Эрдэнэтээ дэмжье

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны долоодугаар сарын 19-ний өдрийн А/666 тоот тушаалын дагуу үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд намар, өвлийн улиралд бэлтгэх ажлууд хийгдэж  байна. Тушаалын дагуу бүтцийн нэгжүүдэд хийгдэх ажлын төлөвлөгөө гарч нийт 320 ажил гүйцэтгэхээр  батлагджээ.

          2019-2020 оны намар, өвлийн бэлтгэл ажлыг үндсэн технологийн тоног төхөөрөмжийн бэлтгэл ажил, эрчим хүчний тоног төхөөрөмж болон системүүдийг бэлтгэх,  аж ахуй, барилга байгууламж, түүхий эд, хангамж гэсэн  үндсэн дөрвөн чиглэлээр хийж гүйцэтгэж байна. 

Наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт төлөвлөсөн ажлын 229 ажил нь хийгдэж дуусах шатандаа ороод байна. Намар, өвлийн бэлтгэл ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл төлөвлөсөн ажлууд үргэлжлэх юм.

А.Бямбамаа

ХАБЭА-н хэлтсээс ойрын өдрүүдэд төлөвлөгөөт болон ээлжит бус шалгалтаа  үйлдвэрийн цех нэгжүүдэд үргэлжлүүлж байна. Тухайлбал, төлөвлөгөөт шалгалтын хүрээнд Ил уурхайд ХАБЭА-н 4 дүгээр шатны үзлэг хийжээ. Үзлэгийн дүнгээр хэд хэдэн зөрчил дутагдал илэрснийг арилгах хугацаат үүрэг өгсний дагуу тус цехийнхэн 14 хоногийн төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  Ил уурхайн ХАБЭА-н ажилтнууд багтаж, ажиллаж байгаа юм.

Ээлжит бус шалгалтад Геологи хайгуулын анги, Авто тээврийн цех, Ус хангамжийн цех, Ган бөөрөнцгийн цех болон “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор хамрагджээ. Шалгалтын явцад Ил уурхай болон “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдлын ноцтой зөрчил илэрсэн байна. ХАБЭА-н хэлтсээс илэрсэн зөрчил дутагдлыг арилгах 14 хоногийн хугацаат үүрэг даалгавар өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж буйг Албаны дарга Х.Эрдэнэбат мэдээлэв. Үүрэг даалгаврын хүрээнд “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын хоёр хэсэгт 14 хоногийн онцгой горим тогтоон, дээрх хугацаанд ажил сайжруулах чиглэлээр зөвлөмж, зааварчилгаа өгч ажиллаж байгаа аж.

М.Балжинням

Ил уурхайнхан энэ жилийн намар, өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 13 ажил хийхээр төлөвлөснөөс найм нь 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Үлдэж буй төлөвлөгөөт ажлын ихэнх нь барилга байгууламжид хийгдэх урсгал засвар аж. Эдгээр ажлыг гүйцэтгэж байгаа Барилга засварын цехийн статус өөрчлөгдөн, үйлдвэрийн бүтцийн нэгж болсонтой холбоотойгоор бага зэрэг удааширсан ч ирэх 9 дүгээр сард бүрэн бэлтгэж, дуусах боломжтойг албаны эх сурвалж онцоллоо.   

Ил уурхайн намар өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд тусгагддаг гол ажлын нэг нь уулын хэсгийн хөлдүүс их үүсдэг газарт хийх тэсэлгээ байдаг. Уурхай тэлж буйтай холбоотойгоор уулын хэсэгт өрөмдөх, тэслэх, полк зүсэх зэрэг ажлууд ч төлөвлөгөөний дагуу өрнөж байна.  Мөн ус шуудуу цэвэрлэх, уурхайн гүний усыг цуглуулж соруулах, суваг татах, техник тоног төхөөрөмжийн урсгал засвар, үйлчилгээ зэрэг ажлууд намар өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд багтжээ. Өнөөдрийн байдлаар, Тэсрэх бодисын агуулахын дээвэр, дулааны шугам солих, гараашны хаалга засварлах зэрэг ажлыг тус цехийнхэн өөрсдийн хүчээр чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна.

Энэ жил Ил уурхайн 8, 12 дугаар овоолгын дор байрлах  бассейнд хуримтлагдсан шүүрлийн ус буюу “ногоон ус”-ыг  Эрдмин компанитай хамтран ажилчдынхаа хүчээр соруулсан байна. Ингэснээр ирэх өвөл ногоон уснаас үүдэлтэй болзошгүй осол аваар үүсэх нөхцөлийг арилган, үйлдвэрлэлд ямар нэг хүндрэл гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ.

М.Балжинням

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтын жилийн хүрээнд  Ил уурхайн хэмжээнд шинээр болон шинэчилж солих техник, тоног төхөөрөмжийн төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байна. Эдийн засгийн хэлтсээс гаргасан хөдөлмөр, зохион байгуулалтыг үнэлэх аргачлалаар тус цех үйлдвэрлэлийн үйл явц дахь гүйцэтгэлээр 92 хувьтай, ажлын гүйцэтгэлээр 53 хувьтай гэж үнэлэгджээ. Энэ нь  бусад цехүүдтэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

 Өнгөрсөн хавар Ил уурхайн хамт олон ЭКГ-12 маркийн шинэ экскаватор өөрсдийн хүчээр богино хугацаанд  угсран ашиглалтад оруулсан нь үр өгөөжөө өгч байна. Тэгвэл дараагийн ээлжийн  шинэ экскаваторыг энэ намар хүлээн авна. Одоогийн байдлаар эхний хэсгийн эд ангиуд ирсэн бөгөөд угсралтын ажлыг ирэх 9 дүгээр сарын дунд үеэс 10 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд хийж дуусгахаар төлөвлөсөн ажээ.  “Бусад захиалгат  тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн ажил хэвийн үргэлжилж байна.  Үүнээс харахад, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө энэ онд 90-ээс дээш хувиар биелэх нөхцөл бүрдсэн.  Уулын ажлын хувьд тодруулбал, уурхайн төлөвлөгөөт ажлууд хуваарийн дагуу хийгдэж байна. Баяжуулах үйлдвэрт чанар, стандартын шаардлагад нийцсэн хүдрээр хангах гол зорилтоо амжилттай хэрэгжүүлж буйг дурдах нь зүйтэй. Түүнчлэн энэ оны төлөвлөгөөт үзүүлэлтээ хангалттай сайн биелүүлэх боломж бий болсон” гэж Ил уурхайн Ерөнхий инженер Д.Уламмандах ярилаа.

Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн хамт олон 2019 оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавраа бүх үзүүлэлтээр нь 100-аас дээш хувиар биелүүлсэн байна. Мөн 7, 8 сарын төлөвлөгөөний гүйцэтгэл сайн дүнтэй байгаа нь оны эхний гурван улирлын төлөвлөгөөг давуулан  биелүүлэх боломжтой болжээ.

М.Балжинням

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад олгодог нийгмийн 24 нэр төрлийн хөнгөлөлт, дэмжлэг, буцалтгүй тусламжийн нэг нь орон сууц худалдан авсан ажилтанд олгодог мөнгөн дэмжлэг байдаг. Энэ тухай мэдээлэл хүргэхээр Нийгмийн харилцааны хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Алтангэрэлээс тодрууллаа.

-Орон сууцны үнийн хөнгөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Эрдэнэт үйлдвэр ажилтан ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2011 оноос хойш орон сууц худалдан авсан ажилчдадаа тодорхой үнийн дүн бүхий санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэ хөрөнгө оруулалт 2011 онд 8 сая төгрөг байсан бол 2019 оноос 12 сая төгрөг болж, буцалтгүй тусламж хэлбэрээр хөнгөлөлт олгож байна. Эрдэнэт хотод шинэ орон сууц баригдахгүй, байгаа нь үнийн хувьд хэт хөөрөгдөлтэй. Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа байрны урьдчилгаанд дэмжлэг үзүүлэх үүднээс дээрх хөнгөлөлтийг анх олгож эхэлсэн.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна вэ?

-Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн хугацаанд орон сууцны хөнгөлөлт журмаар 2500 гаруй ажилтанд 20 гаруй тэрбум төгрөг олгосон. 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс нэг хүнд олгох 8 сая төгрөгийг 12 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. Энэ нь нэг талаар зах зээл дээр худалдаалагдаж байгаа байрны үнэ ханшаас хамааралтай юм. Үйлдвэрийн газраас жилийн туршид олгох 3.6 тэрбум төгрөгөөр төсөвлөдөг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 250 гаруй ажилтанд 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна. Тэгэхээр үлдсэн хагаст үлдэгдэл мөнгийг хуваарилах ажил явагдана.

-Энэ хөнгөлөлтийг ажилчид ямар журмаар авдаг вэ?

-Журамд тусгасны дагуу тухайн ажилтан хэд хэдэн шаардлага хангасан байх ёстой. Үүнд Эрдэнэт үйлдвэрт 3 жил ажилласан байх, зээлийн гэрээ, байрны гэрчилгээ нь тухайн ажилтны нэр дээр гарсан байх шаардлагатай. Энэ болзлыг хангасан ажилчдыг ажилласан жил, орон сууц авсан байдал, ажлын үр дүнгээс харгалзан тухайн цехийн нийгмийн асуудлын комисс дүгнэж, дугаар тогтоох ёстой. Уг санал Нийгмийн харилцааны хэлтэст ирэхэд бид нягталж шалгана, улмаар нягтланд хянуулж, Санхүүгийн хэлтэс рүү явуулах, санхүүчид тухайн ажилтныг банктай холбож өгөх журмаар явж байна. Энэ хэлбэрээр явж ирсэн, одоо ч хэвээр. Зарим цех 20 хүний квоттой, зарим нь огт квотгүй байх тохиолдол бий. Ийм үед тухай бүрт нь санал авч, ярилцдаг. Цехүүдийн саналыг хүний нөөцийн мэргэжилтнүүдээр дамжуулан авах ажлыг ойрын үед хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.

-Шинэ хорооллын барилгын явцад хяналт тавьж байгаа юу? Ямар хүлээлттэй байна вэ?

-Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг орон сууцжуулах ажлын хүрээнд “Уурхайчин 1, 2, 3” хорооллыг барихаар төлөвлөн ажиллаж байна. Эхний барилга болох “Уурхайчин 1” төслийн дагуу 600 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар энэ оны тавдугаар сарын нэгнээс барилгын ажил эхэлсэн. Бүх цех, хэсгээс шаардлага хэрэгцээ юу байгаа талаар санал авахад 1600 гаруй айлд шинэ орон сууцны хэрэгцээ байгаа нь харагдсан. Энэхүү судалгаанд түшиглэн орон сууцжуулах төслийг эхлүүлсэн гэж хэлж болно. “Хемон констракшн” дэд бүтцийг нь хийх ёстой. “Неман констракшн”-ы хувьд гэрээний асуудлаас болж барилгын явц удааширсан. Гэхдээ Их барилгын хэлтэст хийгдсэн гэрээнд зааснаар бол “Неман констракшн” 2, “Хемон констракшн” 4 блок барихаар тусгагдсан. Бидний хувьд ажилчдаа тухайн баригдсан орон сууцанд хамруулах үүрэг хүлээж байна.

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог