Эрдэнэтээ дэмжье

     Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд шалган нэвтрүүлэх хяналтын системийг боловсронгуй болгох зорилгоор “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрийн бүсэд болон обьектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх  журам”-ыг шинэчлэн, 2018 оны гуравдугаар сарын нэгний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Журмаар үйлдвэрийн бүс, обьектод нэвтрэх компанийн ажилтан болон бусад хүнд олгох цахим үнэмлэхний ангилал, олголтын асуудал, Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болон гадны хүмүүсийг компанийн бүс, обьектод хэрхэн нэвтрүүлэх, үйлдвэрийн бүс, обьектод тээврийн хэрэгслийг яаж нэвтрүүлэх вэ гэсэн гурван багц асуудлыг зохицуулж байна. Шинэчлэгдсэн журмын талаар Хууль эрхзүйн газрын хуульч Н.Энхболдоос тодруулав.

      - Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн шалган нэвтрүүлэх системийн шинэчлэл хийгдэж байна. Шинэчлэл яагаад хийгдэх болсон бэ?
      - Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9-р сарын 26-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалтыг баталж, Эрдэнэт үйлдвэрийг улсын онц чухал объектоор тогтоосон. Улсын онц чухал объектын хамгаалалтыг хэрэгжүүлэх, компанийн аюулгүй байдлыг хангахын тулд Ерөнхий захирлын 2016 оны А/110 дугаар тушаалаар батлагдан мөрдөгдөж байсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүс, объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журмыг шинэчлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн юм.

      - Үйлдвэрийн бүс болон обьектод нэвтрэх хамгийн гол бичиг баримт бол ажилтны цахим үнэмлэх. Шалган нэвтрүүлэх системийн  шинэчлэлтэй холбоотойгоор ажилтны ажлын үнэмлэх өөрчлөгдөж, нийт ажилтнуудад олгосон. Энэхүү  цахим үнэмлэх болон эдгээрийг олгох, ашиглах журмын онцлог нь юу вэ?
      - Эрдэнэт үйлдвэрийн болон гэрээт байгууллагын нийт ажилтнуудад  батлагдсан загварын дагуу ажлын цахим үнэмлэх , ашиглах  журам шинээр батлагдаж, энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж байна. Журмыг Ерөнхий захирлын А/10 тоот тушаалын дагуу бүтцийн нэгжийн дарга нар, хүний нөөцийн мэргэжилтнүүд нийт ажилтнуудад танилцуулсан.  Ажилтны үнэмлэх бол тухайн иргэнийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажиллаж байх хугацаанд компанийн ажилтан болохыг гэрчлэх үндсэн баримт бичиг болохын зэрэгцээ компанийн өмч болно. Журамд ажилтанд үнэмлэхийг анх удаа болон эсвэл бүтэц зохион байгуулалт, албан тушаал өөрчлөгдсөн тохиолдолд үнэ төлбөргүй олгоно. Харин хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд тухайн ажилтны өргөдөл, нэгжийн даргын зөвшөөрлийг үндэслэн 15000 төгрөгийн төлбөртэйгөөр олгоно гэж тодорхой заасан нь шинэ заалт болсон. Энэ нь компанийн дотоод дэг журмыг сахиулах, ажилтнуудын хөдөлмөрийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн гэдгийг хэлэх нь зүйтэй.  
Мөн цахим үнэмлэхний ашиглалтын талаар тодорхой зааж өгснөөрөө онцлогтой. Тухайлбал, компанийн ажилтан үнэмлэхээ ажилд ирэх, тарах болон ажлын цагийн үргэлжлэх хугацаанд байнга биедээ авч явахыг үүрэг болгосон.  Хэрэв ажлын үнэмлэхгүй ирвэл компанийн бүс, объектод нэвтрүүлэхгүй. Шинэчлэгдсэн цахим үнэмлэх нь зөвхөн ажлын байранд нэвтрэх баримт болох төдийгүй ажлын цагийн болон халуун хоолны бүртгэл, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, хүний нөөцийн мэдээллийн систем, цалин хөлсний зэрэг программ хангамжтай уялдаж ажиллана. Ингэснээр энэхүү цахим үнэмлэх шинэлэг, боловсронгуй болсон гэж хэлж болно.  Бүтцийн нэгжийн дарга, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд ажилтнуудаа бүрэн үнэмлэхжүүлэх, ашиглалтын байдалд нь тогтмол хяналт тавих үүргийг журманд тусгаж, үнэмлэхгүй ирсэн ажилтныг ажил тасалсанд тооцох, бусдын үнэмлэхийг шалган нэвтрүүлэх төхөөрөмжид уншуулах, бусдад ашиглуулах зэрэг зөрчил гаргасан ажилтанд сахилгын хариуцлага тооцохыг заасан.  Хяналтын болоод хариуцлагын заалтуудыг тодорхой тусгасан нь уг журмын онцлог болж байгаа.

      - Үйлдвэрийн бүс болон объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам шинэчлэн баталлаа. Ажилтан, гэрээт байгууллагын ажилтнууд үйлдвэрийн бүс болон объектод нэвтрэхдээ ямар үүрэгтэй байх вэ?
      - Дахин  хэлэхэд, ажилтнууд ажлын байранд ажлын цагаар ажлын үнэмлэхээ биедээ байнга авч явах үүрэгтэй. Үйлдвэрийн бүсийн автозамын нэг, хоёрдугаар цэгээр болон Ерөнхий захиргааны нэг, хоёрдугаар байранд суурилуулсан шалган нэвтрүүлэх төхөөрөмжид ажлын цахим үнэмлэхээ уншуулж, шалган нэвтрүүлэх төхөөрөмжийг зааврын дагуу ашиглан нэвтэрнэ. Хэрэв  жижүүр, харуул хамгаалалтын албаны ажилтан шаардсан тохиолдолд үнэмлэхээ тухай бүрд нь шалгуулах үүрэг хүлээнэ.  Гэрээт байгууллагын ажилтнуудын хувьд гэрээт ажилтан гэсэн цахим үнэмлэхийг өөрийн байгууллагын ажлын үнэмлэхтэй хамт авч явна гэж заасан.

      -Тэгвэл гадны хүмүүсийг хэрхэн нэвтрүүлэх вэ? Тэд ямар үүрэг хүлээх вэ?
      - Эрдэнэт үйлдвэрт албан болон хувийн асуудлаар зочлох хүсэлтэй иргэд Ерөнхий захиргааны байрууд, үйлдвэрийн бүсэд нэвтрэхдээ иргэний үнэмлэхээ шалгуулж, нэвтэрнэ. Өөрөөр хэлбэл, иргэний цахим үнэмлэхээ авч ирнэ гэсэн үг. Журмын дагуу тухайн хүмүүсийн иргэний болон ажлын үнэмлэх, бусад хувийн баримт бичгийг үндэслэн  “Зочин” цахим үнэмлэхийг олгох юм. Тус үнэмлэхийг үйлдвэрийн Ерөнхий захирал, түүний орлогч нар, бүтцийн нэгжийн дарга, орлогч нартай уулзах, мөн компанитай аливаа асуудлаар харьцах зорилгоор удирдлагуудын туслах, нарийн бичиг, зөвлөх нарын зөвшөөрөлтэй гадны хүмүүст албан бичиг, захидал, гэрээ, өргөдөл зэргийг үндэслэн олгоно гэж журамд тусгасан. Үйлдвэрийн бүсэд нэвтрэх бол “Зочин” гэсэн цахим үнэмлэх түр олгож, автозамын нэгдүгээр цэгт байрлах шалган нэвтрүүлэх байранд Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгсний дараа нэвтрүүлнэ.

     - Тээврийн хэрэгслийн тухайд?
      - Тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хэд хэдэн заалт илүү тодорхой тусгасан. Тухайлбал, үйлдвэрийн бүс объектод нэвтрэх компанийн ажилтнуудыг тээвэрлэх автобуснаас бусад бүх тээврийн хэрэгслийн жолооч нь орох, гарах бүрт шалган нэвтрүүлэх цэгүүдэд зогсон, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг унтрааж, зорчигчдыг буулган шалган нэвтрүүлэгч харуул хамгаалалтын албаны ажилтанд тээврийн хэрэгслийг шалгуулна. Харин автомашины зорчигч, ажилтан нар ажлын үнэмлэхээ уншуулж, гадны хүн “Зочин” гэсэн цахим үнэмлэх авч, шалган нэвтрүүлэх цэгээр үнэмлэхээ уншуулж нэвтэрнэ гэж оруулсан. Өмнө нь тухайн авто машинд яваа зорчигчдыг буулгалгүйгээр шалгаж оруулдаг байсныг журмаар ингэж өөрчилсөн байгаа.  Мөн нэг удаа нэвтрүүлэх зөвшөөрлийн үнэмлэхийг дараах ажил үүрэгтэй тээврийн хэрэгслүүдэд олгоно. Үүнд, компанид гэрээгээр ажил гүйцэтгэдэг иргэн, гадны байгууллага, аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг компанийн Хууль эрх зүйн газар, Үйлдвэрлэлийн хэлтэс, Гэрээт цагдаагийн хэлтсийн зөвшөөрлийн дагуу Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч - Ерөнхий инженер баталгаажуулан үйлдвэрийн бүсэд нэвтрүүлнэ. Харин тухайн гүйцэтгэх ажилтай холбоотой цех нэгжийн удирдлага нэг удаагийн зөвшөөрлийг олгох юм. Түүнчлэн онцгой нөхцөл байдал үүссэн үед шалган нэвтрүүлэх ажиллагаа, гадны жуулчид, төлөөлөгчид, оюутан бусад хүмүүст үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулах талаар тодорхой тусгасан. Үйлдвэрийн бүс болон объектод нэвтрэхдээ ямар нэг зөрчил гаргасан  тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг уг журмаар зохицуулж байгаа нь компанийн аюулгүй байдлыг хангах нэг чухал нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болж байгаа юм.

 

М.Балжинням

 

     БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтын бүртгэл Орхон аймгийн МСҮТ-ийн байранд өнөөдрөөс эхэлж байна. Энэ нь Солонгос улсад ажиллах хүч гаргах 15 дахь удаагийн сонгон шалгаруулалтын бүртгэл бөгөөд гурван өдрийн турш үргэлжилнэ гэж албаныхан хэллээ.
     Бүртгэлд хамрагдах иргэдэд 18-39 насны (1979.03.14-2001.03.13-ний хооронд төрсөн), хорих ял болон түүнээс хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй, Солонгос улсаас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй, Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй, өнгө ялгах чадвартай, мэргэжлийн бус ажилчны Е-9, усан онгоцны ажлын Е-10 визээр 5-аас дээш жил ажиллаагүй байх зэрэг нийтлэг шаардлага тавьжээ.


И.ТОГТОХ

     Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд “Байгаль хамгаалах уламжлал” сэдэвт гар зургийн уралдаан зарлажээ. Зохион байгуулагчид энэхүү уралдаанаар Монголчуудын байгаль дэлхий, ан амьтдаа хамгаалах уламжлалыг харуулахыг зорьсон бөгөөд уралдааны бүтээлийг энэ сарын 17-ны өдрийг хүртэл Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв дээр хүлээн авч, 18-ны өдөр дүнгээ гаргах юм. Шилдэг бүтээлүүдээр нээлттэй үзэсгэлэн гаргаж, нийтийн хүртээл болгохоор төлөвлөжээ.
     Мөн 9-11 дүгээр ангийн “Ногоон паспорт” эзэмшигч сурагчид болон эко клубынхэн дунд “Нэг удаагийн нийлэг хальсан уутнаас татгалзъя” сэдэвт бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санааг агуулсан видео уралдаан зарласан байна.


И.ЧИНТОГТОХ
 

     Эрдэнэт үйлдвэр тэртээ 40 жилийн өмнө хотоо цэвэр усаар хангаж, үйлдвэрийн хэрэгцээний ус авах хоёр хос шугамыг Сэлэнгэ мөрнөөс татсан байдаг. Олон жилийн насжилтаар эдгээр шугам зэвэрч, элэгдэж, мууджээ. Эрдэнэт хотын хүн ам өсөхийн хэрээр цэвэр усны эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед хос шугам ачаалал ихтэй байгаа гэж үйлдвэрийн удирдлагууд үзэж, гурав дахь шугам хоолойг татах шийдвэр гаргалаа. Ус дамжуулах станцуудын хооронд тавигдсан нийт шугам 119 км урттай бөгөөд шинэ шугам ашиглалтад орсноор шахах усны хэмжээ нэмэгдэж, үйлдвэр цахилгаан эрчим хүчний зардлаа жилд дунджаар 10 хувиар буюу 1,3 тэрбум төгрөгөөр бууруулах урьдчилсан тооцоо хийгээд байна. Энэ ажлын хүрээнд хууль эрх зүйн бичиг баримтыг боловсруулж, геодези, маркшейдэрийн зураг гаргах, хэмжилт хийгдэхээр боллоо.


И.ЧИНТОГТОХ

     Эрдэнэт үйлдвэр ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчдаа жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулж ирсэн. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн оны долдугаар сард эхэлсэн эрүүл мэндийн үзлэгт 7800 ажилтан хамрагдаж, нэгдсэн дүнгээ гаргалаа. Үзлэг шинжилгээнд орсон үйлдвэрийн нийт ажилчдын дунд хоол боловсруулах замын болон дотоод шүүрэл, бодисын солилцоо, шээс, зүрх судас, үе мөч, бөөрний замын өвчлөл зонхилжээ. Урьдчилан сэргийлэх үзлэг нь аливаа өвчлөлийг эрт илрүүлэх, ингэснээр эмчлэх, өвчнийг даамжруулахгүй байхад чухал ач холбогдолтой ажил юм.


И.ТОГТОХ

 

Мягмар, 12 3-р сар 2019 00:00

Шинэ экскаватор угсарч байна

     Эрдэнэт үйлдвэрийн техник, технологийн шинэчлэлийн хүрээнд шинэ тоног төхөөрөмж угсарч байна. Тухайлбал, Ил уурхайн Уулын тоног  төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсгийнхэн ЭКГ-12К маркийн экскаваторыг угсрах ажлыг гүйцэтгэж байна. ОХУ-д үйлдвэрлэгдсэн, 12 куб метр багтаамж бүхий шанагатай  уг экскаваторын угсралт өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр эхэлжээ.
     Өнөөдрийн байдлаар угсралтын ажил хуваарийн дагуу үргэлжилж, цахилгааны кабель утас сүвлэх, хийн системийн труба холбох зэрэг технологийн ажилдаа ороод байна. Шинэ экскаваторын угсралтын ажлыг тус засварын хэсгийнхнээс гадна цахилгаан, кран, гагнуурын бүхий л мэргэжилтнүүд хамтран хоёр ээлжээр гүйцэтгэж байгаа юм. ЭКГ-12К экскаваторыг ирэх дөрөвдүгээр сарын дундуур бэлэн болгож, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Ил уурхайнхан 40 жилийн хугацаанд 25 дахь экскаватор угсарч буй нь энэ юм.  

 

     Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, “Шүүдэр” охидын төв хамтран энэ сарын 21-нд өсвөр насны охидын дуу хоолойг сонсож, тэдэнд тулгамдсан асуудлыг илрүүлэх зорилгоор орон нутагтаа анх удаа “Охидын чуулган”-ыг зохион байгуулахаар боллоо. Уулзалт хэлэлцүүлэгт Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх сургуулийг хамруулах бөгөөд сурагч, эцэг эхийн төлөөлөл болон нийгмийн ажилтнууд хамрагдах юм.
     Өсвөр насны охидод шилжилтийн үеийн сэтгэл зүйн өөрчлөлтөөс гадна тулгамддаг маш олон асуудал байдаг ч тэд хэрхэн шийдвэрлэхээ мэддэггүй. Энэ нь мэдээ мэдээлэл дутмаг, эцэг эхийн харилцаа тааруу байхаас эхтэй гэж холбогдох мэргэжилтнүүд үзэж байна. Чуулганаар өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэмт хэрэг, харилцаа хандлага сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, сургалт явуулна. Хүүхэлдэйн театрт зохиогдох энэхүү үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхийн тулд 300 сурагч, эцэг эхийн төлөөллийг оролцуулахаар бэлтгэж байна.  

И.ЧИНТОГТОХ

     Засгийн газрын 189-р тогтоолоор сав, баглаа боодлын зориулалтаар ашиглаж байгаа 0,035 мм-ээс нимгэн, хүнсний зориулалттай нэг удаагийн нийлэг уутыг Монгол улсын хэмжээнд ашиглахыг энэ сарын 1-нээс хориглосон. Улмаар гялгар уутыг хилээр оруулж ирэх, худалдаа, үйлчилгээнд хэрэглэсэн тохиолдолд өндөр торгууль ноогдуулахаар тусгажээ. Иргэдийг даавуун уутны хэрэглээгээ нэмэгдүүлж, зарим уутыг орлох бүтээгдэхүүн хангалттай гарсны дараа үе шаттайгаар бусад уутыг хориглох арга хэмжээ авна гэдгээ салбарын яам мэдэгдсэн.
     Өнгөрсөн долоо хоногийн хувьд зарим аймаг даавуун уутыг хэрэглээнд нэвтрүүлэхээр аян өрнүүлж, олны танил хүмүүс “Сэтгэл байвал хууль хэрэггүй”, “Байгальд ээлтэй хотын иргэн болцгооё” зэрэг гялгар уутнаас татгалзах уриалга олон нийтийн сүлжээнд гаргаад байна. Ямартаа ч манай улс нийлэг уутыг хэрэглээнээсээ хасч байгаа цөөн орны нэг боллоо.
     Хуванцар бүтээгдэхүүн байгаль дээр задардаггүй бөгөөд үйлдвэрлэгдсэн бүх хуванцар ямар нэгэн хэлбэр дүрстэйгээр манай гараг дээр оршсоор байдаг байна. Өнгөрсөн хэдэн арван жилийн турш хуванцар хаягдлаа дахин боловсруулж байгаа гэж мэдэгдэж байсан дэлхийн зарим улс орон үнэн хэрэгтээ өөр улс руу экспортлож байсан нь нотлогджээ. Үүний хор уршгаар Хонконгийн боомт, Европын зарим хот, АНУ-д хуванцарын овоолго үүссэн байна.  


И.ТОГТОХ

    Өнөөдрөөс Эрдэнэт хотын төв замд шинээр хоёр тэмдэглэгээ тавигджээ. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын автобусны цуваа, хотын ажлын цагийн ачаалал зэргээс хамаарч эргэхийг хориглосон энэ газарт зам тээврийн осол гарах нөхцөл үүссэн байсан. Жилээс жилд нэмэгдэж буй хотын хүн ам, түүнийг дагасан автомашин хэрэглэгчдийн тоо зэргээс хамаарч Эрдэнэт хотын замын даац нэгэнт хэтрээд байгаа. Тиймээс Орхон аймгийн Замын цагдаагийн тасаг нөхцөл байдлыг үнэлж, шинээр тэмдэглэгээ нэмж, хүн амаа осол гэмтлээс хамгааллаа.


У.Бат

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле болон Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар нар өчигдөр Орхон аймагт томилолтоор ажиллаж, аймгийн Онцгой комисс хуралдлаа. ХХААХҮ-ийн яам, Улсын онцгой комисс Жаргалант суманд гүний худаг барихад 20 сая, гоц халдварт өвчний үед малаа алдсан малчдад нөхөн олговор олгоход 100 сая төгрөг олгохоор болов.

У.Цэрэн

 

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог