Бидний тухай

Шинэ төрлийн корона вирусын халдвар Монголд бүртгэгдсэн энэ онцгой цаг үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид ээлжит тусламжаа Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бие бүрэлдэхүүнд хүргэлээ. Тодруулбал, Орхон аймгаас гарч, орох замын постууд болон ариутгал халдваргүйжүүлэлтийн хэсгүүд дээр, тусгаарлалтын хяналтын халуун цэгт ажил үүрэг гүйцэтгэж буй бие бүрэлдэхүүнд хамгаалах хувцас хэрэгсэл, амны хаалт, ариутгалын багаж, резинэн гутал зэргийг хандивлав. Баялаг бүтээгч уурхайчдын халуун сэтгэл шингэсэн тусламжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Жигдэнгомбод гардуулсан юм.

Б.Жигдэнгомбо дарга “Онцгой нөхцөл байдлын үед Улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын 2500 орчим байцаагч халуун цэг дээр цаг наргүй ажиллаж байна. Нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын багаж хүрэлцэхгүй байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид маань дэм үзүүлж байгаад талархаж байна. Бид та бүхний тусламжийг Буянт-Ухаа боомт дээр ажиллаж мэргэжил нэгтнүүдтэйгээ  хуваалцах болно” гэж ярилаа.  

М.Одгэрэл

     

Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан техник технологийн шинэчлэлийн хүрээнд Засвар механикийн заводын Цутгуурын цехийн технологийг иж бүрэн шинэчлэн, өргөтгөж буй. Өнгөрсөн оны 11 сард эхэлсэн уг өргөтгөл шинэчлэлийн ажлыг ирэх 5 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Ажлын гүйцэтгэл болон явц байдлын талаар Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэнгээс тодруулахад,  “Засвар механикийн заводын шинэ оны үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Энэ оны 5 дугаар сар хүртэл заводын хэмжээнд механик боловсруулалтын үйлдвэрлэл ажиллана. Учир нь цутгуурын цехэд хийгдэж буй өргөтгөлтэй холбоотойгоор бусад үйлдвэрлэл түр зогсоод байгааг хэлэх нь зүйтэй. Өнөөдрийн байдлаар, цутгуурын цехийн өргөтгөлийн угсралт 90 гаруй хувьтай байна. Тоног төхөөрөмжийн угсралт дуусах шатандаа орсон гэсэн үг. Усны болон хийн, хийн тээврийн шугам зэрэг дэд бүтцийн холболтууд хийгдэж байна. Цахилгааны угсралтын ажлууд 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоо уг өргөтгөл, шинэчлэлийн ажилд хамтарч буй  Германы F.A.T компанийн мэргэжилтнүүдтэй хийх тохируулга, программ хангамжийн  ажлууд үлдэж байгаа. Бид цутгуурын цехийн өргөтгөлийг гүйцэтгэл, явц байдлаас харахад, төлөвлөсөн хугацаанаас өмнө  дуусгах боломжтой ч дэлхий нийтэд тархаад буй коронавирусын халдвараас сэргийлж, хил гаальд хорио цээр тогтоосонтой холбогдуулан Германы мэргэжилтнүүдийн ирэх тов хойшлогдож болзошгүй. Энэ талаар холбогдох албаны хүмүүстэй зөвлөлдөж, албан тоот илгээхээр ярилцаж, өөр боломжит арга замыг судалж байна. Хэрэв өргөтгөлийн ажил хүлээгдэлгүйгээр хэвийн үргэлжилбэл цутгуурын цехийн техник технологийн шинэчлэл төлөвлөсөн хугацаандаа дуусаж, ашиглалтад хүлээн авна” гэв.  

М.Балжинням

Фото: Ш.Лхамсүрэн

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 3 дугаар сарын эхний 10 хоногт 712 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 105.4 хувиар, 303.3 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж төлөвлөгөөг 119 хувиар тус тус биелүүллээ. Харин энэ хугацаанд хүдэр олборлолт 96.1 хувь, хүдэр боловсруулалтын үзүүлэлт 99.8 хувьтай гарсан байна. Хүдэр дэх зэсийн агуулга 97.8 хувьтай байсан бол молибдены агуулга 103.8 хувиар биелэв. Металл авалтын төлөвлөгөө 100.1-109.1 хувиар биелж, баяжмал дахь зэсийн агуулга 102.5 хувь, молибдены агуулга 105.2 хувиар тус тус биелсэн дүнтэй байна.

Сарын эхний 10 хоногт 16423.7 тонн зэсийн баяжмал ачигдаж, зэсийн баяжмалын чанар 102.5 хувь, молибдены баяжмалын чанар 105.2 хувь, ачигдсан зэсийн баяжмал дахь металл авалтын төлөвлөгөө 104.8 хувиар тус тус биелсэн үзүүлэлттэй байна.

М.Балжинням

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог