Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Бидний тухай

Бидний тухай (15)

Нэг. Эрдэнэт ба “дайны хаялга”
 
Эрдэнэт үйлдвэр бол  нэг талаасаа хүйтэн дайны хаялга байлаа. Учир нь 1970-аад оны эхээр дэлхийн томоохон зэс үйлдвэрлэгч Чилид төрийн эргэлт гарч, тэндхийн Зөвлөлтлөг удирдагч Сальводар Альендагийн засгийн газар унав. Улмаар Чилийн коммунист намын удирдагч Луйс Корвалан Москва руу зугтаалаа. ЗХУ тэргүүтэй социализм байгуулагчид зэсийн хэрэгцээгээ хангах, найдвартай эх уурхайг шинээр байгуулах хэрэгцээ гарчээ. 
 
Чухам энэ хэрэгцээ нь мал аж ахуйн хоцрогдсон орноос аж үйлдвэржин хөгжих мөрөөдөл тээн урагшилж явсан  монголчуудын үндэсний мөрөөдлийн  нэгэн биелэл болон хэрэгжих ерөөлтэй байжээ. Чехословак-монголын геологичдын нээгээд удаагүй байсан Эрдэнэтийн орд газарт Москвагийн сонголт буулаа. Ингээд Зүүн европт дэгдсэн социалист дэглэмийн эсрэг үзэл санаа, “Прагын хавар” зэргээс үүдэн мартагдаж байсан Эрдэнэтийн зэсийн ордын хайгуул, судалгааны ажил эргэн амилж “Монгол-Зөвлөлтийн хамтын ажиллагааны шинэ жишээ” болон хөгжиж эхэлэв.
 
Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний замнал нь үндэсний сэхээтэн, язгууртан, төрийн зүтгэлтнүүдийн гавъяа мөн үү гэвэл тийм. Гэхдээ ХХ зууны эхнээс аваад XXI зуун дамнан өрнөж, дэлхийн газрын зураг болон улс төрийн уур амьсгалыг өөрчилсөн үйл явдлууд монголчуудад их төлөв ашигтай тусч ирсэн, шийдвэрлэх нөлөөтэй байсан нь сонин. Жишээлэхэд, дэлхийн  нэгдүгээр дайнаас албан бус тусгаар тогтнол,  харин хоёрдугаар дайнаас нь хууль ёсны тусгаар тогтнол, 1990-ээд онд өрнөсөн социализмын задралаас улс төр эдийн засгийн тусгаар тогтнол, ардчилал хожсон нь үүний жишээ.
 
Тухайн үеийн уул уурхайн ашиглалтын технологи, социалист маягийн хандлага нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг дагасан олон мянган хүнтэй хот байгуулахад хүргэлээ. Энэ нь малаасаа салж хотшин суурьших эрмэлзэл дүүрсэн монголчуудын баяр дээр баяр нэмж байж. Түүнчлэн уул уурхайн “хаалтын бодлого” гэж байгаа ч үгүй болохоор  нөөц дуусахын хэрд яах тухай асуудал хэнийг ч зовоосонгүй. Ерөөсөө Зөвлөлт байгаа цагт, коммунизм байгуулсаар яваа үед ямар ч муу юм тохиолдохгүй гэсэн итгэлтэй үндэстний хувьд илүү дутуу юманд санаагаа зовоохыг хүссэнгүй. Эрдэнэтийн ордыг ашигласан хот лусын санг эзэгнэсэн мэт үүрд тэлэн хөгжих сэтгэгдлээр нийгмийг амьсгалуулах аж. Монголчууд баяр хөөртэй байлаа.
 
Хоёр. Эрдэнэт ба үзэл суртлын (ПиАр) ажил
 
Эрдэнэт бол байгуулагдсан цагаасаа эхлээд манай нийгмийн уур амьсгал, улс төрийг тодорхойлж ирсэн юм. Уул уурхайн энэхүү аварга бүтээн байгуулалтыг нэг талаас Монгол-Зөвлөлтийн найрамдлын үр шим, БНМАУ-д социализм байгуулсны үр дүн, МАХН-ын зөв мэргэн бодлогын ач гавъяа болгон сурталчиллаа. 1970-аад онд Эрдэнэтийг тойрон өрнөсөн ПиАр бол тал нутагт өрнөсөн хамгийн том үзэл суртлын цогц ажил болж чадсан юм. Хүн ардын амжиргааны түвшин, үйлдвэрлэлийн бүтээмж зэргийг “Эрдэнэтметр”-ээр хэмжин суртчилна. Уурхай  ашиглалтад ороход, бүрэн хүчин чадлаараа хөдлөхөд “амжиргааны түвшин ингэж ахина”, “цалин орлого тэгж нэмэгдэнэ”  гэсэн сурталчилгаа тэр үеийн сонин хэвлэлээр дүүрэн.
 
Хэдийгээр ийм амлалтууд нь  суртал ухуулгын чанартай, одоогийнхоор бол сонгуулийн өмнөх амлалтуудтай агаар нэгэн зүйл байсан ч гэсэн ард нийтээрээ сэтгэл хангалуун үлдэж байлаа. Нэг талаас нүдэн дээр хот босч тал нутгийн өнгө төрх хувирч байлаа. Хамгийн гол нь “Эрдэнэтэд ажилчин элсүүлэх хөдөлгөөн”, “Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүдэд олгох шинэ хот байгуулах илгээлт” зэрэг нь  хөдөө хоригдсон хүмүүст хот суурин руу шилжилт хөдөлгөөн хийх боломж олгожээ.
 
1959 онд малаа хураалгаснаас болоод хөдөө нутагт хоргодох юмгүй болсон малчид хот руу идэвхтэй шилжиж эхэлсэн юм. Гэтэл ардын засаг монголын малыг нийтээр нь улсын өмч болгох гэснээс биш хөдөө талыг малчингүй болгох зорилго тавиагүй байлаа. Харин ч  мөлжлөг гээчийг үүсгэдэг хувийн малаасаа салж улс нийгмийн хонь ямаа хариулах болсондоо сэтгэл тэнийсэн хүмүүсээр хөдөө нутаг дүүрэх учиртай аж. Ингээд хөдөөнөөс хот руу чиглэсэн миграцид хатуу чанга хориг тавьж, иргэдийн ерийн шилжилт хөдөлгөөнийг хүртэл чанд хянах болжээ. Иргэншин амьдрах, хотшин суурьшихын зах зухыг амссан, бум бужигнасан газар цэнгэлтэй аж төрөх хүсэлд автсан мянга мянган хүний мөрөөдөл бас биелж байлаа.
 
Гурав. Эрдэнэт ба улс төр
 
Эрдэнэт нь байгуулагдсан цагаасаа эхлээд монголын улс төрийн хувь заяаг тодорхойлж ирсэн юм. Энэхүү буфер улс хэрхэн хөгжиж, социализмыг малчид хүртэл хичнээн сайхан байгуулж байгааг харуулах үзүүлэн, Зөвлөлтийн дагуул улс хэрхэн дэвжиж босдгийн үлгэр төдий байсангүй. Юм бүхэнд “зөвлөлттэй санал нэг” явж ирсэн МАХН, БНМАУ-ын удирдагчдад Эрдэнэтийн үйлдвэрийн хамтын ажиллагааны нөхцлүүдийг хянан үзэх нь бүү хэл тэр талаар бодох ч зүрх эхэндээ байсангүй. Гэвч наяад оны эхээр нам төрийн удирдлагад байсан Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном нарын эдийн засагчид уг бүтээн байгуулалтын сүүдэртэй талыг харжээ. Гэрээний нөхцлүүдийг шинжин үзэхэд жил ирэх тутам Монголын талд ашиггүй, харин ч алдагдалд орж, өр нэмэгдэхээр нөхцөл, заалтууд байгааг тэд анзаарч эхэлсэн байна. Ингээд гэрээний нөхцлүүдээ шинэчлэх шаардлага гарсан тухай яриа хөөрөө өрнөж эхэлжээ. 
 
Тухайн үед нам төрийн удирдагч Ю.Цэдэнбалын ужиг өвчин даамжран “мартамхай” болж, түүний гэргий А.И. Цеденбал-Филатова  засаг барьж байсан цаг. “Авгай”-г тойрон хүрээлэгчид “Зөвлөлтийн эсрэг үзэлтнүүд хүчээ авч байна. Тэднийг цэвэрлэх шаардлага  гарч байна     гэсэн дүгнэлт гаргаж Д.Содном нарыг нам засгийн удирдах бүрэлдэхүүнээс зайлуулах операцийг эхлүүлжээ. Зөвлөлтийн саналыг эхэлж тандалгүй эхлүүлсэн тэдний ажиллагаа, эцсийн  сөрөг үр дүнгээс болгоомжилсон Кремлийн удирдагчид яаралтай арга хэмжээ авлаа.  Гучаад жилийн тэртээ монгол төрийг удирдуулахаар илгээсэн Ю.Цэдэнбалыг гэргий Анастасиягийнх нь хамтаар Москвадаа эргүүлэн татаж,  БНМАУ-ыг удирдах Ж.Батмөнх тэргүүтэй шинэ багийг томилуулав.
 
Дөрөв. Эрдэнэт  ба Улс төрийн “Шороон үхэр” 
 
Үүнээс хойш ч монголын улс төрийн хувь заяа, үндэсний сонголтын тусгал нь Эрдэнэт дээр хамгийн тод илэрсээр ирлээ. Учир нь монгол улсын топ-10 татвар төлөгчийг Эрдэнэт тэргүүлсээр ирсэн. Энэ нь улсаа  голлон тэжээгч үнээ гэсэн үг шүү дээ.Эрдэнэтийн ашигтай ажиллагаа, үр дүнгээс улсын эдийн засаг хамаарч,  тэр утгаараа эрх баригчдын эдийн засгийн бодлогын хувь заяа шийдэгдэнэ гэсэн үг.
 
 Иймээс засгийн эрхэнд гарсан хүчин хамгийн түрүүнд  “Сүүтэй үнээ” ба”“Үхэр хариулагч”-даа санаа тавьдаг уламжлалтай болж. Уламжлалт цагаан сар гармагц тухайн оны цаг улирлын “шороон үхэр”-ийг зурхайчид шинжин “Үхрийн омруу цагаан байгаа нь хавартаа цас унахын шинж...үхэр хариулаач нь хөл нүцгэн алхаж яваа нь... доодост ээлтэй...” гэхчлэн төлөглөдөг.
 
Харин сонгууль бүрийн дараа ажиглагчид Эрдэнэтийн зэсийн агууламжтай “Шороон үхэр”-ийг шинжин үзэж “Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ ийм байгаа нь... засгийн газрын боломжийг нэмж, эсвэл хязгаарлах нь”, “үхэр хариулаач нь  зэсийн үнэ өндөр байхад мөнгөөр туйлаад сурчихсан нэгэн тул...эсвэл хямралын үед ажиллаж байсан учраас хэмнэлтийн туршлагаа ашиглан ажиллаж” гэхчэн таамаг, прогнозоо дэвшүүлдэг.
 
Зурхайн үхрийн шинж 12 жил, жарнаар давтагдах байдалтай бол уурхайн үхрийн шинж сонгуулийн дүнг заримдаа дагах ч шиг байдаг. Лав л сүүлийн хориод жилийн турш Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнийн график монголын улс төртэй сонин байдлаар (мэдээж тохиолдол байх) уялдаж  иржээ.
 
Тав. Эрдэнэт ба зуд, хямралын хаялга
 
Ардчилсан хувьсгалаас  хойш МАХН дангаараа эрх барьсан жилүүдэд ган, зудын давтамж таардаг юм. 1993-1996 ба 2000-2004 онуудад ган зуд дараалан мал аж ахуйг сүйдлэн алдаж, малчдыг амжиргааг доройтуулсан. Хэрвээ хуучин шигээ бүх мал улс нийгмийн мэдэлд байсан бол хэрхэхийг тэнгэр мэдэх байсан биз? Харин эрхбиш  мал хувьчлагдаж хөдөө аж ахуй хувь хүний хариуцлага дээр тулгуурлаж байсан учраас ган зудыг давж чадсан юм.
 
Харин ардчилсан хүчин дангаараа болон голлон засаглаж ирсэн цаг үе нь Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ хамгийн их унасан цагтай давхцдаг. 1998 онд Д.Дорлигжавыг Эрдэнэтийн захирлаар томилогдож байхад, 2013 онд Ц.Даваацэрэнг томилогдон ирснээс хойшхи үе энэхүү зэсийн үнийн уналттай давхцдаг байна.
 
Энэ утгаараа МАН эрх барих үед мөнгөөр цалгисан үе таарч, АН эрх барих үед үндэсний үйлдвэрлэлээ аварч, авч үлдэхэд чиглэсэн менежмэнт голлож байсан гэсэн үг. Тохиолдлоор таарсан ган зуд, үнэ ханшийн уналтыг ёрлон ярихаасаа илүү туршлага талаас нь харахад сонин юм. Өөрөөр хэлбэл, МАН зудтай тэмцэн мал өсгөх аргатай дарга нараар илүүрхэж, АН эдийн засгийн хямралтай тэмцэх туршлагатай  менежерүүдээр аархаж болохоор болж гэсэн үг.
 
Үнэхээр Эрдэнэтийг 1998-2000 удирдсан, 2013-оноос өнөөг хүртэл авч яваа багийнхан хямралыг туулсан туршлага, ямарч хүнд үеийг давж чадах нь харагдаж байгаа, туршлага менежмэнтээрээ бахархдаг юм байна.
 
Эрдэнэт үйлдвэрийн удирдах багийнхан жил бүрийн ажлын тайлангаа олон нийтийн өмнө илтгэдэг болоод гурван жилийн нүүр үзэж байгаа аж. Тэдний бахархал нь цатгалдсан үеийн үрэлгэн удирдлагын арга барилыг хямралын үеийн хэмнэлтийн менежмэнт болгож хувиргаж чадсан явдал байна. Улмаар цаашид ч тодорхой хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа хямрал хүндрэлийн амжилттай туулах туршлага хуримтлуулж, итгэл найдвар бий болгож чадсандаа сэтгэл дүүрэн байна. 
 
Ц.Даваацэрэнгийн баг Эрдэнэтийг удирдахаар 2012 онд ирэхэд тонн нь бараг 8000 ам.доллар  байсан зэсийн үнэ Лондоны металлын бирж дээр жил дараалан уруудсаар 4600 орчимд буугаад байна. Жил тутам мянгаар буусан гэсэн үг. Буугаад зогсохгүй 2015 онд  өөрийн өртгөөсөө доош оржээ. Өнгөрсөн оны байдлаар нэг тонн зэсийг 4820 долларын өртгөөр бүтээгээд 4600- орчмоор зарж байна гэсэн үг.  (Нэг тонныг нь 2012 онд 6060 долларын өртөгтэй бүтээж байсан. Хэмнэлтийн бодлогын үр дүнд тонн зэсийн өртөг 2000 орчим доллараар буусан гэж тооцно шүү дээ). Эрдэнэт үйлдвэр хэр алдагдалтай ажилласан бэ гэж та асуух байх. Харин танд Эрдэнэт үйлдвэрийн өнгөрсөн оны цэвэр ашиг 9 тэрбум байна гэж хэлэх хариулъя. Улсад 381 тэрбум төгрөгийн татвар төлөөд шүү.  Мэдээж тэр том үйлдвэрийн хувьд бага, 2011, 2012 оныхтой харьцуулахад даанч бага ашиг л даа. Гэхдээ л ашиг. 
 
Хямралын үед нэг талаасаа олборлолтыг нэмэгдүүлэх, нөгөө талаас нь зэсийн өөрийн өртгийг хямдруулах  хоёр чиглэлээр ажилласан байна.
 
Баяжуулах фабрикийн өргөтгөлийг өнгөрсөн зун ашиглалтал оруулснаар анх удаагаа 30 гаруй сая тонн хүдэр боловсруулж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлснээр 62,9 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон аж.
 
Нэг талаас Эрдэнэт нь томоохон үйлдвэрлэгч, тэр утгаараа томоохон худалдаг авагч билээ. Иймээс худалдан авалтын үнэ бодитой, хэмнэлттэй байх нь зэсийн өртгийг хямдруулах гол гарц байж таарна. Үнийн бодлогыг хэрэгжүүлж худалдан авсан бараа материалын бодит үнийн бууралтаас 63 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Мөн нийт гэрээ хэлцлийн дотор “Урьдчилгаа төлбөргүй гэрээ” ердөө 32 хувьтай байсныг өөрчилж 80 хувьд хүргэсэн амжилтаа “ашиггүй, шахааны бизнес” –ийг шахан зайлуулсан том ололт гэж үзэж байгаагаа ерөнхий захирлын худалдааны асуудал хариуцсан  орлогч Б.Болдбаатар ярилаа.
 
2013-2015 онуудад дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж эдийн засаг санхүүгийн байдал тогтворгүй болсон энэ үеүдэд хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд хэмнэлтийн горимд шилжиж, өртөг зардлыг бууруулах, орлогоо нэмэгдүүлэх шат дараалсан арга хэмжээний үр дүнд үйлдвэр нийт 127,9 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олж, 131,6 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гаргаж ажилласнаа эдийн засаг эрхэлсэн захирал Б.Алтанхуяг тайлагнажээ.
 
Харин үйлдвэрлэл хариуцсан захирал Д.Даваасамбуу бол 1998-2000 оны зэсийн хямралын үед мөн  албан тушаалд томилогдон ажиллаж, хэмнэлтийн бодлого  хэрэгжүүлэн нэвтрүүлсэн туршлагатай топ менежерүүдийн нэг билээ.
 
Эрдэнэт үйлдвэр нь өнгөрсөн зууны уул уурхайн технологийн тусгал болсон бүтээн байгуулалт учраас дагуул хот, аймгаа үүрч явах үүрэг хүлээдэг газар юм. Тус үйлдвэрийн үе үеийн ажилчын нийгмийн асуудал, тэтгэвэр тэтгэмж, тэдний гэр бүлд учирсан бэрхшээлийг хуваалцах гээд орчин цагийн уул уурхайн ямарч компанид байдаггүй үүрэг хариуцлага эрдэнэтээр дүүрэн. Магадгүй Оюутолгой, Таван толгой, Риотинто-гийн тайланд хэзээ ч гарахгүй “...мянган айлыг орон сууцны зээлэнд хамрагдахад туслалаа үзүүлж”, “ ар гэрт тэтгэмж олгож” гэхчлэнгийн мэдээлэл тэнд бий. Иймээс Эрдэнэт бол нийгмийн хариуцлагаараа онцгойрдог үйлдвэр.
 
Хямралын үеийн хүнд нөхцөлд ч Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагаа ухамсартай биелүүлж ирсэн байна. Энэ хугацаанд нэг ч хүн  цомхголоор ажлаас халаагүй, ҮЭ-тэй байгуулсан гэрээгээ 99 хувиар биелүүлж чадсан тухай Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа хэлж байна. 
 
Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар бүс нутгийн оношлого эмчилгээний “Эрдэнэт медикал” төвийг нээсэн явдлыг Хөгжлийн бодлого хариуцсан орлогч Б.Намхайнямбуу онцолж байлаа. Ирэх тавдугаар сард албан ёсоор нээлтээ хийх энэ эмнэлгийг япончуудаас бүрдсэн менежмэнтийн баг удирдах юм байна. Хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй энэ эмнэлэг оношилгоо, шинжилгээний ажлаа эхлүүлчихсэн, оочер дугаар нь битүү байгаа аж.
 
“ОПЕК-ийн орнууд нефьтийн үнэ дахиад хоёр жил дараалан унахад сүйд болчихолгүй давж гарах  санхүүгийн чадавхитай” хэмээн тоймчид хэлж байна. Харин  ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Эрдэнэт үйлдвэр нь хямралыг даван гарч чадах  менежмэнт нэвтрүүлж, туршлага хуримтлуулж чадсан гэдэгт итгэлтэй байна. Энэхүү нээлттэй тайлан толилуулах үйл ажиллагаа  бол улс үйлдвэрийн ил тод байдлын илэрхийлэл бөгөөд хоёр улсын хамтарсан хөрөнгө оруулалттай компаний менежмэнтийг хамгийн тодорхой байдлаар сурталчлан таниулахад чиглэсэн байна.
 
http://tsenddoo.niitlelch.mn/content/7634.shtml
 

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Игорь Владимирович Рой-той Өдрийн сонины  ерөнхий эрхлэгчийн орлогч Б.Цэнддоогийн хийсэн ярилцлагыг толилуулж байна. Монгол, оросын хамтарсан үйлдвэрийн эргэн тойронд  сүүлийн үед өрнөсөн зарим асуудлыг энд хөндөж ярилцсан юм. 
 


-Сүүлийн хэдэн хоногт Эрдэнэт үйлдвэр нь хэвлэл мэдээллийн сонирхлыг татсан газрын нэг боллоо л доо. Ялангуяа удирдах багийнхны буруутай үйл ажиллагаанаас болж хувь эзэмшигч талуудын эрх ашиг хохирч байгаа гэж ойлгогдохоор ч зүйл харагдаж байна.

-Эхлээд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн удирдах багийг бүрдүүлдэг, бодлогыг тодорхойлдог тогтолцоог хамтдаа тодруулцгаая. Таны асуултын хариу ч тэндээс тодрон гарна байх гэж бодож байна. Юуны өмнө Эрдэнэт бол Монгол, Орос хоёр улсын хамтын үйлдвэр, хоёр орны ард түмний дундын бутээн байгуулалт. Монголын тал 51, оросын тал 49 хувийг тус тус эзэмшдэг. Хамтран эзэмшигч талуудыг төлөөлсөн Удирдах Зөвлөл буюу манайхны ярьж сурснаар "Совет" үйлдвэрийн хувь заяатай холбоотой бүхнийг шийддэг . "Совет"-оос зөвшөөрөгдсөн удирдлагын менежмент үйлдвэрийг удирдана. Удирдахдаа дээрээс буюу мөн л Советоос баталж өгсөн үйлдвэрлэл, санхүү, бизнесийн төлөвлөгөөний дагуу менежмэнтээ хийнэ.

Ингээд харахаар Монгол улс ба ОХУ-ын засгийн газар, хоёр талын үндэсний эрх ашгийг төлөөлсөн Удирдах зөвлөл л хамтарсан үйлдвэрийн бодлогыг тодорхойлдог, тэндээс томилогдсон менежмэнтийг баг уг бодлогыг хэрэгжүүлдэг л гэсэн үг.

Энэ утгаараа хоёр орны ард түмний эрх ашиг, сонирхол энд бүрэн тусч байгаа гэдэгт итгэж байдаг. Энэ сонирхлыг тусгасан төлөөлөгчид удирдах багтаа итгэл үзүүлсээр байгаа гэдэг нь талуудын эрх ашиг тусгагдаж хамгаалагдсаар байгаа гэсэн санаа.

-Та өөрөө уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн удирдах багт багтаад хэр удаж байна.

-Би 2013 онд томилогдож ирсэн. Эрдэнэт үйлдвэрийг ерөнхий захирлаар ахлуулсан удирдлагын менежмент удирддаг гэдгийг дээр хэлсэн. Ийм болохоор намайг ирсэнээс хойш манайх баг, манай хамт олны хийж бүтээсэн зүйлийн талаар яриагаа үргэлжлүүлье.

2013 оноос өмнөхөн зэсийн үнэ оргилдоо хүрч байсан. Өмнөх үеийн удирдах баг илүү их баялаг, өгөөжтэй үед, илүү их боломж, илүү их ашиг орлого дээр менежмэнтээ хийж байжээ гэсэн үг.

Энэ нь бидний хэнээс ч хамаараагүй, дэлхийн зах зээлийн байдлаас л хамаарсан зүйл байсан.

Нэг тонн зэсийн үнэ 2012 онд 7949 ам доллар байсан жил дараалан буурсаар 2015 оны эхний 10 сарын байдлаар дундаж үнэ нь 5658 ам. доллар хүртлээ уруудсныг та бүхэн биржийн мэдээллээс харж байгаа.

Манай багийн зорилго бол дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тасралтгүй унаж байгаа хүнд үед арвилан хэмнэлтийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх замаар үр ашигтай ажиллах бүхий л боломжийг бүрдүүлэх явдал байсан. Бид зэсийн үнэ тасралтгүй буурч байгаа үед бүтээгдэхүүний өртгийг хямдруулах хөтөлбөр хэрэгжүүлсний үрээр өнөөдөр ашигтай ажилласан хэвээр байгаа. Нэг тонн зэсийн өртгийг 2013 онтой харьцуулахад 9.6 хувиар, 2012 онтой дүйцуулэхэд 16.9 хувиар бууруулж чадсан нь манай хамт олны бас нэг амжилт. Манай үйлдвэр хамт олноо, Эрдэнэт хотоо, Орхон аймгаа авч явдаг төдийгүй, улсын төсвийн үлэмж хувийг бүрдүүлж өгдөг бөгөөд энэ үүргээ хүндхэн нөхцөлд ч гэсэн нэр төртэй биелүүлж байна гэж үзэж болно.

Үйлдвэрийн Советын шийдвэрийн дагуу үйлдвэр нь 2 том төслийг хэрэгжүүлсэн нь Өөрөө Нунтаглах Хэсгийн Өргөтгөл болон Эрдэнэт Медикал Оношлогооны Төв юм.  

-Арвилан хэмнэлттэй зэрэгцсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гэж та Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлөө нэрлэлээ л дээ. Энэ бүтээн байгуулалт оновчтой болж чадсан уу, тэнд зарцуулсан хөрөнгийг хадгалсан нь дээр байсан юм биш биз гэсэн эргэлзээ бас байна.

-Эрдэнэт үйлдвэр жилд 26 сая тонн хүдэр боловсруулдаг байлаа. Харин өргөтгөл хийснээр энэ үзүүлэлт 6 сая тонн хүртэл нэмэгдэнэ. Гэхдээ ашиглалтад орох кноп даруутаа л хүчин чадлаа бүрэн ашиглах боломж уул уурхайн ийм том үйлдвэрт байхгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлээд өгнө. 

Харин бид наадмын өмнөхөн нээж байсан баяжуулах үйлдвэрийн өргөтгөл саяны 9 дүгээр сарын байдлаар хүчин чадлынхаа 90 хувьд бараг хүрээд байна. Энэ бол манай хамт олны маш сайхан амжилтын нэг юм. 

Бидний хийж буй нөгөө бүтээн байгуулалт маань Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийнхэн төдийгүй нийт монголчуудад ач тусаа өгөх учиртай. Энэ бол хамгийн орчин үеийн, тодорхой хэлбэл 2014-15 онуудад Япон, Солонгост бүтээгдсэн тоног төхөөрөмж бүхий эмчилгээ оношлогооны төв юм. Энэ төв оны сүүлчээр ашиглалтад орно. 

Мэдээж хэрэг үйлдвэрийн удирдах зөвлөл буюу Совет-оор батлагдсан, дэмжигдсэн төлөвлөгөөний дагуу эдгээр бүтээн байгуулалтыг бид богино хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.

Нэмж хэлэхэд, үйлдвэрийн өргөтгөлийн байгууламжийг бүтээн босгох, ашиглалтад оруулах үйл хэргийг манайхан өөрснөө удирдан хэрэгжүүлсэн, харин гүйцэтгэх ажилд монгол, орос болон хятад компаниуд оролцсон. 

-Хамтарсан үйлдвэрийн орлогоос Оросын тал хүртэх учиртай ногдол ашгийг өгөөгүй олон жил болсон тухай яриа гарч байна. Оросын талд ногдох ёстой мөнгийг хадгалж ч байсан. Одоо тэндээ байхгүй болсон, эргэлтэд оруулсан гэсэн янз бүрийн тайлбар сонсогдох боллоо.

-Асуудлыг, ялангуяа Эрдэнэт шиг аварга том бүтээн байгуулалттай холбоотой юмыг нэг талаас, ганц өнцгөөс өрөөсгөлөөр харж болохгүй.

Оросын талын 2012 оны ногдол ашгийг дансанд хадгалагдсан байсан. Мөнгөн хөрөнгө нь үйлдвэрийн эргэлтийн хөрөнгөд чиглэгдсэн, үүний зэрэгцээ техникийн шинэчлэл болон дээр дурьдсан төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтад чиглэгдсэн.  

Үйлдвэрийн өөрөө нунтаглах өргөтгөлийг ашиглалтад орсны үрээр манай нэмэгдэл орлого 11 сая ам доллар болсон. Наадмаас хойшхи хэдхэн сарын үзүүлэлт шүү дээ. Оны сүүлчээр 28 сая ам долларт хүрнэ. Ирэх 2016 онд хэрвээ зэсийн үнэ 6200 ам. доллар орчимд хэлбэлзлээ гэж бодоход 120 сая ам долларын ашгийг нэмж олох боломж бүрдэнэ. Совет буюу Эрдэнэт үйлдвэрийн удирдах зөвлөлийн шийдвэр зөв зүйтэй, бөгөөд ирээдүйгээ харсан шийдвэр байсныг манай өргөтгөлийн үйл явц, эхний үр ашиг харуулаад байна.

Монгол Улсын Их Хурал нь Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны талаархи Засгийн газар хоорондын гэрээнд өөрчлөлт оруулж өнгөрөгч Х сард соёрхон баталлаа. Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын хувь эзэмшигч нь Ростех корпораци болсон. Засгийн газрын хоорондын гэрээний дагуу 2012 он хүртлэх ногдол ашиг ОХУ-ын төсөвт шууд орсон. 2012 оноос Засгийн газрын хоорондын гэрээний дагуу ногдол ашиг хүлээн авагч нь Улсын Өмчит Ростех Корпораци болсон.

Тийм учраас өмнө нь Эрдэнэт үйлдвэр нь Ростех корпорацид ногдол ашиг шилжүүлж чадаагүй юм. Өнөөдөр Ростех корпораци нь ногдол ашиг хүлээн авах эрхтэй боллоо. 

-Хамгийн гол нь оросын тал  ногдол ашгаа гэнэт нэхэж байна. Мөнгийг Эрдэнэтийн өнөөгийн удирдлага дураараа өр зүйлд зарцуулсан учраас үйлдвэр өрөнд орчихоод бараг монголын талд ногдох хувь хэсгээ зарахдаа тулсан ч юмуу гэсэн ойлголт олны дунд байна.

-Өнөөдөр үйлдвэрт Ростех корпорациас 2012 оны ногдол ашгийг төлөх тухай мэдээлэл байхгүй. Дараагийн жилүүдэд цэвэр ашиг хуваарилах болон ногдол ашиг төлөх асуудал нь зөвхөн компаний Советын эрх юм. 

Үйлдвэр сүүлийн бүх жилүүдэд ашигтай ажиллаж байна. 2013 оны цэвэр ашиг нь 125 тэрбум төгрөг, 2014 оных- 167,5 тэрбум төгрөг. Зэсийн үнийн маш огцом уналттай байсан ч (11-р сарын 02-ны өдрийн байдлаар 1 тонн зэсийн үнэ 5137 ам доллар) үйлдвэр нь 2015 оны эхний 9-р сарын байдлаар алдагдалгүй бага хэмжээний ашигтай ажиллаа. Үүний зэрэгцээгээр үйлдвэр дээр хямралын эсрэг хатуу арга хэмжээ авагдсан ч орон тооны цомхотгол хийгээгүй.    

Эрдэнэт үйлдвэр нь Эрдэнэт хотын үндсэн суурь юм. Эрдэнэт үйлдвэр нь Орос Монголын найрамдалын бэлгэ тэмдэг юм. Хамгийн сайхан анд нөхдийн нэг, дэлхийн хоёрдугаар дайны үед манай ард түмний тууштай үнэнч хамтрагч гэж монголчуудаа бид хүндэлдэг бөгөөд үйлдвэр дээр орос монголын хамтарсан мэргэжилтнүүд эв найрамдалтай ажилладаг. Монгол Улсад айлчлах үедээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Эрдэнэтийг Орос Монголын уул уурхайн салбарын амжилттай хамтын ажиллагааны хамгийн сайн жишээ бөгөөд үйлдвэрийн төлөвлөгөөнд технологийн бүрэн шинэчлэл багтаж байгаа гэж  тэмдэглэсэн.    

-Шилэн дансны хуулийг Эрдэнэт уйлдвэр мөрдөхгүй байна гэсэн шуугиан бас дэгдлээ л дээ.

-Шилэн данс бол шударга ёсыг хэрэгжуулэх, ил тод байдлыг хангах хэрэгслэл гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ нэг зүйлийг бодолцох учиртай. Улсын байгууллагууд нь нэг талаас татвар төлөгчдийн хөрөнгийг төсвөөр дамжуулан авч зарцуулдаг нэг хэсэг байна. Гэтэл улсын өмчөөр үйлдвэр худалдаа эрхлэн мөнгө олж түүгээрээ улсын төсвийг бүрдүүлж өгдөг бизнесийн газрууд ч бас байдаг.

Харин бизнес нь улсын мэдлийнх хувь хүнийхээс үл хамааран өрсөлдөөн дунд оршин тогтнодог. Өрсөлдөөн учраас бизнесийн нууц гэж байдаг. Энэ нууцыг төрөөс хүлээн зөвшөөрдөг ба Монгол Улсын парламентаас баталсан нууцын тухай хуулиар энэ эрх хамгаалагддаг.  Азийн уул уурхайн компаниудаас эхний 10-т ордог Эрдэнэт үйлдвэр бол томоохон зах зээлийн, ширүүхэн өрсөлдөөн дунд оршдог.  Арилжаа бизнесийн сонирхлын үүднээс өрсөлдөгч нараас нууцалж, зохих хүрээнд хадгалах мэдээлэл гэж Эрдэнэтэд бас байна.

Иймээс л энэ хуулийг хэрэгжүүлэх аргачлалыг гаргаж өгөх, түүнийгээ байгууллагын нууцын тухай хуультай нийцүүлэх нь чухал юм.

Биднийг шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа гэвэл гүтгэлэг болно. Засгийн газрын www.gov.mn сайтад бид шилэн дансаа байршуулсан байгаа. Шилэн дансны хууль ёсоор бид өрийн бичиг болон өрийн баталгаа гаргасан эсэх, банкнаас авсан зээл, тендерт (худалдан авалтын) холбогдох мэдээллээ оруулсныг тэндээс үзэж болно. Компаний бизнесийн бүхий л нууцыг нээлттэйгээр задлах нь компаний үйл ажиллагааг ноцтойгоор хүндрүүлж, өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй юм. 

-Манай уншигчдын сонирхсон сэдвээр ярилцлага өгсөнд баярлалаа.

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон баталсан юм. Энэ талаар тус үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэнгээс тодрууллаа.

- “Эрдэнэт” үйлдвэр нь Оросын талын хувьцаа эзэмшигчидэд ногдол ашгаа өгөхгүй байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Үнэхээр ашгаа өгөхгүй байгаа тийм зүйл байна уу?

- 2012 оны ногдол ашиг болох 47 сая ам.доллар манай үйлдвэрийн эргэлтэд байгаа. Энэ 47 сая долларыг Оросын талын аль байгууллагын ямар данс руу шилжүүлэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан юм. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг Оросын талын байгууллага нь албан ёсоор тодорхой болоогүй байсан. Одоо албан ёсны хувьцаа эзэмшигчтэй болж буй учир уг асуудал цаашид үргэлжлэн шийдэгдээд явна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын хувьцаа эзэмшигч нь өөрийн хувиа төрийн өмчит компани руугаа шилжүүлчихлээ. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөө үзүүлэх үү?

-Хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдөж байгаа юм. Түүнээс үйлдвэрийн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Засгийн газар хоорондын хэлэлцээр, үйлдвэрийн үндсэн дүрэм, худалдан авалт хуучин хэвээр үргэлжилнэ. Дотоод дүрэм хэлэлцээрийн үндсэн агуулгад өөрчлөлт ороогүй. Өмнө нь Оросын төрийн өмчийн хороо 49 хувийг албан ёсоор эзэмшдэг байсан. 2008 онд Оросын тал өөрийн хувиа  “Рос тех” компанидаа 100 хувь эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан. Үүнийг Засгийн газар хооронд хэлэлцэж явсаар өнөөдөр Оросын талыг тус компанид 100 хувь эзэмшүүлэхээр соёрхон батагдлаа. 

-Ногдол ашиг болох 100 тэрбумыг Оросын талд шилжүүлэх хөрөнгө “Эрдэнэт” үйлдвэрт байгаа юу?

- “Эрдэнэт” үйлдвэр жилд нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүн хийж, борлуулдаг. Бид жилдээ олон улсын болон дотоодын банкуудаас 100-200 сая долларын зээл аваад буцаагаад төлдөг том эргэлттэй үйлдвэр шүү дээ. Банкнаас зээл авсных нь төлөө “Энэ үйлдвэр өртэй. Удахгүй дампуурах гэж байна” гэж хэлж болохгүй шүү дээ. Эргэлтийн хөрөнгөн доторх мөнгөө бид “Рос технологи” компани руу удахгүй шилжүүлнэ.

-Шилэн дансаа хөтлөөгүй гэх шалтгаанаар таныг огцруулна гэх яриа гарсан. Уг асуудалд та ямар тайлбар өгөх вэ?

-Хууль дүрмийн дагуу хариуцлагаа үүрэхэд бэлэн. Гэхдээ аливаа хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хууль гэж байдаг. Шилэн дансны үндсэн зориулалт нь Монгол Улсын төсөв, төсвөөс санхүүждэг аж, ахуй нэгж, компани, төрийн байгууллагад илүү хамааралтай. Төрийн өмчит аж, ахуй нэгжүүд уг хуулийг яаж хэрэгжүүлэх талаарх аргачлал нь одоохондоо гараагүй байна. “Шилэн данс”-ны хууль батлагдсаны дараа манай байгууллагаас Үндэсний аудитын газарт “Хамтарсан үйлдвэрүүд тус хуулийг хэрэгжүүлэх тусгай аргачлал байхгүй байна. “Түүнийг гаргаж өгөөч” гэсэн хүсэлтийг тавьсан. Үүний дагуу Үндэсний аудитын газраас Засгийн газарт хандсан байгаа. Тэгэхээр Засгийн газраас хамтарсан үйлдвэрүүдийн шилэн дансыг хөтлөх аргачлал, журмыг гаргасны дараагаар бид уг хуулиа хэрэгжүүлээд явна. Хэрэгжүүлэхгүй гэсэн бүдүүн зүрх байхгүй. Гэхдээ манай улсын Үндсэн хуулинд олон улсын гэрээ хэлцэл нь тус улсынхаа дотоодын хууль, журмаас дээгүүр байна гээд заагаад өгсөн. Монгол  болон ОХУ-ын ЗГ хооронд байгуулсан хэлэлцээрт “Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлнэ. Гэхдээ шинээр гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ харилцан тохирч, журмын дагуу тохиролцоно” гэсэн байдаг. Нэгдүгээрт, Засгийн газраас хамтарсан үйлдвэрүүд дээрээ Шилэн дансыг хэрэгжүүлэх журмаа гаргаж өгөх ёстой. Хоёрдугаарт, энэ журмыг хэрэгжүүлэх гэж байгаа талаараа хувьцаа эзэмшигчид хуралдаж баталгаажуулах ёстой. Ер нь “Эрдэнэт” үйлдвэр нь аж, ахуй нэгж. Тэгэхээр бизнесийн нууц гэж юм бий. Түүнийгээ хязгаарлах ёстой. Ялангуяа олон улсын зах зээл дээр өрсөлддөг манай компаний хувьд зарим зүйлийг нууцлах, аюулгүй байдлаа хангах зэрэг асуудлууд бий. Бид шилэн байна гээд хамаг зүйлээ дэлгээд бусдын өмнө унаад өгвөл сайн зүйл мөн үү гэдгийг бас харах ёстой.

-ОХУ хувьцаа эзэмшигчээ өөрчилж байгаатай холбогдуулаад манайх бас өөрийн талын хувьцаагаа “Эрдэнэс MGL ” компани руу шилжүүлнэ гэсэн яриа гараад байна. Энэ үнэн үү?

-Сая уг асуудлыг шийдсэнгүй. Энэ талаар одоохондоо яриагүй байна. Зөвхөн Оросын талын хувьцаа эзэмшигчийн асуудлыг л шийдсэн.

-Яг одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна уу?

-Одоогоор “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Сая Сангийн яам, Татварын Ерөнхий газарт тайлангаа гаргаж өгсөн. Эхний гурван улирлын байдлаар 19 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Татварт 10 тэрбум төгрөгийг өгөхөөр байгаа. “Эрдэнэт” үйлдвэр Оросын хувьцааг өгөөгүйгээрээ дампуурч байгаа юм шиг буруу ойлголтыг нийгэмд тарааж болохгүй. “Эрдэнэт” үйлдвэр жилд 800 тэрбум төгрөгөөс нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүн боловсруулаад худалдаанд гаргадаг. Оросын талын ногдол ашгийг өгчихөөр өрөнд ороод, дампуурчихгүй шүү дээ. Үйлдвэрийн эдийн засаг нь зээл аваад эргэн төлдөг. Мөн "Эрдэнэт" үйлдвэрийг 200 тэрбум төгрөгийн алдагдалд орсон гэсэн буруу мэдээлэл гарсан. Зэсийн үнэ дэлхийн зах зээлд унасанаараа манай олдог орлого 200 тэрбумаар буурсан юм.

Эх сурвалж: Мэдээ.МН  Ж.ГАНАА

     Авлигатай тэмцэх газар Шилэн дансны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заас­ныг үндэслэн  Иргэдийн гаргасан гомд­лыг хянуулахаар Үндэс­ний Аудитын газарт  зарим компаниудыг шилжүүлсэн байгаа. Тухайлбал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар-Төмөр зам нийгэмлэг, Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК зэрэг томоохон компани аж ахуйн нэгжүүд багтаж буй. Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн зургадугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэг, Шилэн дансны тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэдээллүүдийг ил тод болгох ажлыг сайж­руулах талаар зо­хион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг холбог­дох танилцуулгын хамт 2015 оны аравдугаар сарын 21-ний дотор Авлига­тай тэмцэх газарт ирүү­лэхийг “Эрдэнэт үйлд­вэр” ХХК-д албан бич­гээр мэдэгдсэн гэх мэдээлэл бий. Энэ ху­га­цаа өнөөдөр дуу­сгавар болж байгаа бөгөөд дээрх асуудалтай холбогдуулан Үндэсний Аудитын газрын дэд дарга Б.Баттуяатай ярилцлаа.

      -Шилэн дансны хууль хэрэгжээд нэлээд хугацаа өнгөрлөө. Хуулийн хэрэгжилт хэр байна вэ?
     -Үндэсний Аудитын газар нэгдүгээр сарын нэгнээс энэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хяналт тавих үйл ажиллагаагаа хэрэгжүүлж зохион байгуулаад явж байгаа. Эхний хагас жилийн байдлаар буюу тавдугаар сарын 30-ны байдлаар Аудитын газраас шилэн дансны үйл ажиллагаанд аудит хийгээд зөвлөмж дүгнэлт гаргаж хүргүүлсэн.
     -Эхний хагас жилийн шилэн дансны хэрэгжилтийг ямар байдлаар аудит хийж, үр дүнг нь гаргасан юм бэ?
    -5000 гаруй байгууллагын шилэн дансны үйл ажиллагааны хэрэгжилтэнд аудит хийж доторхой хэд хэдэн шийдвэрлэгдээгүй болон хуулийн зүйл заалтаар шийдвэрлэгдэх шаардлагатай асуудлууд байгаа учир шийдэх хэрэгтэй байна гэж үзээд Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яаманд зөвлөмж хүргүүлсэн.
     -Тус зөвлөмжинд чухам юуг тусгасан юм бэ?
    -Нэгдүгээрт, 5000 гаруй байгууллагад шилэн дансны хэрэгжилтэнд аудит хийж үзэхэд 200-гаад байгууллага шилэн дансны хөтлөлт хийгээгүй байсан. Түүнчлэн аудит хийх явцад 600 орчим байгууллага шилэн дансныхаа зөвлөмжийг хэрэгжүүлээгүй учраас 400 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаадлага хүргүүлсэн. Хоёрдугаарт, олон улсын гэрээтэй, хувь нийлүүлсэн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын түвшинд ногдол ашгийн шинж чанартай асуудал байгаа учир төсөвт байгууллага,төрийн өмчит орон нутгийн өмчит байгууллагын адилаар шилэн дансанд хамрагддаг шиг шууд хандаж болохгүй байсан. Тэдгээр байгууллагуудад хувь нийлүүлсэн, олон улсын гэх мэт онцлог шинж чанар байгаа учраас Засгийн газрынхаа түвшинд ярьж байж, шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээнд тэдгээрийн онцлогийг тусгасан аргачлал, арга зүйг боловсруулж гаргах ёстой гэсэн зөвлөмжийг өгсөн.
     -Сүүлийн  үед яригдаад байгаа АТГ болон иргэнээс ирж байгаа гомдлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ. Зарим иргэд 10-14 хоногийн дотор шийдвэрлэх ёстой гэсэн зүйл ярьж байсан?
    -Үндэсний аудитын газар нь иргэд болон төрийн бус байгууллагуудтай байнга хамтарч ажилладаг. Тиймээс ч иргэдээс ирж байгаа мэдээллийг тухай бүрт нь шалгаж, мэдээллээ ил тод гаргадаг. Харин иргэдээс төрийн байгууллагуудын талаар ирсэн гомдлыг гомдол өргөдлийг шийдвэрлэх хуулийн дагуу л асуудлыг шийдвэрлэдэг. Тухайлбал иргэдээс ирсэн гомдлыг хуульд зааснаар 30 хоногийн дотор судлаж үзээд шийдвэрлэх ёстой. Харин үнэхээр дахиж судлах шаардлагатай гэж үзвэл дахин 30 хоног сунгах боломжтой. Ер нь бол 30-90 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж хариу өгдөг. АТГ-аас ирсэн бичгийн тухайд бол тусгайлсан хэд хэдэн төрийн өмчит хувь нийлүүлсэн байгууллагын тухай бичиг ирсэн нь үнэн. Энэ асуудлыг энэ сарын 30-ны дотор хариу ирүүл гэсэн байсан. Манай байгууллага үүнийхээ дагуу хариу өгсөн.

Эрдэнэт vйлдвэр бизнесийнхээ зарчмаар vйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа

     -Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар Төмөр замтай холбоотой асуудал сүүлийн үед яригдах болсон. ОХУ-д ногдол ашгаа өгч чадахгүй байгаа гэх мэдээлэл ч гараад байгаа. Үнэхээр дээрх дүгнэлтэд ийм зүйл дурьдагдсан болов уу?
    -Шилэн дансны тухайд хуулиа яаж хэрэгжүүлэх вэ гэдэг зөвлөмж нь Засгийн газарт хүргэгдсэн болохоор тодорхой аргачлал нь гарахаар дээрх газруудын шилэн дансаа хөтлөх боломж нь бүрдэнэ. Харин Эрдэнэт үйлдвэрийн тухайд бид хамтарсан шалгалт хийдэг. Энэ үйлдвэр нь хувь нийлүүлсэн хувьцаагаа тараах тухайд бүртгэлээрээ хувьцааныхаа ногдол ашгийг олгох бүртгэлтэй бизнесийнхээ зарчмаар л явж байгаа үйлдвэр.  Харин хувь нийлүүлэгч нь хувьцаа эзэмшигчээ солих саналаа ирүүлсэн албан бичигний дагуу бол хувьцаа эзэмшигчээ солиогүй явж байгаа. Харин хувьцаа эзэмшигчээ сольсныхоо дараа энэ асуудал нь шийдэгдэж, бүртгэл тооцоо дээрээ байгаа мөнгөө өгөх юм. Түүнээс биш хувьцааны ногдол ашиг өгөх, өгөхгүй байсан тухай ярих боломжгүй. Ер нь бол тэр мөнгө нь угаасаа бизнесийн үйл ажиллагаанд орохгүй хадгалагдаад явж байдаг мөнгө биш. Бизнесийн үйл ажиллагаа бол өөрийнхөө эх үүсвэрээр явж байдаг бүртгэл тайланд нь тусгагдсан өгөх ёстой мөнгөний тухай л яригдаж байгаа зүйл.
     -Эрдэнэт үйлдвэрийг ОХУ-ын талд зарагдах гэж байна гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Үнэхээр хоёр талын аудитын газрын хийсэн шалгалтын дүгнэлтээр Эрдэнэт үйлдвэр ашиггүй ажиллаж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм уу?
     -ОХУ-ын тал хувьцаа эзэмшигчээ солих талаар мэдэгдлээ ирүүлсэн. Энэ нь гэрээндээ яаж өөрчлөлт оруулах уу гэдэг нь хууль журмынхаа дагуу л хэлэлцэгдээд явагдаж байгаа асуудал. Харин ногдол ашгийн тухайд манайх хувьцаа эзэмшигчээ гэрээний дагуу сольсныхоо дараа л энэ ногдол ашгаа авъя гэсэн бичигтэй учраас бүртгэлээрээ байгаа мөнгөө хувьцаа эзэмшигчийн асуудал шийдэгдсэний дараа өгөх ёстой юм. Түүнээс бус Эрдэнэт үйлдвэр дампууралд хүрээд ОХУ-д өгөх ёстой мөнгөө өгч чадахгүй байгаа зүйл огт байхгүй. Мөн энэ мөнгө гэнэт гараад ирсэн зүйл биш. Бүртгэлээрээ бол байж  л байгаа бизнесийнхээ зарчмаар л эргэлдэж байгаа.
     -Ер нь Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн нөхцөл байдал нь хэр байгаа юм бол. Энэ талаар ямар нэгэн аудитын дүгнэлт гаргасан болов уу?
    -Аудит хийгээд тайлан нь гарсан. Байнгын хороо, УИХ-д хүргэгдсэн. Энэ асуудлаар бизнесийнхээ хувьд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ногдол ашгийн талаар яриад байгаа сүүлийн үеийн мэдээлэл нь тийм онцгой зүйл биш гэж үзэж байна. Ерөөсөө бизнесийнхээ зарчмаар л явагдаж байгаа зүйл. Хувьцаа эзэмшигч нь өөрөө хувьцаа эзэмшигчээ солихыг хүсэж байхад хувьцаа эзэмшигч нь хууль ёс, гэрээгээрээ шийдэгдсний дараа л ногдол ашгаа шилжүүлэх нь зүй ёсны хэрэг биз дээ.
    -Иргэд Эрдэнэт зэрэг үйлдвэрийг шилэн дансаа хөтлөөгүй учир арга хэмжээ авах ёстой гэсэн албан бичиг хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа. Энэ талаар тодруулаач?
   -Манай байгууллага аливаа байгууллагад аудит хийдэг болохоос шууд арга хэмжээ авах эрх зүйн орчин байхгүй. Харин аудит хийгээд гарсан тайлан дүгнэлтийнхээ хүрээнд холбоглох байгууллагууд руу санал дүгнэлтээ хүргүүлдэг. Тэр ч утгаараа бид холбогдох газруудад нь санал дүгнэлтээ хүргүүлсэн. Дээрх хэлсэнчлэн онцлог бүхий байгууллагуудын шилэн данс хөтлөх арга аргачлалыг Засгийн газраас гаргаад өгвөл шилэн дансаа хөтлөөд явах боломж бүрэн байгаа. Ер нь бол хууль эрх зүйн орчинг нь маш сайн бүрдүүлэх хэрэгтэй.

         “Эрдэнэт үйлдвэр” ХХК өнгөрсөн долоо хоногт 2014 оны үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд танилцууллаа. Тус үйлдвэр өнгөрсөн онд орлогын төлөвлөгөөг 18 хувь буюу 200 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. 2014 онд дэлхийн зах зээлд зэсийн үнэ 467 ам.доллараар бага байсан ч өмнөх оноос 113,5 тэрбумаар нийт орлого нь нэмэгджээ.
     Мөн өнгөрсөн онд үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтээ төлөвлөгөөнөөсөө давуулан биелүүлсэн бөгөөд 126 мянган тонн хүдэр боловсруулж, 4525,2 тонн зэс, 634,6 тонн молибденийг тус тусын баяжмалд илүү үйлдвэрлэжээ. Тус үйлдвэр өнгөрсөн онд улс, орон нутгийн төсөвт хийтдээ 462 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 33 компаниас 45,7 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авчээ.
 
Эх сурвалж: http://video.news.mn/video/14293.shtml
 

     100 гаруй мянган хүн амтай өнөөгийн “Эрдэнэт” хотын шинэ соёл иргэншлийн эхлэл 37 жилийн түүхтэй “Эрдэнэт” үйлдвэрээс эхтэй. Зэсийн үнэ дэлхийн зах зээлд буурсан ч төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлсэн тус үйлдвэр өнгөрсөн онд улсын төсөвт 462 тэрбум төгрөг  төвлөрүүлсэн амжилтаар 2014 оныг үджээ.

 

     Улмаар тус үйлдвэр түүхий эд, хүдрийн нөөцөө 206.7 сая тонноор  нэмэгдүүлж өрөмдлөгийн дээд амжилтыг тогтоосон байна. “Эрдэнэт” үйлдвэр үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод тайлагнадаг уламжлалтай. Энэ хүрээнд МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галааридаар ахлуулсан төвийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын 40 орчим сэтгүүлч тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ.

Өрөмдлөгийн  хэмжээгээрээ дэлхийн рекордыг эвджээ

     “Эрдэнэт” үйлдвэрийн Хүдрийн ил уурхайн олборлолт болон баяжуулах фабрикийн боловсруулалтын төлөвлөгөөний 2014 оны биелэлт өнгөрсөн 37 жилийн түүхэнд хамгийн оргил амжилтыг үзүүлснийг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ц. Даваацэрэн онцоллоо. Түүнчлэн тус үйлдвэрийн эдийн засгийн үзүүлэлтүүд бүгд биелж, 2014 онд хяналтын бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр өөрийн өртөг зардлаа хэмнэжээ.12 жилийн хугацаанд шилдэг татвар төлөгчөөр шалгарсан тус үйлдвэр 2014 оныг олз омгоор арвин үджээ. Тухайлбал Хүдрийн ил уурхайн өрөмдөгч Батбаяр өрөмдсөн шоо метрийнхээ хэмжээгээр дэлхийн рекордыг эвдсэн байна. 2014 онд Эрдэнэтийн овоо ордын гүйцээх хайгуулын ажлын  төлөвлөгөөний  дагуу 39 мянган тууш метр, баруун хойд хэсэгт 22 мянга 605.7 тууш метр өрөмдөж үйлдвэрийн түүхэнд өрөмдлөгийн дээд амжилт тогтоожээ. Мөн тус үйлдвэрээс шинэ оны босгон дээр спортын 3 гавьяат төрсөн байна. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр техник, технологийн шинэчлэлээр 2015 оныг угтжээ.Тодруулбал зэс молибдений хөвүүлэн баяжуулах машинаа шинэчилж, өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг ашиглалтад өгснөөр 6 сая тонн хүдэр боловсруулах боломж бүрдэж байгаа юм. Улмаар нийт 35 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болжээ. Мөн зэсийн металл авалт нэмэгдэн технологийн найдвартай ажиллагааг хангаж байгааг  үйлдвэрийн удирдлагууд онцолж байв.

 

     Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн онд 1000 инженерийн зөвлөлгөөнийг зохион байгуулж, бүтээмж инновацийн шинэ журмыг хэлэлцэн баталжээ.  Шинэ журамтай болсноор эрх зүйн хувьд инновацийн тогтолцоог бүрдүүлэх үндэс суурь тавигдах эхний алхам нь болсон байна. Энэ хүрээнд Хөгжлийн хэлтсийн харьяанд бүтээмж  инновацийн  төвийг байгуулан ажиллаж байгааг тэд дуулгалаа.

Импортын бүтээгдэхүүнийг орлуулж 3.7 тэрбумыг хэмнэв

     Эрдэнэт  үйлдвэрийн Засвар механикийн  завод гэхэд 640 ажилтантай.  Жилд 5000  тонн цутгамал, 2000 тонн боловсруулсан эд анги, 80-иад тонн резинин бүтээгдэхүүн, 800 тонн металл хийц үйлдвэрлэдэг. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын  Хэмнэлтийн горимд шилжих тушаал гарснаас хойш тус үйлдвэрийн хамт олон дотооддоо үйлдвэрлэж болохуйц бүхий л бүтээгдэхүүнийг судалж үйлдвэрлэснээс  3,7 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллажээ.
     Импортыг орлох 85 нэр төрлийн жагсаалт гарган, засвар механикийн завод нь 21 нэр төрлийн  бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж  эхэлсэн нь энэ.

/Эрдэнэт үйлдвэр ганбөмбөлөгийн 80 хувийг дотоодоос хангадаг/

“Эрдэнэт”  Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байна

     Эрдэнэтийг түшиглэсэн үйлдвэрүүд ашиглалтад орж Монгол Улсын импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл өргөжжээ. Эрдэнэт хотод жижиг дунд үйлдвэрлэл үүдээ нээж 600 гаруй хүн ажил, орлоготой болсон байна. Өнгөрсөн онд л гэхэд Эрдэнэт үйлдвэрийн молибдений баяжмал боловсруулах “Шим технолоджи” ХХК үйл ажиллагаагаа дахин сэргээжээ. Тус ХХК жилд 3600 тн молибдений баяжмал боловсруулж, уул уурхайн гүн боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж 170 хүнийг ажлын байраар хангасан байна. Мөн Катодын зэсийн үйлдвэр “Ачит Их” ХХК  нь гидрометаллургын аргаар жилд 10 мянган тонн цэвэр зэс гаргах бөгөөд 200 гаруй хүн ажилтай болов. Түүнчлэн Монгол Улсын маскны анхны үйлдвэр “Цагаан жим” ХХК  дэлхийн стандартад нийцсэн 3-5 мянган маск үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энд 20-иод хүн ажиллаж байна.  Эрдэнэт үйлдвэр маскны захиалга өгч гаднаас худалдан авахаа больжээ. Бас нэгэн сайн мэдээг дуулгахад  Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан электроникийн инженерүүд хамтран LED гэрлийн үйлдвэр байгуулсан байна. Дэвшилтэт технологид суурилсан тус үйлдвэр цахилгааны зарцуулалт 8 дахин бага, байгальд ээлтэй нэг гэрлийг 3 минутад үйлдвэрлэх хүчин чадалтай аж.  Ийнхүү Эрдэнэт үйлдвэр Резинин бүтээгдэхүүний үйлдвэр, Нанотехнологийн даавууны үйлдвэр, Төмөрлөгийн цогцолбор гээд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллаж байгаа нь сайшаалтай. Энэ бүхэн нь Улс орны хөгжилд  онцгой хувь нэмэр оруулж буйг тодотгох нь зүйтэй байх аа.

Олон улсын жишигт нийцсэн “Эрдэнэт медикал” эмнэлэг үүдээ нээнэ

     Уул уурхайн үр шимийг ард түмэнд хүргэсэн бас нэг бүтээн байгуулалт бол Эрдэнэт үйлдвэрийн  100 хувийн хөрөнгө оруулалттай оношилгоо, эмчилгээний “Эрдэнэт Медикал” эмнэлэг ирэх  6 дугаар сард Орхон аймаг болон Хангай, Төвийн бүсийн үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болжээ.  Дүрс оношилгоо, лабораторийн оношилгоо, ангиографийн оношилгоо гэсэн үндсэн хэсгээс бүрдэж буй тус эмнэлгийг  Япон улсын инженерийн барилга архитектурын дагуу барьжээ. Өвчтөн, эмнэлгийн ажилтнууд өөр өөр хонгилоор давхцахгүй зорчихоос гадна эмнэлгийн ажилтнууд тавтай тухтай орчинд гадуур хувцсаа сольж ажиллах таатай орчин нөхцөл бүрджээ. Эмнэлэгт нэгдсэн хийн системийг суурилуулсан төдийгүй хүчилтөрөгчийг  ханаар нь дамжуулан тасаг бүрт байрлуулснаас үзвэл орчин үеийнх гэдэг нь илт байв. 200 хүнийг  хэвтэн эмчлүүлэх, өдөртөө 500 хүнийг үзэж оношлох хүчин чадалтай. Энэхүү эмнэлгийг  50 орчим сая ам.доллараар бүтээн босгосон бөгөөд зөвхөн  эмнэлгийн  тоног төхөөрөмж  гэхэд 20 сая ам.долларын өртөгтэй аж. Энэ нь гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн аж ахуйн нэгж, компаниудаас нийгмийн салбар  тэр дундаа эрүүл мэндийн  салбарт хөрөнгө оруулснаар ач холбогдолтой юм. Энэ жишгээр нийгмийн сайн сайхны төлөө уул уурхайн компаниуд ажиллавал тухайн орон нутгийн иргэдийн талархлыг хүлээх биз ээ.

/Зургадугаар сард ашиглалтад орох шинэ эмнэлэг/

Эрдэнэт шиг олон уурхайтай бол Монгол Улс хөгжлийн замаа дөтөлнө

     Монгол Улс 2014 онд нийтдээ 254 мянган тонн зэс үйлдвэрлэжээ. Энэ нь Азийн үйлдвэрлэлийн 25.8 хувийг дэлхийн зэс үйлдвэрлэлийн 1.36 хувийг эзэлж байна. Монголоос дэлхийн зах зээлд нийлүүлж буй зэсийн үйлдвэрлэлийг Эрдэнэт, Оюутолгой  гэсэн хоёр компани хангаж буй юм. Тус үйлдвэрүүдийн эдийн засаг болоод нийгэмд үзүүлж буй ач холбогдлыг харьцуулбал 2014 онд Оюутолгой нийт 33.9 сая тонн хүдэр, Эрдэнэт үйлдвэр 26 сая тонн хүдэр боловсруулжээ. Харин зэсийн баяжмалын боловсруулалтаар нь авч үзвэл Оюутолгой компани 692.3 мянган тонн, Эрдэнэт 516.8 мянган тонн зэсийн баяжмал боловсруулсан байна. Түүнчлэн хүдэрт агуулагдаж байгаа зэсийн агуулгаар Оюутолгойнх 25.3 хувь бол Эрдэнэт үйлдвэрийнх  23 хувьтай байна. 
     Өнгөрсөн оны  тайлан мэдээнээс үзвэл 2014 онд Оюутолгой  компани 175.6 мянган тонн зэс, Эрдэнэт үйлдвэр 137.5 мянган тонн зэс боловсруулжээ. Харин улсын төсөвт бүрдүүлж буй орлогоор нь авч үзвэл Эрдэнэт үйлдвэр 462.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол  “Оюутолгой” 450 орчим тэрбум төгрөгийг төсөвт оруулжээ. Үнэндээ шилдэг татвар төлөгчөөр Эрдэнэт үйлдвэр 12 жил тэргүүлж буй бол Оюутолгой 2010 оноос хойш эхний тавд багтах болсон. Дээрх тоо баримтаас харвал “Оюутолгой”, “Эрдэнэт”-ийг  бодвол алт, мөнгө, молибден, хүдэр зэсийн баяжмал түлхүү боловсруулсан ч татвар төлөлтөөрөө Эрдэнэтийн ард гишгэж байна.  Үнэндээ “Оюутолгой”-н орд  долоон “Эрдэнэт”, 45 “Бороо” нэг асгатын ордын дайтай баялагтай гэдэг. Гэтэл тус ордыг ашиглаад багагүй хугацааг үдэж буй ч Монголын эдийн засагт оруулж буй өгөөжөөрөө Эрдэнэт үйлдвэрийг  гүйцэхгүй л явна.
     1963 онд Монгол, Зөвлөлт, Чехословакийн хайгуулчид  зэс молибдены ордыг нээснээр  Монголчуудын “саалийн үнээ” Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлэх суурь болсныг бид мартаагүй.

     Энэ хоёр үйлдвэрийн үйл явц нийгмийн өгөөжийг  бүтээн байгуулалтаас нь харж болно. Эрдэнэт үйлдвэрийг дагаад хот бий болсон бол таван жилийн хугацаанд Оюутолгойд гэр кэмпээс өөр зүйл алга. 1973 онд БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд “Эрдэнэтийн овоо орд” газрыг түшиглэн Эрдэнэт үйлдвэр байгуулах гэрээ хэлэлцээрийг алсын хараатай улс эх орноо бодож хийсэн нь эдүгээ монголчуудад өгөөжөө өгсөөр байна.

     Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сангийн  51 хувийг Монголын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын 100 хувь төрийн өмчит Росстехнологи корпораци эзэмшиж буй юм.

     Алсын хараатай, зөв мэргэн шийдэл нь эдүгээ 100 мянган хүн амтай том хот болтлоо хөгжиж өдгөө ч биднийг дахин 40 гаруй жил тэжээх чадвартай гэдгийг хараад сэтгүүлч миний бие бахархах сэтгэл төрж тухайн үеийн удирдагчиддаа мэхийн ёсолмоор санагдаж билээ.
     Долоон “Эрдэнэт”-тэй дүйх Оюутолгойн гэрээг ТЭЗҮ-гүйгээр байгуулсныг олон хүн таашаадаггүй. Монголын ард түмэнд 70 гаруй жил өгөөжөө өгөх Эрдэнэт үйлдвэр шиг бодлоготой, улсын хөгжлийн төлөө ажилладаг уул уурхайтай болвол Монгол Улсын хөгжлийн зам хурдацтай дөтлөх нь гарцаагүй.


 Д.ДОГСОМ

Эх сурвалж: http://montsame.mn/index.php?option=com_k2&view=item&id=56138:42&Itemid=650

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог