Эрдэнэтээ дэмжье

     Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн Зорчигч тээврийн хэсэг үйлдвэрийн ажилчдыг тээвэрлэхэд өдрийн нэг ээлжинд 24 автобусаар үйлчилдэг. Ажилчдын ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрийн дүүрэг болон автобусны буудал хооронд  аюулгүй тээвэрлэх үндсэн үүрэг хүлээж, 2019 оны төлөвлөгөөндөө олон ажил шинээр санаачилан тусгажээ. Өдрийн ээлжийн нэг автобус дунджаар 60-80 хүн тээвэрлэдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг өндөр түвшинд мөрдөж, техникийн найдвартай бүрэн бүтэн байдлыг хангахад онцгой анхаарч, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллаж буйг холбогдох албаны хүн онцоллоо. Мөн ахмад болон залуу жолооч нарын хоорондын уялдааг нягтруулж, халамжлан хүмүүжүүлэх ,багш шавийн холбоог бэхжүүлэх зэрэг хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
     Саяхан тус хэсэг парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобусаар “бүл” нэмж, Солонгос улсад үйлдвэрлэсэн Хьюндай маркийн 45 хүний суудал бүхий зочны автобусыг үйлчилгээнд гаргажээ. Автобусны техникийн болоод дотоод цэвэрлэгээ, өнгө үзэмжтэй байлгахад Зорчигч тээврийн хэсгийн ажилтнуудаас гадна зорчиж буй ажилчдын санаачилга гол нөлөөтэй. Иймд ажилчдын автобусаар үйлчлүүлж буй хүн бүхэн бие биенээ хүндэтгэлтэй хандаж, соёлтой зорчиж байхыг тус хэсгийн хамт олон уриалж байна. 

М.Балжинням
Б.Баттөгс

     Эрдэнэт үйлдвэрийн Механикийн хэлтэс, Засвар механикийн завод импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тус завод нь уул уурхайн үндсэн тоног төхөөрөмж болон төрөл бүрийн бөмбөлөгт тээрмүүдийн хуяг, экскаватор, бульдозер, автогрейдерийн шүд, буйл, 20 орчим нэр төрлийн шахуурга, резинэн эдлэл, металл хийц болон стандарт бус тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг.
     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь гадны компанитай хамтран Баяжуулах үйлдвэр, Ил уурхайд гидро цилиндр сэргээн засварлахаар болжээ. Ингэснээр зах зээлийн үнээс 40-60 хувийн хямд өртөгтэй эдийн засгийн үр ашиг гарч байна.

А.Бямба
Б.Баттөгс

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба ажлын байранд дулаан механикийн тоноглолд тусгаарлалтын журам  нэвтрүүлжээ. Тоног төхөөрөмжид үзлэг, үйлчилгээ хийх, засвар угсралт, туршилт, тохируулгын ажил гүйцэтгэхэд бүх төрлийн аюултай эх үүсвэрийг тусгаарлах юм. Өндөр даралттай халуун уур, халуун болон хүйтэн усны шугам хоолойн хаалт хавхалга зэргийг хааж гинжилж цоожилсноор ажилтны амь нас эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж байна.
     Тус станцын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба цахилгаан тоног төхөөрөмж, тэдгээрийн удирдлагын самбар, хүчдэлийн хуваарилах байгууламж гэх мэт цахилгаан эрчим хүчний аюултай эх үүсвэрийг тусгаарлах ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөжээ.

А.Бямбамаа
Б.Баттөгс



 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ оны хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөнд томоохон бүтээн байгуулалтуудыг тусгасны нэг нь соёл, спортын “Эрдэнэт” цогцолбор буюу Бөхийн өргөөний барилгын ажил юм. Бурхан багшийн сэрэг дүрийн урд баригдах тус цогцолборын барилгын ажлыг тус үйлдвэрийн Барилга засварын цех гүйцэтгэнэ. Уг соёл спортын цогцолборыг барих ажилд Эрдэнэт үйлдвэр 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.     
     Барилга засварын цехийн хамт олон энэ онд хөрөнгө оруулалт, урсгал засвар гэсэн хоёр чиглэлээр ажиллана. Өнөөдрийн байдлаар эдгээр чиглэлээр нийт 67 ажлын гэрээ хийгдсэнээс 36 обьектын засварын ажлыг дуусган, хүлээлгэж өгчээ. Үлдсэн төлөвлөгөөт ажлаа хугацаанд нь багтаан гүйцэтгэнэ гэж тус цехийн Үйлдвэр техникийн товчооны дарга Э.Жаргалцэцэг хэлэв. Мөн зуны улирал эхэлж буйтай холбогдуулан улирлын засварын ажлууд эхэлжээ. Ойрын үед хүүхдийн зуслангийн засвар болон үйлдвэрийн “Их зогсолт”-ын цэвэрлэгээний бэлтгэл хангах, Засвар механикийн заводын өргөтгөлийн бетон хийх зэрэг ажлыг төлөвлөсөн байна.   
      Тус цехийн захиргаа үндсэн ажлаас гадна ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжиж туслах, урам зориг өгөх зорилгоор “Сайн үйлс” аяныг зохион байгуулдаг. Саяхан цехийнхээ засал чимэглэлчин, өрх толгойлсон эмэгтэйд өөрсдийн хүчээр шинэ хашаа байшин барьж өгчээ. Энэ үйлсэд цехийн ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлаж, сэтгэл санаа болон эд материалын дэм үзүүллээ. Мөн цех хариуцсан эмчтэйгээ хамтран “Эрүүл мэндийн аян” өрнүүлж, жингийн илүүдэлтэй ажилтнуудаа хамруулан сургалт, зөвлөгөө өгч байна. Аянд 60 ажилтан оролцож, биеийн жингээ зохист хэмжээнд хүргэхээр уралдаан зарлажээ.

М.Балжинням

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог