Эрдэнэтээ дэмжье
Даваа, 04 3-р сар 2019 00:00

Мөсөн нуурын гайхамшиг

     Эх орны минь үзэсгэлэн төгөлдөр тогтоц бүхий, байгаль эхийн хайр хишиг болсон Хөвсгөл нуурын мөсөн мандалд “Хөх сувд-2019” өвлийн наадам боллоо. Монгол орны өнцөг булан бүрээс, эх дэлхийн алс хязгаар орноос ч өвлийн өнгийг гайхан шагшихаар хүрэлцэн иржээ. Зохион байгуулагчдын албан ёсны мэдээллээр 20 гаруй мянган хүн Хөвсгөл аймгийн Хатгал сумыг зорьжээ. Мөсөн нуурын мандлын аюулгүй байдлыг тус сумын Онцгой байдлын газар, Цагдаагийн албан хаагчид ханган ажиллаж, мөсөн замын аюулгүй хэсгийг туг хатгаж тэмдэглэсэн байв. “Хөх сувд-2019” өвлийн наадам жуулчдад зориулсан дуу хуур, бүжиг наадам дүүрэн, худалдаа үйлчилгээ өргөн дэлгэгдсэн байлаа.  Хөвсгөл аймгийн урчуудын холбооны мөсөн асрын үзэсгэлэн, мөсөн гэр, гулгуур, морин чарга нүд хужирлана. Наадмыг зорин ирсэн зочдоо Хөвсгөл аймгийнхан найрсгаар угтан авч, өвлийн аялал жуулчлалын ашиг тусыг хүртлээ.  

У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс

     “Хүүхэд, оролцоо, хөгжил, хамгаалал 1:1” сэдэвт зорилтот бүлгийн 61 хүүхдийг хөгжүүлэх  гурван сарын аяныг Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баян-Өндөр сум, Ахмад эмч нарын болон Ахмад багш нарын холбоо хамтран хэрэгжүүлж эхэллээ. Аяны хүрээнд баг бүрээс сонгогдсон зорилтот бүлгийн хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд хамруулах, “Би Эрдэнэт хотдоо хайртай” тойрон аялалд оролцуулах, номын сангийн үйл ажиллагаатай танилцуулах, музей үзүүлэх, охид, хөвгүүдийн аминчхан яриа хийх, амьдрах ухааны сургалтад хамруулах, тэдний эцэг эхэд гэр бүлийн боловсрол олгох гээд олон ажил төлөвлөжээ.
      Аяны удирдамжийн дагуу ахмад багш нар нэг хүүхдийг хариуцан сурч хөгжихөд нь анхаарахын зэрэгцээ зөвлөгөө мэдээллээр хангах учиртай. Мөн холбогдох албаныхан хүүхдүүдийг хүсэл сонирхлынх нь дагуу Хүүхдийн ордны хөгжлийн хөтөлбөрүүдэд үнэгүй хамрагдах боломж нөхцөлөөр хангасан байна. Мөн ГБХЗХ-ийн газар энэ оныг “Иргэн төвтэйгөөр олон нийтийг мэдлэгжүүлэх, эерэг хандлагыг түгээх” жил болгон зарласан. Энэ хүрээнд Залуучуудын хөгжлийн төвөөс Насан туршийн боловсролын төвтэй хамтран гуравдугаар сарын нэгнээс англи хэл, компьютер, амьдрах ухааны анхан шатны мэдлэг олгох, үнэ төлбөргүй сургалтаа эхлүүлж байна.

И.ЧИНТОГТОХ


 

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог