Бидний тухай

     “Эрдэнэт” үйлдвэрт дизель түлш нийлүүлэх гэрээний дагуу 91 чингэлэг түлш ирсний 26 нь “Евро5” маркийн эко түлш нийлүүлжээ. Энэ түлш нь хүнд элементийн агуулга багатай, байгаль экологи, хүний эрүүл мэндэд аюулгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. “Эрдэнэт” үйлдвэр “Евро5” түлш үйлдвэрлэлд нэвтрүүлснээр үр ашигтай ажиллаж, зардлаа хэмнэх юм. Иймд Авто тээврийн байгууллага эко түлш хэрэглэх техникүүдээ судалж байна. Учир нь үйлдвэрийн БелАЗ маркийн автомашинууд энгийн хөдөлгүүртэй, Камаз маркийн автомашинууд өндөр чанарын түлш шаарддаг тул техникээ зөв сонгож, зарцуулалтаа хянах нь үр өгөөжтэй хэмээн үзэж байна. Шинэ түлшний зарцуулалтыг хуучинтай нь харьцуулна. Тодорхой хугацааны дараа үр дүн нь мэдэгдэнэ гэж Чанар хяналтын хэлтсийн дарга Н.Мэргэнбаатар хэллээ.
     ОХУ-д дизель түлшийг чанарын үзүүлэлтээр “К2”, “К5”, “Евро5” хэмээн ангилдаг байна. Оросууд дотоодын хэрэглээндээ “К5” түлшийг бүрэн нэвтрүүлж, "Евро5" түлшний хэрэглээ рүү шилжиж эхэлжээ. Харин “К2”-ыг зөвхөн Монгол, Казахстан улсад гаргадаг бөгөөд цаашид нийлүүлэх боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс



 

    “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн ЗДТГ-ын удирдлагууд жил бүр хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргаж, уурхай дагасан хотдоо хөрөнгө оруулалт хийдэг. Өнгөрсөн онд 2 тэрбум 432 сая төгрөгийг байгаль орчин, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, дэд бүтэц сайжруулах, бүтээн байгуулалт, нийгмийн халамж гэсэн үндсэн чиглэлд “Эрдэнэт” хотдоо зарцуулжээ.  
     Хамгийн томоохон хөрөнгө оруулалтаас дурьдвал Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, тохижилтын ажил юм. Үүнд 1 тэрбум 650 сая төгрөг зориулсан байна. Мөн Төв цэнгэлдэх  хүрээлэн, орон сууцны байрны фасадын засвар зэрэг томоохон бүтээн байгуулалтуудаас нэрлэж болно.
     Орхон аймагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгцээтэй, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх чиглэлээр Технологийн сургууль, "Эрдэнэт ШУТП"  ОНӨААТҮГ –тай хамтран ажилласан байна. Ингэснээр  "Эрдэнэт” шинжлэх ухаан, технологийн паркд шинээр электрод үйлдэрлэж, худалдан авахад 486 сая төгрөг зарцуулжээ.
     “Эрдэнэт” үйлдвэрийн цех, нэгжүүдээс хорио цээрийн үед хяналтын цэг байгуулж, ариутгах бодисоор хангажээ. Орхон аймгийн багуудын хүсэлтээр гэр хорооллын гудамж талбайн тохижилт, арчилгаа, суваг шуудуу цэвэрлэх, ачаа, хүн тээвэр зэрэгт тусгай зориулалтын машин механизм, ачааны автомашин зэргээр үйлчилгээ үзүүлэхэд 168.2 сая төгрөг зарцуулсан байна. 
     “Эрдэнэт” сувилалын цогцолборт эрүүл мэндийн даатгалаар Орхон аймгийн 230 хүн хэвтэн эмчлүүлж, амбулаторийн үзлэгт Дулааны цахилгаан станц,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Хаан хүнс” ХХК, “Эрдэнэт ус ДТС” ОНӨҮГ зэрэг байгууллагын 560 иргэн хамрагдав.
     Энэ онд ч “Эрдэнэт” үйлдвэр Орхон аймагтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс

 

     Эрчим хүч, уул уурхайн салбарын их, дээд сургуулиудад цахилгаан инженерийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд “Цахилгаан тоног төхөөрөмж ба шинэ технологи” сэдвээр Оюутны эрдэм шинжилгээний YII бага хуралд оролцлоо. ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургууль, ХААИС, Дархан, “Эрдэнэт” үйлдвэрийн Технологийн сургуулийн 20 оюутан тус хуралд илтгэл тавьж, инновацийн бүтээлээ танилцуулав.
    Эзэмшиж байгаа мэргэжлийнхээ дагуу туршлага солилцох, судалгаа шинжилгээний арга барилд суралцах, хамтран ажиллах зэрэг оюутнуудад олон талын боломж олгодог эрдэм шинжилгээний хуралд ХААИС-ийн Цахилгаан хангамжийн дөрөвдүгээр дамжааны оюутан Б.Цаст-Оргилын “Дэд станцын гаргалгааг хянах төхөөрөмж” сэдэвт илтгэл шилдгээр шалгарлаа. Илтгэлд тус хянах төхөөрөмжийг “Эрдэнэт” үйлдвэрт суурилуулснаар цахилгааны инженерүүд хариуцсан объектоо гар утаснаас хянах боломжтойг шүүгч нар онцгойлон анхаарчээ. Эдийн засгийн өндөр үр ашигтай шилдэг бүтээлийг инновацийн төсөл болгон хэрэгжүүлэхэд анхаарна гэдгээ зохион байгуулагчид хэллээ.

И.ЧИНТОГТОХ


 

     “Эрдэнэт” үйлдвэрийн хэмжээнд галын эрсдэлтэй цехийн ажилчдад мэдлэг олгох зорилгоор зохион байгуулдаг иж бүрэн дадлага, сургуульд 200 ажилтан хамрагдлаа. Гал унтраах 58 дугаар анги, Эрдэнэт сувиллын цогцолбор, Цагдаагийн тасаг, Гамшгаас хамгаалах штабтай хамтран зохиодог улирал тутмын сургуулилтыг энэ удаад Баяжуулах үйлдвэрийн төв байгууламжид хийж, ажилчид галын аюулаас сэргийлэх мэдлэгээ бататгасан юм. “Эрдэнэт” үйлдэрийн техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн туулах хүчин чадал сайтай, эко тав түлш ашигладаг, 6 тонн усны нөөц савтай, 300 кг хөөсний багтаамжтай, ОХУ-д үйлдвэрлэгдсэн, УРАЛ -5557 маркийн автомашиныг энэ үеэр ашиглалтад хүлээн авлаа.
     Гал унтраах 58 дугаар анги үйлдвэрийн цех, нэгжүүдэд жилдээ 48 удаагийн сургалт зохион байгуулж, улирлын сургалт томоохон байгууламжуудад явуулдаг. Энэ онд Цацрагийн агуулах, Шатах, тослох материалын агуулах, Ил уурхайн эмульсын үйлдвэрт иж бүрэн дадлага, сургууль  зохион байгуулахаар төлөвлөжээ.  

И.ЧИНТОГТОХ

 

 

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог