Б.БАТТӨР: Сүү хатаах технологио амжилттай туршиж, ирэх онд шинэ бүтээгдэхүүн гаргахаар бэлтгэж байна Онцлох

19 12-р сар 2019 12:00
1455 удаа үзсэн

    “Эрдэнэтээ сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангана” хэмээн зоримог шийдэж, 10-аад жилийн өмнө бизнест хөл тавьсан уурхайчин залууг “Эрдэнэтээ дэмжье” булангийн ээлжит зочноор урьлаа. Тэрээр сүүн бүтээгдэхүүний зах зээлд өнөөг хүртэл хүч сорихдоо өндөр чанартай сүүгээр хэрэглэгчдийг хангахын тулд малынхаа үүлдэр угсааг сайтар судлах хэрэгтэйг олйгож, алатау, талын улаан, хар тарлан, симентал зэрэг шилмэл үүлдрийн үнээг фирмдээ нутагшуулжээ. Аливааг эхлүүлэх амаргүй хэдий ч нэгэнт хөл тавьсан талбар дээр гурвантаа өөрчлөлт шинэчлэл хийж, үйлдвэрээ өнөөдрийн хэмжээнд өргөжүүлснийг харахад бахархалтай. “Баяжуулагч ододХХК-ийн Ивээлтсүүний үйлдвэрийн захирал Б.Баттөртэй нэг сэдвээр ярилцлаа.

     -ҮНЭЭНИЙ ФИРМЭЭ ӨРГӨЖҮҮЛЖ, ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ САНАА ХЭДИЙД ТӨРӨВ?

    -Анх ямар ч мэдлэггүй, Улаанбаатараас үнээ авчирсан. Үнээний фирмийн үйл ажиллагаа жигдрээд ирэх үед сүүгээ зах зээлд борлуулахад асуудалтай болж, сүүний илүүдэл гарах болсон. Зарах гэж ажил болж байхаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргая, Эрдэнэт сүүний үйлдвэрлэл муутай учраас үйлдвэр байгуулъя гэж зориглон, 2012 онд Ингээд хойд хөршөөс технологи, тоног төхөөрөмжөө худалдан авчирсан. Өнөөдрийг хүртэл энэ салбартаа үнэнчээр явлаа. Судалгааны ажлыг нэг жилийн хугацаанд хийхдээ оро стехнологи сонгон оруулж ирсэн. Орон орны технологи буюу хаанахын ямар хөрөнгөөр, ямар үед хийсэн зэргээр өөр байх жишээтэй. Манай үйлдвэринй хувьд хуурай сүү, химийн нэмэлтгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, энэ төрлийн зах зээлд өрсөлдөж, өөрийн гэсэн хэрэглэгчтэй болоод байна. 

    -ТА ЯМАР МЭРГЭЖИЛТЭЙ ВЭ? БИЗНЕСИЙН САЛБАРТ БАЙНГЫН ӨСӨЛТТЭЙ БАЙЖ, ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭХЭД ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ?

  -Би уул уурхайн баяжуулагч мэргэжилтэй. Эрдэнэт үйлдвэрт кранчнаар 9 жил ажиллаад, дараа нь Монголын алт компани /МАК/-д тээрмийн машинчаас үйлдвэрийн дарга хүртэл 10-аад жилийн хүч хөдөлмөрөө зориулсан. Том компанид ажиллахдаа бизнес гэж юу болохыг харж, “Хийе гэж хүсвэл хүн юуг ч бүтээж болдог юм байна” гэсэн урам зоригийг авч байлаа. Хувиараа ажиллаж үзье гэж шийддээд энэ салбарт хөл тавьсан. 34 насандаа гаргасан энэ шийдвэр зоригтой алхам байсан шүү. Тухайн үед компаниа уурхайн төслүүд бичих, уул уурхайн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, үнээний фирм чиглэлээр байгуулсан. Анх судалгаа хийгээд явахад хэлний чадвар муу, сүүний үйлдвэрийн талаар ямар ч мэдлэг, ойлголтгүй байлаа. Өнөөдрийг хүртэл алдаж онож явсаар тал бүрээр өөрийгөө хөгжүүлсэн. Малын эмч, зоотехник, автомашины засварчин, туслах ажилтан, нягтлан гээд бүхий л ажлаа өөрийн биеэр хийж байсан. Одоо төсөл бичих зав муутай болоод ч тэр үү олон зүйлд хүч тарамдаж байхаар нэг ажлаа сайн бөгөөд чанартай хийхийг эрмэлздэг болсон.

     -ОРОН НУТАГТ СҮҮНИЙ ҮЙЛДВЭР БАЙХ НЬ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ГЭЖ ХАРЖ БАЙНА ВЭ?

    -Сүүнд сүүний хүчил буюу бактер гэж бий. Энэ бактер маш эмзэг тул хадгалалтын горим, нарийн температур шаарддаг. Харин сүүний шинж чанар нь үнэр, амтыг хурдан шингээж, хурдан гашилдгаараа онцлогтой. Тиймээс орон нутагт сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байх нь туханй орон нутгийн хэрэглэгчид өдөр бүр шинэ бүтээгдэхүүн авах боломжоор хангаж байгаа юм. Холоос тээвэрлэлт хийхэд хадгалалтын горим алдагдах магадлал өндөр тул хэрэглэгчдээ хамгийн ойр гэдэг нь бидний давуу тал болж байна. Манай үйлдвэр сүүгээ удаан хадгалахад зориулсан хүнсний нэмэлт хийж үзээгүй. Эко бүтээгдэхүүнийг дэргэдээсээ авах боломжтой байна гэдэг Эрдэнэтчүүдийн хувьд том дэвшил гэж хардаг.

     -САНААГАА АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХЫН ТУЛД САНХҮҮГИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭСЭН БЭ?

   -Үйлдвэрлэл эрхлэх нь худалдаа наймаа хийхээс эрс ялгаатай ойлголт гэж би боддог. Түүхий эдээ хаанаас хэрхэн бэлтгэх, хаана нийлүүлэх, ямар технологиор боловсруулах, эргээд зах зээлд хэрхэн таниулж, олонд түгээх вэ гэсэн цогц үйл ажиллагааг эрхэлдэг онцлогтой. Манай компани сүүнээс гадна тараг, аарц, шар тос, сүү, ааруул зэрэг 8 нэрийн бүтээгдэхүүнээ 18 төрлийн савлагаатай гаргаж байна. 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд үйлдвэрээ 3 үе шаттай өргөжүүлсэн. Монголд зээлгүй бизнес эрхлэгч гэж байхгүй байх. Манай компани ч тэр л жимээр явж ирсэн. Ер нь хүнсний салбар анхны хөрөнгө оруулалтаа урт хугацаанд нөхдөг тул ашиг алдагдлын балансаа бариад л явж байна.  

    Сүүний аж ахуйг Орхон аймагтаа жишиг болохуйц хэмжээнд хөгжүүлж, “Улсын аварга фирм”-ээр шалгарч байсан. Бид 20 км зайд байгаа өөрийн фирмээс үйлдвэрлэлийнхээ 40-өөд хувийг, эрчимжсэн мал аж ахуйн бүс болох Говил багаас 10-аад, Ингэтийн сангийн аж ахуйгаас 2-3, Хангал сумаас 2 фирм нийлүүлэлт хийж байна. Эрчимжсэн мал ахуйн фирмийг түшиглэдэг нь ч бас учиртай. Нэгд, өвлийн улиралд сүүгээр тасалдахгүй, хоёрт, эрүүл мэндийн шаардлага хангасан байдаг. Жилийн дөрвөн улиралд зогсолтгүй ажиллах бидний хувьд нийлүүлэгчдээ алдахгүй байх л хамгийн чухал.

    -ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД АЖИЛЛАГСДЫН ХОР СААРМАГЖУУЛАХ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЖ БАЙСАН САНАГДАНА?

   -Манай компани 2014-2016 оны хооронд Эрдэнэт үйлдвэрийн 10-аад цехийн ажиллагсдад хор саармагжуулах бүтээгдэхүүн нийлүүлж байсан. Өнгөрсөн оны тухайд тендерт оролцсон ч тарагны савлагаа хэмжээ бага шалтгаанаар тавьсан шаардлагад нь нийцээгүй. Энэ жил мөн өрсөлдөж байна. Томоохон хэрэглэгч өдөр бүр 450 ширхэг бүтээгдэхүүн худалдан авах нь жижиг цехүүдэд томоохон дэмжлэг болдгийг хэлэх нь зөв байх. Тэр хэрээр бүтээгдэхүүнээ олонд таниулж, хэрэглэгчээ бий болгох эерэг тал бас бий. Уурхайчдын зүгээс “Танай бүтээгдэхүүн хаачив” гэж их асуудаг. Хэрэв бид тендерт шалгарвал үндсэн үйлчлүүлэгчдээс гадна тендерийн ханган нийлүүлэлтээ аль алийг нь амжуулах боломж, нөөц хангалттай байна. Одоогоор Эрдэнэтийн эргэн тойронд 7-8 фирмийн нөөц бий. Монгол Улсын төр засгаас сүүний урамшууллын талаар ярьж байна. Энэ асуудал шийдэгдвэл хөгжил илүү хурдацтай явна байх.

      -ЭНЭ ОНЫ ОЛОЛТ АМЖИЛТААСАА ОНЦЛОХГҮЙ ЮУ?

     -Хатаасан сүүний тоног төхөөрөмжийг туршиж, горимоо тогтоосон нь бидний хувьд том амжилт боллоо. Мөн 10-аад жил энэ салбарт ажиллахдаа өөрийн нэрийн цөцгийг компанийнхаа нүүр царай болгох гэж хичээн ажилласан. Энэ хичээл зүтгэл маань ч талаар болсонгүй, үр шимийг нь бид амсаж, “Орон нутгийн брэнд бүтээгдэхүүн”-ээр шалгарлаа. Бид Эрдэнэтийн брэнд бүтээгдэхүүний лого эзэмших эрхийг гардсандаа баяртай байна. Төслөө анх бичих үед ОХУ-аас оруулж ирж байгаа цөцгийний зах зээлийг 100 хувь, аарцны 20 хувь, сүү, тарагны хэрэгцээний 40-өөд хувийг хангана гэж зорьсон. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн хэрэглэгчдийг цөцгийгөөр 100 хувь хангаж, аарцаа тодорхой зорилтод хүргэсэн. Цөцгийн тос бидний санасан хэмжээнд хүрээгүй ч зах зээлийн 20-25 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж байна. Бүтээгдэхүүнээ зах зээлд хэдийнэ таниулж, байнгын хэрэглэгчтэй болсон. Энэ бол бидний хувьд том амжилт.

     -СҮҮНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ УЛИРЛЫН ШИНЖ ЧАНАРТАЙ БАЙХ НЬ ҮЙЛДВЭРЛЭЛД НӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    -Тавдугаар сарын сүүлээс есдүгээр сарын эхэн хүртэл малчдын сүүнд түрэгддэг тул боловсруулсан сүүний борлуулалт эрс багасдаг талтай. Сүүний фирмүүдээ тогтвортой нийлүүлэгч болгох үүднээс нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан, зуны улиралд зах зээлийн ханшаас 100-150 төгрөгөөр өндөр үнээр сүүгээ худалдаж авч байна. Зуны улиралд  сүүний гарц нэмэгдчихээр илүүдэл сүүгээ яах вэ гэдэг асуудалтай тулгарсан. Энэ асуудлыг эерэгээр, ашигтай байдлаар шийдвэрлэх нэг зам нь хадгалалтын хугацаа даах чадвартай бүтээгдэхүүн буюу аарц, ааруул, шар тос, цөцгий, цөцгийн тос гэж үзсэн. Сүүлийн жилүүдэд энэ маягаар түүхий эдээ боловсруулж, жилийн хэрэгцээгээ зундаа нөөцөлж байна. Савласан сүүгээ ундны сүүний стандартын дагуу боловсруулж, шууд уух хэрэгцээнд гаргаж байна. Иргэд 3.2 хувийн тослогтой сүүгээр цайгаа сүлчихээд түүнийгээ шингэн байна гэж голох нь бий. Уг нь үйлдвэрийн аргаар боловсруулж, ариутгасан сүүг түүхий сүүтэй харьцуулах аргагүйг ойлгох хэрэгтэй юм.

     -БОРЛУУЛАЛТЫН СУВГАА ХЭРХЭН ОЛЖ БАЙНА ВЭ?

   -Цөцгий, аарцаа Есөн эрдэнэ худалдааны төв, бусад бүтээгдэхүүнээ гэрээт байгууллага юмуу захиалгаар гаргадаг. Манай цагаан идээ амьд бүтээгдэхүүн. Тэр утгаараа дэлгүүрийн лангуун дээр удаан хугацаанд хадгалах боломжгүй. Хөргүүрийн температур, хадглалатын горимоос гадна байнгын нийлүүлэлт жижиглэн худалдаанд маш чухал юм билээ. Өнөөдрийн байдлаар бид Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг 27 улсын цэцэрлэг, УБТЗ-ын Дархан-Уул аймаг хүртлэх 9 цэцэрлэгийг цагаан идээгээр хангаж байна. Онцгой шаардлагаар “Медипас” эмнэлэг, “Бэрэн металл” ХХК, Дулааны цахилгаан станцын ажилтнуудад хор саармагжуулах бүтээгдэхүүн нийлүүлж, захиалгын дагуу байнгын үйлчлүүлэгчиддээ хүргэлт хийж байна.

    -ХЭДЭН ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАСАН БЭ?

    -Компанийн хэмжээнд 18 хүнийг ажлын байраар хангасан. Эдгэрээс сүүний үйлдвэрт 13 ажилтан бий.

    -ЦААШДЫН ХӨГЖЛӨӨ ХЭРХЭН ТОДОРХОЙЛОВ? ИРЭХ ОНЫ ЗОРИЛГООСОО ХУВААЛЦВАЛ?

    -Тодорхой хугацаанд бизнес хийж, амтанд нь орсон хүн бололцоо л гарвал бага багаар өргөтгөхийг хүсдэг. Миний хувьд ч төлөвлөгөө гаргаж, шинэ зургаа бэлтгэсэн. Мэдээж цаашдаа үйлдвэрлэлээ өргөжүүлж, тэлэх бодол бий. Алсын зорилтоо “Дэлхийд танигдсан орон нутгийн брэндийг бий болгох”-ыг зорьж байна. Манай компани энэ онд сүү хатаах шинэ технологи нэвтрүүлэхээр тоног төхөөрөмжөө оруулж ирсэн. Туршилтаа ч амжилттай хэрэгжүүллээ. Хатаах технологи нь сүүний тослогийг тодорхой хэмжээнд ялган авч хатаах, улмаар сэргээн хэрэглэхэд сүүний чанарын 80 хувийг барьж байх онцлогтой юм. Энэхүү шинэ төрлийн бүтээгдэхүүнийг хуурай сүүтэй харьцуулахад будагч бодис, химийн нэмэлт агуулаагүй тул малаас гаралтай шимт бүтээгдэхүүн болно гэдэгт бид итгэлтэй байна. ОХУ-д төдийгүй дэлхийд танигдсан технологийг Монголдоо нэвтрүүлсэн шинэ алхамаар ирэх оныг эхлүүлж байгаадаа баяртай байна.

    -ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР ТА ХЭНД ЗОРИУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭХ ВЭ?

   -Эрдэнэтчүүддээ, хэрэглэгчиддээ 2020 онд эрүүл энх, сайн сайхан байхыг хүсье. Бидэндтэй хамт байдаг та бүхэндээ баярлалаа.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 20 12-р сар 2019 03:42
Үнэлэх
(1 Санал)

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Зургийн цомог