Нийгэм

     “Эрдэнэт” үйлдвэр, БНСУ-ын Дэгү хотын хамтын ажиллагааны хүрээнд  хоёр талын хамтарсан эрүүл мэндийн үзлэг, оношлогоо Эрдэнэт сувилалын цогцолборт дөрөвдүгээр  сарын 19-21-ний өдөр хийх гэж байна. Тус хотын эрүүл мэндийн аялалын эмч нар энэ үеэр мэдрэл,  дотор, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ, ерөнхий мэс засал, арьс харшил, дүрс оношлогоо гэсэн зургаан  чиглэлээр ажиллах юм.
     Үзлэгт хамрагдах ажилчдыг тухайн цехийн эмчийн хяналтанд байдаг, онош тодруулах шаардлагатай, нарийн мэргэжлийн эмчийн тусламж хэрэгтэй гэсэн үзүүлэлтээр сонгох юм байна. БНСУ-ын Дэгү хотын эрүүл мэндийн үзлэгийн баг нь мэргэжлээрээ 25-30 жил ажиллаж буй дадлага туршлагатай, нарийн мэргэжлийн эмч нараас бүрджээ.

 

М.Балжинням 

Даваа, 01 4-р сар 2019 00:00

Оюутолгойд

     Говь нутагт нэгэнт хавар иржээ. Салхи бусгангуй, санаа тогтворгүйтүүлсэн ааш аяг нь мөн дөө. Өмнөговь тэр чигтээ бараантан шаргалтана. Өвөлдөө цас дэвээтэй унасангүй юу даа. Аглаг тал нутаг ч ертөнцийн тоос нэг л зүсэрмэл. Хуурай, чийггүйн өнгө шинж. Төлөөлөгчийн газрынхан маань зорьсон газраа ирэхэд уурхайн ажил оволзоостой. Монголын говь нутаг уул уурхайн баялгийг бүтээх үлэмж тодорхой бүс болсны онцгой том илэрхийлэл нь Оюу толгой. Монголд Эрдэнэт үйлдвэр хамгийн дээд татвар төлөгч. Дараа нь эл Оюу толгой. Энэ хоёр уул уурхайн үйлдвэр Монголын эдийн засгийн тулгуур хоёр багана. Энэ хоёр уурхайд ажиллаж байгаа хүмүүс бол улсынхаа эдийн засгийн тулгуур баганыг түшин, тал бүрээс нь тулан зүтгэж буй унь лугаа адил. Энэ түгээмэл бахархалт үйлс хөдөлмөртэйн хувиар хоорондоо илүү нөхцөлдөж, туршлагаа солилцож, шалгарлаа лавшруулах учиртай. Тодорхой эл учралаар хоёр үйлдвэрийн хамт олон, цех хэсгүүд үргэлж хамтран, үйлдвэр үйлдвэрээрээ ирж очин, туршлага дадал, оюун санаа солилцон ажилладаг сайхан харилцаа нэгэнт хэвшсээн. Эрдэнэт үйлдвэрийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрынхан эл тогтсон, дэвшилтэт сайн замналаар, ажил хэргээр зочлон ирж буй  хэрэг. Төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа тэргүүтэй бүрэлдэхүүнийг Оюу толгой уурхайд тодорхой зүтгэлтэн С.Санждорж ажил хэрэгч хүлээн авч, уурхайн талаараа өвч танилцуулгыг хийсэн юм.  Аливаа нөр үйлс аяндаа мэддэгддэг дээ. Эн далайц, гүйцэтгэл, эмх журам гээд хаанаас нь ч харсан Оюу толгой бол үнэхээр нөр их. Сахилга, зохион байгуулалт бол энэ үйлдвэрт нэн тэргүүн зүйл. Үйлдвэрийн хүрээн дэх эмх цэгцээс нь шууд л ойлгогдоно. Эрдэнэт үйлдвэрт ч тийм л байдаг. Хүн бүрээс ажлын байртаа бүтээмж төгс, зүтгэл тод хэв аяс мэдрэгдэнэ. Ажилтан тус бүр ажлынхаа цагийг бүрэн төгс, бүтээмж чинад зарцуулдгийн үрээр л Эрдэнэт шиг, Оюутолгой шиг үйлдвэрүүд баялгийг үлэмж бүтээж, ард түмэн, эх орноо тэтгэж яваа нь маргаангүй. Уул уурхайн компанид ажиллагсад бол онцгой хариуцлагатнууд. Үүрэг нь, ажлын нь баримтлал угаас ийм зарчимтай. Олон шат дамжлага бүхий эл том үйлдвэрлэлийн эд эс бүхэн тодорхой жигд хөдөлгүүрдэж байж цогцоороо нүргэлнэ. Энэ зангилаа бүрт уурхайн ажилчин хүний сэтгэл, хөдөлмөрийн сахилга уяатайн учир үйлдвэрүүд сайн ажиллаж байгаа. Харилцан туршлага солилцож, ажил хэрэгч айлчлал хийсний гол хэмжигдэхүүн нь, шинэ санаа авах, дэвшлийг олж харах, сайн дадлыг илүү төгөлдөр болгоход л бий. Энэ хандлага, эрлийн нүдээр манай багийнхан Оюу толгойн үйлдвэрлэлийн бүсэд ажилласан. Сайн төлвийг бэхжүүлэхүй нь үзэж харах, батлагдсан сайн ололтыг өөрийнчлөх, нэмэхэд л байдаг. Тодорхой энэ нотлогдсон үүд өнцгөөс харахад Эрдэнэт болоод Оюу толгойн ажилчид  дэвшилд манлайлдаг, манлайлах ч учиртай. Оюутолгой бол дэлхий дайдад Индонези, Чилийн уурхайн дараа орох том үйлдвэрлэл гэдгийг Төлөөлөгчийн газрын дэд дарга Г.Тамир тодотгосон. Бахархалтай.  Дэлхийд эн цараагаараа тэргүүлэгч тус үйлдвэрт айлчлан ажиллаж, сурч мэдэх, хамтран ажиллах, “юм” сонсохыг үндэстний уурхайн ажилтан бүр мэдүүштэй. Оюу толгойн түүх танилцуулгыг С.Санждорж гавьяат хийх явцад, нут ойлгогдсон нэг зүйл бол хэдхээн жилийн өмнө цулгуй байсан энэ газарт өнөөдөр ямар том үйлдвэрлэл байгуулсныг нүдээр үзэж, бодлоор тунгааж бахархахад байв. Эрдэнэт, Оюутолгой, Эрдэнэс-Тавантолгой гээд үндэсний эдийн засгийн тулгын чулуудын үйл ажиллагаа илүү сайн, илүү бүтээмжлэг байх нь ур чадвартай, санаж сэрэх мэдрэмжтэй, авьяаслаг  зүтгэлч ажилтан бүрийн оролцоо юм. Энэ оролцооны чухал нь харилцан суралцах, сайн шалгарлын төлөөх эрэл. Төлөөлөгчийн газрынхны ажил хэргийн энэ зочлол ийм агуулгаар мэдээж баяжсан буй за.                     

З.БАЯР

     Эрдэнэт үйлдвэр Орхон аймагтай хамтран “Цагаан тоос” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээн дэх хамгийн том ажил болох цагаан тоосны дэгдэлт бууруулах чиглэлээр хэрхэн ажиллаж буй талаар ХАБЭАБОХХ-ийн орлогч дарга О.Эрдэнэтуяагаас тодрууллаа.

     -“Цагаан тоос” дэд хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийж байна?
    -Эрдэнэт үйлдвэр Орхон аймагтай хамтран “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Хөтөлбөр боловсруулахын өмнө Баян-Өндөр сумын Говил, Баянцагаан баг, Жаргалант сумын иргэдийн саналыг авсан. Хоёр талын ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдсан. Хөтөлбөрийг аймгийн Засаг даргын зөвлөл ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар урьдчилан хэлэлцүүлсэн. Саяхан Байгаль орчин Аялал жуулчлалын яам болон Орхон аймгийн хамтарсан шалгалт хийж, зөвлөмж өгсөн. Энэ дагуу бид Байгаль орчин Аялал жуулчлалын сайдын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн, ЗГХЭГ-ын дэд даргын 3-р сарын 11-ний өдрийн албан тоотыг үндэслэн цагаан тоос, ус, ХАА-н асуудлыг тусган, цагаан тоосны дэд хөтөлбөртэй уялдуулан төлөвлөгөө боловсруулан гаргасан.

     -Энэ жил цагаан тоосны дэгдэлт өмнөх жилүүдээс илүү байгаагийн шалтгаан юу байна?
   -Хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал энэ жил хур тунадас бага орж, хуурайшилттай байгаа нь цагаан тоос дэгдэх нөхцөлийг ихээхэн бүрдүүлж байна. Хоёрдугаарт, манай үйлдвэрийн хүчин чадал нэмэгдсэнээр цагаан тоосны талбай нэмэгдсэн. Боловсруулж буй хүдрийн 98 хувь нь Хаягдлын аж ахуйд очиж, хоёр хувь нь баяжмал болон гадагш зарагдаж байна. Мөн ХАА-н далангийн түвшин өндөрсөж байна. Энэ бүх нөхцөл  цагаан тоосны дэгдэлтийг улам ихэсгэж байгаа.

     -Цагаан тоосны дэгдэлт бууруулах чиглэлээр хэрхэн ажиллаж байна?
     -АТБ-аас хоёр белаз гарган, хаягдлын талбайг өдөр бүр 320 тонн усаар норгож байна. Хүнд даацын машин шаварт суух магадлалтай учир боломжтой газар хүртэл усалж байна. Үйлдвэрийн  хаягдал булингад дарагч урвалж /флокулянт/-ийг ашиглан технологийн аргаар цагаан тоос дарах туршилт өнгөрсөн жил явуулсан нь амжилттай болсон. Өвлийн хаялтаас зуны хаялт руу шилжих үед энэ дарагч урвалжийг ашиглана. Газрын хөлдөлтийн гүн далангийн тогтвортой байдалд нөлөөлөхөөргүй түвшинд хүрсэн үед өвлийн хаялтаас зуны хаялт руу шилжинэ. Булингын хаялтын шилжилт 5-6-р сард явагдахаар төлөвлөгдсөн. Энэхүү аргаар тодорхой хэмжээний талбайг хамруулан цагаан тоос дарах бололцоотой ч технологиос үүдээд боломжгүй талбай бас үлдэнэ.

     -Энэ хэсгийн тоосыг хэрхэн дарах вэ?
     -Барьцалдуулагч олон төрлийн бодис байдаг ч технологийн процесст огт нөлөөгүйг нь сонгох шаардлагатай. Ил уурхайн тоосыг дарахад хэрэглэж буй бодисыг лабораторит судлан туршиж, 17 га талбайд цацлаа. Үр дүн сайн гарч байна. Бид белаз  ашиглан уг бодисыг цацсан. Гэвч  ус цацах зориулалттай техникт тусгай бодис хийснээс бөглөрч эвдэрсэн. Тусгай зориулалтын техникийг сонголт хийж захиалсан. Үүнийг Хангамжийн хэлтсийнхэн ойрын үед шийдэж өгнө гэж найдаж байна.

     -Техникийн асуудлыг  шийдэх ямар гарц байна?
    -Үүнийг бид зөвхөн ХАА-н цагаан тоос бус, Ил уурхайн карьерын цагаан тоос, замын тоос зэргийг дарах боломжтой, шаварт суучихааргүй, нуурын наанги шавраас авч цацах боломжтой техник сонгон захиалсан. Энэ бол тусгай захиалгат тоног төхөөрөмж учраас цаг хугацаа нэлээн орно. Монгол дахь нисэх онгоцны компаниудтай ярьж байгаа. Томас Эйр компанийн төлөөлөл манай үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцсан. Энэ онгоц хортон шавьжны устгал, бордоо цацах  зориулалттай. Бид дарагч бодисоо өгч явуулсан. Тэдний ярьж байгаагаар бодис цацах боломжтой, харин тоостой нөхцөлд нисэхэд онгоцны моторын эд анги гэмтэх хүндрэл үүсч магадгүй гэсэн. Тэд судлаад удахгүй хариу өгнө. Ингээд бид эдгээр   аргыг хослуулан цагаан тоос дарахаар шуурхай ажиллаж байна.

     -Эрдэнэт үйлдвэр  цагаан тоос дарах асуудлаар  Шинжлэх ухааны академитай  хамтран ажиллах болсон. Энэ ажил ямар шатанд яваа вэ?
     -Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод Эрдэнэт үйлдвэр ШУА-тай хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн хуралдсан. Найман чиглэлээр хамтран ажиллах бөгөөд үүний нэг нь цагаан тоос дарах ажил юм. Гэрээ хэлэлцээрийн түвшинд яваа энэ ажлыг Хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Дашдорж  хариуцаж байгаа.

      -Баярлалаа.

Я.ЭНХТУЯА

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог