Бидний тухай

     Засвар монтажийн цехийн ажилтан Д.Бямбадорж үйлдвэрийн бүх цех нэгжид хүрч засварын ажил гүйцэтгэдэг бригадын ахлагч. Ийм л хөдөлмөрч, ажилч хичээнгүй хүмүүсээр бахархах сэтгэл аргагүй төрөх. Тавьсан асуултад оновчтой цөөн үгээр хариулах түүнтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна.

     -Оны тэргүүний ажилтан болсонд баяр хүргэе?
     -Баярлалаа.

     -Та эхлээд хүүхэд насныхаа гэгээн дурсамжаас хуваалцана уу?
     -Би Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйд төрсөн. Энэ сумандаа анхны 10 жилийн дунд сургууль дүүргэж байлаа. Угтаал, Заамар, Баянцогтын хүүхдүүд анхны 10 жилийн сургуульд суралцаж төгссөн юм. Миний бага нас хөдөөний хүүхдийн нэгэн адил өнгөрсөн. Бусдаас гойд ялгарах юмгүй.

     -Та хөдөө өссөн юм байна. Малчин байсан уу?
     -Би цэргийн албанд мордтолоо адуу малтай ноцолдож өссөн. Туслах адуучин явлаа. Миний аавыг Дамбын Шатархүү гэдэг. Би чинь өвөөгөөрөө овоглочихсон юм.

     -Яагаад ...?
     -Энэ учиртай. Социализмын үед  сэхээтнүүд 16 толгой мал тоолуулна. Малчин хүн хувьдаа 50 толгой малтай байх ёстой. Нийгэмчлэл явагдахад нэг хүнд 16 толгой мал тоолуулсан юм билээ. Тэгэхээр би өвөөгөөрөө овоглосон болохоор хэдэн мал нэр дээрээ тоолуулж явсан түүхтэй. Ингэж л аав минь тав, арван малаа арай илүү нийгэмчлэлээс авч үлдсэн байдаг.

     - Тэгвэл таны өвөө мал хөрөнгөтэй нэгэн явжээ?
     -Тийм ээ. Миний өвөө мал аж ахуй эрхэлж амьдарч явсан байдаг. Түүний хөрөнгийг миний аав өвлөсөн. Манайхныг “Цагаан тэмээт”-ийнхэн гэдэг. Нутгийн ард түмэн малынх нь зүсээр ийн нэрлэсэн байх. Намайг ухаан суусан цаг үед малаа нийгэмчлээд цөөн тооны сүрэгтэй байлаа. Содон алаг адуунуудтай. Манай аав адуунд их хайртай. Зэлтэй үхрээ зарж адуутай болсон гэж эмээ маань ярьдаг сан.

     -Яаж яваад та Эрдэнэт үйлдвэртэй ажил, амьдралаа холбочхов оо?
      -Миний том эгч Эрдэнэтэд ажиллаж амьдардаг. Эгчийгээ бараадаад л Эрдэнэтийн хүн болчихсон. Хүргэн ах Эрдэнэт үйлдвэрт, эгч Хүнсний үйлдвэрт ажиллаж байлаа.

     -Таны эзэмшсэн мэргэжил юу вэ?  Гадаад мэргэжилтнүүдтэй хамт ажиллаж байв уу?
     -Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд засварчин мэргэжил эзэмшээд Засвар монтажийн цехэд ажилчин болсон. Ваня гэж орос мэргэжилтний бригадад ажилласнаас хойш 27 дахь жилдээ засварчнаар ажиллаж байна. Ваня маань намайг бригадын ахлагчаар бэлтгэж өгчихөөд нутаг буцсан. Анх хөдөөний хүүхэд орос хэл мэдэхгүй. Гадаад мэргэжилтнүүдтэй буруу хазгай ярьсаар байгаад орос хэл зохих түвшинд сурсан. Хүн өөрийгөө дайчлахаар хар ярианы хэл амархан сурчих юм билээ. Нэг хөгтэй явдал болдог юм. Лантуу аваад ир гэж оросоор хэлэхгүй юу. Тэгэхээр нь цохих юм аваад ир гэж ойлгоод ломбо аваад очсон чинь бөөн инээдэм болж билээ.

     -Таны ажлын онцлог юу вэ?
     -Манай засварын бригад Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн урсгал болон их засварын ажлыг хариуцдаг.  Бид үйлдвэрийн бүх хэсэгт хүрч ажилладгаараа онцлогтой. Манай бригад гагнуурчин, зүсэгч, слесарь, засварчин нийлсэн зургаан хүнтэй. Одоогоор надтай миний хоёр шавь хамт ажиллаж байна. Сурсан мэдсэнээ энэ хүмүүст зааж сургахыг л хичээж явна. Ер нь манай бригадын хэд  гар сэтгэл нийлсэн хүмүүс.

     -Томилолтоор явж ажиллаж байв уу?
     -Манай бригад Чехийн хөрөнгө оруулалтай Ингэт толгойн гурилын үйлдвэрийг анх барьсан. Хоёр Чех мэргэжилтэн зөвлөхөөр ажиллаж байлаа. Дараа нь Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйн суурин дээр Гурилын үйлдвэр барьж өгсөн. Мөн Чехословак улсын хөрөнгө оруулалтай.  Энд хоёр сарын хугацаанд таван монгол, гурван орос мэргэжилтэн ажилласан. Гурилын үйлдвэрийг нь ашиглалтад оруулаад анхны бүтээгдэхүүнийг нь гаргаж өгч байлаа. Анхны бүтээгдэхүүний дээж гэж хүн бүрт шуудай гурил өгч байсан нь мартагддаггүй юм. Бүх тоног төхөөрөмжийг нь аччихсан цуваа очсон. Тэнд тог байхгүй болохоор “сак” мотор хүртэл ачиж аваачсан. Урал машиныхаа хойно нь хүнсээ ачаад, өөрсдөө урд нь суугаад л явж байлаа. Дүгэржанцан дарга биднийг авч явсан юмдаг. Тэнд улсын наадам үзсэн. Хөдөө сумын наадам болохоор цомхон. Би хүртэл барилдаад хоёр давж явлаа. Айлд орохоор тос хайлж өгнө. Хөдөөнийхөн их зочломтгой. Туслах ажилтан хэдэн залуучуудтай ах дүүс шиг дотноссон доо.

     -Та ажлын ямар арга барил баримталдаг вэ?
     -Би хүнд урам хайрлах дуртай. Хийсэн ажлыг нь дэмжихээр ямар ч хүн илүү ихийг хийх урам зориг авдаг.

     -Таны бахархал юу вэ?
     -Би үйлдвэрийн хэмжээнд шинэчлэгдсэн бүх тоног төхөөрөмж дээр ажилласнаараа бахархдаг. Баяжуулах үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах машинуудын шинэчлэл, Дулааны цахилгаан станцын болон Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажилд гар бие оролцсон. Хамгийн сүүлд Шүүн хатаах хэсгийн машинуудын шинэчлэлийн ажилд оролцлоо. Ажлын гүйцэтгэлээ эргээд харахаар сайхан байдаг. Дэлхийд данстай Эрдэнэт үйлдвэрт ажилладгаараа бахархдаг. Миний хувьд Эрдэнэт үйлдвэрт ажиллаж яваагаа нэр төрийн хэрэг гэж боддог.

     -Таны ажлын амжилтын үндэс юу вэ?
     -Аливаа ажлыг хийгээд сурчихаар хэзээ нэг цагт хүнд хэрэг болно. Ямар нэгэн ажлыг хийхдээ аюул эрсдэлгүй, эвийг нь олоод хийчих хэрэгтэй.  Олуулаа хэлэлцэж хийсэн ажил үр дүнтэй. Шийдвэр нь зөв гардаг. Амьдрал дээр онох нь их. Хүний хань бол амьдралын нэг тал. Ажилчин хүний ар гэрийг хүний сайн хань л авч явдаг. Ар гэр лүүгээ сэтгэл зовохгүйгээр ажиллах тийм боломжийг миний хань надад олгодог. Тийм болохоор ханиараа бахархах юм. Энэ бүхэн ажилдаа ахиц дэвшил гаргахад нөлөөлдөг.

     -Та буруу шийдвэр гаргаж байв уу?
     -Аливаа хүн амьдралын турш суралцдаг. Алдаж онодог л хорвоо. Орон сууцаа жижгэрүүлчихээд одоо томсгож чадахгүй л явна. Хожим олуулаа амьдрахыг тооцоогүй л дээ. Ам бүл цөөнтэй байхдаа байраа сольчихсон. Одоо эргээд бодоход буруу шийдвэр гаргасан байна.

     -Та юу судалж мэдсэн гэж боддог вэ?
     -Засварын ажлыг зохих түвшинд хийж сурсан. Гагнуур, зүсэлт хийх, эвдэрсэн тоног төхөөрөмжийг засварлах эв дүй суусан байх аа. Ажлынхаа туршлагаар үйлдвэрлэлийн ямар нэгэн техник, тоног төхөөрөмжийг сэргээн засварлах ойлголттой болсон хүний нэг нь би. Аль нэг цехэд засвар хийхэд хэнээр ч заалгахгүй ажлаа хийх анхны мэдэгдэхүүн суусан гэж ойлгож болно. Өөрөө хичээсэн хүн их юм сурдаг. Хувь хүний хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр чухал. Би 27 жилийн хугацаанд их юм сурсан байна. Эрдэнэт үйлдвэрийн бүх хэсэгт очиж ажиллалаа. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл явагдаж буй бүх объект дээр ажилласан гэсэн үг.

     -Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
     -Хүүхэд байхдаа ном их уншдаг байлаа. Маамын “Газар шороо”, Шажинбатын “Элс цас”, Жек Лондоны “Цагаан соёот”, Таагүрийн “Ядуугийн зовлон”, Жоуль Вернийн зохиолуудыг уншсан. Одоо ч сонин хэвлэлээс л мэдээлэл авах төдий байх шив.

     -Ярилцсанд баярлалаа.



Т.БАТЧУЛУУН

Даваа, 21 1-р сар 2019 00:00

Итгэл даасан баяжуулагч

    

     1993 оны яргуй нүдлэх  цагаар  сэтгэлийн амрагтаа тэмүүлсэн  залуухан  хархүү Эрдэнэсийн хотод ирэв. Уурхайн цэмцгэрхэн суурин түүний таалалд тун их нийцэж. Аварга  үйлдвэрийн аль нэгэн  цехэд эрчтэй насны эрмүүн хөдөлмөрөө зориулан,  халуун бүлээрээ хангалуун сайхан амьдрах нууцхан мөрөөдөл Хайгуулын техникчийн диплом өвөртөлсөн Д.Ганзориг хүүгийн цээжнээ багтах. Гэвч  насан өндөр аав ээждээ дэм болох ачлалт сэтгэл нь дийлж,  хань ижлээ  дагуулан төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган руугаа  хүлгийн жолоо залав аа. Ганзоригийнх нутагтаа өрх нэмж, удам залгах ууган хүү нь ч мэндэлж. Үзэсгэлэнт  хангайдаа   Эг, Үүрийн голоо өгсөж уруудан зургаан жил буянт сүргээ маллав. Угаас  малд нүдтэй, ажилч  хичээнгүй тэд буурлын  буяныг хэд дахин өсгөн үржүүлсэн гэдэг. Хүүгээ цэцэрлэгт орохтой зэрэгцэн сэтгэлээс уяатай Эрдэнэсийн хотоо зорив. Санаж явбал бүтнэ гэгчээр нэг л өдөр энэ буянтай  үйлдвэрийн ажилчин болох хувь тохиож. Бүүр  “зүрхэн” хэсэгт шүү.  Насосны машинч боллоо. Есөн жил ажиллав. Дараа нь тэр баяжуулагч болов. Насосны машинчаар ажиллаж байсан нь сайн баяжуулагч болоход тун дөхөмтэй байв. “Нунтаглан баяжуулах бол хамгийн чухал дамжлага. Ашигт  эрдсүүдийг баяжуулж авах, эсвэл гологдол болгон хаях  нь баяжуулагчийн ур чадвараас ихээхэн  хамаарна. Баяжуулагчийн ажлын үнэлгээ тухайн ээлжинд гарч буй технологийн үзүүлэлтээс тод харагддаг. Баяжмалын чанар болон  хаягдал хэр  байгаа тухай цаг тутамд дүн шинжилгээ хийдэг программ хэлээд л өгнө” гээд л инээмсэглэв. Оргилон буцалж буй  хөөсөн бөмбөлгийн өнгө өөрчлөгдөх, хэмжээ нь томорч жижгэрэх, хөөс хагарах зэргээс баяжуулалт хэр явж буйг нарийн мэдэрч, технологийн процессоо  тохируулна. Тээрэмд нунтаглагдан  урсан өнгөрөх материалаас  ашигтай эрдсийг баяжуулж авахад авхаалж самбаа, мэдрэмж их чухал гэнэ. Үнэхээр ч түүний шалмаг хөдөлгөөн,  чамбай чанар нь   богино хугацаанд зөв шийдэл гаргах   баяжуулагчийн онцгой чадварыг өөртөө шингээсэн мэт. Тэр манай шилдэг баяжуулагч төдийгүй, бригадын ахлагч. Ээлжийнхээ залуус голдуу 10 гаруй  баяжуулагчийг тэр ахалдаг. Суръя, мэдье гэсэн чин эрмэлзлэлтэй, бүтээлч залуустайгаа хамтран ажиллахад урамтай байдгаа ярьсан. Хэн нэгэнд ая тал засдаггүй, хэлье гэснээ шулуухан хэлчихдэг шударга зантай түүнд дарга, цэрэггүй л ам сайтай Залуусыг үйлс бүтээлээрээ  төдийгүй биеэ авч яваа байдал, спорт, олон нийтийн ажилд зүтгэлтэйгээрээ ч үлгэрлэнэ. Сагсан бөмбөг, волейболын  спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин тэрбээр  цехийнхээ гол тоглогч байсан үе бий. Одоо  ахмадын багтаа тоглосоор л. 
    Гадаа ганц нэг  цас хаялах  идэр ес эхэлсэн энэ өдөр улаахан  хацарт хонгорхон  насаа тэр ийнхүү дурсав. Эсгий гуталтай хөлдөө  модон тэшүүр  углаж,  Эгийн голын мөсөн дээгүүр  хөндлөн гулд  гулган  тоглодог байсан үе, хурдан морины зоон дээр гийнгоо аялан, цамцаа дэрвүүлэх балчир насны жаргалтай мөч сэтгэлээс нь гардаггүй аж.
    Эргэж ирэхгүй холын аянд мордсон аавыгаа дурсан  ярихдаа аньсага чийгтүүлэв. Тэрбээр цааш нь: “Миний аав, ээж сийрэгхэн ухаантай хүмүүс. Насаараа мал малласан ч, бид аравт эрдэм боловсрол эзэмшүүлж, бүгдийг нь мэргэжилтэй болгосон. Миний бага  дүү л  малчин. Мянгат малчин гэгдэн, нутагтаа сайхан амьдарч яваа” гэсэн. Д.Ганзориг нутаг, ээж амьтай нэгэн. Зав гарвал наян насны босго аль хэдийн давсан ачит эхээ, алдарт  “Даян дээрх”, Эгүүрийн голоо зориод л давхичихна.
     Эднийх ам бүл дөрвүүл. Д.Ганзориг: “Миний амжилтын хагасыг халамжит хань минь бүтээж өгсөн” гэх. Одоогоос дөчөөд жилийн өмнө сумын эмнэлэгт дуугаа хадаан  нэгэн өдөр мэндэлсэн хүү охин хоёр бол манай хөргийн эзэн, түүний эхнэр П.Шүрэнцэцэг. Сургуулийн босгоор анхлан алхахад  бас л  нэг ангид хамтдаа... Аргагүй л холбоо заяатай хоёр байгаа биз. Хүү Г.Тэлмэн ШУТИС-ийг Уул уурхайн цахилгааны инженер мэргэжлээр энэ хавар төгсөж, удам дамжсан уурхайчин болох зорилготой. Охин Г.Золбоо 12-р ангид суралцдаг. Хүү охин хоёр нь таван жилийн зайтай, яг нэг өдөр төрсөн гэдэг. Ганзориг хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг хүндэтгэн дагуулдаг. Түүгээрээ ч тэд нь өөрийн гэх үзэл хандлагатай, зөв хүн болон төлөвшжээ.
     Д.Ганзоригийн тухай хамт олон нь: “Маш нарийн мэдрэмжтэй баяжуулагч, ажилдаа сэтгэлээсээ ханддаг хүн,  бүтээлч, шинийг санаачлагч, үйлдвэрлэлийн процессыг гарамгай мэддэг, тоног төхөөрөмжид гарсан эвдрэл гэмтлийг олж тогтоохдоо гаргууд, мэддэг чаддаг зүйлсээ залууст харамгүй зааж сургадаг, хамт олны уур амьсгалыг зөөлрүүлэгч гэж магтаж, ийм л болохоор бид түүнд итгэдэг” гэсэн юм. Түүний амьдралын чиг шугам итгэл дааж амьдрах. Баяжуулагчдын холбооны шилдэг баяжуулагчаар хоёр удаа, Нунтаглан баяжуулах хэсгийн шилдэг ажилтнаар шалгарч байсан тэр, хамт олныхоо, удирдлагуудынхаа итгэл найдварыг хэзээд алдсангүй, амжилтаа ахиулсаар. Эрдэнэт хэмээх их айлын 6000 гаруй ажиллагчаас ажил үйлсээрээ товойн шалгарч, 2018 оны Шилдгийн шилдэг ажилчин боллоо. Тэрбээр Шилдгийн шилдэг ажилчин болсон сэтгэгдлээ: “Миний хөдөлмөрийг үнэлсэн том үнэлгээ, хүндэтгэл, бас шагнал. Энэ үйл явдал  надад улам сайн ажиллах урам зориг, ажиллах эрч хүч нэмлээ. Эрдэнэт үйлдвэрийнхээ  хамт олны  итгэлийг бүтээлч хөдөлмөрөөрөө хариулна” гэж хэлэхдээ нүд нь очтон гялалзаж байсан. Эрдэнэт үйлдвэр 2018 онд Зэсийн металл авалтыг 40 жилийн түүхэндээ хамгийн дээд хэмжээнд буюу 89,5 хувьд хүргэсэн. Энэ түүхэн амжилтад Эрдэнэт үйлдвэрийн 2018 оны шилдгийн шилдэг ажилчин Д.Ганзоригийн  хөлс, хүч, хөдөлмөр шингэсэн нь гарцаагүй. 
Хүн мөрөөдлөөр жигүүрлэн түүндээ хүрэх зорилго өвөрлөн, хичээнгүйлэн хөдөлмөрлөснөөр  амжилтад хүрдгийн тод жишээ энэ буюу.


Я.ЭНХТУЯА

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Авто тээврийн байгууллагынхан зөөврийн шатахуун түгээгүүртэй боллоо. Уг түгээгүүрийг Ил уурхайн машин цэнэглэдэг талбайд суурилуулжээ. Өмнө нь  Ил уурхайн карейрт ажиллаж буй технологийн тээврийн белазуудыг авто машин дээр цэнэглэдэг байсан аж.  Өөрөөр хэлбэл,  хоёр  машин дээр дөрвөн жолооч өдөр, шөнийн ээлжээр ажиллаж, белазуудыг цэнэглэдэг байв. Тэгвэл энэхүү зөөврийн шатахуун түгээгүүрийг суурилуулснаар өдрийн цагт саваа дүүргэх боломж бүрдэж,  шөнийн ээлж ажиллах шаардлагагүй болсон байна. Уг ухаалаг түгээгүүрийг Монгол улсад анх удаа Эрдэнэт үйлдвэрт суурилуулж байгаа аж. Ажиллах зааварчилгааны хувьд жолооч бүрт карт олгож, шатахуун авахдаа тухайн жолооч бүр  хэрэгцээт шатахуунаа картаа уншуулаад авах юм. Ингэснээр түлшний зарцуулалтанд тавих хяналт, бүртгэл сайжрах давуу талтай болсон байна.
     Энэхүү ухаалаг зөөврийн шатахуун түгээгүүр нь 50 метр кубын багтаамж бүхий түлш хадгалах савтай, уул уурхайн нөхцөлд тохирсон программ хангамжтай, өндөр хурдны түгээгүүр юм. Түлш хүлээж авахдаа 1200 метр/минутын хугацаанд  соруулах  хүчин чадал бүхий насос, ажлын байрнаас бүх үзүүлэлтийг хянах таван камер  зэрэг тайлан тооцоо гаргах боловсронгуй программ хангамжтай бөгөөд  24 цагийн турш тасралтгүй ажиллана. Үүний үр дүнд технологийн тээврийн авто  машинуудад  хүлээлт үүсэхгүй шатахуунаа авах боломж бий боллоо. Зөөврийн шатахуун түгээгүүрийг  Нефтийн барилга угсралт, шатахуун түгээх станцын тоног төхөөрөмж нийлүүлэлтийн чиглэлээр  18 дахь жилдээ ажиллаж буй MTI компани нийлүүлж, угсралт тохируулгын ажлыг Авто тээврийн байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэжээ.

 



 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны ээлжит 12 дугаар бага хурал хуралдаж, холбооны тэргүүнээ сонгов. Тус холбооны тэргүүнийг сонгох сонгуульд Баяжуулах үйлдвэрийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Төгсбаяр, Тээвэр ложистикийн албаны ХАБЭА-н инженер П.Нарангэрэл, Авто тээврийн байгууллагын автобусны жолооч Ш.Батбаяр, Баяжулах үйлдвэрийн засварчин Ж.Мөнгөншагай нар нэр дэвшин өрсөлдөж, төлөөлөгчдийн 52,5 хувь буюу нийт 106 хүний саналаар Б.Төгсбаяр сонгогдсон байна. Тэрээр 2018 онд тус холбооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан юм. Ээлжит 12 дугаар бага хуралд Эрдэнэт үйлдвэрийн цех нэгж бүрийн ҮЭ-ийн хорооны 202 төлөөлөл оролцож, санал бодлоо хэлсэн.
     Хурлаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны 2018 оны ажлын тайлан илтгэл, холбооны Хянан шалгах зөвлөлийн тайлан, ҮЭ-ийн Холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Хянан шалгах зөвлөлийн дүрмийн төсөл, ҮЭ-ийн Холбооны хөгжлийн хөтөлбөр, ҮЭ-ийн Холбооны даргын сонгууль болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж баталлаа. 2018 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбоо нийт гишүүддээ цахим батлах олгох системийг нэвтрүүлсэн байна. Ингэснээр цахим батлахаа ашиглан олон төрлийн хөнгөлөлт эдлэх боломжтой болж,  давхардсан тоогоор 4000 гаруй гишүүд 30 орчим сая төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ. Мөн тус холбоо шинэ логотой болсон байна. Шинэ логог Уурхайчин соёлын ордны зураач Х.Батбаяр бүтээжээ. Өнгөрсөн оны томоохон ажлуудын нэг нь үйлдвэрийн ажилчид, гишүүдтэй хийсэн ажлын уулзалт гэдгийг холбооны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Төгсбаяр илтгэлдээ онцолсон. Энэхүү уулзалтын үр дүнд үйлдвэрийн 20 гаруй цехийн 2400 гаруй ажиллагсадтай биечлэн уулзаж, ҮЭ-ийн Холбооны үйл ажиллагаа, Хамт гэрээний талаар мэдээлэл өгч, ажилчдын санал бодлыг сонсон, харилцан ярилцсан байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаа, ҮЭ-ийн Холбооны хооронд байгуулдаг 2018-2019 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээг өнгөрсөн 6 дугаар сард байгуулан ажиллаж байна. Энэ удаагийн Хамтын гэрээнд компанид 20 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан ажилтны нэг хүүхдийг мэргэжил залгамжлуулан ажиллуулах тухай 2.4 дүгээр заалт, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлөөс шалтгаалан олгодог нэмэгдлийг шинэчлэх тухай 3.4 дүгээр заалт болон бусад хөнгөлөлт, тусламжтай холбоотой нэмэлт заалтууд тусгагдсан байна.
     Ээлжит бага хурал цаашид ҮЭ-ийн холбооноос ажилчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллах тухай хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Мөн тус холбооны Хянан шалгах зөвлөлийн бүрэлдэхүүн төлөөлөгчдийн олонхийн саналаар дахин сонгогдсон байна. 
 

 

     Жил бүрийн өдийд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аваргууд тодордог уламжлалтай. Энэ жилийн хувьд ямар онцлогтой шалгаруулалт  болох талаар Цагаан сарын баярын үйл ажиллагааг зохион байгуулах төв ажлын хэсгийн нарийн бичиг, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Алтангэрэлээс тодрууллаа.

     -Энэ жилийн Хөдөлмөрийн аваргуудын шалгаруулалтын онцлог юу байх талаар мэдээлэл өгөөч?
     -Нохой жилийн Хөдөлмөрийн аваргууд угтаа Эрдэнэт үйлдвэрийн түүхэн ойн жилийн ажлын амжилтаараа шалгарна. Тиймээс үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд буух хамгийн сүүлийн шагналын “хур” гэж ойлгож болох юм. Ерөнхий захирлын 2016 оны хоёрдугаар сарын гуравны өдрийн А/69 тоот тушаалаар баталсан журмын дагуу бид хөдөлмөрийн аваргууд, сайчуудаа шалгаруулдаг.  Энэ ерөнхий журмын 2.2 заалтыг үндэслэж компанид 20 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан тэргүүний хоёрын зэрэг ажилтныг Хүндэт дэвтэрт бичиж алдаршуулдаг. Мөн хүндэт тэмдгээр шагнаж, таван сая төгрөгийн урамшуулал олгодог. Харин 10 ба түүнээс дээш жил ажилласан 30 гаруй хүнийг компанийн Хөдөлмөрийн аваргаар тодруулан гурван сая төгрөгөөр урамшуулдаг. Зургийг нь бүтэн жилийн турш Хүндэт самбарт байрлуулж алдаршуулна. Өмнө нь “АБК”-ийн гадаа байрлуулдаг байсан нь нар салхинд гандаад өнгө алддаг байсан. Өнгөрсөн жил бид үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд оновчтой олон ажил хийсний нэг нь Хүндэт самбараа шинэчилж, дотор байрлуулсан. Ингэснээр хүмүүст илүү хүрч, хүндэтгэлтэй, зохимжтой болсон гэж хэлж болно.
 
     -Оны төгсгөлд компанийн шилдэг ажилтнуудыг тодруулдаг. Удалгүй тухайн жилийн Хөдөлмөрийн аваргуудыг шалгаруулдаг. Энэ хоёрын гол ялгаа юу вэ?
     -Хөдөлмөрийн аваргуудыг шалгаруулахдаа ерөнхийдөө олон жилийн ажлын үзүүлэлт, хөдөлмөр зүтгэлийг харгалздаг. Гэхдээ хариуцсан ажлын үзүүлэлт, чанар,  амжилт бүтээл нь компани, бүтцийн нэгжийн хэмжээнд үнэлэгдсэн, шинэ техник, технологи нэвтрүүлж, үр ашигтай, хэмнэлттэй ажилласан, инновацийн шинэ оновчтой шийдэл, бүтээмжийн санал санаачилга гаргаж хэрэгжүүлсэн байдлыг давхар хардаг. Харин оны сүүлд тэргүүний ажилтнуудыг тодруулахдаа тухайн жилийн ажлын бүтээмжийг илүү голчилдог.    

     -Ер нь жил бүр дунджаар хичнээн хүний тодорхойлолт Хөдөлмөрийн аваргын шалгаруулалтад ирдэг вэ?
     -170 орчим тодоройлолт ирдэг юм. Тэр дундаас 33 ажилтанг Хөдөлмөрийн аваргаар өргөмжилдөг. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн аварга, хүндэт дэвтэрт нэр нь бичигдэх тэргүүний ажилтнуудыг шалгаруулах ажлын дэд хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Энэ сарын 11-ний дотор бүтцийн бүх  нэгжүүд, компанийн Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хүнээ шалгаруулж нэр дэвшүүлсэн хурлын тэмдэглэл, тодорхойлолтыг ирүүлсэн байгаа. Ажлын хэсэг нэгдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд тодорхойлолтууд дээр ажиллаад, захирлуудын зөвлөлөөр оруулж нууц санал хураалтаар компанийн нохой жилийн Хөдөлмөрийн аваргуудыг тодруулна. Өмнө нь бол нээлттэй ярилцаж байгаад шалгаруулдаг байсан бол энэ удаа  танилцуулгуудыг бэлдээд, нууц санал хураалтын хуудас бөглөх маягаар тодруулна.

     -Баярлалаа.

     Ил уурхайн зам цэвэрлэх, овоолго байгуулах, экскаваторын ажлын талбайг тэгшлэх ажилд туслахаар Зам овоолгын хэсэгт автогрейдер буюу хусагч, дугуйт бульдозер шинээр ирэв. Тэр хэрээр техникийн хүрэлцээ, хүчин чадал нэмэгдэж, найдвартай ажиллагаа сайжирлаа. Мөн нэг гинжит бульдозер замдаа ирж яваа аж. Энэ онд Зам овоолгын хэсэгт мөн техникийн шинэчлэлт нэмж хийгдэнэ. Тус цехийн хамт олон 2019 оныг техникийн шинэчлэлийн жил болгохоор зорьж байна. Ашиглалтын хугацаа дууссан экскаваторууд, холин цэнэглэгч, өрмийн машин гээд нийт долоон томоохон техник худалдаж авахаар төлөвлөжээ. Харин үндсэн хөрөнгө дээр 20-иод тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөн, шинэ оны эхэнд “уулын бурхад” маань  урам зориг, тэмүүлэл дүүрэн ажиллаж байна.


М.ГЭРЭЛ

     Техникийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн гол тоног төхөөрөмжүүдийн нэг 17-р конвейрийн хөтлүүрийг Герман улсад үйлдвэрлэсэн Sew eurolrivc фирмийн бүтээгдэхүүнээр сольжээ. Ингэснээр өмнө нь цагт 2800 тонн хүдэр дамжуулдаг байсан бол одоо 3500 тонн болж, хүчин чадал нь нэмэгдэв. Түүнээс гадна тоног төхөөрөмжийн зогсолт багасаж, засвар үйлчилгээнд цаг алдахгүй, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа сайжирлаа. Тус хэсгийнхэн 2015 онд үүнтэй адил хөтлүүрийг нэг конвейрт тавьж туршсан бөгөөд одоо дөрөв дэх жилдээ доголдолгүй ажиллаж байна.
     Мөн хүдэр хуваарилдаг, тэргэнцэртэй 18-р конвейрийн босоо хөтлүүрийг Герман улсад үйлдвэрлэсэн FA-127G маркийн хөтлүүрээр сольжээ. Жижиг бутлалтын агуулах 135 тоннын багтаамжтай. Хоногт бүтэн ажиллахад төв корпусыг 12 цаг хүдрээр тасралтгүй хангах нөөц бүрддэг. Эднийхэн уг агуулахын үлдэгдлийг 50 хувиас дээш барих үүрэгтэй. Техникийн шинэчлэл ийнхүү хийснээр энэ боломж хангагдлаа. Тус хэсгийнхэн өнгөрсөн онд 20 сая 530 мянган тонн хүдэр авч дамжуулжээ. Жил ирэх тусам хүдрийн агуулга буурч, хатуулга нэмэгдэж буй байдалд тохируулан бутлуураа цагийн бүтээмж сайтай, хатуу хүдрийг бутлах чадалтай тоног төхөөрөмжөөр солих шаардлага зайлшгүй ургаж байгаа тул ирэх намар шинэчлэх ажээ.  


М.ОД

     Шинэ оны босгон дээр Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 24-р гидроциклоныг шинээр суурилуулан ашиглалтад хүлээн авлаа. Энэ төхөөрөмж нь тээрмээс гарч буй нунтагласан хүдрийг том жижгээр нь ангилах зориулалттай юм. Өмнө нь тус хэсгийн өргөтгөлийн үеэр БНХАУ-ын Найпу фирмийн багц гидроциклон суурилуулсан юм. Долоон гидроциклоноос бүрдсэн дахин нэг багцыг ийнхүү ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлийн жигд ажиллагаа сайжирч бүтээмж нэмэгдэх аж. Уг төхөөрөмжийг суурилуулах ажлыг  Баяжуулах үйлдвэр болон Засвар монтажийн цехийн ажилчид,  хяналт удирдлагын системийг ХМТАЦ-ийн Баяжуулах үйлдвэрийн Технологийн автоматжуулалтын хэсгийнхэн төлөвлөсөн хугацаанд нь амжилттай гүйцэтгэжээ. Суурилуулсан төхөөрөмж жигд сайн ажиллаж байна.


Я.ЭНХ

Өнөөдөр Эрдэнэтэд -7 градус байна. Эрдэнэт үйлдвэрийн Цанын бааз цас багатай энэ өвлийн өнгийг нэмж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Нээлтийн үеэр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн цех, нэгжүүдийн өвлийн IX спартакиадын нэгдсэн дүнгээр тэргүүлсэн цех, нэгжүүдийг тодруулав. “Эрдэнэт” үйлдвэрийн өвлийн спортыг хөгжүүлэхэд оруулж буй хөрөнгө оруулалт болох Цанын бааз энэ өвлийн үйл ажиллагаагаа нээв. Эрдэнэтчүүд, Орхончууд өнтэй өвөл цана чаргаар гэр бүлийнхэнтэйгээ гулгаж, хамт олон цасны баяраа хийж байна.  

У.Цэрэнбат

Фото: Б.Баттөгс

 

Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн Уурхайчин соёлын ордонд хүүхдүүд Монголын нууц товчооноос сэдэвлэн бүтээсэн Чингис Хаан анимэйшн хүүхэлдэйн кино үзлээ. Компани уурхайчдынхаа хүүхдүүдэд зориулан хөрөнгө оруулалт хийсэн нь энэ юм. Нэг сая 450 мянган зураг зурж, монгол залуусын нэгдэл “Ocean Pictures”-ын хамт олон, таван жилийн хугацаанд бүтээсэн энэхүү хүүхэлдэйн кино нь Монгол улсад анх удаа дэлхийн стандарт гурван хэмжээстэд нийцсэн бүтээл болсноороо онцлог юм.

У.Цэрэнбат

Мэдээний төрөл

Календарь

« 1-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог