Эрдэнэтээ дэмжье

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эдийн засгийн бодлогын хэлтэс, Маркетингийн хэлтэс, Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн 30 гаруй мэргэжилтэн мэргэжлийнхээ дагуу хоёр өдрийн турш Монгол банкны сургалтанд хамрагдаж байна. Сургалтын хүрээнд Монгол банкны үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын мөнгөний бодлого, инфляц, 2020 оны төсвийн төсөөлөл, валютын ханшийн хэлбэлзэл, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, уул уурхайн салбарын татварын урамшуулал сэдвээр сургалт авч, цаг үеийн мэдээллээр мэдлэгээ  тэлэхийн зэрэгцээ сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Мөн хөтөлбөрийн дагуу Монгол банкны Эрдэнэсийн сангаар зочилж, улсын сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт зүйлстэй танилцлаа.

Төв банк сүүлийн жилүүдэд Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийг дэргэдээ ажиллуулж байгаа бөгөөд хувь хүн, албан байгууллага, хамт олонд сонирхсон сэдвийнх нь хүрээнд зорилтот сургалтуудыг зохион байгуулж, санхүүгийн боловсрол олгоход анхаарч эхэлжээ. Сургалтын үеэр Монгол банкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн мэргэжилтэн С.Амгаланбаяртай цөөн хором ярилцлаа.

С.Амгаланбаяр: Санхүүгийн боловсрол олгох дэлхийн жишгийг бид дагаж байна
-Монгол банк Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийг дэргэдээ ажиллуулах болсон нь ямар ач холбогдолтой вэ?

-Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх төслийг эхлүүлснээс хойш байгууллагууд, хамт олон, багш сурагчдын мэдлэг боловсролд, тэдний амьдралд хэрэг болох ойлголтуудыг өгөхийн тулд үргэлж нээлттэй ажиллаж, тогтмол сургалт явуулсаар ирсэн. Зорилтот болон тухайн цаг үед албан бусаар ирсэн хүсэлтүүдийг үндэслэн үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж байна. Ингэхдээ амьдрал дээр байдаг жирийн сэдвүүдээс эхлээд нарийн нийлмэл сэдвийг хамрах нь ч бий. Үүнд, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засгийн тоон үзүүлэлт, статистик, өрхийн төсөв, орлого зарлага, төсвөө хэрхэн хэмнэх, яаж хуримтлал бий болгох, бизнес санхүүгийн үйлчилгээний талаарх ойлголт, эрсдэлтэй тулгарахад ямар бэлтгэлтэй байх, санхүүгийн залилан луйвраас хэрхэн сэргийлэх, аль мэдээлэлд тулгуурлаж явах ёстой, даатгал, үнэт цаас, хувьцаа, бондыг нэрлэж болох юм. Төв банк яагаад сургалтын байгууллага шиг болов гэж гайхаж магадгүй. Дэлхий нийтийн жишиг ийм болжээ. Улс орон л юм бол жирийн иргэдээс хойч ирээдүй нь хүртэл санхүүгийн бүхий л ойлголтыг мэддэг, түүнийг амьдралдаа дадал болгох ёстой гэсэн зүй ёсны шаардлага гараад байна. Өөрөөр хэлбэл бүхий л мэргэжлийн хүмүүс мэдсэнээ бусдад түгээснээр хувь хүн, айл өрх, байгууллага, улс орны  хэмжээнд хөгжил цэцэглэлтийг авч ирэх сайн сайхан зүйл рүү явж байгаа юм. Үүнд хүн бүрийн дэмжлэг оролцоо байх ёстой.

-Жилийн туршид явуулдаг төлөвлөгөөт сургалтууд бий юу? Эдийн засгийн боловсрол дээшлүүлэх сургалтыг сонирхогч хэр олон байна вэ?

-Сургалтыг тухайн хамт олны ирүүлсэн хүсэлтэд тулгуурлахаас гадна бүтэн жилийн туршид улирал тутам тогтмол сэдвүүдээр төлөвлөн явуулдаг. Зарим байгууллага сард нэг удаа байхад нэг хэсэг нь улирал тутам сургалт авах жишээтэй. Жил бүрийн 3 дугаар сард Дэлхийн мөнгөний 7 хоног, 6 дугаар сарын 1-нд Хүүхдийн баяр, 2-нд Банкны ажилтны өдөр, 10 дугаар сарын 31-нд Дэлхийн хуримтлалын өдөр гэсэн тодорхой тогтсон үйл ажиллагаанаас гадна идэвхжүүлэлт хийх үүднээс санхүүгийн эрх ашгийг хамгаалах, энэ чиглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд илүүтэй хүргэхийн тулд хариуцлагатай харилцагч, хариуцлагатай банк аяныг өрнүүлэх жишээтэй. Хугацаат аянуудаар дамжуулан иргэдэд аль болох давхар мэдээлэл өгөхийг зорьж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Т.ОЧИРХҮҮ:
Өөрт хэрэгцээтэй мэдээллийг авч чадсан

 

-Онолын гэхээс илүүтэй практикт ойр мэдээллийг бидэнд өгч байна. Валютын ханшийн талаарх сургалт нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд хамааралтай сэдэв байлаа. Мөн Монгол Улсын эдийн засаг санхүүгийн байдал ямар байгааг, энэ нь цаашид өсөх үү, буурах уу, үүнийг дагасан мөнгөний ханш, цалин хөлс ямар байх вэ гэдэг нь хүн бүрийн амьдралд ойр туссан байх. Ач холбогдлын хувьд өөрт хэрэгцээтэй мэдээллийг авч чадсан.

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эдийн засгийн бодлогын хэлтсийн Хөрөнгө оруулалт, төлөвлөгөө мониторингийн товчооны дарга Б.ГӨЛГӨӨ:
Мэргэжилтнүүдийг ойртуулсан сургалт, уулзалт боллоо

-Бид Монгол банкны харьяа Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд сургалтанд хамрагдлаа. Эрдэнэт үйлдвэр улсын төсөв, гадаад валютын нөөц бүрдүүлэлтэд жинтэй хувь нэмэр оруулдаг улсын үйлдвэр. Энэ утгаараа өнөөдрийн сургалтууд нь салбарын мэргэжилтнүүд бидний хувьд төрөөс барьж байгаа мөнгөний бодлого, валютын ханшийн эрсдэл, хэлбэлзэл, гадаад дотоод хүчин зүйл зэрэг хэрэгцээтэй мэдээллийг өгсөн. Цаашид Монгол банктай хамтран ажиллах болон байгууллагуудын мэргэжилтнүүдийг ойртуулсан сургалт уулзалт боллоо гэж дүгнэн хэлмээр байна.

 

И.Чинтогтох

Фото Ш.Лхамсүрэн

     Орхон аймгийн Цагдаагийн газарт он гарсаар нийт 645 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч бусдыг залилах гэмт хэрэг өмнөх онтой харьцуулахад 43.1 хувиар өссөн байна.

    Цахим ертөнцөөр худалдан авалт хийснээс бусдад залилуулах, Эрдэнэт үйлдвэрт  ажилд оруулна, үйлдвэрийн фондын байранд оруулж өгнө, гэх зэрэг залилангийн хэрэг гарсаар байгааг Орхон аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Содбилэг мэдээллээ.

    Эрдэнэт үйлдвэрийн нэрийг ашиглан бусдыг залилсан хэрэг он гарсаар 15 бүртгэгдэн, мөрдөн байцаах тасагт шалгагдаж байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэсэн залилангийн найман хэрэгт иргэд 49.7 сая төгрөгөөр хохироод байгаа бол үйлдвэрийн фондын байранд оруулж өгнө гэсэн залилангийн долоон  хэрэгт 82.9 сая төгрөгийн хохирол бүртгэгджээ.

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг. Шаардлагатай ажлын байрыг албан ёсны цахим хуудас www.erdenetmc.mnсайтын Хүний нөөц - Нээлттэй ажлын байр хэсэгт байршуулан, олон нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрийг шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг. Мөн, Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан Хамтын гэрээний дагуу, үйлдвэрт 20 ба түүнээс дээш жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн ажилтны хүсэлтийг үндэслэн мэргэжлийг залгамжлуулах зорилгоор төрсөн нэг хүүхдийг мэргэжил, эрүүл мэндээр тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулдаг журамтай юм.

А.Бямбамаа

 

      “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 168 ажилтан энэ онд Эрдэнэт үйлдвэрийн туршлагатай танилцахаар хөтөлбөр гаргажээ. Тус компанийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Батсайханы сэтгэгдлийг хуваалцлаа.

   -Санамж бичгийн хүрээнд хэрэгжиж байгаа туршлага судлах, танилцах уулзалтыг та хэрхэн үнэлж, дүгнэж байна вэ?

   -Санамж бичиг байгуулснаас хойш хоёр үйлдвэрийн хамтын ажиллагаа сайжирч байна. 14 хоногийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн 16 хүний бүрэлдэхүүнтэй баг манай компанийн Өмнөговь аймаг дахь Цанхи хотхон, Тавантолгойн бүлэг орд уурхайтай танилцах аялал хийсэн. Бидний хувьд Улаанбаатар хот дахь төв оффисын 7 хэлтсийн 31 хүний бүрэлдэхүүнтэй баг Эрдэнэт үйлдвэрт хүрэлцэн ирээд байна. Энэ удаа нийгмийн харилцааны хэлтсийн гол цехүүдтэй танилцаж, ажилтан, албан хаагчдаа хөгжүүлэх, урлаг соёл, спортын олон төрлийн хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаас туршлага судаллаа. Манай компани 2020 онд дэргэдээ сувилал байгуулж, ажилчдынхаа нийгмийн халамжийг сайжруулах чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөсөн. Энэ бүхэнд Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн туршлага хэрэгтэй гэж үзсэний дагуу хоёр үйлдвэр хамтран ажиллаж байна. Аяллын туршид олон шинэ санаачилгыг Эрдэнэт үйлдвэрээс олж харлаа. Энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтэст талархал илэрхийлье.  

 

Б.ЭНХЗУЛ: Бодит туршлагуудыг өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлнэ

    -Аяллын туршид Эрдэнэт үйлдвэрийн хэд хэдэн бүтцийн нэгжтэй танилцлаа. Таны хувьд ямар ололттой санааг тусгаж авав?

   -Миний бие байгууллагынхаа Хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийг төлөөлөн ирсэн. Бид Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч даргатай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцсан. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын тоо манай компанитай харьцуулахад 6 дахин их. Энэ утгаараа ажилчдын нийгмийн асуудалд ихээхэн анхаарч, сургалт хөгжүүлэлтийг өндөр түвшинд хийж ирснийг олж харлаа. Бид Технологийн сургуулийн мэргэжлийн багш, удирдлагуудтай уулзсан. Мэргэжлийнх нь дагуу ажилчдаа хэрхэн сургаж хөгжүүлэх, хамтран ажиллах ямар боломж байгаа, ажилчдаа эчнээ сургалтанд хэрхэн хамруулах вэ гэдэгт тууштай, бодит ажлууд хэрэгжүүлэхээр ярьсан.

    Мөн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын өргөтгөсөн мэдээллийн санг зохион байгуулж, автоматжуулсан нь маш их таалагдлаа. Үүнийг зөвхөн IT инженерүүд гэлтгүй өөрсдөө хийж бүтээж болдгийг мэдэж авсан. Үйлдвэрийн үйл ажиллагааны гол баялаг болох хүний нөөцийг хэрхэн зөв хуваарилж, мэдээллийг нэгтгэх вэ гэдэг дээр Эрдэнэт үйлдвэртэй хөгжүүлэлт, автоматжуулалтын талаар хамтран ажиллах анхан шатны яриаг хийсэн нь танилцах уулзалтын үр өгөөжийг харуулах байх. Эрдэнэт үйлдвэрийн спорт, урлаг соёлын цогцолбор, оёдлын цехийн үйл ажиллагаатай танилцахдаа хүний нөөц талаас нь харж явлаа. Ажлын зохион байгуулалт, хуваарилалт хэдийнэ жигдэрч, тогтвортой ажлын байрыг бий болгож чаджээ. Туршлага судлах ажлын хүрээнд харилцан ажилчдаа сургах, сувилалд амраах, сургуульд нь сургах, оёдлын цехийн хувьд энэ төрлийн туслан гүйцэтгэгчийг дэргэдээ ажиллуулах боломжууд байдгийг харж байна. Эрдэнэт үйлдвэр ISO9001 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлжээ. Бодит туршлагуудыг өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлнэ гэсэн итгэлтэйгээр буцаж байна.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын үзэглэсэн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд туршлага солилцох уулзалтыг зохион байгуулсаар байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас энэ удаад 31 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хот дахь Захиргааны багийнхан хүрэлцэн ирж, захиргаа, хүний нөөц, маркетингийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн туршлагаас судаллаа. Мэдлэг мэдээллээ харилцан солилцож, шилдэг арга туршлагаасаа хуваалцаж байгаа эдгээр уулзалтын эцсийн зорилго нь Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм. Энэ ч утгаараа Эрдэнэт үйлдвэрээс мэргэжлийнхээ хүрээнд туршлага судлахаас гадна орон нутагт спорт, соёл урлаг, эрүүл мэнд, зөөлөн оёдлын салбарт хэрхэн хөрөнгө оруулалт хийж, нийгмийн цехүүдийг цогцоор нь авч яваа тэргүүн туршлагыг олж харах, үзэж танилцах нь цаашдын хэрэгжүүлэх ажлуудад үнэтэй санаа өгснийг зочид онцлон хэлж байлаа.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

   Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж, Оросын түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуу үеийнхэнд сурталчилан таниулахад чиглэдэг Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг Эрдэнэтчүүд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр зохион байгуулсан хамтын ажиллагааны өдрүүдийн хаалтын үйл ажиллагаанд ОХУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Оросын хамтын ажиллагааны агентлагийн Монгол улс дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Т.Ч.Будаева, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал П.Энхбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбат, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймгийн салбарын тэргүүн Б.Мажинбуу нар хүрэлцэн ирснээс гадна үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд, зочид төлөөлөгчид урилгаар оролцлоо. Энэ үеэр хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны хүрээнд зохиогддог олон талын үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцдог Орос 4, Монгол 8 хүнд “Найрамдлын одон”, “Халх голын ялалтын 70 жилийн ойн медаль” гардуулан, шагнаж урамшуулсан юм. 
   Ах, дүүгийн найрамдалт харилцааны билэгдэлт Эрдэнэт хотноо Орос 19-р сургуулийн 45 жилийн ой, Орос хэл соёлын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, 12 дугаар ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад, орос дуу, шүлгийн уралдаан зохион байгуулан, ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн IV чуулга уулзалтыг хийсэн нь сарын ажлын цар хүрээ, ач холбогдлыг нэмэгдүүллээ. Олимпиадад оролцсон шилдэг сурагчдад ОХУ-д үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулсан нь энэ жилийн онцлох үйл явдлын нэг болсон юм. Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймгийн салбараас нийт оролцогчдод талархал илэрхийлэн, урлагийн тоглолтоор бэлэг барьснаар сарын аян амжилттай өндөрлөлөө. 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 
 
 
 

 Сайн байцгаана уу? Та бүхэндээ “Дэлгэцийн донтолт, түүнээс сэргийлэх арга зам” сэдвээр бэлтгэсэн мэдээллээ хүргэж байна. Энэхүү сэдвийн хүрээнд:


   - Дэлгэцийн донтолт гэж юу вэ?
   - Бага насны хүүхэд яагаад дэлгэцэнд донтох өвчинд нэрвэгдэж байна вэ?
   - Дэлгэц эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
   - Дэлгэцийн хамаарал ба дэлгэцээс холдуулах аргуудын талаар ойлголттой болоход дараах мэдээлэл хэрэг болж магад.

Донтолт гэж юу вэ?
   Донтолт нь тухайн хүний сэтгэцийн онцлог, нийгмийн бусад хүчин зүйлс, донтуулах хэлбэрээс хамааран нас, хүйс, боловсрол харгалзахгүйгээр хараат байдалд хүргэдэг нэг төрлийн аймшигт өвчин юм.

Донтолтын үед бие махбодид дараах шинж тэмдгүүд илэрдэг.
   - Булчин татваганах эмгэг
   - Зан төрхийн эмгэгтэй болох
   - Нойрондоо муудах
   - Мэдрэлийн ядаргаанд орох
   - Гар чичирч салганах гэх мэт

Донтолт нь:
   1. Эхний шатандаа тухайн зүйлийг хийх явцдаа үүсч байгаа сэтгэл хөдлөл мэдрэмж
   2. Донтолтын хэмнэл үүсэх үед сэтгэл зүйн таагүй байдал нь донтолтын давтамжтай хэмнэлийг нэмэгдүүлдэг
   3. Донтолт төлөвших үед хүний сэтгэл зүйн байдал маш их нөлөөтэй
   4. Донтох эмгэгт автах үед аажим аажмаар бусдаас өөрийгөө тусгаарладаг
   5. Донтох эмгэгийн үед бие сэтгэлийг бүхэлд нь нөлөөндөө оруулдаг гэж үздэг. Үүнээс дэлгэцийн донтолтын талаар илүү дэлгэрэнгүй хүргэе.

Дэлгэцийн донтолт гэж юуг хэлэх вэ:
   Дэлгэцийн донтолт нь дэлхий нийтийг хамарсан нэгэн шинэ төрлийн өвчин юм. Энэ нь гар утас, комьпютер, зурагт гэх мэт техник хэрэгслийг байнга үзэх хүсэлтэй болсноор өөрийгөө хянах чадвараа алдсан хүмүүсийг хэлнэ. Та өдөрт 4-5 цаг болон түүнээс их хугацаагаар дэлгэцийг үзэж байгаа бол дэлгэцэнд донтох эрсдэлд орж байна гэсэн үг.

Дэлгэцийн хамааралтай болох шалтгаан:
   Сошиал ертөнцөд хүүхдүүд чөлөөт цагаа найзуудтайгаа онлайнаар чатлах, youtube- ээр бичлэг үзэх, интернет тоглоом тоглох гэх мэт маш олон зүйлийг хийхэд цагаа зарцуулдаг бол энэ нь яваандаа зан аашийн эмгэг болон өөрчлөгдөх төдийгүй оюун санаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогдсон.

Өсвөр насныхан яагаад аз жаргалгүй, депресстэй болон гунигласан мэдрэмжийг мэдрэх болсон бэ?
   - Сүүлийн үеийн судалгаагаар зан аашийн эмгэг болон стресс, депрессээр өвчилж байгаа хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь тогтоогдсон. Зан аашийн эмгэг, сэтгэл хямралын давамгайлалт улмаар амиа хорлоход хүргэдэг бөгөөд энэ үзүүлэлт 52 хувиар өсчээ. Үүнд голчлон 12-17 насны охид, хөвгүүд өртөж байна. Мөн 18-25 насны залуу үеийнхний дунд дээрх үзүүлэлт 63 хувиар нэмэгдсэн тоон судалгаа гарчээ. Энэ судалгаагаар хүүхэд, залуучууд дэлгэцийн донтолтонд ихээр өртөж байгаа нь харагдаж байна. Үүнд хэн, юу буруутайг Сан Диего их сургуулийн судалгааны багийн мэргэжилтнүүд судалжээ. Уг судалгааны дүгнэлтэд:
   1. Цахилгаан харилцаа холбооны өсөлт дэвшил
   2 .Унтах хугацааны бууралт хэмээсэн байна.


Дэлгэцийн донтолт бидний үр хүүхдүүдэд хэрхэн нөлөө үзүүлдэг вэ?
   Бага насны хүүхэд дэлгэцийн хамааралтай болж байгаа шалтгаанууд:
   1. Гэр бүлийн нөхцөл /эцэг эх завгүй байдаг, үл хайхрах байдал/
   2. Сургуулийн орчин /технологийн тусламжтай суралцах хэрэгцээт мэдээллээ интернетээс авдаг/
   3. Үе тэнгийнхний дарамт шахалт /найз нөхдөө буруу зүйлд уруу татдаг, дарамталдаг/

Дэлгэцийн донтолтоос монголчууд бид хэрхэн хамгаалах вэ?
   2010-2015 оны хооронд СЭМТ-ийн донтолтын тасагт 187 хүүхэд хэвтэж эмчлүүлсний 96,8 хувь нь 11-17 насны эрэгтэй хүүхэд байсан ба энэ хугацаанд жилд 30-40 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр зөвхөн 1 жилд 200 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эндээс харахад донтолт нь аюулын хэмжээнд хүрлээ. Эцэг эхчүүд, багш бид Монголын ирээдүй болсон хүүхэд залуусыг энэхүү донтох өвчнөөс урьдчилан сэргийлэхийн төлөө өөрийн хүч хөдөлмөр, цаг заваа зориулах цаг ирсэн болохыг мэдрэн, дэлгэцээс холдуулах дадалд хүүхэд бүрийг сургаж тэдний оюун санаа, бие махбодийг дэлгэц хэмээх хөнөөлт хэрэгслээс авран хамгаалцгаая.

Дэлгэц хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
   Дэлхий нийтийн эмч мэргэжилтнүүд хүүхдээ 12 нас хүрэхээс өмнө гар утас болон түүнтэй адил төстэй бусад төхөөрөмжөөс хол байлгахыг уриалж байна.
   - Гар утасны нөлөө нь 0-2 насны хүүхдийн тархины тогтмол хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
   - Хөдөлгөөнийг хязгаарлаж биеийн хөгжлийг удаашруулах талтай
   - Телевиз, компьютер нь хүүхдийг илүүдэл жинтэй болгодог.
   - Унтахаасаа өмнө телевиз, компьютер үздэг хүүхдүүд нойрны дутагдалд ордог.
   - Технологийн хэт их хэрэглээ нь хоолны дуршил, ааш авирт сөргөөр нөлөөлдөг.
   - Тоглоом, кинон дээр гардаг хүчирхийлэл нь хүүхдийг ууртай уцаартай болгож сэтгэл зүйн хувьд эмгэгтэй болгодог
   - Хэт их бичлэг, тоглоом, хүүхэлдэй үзэх нь хүүхдийн ой санамж, төвлөрөх чадварыг бууруулдаг.
   - Электрон төхөөрөмжөөс ялгарч буй цацрагт тогтмол хорддог.
   - Технологийн тусламжтай хүмүүжсэн, суралцсан хүүхдүүдийн мэдлэг тогтворгүй байдаг байна.

Бага насны хүүхдээ дэлгэцээс холдуулах 14 арга
   1. Хүүхдийнхээ интернет ашиглах идэвхтэй байдлыг хянах, хязгаарлалт хийх
   2. Өөрсдөө биеэр үлгэр дуурайлал үзүүлэх
   3. Эцэг эх, хүүхэд амьд харьцааг бий болгох
   4. Интернетээс авч байгаа хэрэгцээг нь өөр зүйлд шилжүүлэх
   5. Хүүхэддээ өдөр бүр тодорхой цагийг зарцуулах
   6. Сэтгэл санааны үл хайхралд автуулахгүй байх
   7. Хүүхдийнхээ сонирхол, хэрэгцээг судлан хэрэгцээт зүйлсээр хангаж өгөх
   8. Тогтмол цагт унтуулж сургах
   9. Аливаа нэг зүйлийг барьцаалсан шаардлага тавихгүй байх
   10. Хүүхдийг цагийн хуваарьтай зурагт үзүүлэх
   11. Гар утас болон тоглоомоор 1 удаад 30 минутаас илүүгүй өдөрт 2 цагаас ихгүй үзэх, тоглох
   12. Гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг байх
   13. Унтлагын өрөөндөө зурагт болон комьпютер тавихгүй байх
   14. Үлгэр жишээ эцэг эх байх Эдгээр аргуудыг доод тал нь 21 ба түүнээс дээш хоног хэрэглэж, хэрэгжүүлснээр таны хүүхэд, магадгүй та өөрөө ч байж болно. Дэлгэцийн хамаарлаас гарахад дээрх зөвлөгөө тус дөхөм болно гэж найдаж байна.

Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийн багш У.Уранчимэг

     Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 49 дэх жилийн хүрээнд зохиогдсон ОХУ (ЗХУ)-д их, дээд сургууль төгсөгчдийн IVчуулга уулзалт өнгөрсөн Ням гаригт Эрдэнэт хотноо амжилттай болж өндөрлөлөө. Чуулга уулзалтыг Оросын шинжлэх ухааны төв, ОХУ-ын Элчин сайдын яам, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл зэрэг байгууллага хамтран зохион байгуулснаараа онцлогтой. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэхүү үйл ажиллагааг дэмжин, ивээн тэтгэгчээроролцсон юм. Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа чуулганд оролцогчдод хандан үг хэлснээр энэ өдрийн үйл ажиллагаа эхэллээ. Тэрээр төгсөгчдөд хандан “Монгол, Оросын найрамдалт харилцааны тулгуур болсон хүмүүс гэж та, биднийг нэрлэж болох байх. Та, бид ОХУ (ЗХУ)-д суралцаж эрдэм мэдлэг, боловсрол олж авахын зэрэгцээ оросын ард түмний зан заншил, ёс суртахуун, соёлыг түгээн дэлгэрүүлэх хүндтэй үүрэг хүлээсэн Монгол улсын иргэд юм. Найрамдал, хамтын ажиллагааны гол зүтгэх хүч нь хойд хөршид сургууль төгсөгчид, тэр дундаа Эрдэнэт хотод ажиллаж, амьдарч буй та бүхэн онцгой үүрэгтэй байсан гэж би бодож байна. Эрдэнэт хот бол найрамдлын хот, Эрдэнэт үйлдвэр бол найрамдлын үр шим. Энд орос, монгол хүмүүс мөр зэрэгцэн ажиллаж, хот сүндэрлүүлэн, эдийн засгийн томоохон тулгуур болох Эрдэнэт үйлдвэрийг ажиллуулж байна. Та бүхний сурсан мэргэжил Эрдэнэт үйлдвэрийг өдий зэрэгт хүргэж, Монгол Улсын эдийн засгийг өсөж тэлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Тэгэхээр биднийг холбогч гол хүчин зүйл нь Оросын холбооны улс яах аргагүй мөн. Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн сэтгэлийн үгээ илэрхийллээ.

     ОХУ (ЗХУ)-д их, дээд сургууль төгсөгчдийн хийж бүтээж байгааг олон түмэнд сурталчилах, сурсан мэргэжлийг нь улс орны, аймаг, бүс нутгийн хэмжээнд хэрхэн ашиглах талаар судлах, төгссөн сургуульд нь мэргэжил дээшлүүлэхэд “гүүр” болох чиглэлээр холбооны үйл ажиллагаа чиглэжээ. Орхон аймгийн хэмжээнд ОХУ-д сургууль төгсөгч 900 орчим хүн байгаагийн 90 орчим хувь нь Эрдэнэт үйлдвэрийн боловсон хүчин юм. Мөн Эрдэнэт хотын хэмжээнд Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, гавьяат 64 хүн төрөн гарсны 30 гаруй хувь нь ОХУ-д сургууль төгсөгч, Эрдмийн зэрэг цолтой 62 хүний 30 гаруй хувь нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа гэсэн судалгаа бий. Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, ОХУ-ын Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс хамтран явуулдаг “Найрамдлын сарын ажил” эдүгээ “Найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд” болон өргөжснийг илтгэл тавьсан эрхмүүд онцоллоо. Монгол Улсад “найрамдлын” тодотголтой олон нийгэмлэг үйл ажиллагаа явуулдаг ч Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг хамгийн бат суурьтай нь болохыг тэд хэлж байна. ОХУ-тай хамтын ажиллагааны хүрээнд суралцах оюутны тоог нэмэгдүүлж, ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр жилд 500 хүүхдэд суралцах боломж нээгдсэнийг энэ үеэр танилцууллаа.

    Мөн ахмад төгсөгч Л.Долгорсүрэн, Д.Дуламсүрэн, З.Сандуйжав, С.Гаажав, А.Алтанцаг, Ц.Туяа, Ю.Тэрбиш, Б.Мянганбаяр нарт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дурсгалын зүйлсийг гардуулан, ОХУ (ЗХУ)-д их, дээд сургууль төгсөгчдийн Монголын холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын дарга Г.Занданшатарын гарын үсэг бүхий талархалын бичиг, дурсгалын зүйлсээр 20 хүнийг шагнаж урамшуулсан юм. Илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцсон төгсөгчид чуулга уулзалтаас уриалга гарган, баталлаа. Ингэхдээ мэргэжлийн чиглэлээр цуглуулсан ном, товхимлоо солилцож унших, хэрэгтэй нэгэнд нь гарын авлага болгох, ОХУ-ын Төв номын сангаас мэдээлэл авах эрх олгох боломжтой эсэх, Орхон аймгийн хэмжээнд идэвхитэй ажилладаг ОХУ-ын сургуулиудын холбоод хоорондын үйл ажиллагааг идэвхижүүлэх, хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажлууд хийх хэрэгтэйг сануулсан. Төгсөгчид оюутан ахуй цагаа дурссан хөгжилтэй яриа өрнүүлж, караоке дууны тэмцээн зохион байгуулснаар энэ үдшийн үйл ажиллагаа өндөрлөлөө. Орос хэлний баяр, орос дуу, шүлгийн уралдаан, бүсийн олимпиад гээд цогц үйл ажиллагааг зохион байгуулж, сургууль төгсөгчдийн уулзалтыг сэргээсэн нь чуулганд оролцогчдын хувьд хүлээлттэй байсныг тодхон илтгэж байв. Чуулганы үеэр зарим төлөөллийн сэтгэгдлийг хуваалцлаа.

 

Ж.РЭНЦЭН-АМГАЛАН: Бидний сурсан орос хэл, анагаах ухааны боловсрол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулахад ихээхэн түшиц болсон

Монголын эм зүйн байгууллагуудын “Эм” холбооны зөвлөх, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, Эрхүүгийн Анагаах ухаан их сургууль төгсөгчдийн холбооны тэргүүн Ж.Рэнцэн-Амгалантай ярилцлаа.

    -Чуулга уулзалтын талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

   -Эрхүүгийн Анагаах ухааны их сургуулийг төгссөн 20-иод хүн Эрдэнэт хотдоо ажиллаж, амьдарч байна. Монгол, Оросын найрамдлын тод илэрхийлэл болсон энэ хотдоо чуулга уулзалт зохион байгуулсанд талархал илэрхийлье. Сургуулийнхаа талаар товч мэдээлэл хүргэе гэж бодож байна. Эрхүүгийн Анагаах ухааны их сургууль 1919 онд байгуулагдаж, өнгөрсөн 10 дугаар сард 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Ойг тохиолдуулан бид Улаанбаатар хотноо төгсөгчдийн анхдугаар чуулган, үзэсгэлэнг зохион байгуулж, сургуулийнхаа ойд 100 төлөөлөгч оролцоод ирсэн. Монгол Улсын 400 гаруй иргэн энэ сургуулийг төгссөнөөс 350 гаруй нь их эмч, эмзүйчийн диплом гардсан байдаг. Бидний сурсан орос хэл, анагаах ухааны боловсрол улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад ихээхэн түшиц болсныг энд хэлэх нь зөв байх. Бид цаашдаа анагаахын сургууль төгсөгчдийн бүлэг үүсгэж, холбоодтойгоо хамтран ажиллах хүсэлтэй байна.

 

Д.ДУЛАМСҮРЭН: Бид Монгол Улсын хүнс, хөнгөн аж үйлдвэрийн салбарын тэргүүн эгнээнд явсан

    Дархан хотын Политехникумд Хөнгөн хүнсний салбарын эрхлэгчээр ажиллахдаа 600 гаруй хүүхдийг төгсгөж, аймгуудын хүнсний комбинатыг мэргэжлийн боловсон хүчнээр хангасан, Эрдэнэт хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар 30 гаруй жил ажилласан Д.Дуламсүрэн гуайтай ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.

    -Монголд Москвагийн Хүнсний технологийн дээд сургууль төгссөн 210 хүн бий. Өнөөдөр хүнсий аюулгүй байдлын тухай ярихад, Москвагийн Хүнсний технологийн дээд сургууль болон бусад хүнсний технологийн сургууль төгссөн төгсөгчид 1970-1980 онд Монгол Улсын хүнс, хөнгөн аж үйлдвэрийн салбарын тэргүүн эгнээнд явсныг онцлон тэмдэглье. Бид хүнсийг аюулгүй байлгахын төлөө, түүхий эдийн чанарын тухайд анхаарч ажилладаг байлаа. Дархан, Дорнод, Эрдэнэт хотын хүнсний комбинатыг ашиглалтад оруулахад нойр хоолгүй 24 цагаар ажиллахдаа хүнсний сайн чанартай бүтээгдэхүүнээр ханган ажилласан. Өнөөдөр 21 аймгийн хэмжээнд маш олон хүнсний инженер бий. Москвагийн хүнсний сургууль төгсөгчдийн ассоциациас жил бүрийн 5 дугаар сарын 3 дугаар долоо хоногт нэгдсэн уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Ирэх жил 8 дахь уулзалтаа Хөвсгөл аймгийн Тариалан суманд зохиохоор төлөвлөсөн. Мөн миний бие аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллах хугацаандаа Эрдэнэт хотоо соёлч хот болгох, соёлын довтолгоо өрнүүлэх ажлыг зохион байгуулсан. Энэ ажилд ЗХУ-аас Эрдэнэт хотод суугаа Консулын газрын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн зөвлөл ихээхэн үүрэгтэй хамтран оролцсонд өнөө хэр талархаж явдаг юм. Өнөөдрийн чуулга уулзалт ач холбогдол өндөртэй, сайхан үйл ажиллагаа боллоо, та бүхэндээ баярлалаа.

 

Д.БАЙГАЛ: Хүний нөөц, арга барилдаа түүхэн уламжлалыг эргүүлэх нь зөв юм гэсэн санал дэвшүүллээ

Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал асан, Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгалтай ярилцлаа.

    -Та төгсөгчдөд зориулан орос хэл дээр илтгэл тавьлаа. Оросын боловсролын тухайд та юу хэлэх вэ?

    -Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулсан, төслийн хүчин чадалд хүргэсэн, өнөөдрийн түвшинд авчирсан бүхий л үйл ажиллагаа Зөвлөлт, Монголын найрамдлын үр шим, илрэл гэж ойлгодог. Ер нь Эрдэнэт хот тэр чигээрээ хоёр орны найрамдлын билэг тэмдэг болж явдаг. Миний өнөөдрийн ярьсан зүйлд, үндэсний мэргэжилтнүүдийг бид ямар аргаар бэлтгэв, үр дүн нь хэдий хүртэл явж байгаа, өнөөдөр ямар үр дүнд хүрэв гэдэг дээр мэдээлэл хийсэн. Улмаар хүний нөөц, арга барилдаа түүхэн уламжлалыг эргүүлэх нь зөв юм гэсэн санал дэвшүүллээ. Орос хэл, уламжлал, техник технологийн үндсэн ололтыг тээгчид гэдэг утгаараа ОХУ-д суралцаж төгссөн мэргэжилтнүүдэд гүйцэд өгч чадаагүй өгөгдлүүдийг нь өгөх ёстой. Үүний тулд төгсөгчдийн холбоо ч сайн ажиллаж, идэвхитэй байх ёстой гэж бодож байна. Чуулган дээр ахмадын ярьсан яриа, номын баялгаа солилцох санал нь холбоог нийгэмд илүү үр нөлөөтэй байхыг шаардаж байх шиг байна.

   -Санал бодлоо хуваалцсан танд баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсье.

 

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

   Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Орхон аймагт зохиогдсон Орос хэлний олимпиадад Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн 12 дугаар ангийн 20 сурагч оролцож,  95 хувиас дээш амжилт үзүүлсэн байна. Тус олимпиадын аваргаар тодорсон эхний найман сурагч буюу Дархан-Уул аймгийн Б.Төгөлдөр, Э.Алтанцоож, Б.Балдандорж, Б.Амартүвшин, Б.Пүрэвчимэд,  Орхон аймгийн Ц.Марал-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Б.Баянсувд, Булган аймгийн Б.Цогдарь нар ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийн  бичгээр шагнуулав. ОХУ-д суралцах эрхийн бичгийг Орос хэл, соёлын баярын зочид гардууллаа.

   Мөн Орос хэл, соёлын баярын нээлтийн үйл ажиллагааны үеэр Оросын соёл шинжлэх ухааны төвөөс Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд 1500 орчим долларын үнэ бүхий ном, сурах бичиг, үзүүлэн тараах материалыг бэлэглэлийн  гэрээгээр шилжүүлж, өгсөн байна. Түүнчлэн энэ өдөр болсон “Оны шилдэг Орос хэлний багш” шалгаруулах уралдаанд 10 багш оролцож,  Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн  нийт 6 багш ОХУ-д нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар мэргэжил дээшлүүлэх эрхийн бичгээр шагнуулав. Энэ үеэр Буриадын улсын Их сургуулийн  Г.В.Улазаева  нарын эрдэмтэн багш нар Орос хэлний багш нарт  мэргэжил дээшлүүлэх аргазүйн семинар өгч, дээрх дөрвөн  аймгийн 43 багш оролцжээ.

   Сурагчдын дунд  Орос дуу, шүлгийн уралдааны дууны төрөлд  Булган аймгийн  Хутаг-Өндөр сумын сурагч А.Дөлгөөнзул, Орхон аймгийн  5-р сургуулийн “Звезда” хамтлаг,  сурагч  Д.Хулан нар эхний байрт шалгарч, Орхон аймгийн  18-р сургуулийн сурагч Н.Алаберген,  Дархан-Уул аймгийн “Союз” сургуулийн сурагч Б.Амартүвшин , А.Хулан, “5 star” хамтлаг, Булган аймгийн  “Эрдмийн өргөө” сургуулийн сурагч  Алексей Василий нар тусгай байрын шагнал хүртэв. Шүлгийн төрөлд Орхон аймгийн Орхон-Эмпати  сургуулийн сурагч С.Солонго түрүүлж, Орхон аймгийн  4-р сургуулийн сурагч П.Номин-Эрдэнэ, 1-р сургуулийн сурагч Б.Бишрэлт нар удаах байруудад шалгарсан байна.

   

   

   

   

         

М.Балжинням

ФОТО: Б.Баттөгс

Даваа, 18 11-р сар 2019 00:00

Орос хэл, соёлын баяр боллоо

     Жил бүрийн намар уламжлал болгон тэмдэглэдэг Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Орос хэл, соёлын баярын арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэртээх 1978 онд Монгол-Зөвлөлт хоёр орны найрамдалт харилцааны үр шимээр Эрдэнэтийн овоо газрыг түшиглэн өнөөгийн Эрдэнэт хотыг барьж байгуулсан нь манай хоёр орны урт удаан хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлж ирсэн гэж үздэг. Тиймээс Эрдэнэтчүүд энэхүү найрамдал хамтын ажиллагааны өдрүүдэд өндөр ач холбогдол өгч, Найрамдлын сарын ажлыг Оросын соёл шинжлэх ухаанаас суралцах, хүндэтгэх өдрүүд болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Монгол-Оросын найрамдлын Эрдэнэт нийгэмлэгээс Орос хэл соёлын баярыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Технологийн сургууль дээр зохион байгуулав.

   Тус баярын нээлтийн үйл ажиллагаанд Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн Ерөнхийлөгч, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Монгол улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ОХУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Оросын хамтын ажиллагааны агентлагийн Монгол улс дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Т.Ч.Будаева, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Монгол-Оросын найрамдлын Эрдэнэт  нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу нарын хүндэт зочид болон албаны бусад хүмүүс, оюутан сурагчид оролцлоо.  Энэ үеэр Монгол-Орос хоёр орны найрамдалт харилцааны үнэ цэнэ, цаашдын залгамж холбооны талаар хүндэт зочид хэлсэн үгэндээ онцолж, Орос хэл, соёлын баярын мэндчилгээг нийт оролцогчдод дэвшүүлэв.

    Энэ жилийн найрамдлын өдрүүдийн хүрээнд уламжлалт арга хэмжээнээс гадна  Орос хэл соёлын баяр, төвийн бүсийн аймгуудын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиадыг зохион байгуулсан нь онцлог байв. ОХУ-д тус орны Засгийн газрын тэтгэлгээр суралцагсдын тоог нэмэгдүүлэх, ахлах ангийн сурагчдад Орос орны түүх, соёл шинжлэх ухааны талаарх мэдлэг өгөх зорилготой тус олимпиад Эрдэнэтэд анх удаа болсон нь найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн үйл ажиллагааныг цар хүрээг өргөжүүлсэн байна. Мөн энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн харьяа Орос 19 дүгээр сургуулийн 45 жилийн ойг тэмдэглэж, Орос хэл, соёлын баярын хүндэт зочид тус сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

   

   

   

   

   

М.Балжинням

ФОТО: Б.Баттөгс

     Эрдэнэт үйлдвэрийн эхлэл Ил уурхайн үйл ажиллагааг сурвалжлахаар уулыг зорилоо. Өвлийн улиралд хөлдүүс үүсэх аюултай учраас технологийн замыг усалж болохгүй тул тоосжилт ихтэй байна. Зам овоолгын хэсгийнхэн маргаашнаас давс цацаж, халтиргаа үүсэх, тоос босохоос сэргийлэх ажил эхлүүлэхээр агуулахаас давс зөөн нөөцөлж байхтай таарлаа. Энэ жил үйлдвэр Ил уурхайн гадаад, дотоод цахилгаан хангамжийг сайжруулахад анхаарал хандуулсан. Гадаад цахилгаан хангамжийг 35 кВт-ын дэд станцаар өргөтгөхөөр гадны компани ажиллаж байна. Шинэ он гарахаас өмнө бүх шонгуудаа босгоод, төмөр утсаа татаад авна гэнэ. Дэд станцын тоног төхөөрөмжүүд хуваарийн дагуу ирэх хавар нийлүүлэгдвэл зуны эхэн сард хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй. Харин дотоод цахилгаан хангамжийн өргөтгөл үүнээс үүдэлтэй хүлээгдэж буй учир хамт дуусах аж.

Эрдэнэтийн Овоо ордоо гүйцэд ашиглахын төлөө...

    Дараагийн том ажил Тэсрэх бодисын үйлдвэр барих. Тендер хоёр удаа зарлагдаад буцсан энэ бүтээн байгуулалтад хамтрах саналаа таван компани ирүүлжээ. Удахгүй ажлын хэсэг зөвлөмж шийдвэрээ гаргаж, гэрээ байгуулснаар жил дамнан яригдсан ажил биеллээ олно.

   Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй Монголын уул уурхайн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийн талаар Б.Отгондаваа даргаас сонирхлоо. Өнөөдөр Ил уурхайн гүн 150 м байна. Цаашид  уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдэр олборлолт, уулын цул тээвэрлэлтийн зардал жилээс жилд өснө. Энэ зардлыг бууруулах зорилгоор дэлхийн зэсийн болон алтны үндсэн ордын ил уурхайнуудад түгээмэл хэрэглэдэг, одоогийн техник технологийн түвшинд шалгарсан найдвартай арга болох авто-конвейерын хосолмол тээврийн систем нэвтрүүлэх шийдвэр хэдийнэ гарсан.  Үүнийг манай Ил уурхайд нэвтрүүлснээр авто тээврийн зай хоёр дахин, ажиллах автосамосвалын тоо 38-иас 18 хүртэл буурна. Мөн нэг тонн хүдэр олборлох өөрийн өртгийг дунджаар 20 хүртэл хувиар бууруулахаас гадна жилд 20 орчим сая ам.долларын ашиглалтын зардал хэмнэх боломж бүрдэх юм. Түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер зарлагдаж, 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн түүхэн гэж хэлж болох бүтээн байгуулалтын Ажлын хэсгийг шинэчлэх тухай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт яригджээ. Эхний ээлжинд 20 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсөн энэхүү ажлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дэмжиж, 20 сая долларын нэмэлт санхүүжилт хийх зөвшөөрөл олгосон байна. Энэ хүрээнд ТЭЗҮ гаргах, барилга байгууламж барих бэлтгэл хангах ажлууд явагдах аж. Мөн нуруудан уусгах аргаар исэлдсэн хүдэр боловсруулах үйлдвэр барихаар Хятадын “Бэгрим” компанитай хэлэлцээр хийж, ажил ТЭЗҮ боловсруулах шатанд яваа талаар дуулгалаа.

   Ил уурхайн хамт олон ордоо гүйцэд ашиглахын тулд санаачилгатай ажиллаж байна. Өмнө нь хөрс хэмээн хаягддаг байсан захын бага агуулгатай хүдрээ ялгаж, тусад нь овоолго үүсгэж буйг үзлээ. Болгар улсад 0,30 хувийн агуулгатай ядуу хүдрээс металл авалтыг 93 хувь хүртэл авдаг үйлдвэр байдаг тухай цехийн дарга ярив. Манайхаас хоёр дахин бага агуулгатай хүдрээс металл ийм сайн ялгаж авч байхад бид яагаад чадахгүй гэж гэсэн эрмэлзлэлээр ирээдүйд байгуулж болох үйлдвэр рүүгээ чиглэсэн ажил ундрааж байгаа нь энэ.

Орон нутагт техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлсээр...

    Бид Зам, овоолгын хэсгийг зорилоо. Уулын замчид энэ жил техник шинэчлэлийн хүрээнд авто грейдер, жижиг оврын экскаватор, гинжит болон дугуйт бульдозероор хүч сэлбэжээ. Одоо 30-аад техниктэйгээр овоолго байгуулах, зам засах ажил гүйцэтгэж байна. Захиалсан сэлбэг материал хараахан ирээгүй ч өмнөх оны нөөцөө ашиглаад хэвийн ажиллаж байгаа гэлээ.  Дугуйт техникийн гараашийг сэргээн засварлаж буй бололтой, металл хийц сарайн харагдана. Энд гаднын байгууллага 50 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Шинэ оны өмнө гараашийг хүлээлгэн өгөх гэнэ. Тус хэсгийнхэн Эрдэнэт үйлдвэр, Орхон, Булган аймгийн хамтын ажиллагааны хүрээнд зэргэлдээ сумдын зам, даваа засах ажил гүйцэтгэдэг. Энэ жил гэхэд Булганы Орхон, Бугат, Могод сум руу явдаг зам, давааг хусч зассан байна. Түүгээр ч зогсохгүй цас их орж, орон нутгийн болон улсын чанартай зам хаагдахад  нийгмийн хариуцлагын үүднээс санаачилгатай ажилладаг. Хоёр жилийн өмнө Сэлэнгийн Баруунбүрэн хүртэл автогрейдерээр цас хуссан удаатай. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болсноос хойш зам, даваа засуулах хүсэлт бүр их ирэх болжээ. Зам овоолгын хэсгийн дарга Н.Мөнхбаяр сүүлд ирсэн, 1,2 кубын шанагатай жижиг оврын экскаватороо тусгайлан “гайхуулав”. Энэ техникийн шид нь шанагыг цохилттой алхаар сольж, олон үүрэг хослон гүйцэтгэдэг давуу талтай. Уурхайд суваг шуудуу ухах, элс хайрга ачихад шанага хэрэглэдэг бол өвлийн улиралд тэсэлгээгээр үүссэн хөлдүүс, овор ихтэй чулууг бутлахдаа цохилттой алх  ашигладаг байна. Өвөл тэсэлгээгээр хөлдүүс гарч, Баяжуулах үйлдвэрийн бутлуур бөглөрөх эрсдэл үүсдэг. Үүнээс сэргийлж тэсэлгээний дараа газар дээр нь бутлалт хийх үүднээс уг техникийг захиалсан нь үр дүнгээ өгч эхэлжээ. 

Хоёр асуудал байна

     Дараагийн “өртөө” Өрөмдлөгийн хэсэг. Эрдэнэт үйлдвэрт 27 дахь жилдээ хөдөлмөрөө зориулж буй өрмийн машинч Д.Батзоригт энэ өдөр ууланд ажиллаж байлаа. Туслах машинч нь холгүй яваа гэнэ.  Гадаа цаг агаар жихүүн, салхины эрч ширүүн байсан ч тэр ажирсан шинжгүй, тоос татуулан өрмөө эргүүлнэ. Тэргүүний уурхайчин маань “Зуны аагим халуун, өвлийн тэсгэм хүйтэн ялгалгүй уулын мухарт ажилладаг уурхайчид бид амь сэтгэл нэгтэй хүмүүс. Дараагийн ээлжиндээ техникээ бүрэн бүтэн хүлээлгэн өгөхийн төлөө хичээн ажилладаг. Эвдрэлд дөхсөн, нэг эрэг боолт унасан ч тэрийг бие биедээ хэлж эрсдэлээс сэргийлдэг. Сүүлийн үеийн өрөм мэдрэмж өндөртэй, нарийн тохиргоотой, ухаалаг болсон. Тэр хэрээр ажилчнаас мэдлэг, ур чадвар шаардаж байна” гэж ярив. Ил уурхай оны төгсгөлд өрмийн нэг машин авах аж. Ирсэн даруй нь 21 хоногийн хугацаанд угсраад ажилд гаргах төлөвлөгөөтэй. Сүүлийн үед Ил уурхайн өрөмдлөг дээр хоёр асуудал үүсэх болж. Эхнийх нь өрмийн штангаа засварлаж чадахгүйд хүрсэн явдал. Учир нь штанг нөхөн засварладаг суурин тоног төхөөрөмжүүд болох токарийн машин, гагнуурын аппарат хэт хуучирч ашиглах аргагүй  болжээ. Үүнээс болоод өрмийн штангны зарцуулалт нэмэгдэж, зардал өсч буй. Дараагийнх нь өрмийн чанаргүй хошууны асуудал. Нэг хошуугаар 2600 м өрөмдөх учиртай. Гэтэл сүүлийн үед ирж байгаа хошуугаар 1000 хүрэхгүй метр өрөмдөөд элэгдэх болж. Эхнийх нь чанартай, дараагийнх нь чанаргүй болж ирээд байгаа тул шууд үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулах, үнэ буулгах асуудлыг Хангамжийн хэлтэстэй ярьж байгаа гэнэ. Хувийн норм нь хэтэрлээ ч үнийн дүнгээрээ үйлдвэрт үр ашигтай байвал цаашид ашиглах боломжтой.

    Өрөмдлөг явагдаж буй газраас саахалтын зайтай тэсэлгээнийхэн ажиллаж харагдана. Улаан туг хатгаж заагласан тэсэлгээний талбайд сэтгүүлч байсан ч орох хориотой тул холоос ажиглалаа. Өрмийнхний бэлтгэсэн нүхийг тэсрэх бодисоор цэнэглэснээр тэсэлгээ явагддаг. Эднийх тэсрэх бодисын холин цэнэглэгч машин ондоо багтаж авах гэнэ.   

Гэртээ байх цаг нэмэгдсэнд баяртай байна

Энэ өдөр уурхайн мөргөцөгт есөн экскаватор ажиллаж байна. Тэд бүгд цахилгаанаар ажилладаг. Хамгийн сүүлд ажилд гарсан, шинэхэн ЭКГ-12 К холоос өнгөтэй, бараатай үзэгдэнэ. Ил уурхай хоёр экскаватор энэ жил авч ашиглалтад оруулсан. Ирэх онд дахин нэгийг авна.

Сонирхол хөдлөөд ЭКГ-12 К экскаваторын бүхээг өөд авирч гараад яг л айлд зочилж буй мэт “Сайн байцгаана уу?” гээд орж явчихлаа. Бүхээг нь дотроо зайтай, ардаа амрах өрөөтэй, халуун, хүйтнээр үлээдэг төхөөрөмжтэй, тун тохитой юм. Туслах нь “хоёр дахь гэр”-ээ шүүрдсэн шигээ дулаахан сайхан угтав. Экскаваторын машинч Г.Ганбаяр, түүний туслах С.Одонбаатар нартай уулзаж цөөн хором ярилцлаа. Г.Ганбаяр “Би Эрдэнэт үйлдвэртээ 13 жил ажиллаж байна. Долоон жил нь туслах хийсэн. Энэ миний хоёр дахь экскаватор. Өмнөхөө бодвол тав тухтай, хүчин чадал илүү болж ирсэн. Бүх үйлдэл нь компьютержсэн. Өглөөнөөс хойш 20-иод рейс ачаад байна. Ээлжийн 12 цагийн хуваарьт шилжсэн нь маш их таалагдаж байгаа. Гэртээ байх цаг хугацаа нэмэгдсэнд баяртай байна” гэв. С.Одонбаатар: “Би өмнө нь Баяжуулах үйлдвэрт гагнуурчин байсан. Үйлдвэрт 14 дэх жилдээ ажиллаж байна. Гагнуурын тавдугаар зэрэгтэй. Хос мэргэжилтэй болох зорилго тавиад ажиллаж байна. Шаардлагатай үед өрөм дээр хүртэл дуудагддаг. Туслах машинч экскаватороо цэвэрлэнэ, тосолгоо үйлчилгээ хийнэ, машинистынхаа гарыг амрааж зарим үед жолоо барина. Энэ кабин дотроо л хоёулаа бүхий л бодол санаагаа хуваалцаж, жаргал, зовлон ярьж амьдарна шүү дээ. Миний хамт олон цагийг ягштал баримталдаг нь бахархалтай санагддаг” гэж ярьсан юм.

Уулын “бурхад” маань үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтийг  100,3-107 хувиар биелүүлж явна. Уурхайчид гэдэг эгэл боргил, цаанаа л нэг даацтай сайхан хүмүүс санагддаг. Уулаа шүтэж, хаана ч явсан уулаа санаж, ууландаа л жаргах уурхайчдын ажил урагштай байна.    

М.Одгэрэл

ФОТО: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог