Бидний тухай
   Эрдэнэт үйлдвэр жилд 31.5 сая тонн хүдэр боловсруулж, 650 мянган тонн зэсийн баяжмал, 6000 тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. Үүний тулд 310 төрлийн 126 мянга гаруй тонн химийн бодис, урвалж ашигладаг бөгөөд химийн бодисын хэрэглээгээр улсад тэргүүлдэг. Иймээс Эрдэнэт үйлдвэрийн инженерүүд хэрэглэж буй химийн бодис, урвалжийн хор аюулын лавлах мэдээллийг хүртээмжтэй, ажилчдад ойлгомжтой байдлаар шошго бэлтгэх, хор аюулаар нь ангилан хадгалах ажлыг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна. Өмнө нь үйлдвэрлэгч, нийлүүлэгчдээс илгээсэн мэргэжлийн хүмүүс орчуулсан эсэх нь тодорхойгүй санамж бүхий шошго ашигладаг байсан бол одоо Эрдэнэт үйлдвэр өөрийн оюунлаг инженерүүдийн боловсруулсан мэдээлэл, шошго хэрэглэнэ. Химийн инженерүүд уг төслийн хүрээнд химийн бодисуудын хор аюулын лавлах мэдээллийг боловсруулах, шошгоны загвар бэлтгэж байна. Үүнд бүтээгдэхүүний хор аюулын тодорхойлолт, найрлагын мэдээлэл, анхны тусламжийн болон гал унтраах, аюул ослын үед авах арга хэмжээ, харьцах ба хадгалах, өртөлтийг хянах, физик, химийн шинж чанар, тогтвортой байдал, урвалын идэвх, устгах, тээвэрлэх зэрэг химийн хорт болон аюултай бодисыг тойрсон бүхий л мэдээлэл багтах юм. Энэхүү төслийг ЧХХ-ийн Химийн төв лабораторийн инженер М.Даваажав санаачлан найман хүний бүрэлдэхүүнтэй хэрэгжүүлж байна. Эдийн засгийн үр ашгаас илүү Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэт эрдэнэ болсон ажилчдаа хамгаалах чиглэлд хэрэгжүүлж буй уг төсөл нь Монгол улсад жишиг болохуйц бичиг баримт бий болгох ач холбогдолтой юм.   
 
М.Одгэрэл
       
    

   Эрдэнэт сувиллын цогцолборын эмч нар Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтран  элэг цөсний эмчийн хяналтанд байдаг болон онош тодруулах шаардлагатай ажилтнуудад нарийвчилсан үзлэг шинжилгээ хийсэн байна. Үзлэгт 82 ажилтныг хамруулан элэг цөсний өвчлөл, дүрс оношилгооны шинжилгээ хийжээ.  Тэдгээрээс 60 ажилтан элэгний өөхлөлт, 13 нь элэгний гемангиом, давхардсан тоогоор  65 ажилтан элэгний вирусын оноштой эмчийн хяналтанд байдаг аж.
   Үзлэгийн үеэр ХСҮТ-ийн  элэгний эмч нар зөвлөгөө өгч, 36 ажилтныг давтан шинжилгээнд явуулахаар болсон байна. Давтан шинжилгээгээр элэгний вирус тоолуулах, цусанд ферритин, дельта вирус үзүүлэх, вирусийн ачаалал тоолуулах шинжилгээг дахин хийх юм. Мөн Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэвэр тогтоолгосон нэг хүнд TACE, RFA эмчилгээ хийлгэхээр  Медипас төв эмнэлэгт  илгээж, Авто тээврийн цехийн  нэг  ажилтанд элэгний Б вирусын вакцин хийлгэх дүгнэлт гарсныг Эрдэнэт сувиллын цогцолборын эмч Б.Солонго мэдээллээ.  
 
М.Балжинням
Фото: Б.Баттөгс
 
 
 
 
Лхагва, 23 10-р сар 2019 00:00

Тулах цэг тэмцээн явагдаж байна

Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Онцгой байдлын албаны гал түймэр унтраах дүрэм, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг хэрэгжүүлэх, алба хаагчдыг багаар ажиллах болон мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор Тулах цэг тэмцээн үйлдвэрийн дүүрэгт эхэллээ. Эрдэнэт үйлдвэрийн гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас жил бүр зохион байгуулдаг энэ удаагийн тэмцээнд Орхон аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагч, бие бүрэлдэхүүн оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Тэмцээний дүн маргааш гарна.       
А.Батбаяр
Фото: А.Батбаяр
 
 
 
 
 
 
 
 
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд захиргаа, санхүү, нүүрс ачилт ложистикийн хэсгээс 33 ажилтан туршлага судлахаар Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захиргааны мэргэжилтэн А.Амартүвшин: “Уул, уурхайн үйлдвэрийн газрууд туршлага солилцох нь сайн хэрэг. Эрдэнэт үйлдвэр 41 жилийн түүхтэй туршлагатай хамт олон. Манай хувьд ирэх жил 10 жилээ тэмдэглэх гэж байгаа харьцангуй залуу хамт олон. Тиймээс тогтвортой ажиллаж байгаа Эрдэнэтийн уурхайчдаас туршлага судалж байгаадаа баяртай байна” гэв. Тэд мэргэжлийн дагуу үйлдвэрийн газрын холбогдох нэгжүүдэд хоёр өдөр ажиллана. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ирүүлсэн төлөвлөгөөний дагуу  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 15 удаагийн томилолтоор 194 ажилтан ирж ажиллаж туршлага солилцох юм байна. 
 
                                                                             А.Батбаяр
                                                     Гэрэл зургийг: Б.Баттөгс
 
 
 
 
 
 
 
 
 
   Аюулгүй ЗӨВ ажиллахад саад болж байгаа хүчин зүйлийн талаар мэдээллийг авах 71-300 дугаар утсанд өнгөрөгч долоо хоногт нийт 18 санал, хүсэлт, мэдээлэл ирсэн байна. Үүнээс  ажлын байр орчинтой холбоотой арван нэг, тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой  тав, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлтэй холбоотой нэг, бусад нэг асуудал ирүүлжээ. 
   Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч, нойтон цас орж байгаатай холбоотойгоор зам талбайд мөстөлт үүсэж байгаа тул ажилтан та үйлдвэрийн орчны явган хүний зам, талбайгаар зорчихдоо ажлын тусгай гутлыг улирлын онцлогт тохируулан зөв сонгож хэрэглэх, явганаар зорчих үедээ яарч сандралгүй тайван, аль болох халтиргаа, гулгаагүй, явган хүний зорчих хэсгийг сонгож өөрийн болон бусдын аюулгүй байдлын ханган зорчихыг анхааруулж байна. Мөн бүтцийн нэгжүүд өөрсдийн хариуцсан зам, талбайд тогтсон цасыг цэвэрлэх ажлыг тогтмол хийж, аюулгүй байдлыг ханган ажиллахыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсээс анхаарууллаа.
 
А.Бямбамаа
 
 
   10-р сарын эхний 21 хоногт зэсийн үнэ 5690 ам.доллар тонн байгаа нь өнгөрсөн сарын дундаж үнэтэй харьцуулахад тонн тутамд 65 ам.доллароор буурсан үзүүлэлттэй байна. 2019 оны 10-р сарын эхэнд 5610 ам.доллар тонн байсан зэсийн үнэ сүүлийн өдрүүдэд бага зэрэг өсөж 5820 ам.доллар тонн боллоо. АНУ, Хятадын худалдааны дайн нааштайгаар шийдэгдэх магадлал өндөр, мөн Чилийн зэсийн уурхайнуудад  нийлүүлэлтийн хүндрэлүүд гарч байгаатай холбоотойгоор  зэсийн үнэ бага зэрэг өслөө. Чилид  гарсан олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарахыг оролдсон асуудлыг эсэргүүцэж байгаагаа Чилийн зэсийн уурхайн ажилчдын холбоо мэдэгджээ. Чилийн Escondida  зэсийн уурхай 10-р сарын 22-ны өдөр  нэг өдрийн  сануулах ажил хаялт зарлахаа  мэдэгдсэн ба  бусад уурхайнууд ч мөн  ажил хаялт зарлах магадлал өндөр байна.
   АНУ-ын ерөнхийлөгч  Дональд Трамп энэ 7 хоногийн Даваа гаригт БНХАУ-тай хийж буй худалдааны асуудлаарх хэлэлцээр ахицтай байгаа бөгөөд ирэх сард Чилид хийх уулзалтын үеэр талууд гэрээнд гарын үсэг зурна гэж мэдэгдлээ. Дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай хоёр улс урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрсэн нь 18 сар үргэлжилсэн “Худалдааны дайн”-ийг түр зогсооно гэсэн хүлээлтийг зах зээлд төрүүлж байна. 
   Гэвч зарим эх сурвалжууд АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан технологийн салбарт шилжих эрсдэлтэй байгаа талаар мэдээллээ. АНУ Хятадын  технологийн найман компанийг “Хар жагсаалт”-даа оруулсан ба тус жагсаалтад хяналтын камер нийлүүлэгч “Hikvision”, “Dahua Technologies” зэрэг компаниуд багтжээ. “Hikvision” нь 2017 онд олон улсын хяналтын камерын зах зээлийн 38 хувийг дангаараа бүрдүүлж байсан байна. Харин “Dahua Technologies” 16 мянга гаруй ажилтантай, Хойд Америк, Европ, Латин Америкт оффистой ажээ. Ийнхүү “Хар жагсаалт”-д нь багтсанаар эдгээр компаниуд АНУ-ын Засгийн газрын тусгай зөвшөөрөлгүйгээр тус улсын компаниудтай бизнес хийх боломжгүй болж байгаа юм.
   Ирэх сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурах эсэх нь эдийн засгийн болон таваарын үнийн хэтийн төлөвт ихээхэн нөлөө  үзүүлнэ гэж шинжээчид дүгнэж байна.
 
Эрдэнэт үйлдвэрийн Экспорт борлуулалтын хэлтсийн Тэргүүлэх мэргэжилтэн Х.Мөнхцэцэг
 
 
 
   Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон оны эхний есдүгээр сарын байдлаар үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдийг биелүүлсэн амжилттай ажиллаж байна. 2018 онд 655 тэрбум төгрөгийн үндэсний баялаг үйлдвэрлэсэн  бол энэ онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 700 гаруй тэрбум төгрөгийн үндэсний баялгийг үйлдвэрлэхээр ажиллаж байна. Энэ нь үйлдвэрийн нэг уурхайчин 100 гаруй сая төгрөгийн үндэсний баялгийг бүтээж байна гэсэн үг юм. 
   Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн 2019 оны эхний есөн сарын үйл ажиллагааны тайлангийн хурал өчигдөр эхэллээ.  Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цех, Геологи хайгуулын анги, Чанарын хяналтын хэлтэс, Холбоо, мэдээллийн технологи автоматжуулалтын цехүүд тайлангаа тавилаа. Цех нэгжүүд тайлангийн материалыг тайлан хамгаалуулах ажлын хэсгийн гишүүдэд цахим хэлбэрээр, тайлангийн хурал болох өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлжээ. Тайлантай холбоотой асуулт, хариулт, зөвлөмжийг өгч тайлангийн хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 
   Тайлангийн хурал өнөөдөр Судалгааны төв, Цахилгааны цех, Ус хангамжийн цех, Дулааны цахилгаан станц, Тээвэр ложистикийн төв, Засвар механикийн завод, Засвар угсралтын цех,  Барилга засварын цех,  Инженерийн зураг төслийн төвийн үйл ажиллагааны тайлангаар үргэлжилнэ. Тайлангийн хурал Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байрны дөрвөн давхрын хурлын танхимд болж байна. 
 
А.Бямбамаа
 
 
 
 
 

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог