Бидний тухай
   Эрдэнэт үйлдвэрт цаг нартай уралдан баялаг бүтээхийн зэрэгцээ ажилдаа тулгарсан саад бэрхшээлийг сайн санал хэрэгжүүлэн даван туулдаг бүтээлч залуус олон. Тэдний нэг нь Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсгийн мастер Дашцэрэнгийн Баярмагнай юм. Түүний удирддаг бүтээмж чанарын дугуйлан хамгийн сүүлд экскаваторын тэжээлийн кабель уртасгах төхөөрөмж хийх төсөл амжилттай хэрэгжүүлсэн нь үйлдвэрт үр өгөөжөө өгсөөр байна. “Бүтээлч санаачилга-2018” сайн саналын системийн 100 манлайлагчийн нэг Д.Баярмагнайтай уулзаж цөөн хором ярилцлаа.
 
 
   - Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсгийн ажил үүрэг, хамрах хүрээ их үү?
   - Манайх уурхайн хөдөлгөөнт болон суурин бүх төрлийн кабель, дэд станц, сэлгэн залгах функтуудын засвар үйлчилгээ, тохируулгыг релей хамгаалалт талаас нь хариуцдаг хэсэг. Гагнуурчин, гурван цахилгаанчинтай. Ажлын ачаалал бол хангалттай. 

   - Та бүтээмж чанарын дугуйлангийн ахлагчийн хувьд багийн гишүүдээ хэрхэн зохион байгуулж, идэвхжүүлдэг вэ?
   - Манай дугуйлан ”Цахилгаан хөдөлгөгч хүч” нэртэй. Ил уурхайн карьерт ажиллаж байгаа бүх цахилгаан хангамжийн сүлжээ ашигладаг шугамын болон релей хамгаалалтын бригадын 13 ажилтан бүтээмж чанарын энэ дугуйланд нэгддэг. Зарим дугуйлангийнхан сардаа нэг хуралдаж хийх ажлаа ярилцаж төлөвлөдөг гэсэн. Манайх бол ажлаа хийх явцдаа асуудлаа яриад, санал санаачилгаа гаргаад, шийдэл гарцаа тодорхойлж хэрэгжүүлээд явдаг. Хийсэн бүтээсэн сайжруулалтаасаа урам, бие биенийхээ дэмжлэгээс идэвх зүтгэл олж ажилладаг даа.   

   - Сайн санал гаргахад юу нөлөөлдөг вэ?
   - Сайн санал ажлын шаардлагаас ургадаг. Мөн ажиллах орчин нөхцөлөөс үүдэлтэй байх нь бий. Ажиллах явцад хүндрэл учрах, цаг алдах, тухгүй байх, эсвэл хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдөх зэрэг асуудал тулгарах үед сайжруулах боломжийн тухай бодоход сайн санал төрдөг. Тэр нь цаг хугацааны хувьд хэзээ ч байж болно. Ажил дээрээ, гэртээ, бүр зүүдэндээ ч сайн санал олж мэднэ. Гэхдээ санал бүхэн зөв байдаггүй. Энэ санал үнэхээр хэрэгтэй юу, хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдгийг дугуйлангийн гишүүдтэйгээ ярилцаж шийддэг. 

   - Та өнгөрсөн онд хэдэн сайн санал гаргасан бэ?
   - Сайн саналын системд бүртгүүлсэн нь 20 дөхсөн байхаа. Программ алдаатай байснаас зарим санал маань бүртгэгдээгүй.   

   - Сайн саналаасаа төсөл болгон хэрэгжүүлсэн үү?
   - Түрүү жилийн хувьд саналаа төсөл хэлбэрээр бичиж хэрэгжүүлсэнгүй. Гэхдээ төслийн түвшинд хийгдсэн ажлууд бий. Өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан шинээр релей суурилуулсан, релейний пааз солих төхөөрөмж хийсэн. Мөн аюулгүй ажиллагаа хангасан нэлээд ажил хийсэн нь үр дүнтэй байна.

    - Энэ жилийн тухайд...?
   - Манайх ажлын шинэ байртай болсон юм. Тэндээ релейнүүдээ ангилж хадгалах тавиуртай шүүгээ хийлээ. Мөн экскаваторын тэжээлийн кабель уртасгах төхөөрөмж шинээр хийлээ. Өмнө нь хийсэн ч тэр нь эвдрэл ихтэй байсан учраас шинэчилсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бодож дотоод хамгаалалтыг маш сайн сайжруулж хийснээрээ онцлог. Экскаватор нүүлгэх үед сэлгэн залгалт буюу цахилгаан хэд дахин холбох байсныг нэг холбоод нүүлгэх хэмжээнд хүргэсэн гэсэн үг. Одоо ашиглаж байгаа.

   - Үйлдвэрлэлд үзүүлэх үр ашгийг нь тооцож үзсэн үү?
   - Жижиг харьцуулалт хийсэн. Дэлхийн бусад уул уурхайд ийм зориулалтаар ашигладаг төхөөрөмж зах зээл дээр 800 орчим мянган долларын үнэтэй байна.  Энэ төхөөрөмжөөр хийдэг нүүлгэлтийг бид 23,8 сая төгрөгөөр хийчихэж байгаа юм. Мэдээж, бүрэн гүйцэхгүй ч үүрэг бол гүйцэтгэж байна.

   - Ийм бүтээлч залуусаа хэрхэн урамшуулж байна даа?
   - Бүтээмжийн ажил өөрөө урамшууллын системтэй. Гаргасан санал бүхэн үнэлэгдээд, тав, арван төгрөг нэмэгддэг. Залуустаа үүнийг л сайн ойлгуулж  ярилцдаг даа. Жилийн хугацаанд тэр маань ийм ийм сайхан саналууд гаргаж, төдөн төгрөгийн урамшуулал хүртлээ. Ажил дээр ийм ахиц, үр дүн гарлаа, баяр хүргэе гээд л мэдээлнэ шүү дээ. Хамт олных нь дунд сайшаах нь бас нэгэн төрлийн урамшуулал юм.

   - Ер нь сайн саналын урамшууллын системийн талаар сэтгэл ханамж хэр байдаг вэ?
   - Миний бодлоор санхүүжилтыг сайжруулах шаардлагатай. Сайн саналын эдийн засгийн үр ашгийг тооцож, тодорхой хувиар урамшуулдаг байх хэрэгтэй. Өмнө нь бид кабелийн төгсгөвчийг нөөц бололцоогоо ашиглан зэс хоолой тасдаж хийсэн. Үйлдвэрт ширхэг нь 2500-аар нийлүүлж байгаа төгсгөвчийг өөрсдөө хийхэд нэг нь 800 төгрөг болох жишээтэй. Үйлдвэр ажиллаж байх бүх цаг үед төгсгөвч ашиглана гээд бодоход тэр санаа, төслийн эдийн засгийн үр ашиг хэр зэрэг өндөр байх нь тодорхой. Иймээс сайн саналд эдийн засгийн үр ашгийг тооцон уялдуулж үнэлгээ тогтоох нь зүйтэй санагддаг. Сайжруулалтын ажлуудад мөн адил. Тэгвэл илүү боломж нээгдэнэ.

   - Өөрөө ямар мэргэжлийн хүн бэ?
   - Би 2007 онд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийг уулын цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, цахилгааны инженер мэргэжлээр дүүргэсэн. Төгсөөд сарын дараа сонгон шалгаруулалтад тэнцээд Эрдэнэт үйлдвэрт ажилд орж байлаа. Манай эрчим зүйч, хэсгийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэн биднээс шалгалт авч байсныг тод санадаг. Би Эрдэнэтийн хүүхэд биш болохоор төгсөөд ажил хурдан олох хамгийн чухал байсан.

   - Аль нутгийнх вэ?
   - Төв аймгийн Зуунмод сумынх. Сургуулиа төгсөөд хотод эдийн засгийн сургууль авсан ч тэрийгээ хаяад энд ирж суралцсан даа. Ер нь багаасаа инженерт сонирхолтой байсан. Одоо бурхны оронд морилсон манай нэг ах Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт савлагч хийдэг байсан юм. Ахыгаа түшиж ирсэн маань их зөв сонголт байж гэж одоо бодогддог.
 
   - Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын нэгэн бүтэн үе шинэчлэгдсэн. Залуусын эрин ирсэн байна. Үеийн нөхөддөө юуг уриалах вэ?
   - Бид алдах эрхгүй ажилтай хүмүүс. Тэр тусмаа цахилгаан гэдэг үйлдвэрийн мэдрэлийн судал, хөдөлгөгч хүч нь юм. Тиймээс хүн бүр ажил мэргэжилдээ эзэн байж, бусдад түгээж, нөлөөлж, өөрийн ажлын хариуцлагаа өөрөө бүрэн үүрч чаддаг байх ёстой. Залуу хүнд зөв үзэл, хандлага маш чухал. Эндээс л манлайлал эхэлнэ, хамтдаа урагшилъя гэж уриалмаар байна.

   - Өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргаж чадаж байна уу?
   - Хичээж байгаа. Би 2013 онд Эрхүүд магистр хамгаалсан. Техникийн талын мэдээллийг орос хэл дээр судалж байна. Одоо англи хэл сурчихвал орчин үеийн шаардлагад нийцэж, манлайллыг өөртөө нэг шат ахиулна. 

   - Танд улам их амжилт хүсье. Баярлалаа. 

   Тэр намайг ажлын байрнаасаа үдэхэд юунд ч юм санаагаа чилээн байгааг нь анзаарсан юм. Асуувал, “Сэлгэн залгах функтын хаалганы түгжээний тросс олон дахин татаснаас бүрээс нь хууларчихаж. Тэрийг юугаар орлуулан хийж болох вэ гэж бодоод л...” гэсэн юм. Ийм л бүтээлч залуу бидний дунд ажиллаж байна.
 

М.ОДГЭРЭЛ

 
 
   Сайн саналын системийн манлайлагчдын нэг Ганбаатарын Батцоож хэмээх даруухан хэрнээ нягт няхуур төрхтэй, чамбай яриатай инженер залуутай ярилцлаа. Тэрээр шугам зургийн багш аав, нягтлан бодогч ээжийнхээ хамтаар 4 настайдаа эрдэнэсийн хотыг зорин иржээ. Тиймээс ч өөрийгөө уурхайн хотынхоо уугуул иргэн гэж тодотгосон. Удамд нь уурхайчны замнал байхгүй ч уурхайчдын алдар суутай  төрөлх хот минь ирээдүйн ажил мэргэжилд хөтөлсөн гэж нэмж хэллээ. Г.Батцоож Баяжуулагч инженер мэргэжилтэй. Мэргэжлээ сонгоход нь дунд сургуульд математик, зурагийн хичээлд сонирхолтой, сайн байсан нь, Эрдэнэт үйлдвэрт ажилладаг ах эгч нарын зөвлөгөө их нөлөөлжээ. Мэргэжилдээ өдөр ирэх тутам илүү дуртай болж, сурч мэдэх хүсэл тэмүүлэл оргилж явааг нь түүний хэлсэн үг, цаашдын том зорилго нь тодорхойлж байлаа.
 

 
   Уул уурхайн ашигт малтмал баяжуулалтын инженер мэргэжлээ би Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуултдаа суралцаж, эзэмшсэн.  Төгссөнийхөө дараа мэргэжлээрээ шууд ажиллаагүй л дээ.  Улаанбаатар хотод фитнесийн багшаар хүртэл ажилласан. Тэгээд нэг өдөр Эрдэнэт үйлдвэрт миний мэргэжлийн дагуу ажилтан шалгаруулж авна гэж сонсоод, шалгалт өгч тэнцсэнээр үйлдвэрийнхээ Судалгааны төвийн нэгэн “эд эс” нь болсон доо. Одоо Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий баяжуулагчаар ажиллаж буй Д.Мөнхбаяр даргынхаа удирдлаган дор ажиллаж, мэргэжлийнхээ сайхныг бас үр шимийг нь мэдэрч эхэлсэндээ баяртай явдаг.  Өөрөөр хэлбэл, судалгааны ажил хийх аргачлал, Баяжуулах үйлдвэрийн технологийн үйл явцын талаар гүнзгий судлах боломж тэр үед олдсон. Энэ нь ч сайн саналын болон бүтээмжийн хөдөлгөөнд оролцох урам эрч хүч өгсөн гэж боддог. Тэнд л миний сайн санал, шинэ санаанууд маань төрсөн гэж манлайлагч маань хуучилсан. Г.Батцоож 2015 оноос  Эрдэнэт үйлдвэрийн Лаборатори судалгааны төвд тээрмийн машинчаар ажилд орж байсан бол одоо Инженерийн зураг төслийн төвд инженер, зохион бүтээгчээр ажиллаж байна. Тэр Технологийн зохион бүтээх товчоонд харьяалагдан,  Баяжуулах үйлдвэрийн технологитой холбоотой тоног төхөөрөмж, түүний шинэчлэл суурилуулалтын технологийн зургийг зурж гүйцэтгэх ажилд дадлагажиж, бас хичээл зүтгэлээ шингээж явна.
   Саяхан тэрээр  Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн 3 дугаар өргөтгөлийн 71 дүгээр конвейрийн редуктор, Урвалжийн хэсгийн гуравдугаар тээрмийг сольж, тээрэм ангилагчтай нь суурилуулах зэрэг ажлын зураг төслийг гүйцэтгэжээ. Одоо Өөрөө нунтаглах хэсгийн маслостанцын суурилуулалтын ажил   дээр ажиллаж байгаа юм байна.Г.Батцоож Эрдэнэтийн уурхайн өнөр бүлийн нэгэн гишүүн болсоор  4 дэх намраа угтаж буй. Энэ хугацаанд тэр зөвхөн ажлаа хийгээд явахыг бодсонгүй. Байнга шинэ зүйл сурахыг эрмэлзэж, бүтээмжээ дээшлүүлэхэд санаачилгатай ажиллахыг зорьж байв. Тэгж ажиллаж байхдаа судалгааны ажилтайгаа холбоотой үйлдвэрлэлийн  технологийн чиглэлийн зургаан  санал гаргасан нь маш сайн санал, сайн саналын үнэлгээ авчээ.  Түүний маш сайн саналд үнэлэгдсэн саналууд нь бүтээмжийн төсөл болон үйлдвэрлэлд хэрэгжих боломжтой юм.  Төсөл болгохын тулд нэг жилийн хугацаанд сайн саналуудыг судалж,  үйлдвэрлэлд өгөх үр дүнг нь тооцож, үйлдвэрлэлд нэвтрүүлэх шат руу шилжүүлдэг үе шаттай. Энэ журмын дагуу Г.Батцоож инженер саналаа боловсруулж, төсөл бичихээр арга заавартай нь танилцаж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч  байгаа гэнэ. Түүнээс маш сайн саналын ангилалд үнэлэгдсэн технологийн саналын талаар тодруулахад үйлдвэрлэлийн горим, мэргэжлийн нарийн зүйлсийг уйгагүй тайлбарласан юм.
   Эрдэнэт үйлдвэр ТIMA гэдэг эрдсийн автомат минерологийн багажийг 2017 оноос судалгааны технологит ашиглаж эхэлжээ. Энэ багаж нь манай улсын хэмжээнд нэг, Хятад улсад хоёр байдаг бол Орос улсад ашиглаж эхлээгүй байгаа аж. Энэхүү автомат минерологийн багаж нь Чех улсын Tescan компанид үйлдвэрлэгдсэн, Эрдсийн дэлгэрэнгүй шинжилгээ, бүрэллэгийн шинжилгээ, сулралын зэрэг, баяжуулалтын бүтээгдэхүүнүүд болон геологийн дээжүүд дээр дэлгэрэнгүй шинжилгээ хийх зориулалттай. Энэ багажийг ажиллуулах заавар эзэмшүүлэхээр манай үйлдвэрээс гурван  мэргэжилтнийг  Чех улсад 1 сарын хугацаатай сургасны нэг нь Г.Батцоож. Ер нь уурхайд энэ багаж төдийлэн байдаггүй, ихэвчлэн их сургуулийн сургалтын лаборатор,  эрдэм шинжилгээний байгууллагуудад ашигладаг аж. Ийм ховор бөгөөд  өртөг өндөр багажийг манай үйлдвэр авсан нь мэргэжилтнүүдийн судалгааны ажилд маш том дэмжлэг болсон гэдгийг Г.Батцоож онцолсон. Тэр энэ багажны тусламжтайгаар хүдрийн хатуулгийг тодорхойлох Бондын ажлын индексийг эрдсийн шинжилгээ, химийн шинжилгээний үр дүнгээр тооцоолж  гаргажээ.  Нэг дээжийн  хатуулаг  тодорхойлоход дунджаар 14 цаг буюу ажлын бүтэн хагас өдөр шаардагддаг байна. Гэтэл үйлдвэрлэлийн явцад хүдэр хатуурах, эрдсүүд сулрахгүй байх, үйлдвэрлэлийн процесс доголдож эхэллээ гэхэд үүнд шуурхай цаг алдалгүй арга хэмжээ авах хэрэг болно. Хатуулгийг тодорхойлдог  олон аргачлал байдаг ч  Бондын индекс нь нэгж хүдрийг нунтаглахад зарцуулах цахилгаан энергийн зарцуулалтаар тодорхойлогддогоороо онцлогтой. Жишээ нь, хүдрийн хатуулгийг Ил уурхайд өрөмдөгдөх хугацаагаар тооцдог практик бий, лаборатори туршилт хийхэд задгай циклд хичнээн минут нунтаглаж байна вэ гэдгээс нь ерөнхий хандлагаар тодорхойлдог. Гэвч энэ нь бондын индекстэйгээ таардаггүй. Учир нь, Баяжуулах үйлдвэрт хүдэр нунтаглаад буцаагаад гидроцеклоны том ангиудаа эргэх ачааллаар тээрэмд дахин ордог. Өөрөөр хэлбэл, нунтаглах процесс эргэх ачаалалтай ажилладаг. Тэгэхээр үүнийг бондын индексээр л тодорхойлж гаргах нь үр дүнтэй. Харин Г.Батцоожийн судалгааны энэхүү ажлаасаа үүдэн гаргасан санал нь бондын индексийг эрдсийн дэлгэрэнгүй шинжилгээний үр дүнгээр регрессийн тэгшитгэл гаргаж авах ажил байв.
   “Энгийнээр тайлбарлавал, Судалгааны төв тэсэлгээний цооног, ашиглалтын цооног, гүйцээх хайгуулын дээж гэх мэтчилэн олон дээжүүд дээр TIMA-ийн эрдсийн дэлгэрэнгүй шинжилгээ хийсэн байдаг. Тэгвэл манай Бондын индекс маань хэд байгааг гарган авсан тэгшитгэлдээ оруулан дээр бүх дээжүүд дээр тооцоогоор гаргаж байна. Одоогийн байдлаар, Тема багажаар 2000 гаран дээж дээр туршилт хийгээд байна. Ингэснээр ирээдүйд  цаг хугацаа болон тоног төхөөрөмжийн элэгдэл, хүн хүчний хувьд ч маш их хэмнэлт гаргаж, үйлдвэрлэлийн процессийг шуурхай хянах боломжтой аргачлалыг шинээр санаачилсан юм. Энэ үр дүнгээр ил уурхайн хатуулгийн 2d карт гарган хэрэглээнд нэвтрүүлээд жил гаран хугаа өнгөрөөд байна. Энэхүү судалгааны ажлыг түүврээр 30 гаруй дээж дээр туршилт тавьж, бондын индекс болон эрдэс хамаарлыг тооцоолж олон хүчин зүйлийн регрессийн тэгшитгэл гаргасан. Энэ ажил бол бусад уурхайд хараахан хийгдээгүй. Яагаад гэхээр, уурхай бүр ийм өндөр үнэтэй, нарийн шинжилгээний төхөөрөмжөөр шинжилгээ хийх боломжгүй.  Нэг дээж дээр шинжилгээ хийхийн тулд өндөр өртөг зарцуулдаг. Бондын тест ч дангаараа их үнэтэй. Тухайлбал, гадны уурхай тест хийлгэхэд 400-600 мянга орчим төгрөг зарцуулна. Энэ үнэ өртөг ихтэй процессыг хямд зардлаар, шуурхай тооцооны аргаар гаргах ажлыг нэвтрүүлсэн, өгөгдлийн сан болон тэгшитгэлээ хөгжүүлсээр байна. Үүнийг үйлдвэрийн технологит маш чухал гэж үнэлж байгаа. Энэ аргачлаар маш их цаг хугацаа хэмнэнэ. Ашиглалтын цооногт Бондын ажлын индекс тооцоолоход 2 жилийн хугацаа шаарддаг. Энэ ажлыг бид эрдсийн шинжилгээ хийсэн байхад л шууд тооцоолно” гэж Г.Батцоож тайлбарлав. Үүнтэй уялдуулж боловсруулсан түүний бас нэг санал нь  хүдрийн хатуулгийг тодорхойлоход зарцуулагддаг 1.5 өдрийг богиносгож, 3.5 цагт тооцож гаргах тест. Энэ сэдвээрээ Г.Батцоож магистрын дипломын ажлаа хийж, хамгаалжээ.Түүний энэхүү бүтээлч санал нь хэдийнэ мэргэжилтнүүдийн дэмжлэг авч, үйлдвэрлэлд нэвтрээд хэрэгжиж байна. Үүний үр дүнд хүдэр хатуурах, технологийн үйл явц доголдох үед шуурхай хянаж, 3.5 цагийн дотор бондын индекс, хүдрийнхээ хатуурлыг тооцож гаргах боломжтой болж байгаа юм.  Бондын индекс гэдэг нь нэг тонн хүдэр нунтаглахад зарцуулагдах цахилгаан, эрчим хүчний хэмжээгээр тодорхойлогддог. Г.Батцоож инженерийн эдгээр санал нэвтэрснээр үйлдвэрлэл дээр хүдэр хатуурах, зөөлрөх гэсэн асуудал байхгүй болно гэсэн үг. Учир нь тэсэлгээний цооногт долоо хоногийн дараа орох хүдрээ урьдчилаад судалгаанд оруулаад, баяжигдах чанарын судалгаа, металл авалт, чанар гээд бүх мэдээлэл дээр нь бондын индескийг нэмж тодорхойлж өгдөг. Тиймээс хүдэр хатуурах, зөөлрөх эсэхийг Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Судалгааны төвийн технологич мэргэжилтнүүд урьдчилан харж, зэсийн агуулга, чанарыг  хянах боломжууд бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хяналтын үр дүнд Судалгааны төвийн судлаачид агуулга сайтай хүдрийг, сул байгаа хүдэртэй 30x70-ын харьцаатайгаар хольж оруулах талаар Ил уурхайнхантай зөвлөлдөж, ингэснээр үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлтэд эерэгээр нөлөөлөх нөхцөл бий болох ажээ. Энэхүү Бондын аргачлалыг Түргэвчилсэн Бондын аргачлал хэмээн шинэ стандарт гаргаж, нэвтрүүлж 2018 оны ашиглалтын 150-н дээж дээр индекс тодорхойлж, эрдсийн шинжилгээ хийж тэгшитгэлээ улам хөгжүүлсэн байна.  Үүгээр мөн 2d гаргаж, Геометаллургийн 3d загварт орох анхны өгөгдлийг геологи маркшейдерын албанд өгөөд байгаа юм.
   Эрч хүч, идэвх чармайлтаар өөрийгөө хөглөсөн залуу инженерүүдийн олон шилдэг оновчтой зөв санал, бүтээлч хандлага үйлдвэрийн үйл ажиллагаанд ач тусаа өгч буй нэгэн тод жишээ нь энэ. Бахархмаар бас урам хайрламаар сайхан зүйлсийн нэг гэвэл бас л энэ.
   Санаачилгатай, сэтгэлтэй байж гэмээнэ амжилт өөрөө ирдэг учиртай. Тэрхүү амжилтын босгонд ойрхон яваа Г.Батцоож инженерээс хүсэл мөрөөдлийнх нь талаар сонирхоход, “Инженерийн зураг төслийн төвд ажиллаж эхлээд, зураг зурах стандарт, аргачлалыг суралцаж байна. Цаашид энэ чиглэлээрээ гүнзгий судалж, илүү ихийг сурч мэргэших хүсэл эрмэлзэлтэй. Мөн үндсэн ажил мэргэжлээс гадна илтгэх урлаг, техникийн 3D зураг зурж сурах, анимешн хүүхэлдэйн киноны технологийг ажилтайгаа уялдуулж сурах гээд олон давхар хөрвөх чадварыг эзэмших зорилго өмнөө тавьсан” гэж бас л тун даруухан хариулсан. 
   Хүний амьдралын хамгийн чухал гурван эрхэм зүйлд  эрүүл мэнд, гэр бүлийн аз жаргал, мэдлэг чадвар гэж тооцдог залуухан инженер маань ур чадвараа дээшлүүлэхийн тулд хамгийн эхлээд өөртөө цаг үргэлж шинэчлэл хийж, суралцахын зэрэгцээ үр хүүхдүүдээ ирээдүйн хөгжил дэвшилд үнэ цэнэтэй байх мэргэжил эзэмшүүлж, зөв хүн болгон хүмүүжүүлэхэд бүх зүйлээ зориулна гэж бодож яваагаа ч өгүүлсэн. Ийм зөв бодол, зүтгэлтэй чанарыг эрхэмлэсэн олон арван залуус Эрдэнэт үйлдвэртээ эгэл даруухан хөдөлмөрлөж байгаад бахархал төрөхгүй байхын аргагүй. 
 
М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн
 
 

 
   Эрдэнэт үйлдвэр ажиллагсдынхаа бүтээлч санал санаачлагыг идэвхжүүлж, дэмжлэг урам өгөх зорилгоор Сайн саналын системийг нэвтрүүлэн ажилладаг. Ажилтнуудын санал санаачлагыг нэг бүрчлэн үнэлж дүгнэн, урамшуулан, үйл ажиллагаандаа  хэрэгжүүлж буйтай зууны манлай үйлдвэрийн  амжилт ололт салшгүй холбоотой. Хариуцсан ажил үүргээ чанартай, сайн гүйцэтгэхийн зэрэгцээ илүү сайжруулж, хөгжүүлэхийн төлөө цаг ямагт эрэлхийлж явдаг олон шилдэг ажилтны нэг Үйлчилгээ, аж ахуйн цехийн тусгай цэвэрлэгээ, угаалгын хэсгийн оператор Д.Гантогостой ярилцлаа.
 

   - Та Эрдэнэт үйлдвэртээ сэтгэл зүтгэлээ зориулан он удаан жил ажиллаж яваа бүтээлч олон ажилтны нэг. Энд хөдөлмөрлөж буй хүн  бүрийн бахархлыг төрүүлдэг Эрдэнэт үйлдвэртэйгээ ажил амьдралын хувь заяа холбосон тухайгаа хуваалцана уу?
   - Би үйлдвэртээ 28 дахь жилдээ ажиллаж байна. Захиргаа, аж ахуйн цех нэртэй байх үеэс нь л энэ цехдээ ажилд орж, өнөөг хүртэл энэ хамт олонтойгоо төр зэрэгцэн яваадаа баяртай байна. Эрдэнэт үйлдвэрт ажилд орохоос өмнө Хүнсний үйлдвэрт ажиллаж байсан. Миний мэргэжил бол хүнсний чиглэлийнх л дээ. Гэр бүлийн маань хүн Засвар механикийн заводод ажилдаг байсан нь намайг энэ сайхан үйлдвэрт ажиллах эхлэлийг тавьсан гэж боддог. Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсон ч, бас өөрийнхөө хүсэл эрмэлзлийг дагаад Эрдэнэт үйлдвэр ажиллая гэж шийдэж, тэр цагаас хувь заяа минь холбогдсон доо.

   - Ажил үүргийн хувьд өөрчлөгдөв үү? Туршлага, мэргэжлийн олон чадвар энэ хугацаанд арвин их хуримтлагдсан нь мэдээж?
   - Анх үйлчлэгчээр ажиллаж байлаа. Дараа нь жижүүрээр 10 гаруй жил ажиллаад, одоо тусгай цэвэрлэгээ, угаалгын хэсэгт угаагч операторчин хийж байгаа. Ажи хүнийг голно уу гэхээс, ажлыг хүн голохгүй гэсэн үг байдаг. Миний хувьд ажилдаа тэгж ханддаг. Хийе бүтээе гэсэн сэтгэл байхад ямар ч ажил хүнд хэцүү санагддаггүй гэж боддог. Энд ажилласан бүхий л цаг үед өөрийнхөө ажил үүргийг нэг ч удаа хэцүү байна, яах вэ гэж харж байгаагүй. Улам сайн хийчих юмсан, ойр тойрноо илүү цэвэр цэмцгэр байгаасай гэсэн хандлагаар ажилладаг. Ажилдаа дур сонирхолтой байх тусам бүтээмж өндөр байж, харин хүнийрхүү хандах тусам бэрхшээл их тулгарах болно. Миний хувьд ажлын найман цаг яах ийхийн зуургүй хурдан өнгөрчих шиг болдог. Тиймээс цаг минут бүрийг ашиглаж, уралдаж, өөрийн санаачилгаар шинээр хийчих юмсан гэсэн зүйлээ амжуулахын төлөө зорьдог. Өглөө ирээд төлөвлөсөн ажлуудаа хийгээд гарахад сэтгэл санаа ч сайхан болдог. Энэ л миний ажлын зарчим, өөртөө бий болгосон туршлага юм уу даа.
 

   - Үйлчилгээ цэвэрлэгээний ажил өөрийн онцлогтой. Хувь ажилтны эмх цэгцтэй чамбай байдал илүү тод харагдаад байх шиг. Тэгэхээр санал санаачилга нь ч шууд тод харагддаг. Таны хамгийн их анхаардаг зүйл юу вэ?
   - Тиймээ. Бидний ажил онцлогтой. Ажлын байрны ая тух, хүмүүсийн тохитой цэвэр цэмцгэр орчинд ажлаа хийх нөхцөл бидний ажлын чанараас хамаарч байдаг. Миний хувьд үүнийг илүү анхаардаг. Одоо би ажилчдын ажлын хувцсыг угааж, цэвэрлэдэг. Хир толбо ихтэй байсан ч аль  болохоор сайн угааж, ажилчин хүний сэтгэл санаанд бүрэн нийцүүлэхийг хичээж ажилладаг даа. Манай үйлдвэрийн захиргаанаас сайн саналыг дэмжиж, үнэлж байгаа нь тухайн ажилтны ажиллах урам зориг, эрч хүчийг сэргээсэн маш том хөшүүрэг гэж би ойлгодог. Миний санаачилж, ажилдаа хэрэгжүүлж байгаа саналууд маань ихэвчлэн ажлын байраа цэвэрхэн таатай, эмх цэгцтэй байлгах, энд тэнд булан тохойд цугласан хог хаягдал, урагдсан цоорсон эд материал зэргийг засаж тордож, бүрэн бүтэн байлгахад чиглэсэн. Ажлын онцлогоо ч дагаад ийм санал дэвшүүлдэг. Энэ саналууд ч маань ажлын бүтээмжид сайн нөлөөтэй.  Одоо бид 3-4 угаагч машин дээр ажилллаж байгаа. Машины аюулгүй ажиллагааг хангах үүднээс бохир усаа асгах хоолойд хамгаалалтын сээтэг тор тавьсан. Ингэснээр бохир хувцаснаас гарсан хог хаягдал угаагч машины ус дамжуулах, асгах хоолойнд бөглөрөл үүсгэх нөхцлийг арилгаж өгсөн. Мөн үйлдвэрийн бүс болон бусад ажлын байрны гадаах талбайн тохижилт, цэцэгжүүлэлтийн ажлын чиглэлээр манай багийнхан санаачилгатай ажилласан маань үр дүнтэй болсон. Манай цехийн мастер Д.Амаржаргал ахлаад, бид гадаах талбайн цэцгийн мандал, үрсэлгээ суулгалт хийж, тарьсан. Цэцэг тарина гэдэг бол яг л нярай хүүхэд асрахтай ижилхэн арчилгаа тордолгоо шаардаж байдаг. Хоёр жил бид өөрсдийн тарьсан үрсэлгээгээ тогтмол арчилж, хянаж ажилласнаар манай орчинд сайхан ургаж байна. Хэдийгээр ачаалалтай, зарим тохиолдолд ядарсан байдаг ч тарьж ургуулсан цэцэг, модоо хараад өөрийн эрхгүй сэтгэл сэргэдэг. Энэ бүхэн бол бидний идэвх санаачилгыг дэмжиж, урамшуулж байдаг сайн саналын системийн өгөөж гэж бодож явдаг даа.
 
 
 
   - Цаашид сайжруулах, санал гаргаад хэрэгжүүлэхээр бодож яваа  зүйл байна уу?
   - Ажилчдынхаа ажлын хувцсыг чанартай цэвэрлэж, шороо тоос,толбогүй хувцсаар дамжуулан ая тухтай, сэтгэл өндөр ажиллаж хөдөлмөрлөх орчин нөхцөлийг бүрдүүлэх нь бидний зорилго. Тиймээс цаашид ажилчдын хувцасны илүү тавтай байдлыг дээшлүүлэх үүднээс ямар арга зам, боломж байж болох вэ гэдэгт бид саналаа солилцож байгаа.

   - Хүн бүрийн таатай ажиллах орчны уур амьсгалыг бүрдүүлж өгдөг таны ажил үнэхээр сайхан. Том бахархал тань болов уу, өөр ямар зүйлээр бахархаж явдаг вэ?
   - Тийм шүү. Бахархал дүүрэн энэ ажлаа хийх би дуртай. Бас Монгол улсдаа төдийгүй дэлхийд нэр хүндтэй Эрдэнэт үйлдвэр, энд ажиллаж байгаа үе үеийн уурхайчдынхаа ажил үйлсээр үргэлж бахархаж явдаг. Бас намайг өдий зэрэгтэй хөдөлмөрлөж, үр хүүхдээ хүмүүжүүлж, сургах бүхий л боломжоор хангаж, дэмжиж байдаг үйлдвэрийн захиргаа, Үйлчилгээ, аж ахуйн цехийн дарга Б.Туяа болон бусад удирдлага, хамт олондоо талархаж, бахархаж явдагаа илэрхийлэхийг хүсч байна. Ер нь хүний сэтгэл, хандлага ямар байна амьдрал яг тэгж төлөвшдөг гэж би боддог. Сайн сайхан зүйлд тэмүүлж, чин сэтгэлээсээ ажилдаа хандаж байвал амьдрал яг тэгж дэгжин дээшилж явдаг гэдгийг үргэлж эрхэмлэж явдаг. Үр хүүхэддээ ч үүнийг захиж сургадаг юм. 
 
М.Балжинням
Фото Б.Баттөгс
   Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Энэрэл төвийн хүүхдүүд зуны улиралд "Энэрэл" хөдөлмөр зусландаа гарч цэвэр агаарт аятай тухтай амрахаас гадна төрөл бүрийн хүнсний ногоо тарьж өөрсдийнхөө дотоод хэрэгцээнд хэрэглэдэг билээ. Энэ жил хүүхдүүд 700кг төмс, 100кг манжин, лууван, 130 гаруй кг огурцы, 30 гаруй кг помидор тарьжээ. 
   Тус төвд өнөөдрийн байдлаар хоёроос 17 насны 51 хүүхэд амьдарч, сурч хүмүүжиж байна. Сурагчдын эхний улирлын амралт 10- р сарын 28-ны өдрөөс эхэлнэ. Амралтын өдрүүдээр тус төвийн хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар бэлтгэл ажил нь хангагджээ. 
   "Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд манай төвийн үйл ажиллагаанд ихэд анхаарал тавьж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Үүний нэг нь спорт заал бариулж байгаа энэ үйл ажиллагаа юм. Хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн энэ ажил 11-р сарын 15 -нд ашиглалтад орох юм" гэж Энэрэл төвийн эрхлэгч Б.Майцэцэг мэдээлсэн юм. 
   Ингэснээр Энэрэл төвийн хүүхдүүд чийрэгжүүлэх танхим бүхий спорт заалтай болж, чөлөөт цагаа спортоор хичээллэж эрүүл мэнддээ анхаарал тавьж, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэх боломжтой болж байгаа юм.
   Дашрамд дуулгахад Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүтэн өнчин 400 гаруй хүүхдийг Энэрэл төвөөр дамжуулан өсгөн хүмүүжүүлж, ерөнхий боловсролын болон их дээд сургуульд амжилттай суралцуулж амьдралын гэгээн замд хөтөлсөөр байна.
 
А.Бямбамаа
   Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд ирэх сарын нэгнээс цаасгүй технологит шилжин, тоон гарын үсэг нэвтрүүлэх гэж байна. Энэ тухай Эрдэнэт үйлдвэрийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Г.Жаргалсайханаас тодрууллаа.
 

   - Үйлдвэрийн хэмжээнд цаасгүй технологит шилжих, тоон гарын үсэгтэй болох талаар яригдсаар багагүй хугацаа өнгөрсөн. Энэ ажил яг ирэх сарын нэгнээс эхлэх үү?
   - Хоёр жилийн өмнөөс эхлэн үйлдвэрийн хэмжээнд албан хэрэг хөтлөлтийн системийг боловсруулж эхэлсэн. Цаасгүй технологиор үйл ажиллагаа явуулах соёл зайлшгүй хэрэгтэй байсан. Иймээс жил гаруйн хугацаанд цаасгүй технологит шилжих туршилт бүх цех нэгжид хийгдсэн. Энэ оны 11 дүгээр сарын нэгнээс эхлээд тоон гарын үсэг, цаасгүй технологит бүрэн шилжихээр бэлтгэл ажлууд хангагдаж байна. Үйлдвэрийн удирдлагуудад хүн тус бүрд найман оронтой тоо бүхий эрх үүсгэх юм. Ингэснээр цахим орчинтой аль ч газраас гарын үсгээ даран зөвшөөрөл өгөх боломжтой юм. Цаасгүй технологийн эхний алхам нь тоон гарын үсэг. Тоон гарын үсэгт шилжсэнээр цаасгүй технологи руу 30 гаруй хувь шилжлээ л гэсэн үг.

   - Тоон гарын үсэгт хамрагдах  удирдлагуудын жагсаалт гарсан уу?
   - Үйлдвэрийн газрын 177 удирдах шатны ажилтан эхний ээлжид тоон гарын үсэг зурах эрх авч байгаа. Цаашлаад Тээвэр ложистикийн төвийн бараа материал хүлээж авдаг нярвууд зэргийг оруулаад нийтдээ 270 орчим хүмүүс тоон гарын үсэг зурахаар байгаа.
   
   - Тоон гарын үсгийг нэвтрүүлсэн байгууллага ер нь байдаг уу?
   - Байдаггүй. Эрдэнэт үйлдвэр нь Монгол Улсын хэмжээнд тоон гарын үсгийг бүрэн нэвтрүүлсэн анхны үйлдвэрийн газар болж байгаа юм. Мөн цаасгүй технологийг ч  нэвтрүүлж байгаа анхны үйлдвэрийн газар болох юм.

   - Үйлдвэрийн удирдлагуудад тоон гарын үсэгтэй  холбогдуулан сургалт зохион байгуулах уу?
   - Тоон гарын үсэгт шилжихийн өмнө үйлдвэрийн удирдлагуудыг гурван хэсэг болгон  сургалт өгөхөөр төлөвлөөд байна. Удахгүй Улаанбаатар хотоос мэргэжлийн баг ирж тоон гарын үсгийг хэрэглэх талаар сургалт явуулна.

   - Тоон гарын үсгийг нэвтрүүлэхэд ямар нэгэн эрсдэлтэй тал бий юу?
   - Эрсдэл гэвэл би, та. Учир нь тухайн удирдлага гар утсаа хаях, өөрийн найман оронтой эрх бүхий дугаарыг хэн нэгэнд хэлж, гарын үсэг зуруулахаас өөр эрсдэл байхгүй. 

   - Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
 
А.Бямбамаа
 
 

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог