×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Нийгэм

     “Эрдэнэт” үйлдвэрийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд өнөөдөр 2018-2019 онд хэрэгжих “Хамтын гэрээ”-г үзэглэлээ. Хоёр талаас ажлын хэсэг гарч, ажилчдын нийгмийн хамгаалал, цалин урамшууллын талаарх эрхийг заадаг тус бичиг баримтын талаар санал солилцож, хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсан. Шинэ гэрээ 2019 оны 12-р сарын 31-ийг хүртэл хэрэгжих юм. “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудлыг энэ гэрээгээр шийддэг. Хамтын гэрээнд ажилчдын зарим урамшуулал, тэтгэмжийг нэмэгдүүлснээр баталсан нь компанийн зүгээс уурхайчиддаа барьж буй 40 жилийн ойн бэлэг боллоо.

У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс

     “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид эдгээр өдрүүдэд баярлаж байна. Компанийн 40 жилийн ойг угтсан ёслолууд өнөөдөр эхэллээ. Монгол улсын Засгийн газрын шагнал, салбарын тэргүүний цол тэмдэг, яамны жуухаар Геологи хайгуулын анги, Холбоо мэдээллийн технологи ба автоматжуулалтын цех, Чанар хяналтын хэлтэс, Засвар монтажийн цех, Тээвэр ложистикийн алба, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Цахилгаан цех, Эрчим хүчний цех, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэс, Хууль, эрх зүйн газар, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Уурхайчин соёлын ордон, Нийтийн хоолны хэсэг, Технологийн сургуулийн ажилтнууд шагнагдлаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн шагнал “Эрдэнэт” дээд өргөмжлөлөөр уурхайчин хамт олноос төрөн гарсан Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, Эрдэнэт хотын Намын хорооны удирдлагууд зэрэг тэргүүний хүндэт 11 хүнийг шагнасан бол энэ өдөр компанийн Хүндэт дэвтэр, А.Ф.Тюряковын шагналаар зургаан хүнийг өргөжилж, урамшуулав. “Эрдэнэт” үйлдвэрийн тулгын чулууг тавилцсан ахмадууд, Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас чөлөөлөгдсөн ажилтнууддаа компанийн түүхт 40 жилийн ойн медалийг хүндэтгэлтэйгээр үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нарын удирдлагууд гардуулан өглөө.

У.Цэрэнбат

     Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд олон баярт үйл явдал өрнөж байна. Өнөөдөр тус үйлдвэрийн ХАБЭАБОХХ-ээс санаачлан бүтээсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сүлд дууны нээлт Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны үүдэнд боллоо. “Хүндэт гэгээн аялгуу” нэртэй уг дууны шүлгийг Эрдэнэт үйлдвэрийн харьяа Сэлэнгэ амралтын баазын ажилтан, яруу найрагч Н.Батжаргал бичиж, аялгууг нь Уурхайчин соёлын ордны хөгжмийн зохиолч Б.Цэрэндондов зохион, тус ордны уран бүтээлчид дуулж амилуулжээ.
     Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэдгийг ажилтан хүн бүр ямагт санаж явах учиртайг уг дуунд өгүүлжээ. Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн уурхайчдын амар тайван байдлыг бэлгэдэж, Хүндэт гэгээн аялгуу дууг хөшөөнд мөнхжүүлэн,  Ерөнхий захиргааны байрны урд талбайд байрлуулав.

     Баяжуулах үйлдвэрт хийгдэж буй нэгдүгээр шатны Хүдэр нунтаглалтын МЩЦ-5,5х6,5 маркийн 2 дугаар тээрмийн шинэчлэл, жилд 5 сая тонн хүдэр хүлээн авч баяжуулан хүчин чадалтай хам баяжуулалтын 1 дүгээр секцийн шинэчлэлийн ажлыг Баяжуулах үйлдвэр, Засвар монтажийн цех, Барилга угсралтын цех, Засвар механикийн завод, Холбоо мэдээлэл технологийн автоматжуулалтын цех, Төслийн менежментийн алба хамтран гүйцэтгэж, ашиглалтанд оруулж байгаа аж.
     Эрдэнэт үйлдвэрт 24 жил ашигласан хүдэр нунтаглах 2 дугаар тээрмийг шинэчлэн сольсноор хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн  үзүүлэлтийг дээшлүүлэх бол хам баяжуулалтын 1 дүгээр секцийн шинэчлэлийн үр дүнд хүдэр дэх металл авалтыг өсгөх, цахилгаан эрчим хүчийг бууруулах зэрэг олон эерэг өөрчлөлт гарах юм. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн техник, технологийн  шинэчлэл цаашид  Баяжуулах үйлдвэрт дараагийн тээрмийг солих ажлаар үргэлжилнэ. 2018 онд тус үйлдвэр 184 сая долларын өртөгтэй техник шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөжээ.  Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийнхэн түүхт 40 жилийн ойн босгон дээр техникийн шинэчлэлийн зорилтоо бодитойгоор хэрэгжүүлж байна.


М.Балжинням

     Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон түүхт 40 жилийн ойгоо шинэ техник, авто машинтай угтлаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,  ойрын таван жилийн бизнес төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэрлэлийн технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, дэвшилтэт технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх зорилтын хүрээнд тус үйлдвэрт үе шаттай техникийн шинэчлэл хийгдэж байна. Өнгөрсөн онд  Ил уурхайд Комацу  275А маркийн гинжит бульдозар, Liebherr WA600 маркийн дугуйт ачигч, Ган бөмбөлөгийн цехэд ZL50F маркийн шанагат ачигч, Авто тээврийн байгууллагад Хьюндай маркийн зургаан ширхэг автобус тус тус шинээр авч, үйлдвэрлэлд ашиглаж эхэлсэн.
     Тэгвэл өнөөдөр техник технологийн шинэчлэлийн бодлогын хүрээнд дахин үйлдвэрлэлийн үндсэн цехүүд болох Авто тээврийн байгууллагад  Белаз-75131 маркийн 130 тоннын даацтай өөрөө буулгагч гурван ширхэг автомашин, Баяжуулах үйлдвэрт Хүдэр нунтаглалтын МЩЦ-5,5х6,5 маркийн тээрэм, Хүдэр баяжуулах флот машиныг хүлээн авч, үйлдвэрлэлд нэвтрүүллээ. Шинэ техникүүдийг хүлээн авах ёслолын ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон түүний удирдлагын багийхан, үйлдвэрлэлийн цехийн удирдлагууд, инженер техникийн ажилтнууд оролцов. Энэ үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нийт уурхайчид, ажилтнууддаа Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ төрөлх үйлдвэрээ хөгжүүлэх, хуучирч, ашиглалтын хугацаа дууссан техник тоног төхөөрөмжөө өөрчлөн шинэчлэх ажлаа хамтын хүчээр амжилттай гүйцэтгэж байгаад сэтгэл өндөр буйгаа илэрхийллээ. Ээлжит шинэчлэлийн ажлын шинэхэн машинуудаа  бид ойн баярын  босгон дээр хүлээн авч байгаа нь түүхэн үйл явдал болж байна хэмээн тэрээр нэмж онцолсон.
   Хүдэр тээвэрлэх зориулалттай БелАЗ-75131 маркийн 130 тоннын даацтай өөрөө буулгагч гурван авто машины угсралт, тохируулгын ажлыг  Авто тээврийн байгууллагын Технологийн тээврийн авто засварын хэсгийн хамт олон өөрсдийн хүчээр гүйцэтгэж, тээврийн ажилд хүлээлгэн өглөө.

Тэртээ 1975 онд Сургалтын төв нэртэйгээр байгуулагдаж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн харъяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль 19 дэх эрдмийн баяраа тэмдэглэж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон үйлдвэрийн удирдлагууд, Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд баярт оролцов. Технологийн сургуулийн онцлох есөн төгсчид компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлын байраар хангах батламж гардуулав. Тус сургуулийг төгсөгчид нь Монгол орны уул уурхай, бүтээн байгуулалтад оролцож, өнцөг булан бүрт өөр өөрсдийн салбартаа манлайлж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн түүхэнд уул уурхайн үндэсний боловсон хүчин, мэргэшсэн инженер техникийн ажилтан, эрдэмтэн доктор энэ сургуулиас төрөн гарч, Технологийн сургуулийн хамт олон шавхагдашгүй баялаг бүтээсэн юм.


У.Цэрэнбат






 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн баяр наадам энэ сарын 27-ны өдөр Орхон аймагт болно. Ойн баяраа угтсан бүтээн байгуулалт, урлаг соёлын тоглолтын бэлтгэл ажил өрнөж байна. “Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” урлагийн нэгдсэн тоглолтод уурхайчид, уран сайханчид, Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид, Хүүхдийн ордон, дөрөвдүгээр сургуулийн сурагчид, Бүх цэргийн дуу бүжгийн чуулга, Дархан-Уул, Булган, Хэнтий аймгийн театрын бүжигчид гээд 1000 гаруй хүн оролцоно. “Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн ойн хэмжээнд анх удаа ийм олон хүний бүрэлдэхүүнтэй тоглолтыг “Уурхайчин” соёлын ордны Ерөнхий найруулагч Д.Одончимэг найруулан тавьж байна. Мөн компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн урилгаар 21 аймгийн шилдэг уран бүтээлчид ойн баярт мэндчилгээ дэвшүүлсэн тоглолт болох юм. 
     Урлаг, соёлын томоохон үйл ажиллагааны бэлтгэлээс гадна “Эрдэнэт”-ийн уурхайчид аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнг сэргээн, засварлах ажилд 110 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалт хийж, ойр орчмын тохижилтод оролцож байна.


У.Цэрэнбат

 

     Монгол улсын Архивын Ерөнхий газар, “Эрдэнэт” үйлдвэр хамтран Архивын салбарт хамтран ажиллах Монгол улс, ОХУ-ын хамтарсан комиссын XXIII хуралдааныг энэ сарын 20-21-ний өдөр Орхон аймаг, Эрдэнэт хотноо зохион байгууллаа. Хуралдааныг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нээж үг хэлэхдээ “Компанийн түүхэн ой давхцсан эдгээр өдөр та бүхэнтэй уулзаж, санал солилцож байгаадаа баяртай байна. Тэртээ 40 жилийн өмнө Монгол, Оросын ард түмэн хамтран уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулсан нь өдгөө эх орны маань хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа юм. Бидний хамтын ажиллагаа ямагт харилцан үр дүнтэй, өндөр ач холбогдолтой байдаг” гэдгийг онцолсон. Энэ үеэр комиссын цаашдын үйл ажиллагаа, 2018-2019 онд гүйцэтгэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж, дүгнэлт гаргав.

У.Цэрэнбат

     “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Сургалтын хороо хамтран өнөөдөр Технологийн сургуульд ахисан түвшний сургалт зохион байгууллаа. Тус сургалтад компанийн бүх цех, нэгжийн 90 гаруй нярав болон бусад аж ахуйн нэгжийн ажилтан нийт 150 гаруй хүн оролцов. Сургалтыг ММНБИ-ийн сургагч багш, доктор Р.Дариймаа, С.Тунгалаг нар санхүүгийн тайлангийн олон улсын стандартын талаар явуулсан. “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд өнөөдрийн сургалт энэ хүрээнд Орхон аймагт амжилттай явагдлаа.


 

 

У.Цэрэнбат

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог