Бидний тухай
Мягмар, 08 1-р сар 2019 00:00

Өвлийн говиор зочлов

     Говь нутгийг өвлийн дуранд буулгах аз тохиов. Өвгөн аялагчид өдөр бүр “явахыг хүсэгчид” донтон болдог билээ. Ийм ч учир “Гарамгай аялагч” болох Д.Рагчаа, Д.Цэвэгжав нартай ганзага нийлэн 2018 оны сүүл, 12-р сарын 15-21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвансайхан ууланд гарлаа.  Зам зуур Монгол улсын уул уурхайн салбар энэ аймагт хэрхэн хөгжил авчирч байгааг бахдан харав. Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот, замын дагуух сумд тухайлбал, Цогт-Овоо, Хулд гэх мэт газар урьд жилүүдээс эрс өөрчлөгдөж аялагч, жуулчдад зорчих таатай нөхцөл бүрдүүлсэн нь сэтгэлд өег. Аялагчдын хувьд эцсийн зогсоолд хүрэхэд хамгийн чухал асуудал энэ байдаг билээ. Ёлын ам, Мухар шивэртийн ам болон Хонгорын элс зэрэг аялал жуулчлалын гол цэг хүртлээ засмал зам тавьсан нь жилийн ямар ч улиралд аялал хийх, говийн байгалийг аль ч улиралд сонирхох боломжтой болгожээ. Жинхэнэ Монголын аялал жуулчлалын өвөл цагийн дэлхийн “бренд” болоход хол санагдсангүй. Энд магад, газар эхийн баялаг буянаа хайрласан мэт. Даланзадгад хотод засмалаа дуугайн замтай нь хамт тавьж, шинэ суурьшлын хотдоо орон сууц, соёл урлаг, сургууль, эмнэлэг, театр, цэвэрлэх байгууламж зэргийг орчин үеийн архитектурын шийдлээр байгуулж байгаа нь “Монголын Дубай” болох юм байна даа гэсэн сэтгэгдэл төрүүлсэн. Үнэхээр ч зургийн дагуу их бүтээн байгуулалт эхэлсэн байна билээ.
     Аялалын зургаан хоног баярлаж, бахдах, сонирхож, гайхах үйл явдлаар дүүрэн байв. Уулын янгир өнтэй энэ өвөл зам хөндөлсөн тайван бэлчиж, зээрийн сүрэг тэмээн сүргийг бараадан амгалан идээшилж байх нь үнэхээр үзэсгэлэн төгөлдөр ажээ. Зээр сүрэглэн тэмээг дагах дуртай болсон гэж нутгийн ард хуучлав. Тэнгэр баганадсан энэ амьтан салхи нөмөрлөж, тавхайгаараа газар сийрүүлдэг гэлцлээ. Ёлын ам, Мухар Шивэртийн амны ийм мөсөн гангарааг гагцхүү өвөл, хавар л бүрнээр нь үзэх боломжтой. Дэлхийн дулаарлаас улбаалан зун, намартаа мөс нь хайлдаг болжээ. “Гарамгай” аялагчид бид хүүхэд шиг байгаль эхийн мөсөн талбайд өдөржин гулгаж наадсаар хүлгийн жолоог гэрийн зүг залсан юм.  

 

Б.Мажинбуу

Мэдээний төрөл

Календарь

« 1-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог