×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Телевиз
  Саяхны бямба гарагт Технологийн сургууль дээр төгсөлтийн  уралдаант шалгалт болж байгаа мэт олон хүүхэд, залуус цуглажээ. Тэд тус сургуулийн нэрэмжит Математик-Байгалийн ухааны гуравдугаар олимпиадад оролцохоор Эрдэнэтээс гадна Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас зорин ирсэн ахлах ангийнхан. Идэр есийн хүйтэнд олон хүүхэд, залуусын сонирхол хүслийг татсан энэхүү олимпиадын  талаар Технологийн сургуулийн Эрдэм шинжилгээ, дээд боловсролын сургалт хариуцсан дэд захирал Л.Наранцэцэгтэй ярилцлаа.

-Өргөн цар хүрээтэй  энэ олимпиадыг танай сургууль гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Олимпиадын гол зорилго юу вэ?
-Сурагчдын математик байгалийн ухааны хичээлд шимтэн суралцах сонирхлыг дэмжих,  өндөр мэдлэг, ур чадвартай инженер бэлтгэхэд хувь нэмрээ оруулах, аймаг улсын төрөлжсөн олимпиадын бэлтгэлийг эрчимжүүлэх, Технологийн сургуульд элсэн суралцагчдын  чанарыг сайжруулах зорилгоор манай сургуулиас гурав дахь жилдээ энэ олимпиадыг зохион байгуулж байна.

-Энэ удаагийн олимпиадад хэдэн сурагч оролцов?
-Олимпиад жилээс жилд  цар хүрээгээ  тэлэн өргөжиж  байна. Энэ жил Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 95, манай аймгийн 14 сургуулиас 352, нийт 447 сурагч оролцож, оюун ухаанаа сорилоо.  Олимпиад 9, 10, 11, 12-р ангийн төрлөөр математик, хими, физикийн хичээлээр явагдсан. Ингэхдээ анги бүрд хичээл тус бүрээр эхний гурван байр, хичээлүүдийн нийлбэр дүнгээр эхний зургаан байрыг тус тус шалгаруулсан.

-Шагнал урамшууллын тухайд...
-Шалгарсан сурагчдыг медаль, мөнгөн шагналаар урамшуулсан. Бас  хичээлүүдийн нийлбэр дүнгээр эхний зургаан байрт  шалгарсан 12-р ангийн хүүхдүүдийг Технологийн сургуулийн бакалаврын хөтөлбөрт 10 кредитийн хөнгөлөлттэй суралцах эрхээр шагнасан. Мөн  хичээлүүдийн нийлбэрээр эхний зургаад шалгарсан 9, 10-р ангийн 12 сурагчид Технологийн сургуулийн 11, 12-р ангид сургалтын хөтөлбөрийн 30 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг гардууллаа.

-Аль аймаг сургуулийн сурагчид илүү амжилт гаргав?
-Ерөнхийдөө оролцсон хүүхдийн тоогоороо ч, авсан медалиараа ч манай аймаг тэргүүлж, 45 медаль хүртсэнээс 14-р сургууль 22, Технологийн сургууль найм, дөрөвдүгээр сургууль дөрөв, наймдугаар сургууль дөрөв, Орос 19-р сургууль гурав, 13-р сургууль хоёр, Орхон Эмпати сургуулийн сурагчид мөн хоёр медаль зүүлээ. Булган аймаг хоёр, Хөвсгөл, Сэлэнгэ тус бүр дөрөв, Дархан-Уул аймгийн сурагчид таван медаль хүртлээ. Хичээлүүдийн нийлбэрээр 9-р ангийн төрөлд Орхон аймгийн 14-р сургуулийн 9 б ангийн сурагч Цолмон, 10-р ангийн төрөлд Орхон аймгийн Технологийн сургуулийн 10 а ангийн Тэмүүжин, 11-р ангийн төрөлд Дархан-Уул аймгийн ахлах сургуулийн сурагч Тэмүүлин, 12-р ангийн төрөлд Орхон аймгийн Технологийн сургуулийн 12 а ангийн сурагч Сувданчимэг нар нэгдүгээр байр эзэлсэн байна.

-Энэ олимпиадын бусдаас ялгарах онцлог нь юу вэ?
-Математик, байгалийн ухааны олимпиад нь математик, физик, химийн хичээлүүдийн нийлбэр агуулгаар явагддагаараа онцлог. Сурагчдын  дээрх хичээлээр шамдан суралцах хүсэл сонирхлыг нь дэмжиж, ирээдүйд нарийн мэргэжлийн чадварлаг инженер болох хөрс суурийг бүрдүүлж өгдөгөөрөө давуу талтай.

-Цаг гаргасанд баярлалаа.


Я.ЭНХТУЯА
 

     Ил уурхайн Засварын хэсгийн хамт олон 12-р экскаваторын гинжний гуя  хугарсныг сэлбэг хэрэгсэл байхгүй гэж шалтаглалгүй өөрсдийн нөөц бололцоог ашиглан уурхайн талбайд засварлажээ. Засварын ажил тав хоног үргэлжилж, экскаватор хэвийн ажиллагаандаа орлоо. Ил уурхайн хэмжээнд 10 экскаватор ажиллаж, хоногт дунджаар 30 мянган м3 хөрс хуулж, 90-100 мянган тонн хүдэр олборлодог. Үйлдвэрлэлийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахын тулд уг экскаваторыг их засварт оруулахаар төлөвлөсөн хэдий ч сэлбэг нийлүүлэгдэхээс өмнө ийнхүү зогсчээ. Гэсэн ч ур чадвартай, ажилдаа сэтгэлтэй уурхайчдын хичээл зүтгэлээр хэвийн ажиллаж эхлэв. Энэ онд мөн 20-р экскаваторын гинж солих ажил хийгдэнэ.

 

М.ГЭРЭЛ

     “Эрдэнэт” үйлдвэр шинэ оны эхний сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтээ дүгнэв. Нэгдүгээр сард үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд 100 хувиас давж биеллээ. Тухайлбал, уулын цул 127 мянган мЗ, хөрс хуулалт 3086 м3, хүдэр олборлолт 276 тонн, хүдэр өгөлт 313 мянган тонн, өрөмдлөгийн хэмжээ 6500 уртааш метр, ачаа эргэлт 292 мянган тонн/ км -ээр давж биелсэн байна. Баяжуулах үйлдвэр хоёр сая 881 мянган тонн хүдэр боловсруулсан нь 103 хувийн биелэлттэй байна. Хүдэр дэх зэсийн агуулга 0,480, молибден 0,014 хувьтай, зэсийн металл авалт 88,8 молибден 51,3 хувьтай биелэв. Баяжмал гаргалтын хувьд зэсээр 837 тонноор илүү, молибден гаргалт төлөвлөгөөнөөс зургаан тонноор дутаж биелсэн байна. Энэ нь хүдрийн молибденийн агуулга буурсантай   холбоотой  аж. Харин үндсэн  бүтээгдэхүүний  зэсийн металл авалтыг давуулан биелүүлсэн амжилттай ажиллажээ.

 


М.ОД

     Жил бүрийн цагаан сарын баярын өмнөхөн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Эрдэнэт үйлдвэрээсээ гавьяаны амралтандаа суусан 85-аас дээш настай ахмадуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа боллоо.
     Хүндэтгэлийн ажиллагааг нээн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн, ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр болон Ахмадын зөвлөлийн дарга Д.Байгал уригдсан ахмадуудад мэндчилгээ дэвшүүлэн бэлэг гардуулав.
      Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөл 2000 гаруй гишүүнтэйгээс 85-аас дээш настай 12 ахмад байдаг аж. Сар шинийн баярт зориулсан хүндэтгэлийн зоогийн ширээний ард тухалсан ахмадуудад Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд эрүүл энх урт удаан наслахыг ерөөв.    


   

 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог