Бидний тухай
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт Молибдены баяжуулалтын шинэ шугам угсарч, суурилуулж байна. Энэ ажлын хүрээнд Молибдены шахуургын 16  насос хөдөлгүүрийн хамт суурилагдсан. Насосуудын хөдөлгүүр  тус бүр  ABB фирмийн  2.2-50кВт   чадалтай давтамж хувиргагчаар тэжээгдэн автомат горимд ажиллах юм. Уг давтамж хувиргагч нь орчин үеийн ухаалаг технологи дээр хийгдсэн бөгөөд “Bluetooth” холболтоор гар утас болон таблетнаас шууд  тохируулга хийх боломжтойгоороо онцлог юм. Эдгээр давтамж хувиргагчийн тохируулга, програмчлалын ажлыг тус цехийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн инженерүүд чанартай  хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. 
Я.Энхтуяа
 
Молибдены шахуургын насос болон хөдөлгүүрүүд.
 
 
 

 
ABB фирмийн ACS 880-01 маркийн давтамж хувиргагч
 
 
 
 
Хуваарилах самбар болон давтамж хувиргагчийн шкафнууд.
 
 
 
   Эрдэнэт үйлдвэрийн Засвар, угсралтын цех “Гэр бүл хамгаалал, хүүхэд-2019” хөтөлбөр хэрэгжүүлж, “техникийн эмч нар”-таа хүүхдийнхээ төлөө цаг гаргах боломж олгох, гэр бүлээ гэсэн сэтгэлийг хөхиүлэн дэмжих, ур чадвартай, мэргэшсэн боловсон хүчнээ тогтвортой ажиллуулах баталгааг хангах үүднээс 10 залуу ажилтанд нэг өдрийн цалинтай томилолт олгожээ. Ирэх сард мөн 10 ажилтанд “хүүхдийн томилолт” олгоно гэж тус цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Туяажаргал ярилаа. 
   Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний зөвлөмжийн дагуу Засвар, угсралтын цех Эцэг эхийн зөвлөл байгуулан уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Миний гэр бүлийн аз жаргал” аян зарлаж, залуу гэр бүлүүдийн дунд “Номтой нөхөрлөе” чөлөөт өдөр, “Эрүүл бие-саруул ухаан” хөгжөөнт буухиа тэмцээн, “Ногоон төгөл”-д гэр бүлийн мод тарих, “Сэтгэлийн бэлэг” уран зургийн болон дурсгалын зүйлс урлах уралдаан, “Сэтгэлийн үг” амтат зоогтой хүлээн авалт зэрэг үйл ажиллагааг он гарсаар зохион байгуулжээ. Түүнээс гадна нийт ажилчдын дунд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын холбогдох хууль, хувь хүний хөгжил, харилцаа хандлага, гэр бүлийн боловсрол, сэтгэлээ удирдах ухаан зэрэг сэдвээр ёс зүйн модуль сургалт зохион байгуулсан байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн найвартай ажиллагааг хангадаг тус цехийн ажилчид, хүүхдүүдээс авсан судалгаагаар гэр бүлд халуун дулаан уур амьсгал бүрдэж, хүүхэд зорилго тэмүүлэлтэй хөгжиж, ажлын бүтээмж дээшилсэн дүгнэлт гарчээ.
 
М.ОДГЭРЭЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
   Цацрагийн үүсгүүр хэрэглэдэг байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагаа, цацрагийн хамгаалалтын чиглэлээр дотоод хяналт тавих үүрэг бүхий ажилтнууд нь энэ чиглэлээр мэргэшсэн, боловсрол эзэмшсэн байх  шаардлагатай байдаг. Энэ шаардлагын дагуу Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн Хүний хөгжлийн төлөвлөгөөний дагуу гурван ажилтныг сургаад байна. 
   Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн орлогч дарга Б.Баттайван, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн Цацрагийн аюулгүй байдлын албаны тэргүүлэх инженер Ц.Оргил, Мэдээллийн технологийн хэлтсийн Төлөвлөлт,техник технологийн товчооны дарга  О.Гантулга нар дөрвөн сарын хугацаанд ОХУ-ын Санкт-Петербург хотын Политехникийн сургуульд Цацрагийн аюулгүй байдал, цацрагийн хяналтын чиглэлээр мэргэжил олгох сургалтад хамрагдан амжилттай төгсөж өнөөдөр мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа. 
   Эдгээр ажилчид танхимын сургалтаас гадна зайны сургалтад 6 удаа хамрагдаж, хүн тус бүр өөрийн ажил үүргийн дагуу үйлдвэрт ашиглагдаж байгаа  цацрагийн үүсгүүрийн сонгосон төрөлдөө сурсан арга зүйн дагуу холбогдох хэмжилт хийж төгсөлтийн ажлаа хамгаалжээ. 
   Эрдэнэт үйлдвэр 170 гаруй цацрагийн үүсгүүр ашигладаг. Энэ бүхний аюулгүй ажиллагаа, цацрагийн үүсгүүрийн хамгаалалт, түүнтэй харьцаж ажилладаг ажилтнууд дүрэм журмын дагуу шарлагын тунгийн хэмжээнд байгаа эсэхийг мэргэжлийн түвшинд хянах юм. 
 
                                                                                                    А.Бямбамаа
 
 
 
   Соёл урлагаар дамжуулан Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журам, зааварчилгааг үйлдвэрийн нийт ажилчид шинээр ажилд орж байгаа залуу ажилчдад түлхүү  хүргэдэг “SAFETY FIRST-2019” уламжлалт тэмцээний эхний шат амжилттай явагдаж өндөрлөлөө.  Тэмцээний эхний шатанд 20 баг өрсөлдөж, дараагийн шатанд 9 баг шалгарч үлдлээ. 
   Энэхүү тэмцээнд жилд 100 гаруй ажилтан, албан хаагчид оролцдог бол хөгжөөн дэмжигчээр нэг удаагийн тоглолтыг 450 гаруй ажилтан үзэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал нэн чухал гэсэн ойлголтыг олон нийтэд түгээдэг юм. Эхний шатны тоглолт өдөрт хоёр удаа болж нийт 4000 гаруй ажилтан албан хаагчид “SAFETY FIRST-2019” тэмцээнийг үзэж, мэдээлэл авч баг хамт олноо дэмжжээ. 
   “SAFETY FIRST” тэмцээн 1996 оноос хойш тасралтгүй 23 дахь жилдээ зохион байгуулагдаж, ажилчдын хүсэн хүлээдэг тэмцээн болтлоо өргөжиж, үйлдвэрийн газрын цех нэгжүүдийн оролцоо жилээс жилд нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцоллоо. 
   Тэмцээний хоёрдугаар шат энэ сарын 29-ний өдрөөс эхлэхээр Авто тээврийн цех, Цахилгаан цех, ХМТАЦ, Барилга засварын цех, Эрдэнэт сувиллын цогцолбор, Оёдлын цех, Дулааны цахилгаан станц, Спорт цогцолбор, Ил уурхай гэсэн есөн багууд бэлтгэлдээ ороод байна. Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс, Соёл урлагийн цогцолбор тэмцээнийг хамтран зохион байгуулж байна. 
 
А.Бямбамаа
 
 
 
   Баяжуулах үйлдвэрийн цех, нэгжүүд “Өглөөний ХАБ ба ажлын байрны дасгал хөдөлгөөн” аянд нэгджээ. Тус аян нь ажилтан хүн ажлаа сэтгэл хангалуун хийх, эерэг хандлагаар өглөөг угтах, ажлын байрны аюулгүй байдлыг дээшлүүлэх, аюулгүй ажиллагааны тодорхой сэдвүүдээр санал солилцох, ажлын байранд дасгал хөдөлгөөн хийх соёлыг төлөвшүүлэх зорилготой хоёр сарын хугацаанд хэрэгжиж байна. “Өнгөрсөн онд Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт явуулсан аяны хүрээнд ажилтан бүр эрүүл мэндийн мэдээлэл бэлтгэн, бусдадаа түгээснээр харилцаа хандлага сайжирч, ажилдаа гарахаас өмнө 3-5 минут дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр нурууны өвчлөл эрс буурсан” талаар ХАБЭА-н хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл ахуйч О.Орхончимэг мэдээллээ. Уурхайчид өдөр тутам шинэ зүйлд суралцан, мэдлэгээ тэлж, бусдадаа эерэг нөлөө түгээсээр байна. 
 
И.Чинтогтох
 
 
 
   Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдлийг үнэлэх зорилгоор ажлын байрны хэмжилт, шинжилгээг “Хэлт энд сапти солюшн” ХХК өнгөрсөн долоо хоногоос Баяжуулах үйлдвэрт хийж эхэллээ. Хөдөлмөрийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөл, эрсдэл,  өртөлтийг үнэлэхдээ ажилчдыг түүврийн аргаар сонгон, ижил өртөлтөөр нь бүлэглэсэн байна. Өнгөрсөн жил Ил уурхай, Автотээврийн цехэд үнэлгээ хийж, үр дүнг харгалзан авах арга хэмжээгээ тодорхойлжээ. Тухайлбал, тоос дарах чиглэлээр тогтмол усалгаа хийж, халууны нөлөө ихтэй дампуудад агааржуулагч суурилуулан, засвар үйлчилгээг сайжруулсан байна. Мөн гагнуурын утаа сорох төхөөрөмж суурилуулах, доргионы нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шинэ багаж төхөөрөмжийн худалдан авалтын захиалга өгчээ. Эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээг үйлдвэрийн газрын хэмжээнд гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх жил Засвар механикийн заводын нэгжүүдийг хамруулахаар болжээ. 
 
И.Чинтогтох
 
 

     Өнгөрөгч сарын 23-нд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал гарч ЭКГ-12К шинэ экскаваторыг 35 хоногийн дотор угсарч ажилд гаргахаар Ил уурхайн хамт олон ажиллаж байна. Ил уурхайн Засварын хэсгийн хоёр бригад   12 цагаар  ажиллаж шинэ экскаваторын угсралт тохируулгын ажлыг хариуцан амжилттай дуусгаж өнөөдрийн байдлаар цахилгааны нарийн тохируулгын ажил хийгдэж байна. ЭКГ-12К  шинэ экскаваторыг ирэх пүрэв гарагт карьерт гаргахад бэлэн болжээ. Энэ ажлыг хугацаанаас гурав хоногийн өмнө үндсэндээ дуусгаж байгаа нь тус бригадын хамт олны ажлын идэвх, хариуцлага, туршлагатай холбоотой юм.

     Энэ онд Ил уурхайд ЭКГ-12К маркийн хоёр шинэ экскаваторыг ашиглалтад оруулахаас эхнийхийг нь өнгөрөгч таван сард угсарч тохируулан ажилд оруулсан юм. Шинэ экскаватор ашиглалтад орсноор Ил уурхайд нийт арван хоёр экскаватортой болж, үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг ханган, эдийн засгийн хувьд үр ашиг нэмэгдэх юм.

А.Бямбамаа

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог