×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Бидний тухай

     Шинжлэх ухаан үйлдвэрлэлийг төгс хослуулж, оновчтой, эдийн засгийн үр ашиг авчирхуйц сайн  санал санаачилга, бүтээмжийг дээшлүүлэн  техник технологийн өндөр хөгжилд хүрэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр 2013 оноос эхлэн “1000 инженерийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Дөрөв дэх удаа болж буй энэ удаагийн зөвлөгөөн тус үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд менежментийн ухаан, ажлын арга барил, бизнесийн сайжруулалтын тэргүүн туршлагыг хуваалцахад чиглэсэн нь онцлог байв. Монгол улсын уул уурхайн салбарын эрдэмтэд, судлаач инженерүүдийн өргөн бүрэлдэхүүн хоёр өдрийн турш шинэ санаа, мэдлэгийг хуваалцан,  бүтээмж, инноваци, оюуны өмчийн чиглэлээр ололт амжилт, хүндрэл бэрхшээл, гарц шийдлээ ярилцсан нь зөвлөгөөний цар хүрээ, ач холбогдлыг  нэмэгдүүлсэн.
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “ Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлжийг  ашиглалтад хүлээн авсны 40 жилийн ойн босгон дээр бид өнөөдрийн  хөгжлийн түвшинд үнэлэлт өгч,  цаашдын зорилтоо тодорхойллоо. Энэхүү үйл явцыг үргэлжлүүлж, тасралтгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэрхэн инновацид түшиглэн хөгжүүлэх вэ гэдгийг уул уурхайн эрдэмтэд, академич, судлаач инженерүүд та бүхний оюун ухаанд тулгуурлан нээлттэй солилцож байна” хэмээсэн нь зөвлөгөөний зорилго, үр өгөөжийг тодотгож өгөв. Зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ирүүлсэн  илгээлтийг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-эрдэнэ танилцуулж, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут мэндчилгээ дэвшүүлэн оролцогчдод амжилт хүссэн. Мөн шинжлэх ухаан,үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, шинэ дэвшилтэт техник, технологийг судлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны өмч, технологи дамжуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Шинжлэх ухааны Академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар нар гарын үсэг зурав. Энэ үеэр Академич  Г.Чулуунбаатар “Эрдэнэт үйлдвэр нь байгуулагдсан цагаас эхлэн Монгол улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд төсөв санхүүгийн бүрдүүлэлтэд ямагт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, ард түмний сайн сайхан амьдралын нэгэн бодит баталгаа болсон манай уул уурхайн дэлхийд данстай томоохон үйлдвэрийн нэг. Шинжлэх ухааны Академийн зүгээс тус үйлдвэртэй бүх талаар хамтран ажиллахад бэлэн буй” гэдгээ онцоллоо.
     “Эрдэнэт үйлдвэр 40”  сэдвийн дор зохиогдсон 1000 инженерийн зөвлөгөөн “Тасралтгүй сайжруулалтын тэргүүн туршлага”, “Инноваци-Оюуны өмч” салбар хуралдаанаар үргэлжлэн, дүгнэлт зөвлөмж гаргасан. Зөвлөмжийг салбар хуралдааны даргалагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, Ерөнхий инженер Т.Батмөнх, Хөгжил, Их барилгын асуудал эрхэлсэн орлогч Д.Эрдэнэцогт нар танилцуулав.
     1000 инженерийн зөвлөгөөний шагнал гардуулах үйл ажиллагаа Эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг илтгэлийн тэргүүн, дэд байрын шагналыг гардуулснаар эхэлж, шинийг санаачлагч, манлайлагч, өсөх ирээдүйтэй инженер  техникийн ажилтнуудын урамшууллаар үргэлжилсэн. Харин дараа нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Инноватор-2018” цомыг шинийг санаачлагч, оюунлаг шилдэг хамт олонд хүндэтгэлтэйгээр гардуулах цаг мөч ирснийг хөтлөгч дуулгав.
     Энэ удаа “Инноватор-2018” цомын эзнээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн хамт олон тодорсон.  Тус хамт олны санаачлан, хэрэгжүүлсэн “Технологийн схемийг оновчлох замаар металл авалтыг өсгөж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь” сэдэвт төсөл ийнхүү 2018 оны “Инновацийн баатар”-аар тодрох амжилт өөд хөтөлжээ. Инноватор цомын 2016 оны эздээр Ж.Ганзориг ахлагчтай “Төвөөс зугатах хүчний шахуурга” бүтээлийн Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын хамтарсан баг шалгарч байв.

М.Балжинням

 

     “Эрдэнэт үйлдвэр – 40” Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн үеэр Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн захирал, доктор профессор С.Давааням ингэж тодотгосон. Тэртээ 1975 оны 10 дугаар сард  Эрдэнэт үйлдвэрийн дэргэд “Сургалтын төв” нэртэй байгуулагдаж байсан мэргэжил сургалтын төв эдүгээ ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль болон өргөжиж, Эрдэнэт төдийгүй Монгол орны уул уурхайн салбарт өндөр ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэж иржээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн овооны дэргэд Эрдмийн овоо хэдийнэ сүндэрлэн боссон гэдгийг доктор С.Давааням онцоллоо.
     Тус сургууль нь Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл хосолсон үйл ажиллагаа явуулж  ирсэн.  Өнөөгийн зорилтоо нийгэм, Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн шаардлага хангасан мэргэжилтэн бэлтгэх, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн таатай орчныг бүрдүүлж, өрсөлдөх чадвартай боловсрол олгох замаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулна гэж тодорхойлон ажиллаж байна. Уг сургууль түүхэн хөгжлийнхөө хугацаанд нийт 117 мянган инженер техникийн ажилтан, нарийн мэргэжлийн ажилчдыг бэлтгэн төгсгөжээ. Тэдгээр төгсөгчдөөс өнөөдрийн  Эрдэнэт хотын захирагч, Баян-Өндөр сумын Засаг дарга болон Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын багийн чадвартай инженерүүд төрөн гарсныг сургуулийн захирал бахархалтайгаар тэмдэглэв.
     2017 оноос Технологийн сургуулийн хамт олон сургалтын үйл ажиллагаандаа чанарын менежментийн  тогтолцоог нэвтрүүлэн,  сургалтын хөтөлбөрөө үр дүнд суурилсан хөтөлбөр болгон өөрчлөн сайжруулж, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Доктор С.Давааням энэхүү зорилтоо цаашид бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд  “Эрдэнэт үйлдвэр 40” эрдэм шинжилгээний хурлын зочид төлөөлөгчдийн үнэтэй санал бодол, зөвлөгөө том  байр суурь эзэлж, Эрдмийн овооны хамтын ажиллагааны шинэ боломж нээгдэнэ гэж оролцогчдод уриалав.  

     Зууны манлай бүтээн байгуулалт  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40  жилийн ойд зориулсан томоохон үйл ажиллагааны нэг өнөөдөр Орхон аймагт эхэллээ. Монгол улсын уул уурхайн салбарын нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн, судлаач инженерүүдийн төлөөллүүд нэгэн дор чуулсан “Эрдэнэт үйлдвэр 40” эрдэм шинжилгээний бага хурал эрдэс баялгийн асуудлыг бүхий л талаас нь хэлэлцэх юм. Бага хурлыг нээж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн хурлын зорилтыг тодотголоо.
     Тэрээр “Та бид намрын энэ сайхан налгар өдөр уул уурхай тойрсон чухал асуудлыг ярилцахаар цугласан байна. Өнөөдөр бид эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг зохион байгуулж, дараагийн өдөр нь 1000 инженерийн чуулганаа хийнэ. Бидний энэхүү үйл ажиллагаанд салбарын яамны төлөөлөл хүрэлцэн ирж, ач холбогдол өгч буйд талархаж байна. Монголын уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн үед тус яамыг удирдаж явсан Хөдөлмөрийн баатар, нэрт геологич, доктор Ч.Хурц болон бусад ахмад ажилтнууд оролцож буйг баяртайгаар дуулгая. Шинжлэх ухааны академи, их дээд сургуулиуд, баялаг бүтээгч, эрдэмтэн судлаачид энд цугласанд олзуурхаж  байна. Эндээс харахад, бид энэ удаа зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн зэс молибдений тухай биш салбарын гал тогооны өргөн сэдвийг олон талаас нь үр дүнтэй ярилцах болно. Тодруулбал, төмрийн хүдэр, жонш, металлургийн тухай хэлэлцэж, том утгаараа газрын доорх байгалийн баялгийг газрын гадаргуу дээр гаргаж, үндэсний баялаг болгон хувиргах уурхайчдын хөдөлмөрийн ирээдүйн зорилтыг тодорхойлно. Нөгөө талаар гарын таван хурууны зарчмаар хийгддэг уул уурхайн салбарын геологи, олборлолт, баяжуулалт боловсруулалт, гүн боловсруулалтын технологийн шинэ мэдээлэл, арга туршлага, судалгааны бүтээлүүд хурлын үеэр  танилцуулна. Энэ он бол манай үйлдвэрийн хувьд онцлогтой жил. Эрдэнэт анхны баяжмалаа үйлдвэрлэж гаргасны түүхэн 40 жилтэйгээ золгож буй.  Уул уурхайн салбарын хөгжил дэвшлийн түүчээ болж ирсэн түүхэн замналын ололт амжилтаа бид дүгнэн цэгнэж байна. Мөн цаашдын зорилтоо тод томруунаар дэвшүүлж буй. Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх 15 жилийн хөгжлийн үндсэн чиглэлээ боловсруулан, хэрэгжүүлж байна. Бидний бодлого, хөтөлбөр, төлөвлөлт маш тодорхой. Үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бид харилцан уялдаа холбоог илүү нягт нямбай болгохыг зорьж байна. Бид хөгжлийн бодлогоо таван чиглэлээр тодорхойлсон. Техникийн, технологийн, байгаль орчны, мөнгө санхүү, хүний нөөцийн үндсэн таван бодлогын хэрэгжилтийн үйл явц, үр дүнг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд биш  салбарынхаа өргөн хүрээг хамруулан, мэргэжлийн өндөр түвшинд хэлэлцэж зөвлөлдөнө” хэмээн онцлов.
     Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, ахмад геологи Ч.Хурц, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн захирал, доктор профессор С.Давааням нар үг хэлж, уул уурхайн салбарын хөгжил, тулгамдсан асуудал болон ахиц дэвшлийн талаар санал бодлоо онцлон тэмдэглэсэн.  
     “Эрдэнэт үйлдвэр-40” Эрдэм шинжилгээний бага хурал уул уурхайн ашиглалт баяжуулалт, Эрдэнэтийн овооны геологи хайгуулын судалгаа, Уул уурхайн дэд бүтцийн хөгжил, Металлурги, машин үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, Байгаль орчны тогтвортой хөгжил, Оюутны эрдэм шинжилгээний бүтээл чиглэлээр үргэлжилнэ. Маргааш жил бүр Эрдэнэт үйлдвэрээс зохион байгуулдаг “1000 инженерийн чуулган” уламжлал ёсоор зохион байгуулагдаж, бага хурлын зочид тус үйл ажиллагаанд оролцох аж.   

     Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн Холбоо Хамтын гэрээний хэрэгжилтийг хангах  ажилд анхаарлаа хандуулж, хамтарсан ажлын хэсгүүд ажилдаа ороод буйг холбооны удирдлага мэдээлэв.  Тухайлбал, 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс ажиллагсдын  ажлын нөхцөл болон удаан жилийн нэмэгдлийг шийдвэрлүүлэхээр тооцоо судалгааг бэлэн болгожээ. Мөн Ил уурхай, Авто тээврийн байгууллагын зарим хэсгийн хүнд машин механизмын жолооч, ажиллагсдын ажлын байрны нөхцөл, цагийн хуваарилалтыг зохицуулах ажлын хэсэгт ҮЭ-ийн Холбооны төлөөлөл хамтран ажиллаж байна.
     Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн сонгуультны анхдугаар форум ирэх 11 дүгээр сард болно. Үүнтэй холбогдуулан тус форумыг зохион байгуулах ажлын хэсгээс үйлдвэрийн ажилтан, гишүүдийн дунд форумаар хэлэлцэх асуудлаар санал асуулга явуулах юм. Үйлдвэрчний Эвлэлийн холбооны цаашдын ирээдүй, урт хугацааны бодлого хөтөлбөрт  өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой уг санал асуулгад  биечлэн болон цахим хэлбэрээр гишүүн бүр оролцох аж.
     Анхдугаар форумын бэлтгэл ажлын хүрээнд тус ҮЭ-ийн Холбооноос өөрийн байгууллагын бэлгэдэл, тайлбар бүхий лого зохиох  уралдаан зарлахаар шийдвэрлэжээ. Аливаа байгууллагын бэлгэдэл тэмдэг нь цаг үеэ дагаад, боловсронгуй болон өөрчлөгддөг. Энэ үүднээс тус  холбооныхон байгууллагынхаа бэлгэ тэмдгийг шинэчлэхээр болжээ. Уг уралдааныг Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, чөлөөт уран бүтээлч, эх бэлтгэгчдийн дунд нээлттэй зарласан байна. Лого зохиох уралдаанд оролцогчид бүтээлээ 9 дүгээр сарын 12-ноос 10 дугаар сарын 8-ны дотор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбоонд ирүүлэх юм байна.

 


 

     Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ажиллагсдынхаа  биеийн тамир, спортын авьяас чадварыг хөгжүүлэх, спортоор дамжуулан эрүүл энх хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор олон талын хөтөлбөр, бага наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн спортын бага наадам нь тус үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд өргөн утга агуулгатай болж буйгаараа онцлог юм.  
     Хангарьд паласын өмнөх хөл бөмбөгийн ногоон талбайд Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын спортын гуравдугаар наадмын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагааны эхэнд үйлдвэрийн бүх цех хэлтсийн хамт олны төлөөлөл, баг тамирчдын жагсаал талбайг чимэв. Наадмын үйл ажиллагааг тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх  нээж, нийт тамирчиддаа өндөр амжилт хүсэж, мэндчилсэн юм. Тэрээр “1991 онд Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн удирдлагууд их спортыг дэмжих зорилгоор спорт цогцолборын дэргэд Хангарьд клубыг байгуулах шийдвэр гаргаж байсан нь эдүгээ тив дэлхийд алдартай олон тамирчдыг төрүүлэх үндэс нь болсон” гэдгийг хэлсэн үгэндээ дурьдав.  
     Нээлтийн үйл ажиллагааны нэгэн бахархалтай үйл явдал нь Монгол төрийн далбаа болон Эрдэнэт үйлдвэрийн тугийг залах ёслол байлаа. Эрдэнэт үйлдвэрээс төрсөн Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Бямбаа, Б.Батбаяр, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Р.Жанчивдорж, Д.Цагаан-Эрдэнэ, Гавьяат дасгалжуулагч  Ч.Раднаабазар тэргүүтэй зууны манлай үйлдвэрийн алдартан, цуутай тамирчдын төлөөлөл Монгол улсын төрийн далбаа, Олон улсын Олимпын хорооны хүндэт туг болон Эрдэнэт үйлдвэрийн сүлд тугийг спортын гуравдугаар бага наадмын хойморт  хүндэтгэлтэйгээр залав. Энэ үеэр төрийн дуулал эгшиглэж, дараа нь бага наадмын шүүгч, тамирчдын төлөөлөл тангараг өргөлөө. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн хүрээнд болж буй Спортын гуравдугаар бага наадамд нийт 1400 тамирчин спортын 11 төрлөөр 381 багц медалийн төлөө авхаалж самбаа, авьяас чадвар, бяр хүчээ сорин өрсөлдөх юм.  “Энэ удаагийн бага наадмын спортын төрөлд газрын теннис шинээр орж, оролцох цехүүдийн тоо  нэмэгдсэнээр наадмын цар хүрээг тэлж байна. Долоо хоногийн турш үргэлжилж, дүнгээ гаргана”  гэж тус бага наадмын Ерөнхий шүүгч,  спортын мастер М.Отгонбаяр онцоллоо.
     Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан  цаг үеэсээ эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд их спорт, урлаг соёлыг дэмжих бодлого хэрэгжүүлсээр ирсэн юм. Үүний үр дүнд тус үйлдвэрийн дэргэдэх спорт ордон, Хангарьд клубээс  Атлантын олимпын хүрэл медальт, жүдо бөхийн тамирчин, МУГТ  Д.Нармандах, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, боксын тамирчин, МУГТ  У.Мөнх-Эрдэнэ, Дэлхийн аварга, МУГТ  Г.Болдбаатар, олимпын хүрэл медальт, МУГТ С.Ням-Очир, Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, МУГТ Э.Бэхбаяр, МУГТ Т.Мөнхтуяа нарын олон арван цуутай тамирчид төрөн гарч, Эрдэнэт үйлдвэр төдийгүй Монгол эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулсаар  байна.

 

     Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигд үргэлжилж, 8 дугаар сарын ажлын төлөвлөгөөний биелэлтийг Даваа гаригт хэлэлцлээ. Өнгөрсөн сард уулын цул гаргалт 2 сая 127 мянган метр куб  буюу 103,7 хувиар, хөрс хуулалт 910 мянган метр куб буюу төлөвлөгөөнөөс 59,5  мянган метр куб илүү, хүдэр олборлолт 3 сая 102 мянган тонн буюу төлөвлөгөөнөөс 42 мянган тонныг илүү олборлож, төлөвлөгөө давсан үзүүлэлттэй байна. Олборлосон нийт хүдрээс Баяжуулах үйлдвэрт исэлдсэн хүдэр 2 сая 663 мянган тонн буюу төлөвлөснөөс 30 мянган тонныг илүү өгчээ. Исэлдсэн хүдэр 439 мянган тонныг олборлож,  төлөвлөгөөг 12 мянган тонноор  давуулан биелүүлсэн байна. Өрөмдлөгийн хэмжээ сарын хугацаанд 42950  тууш метрт хүрч, төлөвлөснөөс 7700 тууш метр илүү гүйцэтгэжээ. Харин ачаа эргэлт 18 сая 382 мянган тонн километр буюу төлөвлөгөөнөөс 458 мянган тонн километрээр илүү байв. Баяжуулах үйлдвэр өнгөрсөн 8 дугаар сард 2 сая 696 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөгөө 63 мянган тонноор давуулан биелүүлжээ. Металл авалт бодит гүйцэтгэлээр 89,3 хувь, молибден 56 хувийн үзүүлэлттэй байв. 8 дугаар сард баяжмалын ачилт хэвийн үргэлжилж, 811 вагон зэсийн баяжмал, 179 чингэлэг молибдений баяжмал үйлдвэрлэсэн байна.
     Оны эхний 8 сарын байдлаар Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелснийг албаны хүн онцлов.  Үйлдвэрийн хамт олон төлөвлөж байснаас 607 мянган метр куб уулын цул илүү гаргаж, 297 мянган куб метр хөрс илүү хуулж, 398 мянган тонн хүдэр илүү боловсруулсан амжилттай ажиллажээ. Цэвэр метал авалт төлөвлөгөөнөөс илүү 2 сая 902 мянган тонн зэс, зэсийн баяжмалд, 255 тонн молибден, молибдений баяжмалд тус тус илүү үйлдвэрлэсэн байна.
     Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд намар, өвлийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Бэлтгэл ажлын хүрээнд нийт 308 ажил төлөвлөж, дөрвөн чиглэлээр гүйцэтгэж байна. Үндсэн технологийн тоног төхөөрөмжийн бэлтгэл,  эрчим хүчний тоног төхөөрөмжийн болон системүүдийн  бэлтгэл,  аж ахуй,  нийгмийн барилга байгууламжийн бүрэн байдал, түүхий эд материал, хангамжийн асуудлаар намар өвлийн улиралд бэлтгэж буйг Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий ярьлаа. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй томоохон ажил нь Баяжуулах үйлдвэрийн булинга дамжуулах хоёрдугаар шугамыг  450 метр чулуун доторлогоотой ган хоолойгоор солих ажил  юм. Одоогийн байдлаар, 170 орчим метрийг сольсон байна. Мөн Хаягдлын аж ахуйн шинэ 15 дугаар далангийн байгууламжийн бүтээн байгуулалт 70 хувийн гүйцэтгэлд хүрчээ. Түүнчлэн Дулааны цахилгаан станцын 2 дугаар зуухны их засвар, Ил уурхайн 12 дугаар экскаваторын их засварын ажлууд тус тус өрнөж  байна.

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит  Технологийн сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Нээлтийн ёслолын ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, тус үйлдвэрийн Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Ж.Эрдэнэбилэг, Хөгжлийн бодлогын газрын дарга, Технологийн сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Нэмэхбаяр, ШУТИС-ийн профессор Л.Гүрбазар болон Монгол 21 сан, Капитрон банкны төлөөлөл, тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, багш оюутнууд оролцов. Тус сургуулийн  хамт олон өнгөрсөн 2017-2018 оны хичээлийн жилд  Монгол улс, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн боловсролын салбарт баримталж буй бодлогын хүрээнд тодорхой зорилтуудыг дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлж,  44 магистр, бакалавр 149, Мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтаар 22 мэргэжилтэй ажилчин, Ахлах сургуулиар 24 сурагч  нийтдээ 239 оюутан төгсгөсөн байна. Мөн ХАБЭА, БИ, мэргэжлийн сургалт, гадаад хэлний сургалтаар давхардсан тоогоор 11117 хүнийг сургажээ. 
     Хичээлийн жилийн үйл ажиллагааг нээж, Технологийн сургуулийн захирал, доктор профессор С.Давааням хэлсэн үгэндээ “Тус сургууль ёс зүйг дээдэлж, сэтгэлгээний өөрчлөлт гаргахдаа " Мэндлэх ёс"- ыг хэвшүүлж, сайн инженер бэлтгэхийн зэрэгцээ хүмүүнлэг, ёс зүйг эрхэмлэн дээдлэх том зорилт тавьж, хэрэгжүүлж эхэлсэн” гэдгийг тэмдэглэсэн нь шинэлэг байв. Харин тус сургуулийн төгсөгч Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар мэндчилгээ дэвшүүлж, сургуулийн ирээдүй өнгөтэй буйг тодотгов.
     Нээлтийн ёслолын үеэр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэрэмжит тэтгэлгийг   Ашигт малтмал баяжуулалтын технологи-3 ангийн оюутан Б.Чимэглхам, Уул уурхайн ашиглалтын технологи-5 ангийн оюутан Б.Анхбаяр,Уул уурхайн ашиглалтын технологи-5 ангийн оюутан Б.Золзаяа, “Монгол 21”сангийн тэтгэлгийг  Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрдэнэт хотын даргаар олон жил ажилласан, Зөвлөх багш Догсомын Тогооч, Цахилгаан системийн автоматжуулалт -3 ангийн оюутан Б.Ишдорж, Ашигт малтмал баяжуулалтын технологи-4 ангийн оюутан Н.Баярмаа, ОРА Металл компанийн тэтгэлгийг Инженерийн бэлтгэл ангийн оюутан Г.Батбаяр, Инженерийн бэлтгэл ангийн оюутан Э.Түвшинтөгс, Капитрон банкны тэтгэлгийг  Ашигт малтмал баяжуулалтын технологи-5 ангийн оюутан Э.Азжаргал,  Япон Улсын Засгийн Газрын Sakura Science хөтөлбөрийн тэтгэлгийг  Цахилгаан системийн автоматжуулалт-4 ангийн оюутан Э.Цолмон,Төгсөгчдийн холбооны тэтгэлгийг Цахилгааны инженер-1 ангийн оюутан Г.Одмаа нарт тус тус гардууллаа.
    Шинэ хичээлийн жилд магистр, бакалавр, МБОС 1 жилийн анги,  Ахлах сургууль болон бусад сургалтанд нийт 893 оюутан, суралцагч суралцахаар элсээд байна. 
     Технологийн сургууль 2018 онд Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандарт нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, Сургалтын дэвшилтэт арга ажиллагааг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, Эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх чадамжийг дээшлүүлэх үндсэн зорилтыг дэвшүүлсэн.
    Дээд боловсролын байгууллагын түвшинд оюутан суралцагч бүрийг хөгжүүлж, тэдний бүтээлч санаачлагыг урамшуулан дэмжих, оролцоог нэмэгдүүлэх, суралцахуйн арга барилд сургах, төлөвшүүлэх замаар сургалт судалгааны ажлын чанарт ахиц гаргах зорилтоо найман чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.



 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог