Нийгэм

 Цагаан тоосны бүсчлэлд амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн үзлэг энэ сарын 9-нөөс эхлэн нэг сарын турш үргэлжлэх гэж байна. Үзлэгт хамрагдах зорилтот 325, бусад багийн 163 иргэнийг өнөөдөр сонголоо.

     Эрүүл мэндийн үзлэгийн ажлын хэсэгт Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, аймгийн Эрүүл мэндийн газар, “Цагаан тоосноос ирээдүйгээ аврах хөдөлгөөн” ТББ, Баян-Өндөр, Жаргалант сумын 15 багийн нийгмийн ажилтан оролцож, санал бодлоо солилцлоо.

     Эрдэнэт үйлдвэр 2007 оноос хойш иргэдийн эрүүл мэндийн үзлэгт санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 600 орчим иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Энэ жилийн тухайд Говил, Баянцагаан баг, Жаргалант сумын 10 гаруй мянган иргэдээс 300 хүнийг төлөөллөөр сонгосон ч дээр нь нэмж 180 гаруй, нийтдээ 488 хүнийг үзлэг, шинжилгээнд хамруулахаар үйлдвэрийн газраас шийдвэрлэжээ. Үзлэг шинжилгээг Бүсийн оношилгоо эмчилгээний төв, “Медипас” төвтэй хамтран хийх бөгөөд аймгийн хэмжээнд зүрх судас, уушгины чиглэлээр мэргэшсэн 7 эмчээс бүрдсэн мэргэжлийн баг ажиллах юм.

     Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн хяналт мониторинг, сургалт хариуцсан инженер Н.Наранчимэг бусад багаас сонгосон иргэдийн талаар тайлбарлахдаа, “Цагаан тоосны бүсчлэлд 15-аас дээш жил амьдарсан иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар сонгосон. Мөн эдгээр иргэдтэй нас, ажил мэргэжил, амьдралын түвшин ойролцоо бусад багийн иргэдийг сонгон авч, харьцуулсан үзлэг хийхээр төлөвлөлөө. Ингэснээр эрүүл мэндийн байдалд дүн шинжилгээ хийхэд илүү дөхөм болно” гэв.

     Үзлэг шинжилгээнд хамруулахаар сонгосон иргэдийг багуудын нийгмийн ажилтнууд хариуцах бөгөөд тухайн хүн эрүүл мэндийн үзлэгээс татгалзвал дараагийн хүнд боломж олгохоор тохиролцжээ. Үзлэгт хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлснээр хүний биед учруулах цагаан тоосны нөлөөлөл, үнэн бодит эсэх, мөн үр дүн илүү бодитой гарна гэж эмч, мэргэжилтнүүд үзэж байна.

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх бүтэн өнчин хүүхдийн асрах газар “Энэрэл” төв нь 1992 оны 9-р сарын 5-нд байгуулагджээ. Одоогоор 4 оюутан, цэцэрлэгийн насны 5 хүүхэд, ЕБС-ийн 42 сурагч нийт 51 хүүхэд, 21 ажилтантайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төв нь компанийн нийгмийн хариуцлагын томоохон хэсэг болон эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсрол хүмүүжилд чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсээр өнөөг хүрсэн юм.

      Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгж болох “Энэрэл” төв 1992 оны есдүгээр сарын энэ өдөр эх сууриа тавьжээ. Эдүгээ 2-18 насны 51 хүүхдийг халамжлан хүмүүжүүлж, хувь хүний хөгжил, монгол ёс заншил, харилцах урлаг, мэтгэлцээн, хүүхдийн манлайлал зэрэг олон талт сургалт, урлаг спортын үйл ажиллагааг зохион байгуулж байна. “Энэрэл” төвийг үүсгэн байгуулагч Ц.Хүрэлбаатар агсан эмзэг бүлгийн хүүхдүүдийг амьдралд хөл алдуулахгүй, зөв иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Эрдэнэт хотын Драмын театрын ажилчдын хамтаар бүтэн өнчин долоон хүүхдийг хүлээн авч, өөрсдийн боломжид түшиглэн тус төвийг байгуулсан түүхтэй.

     1993 оны дөрөвдүгээр сард Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал агсан Ш.Отгонбилэг тус төвд зочлон, хүүхдүүдтэй уулзаж ярилцсан бөгөөд зургаадугаар сарын 14-ний өдөр Эрдэнэт үйлдвэрийн харьяанд авчээ. Тухайн үед нэг ахлах багш, ээлжийн хоёр багш, тогоочийн орон тоог батлан, хүүхэд асрах хувилбарт үйлчилгээг эхлүүлсэн байна. “Энэрэл” төв эдүгээ Эрдэнэт үйлдвэрийн 100 хувийн санхүүжилтээр 21 ажилтны орон тоотой, 1300 м.кв талбай бүхий өвлийн байрандаа үйл ажиллагаагаа явуулж байна.

     2019 оны тухайд Японы хөрөнгө оруулалтаар тус төвийн хашаанд модны суулгац тарьж, орон нутгийн төсвөөр тоглоомын талбайг шийдвэрлэжээ. Хүүхэд бүрийн хөгжлийг бодитоор дэмжиж, тэдний сайн сайхан ирээдүйн төлөө Эрдэнэт үйлдвэр бодитой хөрөнгө оруулалт хийсээр ирсэн юм.

 

И.Чинтогтох

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог