Б.БЭХБАЯР: Бид 21 аймагт салбар байгуулж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангана Онцлох

13 3-р сар 2020 12:00
526 удаа үзсэн

Хувийн хамгаалах хэрэгсэл үйлдвэрлэх шинэ төрлийн зах зээлд сүүлийн нэг жил орчим амжилттай ажиллаж буй “БЭККО” ХХК-ийн захирал Б.Бэхбаярыг ээлжит дугаарын зочноор урьж ярилцлаа. Тэрээр дэлхий нийтэд тархсан “COVID-19” коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд 100 ширхэг комбинзон бэлэглэсэн тухай чихэнд чимэгтэй мэдээгээр биднийг угтсан юм. Нүдний шил, чихэвч, амны хаалт, каск зэрэг хувийн хамгаалах хэрэгслээр хүрээгээ тэлэх чин хүсэлтэй залуу бизнесмений яриаг та бүхэнтэй хуваалцъя.

-УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАСАН ТАНАЙ ХАМТ ОЛОНД БАЯРЛАЛАА?

-ДЭМБ-аас Монгол Улсад тусламж өгсөн мэдээг сонссон л доо. Түүнд хувийн хамгаалах хэрэгсэл комбинзон маш цөөхөн ирснийг дуулсан. Мөн ЭМЯ-нд хангамж дутагдалтай байгаа гэсэн мэдээлэл аваад 100 ширхэг комбинзон хандивлая гэж шийдсэн. Сэжигтэй тохиолдол бүр дээр очиж байгаа төрийн албан хаагчид ийм хамгаалах хэрэгслийг нэг удаа өмсөх зориулалттай байдаг учраас нэг талаас их үрэлгэн хувцас гэж хэлж болно. Нөгөөтээгүүр хамгаалалт нь ус чийг нэвтрэхгүй сайн талтай.

-МОНГОЛД ХУВИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙН ЗАХ ЗЭЭЛ БАЙГААГ ХЭДИЙД ОЛЖ ХАРАВ?

-Энэ бизнест хөл тавьсан түүх их сонирхолтой. Компаниа 2018 онд байгуулж байлаа. Оюутолгой компани дотоодын үйлдвэрлэгчдээс ханган нийлүүлэх хөтөлбөрийнхөө шугамаар 2018 оны 11 дүгээр сард комбинзон худалдан авах тендер зарласан юм. Бид төвийн бүсээс оролцохоор технологио судалж, үйлдвэрлэлд нэвтрүүлж, анхны загваруудаа гаргаж уг тендерт оролцсон ч харамсалтай нь орон нутгийн давуу эрхтэйгээр говийн хоёр компани шалгарсан. Энэ тендерийн ажиллагаа том туршлага үлдээсэн гэж болно.

Хувийн хамгаалах хэрэгслийн нэг болох комбинзоныг уурхай, хуурай болон шингэн химийн бодистой ажиллах, малын гоц халдварт өвчний үед, хөдөө аж ахуйн, тог нэвтрүүлдэггүй материалтай тул тухайн зориулалтаар өмсөх боломжтой. Эдгээр хэрэгцээг нь харгалзан Эрдэнэт үйлдвэр болон бусад уул уурхайн компанид, мал эмнэлгийн чиглэлээр ашиглах зах зээл Монголд байгааг олж харсан.  

-ЭНЭ ТӨРӨЛД ӨРСӨЛДӨГЧ ХЭР ОЛОН БЭ?

-Одоогоор говийн бүсэд 2, хангайн бүсэд манайх үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатарт энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани хараахан байхгүй.

-БОЛОВСОН ХҮЧНЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭЖ ЭХНИЙ АЛХМАА ХИЙСЭН БОЛ?

-Бизнест хөл тавих нь миний амьдралдаа гаргасан маш зоригтой бөгөөд том шийдвэр байсан. Би ШУТИС-ийг төгсөөд Энэтхэг улсад 2 жил магистрт суралцсан. Эргэж Монголдоо ирээд Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад автоматжуулалтын инженерээр 5 жил ажилласан. Гэтэл нэг л өдөр амьдралдаа алхам хийх хэрэгтэйг ухаарч, ажлаасаа гарахаар шийдсэн. Энэ шийдвэр олон хүнд гайхаш төрүүлж байсан ч энэ зоригтой үйлдлийнхээ дараа гадаад худалдааны чиглэлээр ажилладаг хувийн компанид нэг жил ажиллахдаа хэрхэн гадаад худалдаа хийдэг, бизнес гэж юу болох талаар тодорхой ойлголт авсан. Улмаар хувийн компани байгуулахаар шийдэж, дахин нэг алхам урагшилсан. Тухайн үед Оюутолгойн тендерт ялж чадаагүй ч зах зээлээ мэдэрч хөдөлсөн гэж боддог.

Анх зочны өрөөндөө байрлуулсан 2 хуучин оёдлын машинаас эхлүүлсэн бизнесээ өнөөгийн зэрэгт хүрсэнд баярладаг. 2019 оны 6 дугаар сард эхнэрээ ажлаас нь гаргаад хоёулаа оёдол хийж эхэлсэн бол сарын дараа нэг оёдолчин авч гурвуулаа болж байлаа. Алхам алхмаар л урагшилсан. Өөрийн гэсэн ажлын байртай, 13 оёдолчин, 2 эсгүүрчин, нэг савлагчтай болж өргөжин тэллээ, хамт олноо бүрдүүллээ. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн ашиглаж, 20 ажлын байртай ажиллана гэхэд 7 оёдолчин нэмж авах хэрэгцээ шаардлага бий. Манайх бүрэн хүчин чадлаараа ажиллахад өдөрт 300 ширхэг комбинзон үйлдвэрлэх боломжтой ч одоогоор 150 ширхгийг гаргаж байна.

-КОМБИНЗОНЫ НЭР ТӨРЛИЙН ТУХАЙД?

-Дэлхий дахинд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас өвчний голомтот цэг дээр ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүст цэнхэр оруулгатай комбинзон өмсүүлж байна. Үндсэн түүхий эд материал нь тодорхой стандарттай, материалын нимгэн зузаанаас хамаарч хэд хэдэн төрөл бий. Бид ойрын үед дээрх цэнхэр канттай комбинзоныг үйлдвэрлэх технологийг судалж байна. Түүхий эдээ татаж аваад оёход 10 оёдлын машин, нэг наадаг машин шинээр авч, 12 ажлын байр гаргана. Одоогоор манай компани 5-6 төрлийн комбинзон үйлдвэрлэж байна. Коронавирустэй холбоотойгоор түүхий эдийн татан авалт хумигдаж, Хятадууд материалын үнийг нь 4-5 дахин нэмчихсэн. Сул зогсолт хийхээр гэрээтэй байгууллагадаа нийлүүлэлт хийх шаардлагатай тул зогсох эрх алга. Нэг татан авалтаар 3-4 сарын хэрэгцээгээ хангахуйц 10 мянган ширхэг хувцасны материал захиалж байна.

-УРД ХӨРШИД ҮЙЛДВЭРЛЭДЭГ КОМБИНЗОНООС ЯЛГААТАЙ ЗҮЙЛ БИЙ ЮУ?

-Загвараа Европ стандартын эсгүүр дээр монгол хүний биеийн онцлогт тохируулан гаргасан. Ингэхдээ хэвлий, чээж өргөн, бэлхүүс том, гар богино, хүзүү бөгтөр, толгой том зэрэг хэв шинжийг харгалзан үзсэн. Монгол хүн өмсөхөд мөрний залгаагүй, биед сууж өгөх талаасаа илүү эвтэйхэн болсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нь чухал.

-ХЯТАДААС БУСАД ОРНООС ТҮҮХИЙ ЭД, МАТЕРИАЛ ТАТАН АВАХ ТАЛААР СУДАЛЖ ҮЗСЭН ҮҮ?

-Үзсэн. Дэлхийн томоохон брэндүүд болох “Tyvek”, “Honeywell”, “ZM” нь комбинзон үйлдвэрлэдэг ч, өөрсдийнхөө бүтээгдэхүүнд зориулан материал гаргадаг. Урд хөршид 4-5 үйлдвэр ажиллаж байна.

-ХАРИЛЦАГЧ ТҮНШ БИЙ ЮУ?

-Өнгөрсөн оноос МАК-тай гэрээ байгуулан, жилдээ 30 мянган ширхэг комбинзон нийлүүлэхээр хамтран ажиллаж байна. Цаашид ЗОНЗ-ын Үндэсний төв, Мал эмнэлгийн үндэсний хүрээлэнтэй хамтран ажиллах боломжтой гэж хардаг. Тавантолгойн сайжруулсан нүүрсний уурхай тоосжилт ихтэй тул хувийн хамгаалах хэрэгсэл өмсөх хэрэгтэй юм шиг санагддаг. Ажлын хувцас тоосжилт ихтэй байснаар эдэлгээ даах чанар нь муудаж, элэгддэг.

-ОРОН НУТАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛЫГ ХЭРХЭН ХАРЖ БАЙНА?

-Эрдэнэтэд олон төрлийн үйлдвэрлэл байдаг тул ажиллах хүчний олдоц сайтай гэж хэлнэ. Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехээс өндөр насны тэтгэвэртээ гарсан, ажлын чадвартай, туршлагатай оёдолчид олон бий. Мөн уул уурхай түшиглэсэн гэдэг утгаараа борлуулалтын давуу талтай. Улаанбаатар хот руу тээвэрлэлт хийхэд алс байдаг нь сул тал болоод байна.

-ОРОН НУТГИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВЬЖ БАЙСАН. ЭНЭ АЖИЛ ЯМАР ШАТАНДАА ЯВНА ВЭ?

-Хангамжийн хэлтсийн даргатай уулзсан. Коронавирусын онцгой тохиолдолд бэлэн байгаа бүтээгдэхүүнийг шууд худалдан авалтаар хийх санал тавьсан. Тухайн үед манай нөөцөд байсан 400 ширхэг комбинзоныг бүгдийг авсан. Коронавирусын нөхцөл байдлын дараа манай компанитай хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн.

-КОМПАНИА ТОГТВОРТОЙ АЖИЛЛУУЛАХЫН ТУЛД ЮУНД АНХААРАХ ВЭ?

-Энэ төрлийн бүтээгдэхүүн импортоор их хэмжээгээр орж ирдэг тул үнийг уян хатан байлгаж, нэг түвшинд барих хэрэгтэй  гэж үзсэн. Мэдээж ингэхийн тулд зардлаа танаж, илүү зардал гаргахгүйг хичээж байна. Бусад зардлаа багасгасан ч чанарт нөлөөлөхгүй.

-ХЭТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ХЭРХЭН ЗУРАГЛАВ?

-Жил бүр гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна. Өнгөрсөн онд тогтмол ажлын байр бий болгох, бүтээгдэхүүнээ дотоодын компаниудад таниулах зорилготой ажилласан бол энэ жилийн тухайд бүтээгдэхүүний тоо ширхэг, ажлын байраа нэмэгдүүлж, чанарт анхаарахыг чухалчилж байна. Харин 2021 онд баруун аймгуудад салбараа байгуулна. Мал эмнэлгийн Ерөнхий газар нэг удаагийн хамгаалах хэрэгсэл жилдээ 160 мянган ширхгийг худалдан авна гэж үзвэл салбараар дамжуулан зах зээлээ тэлэх, нөгөө талаас хэрэглэгчид илүү ойр ажиллах боломж бүрдэнэ. Тухайн бүтээгдэхүүнийг удаан хадгалах нь эрсдэлтэй тул богино хугацаанд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэгцээ зайлшгүй байгаа гэж харж байна. Бид 21 аймагт салбар нээснээр орон нутгийн иргэдийг ажлын байраар хангана.   

-ШИНЭ ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОХ ЧИХЭВЧ ХЭЗЭЭНЭЭС ХУДАЛДААНД ГАРАХ ВЭ?

-Чихэвчийг худалдаанд хараахан гаргаагүй. Одоогоор туршилтын загварууд гаргаад сайжруулалт хийж байна. Хоёр химийн бодис хольж гарган авдаг тус бүтээгдэхүүнийг Стандарт хэмжилзүйн газраас лабораторийн шинжилгээ хийж, MNS тохирлын гэрчилгээ олгосон. Шинэ бүтээгдэхүүнээ 5 дугаар сараас худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Дуу чимээтэй орчинд орохоос өмнө чихэвч зүүх нь хувь хүний эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой. Чихэвчийг бусдад дамжуулж болдоггүй тул тухайн ажилтан өөртөө л ашиглана. Оюутолгойд энэ төрлийн хамгаалах хэрэгсэл нэвтэрсэн. Эрдэнэт үйлдвэр ч нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-ҮЕИЙНХЭЭ ЗАЛУУЧУУДАД ХАНДАН ЮУ ХЭЛЭХ ВЭ?

-Одоогийн залуус их авхаалжтай, сэргэлэн болсон. Нэг жишээ хэлэхэд, ХБНГУ-д шинэ бүтээгдэхүүн гарсныг хараад тухайн компани руу залгахад, “Та Монгол Улсад байгаа манай албан ёсны байгууллагад хандана уу” гэсэн хариу ирсэн. Залуучууд ийм л хурдтай байна. Хааяа, Улаанбаатарын залуучуудаас хоцорчихлоо гэж өөрийгөө голох үе ч байна. Тэгэхээр, мэдээллийн технологийн асар их хурдыг ашиглан залуучууд маань том зорилготой байж, түүндээ хүрэхээр тасралтгүй тэмцэж, өөрийгөө хөгжүүлж, суралцаарай гэж хэлье.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 13 3-р сар 2020 10:47
Үнэлэх
(2 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Зургийн цомог