×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Нийгэм

 

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж буй техникийн шинэчлэлийн хүрээнд Комацу Д-275  маркийн 50 тоннын хүчин чадалтай бульдозерийг Ил уурхайд хүлээн авах ёслол боллоо. Комацу Д-275 маркийн бульдозерийг  Ил уурхайн Зам овоолгын хэсэгт ашиглана. 2018 онд Ил уурхайд гурван шинэ техникийг нэвтрүүлэхээр  төлөвлөсний түрүүч нь ийнхүү өнөөдөр бэлэн болж байна. Шинэ бульдозер нэмэгдсэнээр зам овоолгын ажил саадгүй, хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэж буйг Зам овоолгын хэсгийн дарга Н.Мөнхбаяр онцлов.

Уг бульдозерийг Комацу фирмийн албан ёсны дистрибютер Транс Вест Монголия компани хамтын  ажиллагааны гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн байна. Транс Вест Монголия компани нь тус үйлдвэртэй  2013 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд өмнөх жилүүдэд оригинал сэлбэг хэрэгсэл, Комацу фирмийн хуучин ашиглаж байсан техникийн тоног төхөөрөмжийг нийлүүлж байв. Харин өнгөрсөн оноос Комацу брэндийн гурван шинэ техник хүлээлгэн өгчээ. Энэ удаа нийлүүлж буй Комацу бульдозер нь 2018 оны шинэ загвар юм. Уг бульдозерын техникийн бүх үзүүлэлтийг хиймэл дагуулын хяналтын системээр  цахим орчинтой бүхий л газраас орж, шалгах боломжтой. Ингэснээр хөдөлгүүр дээр гарч буй бүх алдааны код, түлш зарцуулалт, техникийн бүтээмжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хиймэл дагуулын хяналтын системийн тусламжтайгаар авч болох аж.

Мөн хамгийн сүүлийн үеийн шингэн галын хөөсний системийг суурилуулсан байна. Энэ нь уг техникийн галын аюулын эрсдэл, операторын аюулгүй байдлыг хангах  давуу талтай юм. Үйлчилгээний туслах материалуудыг гэрээний хүрээнд нийлүүлж байгаа аж. “Комацу бульдозерын шинэ загварыг 2019 оны 1 дүгээр улиралд нийлүүлэхээр гэрээнд заасан хэдий ч  уурхайн ажлын онцлог, техникийн бүрэн бүтэн, шуурхай бэлэн  байдал зэргийг харгалзаж үзээд, энэ оны 4 дүгээр улирлын эхэнд хүлээлгэж өглөө. Энэ бол манай компанийн зүгээс үзүүлж буй чанартай,  хариуцлагатай үйлчилгээний нэг алхам юм” гэж Транс Вест Монголия компанийн Худалдааны захирал Д.Болдсүх ярилаа.

 

Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн 40 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд тус цехийн хамт олон Эрдэнэт үйлдвэрийн сүлд дуугаар өргөмжлөгдсөн “Уурхайчин би” дууны хүндэтгэлийн самбарыг босгож, уурхайн зам талбайн хэсэгт байрлуулав. Үе үеийн уурхайчдын дуулах дуртай дууны нэг болсон “Уурхайчин би” дууны ач холбогдлыг таниулах, мөнхжүүлэх зорилгоор уг самбарыг босгосон аж.

Хүндэтгэлийн самбарыг байрлуулах үеэр тус дууны шүлгийг бичсэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дашдондов, хөгжмийн зохиолч МУСТА Д.Пүрэвсүрэн,  дуучин МУСТА М.Энхтогтох нарт хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлэв. Мөн уул уурхайн хүнд хэцүү албанд хөдөлмөрлөж яваа ууррхайчиддаа урам зориг өгөх үүднээс Ил уурхайн бүх хэсэг нэгжүүдэд “Уурхайчин би” дууны үг бүхий жаазыг байрлуулахаар болжээ.  

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог