Телевиз

   Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, 6 дугаар сарын нэгнээс эхлэн мөрдөж байна. Хуулийн өөрчлөлтүүдтэй холбоотой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригтой ярилцлаа.

   - Тендерийн хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
   - Эрдэнэт үйлдвэрийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөх, баримтлах зүй ёсны шаардлага бий болсон. Шалгалтын комиссынхон ч худалдан авалттай холбоотой аливаа асуудлаа хуулийн дагуу явуулах талаар тодорхой зөвлөмж өгч ажилласан. Эрдэнэт үйлдвэр 24 цагийн турш, тасралтгүй үйл ажиллагаа явуулж, төлөвлөгөөгөө биелүүлдэг онцлогтой. Тиймээс юун түрүүнд хэрэгцээтэй бараа, материалыг цаг хугацаанд нь, зохистой үнээр худалдан авч, түүнийгээ урт удаан хугацаанд найдвартай ашиглах замаар үр ашигтай ажилладаг. Манай үйлдвэр улсын төсвөөс санхүүжилт авч, түүнийгээ захиран зарцуулдаггүй гэх мэт үйл ажиллагааны онцлогтой холбоотой асуудал бий. Шинэчилсэн хуулийн тухайд зарчмын өөрчлөлт ороогүй. Харин Үнэлгээний хорооны шийдвэр гаргах хугацаа өөрчлөгдсөн. Тендерийг 30 хоногт зарлаж, 10 хоногт шийдвэр гаргах тухай заалт бий. Мөн олон нийтэд илүү хүртээмжтэй байхыг тодотгосон. Үүнд тендерийг заавал цахим хуудсанд байршуулж, олон нийтэд зарлана гэж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн тухайд 2013 оноос хойш өнөөг хүртэл өөрийн www.erdenetmc.mn сайтад тендерийн тухай мэдээллийг байршуулан, олон нийтэд, нээлттэй зарласаар ирсэн. Жилээс жилд тендерт оролцогчдын тоо нэмэгдэж байна. Тиймээс бид сүүлийн үед харьцуулалтын аргыг түлхүү хэрэглэх болсон. Цаашид ахисан шатны харьцуулалтын аргад шилжих замаар худалдан авах үйл ажиллагааг сайжруулна. Тухайн компанийн татвар төлөлт, сүүлийн нэг жилийн үйл ажиллагааны тайлан зэрэг үзүүлэлтийг харгалзан үзнэ.

    - Үйлдвэрийн хэмжээнд нээлттэй тендер шалгаруулалтын эзлэх хувь нэмэгдэж байна уу?
   - Сүүлийн гурван жилийн худалдан авах ажиллагааны тоон үзүүлэлтээс харахад нээлттэй тендер шалгаруулалтын тоо өссөн байна. 2018 онд 700 орчим гэрээ хийгдсэнээс нээлттэй 114 тендер зарласан бол энэ онд 280-д хүргэхээр зорьж байна.

  - Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах үйл ажиллагаа онцлогтой явагддаг. Үйлдвэрлэлийн найдвартай, урт хугацааны ажиллагааг хангах нь чухал. Энэ тухай дэлгэрүүлбэл?
    - Найдвартай ажиллагаанд чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмж маш чухал. Бид аливаа бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахдаа үнэ хямдыг харахаас гадна урт хугацаанд найдвартай ажилладаг байх чанарын шаардлага тавьж байна. Эрдэнэт үйлдвэр тендерээр худалдан авч байгаа технологийн материалуудаа лабораторийн болон хагас үйлдвэрлэлийн туршилтад оруулж, улмаар нутагшуулах шаардлага гарч байна. Ингэхдээ тухайн бүтээгдэхүүний лабораторийн туршилт, шинжилгээг харгалзан үздэг. Мөн компаниудтай “Хагас үйлдвэрлэлийн туршилтаа Эрдэнэт үйлдвэрт хийж, бид үйлдвэрлэлд нэвтрүүлье” гэсэн зарчим баримтлан харилцдаг.

    - Эрдэнэт үйлдвэр орон нутгийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмждэг. Энэ талаар?
    - Бид импортын бүтээгдэхүүн санал болгодог компаниудыг нэн түрүүнд дэмжихийг чухалчилдаггүй.  Эрдэнэт үйлдвэр дотоодын үйлдвэрлэгч компаниудаа ямагт дэмжсээр ирсэн. Үүнд зөвхөн орон нутаг гэлтгүй Монгол Улсын хэмжээнд, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний компаниуд ч багтана. Тендерийн хуульд ч энэ талаар тодорхой заалт орсон. Одоогоор Орхон аймгийн “ОРА металл” ХХК, “Металл Индустрал” ХХК, Ган бөөрөнцөгийн цех, резин болон маскны үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж байна.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Цахилгааны цехийн ажилтнуудын ажил мэргэжлийн уралдаан өнөөдөр эхэллээ. Цехийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ХАБЭА-н зөв арга барилд суралцах, харилцан санал туршлагаа солилцох боломж олгоход уралдааны зорилго чиглэгддэг. Ажил мэргэжлийн уралдааны эхний үзүүлэлтээр багууд өөрсдийн мэргэжлийн онцлогийг харуулсан мэндчилгээ бэлтгэж, өрсөлдлөө. Уралдааны шүүгчээр Цахилгааны цехийн дарга Д.Даваадорж, Ерөнхий инженер Г.Цогт-Очир, ҮТА-ны дарга Н.Чулуунбаатар, Хүний нөөцийн мэргэжилтэн С.Дэлгэрмаа,  Эрчим хүчний хэлтсийн орлогч Л.Ариунболд нар ажиллаж байна.
   Энэ жилийн ажил мэргэжлийн уралдаанд тус цехийн залуу ажилтнууд 9 багт хуваагдан, зургаан үндсэн үзүүлэлтээр өрсөлдөх юм. Уралдаанд оролцож буй багууд цахилгаан техникийн холбоотой илтгэл хэлэлцүүлж, бараа материалын марк тогтоох, тооцоо хийх, сэлгэн залгалтын хуудас хэрхэн зөв хурдан бичих, гэмтэл устгах зэрэг даалгаврыг гүйцэтгэж, ур чадвараа сорих ажээ.

М.Балжинням

   Орхон аймгийн Мэргэжлийн Хяналтын Газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хийсэн шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа. Дүнгийн хурал Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд зохион байгуулагдаж, бүтцийн цех нэгжүүдийн удирдлага, ХАБЭА болон хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцов. Нэгдсэн шалгалтыг МХГ-ын даргын баталсан удирдамж, Монгол Улсын Шадар сайдын баталсан 2019 оны улсын хэмжээнд хийгдэх хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 7-24-ний өдөр явуулсан байна. Шалгалтаар тус үйлдвэрийн 13 чиглэлийн үйл ажиллагаанд  улсын 15 байцаагч ажиллажээ.
   Энэ удаагийн шалгалтын дүнг өнгөрсөн оны дүнтэй харьцуулахад их эрсдэлтэй объектын тоо 50 хувиар буурчээ. Энэ нь өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжээнд хууль тогтоомжийн биелэлт сайн түвшинд байгааг харууллаа. Мөн өмнөх оны шалгалтын дүнгээр өгсөн даалгавар, албан шаардлага, актын биелэлт хангалттай түвшинд биелэгдсэн дүгнэлт гарсан гэж аймгийн МХГ-ын Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, Улсын ахлах байцаагч Д.Сүхбат онцлов.
   Хэдийгээр шалгалтын нэгдсэн дүгнэлтээр бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн ч зарим цех нэгж дээр тодорхой анхаарах зүйл илэрснийг улсын байцаагчид танилцуулав. Тухайлбал, шинэ барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэж өгөх үйл ажиллагаатай холбоотой зөрчил багагүй гарчээ. Үүнтэй холбоотой зөвлөмж, анхааруулгыг дүнгийн хурлын үеэр холбогдох улсын байцаагчид өгсөн. Орхон аймгийн МХГ-аас нэгдсэн шалгалтын үеэр илэрсэн зөрчил дутагдлыг 8 дугаар сарын нэгний дотор арилгахыг үүрэг болголоо.

М.Балжинням
 

Лхагва, 05 6-р сар 2019 00:00

Мэдэгдэл


___________________________________________________________________________________________________________________

МЭДЭГДЭЛ

   Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, мэдээллийн зарим нэгэн цахим хуудсаар  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, түүний удирдлагуудтай холбосон гүтгэлгийн шинжтэй, баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдэж, Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олны амжилтыг харлуулж, урам зоригийг мохоох, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх оролдлого хийж байгаад харамсаж байна.
   Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаа хэвийн жигд тасралтгүй үргэлжилж байна. Манай хамт олон 2019 оны эхний таван сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдийг 100-112 хувиар биелүүлж, улс болон орон нутгийн төсөвт 378.5 тэрбум төгрөгийн татвар, төлбөр төвлөрүүлэн амжилттай ажиллаж байна.
   Монгол Улсын Засгийн Газраас Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон энэ цаг үед олон нийтийн цахим сүлжээг ашиглан Уурхайчин хамт олны нэр хүндэд санаатайгаар халдсан худал мэдээлэл түгээж байгаа нь улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гол түших багана, тулах хүч болж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагааг доголдуулах, удирдлагын түвшинд зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүнг харлуулах зорилгоор зохион байгуулалттай хийж байгаа үйлдэл гэж үзэж байна.
   Мэдээллийн үнэн зөв, бодитой байдлыг хангаагүй, эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг гүтгэлэг, таамаг хэлбэрээр олон нийтэд түгээж буй нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 6.21-р зүйлийн 1 дэх хэсэг, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус зөрчиж байгаа хэрэг юм. Тиймээс ор үндэслэлгүй энэ мэт гүтгэлэг, худал мэдээлэл нийтэлж, түгээхгүй байхыг анхааруулъя.
   Баримт нотолгоогүй, худал мэдээ, мэдээллийг захиалгаар түгээн, нийтэлж буй зарим цахим хуудас, хэвлэл мэдээллийн байгууллага энэхүү бусармаг үйл ажиллагаагаа зогсоож, залруулга хийгээгүй тохиолдолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс  хууль, хяналтын байгууллагад хандах болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
   Мөн Эрдэнэт үйлдвэрийн талаарх үнэн бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч түгээхийг нийт Хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна.   

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН
ХУУЛИЙН ХЭЛТЭС

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог