Бидний тухай

     Жил бүрийн тавдугаар сарын 15-нд тохиодог “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг угтан Орхончууд “Аз жаргалтай гэр бүл” чуулганыг анх удаа зохион байгууллаа. Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Орон нутаг хариуцсан удирдах зөвлөлийн гишүүн, Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяатай эмэгтэйчүүдийн асуудлаар ярилцлаа.

    - Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг угтан олон ажил санаачилан зохион байгууллаа. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
    
- Монгол Улс 14 дэх жилдээ “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Бид энэ өдрийг угтан Орхон аймагтаа цогц байдлаар хэд хэдэн ажил зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын Тамгын газар болон Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран гэр бүлээрээ мод тарих аян зохиож, иргэдээ татан оролцуулсан. Мөн “Гэр бүлийн боловсролыг дээшлүүлье” гэсэн уриалга дор харилцааны доктор Н.Алтанцоож долоо хоногийн турш сургуулиудын сургалтын менежерүүдэд лекц уншлаа.
     Өрх толгойлсон 10 ээжийг орон гэртэй болгох ажил маань аймгийн Засаг дарга болон аж ахуйн нэгжийн дэмжлэгтэйгээр биелэлээ оллоо. Мөн “Аз жаргалтай гэр бүлийн төлөө” тайван жагсаалаар эхэлсэн үйл ажиллагаа маань “1000 гэр бүлийн чуулган”-аар үргэлжилж, нийтийг хамарсан сайхан ажил болов. Чуулганы үеэр Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, “Гал голомт” хөдөлгөөний үндэсний тэргүүн, “Монголын Эмэгтэйчүүдийн холбоо”-ны хүндэт ерөнхийлөгч Д.Мөнхөө гуай гэр бүлийн боловсролын талаар үнэтэй сайхан лекц уншиж, урам хайрлалаа.

      - “Аз жаргалтай гэр бүл” чуулганаар хөндсөн гол асуудал нь юу байв?
     -Бид “Аз жаргалтай гэр бүл” уриан дор ажлуудаа зохион байгуулж, чуулганд 1000 гэр бүлийн төлөөллийг хамруулахаар зорьсон. Гэр бүл гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш юм. Эрчүүд, хүүхдүүд, гэр бүлийн суурь асуудлууд үүнд бүгд хамаарах ёстой. Тиймээс энэ удаагийн чуулгандаа өсвөр насны 300 хүүхэд, 400 эмэгтэй, өрх гэрийнхээ ноён нурууг үүрч яваа 300 эрэгтэйг хамрууллаа. Энэ удаад Орхон аймгийн нийт хүн амын 10 хүрэхгүй хувийг хамруулж байгаа ч гэсэн чамлалтгүй. Энэхүү арга хэмжээгээ нэг удаа хийгээд зогсох биш, гэр бүлийн боловсрол олгох асуудлыг цаашид үе шаттайгаар хийж хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна. Эхний алхам маань гэр бүлийн чуулган боллоо.

     - Ер нь гэр бүлдээ хайртай гэдэг үгийг жилийн 365 өдөр илэрхийлдэг болчихвол нийгэмд их олон өөрчлөлт харагдах байх?
     - Таны зөв. Гэр бүлийн өдөр гэдгийг нэг өдрөөр ойлгож болохгүй. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ч мөн ялгаагүй. Бид нэг өдөр тэмдэглээд өнгөрөх бус өдөр бүр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг байя, өдөр бүр гэр бүлийн өдөр тохиож байг гэсэн хүсэл зорилготой байгаа. Бидний санаж санаачилсан ажлыг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон түүний Тамгын газар маш сайн дэмжиж, энэ удаагийн үйл ажиллагаанд хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Ер нь бид гэр бүлийн асуудлыг ярихын тулд хүүхдээ сонсох ёстой юм байна. Бид чуулганд зориулан “Аав ээждээ хүргэх миний үг” номыг эмхэтгэн гаргалаа. Энэ бол “Зорилтот айл” төслийн хүрээнд бичигдсэн Эрдэнэтийн бяцхан үрсийн ээж аавдаа зориулан бичсэн 2715 захианаас түүвэрлэсэн 270 гаруй захиаг эмхэтгэсэн ном юм. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр энэхүү номыг бэлтгэн, чуулганы оролцогчдод оюуны хөрөнгө оруулалт болгон өглөө. Захиан дээрээс харахад хүүхдүүд үнэтэй брэнд, эд зүйл авч өгөөч гэж хүсээгүй, харин тэд маань “Ааваа, ээжээ надад цаг гаргаач ээ” гэдэг зүйлийг л хүсч байна. Гэр бүлдээ хайр халамж өгөөч, анхаараач гэсэн захианууд байдаг юм байна. Зарим нь яасан хөөрхөн юм бэ гэж уулга алдмаар, заримыг нь уншаад уярч уйллаа. Энэ бүхнийг судлаад бид аймгийн Засаг даргад “Гэр бүлийн өдрийг нэг өдөр тэмдэглээд өнгөрөх биш, Эрдэнэт хот гэр бүлийн өдөртэй болох хэрэгтэй байна. Сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гаргийг “Эрдэнэт хотын гэр бүлийн өдөр” болгож, энэ өдөр архи дарс зардаггүй, төв замыг чөлөөлөн гэр бүлээрээ дугуй унаж, үзвэр үйлчилгээний байгууллагуудыг хямдралтай үйлчилдэг болгож өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Аймгийн Засаг дарга бидний ажилд дэмжлэг үзүүлж, Эрдэнэт хотыг гэр бүлийн өдөртэй болоход хамтран ажиллана гэж итгэж байна.

    - Орхон аймгийн эмэгтэйчүүдийн хөгжлийн чиг хандлага, бодлогыг цаашид ямар түвшинд авч явах бодолтой байна вэ?
   
- Би хувьдаа Эрдэнэт хотынхоо эмэгтэйчүүдийг харьцангуй олон ургалч үзэлтэй гэж хардаг. "Эрдэнэтийн-Овоо"-г ашиглаж эхэлсэн тэртээх он жилүүдэд Монгол Улсынхаа өнцөг булан бүрээс илгээлтийн эзэд ирсэн. Эдүгээ Эрдэнэт хотод маань 21 аймгийн төлөөлөл болсон бүсгүйчүүд ажиллаж, амьдарч байна. Энэ утгаараа манай эмэгтэйчүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвар нь илүү хөгжсөн юм шиг санагддаг. Ер нь их зохион байгуулалттай, аливаа ажилд идэвхтэй оролцдог. Магадгүй Эмэгтэйчүүдийн холбооноос хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудыг нийгэмд хүсэн хүлээгдсэн, цаг үедээ эхэлсэн ажлууд гэж хэлж болох байх. Бид эмэгтэйчүүдийг илүү нээлттэй, нийгэмд өөрийгөө илэрхийлэх боломж олгохын зэрэгцээ төр хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний санал санаачилгыг дэмжих, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд гүүр болон ажиллахаар зорьж байна. Мөн Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулах олон ажил бий. Орон нутагтаа тодорхой ажлуудыг хамтран бид хэрэгжүүлнэ.

     - Эрдэнэт бол уурхайчдын хот. Уурхайчин бүсгүйчүүд олон байгаа нь бидний нэг онцлог гэж харж байна?
    - Уурхайчин бүсгүй гэдэг ойлголтыг зөвхөн "Эрдэнэт" үйлдвэрт ажиллаж байгаа бүсгүйчүүдээр хязгаарлаж болохгүй. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн 6500 ажилтны 30 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа ч үлдсэн 4000 гаруй уурхайчны ард мөн л эмэгтэйчүүд бий. Тэд ч мөн адил эрчүүдээс дутахгүй уурхайчдын амьдрал үзэж, зовлон жаргалаар нь амьдарч яваа гэж би ойлгодог. Уурхайчдын амьдрал тэгш дүүрэн, тэдний гэр бүл тогтвортой байснаар уул уурхайн салбар, тэр дундаа "Эрдэнэт" үйлдвэр илүү бүтээмжтэй, үр өгөөжтэй байх нөхцөл бүрдэх юм. "Эрдэнэт" үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн зөвлөлд энэ чиглэлээр аймгийн Эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд бий. Эмэгтэйчүүдийн байгууллага маань өрх бүрийг тэгш дүүрэн, амар амгалан байхын төлөө ажиллах болно.

     - Өрх толгойлсон эхчүүдэд хөрөнгө оруулалт хийж, нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээнд шийдвэрлэсэн та бүхний ажил олон хүний сэтгэлд хүрлээ. Сайн санаачилгыг ажил хэрэг болгоход амаргүй байдаг шүү дээ?
     - Эрдэнэт хотынхоо өрх толгойлсон, олон хүүхэдтэй, амьдралын хүнд ачааг нуруундаа үүрч яваа эмэгтэйчүүдийнхээ ачааг бага ч болов хөнгөлөх зорилгоор бид 10 гэр бэлэглэсэн юм. Аймгийн Засаг дарга таван гэр, аж ахуйн нэгж байгууллагууд ивээн тэтгэж, мөн таван гэр хандивлахаар боллоо. Гэр олгох ажлыг аймгийн Засаг дарга санаачилсан хэрэг л дээ. Бид зохион байгууллаа. Учир нь  Аймгийн Засаг даргын Тамгын газарт гэр хүссэн олон өргөдөл байсан. Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүлэгч нар маань идэвхтэй ажиллаж, өргөдөл өгсөн айл бүрээр орж, амьдралын нөхцөл боломжийг нь судалсан. Ингээд салбар зөвлөлийнхөө хурлаар хэлэлцэж, нэн тэргүүнд ямар айл өрх сонгох вэ гэдэгт санал асуулга явуулсан. Ингэхдээ өмнө нь аймаг, орон нутгаас тусламж дэмжлэг авч байсан эсэхийг ч анхаарлаа. Гэр олгох 10 айлаа сонгоод, эхний таван гэрийг гардуулан өглөө. Үлдсэн тавыг нь аймгийн Засаг даргын Тамгын газраас  худалдан авалтын ажиллагаагаараа сонгон шалгаруулж олгоно. Худалдан авалтын хууль тогтоомжийн дагуу хийгдэх ёстой тул тодорхой цаг хугацаа орох байх. Бидний сонгосон айлуудын хувьд хамгийн багадаа 4 хүүхэдтэй. Хоёр хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ч байсан. Өнөөдөр 10 гэр олгоод сэтгэл ханах ажил биш. Цаашдаа ч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран, бизнес эрхлэгчдийн дэмжлэгтэйгээр энэ ажлаа үргэлжлүүлнэ. Гэр орон бэлдэж өгөөд орхих бус тэдгээр иргэдээ амьдралын чадавхид сургах, ажилтай болгох, өөрийн гар урлалыг хөгжүүлэх замаар өрх бүр орлоготой байх боломжийг бүрдүүлэхэд нь Эмэгтэйчүүдийн холбоо анхаарч ажиллах юм. Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлууд бий.

   - Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулсан чуулганы нэг өгөөжтэй талыг эмэгтэйчүүдийн зүгээс төрд хүргэх санамж бичиг гэж ойлгосон. Нэлээд хугацаанд бодож боловсруулан аймгийн удирдлагуудад хүргүүлэв үү?
     - Бид нийгэмд 9 уриалга гаргаж, төрд 5 санал тавья гэж зорьсон. Улмаар өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд зохион байгуулсан чуулганд оролцогчдоос санал авсан юм. Олон ч санал ирүүлсэн. Тэдгээрийг Удирдах зөвлөлийн гишүүдээрээ хэлэлцэн, 9 уриалгаа гаргаж, төрд хүргэх 5 саналаа боловсруулсан. Өнөөдөр бид аймгийн Засаг даргад саналаа гардуулан өглөө. Бид зөв мэдээлэл түгээе, эмэгтэйчүүдийнхээ сайн сайхны төлөө энэ бүхнийг дэмжин ажиллаач, зөв хүн, зөв нийгмийг төлөвшүүлье гэдэг талаас нь нийгэмд уриалга гаргалаа.

     - Сүүлийн үед хувь хүний хандлага, зан харилцааг өөрчлөх талаар ярьж байна. Хүмүүс ямар нэг зүйлийг улс төрийн өнцгөөс илүүтэй харж, аливааг улстөржүүлдэг болсон. Эмэгтэйчүүдийн холбоог ч тэр өнцгөөс харах хүмүүс байгаа байх. Та үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?
     - Өнгөрсөн оны аравдугаар сард болсон Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн хурлаар удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн. Энэ үеэр миний бие удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, орон нутаг хариуцан ажиллах болсон юм. Тухайн үед Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаа сүүлийн 8-9 жилийн хугацаанд тасарчихсан байлаа. Орон нутгийнхаа асуудлыг шийдэлгүйгээр өөр аймаг орон нутгийн асуудлыг ярих нь хариуцлага болоод ёсзүйн хувьд зохимжгүй байсан тул эхний ээлжинд өөрийн аймаг, орон нутгаа цэгцэлье гэж зорьсон. Ингээд өнгөрсөн хоёрдугаар сард 440 төлөөлөгчтэй Орхон аймгийн эмэгтэйчүүдийн чуулганыг зохион байгууллаа. Бүсгүйчүүд маань холбооны тэргүүлэгчээр салбартаа манлайлагч 14 бүсгүйг сонгож, тэргүүнээр нь намайг томилсон юм. Маш том үүрэг хүлээхийн зэрэгцээ хариуцлагатай ажиллах ёстой гэж юун түрүүнд бодогдсон. Тэргүүлэгчээр сонгогдсон бүсгүйчүүд маань өнөөдрийг хүртэл гар, сэтгэл нийлэн ажиллаж, нэг зорилгын төлөө тэмүүлж байгаа нь сайхан байна.
     Бид гуравдугаар сарын 5-нд “Эрдэнэтийн хөгжилд-Эмэгтэйчүүдийн оролцоо” чуулган зохион байгууллаа. Би хувь хүнийхээ зүгээс, эмэгтэйчүүдэд эрхийнхээ төлөө тэмцэх өдөр байх ёсгүй гэж боддог. Учир нь бүх цаг үед адил тэгш эрхтэй байснаар бид эрхийн тухай ярих шаардлагагүй болно. Ийм л нийгэм, цаг үеийн төлөө эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэж, нэг зорилготой, нэгдмэл хүсэл эрмэлзэлтэй явж байгаа нь буруу зүйл биш.  Монголын эмэгтэйчүүдийн байгууллага бол төрийн бус байгууллага. Монголын нийт хүн амын 50 гаруй хувийг эзэлсэн эмэгтэйчүүдийн төлөөлөл болон ажиллаж байгаа энэ байгууллага 95 жилийн түүхтэй. Монголын хамгийн анхны төрийн бус байгууллага. Харин Азид хамгийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага гэдгээрээ онцлог. Социализмын үед яамны хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага байлаа. Ингэхдээ эмэгтэйчүүдийн асуудлыг бодлогоор яамны түвшинд ярьж, тухайн үед нийгмийг соён гэгээрүүлэх ажил эрчимтэй хөгжиж, “Эмэгтэйчүүдийг боловсруулах тасаг” нэртэй байсан. Харин сүүлийн жилүүдэд энэ байгууллагын үйл ажиллагаа манай аймагт төдийгүй орон даяар саарсан боловч үүнийг хувь хүний үйл ажиллагаатай холбохоос илүүтэй тухайн цаг үе, нийгмийн тогтолцоотой холбон ойлгох нь зөв байх. Орчин цагийн эмэгтэйчүүд уламжлал, шинэчлэлийн бодлогыг хослуулан барьж, ажиллаж байгааг бид улс төржүүлэхээс илүүтэй дэмжиж харах ёстой. Энэ бол нийгмийн сайн сайхны төлөө, эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог идэвхжүүлж байгаа шударга ажил. Харин ч улс төрийн хүчнүүд хамтран оролцох ёстой гэж би боддог.

     - Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд гэр бүлийн хүчирхийлэл, охидын болон өрх толгойлсон эхчүүдийн асуудал гээд сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл гарч байна. Манай аймгийн хэмжээнд зорилтот бүлгийн эмэгтэйчүүд хэр их байна вэ?
    - Олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаа хүчирхийллийн асуудалд бид их болгоомжтой хандах ёстой. Ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагууд илүү мэдрэмжтэй байх хэрэгтэй. Олон нийтийн сүлжээ нэг талдаа давуу юм шиг боловч нөгөө талдаа сөрөг хандлагууд дагуулж байгаа нь үнэн. Тиймээс цахим боловсрол, цахим ертөнцийг хэрхэн зөв хэрэглэх талаар хүүхэд, залуучууд руу хандсан сургалтууд хийхээр төлөвлөж байна. Ер нь хүчирхийллийг хэт их яриад байж болдоггүй сэдэв. Ярих тусам, олонд түгэх тусам сэдэлжээд, илүү даамжраад байдаг талтай. Бид хүчирхийлэлтэй тэмцэх ёстой ч арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Мэдээллийг ил болгосноор бид хүчирхийллийг дахин үйлдэж байгаагаас өөрцгүй. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэлд өртсөн хүнийг давхар хүчирхийлэх нөхцөл байдал бүрдүүлээд байна гэсэн үг л дээ. Хүчирхийлэлд өртөж байгаа бага болон өсвөр насны хүүхдүүдийн ирээдүйн амьдралыг бид бодох ёстой. Тэдгээр хүүхдийн амьдрал хараар бичигдэж үлдэх ёсгүй. Энэ дашрамд хэвлэл мэдээллийнхэн аливаад илүү мэдрэмжтэй хандаж, мэдээ мэдээллийг зөв түгээж байгаасай гэж уриалмаар байна.
    Орхон аймгийн тухайд зорилтот бүлгүүдийн судалгаа бидэнд бий. Нийгмийг цочирдуулсан зүйлс гаргаж тавихаас илүүтэй сөрөг үзэгдэл гаргаад байгаа шалтгаан, нөхцөлтэй л тэмцэх ёстой гэж бодож байна. Монголын эмэгтэйчүүдийн байгууллага түүхэн 95 жилийн хугацаандаа нийгмийг соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх, зөв хүнийг бэлтгэх, нийгмийн сэтгэл зүйд эерэг мессэж өгөх чиглэлд нэлээд ажил хийж хэрэгжүүлсээр ирсэн. Цаашдаа ч энэ суурь зарчмаа барьж ажиллана. Гэр бүлийн боловсрол олгох, хүүхдээр хүн хийх арга ухааныг залуу гэр бүлүүдэд төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжлийн асуудалд багаас нь анхаарах чиглэлээр бодлогын түвшинд хамтран ажиллах, төрийн бус байгууллагынхаа хувьд бие даан хийж, хэрэгжүүлэх ажлууд  бий.

     - Энэ дашрамд "Эрдэнэт" үйлдвэрийн санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл хүргэхгүй юу?
    - "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаа жигд, хэвийн явагдаж байгааг дуулгахад таатай байна. 2017 онд "Эрдэнэт" үйлдвэр зэсийн металл авалт, борлуулалт, цэвэр ашиг, улс болоод орон нутгийн татварт төлсөн байдлаар 40 жилийн түүхэндээ хамгийн өндөр амжилт тогтоосон. Бид энэ амжилтаа эвдэж, 2018 онд улс, орон нутгийн төсөвт нийт 655 тэрбум төгрөг төвлөрүүлснээр хамгийн өндөр татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагаар шалгарлаа. Өртөг зардал хэмнэх бодлогын хүрээнд энэ оны эхний улиралд борлуулалтын нэг төгрөгт ногдох зардлаа 9 хувь, нэг тонн цэвэр зэсийн тооцоот өөрийн өртгийг 6,4 хувиар бууруулж ажилласан. Нэгдүгээр улиралд бид улс, орон нутгийн төсөвт 251 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол эхний дөрвөн сарын байдлаар төлөвлөгөөний биелэлт 100-113 хувиар давж, улс, орон нутгийн төсөвт 334 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Үүнийг дагасан эдийн засгийн үзүүлэлтүүд ч эерэг дүнтэй гарч байна. Энэ бол "Эрдэнэт" үйлдвэрийн 6500 уурхайчны хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм.

     - Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Орхон аймгийн гэр бүлүүддээ мэндчилгээ дэвшүүлнэ үү?
    - Эрдэнэтчүүддээ, Орхон аймгийн нийт гэр бүлдээ “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийн мэндийг хүргэе. Өдөр бүрийг гэр бүлийн өдөр байхын төлөө, үр хүүхдүүддээ хамт байх тодорхой цаг хугацаа гаргадаг байхын төлөө аав ээжүүд маань илүү хичээгээсэй. Ажил төрөл, амьдрал ахуй, бүх зүйлээ тэгш хуваарилж явсан эцэг өвгөдийнхөө арвин туршлагаас суралцаж, ялангуяа залуучууд маань гэр бүлдээ, өөрийн үнэт зүйлс болсон үр хүүхдүүддээ цаг заваа илүү гаргаж байгаасай гэж хүсье.

А.Батбаяр
И.Чинтогтох
Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог