Цаг агаар

Бидний тухай

     “Хан хуур” төслийн хүрээнд бүх нийтээрээ морин хуур хөгжим тоглож сурсан дуу бүжгийн  “Эрдэнэт” чуулгын “Морин хуур” хамтлаг бие даасан уран бүтээлийн тоглолтоо ирэх гуравдугаар сарын 29-нд хийнэ. Энэ ажлын хүрээнд тус чуулгын багш Б.Цэрэндондов морин хуур хөгжид зориулан тусгай зохиол бичиж эхэлжээ. Тоглолтонд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Шарав, Н.Жанцанноров, Ж.Чулууны хөгжим эгшиглэх юм байна.  


И.ЧИН

     Орхон аймгийн Цэргийн штабын захиалгаар анх удаа тайзнаа тоглосон “Эх орны хүү” тоглолтыг соёлын ордны уран бүтээлчид дахин тайзнаа “амилуулахаар” болжээ. Эх орны хүү, Монгол цэрэг, Монгол эрчүүд эх орныхоо төлөө юу хийснийг эргэн нэг дурсаж, ахмад үеэ магтан дуулсан өгүүлэмжтэй тус тоглолтыг сар шинийн өмнө манай аймагт айлчилсан Монгол Улсын 21 аймгийн Цэргийн штабын удирдлагууд, БХЯ-ны төлөөлөгчид үзэж сонирхсон байна.
     Эрдэнэтийн залуучуудын зүрх сэтгэлийг хөглөж, өөрөөрөө бахархсан, сэтгэлийн тэнхээ, хүч зориг оруулсан чанартай, чансаатай тоглолт хийхээр уран бүтээлчид хэдийнэ ажилдаа оржээ. Энэ удаад найруулгаа баяжуулж, Эрдэнэт үйлдвэрийн залуу ажилчдаа хамруулах болсноо Уурхайчин соёлын ордны уран сайхны удирдагч, найруулагч Д.Одончимэг хэлсэн.


И.ТОГТОХ

     Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын тухайд БСШУС-ын сайдын тушаалаар их, дээд сургуульд элсэгчдээс монгол бичгийн шалгалт авч түвшинг тогтоох, улмаар босго оноо давсан суралцагсдыг дараагийн шатны шалгалтанд оруулахаар болсон. Тус хичээлийн шалгалтын босго оноог 400-аар тогтоосон бөгөөд шалгалтыг гуравдугаар сарын 23-нд, босго онооны болзол хангаагүй тохиолдолд дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд авахаар товложээ.
     Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоодог элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй болохыг БСШУС-ын яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

И.ЧИНТОГТОХ

Бүлэг Боловсрол

     Уурхайчин соёлын ордны Эрдэнэт дуу бүжгийн чуулгын дуучин, МУСТА С.Ариун-Эрдэнэ ирэх сарын хоёронд болох “Морин хуур” наадмын гала тоглолтонд оролцож, тэргүүн байрын төлөө хүч үзэхээр боллоо. Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос 32 дахь жилдээ зохиож байгаа тус наадам оны шилдэг уран бүтээлийг нийтийн, эстрадын, мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр тодруулж, хөгжмийн зохиолчдын чансааг шалгана.
     Энэ жилийн наадамд 100 гаруй дуу өрсөлдсөн бөгөөд дуучин, МУСТА С.Ариун-Эрдэнэ Намсрайжавын Батжаргалын шүлэг, Баатарын Цэрэндондовын хөгжим “Амьдрал жаргалтай” бүтээлээр оролцож байна.
     Мөн тэрээр ирэх сард “Энгэрийн цэцэг” нэртэй анхны бие даасан уран бүтээлийн тайлан тоглолт хийхээр төлөвлөжээ.  Зургаан жилийн өмнө олны сонорт хүргэсэн “Энгэрийн цэцэг” дуу нь түүний ээждээ зориулсан бүтээл бөгөөд тоглолтын үеэр охинтойгоо хамтран дуулах юм.  Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын эстрад симпони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж, Барилгын цэргийн Ерөнхий газрын уран сайхны удирдаачаар ажиллаж байсан түүний аав тоглолтын үеэр авъяасаа үзүүлнэ гэдгийг дуучин маань онцолсон.
     Эрдэнэтийнхэн түүнийг Хөгжимт драмын Бөртэ хатан, Ану хатан дуурийн Ану хатан, Есүхэй дуурийн Сочигэл хатан, “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, “Сингл лэйдис” МУСК-ны туслах дүрээр нь эчнээ мэднэ.

И.ЧИНТОГТОХ

     Усанд сэлэлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод өнөөдөр эхлэв. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Орхон, Говьсүмбэр, Улаанбаатар хотын Виста, Хилэм, Орчлон клуб, Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төвийн 80 гаруй тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр  Монгол Улсын Усан ёпорт сонирхогчдын холбооны тэргүүн Э.Золзаяа ажиллаж  байна. Усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр өдөр үргэлжилж, энэ сарын 24-нд дүнгээ гаргах аж.

М.Балжинням

     Улаанбаатар хотноо ирэх есдүгээр сард Монголын хүүхдийн спортын VI их наадам болно. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд оролцох хүүхдүүдийг орон нутагтаа сонгон шалгаруулах юм. Орхон аймгийн Засаг даргын захирамж гарч, спортын холбоодын тэргүүнээс бүрдсэн 24 хүний бүрэлдэхүүнтэй, ажлын хэсэг байгуулагджээ. Одоогоор өвлийн спортын төрөлд оролцох хүүхдүүдийг шалгаруулсан бөгөөд спортын их наадмын гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрөлд оролцох баг тамирчдыг бүсийн чанартай уралдаан тэмцээнээс тодруулах юм байна. 

     Эрдэнэт үйлдвэрийн Чанар хяналтын хэлтэс сар тутмын ээлжит хурлаараа хүдрийн агуулгыг өсгөх, ган бөөрөнцөгийн цехийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ил уурхайн экскаваторуудын засварын дараах цэвэрлэгээний ажлыг сайжруулах зэрэг хэд хэдэн асуудлыг авч хэлэлцлээ. Мөн эдгээр тулгамдсан асуудлыг ойрын үед шийдвэрлэх боломжтойг Чанар хяналтын хэлтсийн дарга Н.Мэргэнбаатар хэлэв.
     Чанар хяналтын хэлтэст он гарсаар ISO9001 стандартын хэрэгжилтэнд Стандартчилал хэмжилзүйн газраас аудит хийжээ. Улмаар 13 зөвлөмж өгсөн бөгөөд үйл ажиллагаагаараа “хангалттай” үнэлгээ авсан байна. ISO9001 стандартыг 4 үндсэн цехэд хэрэгжүүлж байгаа тус хэлтсийн хамт олон энэ онд бусад цехэд стандарт нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

И.Чин
 

     Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн Эрүүл ахуйн алба өнгөрсөн онд НХХЯ-ны дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хоёр чиглэлээр хамтран ажиллажээ. Ингэхдээ химийн хортой бодистой ажилладаг 250 ажилтныг эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулж, нэгтгэсэн тайланг үйлдвэрийн удирдлагуудад танилцуулсан байна. Мөн Медипас эмнэлэгтэй хамтран хийж буй 6000 ажилтны үзлэг шинжилгээгээр зонхилон тохиолдож буй өвчлөлийн судалгааг гаргаж, түүнд үндэслэн дөрвөн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.
     Эдгээр дэд хөтөлбөрийн эхний ажил болох “Эргономик” дэд хөтөлбөр энэ сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл хэрэгжих юм. Уг хөтөлбөрийн хүрээнд эрсдэлтэй ажлын байрыг илрүүлснээр ажилчдыг эрүүлжүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулна. Хоёр дахь аян “Үйлдвэрлэлийн орчны гоо зүй” сэдвийн дор дөрөв, тавдугаар сард хэрэгжиж, үйлдвэрийн эргэн тойронд буй орчны тохижилтыг сайжруулахад чиглэжээ. Мөн гурав дахь аянаар “Сонсгол хамгаалах хөтөлбөр”, дөрөв дэх аянаар “Витаминжуулалт буюу ажилчдыг эрдэсжүүлэх” хөтөлбөр хэрэгжинэ гэдгийг ХАБЭАБОХХ-ийн Эрүүл ахуйн албаны дарга О.Алтансүх онцоллоо.

И.Тогтох

     Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо 2019 оныг Сургалт хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хороо залуу боловсон хүчнээ Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцуулах, туршлага солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
     Дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Гончигсүрэн хэлсэн үгэндээ, “Танхимын сургалт зохион байгуулж, Дархан-Уул аймгийн Дулааны цахилгаан станц, Улаанбаатар хотын ТЭЦ3, ТЭЦ4 станцуудтай танилцах, мэргэжил нэгт байгууллагуудтай дадлага, үйлдвэрлэлийн сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн” гэдгээ онцоллоо. Тус хороо өнгөрсөн онд Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэ шугамаар танилцах, дадлага, туршлага солилцох уулзалтаа зохион байгуулахаар болсон байна.

И.Чинтогтох

Лхагва, 20 2-р сар 2019 00:00

Хамтын ажиллагаа өргөжинө

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, цех, нэгжийн удирдлагууд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоне тэргүүтэй, тус улсад төвтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл өнөөдөр албан ёсны уулзалт хийлээ. Тэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид уул уурхайн тоног төхөөрөмж, технологийн салбарт хамтарч ажиллах боломжийн талаар ярилцав. Энэ жил Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй. Тиймээс тус улсаас Монгол Улсын уул уурхай, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх бодлого барьж буйг элчин сайд онцоллоо.

У.Цэрэнбат