Бидний тухай

     Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал гарч, үйлдвэрлэлийн болон хөдөлмөрийн сахилга бат, ажлын  байрны асуудалд хэрхэн анхаарах талаар төлөвлөгөөт ажлууд хийгдэж эхэллээ. Онцгой дэглэмийн үед улсын онцгой объект болох Эрдэнэт үйлдвэр дээр ажлын цаг ашиглалт, эмх цэгц, ажилчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, цаашид ямар зарчим баримтлах талаар Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Хүний нөөц, цалин хөлсний хэлтэс анхаарч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд холбогдох албаныхан дөрвөн өдрийн турш ажлын байрны үзлэг хийж, ажилчдын цаг ашиглалтыг хянахын зэрэгцээ Ерөнхий захиргааны байранд өдөрт хэдэн хүн, ямар зорилгоор үйлчлүүлдэг болохыг судалжээ.
     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий Захиргааны хоёрдугаар байр 300 гаруй ажилтантай. Ажлын байрны хяналт, тандалтаар тус байранд үйл ажиллагаа явуулдаг хангамж, их барилга, олон нийттэй харилцах алба болон санхүүгийн хэлтсийн нийгмийн даатгалын нягтлан байнгын зочин хүлээн авч, өдөрт дунджаар 120-130 хүнд үйлчилдэг нь тогтоогджээ. Ингэхдээ иргэдэд “Түр” ба “Зочин” гэсэн үнэмлэх олгож нэвтрүүлдэг байсан бол тодорхой хугацаанд “Зочин” үнэмлэх хүчин төгөлдөр үйлчилнэ гэдгийг албаны хүн мэдээллээ. Мөн дээрх үзлэгийн үеэр иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч, удаан хугацаанд хүлээж байгаа хүмүүстэй уулзан, учир шалтгааныг нь асууж тодруулжээ.
     Хяналт, шалгалт хийсэн холбогдох албаныхан “Засгийн газрын 91-р тогтоолыг сайн сурталчлах хэрэгтэй юм байна” гэсэн нэгдсэн дүгнэлтэнд хүрч, зочны уулзалтын өрөөтэй болох,  Нийтийн хоолны хэсгийн түргэн хоолны газрыг цайны цагаар ажиллуулах, “Түр” үнэмлэхний журам батлах, камержуулалт хийх зэрэг шат дараатай ажил тусгаж, ажилчдыг цагтаа ирж, цагтаа тарах нь бусдаар хэлүүлэх, хянах, шалгах асуудал биш гэж үзсэн байна.
     Үйлчилгээ аж ахуйн алба саяхнаас угтах үйлчилгээг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үйлчилгээний ажилтан гаднаас ирсэн зочныг ямар ажлаар, хэнтэй уулзахаар ирснийг лавлаж, тухайн ажилтан уулзах боломжгүй юмуу байхгүй тохиолдолд мэдээллийг тэр дор нь өгч, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна.


И.ЧИНТОГТОХ  
 

   Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө гуравдугаар сарын эхний 10 хоногт 100-аас дээш хувийн үзүүлэлттэй биелсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл сарын эхний 17 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үйл ажиллагааны гүйцэтгэл ямар явцтай байгаа талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга Д.Нямдоржоос тодрууллаа.

   - Сарын эхний хагаст үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ямар байна вэ?
   - Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2019 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтоо оны эхнээс хэрэгжүүлэн ажиллаж байна. Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан үйлдвэрийн Ерөнхий захирлын “Онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/145 тоот тушаал гуравдугаар сарын 7-ны өдөр гарсан. Уг тушаалд тодорхой зорилтууд, хариуцлага, зохион байгуулалтыг өндөржүүлэх заалтууд тусгагдсан байгаа. Энэ дагуу үйлдвэрийн хэмжээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн тогтвортой үргэлжилж байна. Өнөөдөр сарын эхний 17 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт гарсан. Энэ хугацаанд бид 59,7 мянган метр куб уулын  цул гаргаж, төлөвлөгөөг 105,3 хувиар биелүүлж байна. Хүдэр боловсруулалт 20,7 мянган тонн буюу 101,4 хувиар тус тус биеллээ. Хүдэр дэх металлын агуулгын хувьд энэ сард бид зэсийг 0,460 хувь, молибденийг 0,014 хувь гэж төлөвлөсөн. Эхний 17 хоногийн байдлаар хүдэр дэх зэс 0,456 хувьтай байгаа ч бид төлөвлөгөөт үзүүлэлтэнд хүргэхээр ажиллаж байна.  Харин хүдэр дэх молибдений агуулга 0,017 хувийн үзүүлэлттэй байгаа. Зэсийн металл авалтыг 88,3 хувиар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 88,9 хувьд хүргэж, төлөвлөгөөг 100,8 хувиар биелүүлж явна. Молибдений металл авалтыг 48,5 хувиар төлөвлөснөөс 49,5 хувийн гүйцэтгэлтэйгээр 102,2 хувиар биелүүлсэн. Зэсийн баяжмал ачилт 157,2 тонн буюу 102,6 хувиар биелж, 433 вагон ачилт хийжээ. Энэ нь төлөвлөснөөс таван вагон илүү ачилт хийж, төлөвлөгөөг 101,2 хувиар биелүүлсэн гэсэн үг.  Ер нь  үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт зорилтуудаа  цаг хугацаанд нь сахилга хариуцлагын өндөр хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд холбогдох цех нэгжүүдэд онцгой дэглэмийн үед хэрхэн  ажиллах тухай Ерөнхий захирлын тушаалыг танилцуулан чиглэл өгч ажиллаж байна.
  
   - Оны эхний улирлын ажлын гүйцэтгэл, дүн үзүүлэлт удахгүй гарна. Өнгөрсөн онд манай баялаг бүтээгчид үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээ түүхэн өндөр хувиар биелүүлсэн. Тухайлбал, металл авалтын хэмжээг 89 хувьд хүргэсэн гэх мэт. Тэгвэл энэ онд энэ үзүүлэлт ямар төлөвтэй байх бол?
   - Металл авалтын үзүүлэлт бол Баяжуулах үйлдвэрийн технологи болон хүдрийн агуулгаас  шууд хамаардаг. Мэдээж, ордын нөөц бас чухал нөлөөтэй. Бид энэ онд 88,3 хувь гэж төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Сар, улирал,  жилийн эцэс болон үйл ажиллагааны явцад  энэ үзүүлэлт  хэрхэн биелэх нь тодорхой болно. Өнөөдрийн байдлаар л гэхэд бид металл авалтыг 88,9 хувьд хүргээд байна. Ингэснээр боломжийн үзүүлэлттэй дүр зураг харагдаж байгаа.

   - Манай үйлдвэрт техникийн шинэчлэл үе шаттай хийгдэж байгаа. Үйлдвэрлэл найдвартай, тогтвортой үргэлжлэх хамгийн гол үндэс нь мэдээж техникийн бүрэн бүтэн байдал. Техникийн шинэчлэлийн үр нөлөөг та хэрхэн тодорхойлох вэ?
    - Техникийн шинэчлэлийн ажил үйлдвэрлэлийн хэвийн үйл явц болон төлөвлөгөөт үзүүлэлтийн биелэлтэнд хамгийн гол эерэг нөлөө үзүүлж байгааг онцлон хэлье. Уурхайчдын хичээл зүтгэл, техникийн найдвартай байдал нь бидний ажлын амжилтын үндэс болдог нь ойлгомжтой. Цаашид бид техникийн шинэчлэлтэйгээ  уялдуулан ойрын болон урт хугацааны зорилт, том төслүүдээ эхлүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж,  тэр чинээгээрээ үйлдвэрийн маань үйл ажиллагаа өргөжинө. Тиймээс Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тогтвортой хөгжлийн цогц бодлогод тусгагдсан технологийн таван төслөө эхлэх нь чухал байна.


М.Балжинням



 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гэрээт Гал унтраах, аврах 58-р ангид шинэ авто машин нэмэгдлээ. ОХУ-д үйлдвэрлэгдсэн, 273 морины хүчин чадалтай, гал унтраах зориулалтын Урал маркийн автомашиныг албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилтын хүрээнд нийлүүлж буй аж.
     Онцгой Байдлын Ерөнхий Газраас хэрэгжүүлж байгаа Гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн чадавхийг бэхжүүлэх стратеги зорилтын дагуу харьяа анги, нэгтгэлүүдэд техникийн шинэчлэл хийж байгаа юм байна. Гал унтраах, аврах 58-р ангийнхан шинэ техникээ энэ сарын 18-ны өдөр хүлээн авчээ.


 М.Балжинням

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2018 оны  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт нийт ажилчдын 98 хувь нь хамрагдлаа. Энэ сарын 15-ны байдлаар үйлдвэрийн 5999 ажилтан, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэвэр тогтоолгосон 313 хүн, 1581 ахмад настан эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан бөгөөд хугацаандаа амжаагүй ажилчдыг ирэх тавдугаар сард эхлэх 2019 оны төлөвлөгөөт үзлэгт хамруулахаар болжээ. 
     Эрдэнэт үйлдвэр ХХК жил бүр нийгмийн хамгааллын зардалдаа хөрөнгө төсөвлөн, уурхайчдаа эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамруулдаг. Энэ нь хэвийн бус ажлын нөхцөлд тооцогддог уул уурхай компанийн ажиллагсдад үнэтэй хөрөнгө оруулалт болж, өвчнөө эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчилгээ хийлгэхэд өндөр ач холбогдолтой юм. 

 


И.ЧИНТОГТОХ
 

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог