Нийгэм

     Нар ээж, урин цагийн аяс ивэлсэн энэ өдөр Баян-Өндөр уулын зүүн энгэрт орон сууцны “Москва 300” шинэ хорооллын шав тавилаа. ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайчдадаа зориулан “Эко-400”, “Залуус-600”, “Москва 300” буюу нийт 1300 айлын цогцолбор хороолол барихаар ийнхүү бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв. Шав тавих ёслолд Орхон аймаг болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд, гүйцэтгэгч компани, уурхайчид, ажиллагсдын төлөөлөл оролцов. Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал шав тавих ёслолын ажиллагаанд зориулж хэлсэн үгэндээ “Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зүгээс уурхайчдад зориулан барих хорооллыг нэг дор цогцоор нь шийдэх боломж олгож өгөөч гэж хүсэлт тавьсны дагуу Орхон аймгийн Засаг дарга түүний тамгын газар таатай хүлээн авч, шийдвэрлэсэн. Ингэснээр Баян-Өндөр сумын Зэст багийн нутагт “Москва 300” орон сууцны хороолол баригдах болсонд орон нутгийн удирдлагууд болон нийт Эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс баяртай байна” гэсэн юм.  
     Орон сууцны цогцолбор хотхоны  түрүүч болох “Москва 300” хорооллын барилгын гүйцэтгэгчээр Неман констракшн, Химон констракшн, “Одкон эрчим” компаниуд ажиллаж, ирэх оны тавдугаар сарын 1-нд ашиглалтад оруулна.
     Хотын дуу чимээнээс хол, эрүүл цэнгэг агаартай орчинд  сүндэрлэн босох энэхүү хороолол нь 300 айлын, 6 блок бүхий цогцолбор хотхон байх юм.  “Москва 300” хороолол нь тус бүр 50 айлын орон сууц бүхий 10 давхар, 6  барилгаас бүрдэх бөгөөд зоорийн давхартаа автомашины гараж, нэгдүгээр давхартаа үйлчилгээний төв, 2-10 дугаар давхартаа байхаар төлөвлөгдсөн. Мөн нийтийн эзэмшлийн гадна талбайд ногоон байгууламж, автозам, хүүхдийн тоглоомын талбай, ил зогсоол гаргаж, орчин үеийн шийдэл бүхий орон сууцны байраар “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчин, 300 айл өрхийг хангахаар зорьж байна. Энэхүү орон сууцны жишиг хорооллын бүтээн байгуулалт нь ажилчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.

М.БАЛЖИННЯМ
Фото Б.БАТТӨГС

     Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд Цагаанчулуут багт баригдах амралт, чөлөөт цагийн “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслолд оролцлоо. Тус цэцэрлэгт хүрээлэн нь Цагаанчулуут багийн 20 га талбай бүхий нутаг дэвсгэрийг хамарсан, спорт, соёл урлаг, үйлчилгээ гэсэн хэсгээс бүрдэх томоохон байгууламж юм. Орчин үеийн жишигт нийцсэн, жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах энэхүү цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулах ажилд өнгөрсөн онд 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.7 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслол болсноор бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх бөгөөд энэ онд Улсын төсвөөс хоёр тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 1.9 тэрбум, орон нутгийн төсвөөс 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр болоод байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн эхний ээлж 2019 онд ашиглалтад орж, 2020 онд барилгын ажил дуусна.

     

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Амарын талбайд зохиогдсон “Хөрөнгө оруулалт-бүтээн байгуулалт 2019” ёслолын ажиллагааны үеэр ерөнхий боловсролын найман сургуульд ЮНИМАТ технологийн танхим тохижуулан өгөх батламжаа гардууллаа. Уул уурхай даган хөгжиж буй Эрдэнэт хотдоо инженерийн боловролтой, бүтээлч сэтгэлгээтэй иргэд төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодит хөрөнгө оруулалт хийсэн энэхүү ЮНИМАТ танхим нь хүүхдийн хүсэл мөрөөдлийг биет үзүүлэн болгоход үнэтэй хувь нэмэр оруулах юм. Мөн Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 38 цэцэрлэг, хүүхэд асрах 2 төвийн 300 гаруй бүлэгт “Бумбардай” комик цуврал, сэтгэхүй хөгжүүлэх лего тоглоом, ерөнхий боловсролын 16 сургуульд робот автоматжуулалтын иж бүрдэл бэлэглэн, хойч үедээ оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

     

     

     Энэхүү ёслолын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх үүднээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цех, нэгжүүд, төрийн болон төрийн бус 20-иод байгууллага тус талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өө зохион байгуулж байна. Үйл ажиллагаагаа сурталчилж, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлсэн эдгээр байгууллага талбай бүрээ шинэ содон шийдлээр тохижуулж, мэдээ мэдээллээр хангажээ. Уулын техникүүд, эрдэс чулуулаг, юнимат технологи ашиглан зохион бүтээсэн жижиг загвар, үйлдвэрлэлд ашигладаг тоног төхөөрөмж, Баяжуулах үйлдвэрийн түүхэн замнал гээд сонирхол татах олон зүйл Амарын талбайд дэлгээстэй байна.

  

  

 


И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

     Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд жил бүр хамтын гэрээ байгуулан, Эрдэнэт хотын хойч ирээдүй, иргэдийн сайн сайхны төлөө төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр байна. Өнөөдрийн онцлох ажлын нэг нь Эрдэнэт хотын төв талбай болох Амарын талбайд үргэлжилж буй “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт 2019” ёслолын ажиллагаа юм. Энэхүү ёслолын үеэр Орхон аймаг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд 2019 оны хамтын гэрээгээ үзэглэж, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлуудаа нийтэд танилцууллаа.

     Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил хэмээн тодотгосон энэхүү ёслолын ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ЗГХЭГ-ын дэд дарга Орон нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал, Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн ухааны доктор Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал П.Энхбат, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярцогт, “Ачит Ихт” ХХК-ийн Хүний нөөц хариуцсан захирал Ц.Ариунжаргал, “Эрдмин” ХХК-ийн захирал Ж.Баатар тэргүүтэй бусад албаныхан оролцлоо.

     Орхон аймаг 2019 оны бүтээн байгуулалтын ажлаа улсын болон орон нутгийн төсвийн 61,9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд хотын хөгжил цэцэглэлтэд өндөр ач холбогдолтой томоохон ажлууд төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын 17 ажил хийгдэхээс “Эрдэнэт” ДЦС-ын өргөтгөл, гэр хорооллын оршин суугчдын цахилгаан хангамжийг шийдвэрлэх, 5 байршилд баригдах хүүхдийн цэцэрлэг, хог боловсруулах үйлдвэр, залуучуудын ордон, өрхийн эрүүл мэндийн төв, гэрэлтүүлэг чимэглэлд эрс өөрчлөлт хийх шуурхай удирдлагын төв, 38 байршлын амралт чөлөөт цагийн талбай, 6.9 км хатуу хучилттай авто зам, 11.8 км сайжруулсан шороон зам, 2.1 км үерийн суваг, 7.2 км инженерийн шугам сүлжээ барьж байгуулах ажлыг онцоллоо. Мөн энэ онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймагтай хамтран орчин үеийн Соёл амралтын хүрээлэн барьж байгуулахаар болсныг танилцууллаа.

     Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ, “Эрдэнэт хотынхоо өнгө төрхийг сайжруулахын төлөө бид хичээн ажиллаж, хөгжлийн төлөө их зүйл хийх болно. Өнөөдөр буюу 5 дугаар сарын 1-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” бүтээн байгуулалтын ажлуудаа эхэллээ. Том ажил. Сайхан ажил. Сайн сайхан амьдралын төлөө хүчээ нэгтгэж, хамтран зүтгэцгээе. Эрдэнэтийн уурхайчдын яруу алдар мандан бадраг” хэмээсэн.

  

     

     

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

     Хорьдугаар зууны манлай үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд хэрэгжүүлэх  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын их ажлуудаа өнөөдөр албан ёсоор нээж байна. Энэ онд үйлдвэрлэлийн чиглэлээр хийгдэх төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тавдугаар ээлжийн засварын талбайд “Зэс-молибдений баяжмалыг салгах молибдений дамжлагын шинэчлэл”-ийн нээлтийн ажиллагаагаар эхэллээ. Хөрөнгө оруулалтын жилийн хүрээнд тус үйлдвэр бүтээн байгуулалтын нийт 193 ажил хийхээр төлөвлөснөөс үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэлийн ажил том байр суурь эзэлж байгаа юм. Эдгээр бүтээн байгуулалт, өөрчлөн шинэчлэлийн төслүүд Баяжуулах үйлдвэрт хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, тус цехийн Нунтаглан баяжуулах хэсэгт зэс молибдений баяжмалыг салгах молибдений дамжлага шинэчлэгдэж байна. Төслийн шугамаар АНУ-аас оруулж  ирсэн “Мill Maх” насос,  “WEMCO” инерт газыг Баяжуулах үйлдвэрийн зэс, молибден нунтаглан баяжуулах хэсэгт суурилуулна. Энэхүү технологийг нэвтрүүлснээр одоо ажиллаж буй дамжлагаас хүчин чадал нь даруй хоёр дахин нэмэгдэж, металл авалт өсөж, ашиглалтын зардал буурна. Эдийн засгийн ийм үр өгөөж өгөхийн зэрэгцээ хамгийн гол нь ажлын байрны нөхцөл сайжирч, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн  хангах орчин бий болж байгаа гэдгийг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон тодотгосон юм.

  

     Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт хийгдэх “Зэс-молибдений баяжмалыг салгах молибдений дамжлагын шинэчлэл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн түүний  удирдлагын баг, газар хэлтэс, цехийн дарга нар, бусад албаны хүмүүс болон уурхайчдын төлөөлөл оролцов.
     Ёслолын ажиллагааг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Одоогоос 41 жилийн тэртээ “Эрдэнэт” хэмээх энэ айлыг барьж, ашиглалтад хүлээж авч байсан бол өнөөдөр хоёр дахь үеийн их бүтээн байгуулалтаа бид эхлүүлж байна гэж хэлж болно. Энэ бол эрхэм баяжуулагчид, уурхайчид та бидний  хувьд онцгой үйл явдал юм. Энэ онд техник технологийн шинэчлэл болон нийгмийн чиглэлээр нийт 160 сая ам.доллар буюу 411 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Энэ нь өнгөрсөн хоёр жилд хийж байсан хөрөнгө оруулалттай тэнцэж байгаа. Цаашид томоохон төслүүд хэрэгжиж эхлэхээр хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх юм” гэж онцоллоо. Нээлтийн ажиллагаа шинэ бүтээн байгуулалтын  ажлын эхний гэрэлт товчлуурыг дарах ёслолоор үргэлжилсэн. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон нар энэхүү гэрэлт товчлуурыг дарж, түүхэн үйл явдлын эзэд болов.
     Мөн техник технологийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд  “Хаягдлын сангийн 4М далан, холбох суваг барьж, байгуулах” төсөл хэрэгжинэ. Энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж буй уг бүтээн байгуулалтын ажлын эхлэл өнөөдөр албан ёсоор тавигдлаа. Хаягдлын аж ахуйд 4М далан байгуулснаар тус аж ахуйн аюулгүй, найдвартай ажиллах ашиглалтын хугацаа 4-6 жилээр уртсах боломж бүрдэнэ.

 

М.БАЛЖИННЯМ
Фото Б.БАТТӨГС

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог