Эрдэнэтээ дэмжье

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тогтвортой хөгжлийн цогц бодлого, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд Чанар хяналтын хэлтсийн түлшний болон металлын лаборатори тоног төхөөрөмжүүдээ шинэчиллээ. 40 жилийн тэртээ байгуулагдсан Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад дээрх лабораториудын үүрэг их байсан бөгөөд хэмжилтийн багаж улам боловсронгуй болж, хүний гар ажиллагааг багасгасанд шинжээч, мэргэжилтнүүдийн сэтгэгдэл өндөр байна.
    Чанар хяналтын хэлтсийн Түлшний лаборатори нь Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц, Ган бөмбөлгийн цех, Засвар механикийн заводод нийлүүлэгдэж байгаа нүүрсний чанарт хяналт тавьдаг гол газар юм. Мөн Дулааны цахилгаан станцын зуухнаас гарч байгаа үнс, шаар болон тоосны шинжилгээг хийсээр иржээ. 2017 онд Дулааны цахилгаан станц өргөтгөл хийсэнтэй холбогдуулан тус лабораторийн ачаалал нэмэгдэж, нүүрсний илчлэг тодорхойлдог шинэ багаж тавихаас аргагүй байдалд хүрсэн байна. Өмнө ашиглаж байсан багаж нь нэг сорьцоос гурван төрлийн дээж авч, шатаах, хатаах зуухны дамжлагатайгаар нүүрсний чанарыг тодорхойлдог байсан бол эдүгээ нэг удаагийн сорьцоос гурван төрлийн хариуг зэрэг авах боломжтой бүрэн автомат төхөөрөмж суурилуулжээ. Хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн энэхүү багаж нь эрчим хүчний болон эд материалын зардлаа хэмнэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт лабораторийнхон итгэлтэй байна.
     Засвар механикийн заводын Цутгуурын цехийн Металлын лаборатори нь тухайн цехийн үйлдвэрлэлийн технологийн процессын хяналтын шинжилгээг хийх зориулалтаар анх байгуулагджээ. 1994 онд суурилуулсан тоног төхөөрөмж нь 4 төрлийн хэмжилт хийдэг байсан бол шинэ төхөөрөмжтэй болсноор тодорхойлдог бүтээгдэхүүний нэр төрөл нь нэмэгдэж, бүх төрлийн металлын нарийвчилсан шинжилгээ хийх боломжтой болсныг лабораторийн эрхлэгч Х.Билэгээ онцоллоо. Тус лаборатори шинэ төхөөрөмждөө тулгуурлан үйлдвэрт нийлүүлэгдэж байгаа бүх төмөр бараа материалын болон Монгол улсын хэмжээнд хэрэглэгчдийн хүссэн төмөрлөг материалуудын шинжилгээг хийхээр төлөвлөжээ.

И.ЧИНТОГТОХ

     Эрдэнэт үйлдвэрийн гуравдугаар сарын эхний 10 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт давж биелсэн байна. Сарын эхний 10 хоногт 715 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 106,9 хувиар, хөрс хуулалтын гүйцэтгэл  367  мянган метр куб буюу төлөвлөгөө  114,1 хувиар, хүдэр олборлолтын гүйцэтгэл  888  мянган тонн буюу 100,3 хувиар тус тус биелэв. Хүдэр дэх зэсийн агуулга 0,465 хувь, молибдений агуулга 0,0179 хувийн гүйцэтгэлтэй байж, төлөвлөгөө 101,1-121,8 хувиар давж биелсэн байна. Мөн ачигдсан зэсийн баяжмалын болон молибдений баяжмалын чанарын төлөвлөгөө 101,6-102,6 хувийн биелэлттэй гарчээ. Сарын эхний 10 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт өндөр хувьтай, технологийн үйл явц хэвийн байна.

 

М.Балжинням
 

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог