×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Бидний тухай

Бидний тухай (15)

 

Эрдэнэт үйлдвэрийн удирдлага 2014 оны тайлангаа танилцууллаа

1978 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэт үйлдвэрийн удирдлага 37 жилийн хугацаанд хоёр дахь удаа тайлангаа тавьлаа.

Өнгөрсөн баасан гарагт Уурхайчин соёлын ордонд Үйлдвэрийн дарга Ц.Даваацэрэн болон орлогч захирлууд нийт алба хэлтсийн дарга нар болон ажилчдын зарим төлөөлөлд 2014 оны тайлангаа танилцууллсан юм.

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд

2014 онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 126 мянган тонн хүдэр боловсруулж, 4521 тонн зэс, 634 тонн молибденийг тус тусын баяжмалд илүү тээвэрлэсэн байна.

Засвар механикийн заводынхан өнгөрсөн онд төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлэн, 230 тонн жинтэй, 40 нэр төрлийн цутгуур эзэмшжээ. Мөн 73 шинэ төрлийн цутгуурын хэв гаргасан байна. Энэ заводын хамт олон Эрдэнэт үйлдвэрт ашигладаг нийт тоног төхөөрөмжийн 80 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Иймд энэ заводад үйлдвэрлэх боломжтой тоног төхөөрөмжийг импортлон авахыг хориглосон үйлдвэрийн захирлын тушаал гарсан байдаг байна. Засвар механикийн заводынхан 2014 онд давхардсан тоогоор 31 нэр төрлийн, импорт орлох 144 бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.

30-аад жилийн дараа Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа зогсооход Засвар механикийн завод Эрдэнэт хотын хамгийн том, хүнд үйлдвэр болон хөгжих юм. Энд уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэнэ. 2014 онд "Эрдэнэт" үйлдвэрийнхэн 39000 тууш метр өрөмдлөг хийн, үйлдвэрийн түүхэнд өрөмдлөгийн дээд амжилт тогтоожээ. 

2012 оны сонгуулийн дараа ажлаа авсан, Эрдэнэт үйлдвэрийн дарга Ц.Даваацэрэн өнгөрсөн онд үйлдвэрийн түүхэнд анх удаа нээлттэй тайлан танилцуулжээ. Тэгэхээр “Хаалттай вант улс” хэмээн цоллуулдаг байсан Эрдэнэт үйлдвэрийн удирдлага хэдий орой боловч бага багаар нээлттэй болж байна. 2014 оны тайлангийн хуралд 37 цехийн 372 төлөөлөгч оролцлоо. 

 

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын шүлэг, аяыг нь зохиосон 'Уурхайчин би' дууг дуулснаар тайлангийн хурал өндөрлөв.

Б.ЭРДЭНЭЧИМЭГ
Эх сурвалж: http://news.gogo.mn/r/158780

 

   Орхон аймгийн ЗДТГ болон Эрдэнэт үйлдвэр хооронд 2013 оноос 2017 он хүртэл хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байдаг.
   Энэ хүрээнд жил бүр тухайн жилд хийх ажлынхаа төлөвлөгөөг баталдаг байна. Санамж бичигт Орхон аймгийн засаг дарга С.Дангаасүрэн болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захирал  Ц.Даваацэрэн нар гарын үсэг зурлаа.
   Санамж бичгийн гол заалт нь Хаалтын менежментийн асуудал юм. Учир нь манай улсын хамгийн том татвар төлөгч Эрдэнэт үйлдвэр 30-аад жилийн дараа үйл ажиллагаагаа зогсооно.
   Энэ үед 95 мянган хүн амтай Эрдэнэт хотын  орлогын эх үүсвэр юу байх вэ гэдэг нь анхаарал татдаг.  Иймд одооноос уурхайн хаалтын менежментийг төлөвлөж байна.
   Орхон  аймгийн ЗДТГ, Эрдэнэт үйлдвэр болон Германы улсын талаас бүрдсэн ажлын хэсэг хаалтын менежмент дээр ажиллаж байна.
   Өнгөрсөн жил Орхон аймгийн хувьд үйлдвэрлэлийн жил байсан. Тус аймаг алсдаа  үйлдвэрлэл технологийн парк болон хөгжих бодлого баримталдаг юм.
   Иймд импортын бүтээгдэхүүн орлох хэд хэдэн үйлдвэр ажиглалтанд оруулжээ. Тухайлбал маск, төмөрлөг, барилгын материал, нано даавуу үйлдвэрлэх үйлдвэрүүд үүдээ нээсэн байна.
 
 
Б.ЭРДЭНЭЧИМЭГ
Эх сурвалж: http://news.gogo.mn/r/158656

Орхон аймгийн удирдлагууд болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК 2013-2017 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, түүний дагуу ажлын төлөвлөгөө батлан бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд Уурхайчин багийн авто зам өргөтгөх, тохижуулах, “Найрамдал” өндөрлөгийг тохижуулж чимэглэх, А.Ф.Тюряковын нэрэмжит гудамжны авто замыг шинэчлэх, “Хүлэг” хүнсний захын авто замын доорхи цэвэр усны шугамыг авто зам эвдэлгүйгээр 460 м газар “сүвлэн” солих, Гендирекцийн өмнөх цэвэр усны төв шугамыг 310 мм, 400 мм-ийн хос шугам болгож солих зэрэг бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийжээ.

Мөн Хангалын голын гольдрол цэвэрлэх ажлыг 2013 онд олон нийтийн оролцоотой хийж, 2014 онд Хангалын голын 7 булгийг хамгаалалтад авч, тохижуулах ажлыг “Луузан хайрхан” ТББ, “Очир төв” ХХК гүйцэтгэсэн байна. Мөн 2013 онд эзэнгүй дүүргийн 43 цэгийн 1946 м3 хог хаягдалын байршил хэмжээ, утсгах аргыг тодорхойлж, 2013 оны 6-р сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас техник гарган 3457 тн хог хаягдал цуглуулж, тээвэрлэн дарж устгажээ. Хогийн нэгдсэн цэгт хог хаягдалыг дарж устгах талбайг хэсэгчлэн байгуулж, ангилах цех, диспечерийн байр барьж, ашиглалтад оруулсан байна.

Герман улстай хамтран фемер МТЕ технологиор жилд 25000 тонн хог боловсруулах үйлдвэрийн төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх гэрээг 2014 онд байгуулжээ. 2013-2017 онд Үйлдвэрлэл технологийн парк хөгжүүлэх замаар “Эрдэнэт” үйлдвэрт импорт орлох бүтээгдэхүүн нийлүүлэх ААН-үүдийг олноор нь бий болгох зорилт дэвшүүлсэн байна. Энэ зорилтын хүрээнд Резиний үйлдвэр, Лед гэрлийн үйлдвэр, Маскны үйлдвэрүүд, Төмөрлөгийн цогцолбор үйлдвэр, Барилгын материалын үйлдвэр, нано даавуу боловсруулах үйлдвэр, “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэс боловсруулах үйлдвэр гээд олон шинэ үйлдвэр үүдээ нээжээ.

2015 онд Орхон аймгийн оюутнуудын дунд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн гэр хороололд амьдардаг “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын амины орон сууцыг дэд бүтэцтэй холбож эко орчин бүрдүүлэх журам боловсруулжээ.

Ж.ГАНАА

Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=60836

Уул уурхайн салбар олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын судалгааг хийдэг болсоор удаж байгаа юм. Энэ судалгаагаар уул уурхайн салбараас Монгол Улсын эдийн засаг, орон нутгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж байгааг компанмиуд яаж ажилласан талаарх баримтууд ил болдог.  Өөрөөр хэлбэл, Монгол Улс уул уурхай, олборлох үйлдвэрлэлээс хэр хэмжээний орлого олж хэрхэн зарцуулсныг, энэ салбар дахь ямар компаниуд хуулийг чанд биелүүлж, хэд нь хариуцлагагүй хандсан талаарх тайланг 2006 оноос хойш жил бүр гаргаж байна. Энэ тайланг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Үндэсний зөвлөл нэгтгэн гаргадаг юм. Ийм зөвлөл одоогоор дэлхийн 48 оронд ажиллаж, эрдэс баялгийн салбарт ил тод байдлын олон улсын стандарт мөрдүүлж байна. Монгол Улсын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахалж, төр засаг, компаниуд, иргэний нийгмийн байгууллагуудаас тус бүр 10, нийт 30 хүн бүрэлдэхүүнд нь ажилладаг. Дээрх Үндэсний зөвлөлөөс Монгол Улсын ОҮИТБС-ын 2013 оны тайлангийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө.

2013 онд 1672 компани ашигт малтмалын, 14 компани цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, 13 компани газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ эзэмшиж, нийт 1699 компани ОҮИТБС-ын тайлан гаргах үүрэг хүлээснээс 1198 компани нь нийт 1,5 их наяд төгрөг төлснөө тайлагнасан байна. Энэ нь 2013 оны улсын төсвийн урсгал орлогын 27 хувийг бүрдүүлжээ. Засгийн газар эрдэс баялгийн салбараас олж буй орлогынхоо 31 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс, 18 хувийг ААНОАТ-аас, 12 хувийг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт ногдох орлогоос, 11 хувийг НӨАТ-аас тус тус олсон байна.

Дээрх компаниудын 250 нь улсад жилд 40 саяас дээш төгрөгийн татвар төлсөн ба тэдний ердөө 20 нь нийт төлбөрийн 93 хувийг төвлөрүүлсэн байна. Үүний 32 хувийг “Эрдэнэт” үйлдвэр, 13 хувийг “Оюутолгой”, 12 хувийг “Петрочайна дачин тамсаг”, 8 хувийг Монголын алт “МАК” компани бүрдүүлж, Энержи ресурс, Таван толгой, Эрдэнэс таван толгой, Бороо гоулд, “Болд төмөр ерөө гол”, Цайрт минерал компаниуд тус бүрдээ дээрх орлогын 2-5 хувийг төвлөрүүлжээ.

Төсөвт төлсөн 1,5 их наяд төгрөгийн 92 хувь нь улсын төсөвт, 5 хувь нь орон нутгийн төсөвт, үлдсэн нь Засгийн газрын байгууллагуудад хандив, дэмжлэг хэлбэрээр очжээ. Орон нутагт төлсөн орлогын 90 хувь нь Өмнөговь, Орхон, Булган аймагт төвлөрсөн бол төрийн байгууллагуудад өгсөн 39,1 тэрбум төгрөгийн хандив дэмжлэгийг сургууль, эмнэлэг барих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд голчлон зарцуулсан байна.

Тайлан гаргахад мэдээллээ гаргаж өгөхгүй хойрго хандсан төрийн байгууллагууд, компаниудад олон улсын стандартын дагуу үнэлгээ өгдөг. 2013 оны тайланд Монголболгаргео ХХК, Бужгар орд ХХК, Угалзан цамхаг ХХК, Юүшэнгминг ХХК, төрийн байгууллагуудаас Гаалийн ерөнхий газар, БГД, СБД-ийн татварын хэлтэс, СХД-ийн өмч, газрын харилцааны алба, СБД, ЧД-ийн нийгмийн даатгалын хэлтэс тус тус хангалтгүй үнэлгээ авчээ. Уул уурхайн салбарынхны үйл ажиллагаа жил бүр ил тод болж байна. Гэхдээ цаашид компаниудын хамтын ажиллагааны гэрээнүүдийг ил тод болгох шаардлагатай гэж Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлийнхөн дүгнэж байна.

Үндэсний зөвлөл 2014 оны тайлангийн материал хүлээн авч эхэлсэн ба оны эцсээр тайланг нэгтгэн гаргана. 2013 оны нэгтгэл тайланд Англи улсын Харт нойрс групп, Монголын Улаанбаатар аудит корпорацийн хамтарсан консорциум хөндлөнгийн аудит хийж баталгаажуулжээ.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлж эхэлснээр  уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлага сайжирсан гэдгийг салбарынхан онцолдог. Өөрөөр хэлбэл, 2006 оноос хэрэгжүүлсэн энэхүү санаачилга жил ирэх тусам үр дүнгээ өгч байгаа албаны хүн дуулгалаа.

News.mn

     Азид хүчин чадлын хувьд эхний аравт багтдаг Эрдэнэт үйлдвэрийн удирдлага орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзах үеэр Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Хөгжлийн бодлого эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу, Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэр нарын хийсэн мэдээллээс онцолж байна. Ц.Даваацэрэн захиралтай удирдлагын багийнхан ажил авсанаас хойш үйлдвэрийг алдагдлаас гаргаж, хаалтын менежментийг боловсруулж, ажилчдаа орон сууцаар хангах, шинэ орд газруудыг ашиглаж, үйлдвэрийн насыг уртасгах олон бүтээлч ажил хийж, цаасан дээрээс амьдралд үр дүнтэй хэрэгжүүлж эхлээд байна. Үйлдвэрийн удирдлагуудын мэдээллээс 2049 он хүртэл үйлдвэр тасралтгүй ажиллах боломжтой. Харин үүнээс хойш үйлдвэрийг хэрхэн ажиллуулах талаар Хаалтын менежментийн хөтөлбөрийг боловсруулаад байгаа.


Бидний мөрөөдөл 4-р шатны бутлуур, зэс хайлуулах үйлдвэр байгуулах
Д.Даваасамбуу, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч

     - Оны эхний есөн сарын байдлаар үйлдвэр 34 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж, 4000 гаруй тонн зэс илүү үйлдвэрлэжээ. Өөрөө нунтаглах хэсгийн засвар шинэчлэлийг хийж, үйлдвэрийн хүчин чадал 20 хувиар нэмэгдлээ. Үйлдвэрийн хэмжээнд өөрийн өртөгөө хэмнэж байна. Үйлдвэр сард 100 мв цахилгаан хэрэглэдэг, хоёр турбин нэмж суурилуулснаар өөрсдийн хүчээр 50 мв цахилгаан үйлдвэрлэх боломжтой боллоо. “Эрдэнэт үйлдвэр” байгуулагдуулсанаас хойш гурав дахь Үндсэн чиглэлийг боловсруулах түүхэн хариуцлагатай үе ирж байна. Энэ нь 2014-2024 он хүртэлх Үндсэн чиглэл юм. Шинэ концепцид ажилчдын орон сууцны болон нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарна. Үйлдвэр 41 жилийн настай үлдсэн гэж тооцоолж байгаа. Газар нутгийн хувьд ойролцоох Шандын ордод мини фабрик байгуулж, нааш нь баяжмалаа зөөнө. Мөн таван орд газрыг 100 жилийн хугацаатай ашиглахаар судалгаа хийж байна. Засвар механикийн заводыг импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэр болгохоор бэлтгэл ажил эхэлсэн. Энд краны эд анги хийх, мотор ороох зэргийг хийх юм. Үйлдвэр байгуулагдаад 36 жил болж байна. Анхны ажилчид тэтгэвэртээ гарч, тэднээр зөвлөх баг байгуулаад, шинэ боловсон хүчнээ бэлтгэж байна.
     Бидний мөрөөдөл бол 4-р шатны бутлуур, зэс хайлуулах үйлдвэр байгуулах явдал юм. Бүрэнхааны ордыг ашиглах, Бор-Өндөрийн үйлдвэрийг түшиглэх бодол байна. Мөн Цагаансуваргын орд газрыг ашиглахаар төсөл хийж байна. Манай үйлдвэр 36 жилийн хугацаанд 400 сая тонн зэс гаргасан нь Эйфелийн цамхагийг хэдэн зуу дахин барьчих хамжээний зэс боловсруулжээ. Үйлдвэрийн удирдлагын зүгээс есөн бодлого боловсруулан ажиллаж байна. “Эрүүл ажилчин” хөтөлбөрийг боловсруулж, дугуйн зам байгууллаа. Бүтэн жилийн турш эрүүл ажилласан хүнээ оны эцэст урамшуулах юм. Энэ онд үйлдвэр хэмнэлт гаргасны үр шимээр ажилчин бүрт 300 мянган төгрөгийн урамшуулал өгсөн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн одоогийн удирдлагын баг ажил аваад, жил найман сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд өөрийн өртөгөө бууруулж, шахааны бизнесийг шахан гаргаж, дотоод өр барагдуулалтыг нэмэгдүүлж ажиллалаа. Одоогийн байдлаар татвараа урьдчилж төлөөд байгаа юм.


“Эко-400”, “Москва-100”, “Залуучууд-100”, “Залуучууд-600” хорооллыг барина
Б.Намхайнямбуу, Хөгжлийн бодлого эрхэлсэн орлогч

     - “Эрдэнэт үйлдвэр” орон нутагт газрын төлбөрт 5,9 сая, ХХАОТ-т 13,4 тэрбум төгрөг төлж, 142,4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Үйлдвэр 50, 100 жилийн дараа хаалгаа барихад хэвийн ажиллах нөхцлийг үндсэн дөрвөн цех авч явах менежментийг хийж байна. Засгийн газрын хөтөлбөрийн дагуу “Шим Технолоджи” үйлдвэр байгуулагдсан. Дампуурлаа зарлаад, зургаан жилийн дараа сэргэсэн үйлдвэр цөөхөн байдаг. Үүний нэг нь энэ үйлдвэр юм. “Шим Технолджи” үйлдвэр ренни гэж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Энэ бүтээгдэхүүнээр сансрын болон цэргийн техникт ашигладаг. Катодын зэс үйлдвэрлэдэг “Ачит Ихт” үйлдвэр хаалгаа нээлээ. Японы техник төхөөрөмжөөр тоноглох “Медикал” зайн оношлогооны төвийг байгуулж байна. Энд 138 хүн ажиллана. Нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдыг орон сууцаар хангах “Эко-400”, “Москва-100”, “Залуучууд-100”, “Залуучууд-600” хорооллыг барина.
      Зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар ярьж, Засгийн газар дэмжиж байгаа. Энэ үйлдвэрийг Эрдэнэтэд байгуулахгүй. Орхон аймагтай хамтран ажиллах гэрээний дагуу 2015 оны төлөвлөгөө гарсан. Их залуу уулын орчимд онгоцны буудал барих ажлыг үйлдвэр дэмжиж байна. Бид ДЦС-ын өргөтгөлийг хийж чадвал Эгийн голын цахилгаан станц зэрэг томоохон байгууламжийн суурь бааз болох юм. Одоогийн байдлаар үйлдвэрийн хүдрийн агууламж 952 сая тонн гэж үзэж байгаа. Энэ нь 2049 он хүртэл үйлдвэр тасралтгүй ажиллах боломжтой. Үйлдвэр Оюутын нөөцийг авах төлөвлөгөөтэй. Шанд, Могойн гол зэрэг газруудад эрэл хайгуул хийх гэж байна. Мөн БМТС-ийн баазыг түшиглэн Хангайн бүсийн ложистикийн төв байгуулах юм. Үйлдвэрийг түшиглэн шинжилгээ, эрдэм шинжилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөөд байна.


Эрдэнэтийн нэг айлаас нэг хүнийг ажилд авах бодлого барьж байна
Ш.Батдэлгэр, Хүний нөөцийн хэлтсийн дарга

    - Ирэх онд үйлдвэрээс 465 хүн тэтгэвэрт гарна. Хамтын гэрээний дагуу тэтгэвэрт гарч буй ажилчны нэг хүүхдийг мэргэжил нь таарч байвал ажилд авна. Иймээс эцэг эхийнхээ оронд орох хүүхдүүдийг нь давтан сургаж байна. “Эрдэнэт үйлдвэр” одоогийн байдлаар 6004 ажилчинтай. Үүнээс 429 нь гадаадын ажилчин болон тэдний гэр бүлийнхэн байна. Хүний нөөцийн бодлогоо ил тод байлгахаар сонгон шалгаруулалтын журмаар ажилчдыг авч байна. Үйлдвэрт ажилд орох хүсэлтээ гаргасан 800 гаруй хүний өргөдөл ирсэн. Бид судалж үзээд, Эрдэнэтийн нэг өрх айлаас нэг хүнийг ажилд авъя гэсэн бодлого барьж байна. Энэ онд үйлдвэрийн ажилчдын халуун хоолонд 4,5 тэрбум төгрөг, сүү тарганд 1,4 тэрбум төгрөг, орон сууцны дэмжлэгт 1,8 тэрбум төгрөг зарцуулаад байна.


М.Мөнхцэцэг

Эх сурвалж: http://www.erdenetnews.mn/?p=2204





 

Монгол Улсад уул уурхайн боловсруулах салбар хэрхэн хөгжиж буй, техник технологийн дэвшил ямар түвшинд байгааг сонирхож МАК-ийн Технологи, судалгаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Г.Даваацэрэнтэй уулзаж ярилцсан юм.



-Манай улс экспортолж байгаа нийт нүүрснийхээ хэчнээн хувийг нь баяжуулж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад “Энержи ресурс”, “Монголын алт компани”-ийн хуурай баяжуулах үйлдвэр гээд хэдхэн компани нүүрсийг баяжуулж байгаа. Гэхдээ зарим нь зогсчихсон байгаа. Нүүрсийг баяжуулна гэдэг нь ямар ч химийн технологи ашиглахгүйгээр механик аргаар тэнд байгаа чулууг зайлуулах гэсэн арга. Үнэхээр чулуу багатай, сайн чанарын нүүрсийг баяжуулах шаардлагагүй шүү дээ. Тиймээс нүүрс баяжуулна гэдэг нь маш энгийнээр гүн боловсруулалт биш. Энэ нь зөвхөн тэнд байгаа чулууг багасгаад, тээвэрлэлтийн болоод цаашдын үйл ажиллагааны зардал хэмнэх асуудал юм. Монгол Улс одоо жилдээ 18-20 сая тонн нүүрс олборлон экспортолж байгаа. Үүний ихэнх хэсэг буюу бараг 100 хувийг боловсруулалтгүй гадагшаа гаргаж байна. Яагаад гэвэл болосруулах зарим үйлдвэр нь зогсчихсон шүү дээ. Цаашдаа боловсруулах асуудлыг зөвхөн баяжуулах төдийгүй баяжмалаа цааш хэрхэн боловсруулах вэ гэдэг асуудлыг ярих нь зүйтэй болов уу. Дэлхий дээрх нүүрсний ердөө 30-40 хувь нь л баяжуулагдаж байгаа.

-Монголд 100 гаруй баяжуулах үйлдвэр байгаа гэдэг. Энэ үйлдвэрүүд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ. Техник технологи нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаа юу?

-Ер нь дэлхий дээр уул уурхай гээд ярихаар алт, зэс, нүүрс, төмөр гэсэн дөрвөн эрдэс дээр энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 90 хувь нь төвлөрдөг. Энэ дөрөв нь бүгдээрээ манай улсад байдаг. Үүн дээр жонш нэмэгдэх байх. Эдгээр таван төрлийн эрдэст тулгуурлан баяжуулах үйлдвэрүүд ажиллаж байна. Хамгийн олон хүн ажиллуулдаг хамгийн том, өндөр технологитойд “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой”, “Энержи ресурс”-ийн нүүрс баяжуулах үйлдвэр гээд гарын таван хуруунд багтахаарыг нэрлэж болно. Харин төмөр, хайлуур, жонш дээр бага хүчин чадалтай, орон нутгийн шинж чанартай, технологийн хувьд өмнөд хөршөөс орж ирсэн үйлдвэрүүд зонхилж байна.

-Цаашдаа төр засгаас энэ салбарын юун дээр нь анхаарах ёстой вэ. Эрхзүйн болон хөрөнгө оруу¬лалтын орчин гээд байнга хөндөгддөг сэдвүүд байдаг шүү дээ. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Энэ олон баяжуулах үйлдвэрийг ядахдаа технологи болон мэдээллээр хангах тал дээр Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо болон бусад холбоод сайн ажиллах хэрэгтэй байна. Өнгөрсөн долоо хоногт болсон “Эрдэс боловсруулалт-2014” хурлын үеэр зарим компанийг ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй мэтээр хүмүүс ярьж байсан. Эндээс хүмүүс мэдээлэл хомс байдгийг харж болохоор байна. Цаашид Монголд эрдэс боловсруулалтыг дэлхийн жишигт нийцүүлэх, ялангуяа байгаль орчин, ашиглалтын түвшин талаасаа ямар технологи нэвтрүүлэх ёстой вэ, энэ технологид ямар хяналт тавих вэ гэдэг нь туйлын чухал. Тиймээс жижиг, том гэлтгүй баяжуулах үйлдвэрүүдэд аудитын шинжилгээ хийх ёстой. Технологи, автоматжуулалтын түвшин, боловсон хүчин, тоног төхөөрөмжийн хувьд хөндлөнгийн хяналт тавих ёстой. Тэгж байж энэ үйлдвэрийн үйл ажиллагаа, үр өгөөжийг улам сайжруулах, цаашилбал, Монгол Улсын эдийн засагт оруулах хувь хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

-Зөвхөн баяжуулах үйлдвэр төдийгүй, боловсруулах үйлдвэрийг барихад юу шаардлагатай байна вэ. Мөн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хувьд ямар түвшинд байдаг юм бэ?

-Боловсруулах үйлдвэрийн тухайд төр засгаас ойрын 10-20 жилд Монгол Улсын боловсруулах салбар ямар түвшинд хөгжих ёстой вэ гэдэгт нэгдсэн бодлого хэрэгтэй байна. Тухайлбал, зэс, төмөрлөг, хар металлург, нүүрс гэх зэргээр ангилсан бодлого үгүйлэгдэж байна. Манайд салбар хоорондын уялдаа тийм ч сайн биш байдаг. Тухайлбал, химийн аж үйлдвэрийн салбар манайд хөгжөөгүй. Энэ төрлийн асуудлыг хариуцах яам ч байдаггүй. Уул уурхайн яам нь жилээс жилд өөр яамдын бөөрөнд наалддаг энэ байдал нь боловсруулах салбарын хөгжилд тушаа болж байна. Тиймээс ирээдүйд зэс, хайгуулын асуудал чухлаар яригдаж байгаа энэ үед бусад томоохон боловсруулах үйлдвэрийн хувьд төр засгийн бодлого маш тогтвортой, залгамжтай, ойлгомжтой байх хэрэгтэй. Ялангуяа манайх шиг улс төрийн амьдрал нь дөрвөн жилийн давтамжтай өөрчлөгддөг мөртлөө томоохон төсөл хөтөлбөрүүд нь 5-10 жилд хэрэгждэг. Гэтэл энэ хооронд залгамж байдал, бодлого нь алдагдаад байгаа юм шүү дээ. Иймэрхүү байдлаас үүдэн уул уурхайн бодлого цогц байж чадахгүй байна уу гэж би хувьдаа дүгнэж байна. Хоёрдугаарт, томоохон үйлдвэрүүд, уул уурхайн боловсруулах салбарт төрийн оролцоо хэтэрхий их байна. Огт байхгүй байна гэж үгүй л дээ. Төрийн оролцоо болбол менежмент нь буруудаж, үр ашиг нь багасч, зо¬хицуулалт хийх чадвар нь багасчихдаг. Тиймээс олон улсын бизнесийн зарчмаар л үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тухайлбал, бүх төрлийн татвар байдлаар улс орондоо ашгаа өгч, тэр нь ард түмэндээ хүрэлцэж байх ёстой.



М.Уянга

Эх сурвалж: http://www.sonin.mn/news/politics-economy/34004

     Орхон аймгийн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбооны 15 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тиймээс энэ ойгоо залуустаа  хүртээмжтэй   бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх үүднээс “Уурхайчин залуу”  аяллыг  Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын холбооноос  санаачлан зохион байгуулж  байна. МЗХ-ны Спорт уу? Спирт үү? аяны хүрээнд Спиртгүйгээр Спортлог аялцгаая гэсэн уриатайгаар явагдаж буй уг аялалд үйлдвэрийн  цех нэгж, хэсэг бүрээс  сонгогдсон өөр өөр мэргэжлийн  25 залуу оролцож  байгаа аж.
     Эдгээр залуус өнөөдөр МЗХ-н  дээр зочлон тус байгууллагын  үйл ажиллагаатай танилцан, уулзалт зохион байгуулсан бөгөөд тэдний аялал цааш үргэлжлэн  МЗХ-ны тусгай салбар хороод  болох Иргэний нисэх, Улаанбаатар төмөр зам,  ДЦС-4 ТӨХК-ий  үйл ажиллагаатай  танилцан, туршлага солилцох юм байна. Түүнчлэн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Оюу толгой, Таван толгой, Энержи ресурс гэх мэт уул уурхайн компаниудын  бүтээн байгуулалттай танилцан мэдээлэл солилцох аж.
     Энэхүү  аяллыг Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын холбооноос жил зохион байгуулдаг бөгөөд  өмнө нь уг аялалд оролцож байгаагүй шинэ  хүмүүсийг  хамруулж МЗХ-ны үйл ажиллагааны онцлог, зохион байгуулж буй арга хэмжээ  төдийгүй Монгол улсын тэргүүлэх, чухал  салбаруудын  бүтээн байгуулалттай ийнхүү танилцуулж байгаа нь олон залуусын талархлыг  хүлээгээд байна.

 

Эх сурвалж: http://mnb.mn/i/34645

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог