан Эрдэнэт үйлдвэрийн ил уурхайтай танилцан, ажилчдын хоолны газраар зочилж, аварга том уулын техник болох БелАЗ-ыг үзэж сонирхон, орон нутгийн онцлогийг тусгасан тусгай нэвтрүүлгийн зураг авалтаа хийсэн юм. Дэргэдээ байгаа бүхнийг хайрлан хамгаалж, бусдад хайр түгээхийн гайхамшгийг мэдэрч, мэдрүүлж яваа “Хурд” хамтлагийн уран бүтээлчид болоод төслийн багийн зарим төлөөллийн сэтгэгдлээс хуваалцлаа.

Хамтлагийн гишүүн Д.ГАНБАЯР:Түүх, соёлоо мартахгүй байхын төлөө хичээцгээе

     Нар хур тэгширсэн сайхан үеэр Эрдэнэт хотод ирлээ. Соён гэгээрлийн энэхүү аяныхаа хүрээнд нэгнээ гэсэн амьд харилцаа бий болгохыг зорьж байна. Бидэнд хайр, хүндэтгэл дутаад байгаагаас нийгэм ороо бусгаа байна уу даа гэж бодогддог. Очсон газар бүр өөрийн онцлог, бахархах зүйлтэй байна. Тэр дундаа Дорнод аймгийн Халх гол сум, Ховд, Баян-Өлгий аймгууд гүн сэтгэгдэл үлдээлээ. Манайхан хүн бүртэй уулзаж, санаа бодлыг нь сонсож ярилцсан. Өнөө цагт Монгол эрчүүдийн ноён нуруу гундаж, бүсгүйчүүдийн нуруун дээр амьдралын их ачаа буугаад байх шиг санагдах юм. Ийм байгаагүй шүү дээ. Эрчүүд, залуучуудын нуруун дээр л Монгол минь оршин тогтноно. Түүх, соёлоо мартахгүй байхын төлөө хичээцгээе. Бид сэрэх цаг болсон. 1950, 1960-аад онд нийгмийг хэрхэн соён гэгээрүүлэх вэ гэдэг дээр олон сайхан кино бүтээсэн байдаг. Үйл явдал нь хүмүүст сэтгэлийн гэгээрлийг өгч байсан хэрэг л дээ.

 

Хамтлагийн ахлагч Д.ОТГОНБАЯР: Бид эх орны эр хүн байх ёстой

     Би урлагийн тайзнаа хөл тавиад 44 жил тоглож байна. Анх 1975 онд Эрдэнэт үйлдвэрийн нээлтэд оролцож, хөгжим тоглохоор ирж байлаа. Тухайн үед гурван шар тоосгон барилгаас өөр зүйл байгаагүй. Дараа нь 1984 онд барилгын цэргийн 110 дугаар ангид алба хаахаар ирж, “Барилгачин дайчин” нэртэй хамтлаг байгуулан, орон нутгийн сонин дээр гарч байлаа. Цэрэг байхдаа Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын үүдний хэсэгт нь шавар зуурч, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон байдаг юм. Хүн хийсэн бүтээснээ эргэж харахыг хүсдэг бололтой. Ямартаа ч Эрдэнэт хотын хөгжлийн нэгээхэн хэсэгт гар бие оролцож явсандаа баярладаг. Бид эх орны эр хүн байх ёстой. Эрчүүд минь элгээрээ хэвтээд өгвөл эх орон газар хэвтэхтэй ижил болно шүү дээ.

Орхон аймгийн Засаг дарга Д.БАТЛУТ: Бидний чиг хараа нэг шугам дээр байна

      Хайр гэдэг зүйл өнөөгийн нийгэмд асар их үгүйлэгдэж байна. Энэ цаг үед “Хайртай” төслийнхөн эх орон, газар, шороо, аав ээжээ хайрлаж, түүх, соёлоо дээдлэх тал дээр асар их ач холбогдол өгч байгаад баярлалаа. Нийгмийг соён гэгээрүүлэх ажил бол хамгийн чухал зүйл. Бид орон нутгийн бодлого шийдвэрийг хүний хөгжилд чиглүүлэн ажиллаж байна. Хувь хүний хөгжлөөс нийгмийн өнгө төрх тод томруун тодорхойлогдох учир бүтээн байгуулалт, барилга байшингаас илүү хүний хөгжил рүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулах ёстой гэж үзсэн. Бидний алхаа, чиг хараа нэг шугам дээр зогсож байгаад баяртай байна. Нийгмийг соён гэгээрүүлэх ажилд хэзээд бэлэн гэдгээ илэрхийлье.

ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.БУДЗААН: Гэмт хэргийн гаралтаас хамтдаа сэргийлье

     Дэлхийн улс орнуудтай харьцуулахад Монгол улс хөгжлөөрөө бус, гэмт хэргийн гаралтаар 20 дугаарт жагсаж, жилдээ 36 мянган гэмт хэрэг манай улсад бүртгэгдэж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн Ерөнхий газраас санаачлан “Яараад яахав дээ”, “Unfriend”, “Зөв тусгал”, “Нэг хором” аян хэрэгжүүлснээр гаралт 60 орчим хувиар буурсан. Энэ бүхнээс хүлээж байгаа ганц зүйл бол соёл юм. Гэмт хэргийн гаралтаас хамтдаа сэргийлснээр та, бид амар тайван нийгэмд амьдарна. Тиймээс мөрөөдлөө биелүүлсэн эрчүүд, мөрөөдлөө биелүүлж яваа залуустаа амжилт хүсье.

Орхон аймгийн Засаг даргын орлогч А.ТҮВШИНЖАРГАЛ: Төслийн багийнханд уран бүтээлийн амжилт хүсье

     Эрдмийн баяр тохиож байгаатай холбогдуулан “Хурд” хамтлагийн уран бүтээлчид маань Орхон аймгийн нэгдүгээр сургууль дээр очиж ая дуугаа өргөлөө. Соёл урлагийн цогцолборт Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Цэргийн анги, Тагнуулын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын мөрдэстэй алба хаагчидтай уулзан, эр хүний жудаг, ноён нуруу, амьдралаа авч явах үзэл бодол Монгол Улсад үгүйлэгдэж байгаа талаар ярилцсан. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Батбаяр, Монгол Улсын гавьяат багш М.Жавхлантуяа болон “Хайртай” төслийнхөн хөвгүүдэд зориулан ирээдүйд аав байх, эх орноо жолоодох арга ухааны талаар үзэл бодлоо хуваалцан, үнэтэй зөвлөгөө өглөө. А.Амарын талбайд “Эх орны төлөө” тоглолтоор Эрдэнэтчүүддээ бэлэг барих энэ бүх үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд ихээхэн дэмжлэг үзүүлж, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллалаа. Орхон аймаг хүний хөгжлийн индексээр улсдаа тэргүүлэгч гэдгийг улс даяар сурталчлан таниулах ажилд хамтран оролцсон та бүхэндээ баярлалаа. Төслийн багийнханд уран бүтээлийн амжилт хүсье.

 

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

     Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний оны эхний 8 сар болон өнгөрсөн 8 дугаар сарын дүн гарсан байна. Тус үйлдвэрийн уурхайчид оны эхнээс өнөөдрийг хүртэл 17 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 103.7 хувиар, 7136.4 мянган метр куб хөрс хуулж, төлөвлөгөөг 104.2 хувиар тус тус биелүүлжээ. Энэ хугацаанд 25152 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 103.4 хувиар, 21725 мянган тонн хүдэр Баяжуулах үйлдвэрт өгч, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 102.5 хувиар биелүүлсэн дүнтэй байна.

     Баяжуулагчид оны эхний 8 сард 21745 мянган тонн хүдэр боловсруулснаар төлөвлөгөө 102.6 хувиар биелжээ. Хүдэр дэх зэсийн агуулга 100 хувь, молибдены агуулга 102.4 хувийн биелэлттэй гарсан бол зэсийн металл авалт 100 хувь, молибдены металл авалт 101.1 хувиар биелсэн дүнтэй байна. Баяжмал дахь зэсийн  агууламж 89184 тонн буюу 102.8 хувь, молибдены агууламж 1681 тонн буюу  106.2 хувиар биелсэн үзүүлэлттэй гарчээ. Эхний 8 сард ачигдсан зэсийн баяжмалын чанар 22.62 хувь, молибдены баяжмалын чанар 50.32 хувь байж, төлөвлөгөө 100.2-104.8 хувиар биелсэн байна. Дээрх гүйцэтгэлээс харахад Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2019 оны эхний 8 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар биелүүлэн ажиллажээ.

    Өнгөрсөн 8 дугаар сарын дүнгээр уурхайчид 2192 мянган метр куб уулын цул гаргаж, 933.37 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн байна. Ингэснээр уулын цул гаргалтын төлөвлөгөө 104.4 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөө 107.1 хувиар биелэв. Ил уурхайнхан 3209.52 мянган тонн  хүдэр олборлож, 2818 мянган тонн хүдэр Баяжуулах үйлдвэрт нийлүүлжээ. Эдгээр үзүүлэлтийн төлөвлөгөө 102.4-102.7 хувийн биелэлттэй байгаа бол баяжуулагчид энэ сард 2813 мянган тонн хүдэр боловсруулж, 102.6 хувиар төлөвлөгөөгөө биелүүлсэн байна. Өнгөрсөн 8 дугаар сард ачигдсан зэсийн баяжмалын чанар 22.39 хувь буюу 100.2 хувиар, молибдены баяжмалын чанар 50.21 хувь буюу 104.6 хувиар тус тус биелсэн үзүүлэлттэй байна. 

М.Балжинням

Дөчин таван жилийн түүхэн замналтай, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо.

   Хичээлийн шинэ жилийн үйл ажиллагааг нээж, Технологийн сургуулийн захирал, доктор Д.Зоригтхүү хэлсэн үгэндээ “Бид олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартыг хэрэгжүүлж буйг баталгаажуулсан гэрчилгээ гардан авсан Монгол Улсын цөөн сургуулийн нэгээр шинэ хичээлийн жилийг эхлүүлж байгаа. Энэ бол бахархал бөгөөд стандартын хэрэгжилтийг үргэлжлүүлэн бүрэн дүүрэн хангах томоохон хариуцлага энэ жилд ирж байна. Мөн Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр гурав дахь удаагаа магадлан итгэмжлүүлж, гэрчилгээгээ авна. Өөрсдийн бэлтгэсэн  үр дүнд суурилсан гурван хөтөлбөрийг ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлөөр батлуулан, бүрэн хэрэгжүүлж эхлэхэд бэлтгэх, Ахлах сургуульдаа олон улсын Кембриджийн хөтөлбөрийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах гээд олон хариуцлагатай үүрэг, сорилт биднийг хүлээж байна” гэж шинэ хичээлийн жилийнхээ онцлог зорилтоос дурдсан юм. Тус сургуулийн хичээлийн жилийн нээлтийн ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Соёлчхүү, Баян-Өндөр сумын Засаг дарга Д.Ганцогт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх болон тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл, багш, ажилтан, оюутнууд оролцлоо. Энэ үеэр Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч, Технологийн сургуулийн төгсөгч Д.Батлут баярын мэндчилгээ илгээснийг ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү танилцуулсан бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх уул уурхайн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэгч сургуулийн нэг Технологийн сургуулийн хамт олонд баяр хүргэж, амжилт хүслээ.

   Энэ удаагийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын далбаа болон Эрдэнэт үйлдвэр, Технологийн сургуулийн сүлд тугийг “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан тус сургуулийн 2 дугаар ангийн оюутнууд хүндэтгэлтэйгээр залж, хичээлийн байрны төв хаалганы дээд талд байрлуулсан нь шинэлэг байв. 2019-2020 оны хичээлийн шинэ жилд тус сургуулийн 10 оюутан, ахлах сургуулийн 1 сурагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит тэтгэлэгт хамрагдан, сургалтын төлбөрийн 60 хувийн хөнгөлөлттэй суралцана. Тэдэнд хөнгөлөлттэй суралцах эрхийн батламжийг энэ үеэр гардуулсан. Мөн “Монгол 21” сан, Капитрон банк, Япон Улсын Засгийн Газрын Sakura Scince – A  хөтөлбөр, Технологийн сургуулийн Төгсөгчдийн холбооны тэтгэлгээр суралцах батламжийг 8 оюутан гардан авлаа.  

   Технологийн сургуульд шинэ  хичээлийн жилд бакалаврын 4 хөтөлбөрт 61 оюутан шинээр элссэнээр 7 хөтөлбөрт өдрийн ангид 415, эчнээ ангид 86 оюутан нийт 501 оюутан суралцана. Мөн магистрын 10 хөтөлбөрт 80 оюутан, ахлах сургуулийн 10, 11, 12-р ангид 84 сурагч суралцахаар болсон бол Мэргэжлийн анхан шатны боловсрол олгох 1 жилийн 3 мэргэжлийн сургалтад 30, мэргэжил олгох түр сургалтад 9 мэргэжлээр 70 суралцагч тус тус элссэн байна.

М.Балжинням

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог